"Ярилцъя" булан та бүхэнтэй шинэ зочныхоо хамтаар мэндчилж байна. Тэр бол өнөөдөр төрийн гарт шилжин хувь заяагаа шийдүүлж буй "Зоос" банкны гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан хатагтай Ш.Чуданжий юм. Ингээд түүний ярианд анхаарлаа хандуулна уу.

 

-Үүссэн тодорхой нөхцөл байдлаас болоод эвлэлийнхний хувьд уулзахыг хамгийн их хүсч байгаа хүний нэг та болоод байна. Урилгыг минь хүлээн авч, ярилцах боломж олгосонд баярлалаа?

-Миний хувьд хэвлэл мэдээллийнхнээс ерөнхийдөө хол байдаг хүн. Гэхдээ одоо тодорхой шинэ нөхцөл байдал үүсч, олон нийтийн дунд миний удирдан ажиллаж байсан банктай холбоотой янз бүрийн дуулиан шуугиан дэгдээд байгаа болохоор зохих түвшинд хариу өгье гэж бодлоо.

-Болж буй үйл явцын талаар яг мэргэжлийн хүмүүс тайлбарлах нь нийгэмд илүү ач холбогдолтой гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар танай „Зоос" банктай холбоотой хамгийн сүүлийн мэдээлэл татан буулгасан гэх яриа байна Энэ процессыг жишээ нь та хэрхэн тайлбарлах бол?

-Тэгэхээр татан буугдана гэдэг бол бүх авлагыг барагдуулж өглөгийг хуулинд заасан дарааллаар өгч дуусгах үйл ажиллагаа юм. Энэ татан буулгах үйл ажиллагаа бол тодорхой хугацаа шаардсан ажил. Энэ ажиллагааг миний ойлгож байгаагаар Монголбанкны эрх хүлээн авагч авч хэрэгжүүлэх юм болов уу. Шинэ банк нь бол төрийнхөө удирдлаган дор хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх байх. „Зоос" банкны хувьд бүтцийн өөрчлөлт албадан татах үйл ажиллагаа, банкны өөрийн хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагаа зэрэг л явагдаж байгаа нь харагдаж байна.

-Төрийн банк гэсэн хуучин ойлголт банкны системд эргээд орж ирж байна гэсэн үг биз дээ?

-Тийм. Төрийн 100 хувийн өмчлөлтэй банк үүсч байна.

-„Зоос" банктай холбоотой асуудлууд нэлээн тийм яарсан, ямар нэгэн гадны ч юм уу дайрлаганд шахуулж түрэгдсэн шинжтэй хийгдэж байна. Процессын явц, энэ хачирхалтай хурдыг та яаж харж байгаа вэ?

-„Зоос" банкны хувьд огцом төлбөрийн чадвар доройтсон нь Монголбанкнаас яаралтай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагыг бий болгосон.Тухайлбал зургадугаар сарын 30-ны байдлаар мөнгөн хөрөнгө 40 орчим тэрбум төгрөг байсан.

-Санхүүгийн утгаараа хэдий хэрийн бололцоотой мөнгө гэсэн үг вэ?

-Энэ нь харилцагчийн төлбөр тооцоог анхны шаардлагаар гүйцэтгэх бололцоотой хөрөнгө гэсэн үг. Сая Монголбанкнаас 30 орчим тэрбум төгрөгийн зээл авсан гэж сонссон. Тэгэхээр сүүлийн хоёр сард үндсэндээ 70 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр банкнаас гарсан гэж тооцоологдож байгаа юм. Иймд ийм хурдацтайгаар мөнгө гарах нь зөвхөн „Зоос" банкинд төдийгүй банкны системд аюултай учраас яаралтай арга хэмжээ авах нь зайлшгүй. Төлбөрийн чадварыг тогтмол хэвийн байлгах нь банкны өдөр тутам хийгддэг гол ажлын нэг. Төлбөрийн чадварыг зохицуулдаг олон арга хэрэгсэл бий. Тухайлбал Төв банкнаас өнгөрсөн жил баталсан "Барьцаат зээлийн журам" байна. Энэ журмын дагуу „Зоос" банк өнгөрсөн оны 11 сард 18 тэрбум төгрөгийн зээл авч, энэ оны гуравдугаар сард бүрэн төлсөн. Энэ нь банк актив пассивынхаа төлөгдөх хугацааны зөрүүг нөхөж байгаа арга хэрэгсэл юм. Мөн „Зоос" банкны есдүгээр сарын 30- наар гаргасан санхүүгийн тайлан өндөр алдагдалтай байсан нь харилцагчийн банкинд итгэх итгэлийг сулруулсан. Алдагдалд нөлөөлсөн гол хүчин зүйл бол „Монгол газар" компанийн "Олон овоот"- ын төсөлд олгосон зээлд өндөр дүнгээр зээлийн эрсдлийн сан байгуулсантай холбоотой. Энэ зээлийн хувьд бол гэрээгээр эрсдлийг нь бууруулах, цаашдаа зээлийн өрийг барагдуулах олон үе шаттай ажлууд хийгдээд л явж байсан. Ер нь оны эцэс гэхэд нэлээд асуудлууд тодорхой болчихсон байх бололцоотой байсан ба зээл нь буцаад хэвийн ангилалд орсон бол дагаад банкны алдагдал буурах байсан. Зээлийн эрсдлийн сан байгуулна гэдэг нь балансан дээр л алдагдал болгож байгаа болохоос бодит байдал дээр банк ийм хэмжээний мөнгө алдчихсан гэсэн үг биш юм шүү дээ.

-Аврахыг хүссэн банкин дээрээ болохоор БЭТ томилж ажиллуулдаг, дампууруулахыг хүссэн банкин дээрээ эрх хүлээн авагч томилж, хатуу үйл ажиллагаа явуулдаг юм байна гэж ойлгож болох уу. Та энэ хоёрын ялгааг тайлбарлаж өгөхгүй юу. Та жишээ нь „Зоос" банкин дээр аль менежментийг нь орж ирээсэй гэж бодож байсан бэ?

-Хуулийнхаа дагуу Монголбанкнаас банкинд албадлагын арга хэмжээг хэнээс ч хамааралгүйгээр авч хэрэгжүүлэх эрх бий. Гэхдээ энэ банк яагаад, юунаас болоод, юу болоод хүнд байдалд орсон юм бэ гэдэг дүгнэлтийг гаргаад, түүн дээрээ үндэслээд дараагийнхаа алхмуудыг хийсэн бол илүү л ойлгомжтой байх байсан байх. Монголбанкнаас Бүрэн эрхэт төлөөлөгч (БЭТ) нь ч юм уу, эрх хүлээн авагч нь ч юм уу ямар ч байсан аль нэг нь томилогдож ажиллах юм байна гэдэг мэдээллийг бол би авч байсан. Гэхдээ бол ийм хурдтайгаар, яг ийм хэлбэрийн арга хэмжээ авна гэж үнэхээр төсөөлөөгүй. Ямар нэгэн байдлаар төв банкны төлөөлөгч банкинд орж ирж EBRD (Европын сэргээн босголтын хөгжлийн банк)-ийн удирдлагын багтай хамтарч ажиллаад банкны үйл ажиллагааг сайжруулаад, тэгээд эргээд хэвийн байдалд оруулах юм байна гэж ойлгож байсан. Өөрөөр хэлбэл гол найдлага тавьж байсан нь манай банкны 25 хувийн хувьцааг эзэмшигч Европын сэргээн босголтын хөгжлийн банк нь дэлхийн 61 орны засгийн газрын хөрөнгө оруулалттай нэр хүндтэй том банк, энэ том банк энэ банкны менежментийг удирдаж явуулж байгаа тохиолдолд бүх юм зөв голдирлоороо, хуулийн хүрээнд явна гэдэгт бол бүрэн итгэлтэй байсан, одоо ч итгэлтэй хэвээрээ байна.

-Төв банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж „Зоос" банк дампуурсан. Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж шууд мэдэгдсэн. Төв банкны хуучин ерөнхийлөгч О.Чулуунбат болохоор Монголбанк хэрвээ зүтгэвэл „Зоос" буцаад дорхноо сэргээд ирнэ гэж итгэл төгс хэлж байгаа?

-Ер нь бол банк төлбөрийн чадварын хувьд эхлээд муудаагүй, харин "Монгол газар" компанийн „Олон овоот" төсөлд олгосон зээл хугацаандаа төлөгдөөгүйтэй холбоотойгоор санхүүгийн үзүүлэлтийн хувьд муудсан. "Олон Овоот"-ын алтны төслийн санхүүгийн байдал сайжирсан тохиолдолд дагаад уг нь банкны санхүүгийн үзүүлэлт сайжрах байсан. "Олон Овоот"-ын алтны төслийн санхүүгийн байдлыг сайжруулах нь тодорхой цаг хугацаа шаардах ажил байсан. Банкны санхүүгийн байдлын талаар нийтэд зарласан нь банкны нэр хүндийн эрсдлийг бий болгож, улмаар төлбөрийн чадвар муудахад хүргэсэн. "Олон Овоот"-ын алтны төслийн хувьд санхүүгийн хувьд хүндэрснээс биш уг төсөл өөрөө эрсдчихсэн төсөл бол биш юм, төсөлд зарцуулсан тоног төхөөрөмж, үйлдвэр, техник хэрэгсэл нь байгаа, ажиллах боловсон хүчин нь бас байгаа, тэгээд ч гадна, дотны шинжээчдээр нөөц нь тогтоогдсон алтны орд нь ч бас байна. Үүнийг хамгийн үр ашигтайгаар олборлож, тус төсөлд хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах л асуудал байсан.

-„Зоос", „Анод" гэсэн энэ хоёр банк бол монголын санхүүгийн зах зээлд байсан эрүүл бус хэсгийн төлөөлөл гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн. Энэ жаахан харамсалтай дүгнэлт биш үү?

-„Анод" банкны хувьд бол би хэлж мэдэхгүй. „Зоос" банкны хувьд бол нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчсөн асуудал байсан. Зөрчигдөхөд нөлөөлсөн хүчин зүйлс байна. Манай банкны хувьд тэр „Олон овоот" төслийн эхний үйлдвэр баригдахад бол бүх бололцоогоороо дэмжиж, хамтарч ажилласан. Үйлдвэр ашиглалтад ороод, Goldmon sach-тай гэрээ хийгээд цаашдаа хоёр дахь үйлдвэр баригдах, алтны санхүүжилтын асуудал дээр мөн санхүүжилт хийгээд явж байсан. Ингэж хийхдээ бид бас банкныхаа хууль дүрмийн хүрээнд хамтын санхүүжилтын зээл олгож, арилжааны олон банкуудтай хамтран ажиллаж байсан. Ингээд сүүлд „Голомт", „Худалдаа хөгжил", „Үндэсний хөрөнгө оруулалт", „Чингис хаан" банкуудтай хамтарч хамтын санхүүжилтын зээлийг олгож байсан. Энэ олгож байсан зээлүүдийн маань хугацаа нь өнгөрсөн хавар дууссан. Тэгэхээр толгой банкны хувьд журмынхаа дагуу банкуудаар олгосон зээлүүд манай банкин дээр төвлөрч гарч ирсэн. Ийм байдал үүснэ гэдгийг бид урьдчилж мэдээд, энэ төслийг цааш нь яаж амжилттай үргэлжүүлж, өр авлагыг барагдуулах вэ гэдэг тал дээр эрчимтэй ажиллаж эхэлсэн. „Монгол газар" компанийг ч гэсэн их шахаж ажиллаж байсан. Үүний дагуу „Монгол газар" компани манай банкинд „Олон овоот"-ынхоо үйлдвэрийн менежмент, санхүүгийн удирдлагыг өгөхийг хүссэн. Банк ийм өндөр зардалтай, хөдөлмөр хүч шаардсан ажиллагааг удирдах боломжгүй. Дээр нь бусад банкны өр авлагыг гаргаж ирээд, өөрсдийгөө өнөөдрийн „Жаст" групп шиг ажиллаж чадахгүй гэдгийг харж байсан.Тийм учраас „Жаст" группыг энэ төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажиллаач гэж хүсэлт тавьсан. „Жаст" групп маш их зориг гаргаад энэ төслийг хэвийн, амжилттай хэрэгжүүлэх боломжийг судалж „Монгол газар", „Жаст" групп хоёр тохиролцоод, компаниа шинэчлэн зохион байгуулаад бүх баримт бичгийг бүрдүүлсний үндсэн дээр банкуудын өр авлагыг гаргаж ирээд, Монголбанкинд мэдэгдээд ажиллаж байсан. Манай банкны хувьд бол хамтын санхүүжилтээр олгосон зээл „Олон овоот" төсөлд оруулсан олон бусад жижиг компаниудын нэрээр олгосон зээлүүдийг нэгтгэж зургадугаар сарын 30-наар тайлан балансандаа тусгасан байгаа. Тэгж тусгахад бид банкныхаа ТУЗ -өөр хэлэлцүүлж шийдвэрлээд, Монголбанкинд нэг зээлдэгчид олгосон зээлийн хэмжээг хэтрүүлснээ, ийм ийм шалтгаантай, ийм үндэслэлтэй гэсэн бүх мэдээллүүдийг албан ёсоор хүргүүлсэн байсан. Ер нь бол хүү төлөгдөөд яваад байх юм бол энэ хэвийн зээлийн хэмжээнд тооцогдоод явахаар байсан.

-Хүү төлөгдөх явц зогсчихсон юм байна, тийм үү?

-Үйлдвэрийн ажиллагаа доголдсоны улмаас хүү төлөгдөөгүй хоёр гурван сар хуримтлагдчихсан учраас манай банк зээлийг нэгтгэснийг задлаад эргэж бүртгээд өндөр дүнгээр эрсдлийн санг байгуулсан.Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа долдугаар сард хэвийн ажиллаж эхлэхээр төлөвлөсөн боловч энэ хугацаа 11 сар хүртэл хойшлогдсонтой холбоотой.

-„Жаст" групп гэдэг нэр орж ирж байна. Эднийх „Хадгаламж", „Монгол шуудан" банкуудын нэгдэлд танайхыг хамруулан авах хүсэлт тавьсан. Гэвч Монголбанк зөвшөөрөөгүй?

-Энэ процесс бол одоо өнөөдрийн манай банкин дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй агуулгаараа бол адилхан. Агуулгаараа адилхан гэдэг маань юуг хэлж байна вэ гэхээр өнөөдөр төрийн банк гээд нэг хуулийн этгээд, мөн өөр нэг хуулийн этгээд гарч ирээд сайн биш, хугацаа хэтэрсэн авлагуудыг салгасан ийм хоёр баланс гараад ирлээ шүү дээ. Яг ийм үйл ажиллагааг „Хадгаламжийн банк" бас хийх гэж байсан болов уу. „Хадгаламжийн банк"-н дээрээ одоо манай төрийн банкинд шилжиж байгаа активууд байна ш дээ, тэр нь очиж суугаад яг л арилжааны банкны зарчмаараа явна. Нөгөө хуулийн этгээдийнхээ балансанд чанар муутай активуудаа авчраад л ингээд ажиллахаар. Өөрөөр хэлбэл нэг л агуулгатай үйл ажиллагааг хоёр талаас нь харж байсан субьектүүд гэж би бодож байна. Агуулга бол адилхан.

-„Жаст" группт итгэл хүлээлгээд, хүсэлтийг нь хүлээж аваад, даатгаад явсан бол „Зоос" банкны нэр хүндтэй холбоотой ийм том савалгаанууд явагдахгүй байсан болов уу?

-Төрийн нуруун дээр ирж байгаа ачааллыг бол харьцангуй хөнгөлөх л байсан. Хувийн хэвшил эрсдлээ өөрсдөө хүлээгээд л, өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр үйл ажиллагаагаа зохион байгуулна. Энэ утгаараа бол сайн хувилбар л байсан байх.

-„Жаст"-ын Батхүү гэдэг хүнийг нийгэм сайн танихгүй. Тийм болохоор янз бүрээр л хүлээж авч, элдэв дүгнэлтүүд тойрч байх шиг байна. Юутай ч энэ гурпп банкны салбар руу ороод ирлээ. Танайтай бол эртний харилцаатай юм байна. Ингэхэд тэр хэн юм бэ?

- „Жаст" группын хувьд манай банктай урт хугацаанд харьцсан түүхтэй. Сайн мэднэ. Ер нь бол худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа нь явдаг. Нефть импортоор явдаг байсан. Зээл аваад, эргэж төлөөд бусдын жишгээр явдаг. Зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн, хугацаандаа төлбөрөө барагдуулахгүй хүндрүүлсэн тийм тохиолдол бол үнэхээр байхгүй. Манай банкны хамгийн сайн харилцагчдын нэг. Өндөр хариуцлагатай, хууль ёсыг чандлан сахидаг харилцагчдын нэг. Тийм ч учраас бид „Олон овоот" төсөл дээр хүсэлт тавьсан. Энэ төслийг удирдаад аваад яваач ээ, энэ өрийн менежментийг хийлцээд өгөөч гэж хүсэлт тавьсны үндсэн дээр хүлээж аваад ажиллаад явж байгаа. Энэ өрийн менежментийг хийж чадах бидэнтэй ойр ажиллаж байгаа ганц байгууллага нь л энэ компани байсан.Тэгээд тэдний судалгааны явцад банкнаас зээл олгох үед мэдэгдээгүй, „Монгол газар" компанитай холбоотой бусад банк болон банкны бус байгууллагуудаас авсан багагүй өр төлбөр гарч ирсэн.

-„Монгол газар" компани нь танай банкнаас хэдий хэмжээний зээлтэй юм бэ?

-"Монгол газар" компани бол мөн л манай банктай олон жил харилцсан харилцагч байгууллагуудын нэг. Зээл авдаг, төлдөг томоохон харилцагчдын нэг. Хэвийн үйл ажиллагаатай явж ирсэн л компани. „Олон овоот" төсөл рүүгээ ороод үйл ажиллагаа нь доголдож ирсэн. Энэ төсөл дээр бол асар их хөрөнгө шаардсан, зардал маш их шаардсан ийм үйл ажиллагаа явагдсан. Эхний үйлдвэрийг барихад манай банкнаас багагүй зээл авч байсан. Санхүүжүүлж байсан олон банкууд бий. Тэр дундаас манай банк нэлээд их хэмжээний зээл олгож, эхний үйлдвэр баригдаж байсан. Янз бүрийн тоо цацаад байгаа болохоор хүмүүс төөрөлдөөд байх шиг байна. Манай банкинд 41,1 сая долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэ хөрөнгө бол „Олон овоот" төсөлд орсон санхүүжилт. Нийгэм зөв ойлгох ёстой. Энэ компани гэнэт нэг өдөр гарч ирээд л, манай банкнаас 60 тэрбумыг аваад огт юу ч төлөхгүй алга болчихсон айл биш. Төлбөрүүд хийгдээд явж байсан. Хүү төлөгдөөд явж ирсэн. Уул уурхайн бизнес өөрөө ямар хүнд хүчир бизнес билээ. Арга буюу сүүлийн нэг хоёр жилд доголдож ирсэн. Ийм хүнд байдалд орсон зээлүүд дээр олон улсын жишгээр өрийн менежмент гэдэг юмыг хийдэг л дээ. Өнөөдрийн хийгээд явж байгаа нэг ажил нь үүний л нэг хэлбэр. Өрийн менежментийг бас олон аргаар хийж болдог. Ахин санхүүжүүлж болно. Зээлийн бүтцийг нь өөрчилж болно. Хугацааг нь уртасгаж болно. Хүүг нь бас тодорхой хэмжээгээр хөнгөрүүлж болно. Тэгэхээр бид „Жаст" группын гаргаж ирсэн дүгнэлт дээр үндэслээд юу хийсэн бэ гэхээр зээлийн бүтцийг өөрчилсөн байсан. Өөрөөр хэлбэл хугацааг нь уртасгаад, хүүг нь жаахан бууруулаад өгчихсөн байсан.

-„Зоос" банкин дээр байсан „Монгол газар"-ын бүх өрийг „Жаст" групп шийдлээ гэсэн мэдээлэл цацагдсан. „Жаст" гэж нэг өвлийн өвгөн шиг нөхөр гарч ирээд л бүгдийн өр ширийг цэгцэлж байна гэж харах бас хэтэрхий инээдэмтэй байна л даа?

-„Жаст" группийн хувьд өөрөө бас "Олон Овоот"-ын төслөөс ихээхэн хэмжээний авлагатай, энэ утгаараа л өрийн менежментийг хийх ачааг хүссэн хүсээгүй авах болсон байх. Дээр нь "Олон Овоот"-ын алтны төсөлд зээл олгосон бүх банкууд итгээд, дэмжээд, өөрийн төлөөллөө оролцуулаад, бас тодорхой хэмжээнд хяналтаа тавиад, төсөв төлөвлөгөөгөө хийгээд өнөөдрийг хүртэл явж ирсэн. Өр төлбөр барагдуулах энэ ажиллагааг үе шаттайгаар хийхээр анхнаасаа тохиролцсон байсан. Эхлээд юу ч гэсэн төслийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах байсан, ямар ч байсан энэ ажлаа хийж дууссан. Дараагийн ажил нь Goldmen sachs-тай хэлцэл хийж, гаднын бүх барьцаануудыг монголын банкуудын зээлийн дундын барьцаанд авчрах тухай асуудал байсан. Тэгэхээр энэ асуудал шийдэгдээд, өөрөөр хэлбэл лицензийг "Олон Овоот"-ын өөрийн мэдэлд аваад ирсний дараа энэ төсөл рүү хөрөнгө оруулагчдыг татах, эсвэл төслийг зарах ажил хийгдэх ёстой л доо. Бүх ажил төлөвлөсний дагуу л явж байгаа харагдаж байна.

-Олон улсын валютын сангаас л командлаад байна. Тэдний шахалтаар л „Зоос" банкин дээр эрх хүлээн авагч томилчихлоо гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдлээ. Танай 25 хувийн хувьцааг жишээ нь EBRD эзэмшдэг.Гэтэл тэд танайхыг шууд дампууруулах хүсэлтэй байсан. Үүнийг юу гэж ойлгох вэ. Гадныхан манай банк санхүүгийн ертөнцийг бужигнуулаад байгаа юм биш үү гэсэн хардлага өөрийн эрхгүй үүсч байна шүү дээ. Ядаж байхад төв банкны ерөнхийлөгчийн амнаас гарч байгаа үг бүр үүнийг улам баталгаажуулж байна?

-Би өөрийн бодож байгаагаа л хэлье. Монголбанк бол банкуудыг хянадаг ямар нэгэн алдаа дутагдал гарахад тэрийг нь засуулдаг мэргэжлийн байгууллага. Би арван таван жилийн туршид Монголбанктай харилцаж, хяналтад нь ажилласан хүний хувьд Монголбанк дүрэм журмынхаа дагуу бүх арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй гэдгийг онцлохыг хүсч байна. Тэгж байж банкинд итгэх итгэл, энэ бүх харилцаа хэвийн үргэлжлэх ёстой. Энэ утгаараа бол Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг би ерөөсөө үгүйсгэхгүй байгаа. Байдаг л нийтлэг жишгийн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Ер нь манай банкны хувьцаа эзэмшигч EBRD-ийн хөрөнгө оруулагч нь Монгол улсын Засгийн газар, энэ утгаараа төр засагтай илүү ойрхон ажилладаг юм болов уу. Тэрнээс биш бол тэр хувийн хэвшлийн банк руу шууд олон улсын байгууллага орж ирээд л, энэ болно болохгүй гээд л үйл ажиллагаанд нь хутгалдаад байх нь угаасаа зохимжгүй.

-„Зоос" банк EBRD хоёрын харилцааны түүхийг сонирхмоор байна. Яаж яваад танай 25 хувийн хувьцаа эзэмшигч болчихсон гээд ?

-„Зоос" банк бол 1999 онд байгуулагдсан. Байгуулагдсанаас хойш банкны дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлагууд бол байнга тавигдаж ирсэн. Шаардлагын дагуу бид тухай тухайн үед нь дүрмийн сангаа нэмэгдүүлсээр ирсэн. Цаашдаа банкны үйл ажиллагаа томрох тусам нөгөө нэмэгдэх хөрөнгийн хэмжээ ихсээд байхаар манай монгол талын хувь нийлүүлэгчид тэр хэмжээгээр хөрөнгө мөнгө нэмэгдүүлээд байх бололцоо нь хязгаарлагдмал болж ирсэн. Энэ үе бол 2006 оноос эхэлсэн байгаа. Монголбанкнаас ч шаардлага тавьдаг байсан. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүл ээ гэж. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэж юуг хэлээд байгааг энгийн үгээр тайлбарлавал банк өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь 10 тэрбум төгрөгтэй байлаа ш дээ. Тийм байгаа бол тэр банк 100 тэрбум төгрөгийн л активтай байх бололцоотой гэсэн үг. Хэрэв 100-120 тэрбум болоод ирэх юм бол өөрийн хөрөнгөө заавал дагаад нэмж байх ёстой. Тэгэхээр бид тэр заавал дагаад нэмэх шаардлагын дагуу гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагч маш олон байгууллагуудыг судалж, хэнтэй хамтарч ажиллах вэ, хэн манай стратегийн хөрөнгө оруулагч болж чадах вэ гэдэг тал дээр маш их судалгаа хийсэн. Стратегийн түншээ олох гэж л их хайсан даа. Олон ч газар саналаа ирүүлж байсан. Санал ирүүлж байсан байгууллагуудаас IFC, EBRD гэсэн хоёр олон улсын байгууллагыг сонгоод EBDR нь дангаараа хөрөнгө оруулах саналаа ирүүлсний дагуу бид EBRD-тай хамтран ажиллаж эхэлсэн. EBRD мөн манайхыг жил хагасын хугацаанд нарийвчилсан судалгаа хийсэн.Тухайн хөрөнгө оруулж байгаа байгууллагын удирдлага ажилтнууд ямар нэгэн байдлаар улс төрд хутгалдаагүй байх ёстой. Улс төрөөс бол цэвэр ангид байх ёстой гэдэг дээр маш хатуу шаардлага тавьдаг. Энэхүү шаардлагыг нь хангахын тулд бас манай банкин дээр удирдлагын түвшинд зохих өөрчлөлтүүдийг хийсэн. Энэ мэтээр явсаар EBRD-ний бүх шалгуурт манай банк тэнцсэн. Үүний дараа манайд хөрөнгө оруулалт хийх шийдвэрээ гаргаж байсан. EBRD бол манайд 25 дээр нэмэх нь нэг гэсэн хувь хөрөнгө оруулалт хийсэн ба үүний дагуу нэлээн давуу эрхтэй гэрээг томоохон хувьцаа эзэмшигчтэй байгуулсан байгаа.

-EBRD-ийн зүгээс „Зоос"-ыг дампууруулах хүсэлтэй байгаа гэж төв банкны ерөнхийлөгч мэдэгдсэн. Энэ нь EBRD танай хоёрын харилцаа хүндэрсэн гэсэн үг биш юм уу?

-EBRD Зоос банкинд хөрөнгө оруулалт хийхээс өмнөх судалгааны жил хагасын хугацаа мөн хөрөнгө оруулснаас хойш нэг жил гаруй хугацаанд миний бие хамтран ажилласан. Судалгааны бүх үе шатны ажиллагаануудад би өөрөө биечлэн оролцож явж байсан. EBRD-аас банкинд тавьсан шаардлага буюу байгууллагыг бэхжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Энэ хүртэл л лав EBRD буюу манай том хувь нийлүүлэгч манай банк хоёрын хооронд ямар нэгэн үл ойлголцол гараагүй. Намайг байхад л лав байгаагүй. Сүүлд яасныг би сайн мэдэхгүй байна. EBRD-ийн хувьд бол давуу эрх нь байгаа, хэрэв хүсвэл гэрээгээ цуцлаад яваад өгөх боломжтой, тэгэхээр хувь эзэмшигчтэй харилцаа хүндэрсэн асуудал байхгүй гэж бодож байна.

-Намайг байх үед гэх үгнээс тань үүдээд танд тавих асуулт бас байна. Та зөвөөр ойлгоорой. Учир нь гадуур янз бүрийн мэдээлэл тарсан учраас. Таныг банкны хувь заяаг ийм хэцүү байдал руу оронгуут алга болсон. Гадагшаа их мөнгө гаргаад өөрөө гадаадад гарчихсан гээд л ярих юм. Бас нэг хэсэг нь эрүүл мэндийн хувьд хүнд байдалд орсон гэж байна. Ямартай ч ажлаас бол чөлөөтэй байгаа юм билээ?

-Мэдээж банкны үйл ажиллагааг удирдаж 10 жилийн турш ажилласан болохоор тэр бүх хугацааны явцад гарсан энэ банктай холбоотой сайн муу бүхэн, алдаа оноо болгон надтай холбоотой. Би үүнийг сайн ойлгож байгаа. Одоогийн байдлаар би өвчний улмаас албан ёсоор чөлөөтэй байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас миний бие өвдсөн бөгөөд гадны эмч нар ч, энд намайг хянаж байгаа эмч маань ч хэсэг хугацаанд ажлын ачааллаа багасгахыг зөвлөж, эрүүл мэндийн энэ байдлаа байгууллагадаа хэлж ойлгуулах ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Үүний дагуу өнгөрсөн тавдугаар сард EBRD-ийн багт би өөрийн эрүүл мэндийн байдлаа албан ёсоор танилцуулсан, тэд нар ч байдлыг ойлгож хүлээж авсан ба долдугаар сард EBRD ийн төлөөлөгчид ирэхдээ шинэ удирдлагын багийг бүрдүүлж авчиран, надад зургаан сарын хугацаатай чөлөө авах боломжийг олгосон. Чөлөө авснаас хойш би нэг ч удаа гадагшаа яваагүй. Монголдоо эмчлүүлээд байж байгаа.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав