Тун удахгүй “Хүүхэлдэйн театр”-ын тайзнаа амилах “Болзоо” монодрамын гол дүрийн жүжигчин Н.Бямбасүрэнтэй ярилцлаа.
- Та жүжгийн санал хүлээн авсны хойно зохиолоо уншиж танилцсаны үндсэн дээр шийдвэрт хүрдэг байх. Та яагаад “Болзоо” жүжигт тоглох болсон бэ. Үзэгчид энэ жүжгээс юу олж авах вэ?
- Жүжгийн зохиолтойгоо нэлээд эрт танилцсан. Харин аливаа уран бүтээл бүтэх, уран бүтээлчид нь уулзаж учрах тодорхой “цэг” байдаг шиг санагдсан. Тэр учрал тохиол энэ удаад бүрдэж уран бүтээлээ үзэгчиддээ хүргэхэд бэлэн болсон байна. Мэдээж жүжигчин хүний хувьд аливаа уран бүтээлд өөрийгөө үргэлж сорихыг хүсдэг. Тийм болохоор тус жүжгийн дүрийг бүтээхийг зөвшөөрсөн. Энэ жүжгээс юу олж авах, харах нь үзэгч бүрд нээлттэй. Тэд жүжгээ үзсэний хойно өөрсдөө л илүү сайн тодорхойлж чадах болов уу.
Харин миний харуулахыг хүсэж, зорьсон нь дүр нь мөнөөх л ахуйгаас урган гарсан зүйл. Бид санаатай болон санамсаргүй байдлаар хэн нэгнийг гомдоодог. Гомдоосноо ч мэдэхгүй явсаар байх тохиол ч бишгүй. Тиймээс жүжгийг үзсэн хүмүүс хэлэх үг, хийх үйлдлээ бодож, эргэцүүлж, тунгаах биз ээ.
- Та хүүхдүүдтэй ажилладаг хүн. Таны ажлын талбар, уран бүтээлд тань нөлөөлдөг үү?
- Мэдээж нөлөөлнө. Би чинь өөрөө Урлагийн Гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч С.Сугарын шавь. Багшийнхаа үйл хэргийг улбаалж яваадаа баяртай байдаг. Хүүхдүүдтэй ажиллана гэдэг өөрөө давхар хөгжих боломж шүү дээ. Тэдэнд юм заахын тулд өөрөө мэдлэгтэй, боловсролтой байх ёстой. Хамт суралцаж, заримдаа аав, ах нь болж явдаг даа.
- Та орон нутгийн театраас ажлын гараагаа эхэлсэн туршлагатай жүжигчин, бас хэд хэдэн бүтээл найруулсан, өмнө ажиллаж байсан дүрүүдээс “Болзоо” жүжгийн дүр юугаараа онцлогтой вэ?
- Би ажлын гараагаа Дундговийн театраас эхэлсэн. Тус театрт тасралтгүй таван жил жүжигчнээс эхлээд найруулагч болтлоо ажилласан. Өмнө тоглож байсан жүжгүүдийн дүрээс хэр их ялгаа, онцлогтой талаар зохиолоо унших үеэс л бодож эхэлсэн дээ. Жүжгийн дүрээ яаж, хэрхэн тайзан дээр урлах вэ гэхээс илүүтэй өмнө нь тоглож байсан дүрүүдийнхээ талаар эргэн санаж, дүгнэлт хийдэг. Тэндээс адил төстэй шинж чанар юу байна гэдэг талаар бодно. Ер нь бол анзаарахад энэ жүжиг, жүжгийн дүрийн маань онцлог нь моно гэдгээрээ л ялгарчихаж байгаа юм.
- Ганцхан дүр бүтэн жүжгийн үйл явцыг авч явдаг болхооор ганц хүний жүжиг мэргэжлийн уран бүтээлчдийг чансааг сорьдог нь дамжиггүй шүү дээ...
- Мэдээж үзэгчид моно жүжгийг голчлон авч яваа тайзан дээрх жүжигчнийг харна. Гэвч мэдээж бусад жанртай адил найруулагч, зураач, гэрэлтүүлэгч, зохиолч гээд баг хамт олны нягт ажиллагаа ч бий. Яагаад нэг хүний жүжиг гэдэг дээр онцолж байна вэ гэвэл тухайн дүрээр хүний дотор байдаг сэтгэлзүйн олон талыг, нийгмийн харилцаа, хандлага, хувь оршихуйн талаарх өгүүлэмжийг нэгэн зэрэг дэлгэн тавьдаг. Ганц дүрд бүгдийг нь багтаана гэсэн үг. Тиймдээ ч моно жүжиг бол жүжигчин хэмээх мэргэжлийг эзэмшсэн хүний зайлшгүй хүч сорих том шалгуур байдаг гэж боддог.
- Тухайн жүжигт дүр бүтээхийн тулд мөнөөх дүрдээ зуун хувь бүрэн амьдарч болохгүй гэдэг. Дүр, бодит амьдрал дээр Н.Бямбасүрэн хоёрын заагийг хэрхэн бүрэлдүүлдэг вэ?
- Мэдээж тэгэлгүй яахав. Тайзан дээр бол дүрдээ зуун хувь хувирах хэрэгтэй. Жүжигчин хүний хамгийн чухал зүйл тэр шүү дээ. Гол нь дүрдээ сайтар орохын сацуу өөрийгөө хянах мэдрэмжтэй байх нь жүжигчин хүний нэг үүрэг болов уу.
- Жүжиг бүтэхийн өмнөх үйл явц дотроос өөртөө авч үлдсэн хамгийн дурсамжтай, сургамжтай зүйл юу байв?
- Зохиолтой танилцах анхны сэтгэгдэл маш чухал байдаг. Би жүжгийн зохиолоо уншсаныхаа дараа хүүхдүүддээ уншиж өгсөн. Тухайн үед илүүтэй сайн ойлгож, дотроо оршоосон. Хамгийн гол нь би эхлээд хэнтэй ч уулзалгүйгээр тухайн жүжигтэй ажиллаж, дүрдээ хувирдаг. Тэгж байж эхний мэдрэмжийг өөртөө суулгана. Дараа нь мэдээж найруулагчийн арга, ажиллагаатай танилцана.
- Уран бүтээлч хүмүүс, ялангуяа жүжигчид дүрдээ хувирахын тулд нэлээдгүй судалгаа хийдэг. Та болзоо жүжгийн дүр дээр ажиллах явцдаа дүрээ ямар нэг бодит хүний дүрийг оршоосон уу. Эсвэл дан ганц өөрийн дотооддоо л дүрээ бүтээсэн үү?
- Энэ талаар бас нэлээдгүй бодсон. Үүнийг бид “дүрийн үр” гэж нэрлэдэг л дээ. Моно жүжгийн дүр “хамеолон” шиг байдаг. Ганцаархнаа маш олон янзаар хувирна. Гуниглана, уйлна, цөхөрнө, гэнэтхэн эрс шийдэмгий болно гээд л... Миний хувьд аливаа нэг бодит хүний дүрд оршоох гэхээс илүүтэй зөвхөн дотооддоо дүрээ урлаж гаргахыг хичээсэн.
- Найруулагч И.Оюун-Эрдэнэтэй өөр уран бүтээл дээр хамтран ажиллаж байсан уу?
- Үгүй юм байна. Мэдээж өмнө нь янз бүрийн бүтээл хийх шинэ, шинэлэг санаа сэдээд, хоорондоо ярилцаж л байсан. Энэ жүжиг дээр л тэр бүхэн маань биелэх тохиолтой байж дээ.
- Уг бүтээлийн хамгийн гялсхийсэн, таны дотоод руу хүчтэйгээр чиглэж орсон зүйл юу байсан бэ?
- Алиалагч гэж байдаг. Циркийн алиалагчийн үндсэн үүрэг бол бусдыг инээлгэх. Харин тус хүний дотор, бодит ахуй дээр сэтгэл дотор нь юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Бид ийм л байдаг. Бидний амьдрал ч ялгаагүй. Ингэж л хэлэе дээ.
- Хөшиг нээгдэхийн өмнөх сандрал, догдлол зэрэгцсэн агшинд хэрхдэг вэ?
- Ямар ч уран бүтээл дээр ажилласан хөшиг нээхийн өмнө нэг бол хачин догдолж, нөгөө талаар мэдээж сандардаг. Гэвч гэрэл асаж, хөшиг нээх тэр агшинд аль болох сандрахгүй байхыг хичээдэг. Тайзан дээр амьдрахыг хүсдэг.
- Тун удахгүй “Болзоо” жүжигтэй үзэгчид болзох гэж байна шүү дээ. Тус жүжгийг зорих хамгийн гол шалтгаан юу вэ?
- Нэг нэгнээ илүү сайн ойлгож, хайрлах тэр мэдрэмжийг тус жүжгээс хүртэх болов уу.