Дэлхийн бүжгийн спортын холбооны Хореографик латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Португалын Брага хотноо болж өчигдөр дүнгээ гаргалаа. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болсон энэхүү тэмцээний ангилал тус бүрд 18 орны шилдгүүд өрсөлдсөнөөс Монголын баг гурван алтан медаль хүртлээ.
"Монголын бүжгийн спортын холбоо”-ны гишүүн “Royal dance” бүжгийн клубийн дэргэдэх “Royal Dance” хамтлаг залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд оролцож, хос алтан медалийн эзэд боллоо. Мөн "Star dance" студийн дэргэдэх "Star girls" хамтлаг өсвөрийн ангилалд Итали, Португалын багуудыг ардаа орхиж тэргүүн байр эзэллээ.
Хореографик дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивээс Монголоос гадна Тайваны баг өндөр амжилтыг үзүүлсэн байна. Тус тэмцээнээс хос алтан медаль хүртсэн “Royal dance” бүжгийн хамтлаг нь 2019 онд байгуулагджээ. Энэхүү тэмцээнд гурван багш, 20 бүжигчин нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй оролцож шүүгчдийн бүрэлдэхүүнд өндөр оноог авч чаджээ.