Уран зохиолыг уншихгүй бол... гэсэн асуулт хамгийн түрүүнд бидэнтэй нүүр тулдаг байж мэдэх юм. Харин дараа нь уншсан, үзсэн, мэдэрснээ ойлгосон эсэх талаарх мэтгэлцээн өрнөдөг. Ном хийгээд урлаг соёлын талаарх ойлголт сүүлийн хэдэн жилд эрчтэй өргөжиж, томоохон хэвлэлийн газрууд хоорондоо уралдан чанар сайтай бүтээлүүд зах зээлд нийлүүлэхээр редакцийн баг бий болгож ажиллах болсон. Яг энэ үед өөрт хэрэгтэй зөв номыг, хүн төрөлхтний оюун санааны цар хүрээг тодорхойлсон бүтээлийг олж унших томоохон шаардлага гарч байна. Түүнээс гадна аль жүжгийг үзэх, ямар театрыг зорих вэ гэдэг сонголт ч үзэгч, уншигчдад бий болжээ. Сонгодог зохиол бүр сонгодог байж чадах уу? Ер нь юу зохиолыг сонгодог болгодог вэ? Үзэл санаа, бичлэгийн хэлбэр, өгүүлэгдэж буй зүйлс, сэдэв. Энэ бүхний яг аль нь таны оюун санаанд нийцэж байна вэ гэдгийг тунгаан бодох шаардлагатай. 

Харин нөгөө талд шүүмжлэгч, судлаачдын байр суурь чухал. Тиймээс энэ удаагийн зочноор уран зохиол, театр, кино шүүмжээр дагнан мэргэжлийн бүтээл туурвидаг, Сити их сургуулийн ахлах багш, утга зохиол судлаач Х.Чойдогжамцыг урьж ярилцлаа. Бид зөвхөн уран зохиолоос бус өдгөө улиралд тутамд шинээр тайзнаа тоглогдох болсон жүжгүүд хийгээд театрын урлагийн талаар, нөгөөтээгүүр зөвхөн шүүмж судлалын мэргэжил, түүний онцлогийг нээхийг зорьсон билээ. Ингээд уншигч таныг ярилцлагадаа уръя. 

-БИ ШҮҮМЖИЙГ УРЛАГИЙГ ХҮРТЭХ УРЛАГ ГЭЖ БОДДОГ-

-Хоёулаа шүүмж судлал гэх мэргэжлийг магтахаас эхлэх үү, муулахаас эхлэх үү?

- Муулахаас эхлэе. 

- Яагаад тэр билээ? 

- Хүмүүс баярлаг /инээв/. Хүнийг найзгүй, хүйтэн харцнуудтай учруулдаг хачин эд. Олонтой байя, хуурмагаар ч болов амжилттай явъя гэвэл шууд хориг тавьдаг. Шударга байр сууриа өөрчлөхгүй болохоор өчигдөр инээсэн хүн өнөөдөр нүүр буруулах нь түгээмэл дээ. Итгэл үнэмшил, үзэл бодлын ганцаардалд умбуулна. Магтаалын үг цөөн унагадаг учраас авьяасгүй, мэдрэмжгүй, атаархуу хүмүүс л шүүмж бичдэг гэж гоочлогдоно.

- Таны зохиолч Тодко Самсоны бичсэн “Нэгэн зуны цэцэг” бүтээлийн талаар цахим хуудастаа илэрхийлсэн сэтгэгдлийн доор уншигчид “Шүүмжлэгч гэхээр бусдыг халтар, зальжин, бүдүүлэг” мэтээр доромжилж болохгүй хэмээх сэтгэгдэл үлдээсэн байсан. Энэ тухай юу гэх вэ?

- Юун түрүүнд тэр бол бүрэн хэмжээний шүүмжийн бичвэр биш. Үзэгчийн сэтгэгдэл төдий. Мөн зохиолын чанар чансааг хэлсэн болохоос хувь хүнд хандуулж доромж маягаар хэлээгүй. Мэргэжлийн хандлагыг уран бүтээлчид маань хаа хаанаа баримталж сайн урлаг бүтээгээсэй гэсэн санаагаар мэдрэмжээ маш товч илэрхийлсэн шүү дээ. 

- Ер нь шүүмжлэгч болоход хэрхэн суралцдаг юм бэ. Энэ чиглэлийн хөтөлбөрүүд манай улсын их дээд сургуулиудын боловсролын систем тун ховор байдаг гэх яриа байсхийгээд л гардаг. Үнэхээр тийм бол яагаад тэр вэ?

- Урлаг судлаач, утга зохиол судлаачдыг манай томоохон их сургуулиуд тогтмол бэлтгэж байна. Онол, түүх, шүүмжлэл, туурвил зүйн хичээлүүд миний төгссөн хөтөлбөрт жигд ордог байсан. Судалгаа, шинжилгээгээр дагнахын тухайд бол бие дааж суралцах чадвараар өөрийгөө улам улмаар хөгжүүлдэг болов уу даа. Тууштай, нухацтай, хөдөлмөрч байдал сайн шүүмжлэгчийн төлөвшил гэж санадаг.  

- Тэгвэл шүүмж өөрөө урлагийн нэг хэлбэр мөн үү?

- Би шүүмжийг урлагийг хүртэх урлаг гэж боддог. Давтагдашгүй уран сайхныг давтагдашгүй уран сайхны мэдрэмжээр нээж чадвал дахин бүтээж буйтай адил уран сайхны цул ертөнц бүрэлдэнэ. 

- Та МУИС-ийн Утга зохиол, судлал, шүүмжийн ангийг төгссөн. Тэнд та энэ мэргэжлийг өдгөө өвлөж яваа хүний хувьд өөрийгөө хэрхэн бэлдэж, өнөөдрийн хувь хүнийг бий болгосон бэ?

- Бэлдэх гэж та их сайхан асуулаа. Багш нарынхаа захиснаар шударга, тууштай, эр зоригтой бичихийг эрхэмлэсэн маань мэргэжлийн үнэ цэнээ хадгалах хамгийн том бэлтгэл байсан болов уу. Уран бүтээлийн нандин сайхан бүхэнд чин сэтгэлээсээ дурлаж гэмээнэ ултай, судалгаатай уран шүүмж гараас гарна. Уран бүтээл гэдэгт судалгааны уран бүтээлийн хорхой хүргэсэн номууд ч орно. Тиймээс тасралтгүй олон төрлийн бүтээл уншиж, үзэж, олон салбарыг харьцуулан мэдрэхийг хичээж явдаг. Ялангуяа мэргэшин ажиллахад минь театрын урлагийн үр өгөөж өгүүлшгүй их байсан шүү. Тайзны бүтээлээр судлаачийн хараагаа улам тэлсэн болохоор тийш хөтөлсөн олон эрхэмд талархаад бардаггүй юм.

- Театрын шүүмжийн талаар хоёулаа энэ удаад түр азная. Харин доромжлол, шүүмж хоёрыг уншигчид ялгахгүй байж болох ч тэрхүү ялгаа заагийг шүүмжлэгчид өөрсдөө тодруулах нь чухал. Энэ талаар ямар байрь суурьтай байдаг вэ?

- Гол эргэлзээ нь таны өмнө асуусанчлан шүүмж өөрөө урлагийн бүтээлийн шинж хэлбэртэйд байгаа юм. 

- Тэгэхээр бүтээлтэй адил нэгэн “цул”-ыг бий болгоно гэсэн үг үү?

- Тийм. Шүүмжийг уран бүтээлийн нэгэн адил сэтгэл хөдлөл, эмзэглэл догдлол, уран хурц мэдрэмж, элдэв донж хийц, далд дам утгыг бодож л урлан цогцлооно шүү дээ. Усан шөл шиг сулбайсан юм биччихээд би урлаг шүүмжиллээ гээд байвал харин жинхэнэ доромжлол биш гэж үү. Хэлье гэсэн үгээ баримт нотолгоотой, итгэл төгс хүргэхийн тулд гал цогтой, цэх шулуун илэрхийлэх гэдэг шүүмжийн хэлний уран сайхны онцлог гэж ойлгоосой гэж боддог. Хувь хүн рүү хэт халдсан, зорилго бүхий доромж агуулгатай бохир зүйлсээс бол тэс ондоо. Харьцуулашгүй.

- Аливаа нэг томоохон бүтээл гарлаа гэхэд “Шүүмжээ бичээч” гэх хүмүүс олон байгаа харагддаг. Ер нь шинэ бүтээл гарах бүрд шүүмж бичээд байх нь хэр зохистой бол. Тухайн бүтээлийг сайн, муу гэхээс шүүмж бичих хэмжээний болсон, үгүй гэж авч үзэж болох уу? 

- Уран бүтээлчид өөрсдийн эрэл хайгуул, бүтээлч хөдөлмөртөө мэргэжлийн үнэлгээ авахыг хүсэх нь зүйн хэрэг. “Шүүмж бичээч” гэдэг үг найрсаг сайхан сонсогддог ч захидал бүхэн хариутай байхгүй шүү дээ. 

-Тодруулбал...

- Товчхондоо бол магтах хүнээ хүмүүс олчихдог байхгүй юү. Бэлэн байж байдаг. Харин шүүмжлэх хүн ховор. Ингэж бодоод харвал тос, ус нь ялгараад ирнэ дээ. 

- Таны хувьд тэгэхээр тухайн бүтээлийн тухай бичихдээ олон дахин үзэхээс гадна нэлээдгүй цаг хугацааг зарцуулдаг байх нь...

- Миний хувьд жишээ нь тайзны бүтээлийн тухай бичихдээ багадаа хоёр удаа заавал үздэг. Бичих, харах зүйлс ундраад байвал ахиад үзнэ. Сайн бүтээл шүүмжээ өөрөө төрүүлдэг гэдэгт эргэлзэхгүй хэрэггүй юм шиг ээ. Харин сүүлийн үед төлбөртэй буюу захиалгатай элдэв бичвэрүүд олшрох болж. Энэ маш зохисгүй асуудал.

- Шүүмж гэдэг нэр ер нь хэр зохистой санагддаг вэ. Бусдыг шүүнэ, шүүмжилнэ гэдэгтэй ойролцоо тул хүмүүс буруугаар хүлээж авах нь бас бий шүү дээ... 

- Салбарынх нэршил бол уран сайхны шүүмжлэл юм. Шүүмж гэдэг түүн доторх бичлэгийн нэг жанрыг хэлж байна. Хэмжүүрийг үнэлэн тогтоож, сайн муу аль ч талыг нь хэлэлцэнэ гэсэн утга уг нь багтаж буй юм. Шинжлэл гэж нэрлэе гэсэн саналууд байдаг. Ерөнхий нэршлийг уран сайхны шинжлэл, театрын шинжлэл гэхчилэнгээр тогтвол зохистой юм шиг ээ...

- Жишээ нь театр, уран зохиол, уран зураг, кино гэх мэт урлагийн төрөл зүйлүүд шиг шүүмжид ч бас тус тусын онол ном, бичих арга хэлбэр гэж бий юу. Тийм бол кино шүүмж бичдэг хүн киногоо, театрын шүүмж бичдэг хүн театраа л бичих ёстой юу?

- Өөрийнхөө жишээгээр хариулбал бодитой болов уу. Уран зохиол суурьтай хүн чинь анхандаа театр, киноны шүүмжийг уран зохиолын шүүмжийн хэл, хэлбэрээр л бичээд байлаа. 

- Тэгээд бусдад өөрөө шүүмжлүүлж байсан уу? 

- Тэгэлгүй яахав. Шүүмжлүүлж ч байлаа. Харин туршлагажаад ирэхээр шүүмжийн хэл өөрөө салбар бүрийнхээ хэл, арга зүйг нэхээд, тэр л орчин нөхцөлдөө хэлбэржин амилахыг хүсээд ирдэг. Тэгэхээр хослуулан эзэмшиж чадвал олон төрлөөр бичих нь судлаачийг улам л хүчирхэг, баялаг хараатай болгоно. Хос, хөтөлгөө, бүр гурвалсан морьтой хүн газрын холыг ажрахгүй туулна биз дээ. Ярих бус бичээд л байх нь хамгаас зөв дөө.  

- Судлаач, шүүмжлэгчдийг ихэнхдээ л сөрөг хандлага дагадаг. Урьж, залж, гуйдаг нь урлагийнхан өөрсдөө байдаг нь ч үнэн. Гэхдээ тэд бичсэнийг эсвээс хувь хүнийг нь ч тийм сайнаар үнэлдэггүй санагддаг. Энэ талаар юу гэж боддог вэ?. 

- За даа, та бараг өөрөө хариулчихлаа. Сайн шүүмж бичихээр яг ингэж ханддаг /инээв/. 

- ҮЗЭГЧДЭЭ БУЛААЛДААД ЖҮЖГЭЭР “ДАЙТАЖ” БАЙНА -

- Хэдхэн долоо хоногийн өмнө цахим орчинд АУЗ Б.Догмид нэгэн бичвэр нийтлүүлсэн. Тэнд залуу шүүмжлэгч хэмээн нэр цохож байгаад танд хаягласан цогцолбор байсан даа. Энэ юунаас болов? 

- Эрхэм зохиолчийн удаа дараах учир битүүлэг хандлагатай бичвэрт өөрийн бодлоо тэсэлгүй илэрхийлсэн. Өөрөө “Намайг хэлээгүй юм шүү” гээд сүүлд тайлбар оруулсан байсан. Тийм болохоор өөр хэлэх зүйл алга аа.

- Өнгөрсөн оны “Утгын чимэг” наадмын эхний давааны шалгаруулалтын дараа тэр бичвэр гарсан нь их сонирхолтой санагдсан. Та уг наадмын эхний давааны шүүлтэд оролцсон уу?

- Эхний давааны шүүлтэд оролцсон.

- Тэгвэл үүнээс болоод тан руу дайрсан байж болох уу. Түүнийгээ нийтийн хэл амнаас болоод булзааруулсан юм биш үү?

-Ний нуугүй хэлэхэд үүнээс болж над руу далдуур дайрсан гэдэгт итгэлтэй байна. Би ганцаараа шүүгээгүй шүү дээ. Хамгийн эмгэнэлтэй нь зохиолчийн энэхүү бичвэрт хүмүүс болоод уран зохиолын хүрээнийхэн ихэд таашаалтай хандах хандлага ажиглагдсан. Ерөнхийлж хэлэхэд бид хоцрогдлоо оюуны соёл гэж бахархаж болохгүй.

-Ер нь манай ахмад зохиолчид бүтээлийнх нь талаар шүүмжилсэн өнгө аястай зүйл бичихэд “Өмнөх үе рүүгээ залуус дайрч байна” гээд л эш мухаргүй, ор үндэсгүй, баримтгүйгээр дайрах, нэр хүндээрээ далайлгах хандлага их байдаг шүү дээ... 

- Оюутан байхаасаа төрийн шагналтай, нэртэй зохиолчдын тухай хурц шүүмжүүд бичиж л байсан. Зохистой хүлээж аваад, бүр хариу хэлэлцэн зөвлөдөг уран бүтээлчид нь далайлгаж айлгадгаасаа олон таарч байсан даа. Гэхдээ би ч гэлтгүй үеийнхэн, дүү залуусыг ажиж байхад урмыг нь унтрааж,үгүйсгэн няслах намба алдсан үйлдэл “аваргуудаас” илт ирэх нь нийтийн сүлжээнд элбэг тохиолдох болжээ. Түүнийг нь өөхшүүлэн долдойддог “хуурамч уншигчид” ч үй олноороо оршиж байх юм даа.

- МЗЭ-д сайн судлаач, шүүмжлэгчээс илүүтэй сайн магтаалч хэрэгтэй гэж нэг хүний ярихыг сонссон. Үүн дээр та ямар хариулт өгөх бол... 

- Өмнө нь ч хэллээ. Дахиад хэлье. Магтах хүн хаанаас ч олддог. Бэлэн байж байдаг. Өөр хүмүүс бэлтгэхэд санаа зовнисон нь зол болох биз ээ. Сайн магтаалч гэдгийг давхар утгаар хэлсэн бол харин өөр хэрэг. Уран сайхан, ур чадвар, утга санааны нээлт, тэсрэлт, шинэчлэлийг туйлд нь тултал тайлбарлан таниулж, нээн алдаршуулж өгөх шинжлэн магтагч бол үнэхээр хэрэгтэй.

- Та цөөхөн ч болов яруу найргийн наадам шүүж байгаа харагддаг. Мөн “Гэгээ МУЗА” наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд байдаг. Оноо тавихдаа шударга байж чаддаг уу?

- “Гэгээн Муза” олон улсын театрын наамдын хувьд өдий олон жилийн хугацаанд тогтвортой, нэр хүндтэй зохиогдсон нь шударга шүүлтэндээ юм билээ. Би орсон цагаасаа энэ л зарчмыг нь баримталж яваа. Яруу найргийн шүүлт гэдэг харин амаргүй. Ямартай ч ил цагаан дэмжих, эсвэл дарах зүйл хийж ирсэнгүй. Дургүйцэл ямагт дагаж байдаг даа. Яая гэхэв. 

- “Миний бүтээл бий эсвэл манай дүүгийн жүжиг юм шүү” гэж ая тал засах, нэг ёсны таньдаг хүнээрээ “хахуульдах” маягийн зүйлтэй учирч байсан уу? 

- Маш олон.

- Тухайн үед яадаг вэ?

- Үгэнд нь орсон удаа байхгүй. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг байх аа. Нэг л урваж хувирбал дахиж эрч хүчтэй шүүмжилж чадахгүй нөхцөлд өөрийгөө аваачих аюултай.

- Та өмнө нь уран зохиолын шүүмж туурвидаг байсан. Харин театр, кино шүүмж рүү СУИС-д багшлах үеэсээ орж эхэлсэн. Уран зохиолын шүүмжээс эрс өөр байсан уу? 

- Уран зохиолын шүүмж бичихэд ном, зохиолч хоёртой л үзэж тарна шүү дээ. Театр бол дэндүү баялаг ертөнц. Жүжиг бүтэх үе шатыг судлахад л бүхэл бүтэн “жүжиг” өрнөж байдаг. Бүтээлийн нарийн ширийнийг соргогоор мэдрэх, тал бүрээс эргэцүүлж тунгаах, уран сайхны олон давхар хувиргалыг таних тал дээр өөртөө ахиц гаргах шаардлага тулгарсан. Жүжгийн зохиолыг задлан уншиж сурах бол дөнгөж эхний алхам гээд л бодохгүй юу. Нэг амтлаад дурлачихвал салахгүй бялуурмаар өгөөжтэй, олон талаар хөгжүүлж өгдөг урлагийн төрөл шүү.

- “Чи өөрөө камер барьж үзсэн үү, чи өөрөө жүжиг найруулж үзсэн үү” гэх ч юм уу “Тэр олон хүний хөдөлмөрийг үгүйсгэлээ” гэх маягийн хандлага их байдаг. Танд ер нь хэр их дайралтууд ирж байсан бэ. Тэдгээрийг оюун санаа, сэтгэл зүйн хувьд хэрхэн даван туулдаг вэ?

- Янз бүрээр ирдэг дээ. Утсаар ярьж, зурвас бичих дайралтад бол дасаж орхисон. Дотор будангуйруулдаг мэдрэмж гэвэл хамгийн сайн ойлгох, ойр дотны, намайг доторлодог гэж санадаг хүмүүс шүүмжийг буруу хүлээж авахад төрнө. 

-Тийм хүнд нөхцөлд яадаг вэ? 

- Хэцүү санагдах үед дараагийн шүүмжээ хурдан барьж авдаг. Бүтээж харуулах л хамгийн том сорилт бас хариулт юм билээ.

- Мэргэжлийн явцад аливаа уран бүтээлийг судлан шинжилж, нарийвчлан ажиглах дөр суудаг уу. Үүнээс бол тухайн бүтээлийг үзчихээд хаа хамаагүй онолын ном эргүүлж, огт нийцэхгүй жишээ баримтыг нялзааж боогоод шүүмжийг туурвичихдагүй биз дээ. 

- Хэдэн ном эргүүлж харж байгаад гялс шүүмж буулгачихдаг гэдэг төсөөлөл олон хүнд байдаг юм билээ. Дөр сууна гэдэг судалгааны арга зүй, онолын мэдлэг, уран сайхны мэдрэмжээ хэрэглэж буюу бүтээж дадахыг хэлдэг байх. Дадсанаа мэдээж баталгаажуулахын тулд шүүмжээ нухаад л суучихна даа. Амар хялбар алхам ер байхгүй. Бичихээс аргагүй сайн, эсвэл бичихээс аргагүй тааруу гэдгийг бүхлээр нь харчихдаг туршлага аажим аажмаар бол сууна. Гэвч бичиж л байж гэрчилж харуулна. Олон хүн ярьж ярьчихаад бичдэггүй биз дээ. 

- Театрын урлаг ид хөгжлийн үедээ явж байна гэж хүмүүс хардаг. Таныхаар энэ хэр бодитой вэ?

- Бодитой. Хэчнээн театр хэчнээн олон төрлөөр жүжгүүд угсруулан нээж буйг хар л даа. Үзэгчдээ булаалдаад жүжгээр “дайтаж” байна. Гайхалтай цаг үе. 

- Шүүмж судлал мэдлэг, мэдрэмж хоёрын аль нь давамгай байх зохистой бол. Мөн ямар нэгэн урлагийн төрөл жанр аваад үзье. Жишээлбэл театрын шүүмж бичихэд мэдрэмж илүү чухал гэж тодорхойлж болох уу?

- Тэгэлгүй яахав. Мэдрэмж илүү давамгай шаардагдана. Яруу сайхны зохицлыг эхлээд хүртэн мэдэрч, догдлон харж чадсаны дараагаар мэдлэгтэй холбоод нөхөн тайлж бичдэг. Театрын тухайд та үнэн хэллээ. Хамтын уран бүтээлчдийн цогц мэдрэмжийг бүхлээр нь танихын тулд торгон мэдрэмж, гярхай хараа, агшны амьд мэдрэхүй нэн чухал. Жишээ нь сүүлд үзсэн “Нугасны ан” жүжигт айлын гэрт дахиад цэнхэр өнгөтэй, цонхтой нэг хаалга байх жишээтэй. Гэр бүлийн хоёр сайхан дурсамжаа ярих үедээ л тэнд очдог. Бусад үед анзаарахгүй байдаг. Энэ мэтчилэн хувиргаж, хөрвүүлж, хамтатгаж мэдрэх чадвар шүүмжийг амьд, бүтээлч болгоно. 

- ШҮҮМЖИЙНХЭЭ ГАРЧГИЙГ ТАВЬЧИХААД ХЭД ХОНОГООР Ч БОДОЖ ЯВАХ ҮЕ БИЙ -

- Танд шүүмж бичих болгондоо сөхөж хардаг ямар, ямар номууд байдаг вэ. Тийм ном бий юу? 

- Мэргэжлийн үндсэн ойлголт, нэр томьёоны тайлбар толиудыг тогтмол сөхөж харна. Урам авч, эргүүлэх дуртай нь гэвэл Л.Хүрэлбаатар “Дуун утгын яруу зохист”, “Судар шасдирын билиг”, “Огторгуйн цагаан гарди”, С.Энхбаяр “Утга зохиолын судлал шүүмжлэлийн өгүүллүүд”, Д.Галбаатар “Шинэ эргийн зүг”, Ч.Билигсайхан “Бичгийн мэргэдийн билгүүн товчоон”, Д.Батбаяр “Амрагийн тэнгэр”, Г.Аюурзана “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, B.Nabokov “Lectures on Literature”, J.Derrida “Acts of Literature” зэрэг номууд ширээн дээр бий.   

- Их сургуульд элсэхдээ энэ чиглэлийн мэргэжлээр суралцана гэж шийдсэн байсан уу?

- Уран зохиолтой холбоотой мэргэжил л өөрийн минь зам гэдгээ гэрийхэндээ эрт ойлгуулж, хамгаалж чадсан шүү. Урлаг судлаач, утга зохиол судлаачийн ангиас шийдвэрээ гаргахад амархан байсан. Судалгаа, шүүмжлэлээр дагнаж ажиллана гэж харин төсөөлөөгүй. 

- Тэгээд ямар учраас энэ чиглэлээр дагнаж бүтээл туурвиж, ажиллах болсон хэрэг вэ?

- Яахав дээ, сайн багш, сайн уран бүтээлч, сайхан хүмүүсийн хүрээлэлд мэргэжлээрээ амны хишигтэй ажиллаж яваа минь л энэ байх. 

- Шүүмжлэгч, ерөөс бичгийн хүн их бодож, тунгаадаг болов уу гэж сэтгэдэг. Бодно гэж бас л бичихийн нэг хэлбэр гэж санагдаг л даа. Та бодоход хэр их цаг зарцуулдаг вэ?

- Л.Ванган гуай нэг зохиолчид “Би чиний жүжгийг зохиолчийн нүдээр, найруулагчийн хараагаар, шүүмжлэгчийн бясалгалаар, үзэгчийн сэтгэгдлээр, амьдрал мэддэг хүний ухаанаар шүүн тунгаалаа” гэж хэлсэн байдаг. Шүүмжлэгчийн бясалгал үг гэдэг эргэцүүлж тунгаах бодлын төвлөрлийг хэлсэн байх. Жүжгээр жишээ авъя. Зохиолоо бодож уншина. Жүжгээ бодож үзнэ. Тэмдэглэхдээ бодож бичнэ. Дахиж үзэхдээ лавшруулж бодно. Тэмдэглэлээ бодож засварлана. Ном зохиол, бусад сурвалжаас бодож уншина, шүүнэ, харьцуулна. Шүүмжээ бодож сийрүүлнэ. Ингээд бодоод байвал бодоод л байна /инээв/. Заримдаа шүүмжийнхээ гарчгийг тавьчихаад хэд хоногоор ч бодож явах үе бий.

- Өдгөө Сити их сургуульд багшилж байгаа. Яагаад СУИС-аас гарсан бэ. Олны салхинаас угзрах нь ээ нэг шүүмжээс болсон гэдэг. Энэ үнэн үү?

- Оюутны ширээнээс тохой залган авч, өсөж өндийлгөсөн буянтай байгууллага бол СУИС гарцаагүй мөн. Гарахын хувьд хөндлөнгийн шалтгаан огт байгаагүй. Миний буруутай зүйлс ч байсан. Нэгэнт өнгөрсөн учир тэр талаар нуршаад яах вэ. 

- Та оюутнууддаа сайн багш байж чаддаг уу. Өөртөө 10 -аас хэдэн оноо өгөх вэ?

- Одоогоор бол 6 оноо өгье дөө. Эхлээд өөртөө сайн багш байж гэмээнэ үлгэрлэдэг бололтой юм аа.

- Та багш хүн. Өдгөө залуус, оюутан суралцагчид шүүмж, судлалын талаар ямар ойлголттой байгаа вэ. Тэд ч мөн шүүмжлүүлэх дургүй залуу үе. Гэвч уг салбарын талаарх үзэл бодол нь өөрчлөгдөх хандлага ажиглагддаг уу? 

- СУИС, МУИС, МУБИС, СИТИ гээд урлаг, утга зохиолын судлаач, шүүмжлэгч бэлтгэдэг хөтөлбөрүүдэд багшилсан. Залуу үеийнхэн шүүмжийн хичээлийг маш урамтай, бас гярхай сонсдог, ялгаж тунгаадгийг мэдэрч байна. Үнэн зүйлийг нээлттэй илэрхийлж, худал зүйлийг өөрийнхөөрөө илчилж чаддаг давуу бүтээлч хандлагатай. Урлагийн шүүмжлэлт сэтгэлгээний уран бүтээлийн уран сайхан гэдэг ойлголтыг тийм ч олон тайлбарлуулахгүйгээр мөн чанарыг нь ухаардаг. Шүүмж бичлэгийн зарчмыг тун хурдан сурч хэрэгжүүлнэ. Өөрчлөлт үнэхээр мэдрэгдэж байгаа шүү.

- Мэдээж таныг анх СУИС-д багшлуулахаар урьсан хүн бол доктор П.Батхуяг. Энэ хүн танд багш байх хамгийн гол зарчмыг юу гэж сургасан бол. Та тэр үнэт зүйлийг мөрдөж чаддаг уу?

- Төгсөлтийн баярын маргааш өглөө залгаад “За төгсчихсөн үү” гээд инээж билээ. Багшлах эрхэм урилгаар эрдмийн орчинд залган ажиллаагүй бол өдгөө ямар ажил үйлсийн мөртэй явахыг төсөөлөхөд бэрх ээ. Өөрөө ямагт хөгж, задар. Өөрөө бичиж, туурвиж оюутнууддаа үлгэрлэ гэж л их хэлдэг байсан даа. П.Батхуяг багш бол шүлэг, эсээ, өгүүллэг, тууж, жүжиг, романаа хэдийнэ биччихээд түүнээ итгэл төгс заадаг эрдэмтэн зохиолч байлаа шүү дээ. Үлдээсэн өв, үнэт зүйлийг нь үргэлжлүүлэн ядаж л явна даа. 

- Таны төрсөн газар бол Ховд аймгийн Дарви сум. Тэндээс сугарч гарснаас хойшхи жилүүдэд төрсөн газарт тань үлдсэн хэрнээ үргэлж гардаггүй дурсамжаас хуваалцаач...

- Дөрвөн настайдаа хот руу шилжсэн болохоор тэр үеийн дурсамж бүдэг бадагхан даа. Гэхдээ төрсөн нутаг төрсөн биеэс холддоггүй юм билээ. Очих бүрд нутгийнхаа өнгөөр царай зүс жавхааччихаад буцдаг. Сүүлд нутаг явж, Сутай хайрханыхаа бараанд мориор айлсан хүрч ирэхдээ “Уулын хүний бүлээн дуу” хэмээх яруу найргийн шүүмж нэг амьсгаагаар бичиж байлаа. Өчүүхэн мэдрэмж бий бол тэр сайхан нутаг уснаас л авсан байж таараа шүү дээ.

- Цаашдаа урлагийн аль нэг төрлөөр дагнан шүүмж бичих үү. Эсвээс зэрэгцүүлээд явах уу?

- Шүүмжээ олон төрлөөр тасралтгүй бичнэ ээ. Эрдмийн зэрэг хамгаалах том ажил хаяанд тулсан байна. Эрдмийн зэргээ хамгаалчихаад уран зохиолынхоо судлал, шүүмж рүү илүү анхаарах төлөвлөгөөтэй байгаа.

- Та бие даасан болон хамтарсан хэд хэдэн ном бүтээл туурвисан. Шинэ номын сураг хэзээ вэ?

- Сүүлийн арван жилд яах аргагүй театрын шүүмж түлхүү бичжээ. Нэн түрүүнд дан театрын шүүмжүүдээ эмхэтгэж түүвэр гаргахаар ажиллаж байна. Дотроо жүжгийн зохиол, жүжиг, жүжигчин, найруулагч, театр судлал зэрэг бүлгүүдтэй. Таван сардаа багтаад гарчих байх шүү.  

- “Шүүмжлэгч Х.Чойдогжамц” гэх нэр төр, түүний бичсэн шүүмжийн ном хоёрын аль нь танд эрхэм бэ?

- Мэдээж ном бүтээлүүд. Бүтээж чадвал эрхэм нэр тодорсоор байх болов уу. Том нэрийг хоосноор дүүргээд явбал яана...


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав