Ардчилсан намын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсан хуралдааны дараа нэг хэсэг нь Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын л хэн нэг гарч ирэх байсан юм. Наад Элбэгээ чинь хашгирч хошгируулж яваад л өөрийгөө шатаачихна. Мөн ч балай юм боллоо гэж толгой сэгсэрсэн олон хүн таарч байлаа. Нэг үгээр Ц.Элбэгдорж яаж Н.Энхбаярыг ялж чадах юм гэсэн хатуу итгэл үнэмшилтэй хэсэг байсан гэсэн үг. Мөн нөгөө талд нь Ардчиллынхан гаргах ёстой л хүнээ гаргалаа. Элбэгээгээс өөр хэн Н.Энхбаяртай өрсөлдөж чадах юм бэ. Түүнээс өөр хэн ч чадахгүй гэсэн байр суурьтай хэсэг өндөр хувьтай байсан. Энэ ч яахав Э.Бат-Үүлийн фенүүд хэсэгтээ гонсойж, тэрнээсээ болоод Элбэгээг голж, дотроо дэмжих эсэхээ шийдэж ядан эргэлзэж байсан, Элбэгээгийн шүтэн бишрэгчид одоо яасхийж Н.Энхбаяртай үзэх вэ гэж алгаа үрчин бодолхийлж байсан үеийн л дүр төрх. Ардчилсан намд элэгтэй пүүс компаниуд ч энэ үед Элбэгээгийн ялалтад эргэлзэж, өгөх авах дээрээ толгойгоо гашилгаж байсан нь үнэн шүү дээ.
Сурталчилгааны кампанит ажил дуусахаас гурав дөрөвхөн хоногийн өмнө ч ажиглагчид Н.Энхбаярт л ялалтыг өгч байлаа. Хоорондоо хоёр гуравхан хувийн зөрүүтэй л дүн гарна. Хэдийгээр Ц.Элбэгдорж ач тач ноцолдож байгаа ч эцэстээ Н.Энхбаяр л ялж таарах болов уу гэсэн дүгнэлт хүн болгоны амнаас ойчиж байсан нь нууц биш. Хачирхалтай нь Н.Энхбаяр руу хэлбийж харагдаад байсан тэрхүү цөөн хувийнхны сонголт сүүлийн хоёрхон хоногийн дотор л эргэчихсэн. Энэ дүгнэлттэй өнөөдөр хүн болгон санал нийлж байна. Олны үнэлэлт оргүй биш. Ингэхэд юу болоод өнгөрөв өө. Яагаад Н.Энхбаяр ялагдаж, яагаад Ц.Элбэгдорж ялав. Энэ асуултад тоймч болгон л өөр өөрийн хариултыг өгцгөөж байна. Миний хувьд бууж байгаа хүний араас баахан хараацгааж, ирж байгаагийнх нь өөдөөс бөөн бөөнөөрөө зусардацгааж мэдэх зуйварган өнгө төрхөнд таагүй хандаж байгаагаа нуух хүсэл алга. Монголчууд угтаж байгаагаа ерөөж, үдэж байгаагаа харааж байдаг ард түмэн биш. Тиймээс хэт ойворгон, хүний хувьд мөс муутай харагдах зүйлсийг хаа хаанаа бага гаргаасай хэмээн хүснэ. Түшмэдүүд ирж л байдаг, явж л байдаг. Түмэн олон харин сууж үлддэг.Тиймээс түмнийг үймүүлэх, үймрүүлэх үгийг тэвчих л цаг энэ юм.
…Ихэнхи ажиглагчид энэ удаагийн сонгуулиар бодлогын өрсөлдөөн огт явагдаагүй хэмээн дүгнэж байна. Хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрүүдэд хоёуланд нь хүмүүс төдийлөн жинтэй бус гэсэн хатуудуу дүгнэлтийг өгч байгаа. Нэр дэвшигчдийн анхаарал хөлд сууж үлдэх ултай суурьтай бодлого, хөгжлийн тухай сонгодог хөтөлбөрүүд рүү биш хөөс мэт замхарч одох хөвсөргөн сурталчилгаанууд руугаа илүү их чиглэгдэж байсан гэдэг дээр мөн л ажиглагчид санал нэгдэж байна. Үнэн хэрэгтээ өнөөгийн байдлаар нийгмийн идэвхтэй хэсгийхний бүх анхаарал хоёр сарын турш монголыг залхааж, сэтгэл зүйн хувьд дарамталсан PR-чдийн зүг шилжээд байна. Хөшигний ард суучихаад сонгогчдыг тэнэг юм шиг басамжилж, өглөө үдэшгүй зурагтаар нь үхэр мөөрүүлж, адуу янцгаалган, улиг болсон хэдэн дуучдыг нэг нэгээр нь хад асган дээр зогсоолгон хашгируулж залхааж байсан тэдгээр нөхдүүдийн улаан нүүрийг харахыг хүсч байх шиг.
PR-чид энэ удаагийн сонгуулиар сэтгүүлчдийн нэр нүүрийг харин ч цэвэрлэж, эрхэлдэг ажил үүргийн хувьд хоорондоо тэс ондоо хүмүүс болохыг олон түмний өмнө ялгаж өгөв. Урьд өмнө тэдний хийсэн бүх муу муухай үйл сэтгүүлчид гэсэн нэгдсэн нэрэн дээр шороо болон ирж пургидаг байсан. Энэ удаа сэтгүүлчдийн оролцоо байхгүйтэй адилхан сонгууль явуулж, дээрх ялгааг тодруулж өгснөөрөө онцлог байлаа. Ахин хэлэхэд энэ сонгууль PR-чдийн л сонгууль болж өнгөрөв. Гэвч энэ нь Ц.Элбэгдоржийн PR-чид гайхамшигтайдаа ялчихсан гэсэн үг биш. Н.Энхбаярын PR-чид муу байсан нь тэдэнд ашигтай туссан л гэсэн үг юм.
…Хоёр нэр дэвшигчийн хэнийг дэмжихээ шийдэж чадахгүй эргэлзэж явсан сонгогчдын цөөн хувь яг юунаас болж Ц.Элбэгдорж руу эргэсэн бэ. Энэ асуултын хариуг Н.Энхбаярын баг өөр зуураа сайтар тавьж, хариуг нягталж байгаа байх. Учир нь 51-хэн настай, дээр нь монголын сонгогчдын тал хувийн саналыг авсан Н.Энхбаярын улс төрийн карьерыг ингээд л дуусчихаж байгаа мэтээр харах нь хэт гэнэн явдал юм. Түүнд монголын улс төрөөс зайдуу нам жим амарч авах гэхээс илүү яаж ч хөдөлж, хааш нь л бол хааш нь нүүдэл хийж болох өргөн боломж өнөө хэр өмнө нь дэлгээтэй байна. Хэдийгээр их улс төр орчмоор Н.Энхбаяраас салж авсны баяр хаа сайгүй болж, нөхдүүд оргилуун дарс тулгацгааж байгаа ч Н.Энхбаярын хийвэл хийчихэж чадах өдий төдий гаргалгаа, холби үсрээд л гараад ирж чадах аймшигтай нүүдлүүд дотрыг нь түгшээж буй нь бас худлаа биш.
Тийнхүү халамцуу гөлөмцүү яваа улс төрийн хүрээнийхний дотор инээдтэй, эмгэнэлтэй олон яриа хөөрөөнүүд чих дэлсэж байна. Ашгүй Энхбаярыг унагаж өгч гавъяа байгуулсан Ариунаа бүсгүйд ардчиллын одон өгөх хэрэгтэй гэж нэг хэсэг нь ярьж байхад, Ардчилсан намын PR-чид яльгүй өгөөш гаргаад шидэхэд л МАХН-ын PR-чид андуурч авч давхиад байсан тухай ярилцан элгээ хөшөөж байх жишээтэй. Нөгөө талд мөн л МАХН-ын зарим хэсэг Ариунаа хүүхнийг зориуд Ардчилсан намын даалгавраар тийм юм хийж гэнэт орж ирсэн тагнуул туршуул байсан байна хэмээн харааж, PR-чдийг ахалсан Д.Болдхуягийг ч Элбэгээгийн хүн байсан, одоо ч байгаа, цаашдаа ч байна гэж ирээд зүхэж байх жишээтэй.
Юутай ч энэ удаагийн сонгууль цаашид PR-чид гэх дундын нөхдүүдийг гишгих газаргүй болгосон сонгууль болох шиг боллоо. Хэн ахиж ийм буцах хаяггүй, буух газаргүй нөхдүүдэд сурталчилгаагаа итгэж даатгах билээ. Манайхан гаднаас зөв, эрүүл юмыг нь хуулж чадахгүй, дандаа буруу, буртагтай зүйлсийг нь цүнхэлж ирээд байгаагийн л нэг тод жишээ энэ юм.
….Зарим сэтгүүлчид Элбэгээг ээж нь л гаргаад ирлээ гэж ирээд дүгнэсэн харагдана. Би бол Элбэгдоржийн амжилттай PR-иудын нэг нь л ээжтэй хэсэг гэж үзэж байна. Бас Өөрчилье гэсэн уриан дор ардчиллын хэн нь ч дэвшсэн ялалт байгуулах байсан гэж зарим тоймч дүгнэсэн. Яалаа гэж. Би огтхон ч тэгж бодохгүй байна. Өнөөгийн Ц.Элбэгдоржийг хал үзэж, халуун чулуу долоосон улс төрийн хүнд бэрх амьдрал нь бүтээсэн. Тиймээс түүний урсгасан хөлсийг ингэж дутуу хагас үнэлж бас болохгүй билээ.
Кампанит ажлын үеэр Н.Энхбаяр алдартнуудаар бүчүүлж явахад, Ц.Элбэгдорж ардаар бүчүүлж явлаа. Энэ дүр зураг Ц.Элбэгдоржид очсон хамгийн ашигтай оноонуудын нэг хэсэг болж өгөв. Монголчууд далдуураа баярхаад, илүүрхээд, багтаж ядаад байгаа улсуудад талгүй ханддаг. Энэ зангаа л гаргачих шиг болсон. Энгэртээ одон гялбуулсан эрхмүүдийг индэрт ярайлгаж байгаад өөртөө алга ташуулсан нь энгийн олон түмэнд таалагдсангүй. Аль ч аймагт очсон тэндээс төрсөн нэртэй, тэгсэн хэрнээ сонгуулиар л улс төржиж гэнэт шуугиж очдог, нутаг орныхоо төлөө нэг ч удаа хоолойгоо зангируулж үзээгүй нөхдүүдийг далдайтал нь дагуулж явсан явдал Н.Энхбаярт ашигггүй PR болов. Нөгөө талдаа Ц.Элбэгдорж хувьсгал хийх үеэс хамт зүтгэсэн хуучны хэдэн нөхдийнхөө хамт л энгийн даруухан яваа дүр зураг харагдаж, түүнд ашигтай оноо цугларч байв. Монголчуудын дээлнийхээ шинэд дуртай ч хүнийхээ хуучинд илүү дотносдог сэтгэл зүй үүнд их нөлөөлсөн. Элбэгээг хэн дагаж явна гэсэн асуултад нөгөө муу Гончигоо нь, муу буурал Бат-үүл нь л явж байна гэх хариултыг аваад хүмүүс цаанаа л дуртай толгой дохиж байлаа. Хөөрхий нөгөө муу ардчиллын хэд одоо ч маньтайгаа адилхан хөгширцгөөж дээ гэлцэн тамхиа нэрцгээж суусан тэдний сэтгэлийг тааж ядаад байх юм байсангүй.
…Үнэндээ Ц.Элбэгдоржийг улс төрд төдийгөөс өдий хүртэл сайдахдаа сайдаж, муудахдаа муудаж, монголын төлөө хамтдаа зүтгэж ирсэн хэдэн нөхөд нь дээлээ тайлахгүй явж дэмжлээ. Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, Б.Баабар, З.Энхболд…гээд бүгд түүний төлөө үхэн хатан зүтгэсэн. Н.Алтанхуяг хоолойгоо цахирттал явсан, “Алтангадас” зүтгэсэн гэдгийг давтан хэлэх ёстой. Ардчилсан нам түүнийг М.Энхсайхан шиг шалдан гүйлгээгүй. Эгнээ эгнээгээрээ түрэн дэмжиж ажилласныг мартаж болохгүй. Ц.Элбэгдорж бол Булганы Дашинчилэнд ганцаараа орилоод гүйж яваа шар Туяа шиг улсуудын, алс тэртээ Баян-Өлгийн Дэлүүнд ардчиллын төлөө ад болтол зүтгэж яваа Нурбат шиг улсуудын нуруун дээр гишгэлж явж гарч ирсэн лидер. Удирдагчид гэвч хэзээ ч мянга мянган шар Туяа, мянга мянган Нурбатуудаа олж хардаггүй. Тойроод байгаа долдой нараа л хараад байдаг. Энэ дутагдал Н.Энхбаярт ч байсан. Ц.Элбэгдоржид ч байдаг.
…Түүнийг ялалтын зам руу хөтөлсөн өөр нэг том хүчин бол хэвлэл мэдээллийн ертөнцийнхөн. Ялангуяа хотынхны тархийг хориод жил угааж тэмцсэн хэвлэлийн ганц нэг машин онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ хорвоогийн бүх юм үнэтэй. Тэр дундаа таны төлөө гэсэн сэтгэл шиг үнэтэй зүйл байхгүй гэдгийг битгий мартаасай.
Н.Энхбаярт очсон хасах оноонуудын нэг хэсэг мэтгэлцээн гэх мэтгэлцээн биш үйл явдлын үеэр оччих шиг болсон. (Мөнөөх Ариунаа гэдэг гай түйтгэрийн дараа шүү дээ)
60 асуулт шигшсэн гэх улсуудыг яаж ямар хэмжүүрээр тэдгээр асуултуудыг сонгосныг гайхаж ядаж байна. Асуултыг яаж ч асууж болдог. Ямар ч албаны зорилготой хуурай асуудлуудыг уран, амтлаг асууж болдог. Яахаараа энэ хорвоогийн хамгийн гөлгөр, сонирхолгүй асуултуудыг бодож олдог байна вэ. Энэ балгаас нь болоод мэтгэлцээн ямар ч ялагчгүй, ямар ч амт шимтгүй зүйл болж хувирав. Ийм уйтгартай, хөгийн арга хэмжээний үеэр Н.Энхбаяр өөртөө ашиггүй хоёр гурван хийтэй мэдэгдэл хийчих юм. Ажиглагчид Н.Энхбаярын зүгээс гэхээсээ илүү Ц.Элбэгдоржийн зүгээс өөрийгөө шатаасан хий хөөс ихтэй үгнүүд хийсээд ирнэ гэж харж байсан нь нууц биш. Гэтэл байдал эсрэгээрээ эргэж Ц.Элбэгдорж урьдийн адил шоволзож давхих гэсэн ч үгүй, гайхмаар төлөв дүр төрхийг үзүүлж, тэс ондоо Элбэгээг тоглуулчихсан. Энэ арга хэмжээний үеэр Ц.Элбэгдорж илүүрхээ ч үгүй, алдаа ч гаргаагүй. Н.Энхбаяр гарцаа байхгүй ганц хоёр хальтарсан. Гэхдээ нуруугаа унагаагүй.
…Н.Энхбаярын ялагдлын бурууг намынхан нь ийш тийш тохох гэж хоорондоо хөлөө жийлцэж байгаа сураг чих дэлсэж л байна. Сонгуулийн дараа болдог л үйл явдлын нэг. Н.Энхбаярыг ч Элбэгээгийн адил нөхөд нь дэмжсэн, нам нь дэмжсэн. Мөнгө болоод хүн хүчээр үргэлж гулгиж байдаг МАХН энэ удаа гэрээр бол эсгий туургаа хуулуулчихсан нь харин анзаарагдлаа. Энэ нь төрийн албыг намаас салгасан томоохон өөрчлөлтийн дараа болж буй анхны ерөнхийлөгчийн сонгууль юм. Үнэхээр батлахаа хураалгаж төрөө түшсэн албан хаагчид улс төрийн хүчний харъяалалд дарамтлуулж явахаас дэндүү их залхсан байжээ. Тэдэн шиг жаргалтай хүмүүс энэ сонгуулиар байсангүй. Н.Энхбаярын ялагдалд гарцаа байхгүй дээрх хүчин зүйл ямар нэг хэмжээгээр нөлөөллөө. (Хамгийн том нөлөө PR-чдаас нь болсон)
…Зарим тоймчид урьд нь түүнтэй үг сөрж явсан У.Хүрэлсүх сонгуулийн ерөнхий менежерээр нь ажилласан явдал ялагдлын нэг бай хэмээн хадуурчээ. Элбэгээгийн ээжийн хэлсэн “Салхи ордоггүй жалга гэж байдаггүй, сайн муу хэлүүлдэггүй хүн гэж байдаггүй” гэх үг үүний хариу болох биз. Салхи үлээдэггүй жалга гэж хаа ч байхгүй. Нам дотор болдог л нэг хэрүүл. Айл болгонд л ийм төлхөлцөөн болж байдаг. Дараа нь учир зүйдээ орж л байдаг. Харин сонгуулийн сурталчилгаанд намуудын дотооддоо хэрэлдэж хэлцэж байсан үеийн баримтуудыг ашигласан нь жаахан худрагагүй явдал болчих шиг санагдсан. Цаашдаа иймэрхүү оноо хөөцөлдсөн, түр зуурын ашиг хонжоо хайсан хулгай зэлгийн чанартай PR-аас татгалзаж баймаар.
…Ц.Элбэгдоржийг ялсны маргааш төв талбай хүнээр дүүрлээ. Бүгдээрээ баярлаж хөөрсөн олон түмэн… Нэг талаас ингэж харагдсан ч нөгөө талаас өөр дүр зураг бас уншигдаж байсныг хэлэх ёстой. Тэр өдөр талбай дээр цугласан олонлогоос нэлэнхүйдээ зүдэрсэн, амьдралд нухлагдаж цөхөрсөн ардуудын гүн үрчлээ суусан гунигт царай л харагдаж байлаа. Тэдний толгойд ерөөсөө ингээд нэг өөрчлөөд үзвэл амьдрал арай дээрдчих юм биш байгаа гэсэн гүехэн бодол л байсан болов уу. Түүнээс биш Ерөнхийлөгч гэдэг хүн юу хийж болох, юуг хийж чадахгүй, эрх үүргийн ямар хэм хэмжээтэй гэдгийн талаар багцаа ч байхгүй ханараад л сонголтоо хийчихсэн, одоо тэгээд баахан болох болохгүйг горьдчихсон тууж ирж байгаа олонлог гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Нэг хэсэг нь ардчиллын төлөө явсан гэх согтуу партизанууд. Ардчилагчид гэхээрээ л согтуу хөлчүү партизанууд байдаг ойлголтыг бас халах цаг ирсэн ч юм шиг. Энэ дүр төрх ардчиллын төлөөх хүчнүүдийг муухай харагдуулж байна. Одоогийн шинэ үе бол огт өөр шинэ үе. Тэдний нүдэнд ардчилал ярьсан согтуу өвөгчүүд муухай харагдаж байгаа шүү дээ.
…Одоо Ц.Элбэгдорж ард түмэндээ цоо шинэ ёс суртахууны үнэлэмж бий болгохын төлөө ажиллаасай. Тэгж байж л бүх юмыг (өөрийнхөө эрх хэмжээнд хамаарах) байр байранд нь тавина. Түүнийг тангаргаа өргөөгүй байхаас нь л олон түмэн шүүхийн өнөөгийн байдлыг хуйгаар нь цэгцэлж, ард түмний дунд уначихсан идеалийг нь сэргээгээсэй гэж шаардаж эхэлсэн байна.
Учир нь шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосны үндсэн дээр Ерөнхийлөгч шүүгчдийг томилдог, бас санал болгосны үндсэн дээр ажлаас нь чөлөөлөх юм уу, огцруулах асуудлыг шийддэг. Тийм учраас хамгийн гол нь шүүхийг шинэчлэх, шүүгчдийг шударга байлгахын цөм болгож Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагыг өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурь иргэдийн дийлэнхэд байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч удирдаж байгаа. Энэ нөхрийг жишээ нь сольж чадахгүй гэсэн хардлага улс төрийн хүрээнийхэн дунд хүчтэй явж байна. Ц.Элбэгдоржийн маш ойр дотны нэгэн хүнийг дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй хэвтрийн найз гэж тэд ярьцгааж байгаа. Гэвч Элбэгээ энэ хардлагыг хуу хийсгэж, монгол төрийн эрх ашгийн төлөө зоригтой хөдлөх биз ээ.
Хүүгийнхээ халуун амийг сануулж орой бүхэн зурагтаар нулимстай нүдээ харуулж байсан цагаан толгойтой хөгшнөөс өгсүүлээд түүнийг дэмжсэн олон түмэн энэ бүхнийг л хийлгэх гэж сонгосон. Алагдсан тав, амьд үлдсэн дөрөв, шоронд хатаж байгаа зуу зуун залуусын төлөө зүтгээрэй гэж зүрхэндээ”долоон сарын нэгэн” гэсэн шархтай мянга мянган сонгогчид түүнд итгэлээ өгсөн. Үүнийх нь төлөө ажиллах ч биз ээ.
…Ц.Элбэгдоржид нийгмийн элит хүрээнийхэн их эргэлздэг, одоо ч эргэлзсэн хэвээрээ. Тэдний дотор энэ нөхөр төрийг дав дэв хийлгэж, годгонуулчих юм биш биз, төрийн нурууг ийш тийш нь савлуулах вий гэх мэт хувийн зан төлөв дээр нь тулгууурласан болгоомжлол бас байгаа юм билээ. Байх л зүйл.
…Бас түүний ялалтад хөшүүрэг болсон нэг гол зүйл ардчиллын төлөөх намуудын эвсэл байлаа. Иргэний зориг нам, Ногоон нам болон бусад хүчнүүдэд Ардчилсан нам талархаж байгаа нь зүй ёсны хэрэг.
…Баярын ширээний ард таагүй үг сонсохыг хэн ч хүсдэггүй. Гэхдээ манай ардчилалд их засвар хэрэгтэй болсон гэж хэн хэнгүй хэлэх болжээ. Тэгэх тэгэхдээ бүр оюун санааны их засвар, их шинэчлэлийг хийх хэрэгтэй болсон гэцгээх юм.
Хэрвээ энэ сонгуульд МАХН ялж, АН ялагдчихсан бол тэд ямар нэгэн аргаар талбай дээр жагсаал цуглаан, цагаан хоолой, нус нулимс болгох байсан. Харин МАХН нуруу зааж байна гэх дүгнэлт олон хүний амнаас унаж байна. Энэ бас л мөнөөх их засвар шаардлагатай болсны илрэл шингэсэн нэг дүгнэлт ч байж магадгүй юм.
МАХН бараг анх удаа улс төрийн ёс суртанхуунлаг, соёл шингэсэн алхам хийж байна. Үүнд намын дарга С.Баярын ч нөлөө бий. Хамтраад төр барьж байгаа хоёр том хүчний зүтгэл ч хөшигний ард нь бий.
Энэ төрх байдлыг би хувьдаа монголын улс төрд сайн жишээг нэгээр нэмж, зөв төлөвшлийн зүгт л түлхэц өгч байгаа явдал гэж харж байна. Ц.Элбэгдорж талбай дээр гарч ирээд Н.Энхбаярт сайн сайхныг хүсч, төрийн залгамж чанарыг шударгаар өртөөлж ажиллана гэдгээ илэрхийлсэн явдал ч, Н.Энхбаяр хэвлэлийн хурал зарлаж, түүний ялалтыг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн явдал ч сайн жишээний санг арвижуулж байгаа явдал.
Улс төрөөс урин, сайхан салхи л үлээж байвал ард түмний магнай тэнэгэр, сэтгэл уужим явдаг. Тэгэхээр ийм гэгээн, сайн жишээ улам түгэн дэлгэрээсэй.