Дэлхийн дуурийн шилдэг дуучин. Монгол төрийн дээд шагнал Чингис хаан одонт. Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин. Мариинскийн театрын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатар. 

Тэрбээр:

*2011 онд М. И. Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал.

*2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр.*2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин. П.И.Чайковскийн нэрэмжит энэхүү нэгдүгээр зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлснээр тэрбээр дэлхийн хэмжээний дуучин болохоо баталсан юм.

*2017 онд Би-Би-Си Кардифф Дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучин. 

*ИБНВУ-ын Уэльсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулдаг BBC Cardiff Singer of the World тэмцээний “The Song Prize” төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин Г. Ариунбаатар Шотландын дуучин Катриона Морисоны хамтаар тэргүүлжээ.

*Тэрбээр, энэ тэмцээнд Шуберт, Чайковский, Форе болон Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шаравын уран бүтээлийн дээжээс хүргэсэн байна. Мөн “The Song Prize” төрөлд Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлджээ.

- Тантай ярилцана даа гээд бодоод л явлаа.  Харин, та хэвлэл мэдээлэлтэй харьцахдаа их нямбай хүн юм. Та бол одоо дэлхийн дуурийн урлагийн ертөнцөд хамгийн их судлагдаж байгаа дуучны нэг. Үнэндээ таныг ямар төвшинд өөрийгөө нээж, ямар хэсгээ нууж үлдэхийг мэдэхгүй байна. Аль болохоор таныг миний өмнө нээлттэй байгаарай гэж хүсье. 

- За, хичээе ээ. Намайг урьж ярилцаж байгаад баярлалаа.

- Ингэхэд ер нь таны хоолойг хэдэн настайд ойр дотныхон тань мэдэрч анзаарсан байдаг юм бол. Жишээлбэл, Лучаног таван  настай байхад нь л ер бусын сонин, өвөрмөц хоолойтой хүүхэд юм гэдгийг гэр бүлийнхэн, эргэн тойрныхон нь анзаарсан байдаг юм билээ?

- Би хоёр талаасаа уртын дуучин удамтай хүн л дээ. Найранд гурван дуутай гэдэг шиг манай удмынхан дууч улс байсан юм билээ. Би дөрөв таван настайгаасаа морь унаж эхэлсэн. Тэр үед манайхан намайг их дуулуулдаг байсан юм. Би харин жигтэйхэн ичимхий. Тэгээд л аав ээжийн найз нөхдүүд, саахалтын улсууд ирнэ. Тэгэхээр л “За, манай Ариука дуулаарай ” гээд л аав ээж хэлдэг. Би чинь ичээд л. Бүр сүүлдээ ширээн доогуур ороод хүртэл дуулдаг байлаа шүү дээ.

- Ер нь тэгээд бага байхад аав ээжүүд “За, миний хүү барилдаад үзүүлчих. Нэг шүлэг уншаад үзүүлчих, дуулаад өгчих” гэдэг нь түгээмэл явдал байсан байх шүү?

- Тийм. Ерөнхийдөө дуулахаар хүүхэд гэдгийг тэр үед л манайхан мэдчихсэн байсан болоод тэгдэг байсан юм болов уу. Би аав ээжийнхээ хажууд зүгээр дуулдаг, гадны нэг хүн ороод ирэхээр л улайгаад, иччихдэг хүүхэд байсан юм. Их багадаа л ингэж хүмүүсийн өмнө дуулж байсан. Унага тамгалахаас эхлээд хөдөөний амьдрал ахуй ямар байдаг билээ. Гэр бүлийн баярууд дээрээ дуулдаг. Тэгээд бага ангид ороод л урлагийн үзлэгт оролцож эхэлсэн. Энэ үеэс жаахан нүүр хагарсан юм шиг байгаа юм.

- Морины цол дуудахыг сонсоход л гайхамшигтай сонин мэдрэмж төрдөг. Та морины цол дуудаж байхыг их эртнээс сонсож мэдэрсэн байх? 

- Манай нутагт Баттөр гэж хүн бий. Манай аавын найз л даа. Тэр үед уралдах морьдыг одоогийнх шиг машинд ачаад явдаггүй байлаа шүү дээ. Манайх чинь хотоос 130 км-т байдаг. Тэгээд улсын наадамд наашаа ирэхдээ яагаад ч юм гурав дөрвөн хоног явдаг. Майхантайгаа  буугаад, морио хөтлөөд оторлож ирдэг байлаа. Манай Баттөр ахыг одоо ч гэсэн манай аймаг, сумынхан ярьдаг. Үнэхээр гайхамшигтай гийнгоолдог байсан юм. Өглөө эрт босоод морьдоо аваад ирэхэд  гийнгоолоод л... Тэр гоё хүн гийнгоолохыг сонсох үнэхээр сайхан л даа. Хүүхдүүд дундаа би хамгийн сайн гийнгоолдог нь байсан байх. “Сайн гийнгоолбол морь нь сайн хурдална шүү, миний хүү” гэж аав хэлдэг байсан. Тэгээд л гийнгоолж гарна даа. Энэ үед аялгууны гайхамшиг нь тэр орчны өнгө аястай сүлэлдээд нэг л тийм өөр мэдрэмжээр сэтгэл зүрх хөглөгддөг байсан. 

- Дуучин болно гэдэг шийдвэрээ яг хэзээ гаргав. Хэний нөлөөн дор гаргаж байв?

- Ерөнхийдөө багаасаа урлагийн үзлэгээс эхлээд энд тэндэхийн уралдаан тэмцээнд оролцоод явдаг байсан. Уг нь цагдаа болно гэж мөрөөддөг, өөртөө бол бараг шийдчихсэн байлаа. Тэгээд 10 дугаар ангиа төгсөөд Цагдаагийн академид элсэхээр очсон. Цагдаагийн академид дан өндөр оноотой хүүхдүүд ордог. Миний сурлагын дүн тэр босго оноонд нь хүрдэггүй. Тэгээд больчихоод байж байтал аав, ээж хоёр надад “Миний хүү сайхан дуулдаг юм чинь СУИС-д шалгалт өгөөд үзвэл ямар вэ” гэсэн. Тэгэхэд нь би “үгүй” гээд л цааргалсан.  Тэгээд дараа жилийн уралдаант шалгалт болтол нэг жил юу хийх вэ гэж бодлоо. Дараа жил нь Цагдаагийн академид орохоо л бодоод байгаа юм шүү дээ. Гэсэн ч ээж минь ятгаад болдоггүй. УДБЭТ-ын босгыг алхаж, Доржийн Банди гэдэг хүнтэй уулзаж байлаа. Д.Баясгалан гээд мундаг дуурийн дуучин байсан юм. Тэгээд Баясгалан багш минь намайг хөтөлж, Д.Банди гэдэг тэр агуу хүн дээр дагуулж орсноор,  шалгалтын бэлтгэл эхэлж байлаа.

- Баясгалан гэдэг чинь?

- Бас их олон жил дуурьт дуулсан, сайн дуучин хүн байсан юм. Хэдэн жилийн өмнө өөд болсон. Манайд хөдөө их зочилж ирдэг байсан юм. Тэгээд намайг дагуулаад Д.Банди багш дээр орж байсан.  

- Ингээд шалгалтад бэлтгэж эхэлжээ. Хэд хоногийн хугацаа байв?

- Тийм. 14 хоног бэлдлээ. СУИС-ийн дуулаачийн ангид 400 хэдэн хүүхэд шалгалт өгсөн.

- Би Д.Банди гуайтай уулзаж амжаагүй юм. Агуу Х.Уртнасангийн алтан партнёр шүү дээ?

-Тийм шүү дээ. Тэгж анх Д.Банди багштайгаа учирч, дасгал уншиж эхэлж байлаа даа. Анх би чинь СУИС-д тенор хоолойтой орсон юм. 

- Юу. Та чинь баритон биз дээ?

- Тийм.

- Ямар сонин юм бэ. Хамгийн дээд өнгийн баргил хоолой доошоо ямар ч хоолойн дээр тогтож болдог байх нь ээ?

- Би есдүгээр ангидаа нэг алгасаад, дунд сургуулиа төгсчихсөн юм. Тэр үед бие организмд процесс явагдаж байж л дээ. Хоолой маань өнгөө олоогүй явсан гэсэн үг. Тэгээд нэгдүгээр курст ороод Д.Банди багш дээрээ хичээллэж байх үедээ хоолойны махаа авахуулаад, сар гаруй дуулж чадахгүй болчихсон юм. Багш маань их шаналж, надад бүр өөр мэргэжил санал болгож байсан. “Техникийн их сургуульд орох уу. Багш нь яах вэ” гэж хэлж байж билээ. Тэгээд явж байтал гайгүй болж, бүр басс болоод, явсаар баритон хоолой дээр тогтож байсан юм л даа.

-Тенор бол ер нь нарийн хоолой. Их сонин явдал байна?

- Нарийн хоолой. Эрэгтэй хүний нарийн хоолой.

- Тэр нарийнаасаа дээшээ өсгөх гээд ч байгалиасаа багтаамжгүй төрсөн бол тэр хэмжээндээ л үлдэнэ шүү дээ.

- Би анагаахын үүднээс нь сайн мэдэхгүй байна л даа. Хоолойны махаа авахуулснаас болсон юм уу, мэдэхгүй л дээ. Ямар ч байсан энгийн хар ухаанаар бол нэг савлагаа үүссэн юм шиг байгаа юм. Тэгээд сайн багштай байсны үр дүнд хичээл сургуулийг туүнд нь тааруулж хийгээд л хоолой тогтсон. 

- СУИС-д шалгалт өглөө. Ямар ямар нөхдүүдтэй шалгалт өгч байв. Өрсөлдөгч дуучдаас нэрлэвэл одоо ямар хүмүүс байна вэ?

- Одоо нийтийн дуунд явж байгаа манай ангийн олон залуу байна л даа. Дуурийн театрын дуучид ч байна. Манайд чинь яг тэр жил 400 гаруй хүүхэд шалгуулж байсан. Түүхэндээ бараг хамгийн олон хүн өрсөлдсөн тохиолдол байж мэдэх юм. Тэгээд А, Б гэдэг хоёр групп болж байсан юм.

- Хэдэн он бэ?

- 2005 он. Тэгж анх СУИС-д элсэж байсан . Орох орохдоо төлбөргүй, I байрт жагсаад орж байлаа. 

- Д.Банди гуай сайн дуучин төдийгүй, сайн багш байсан гэдэг. 

- Ерөөсөө тэр л байхгүй юу. Багшийн сонголтоор “Зулай цагаан алтай” дууг дуулж байлаа. Яруу найрагч Б.Ичинхорлоо эгчийн 

Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж

Бусдын од харвадаггүй

Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж

Бусдын од шохоорхдог юм

Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу

Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй

Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй...гэсэн “Тэнгэр” шүлгийг унших, тарвага буудаж байгаа үйл хөдөлгөөнийг харуулсан этюд үзүүлэх гээд янз бүрийн даалгаварууд орж ирж байсныг санаж байна.

- Дуучнаас хүртэл этюд хийх шалгалт авах уу?

- Авдаг юм. Яагаад гэвэл дуурийн дуучин чинь бас жүжиглэдэг учраас.  

- СУИС-ын анхны багш О.Ичинхорлоо юу?

- Анхны багш маань  Д.Банди. Д.Банди багшийн удирдлага дор явж байтал багш минь 2008 онд өөд болсон. Тэгээд О.Ичинхорлоо багш дээрээ ирж байлаа. Багшийг өнгөрснөөс хойш нэг хэсэг бүр хичээлээ хаясан. Амьдралын боломж бололцоо, сурах орчин нөхлөөс өгсүүлээд хэцүү үе байлаа.

-Шавийн амжилт багш нарын рейтингийг тогтоож байдаг л даа.  О.Ичинхорлоо гэдэг багшийн нэр хүндийг та бол маш өндөрт шидсэн. Рок поп урлагт ч, нийтийн дуунд ч олон дуучин бэлдсэн багш. Их тийм шартай, хортой талаас нь их хурцалж шавь нараа сургадаг онцлогтой юм шиг санагддаг. Хүнийнхээ хувьд ч хатуу чанга зан чанартай гэх нь бий. Тийм зүйл ажиглагддаг байсан уу. Та эрэгтэй багштай ажиллаж байгаад эмэгтэй багш дээр шилжиж очсон болохоор хэсэг эвгүй байсан байж болох юм. Эсвэл та энэ сэдвээр ямар нэг юм яримааргүй байна уу?

- Мэдээж энэ сэдвийг ярихгүй бол би цаашаагаа ярилцлагын турш биеэ барьчих байлгүй дээ. Би Д.Банди багшийгаа бол багшийн хувьд оройн дээд гэж хэлнэ. Хүнийхээ хувьд ч. Одоо ингээд хааяа боддог юм. Хүн чинь хааяа нэг амьдралаа эргэцүүлж, өнгөрснийг тунгааж боддог юм байна шүү дээ. Одоо бол бодох юм асар их байдаг болчихож. Ярихаасаа илүү. Миний багш бол жинхэнэ эр хүн. Ёстой аавын оронд аав болж...гэдэг шиг бүх шавь нартаа ижил тэнцүү, бүгдэд нь нөмөр нөөлөгтэй. Эр хүний хувьд нэг тийм том ухаантай, сүрлэг чанартай хүн байж дээ. Тэгээд багш минь өөрөөсөө илүү шавь бэлтгэх юмсан гэсэн нэг сэтгэлийн мухрын бодол тээж явсан юм болов уу даа гэж бодогддог. Намайг ерөөсөө орхиж өгдөггүй, үргэлж араас минь хөөцөлдөж, анхаарал халамж тавьдаг байсан. Зарим багш бол залхаад хаяна. Хаядаг хүн зөндөө шүү дээ. Багш маань асар том дуучнаас гадна, асар хүнлэг хүн байсан. Багш минь өөд болоод, би гэдэг хүн ч сургуулиасаа хөндийрсөн. Сэтгэл санааны хувьд амар биш байсан. Тэгээд эргэж ирсэн. Төгсөх курсын сүүлийн 4-5 дугаар сард шүү дээ. Багштай байхгүй бол болохгүй болсон. Ингээд  О.Ичинхорлоо багш дээр орж ирсэн. Тэгээд шалгалтуудаа өгөөд төгсөж байгаа юм. О.Ичинхорлоо багшийгаа би хүндэтгэж явдаг. Энэ өөрөө хүний ёс юм. Өнөөдөр миний түүхийг авч үзэхэд Д.Банди хэмээх тэр агуу хүнийг, хайртай багшийг минь ярихгүй өнгөрөх боломжгүй. Энэ хүн бол багш шавийн ёс, хүний ёс, дуулаачийн эрхэм чанар бүгдийг нь надад суулгасан хүн.

- Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Хүн хүнээ санагалзан дурсаж явах сайхан. Одоо ч гэсэн та байнга л бэлтгэлтэй байх шаардлагатай байдаг уу. Заавал багштай бэлтгэл хийх үү?

- Янз бүр. Байнга л суралцаж байна. Гадаадын олон мундаг мэргэжилтэн, олон гайхалтай уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна. Ахин том их сургуульд сурч байгаа гэж хэлж болох юм. 

- Сургуулиа төгсөөд хаашаа алхав?

- Би чинь сургуулиа орхиод такси бариад явж байсан нөхөр шүү дээ. (инээв) Тэгж явж байгаад цагдаагийн “Сүлд” чуулга руу ордог юм. 

- Уг нь дөрөвдүгээр курс биз дээ?

-Тийм. Ингэж явахдаа Л.Гаваасүрэн ахтайгаа таарсан юм. “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн ах. Чи ингэж болохгүй гээд л намайг зэмлэх учирлах хослуулан байж сургууль руу маань буцаасан. О.Ичинхорлоо багштайгаа уулзсан нь тэр үе юм. Д.Цэцэрлэг багш, “Хаагуур яваад ирж байгаа юм чи. Энэ ёстой бүтэхгүй ээ” гээд л загнаж байсан. (инээв)

- Гэхдээ цаана нь нөгөө цагдаа болох юмсан гэсэн хүүхэд насны мөрөөдөл сэтгэлд тань байгаад байж л дээ.

- Тийм ч юм байсан байх. Дээрээс нь бас амьдралын хүндрэлтэй асуудлууд байсан. 

- Аав ээжээс та хэдүүлээ вэ?

- Гурвуулаа. Нэг охин дүү, нэг ахтай.  

-Дуучин Т.Баясгалантай “Цагдаагийн алдар” дууг хамт дуулсан. Клип нь одоо ч явж байдаг . Тэр чинь “Сүлд” чуулгад байх үе үү?

- Тийм. 2016 он байх аа. Л.Гаваасүрэн дарга маань “За, энэ хүүхэдтэй би ажиллана. Энэ хүүхэд дуучин болох юм байна шүү” гэж хэлж байсан нь санаанд явдаг юм. Тэгж би цагдаа болох мөрөөдлөө биелүүлж байлаа шүү дээ. Дадлагажих ажилтнаар яваад, бас цалинтай. Тэгээд цаашаа явчихалгүй сургууль руугаа эргэсэн нь хувь заяаны л зураг байх. 

- Эргэж бодоод, хариуцлагатай шийдвэр гаргаж байсан байна. Хүний залуу нас, амжилтанд хүртлээ явах тэр зам өөрөө янз бүрийг туулдаг. “Сүлд” чуулгад дуулж эхэлснээс тань хойш таныг хэвлэл мэдээллийн дуран дагаж эхэлсэн. Г.Ариунбаатар тэглээ, ингэлээ гээд л...шар мэдээллүүд хөвөрч байсан. 

- Тэгдэг байсан.

- Тэр үед таны амьдралд дарамттай, хэцүү байсан уу. Эсвэл таныг өөрийгөө олоод, дотоод шийдвэрээ гаргаад, биеэ цэгцлээд авахад хэрэг болсон уу?

- Дуран дагаад л, нэг харахад л нэг юм гарчихсан байдаг. Нээрээ тийм үе байсан байна шүү.

- Хэвлэлүүдийн бичиж байсан шар мэдээнүүд таныг анхны амьдралдаа өөрчлөлт хийхэд нөлөөлсөн болов уу гэж хараад байдаг юм?

- Маш их нөлөөлсөн. Ер нь бол өнөөдөр тантай уулзах энэ цагийг хүртэл нөлөөлсөн болов уу. Яагаад гэхээр “Ингэж болохгүй юм байна даа. Хүнд итгэчихээр ард нь ийм байдаг байна шүү ” ч гэдэг юм уу. Тэр бүх алдаа оноонууд миний бүх юмыг жигдэлж өгсөн. Ер нь бол намайг энэ дуран Улаан-Үд рүү явуулсан шүү дээ.

-Тэгсэн байх ?

- Би 2014 оны наймдугаар сард Улаан-Үд рүү явсан л даа. Ер нь больё, дагаад байгаа хэл үгнээс холдъё гээд. Би боддог юм. Ямар нэгэн байдлаар тэгж явсан маань юмыг залуурдсан байна даа гэж.

- Эсвэл дотроос хүч багтраад байдаг. Тийм ч юм дуулчихмаар, ингэж ч хүчээ сорьчихмоор байдаг. Нэг учраа олох гэхээр зарим нэг замын тэмдэг өөр тийшээ заачихаад... Тийм үед л та шийдвэр гаргасан болов уу ?

- Тийм. Үнэн үнэн.

- 50 нас хүртлээ бүсгүйчүүдийн учрыг олж чадахгүй явсаар амжилтаа урсгачихсан эрчүүд их байдаг. Одоо таны хувьд бүсгүйчүүд шалтгаан байхаа больчихсон уу. Яагаад гэвэл таны амьдрал тогтчихсон. Та их шийдэмгий сонголт хийсэн ?

- Намайг хүмүүс амжилттай яваа гэж хардаг уу, эсвэл бүр маш мундаг гэж хардаг уу. Би яг таг сайн хэлж мэдэхгүй л байна. Тухайн үед миний хийсэн алхам, миний сонголт ой тоонд багтахааргүй л харагдаж байсан байх. Хамгийн гол зүйл юу юм бэ гэвэл би өөрөө өөрөөсөө урваагүй. Хайр гэдэг зүйл үнэхээр байдаг л юм бол би өөрөөсөө урвахыг л хүсээгүй. Хожим аймшигтай харамсал тээж явдаг зөндөө хүмүүсийг би мэднэ. Харин би тийм зүйлээс айдаг. 

- Хийсэн бүх зүйлийнхээ араас харамсаад л, шархлаад л уу ?

-Тийм. Тэгэхэд л би ингэх минь яав даа, тэгэх минь яав даа гэсэн харуусал шиг гунигтай юм байхгүй.

- Та мэргэжлийн карьерынхаа хувьд маш амжилттай явж байсан жүжигчин эмэгтэйг сонгосон. Тэр хүн жүжигчний карьераа хойш тавиад таны төлөө алхсан болохоор үнэхээр гайхалтай хайрын түүх байх. Тавилангаа өгч байна гэсэн үг биз дээ ?

- Та өөртэй нь ярилцвал тэр сэтгэлээ нээх байх. Тухайн үед бол хүнд байсан. Үнэхээр хүнд байсан. Ойр дотны хүн бүр л чи яагаад... чи..гээд л...Бид өмнө нь хоёулаа амьдралтай байсан. Хоёулаа хэцүү бэрхийн ард хамтдаа гарсан. Тэр минь миний амьдралын нэг хэсэг болсон. 

- Тэр одоо кино жүжигт тоглох уу ?

- Мэдээж тоглож л таарна. Сүүлд кинонд тоглосон. 

- Та хоёрын нисэх дээр явж байгаад папарацид өртсөн нэг зургийг харсан. Хүүгээ нуусан юм уу, эхнэрээ нуусан юм уу?

- Аз жаргал далд байхдаа илүү үзэсгэлэнтэй гэж үг байдаг шүү дээ. Би тэгж л боддог юм. Бидний амьдрал дэлгээтэй байх албагүй. Одоо бид хүүхдүүдийнхээ ирээдүйг цогцлоохын төлөө ажиллаж байна. Энэ бидний хувьд хамгийн чухал зүйл маань. 

- Дэлхийд хамгийн их судлагдсан дуучдын нэг Луча́но Паваро́тти . Уншиж байхад жижгэвтэр зэрэглэлийн уралдаанд байр эзлээд, дагалдан дуучнаар карьераа эхэлсэн байдаг юм билээ. Анхны дуулсан дуурь нь “Богема”. Та юугаар эхлүүлж байв ?

- Буриадын дуурийн театрт “Тоска” дууриар эхэлж байлаа. Би чинь их ниссэн. Төөрсөн. Төөрсөн ч гэж дээ, болж өгөхгүй л байсан. Таны дээр хэлсэн шиг сэтгэлзүйн хувьд хүндхэн яваад байсан байдаг. Ямар сайндаа Н.Жанцанноров багш залгаад “За, сонин сайхан юу байна” гэхээр нь “Өө тайван даа, багшаа” гэлээ. Тэгсэн “За, тэгээд нүхгүй оготно шиг л яваад байна уу” гэж хэлж байж билээ. Нөгөө дурангууд  дагаад л, баахан бичигдээд л. Сүүлдээ худал үгийг 1000 давтахаар үнэн болно гэдэг шиг “Үгүй нээрэн яалаа” гэж бодогддог юм билээ шүү. Маш сонин. Тэгээд л явсан. Миний анхны дуурь Тоска байсан. Буриадын театрт очсон нь миний тэр үед өөрийнхөө төлөө гаргасан хамгийн том шийдвэр, хамгийн том сонголт байсан. Өнөөдрийн Г.Ариунбаатарын замыг засаж өгсөн юм болов уу гэж боддог. Улаанбаатарын вокзалаас нэг улаан автобусанд жижиг чемоданаа чирээд л сууж байлаа. Манай багш нар, найз нөхдүүд тухайн үед бүгд л хэлж байсан. “Чи явж балрах нь уу. Чи архичин болох нь уу гээд л...Москва, Санкт биш очиж очиж Улаан-Үд рүү явлаа” гээд л. Гэхдээ надад зорьсон зорилго байсан учраас явж байсан.

- Тэр гоё зам юм аа. Та бүх том дууриудад дууллаа?

- Дуулсан, дуулсан. Дуулаад л явж байна. Манай Э.Амартүвшин сайхан дуулаад явж байна. Манай залуучууд сайхан амжилтуудаа сийлээд  явж байна. Би ерөөсөө монгол залуучуудтайгаа өрсөлдөж сөргөлддөггүй. Бүгдээрээ бид тал талд амьдралаа бүтээгээд л явж байна. Надад бас төлөвлөсөн төлөвлөгөө байгаа. Тэр  төлөвлөгөөгөөрөө л явж байна. Ковид хүртэл надад асар их бодох юм үлдээсэн шүү. Ганцхан надад ч биш, дэлхий дахинд нэг тийм санаашрал авчирлаа шүү дээ.

-Буриадын театраас шууд Санкт руу ирсэн бил үү ?

-Тэгсэн.

- Санкт Петербургт тэр тусмаа  Мариинскийн тайзан дээр дуулахад бас л өөр түвшний мэдрэмж авч байсан байх. Эсвэл дуулж байгаа бүтээлүүд нэг юм болохоор тайз болгон адилхан уу. Эсвэл өөр үү ?

-Мэдээж өөр. Том тайз гэдэг бол өөр л дөө. Гарахад хүртэл. Одоо жишээ нь, Англид дуулахад их эвгүй байдаг. Нэг тийм хүйтэн байдаг байхгүй юу. Яагаад ч юм, нэг тийм халуун биш санагддаг. 

-Тэр тусмаа орос школтой, тэндээс ирсэн дуучин учраас бүр өөр сэрүүн нүдээр харцгааж байгаа шүү дээ?

-Тийм. Бүр яг тэгж хардаг байхгүй юу. Яах вэ анх Буриадын театраас Мариинскийд очоод дуулахад сүрдмээр юмнууд, хэл усны асуудлаас эхлээд зөндөө л юм байсан. Эхлээд багшийгаа дагаад очсон. Тэгээд  багш минь буцаад явчихаж байгаа юм. Ингээд л өөрөө нүүр тулж байгаа юм. Бичиг цаасны асуудлаас эхлээд өөрөө бүгдийг нь зохицуулаад л, одоог хүртэл явж байна л даа. Тэгээд дасна гэдэг юм чинь их сайхан л даа. Дунд нь ороод, найз нөхөд болно. Манай театр чинь 3200-аад ажилтан байдаг. Ноднин Ерөнхий сайд очоод, “Өө, манай нэг сум энэ байшин дотор явж байна шүү дээ” гэж байгаа юм. Арга байхгүй. Манайх чинь салбар хоёр театртай. Тэгээд л Европ, Америк гээд байнгын завсаргүй л явж байдаг. Тэнд бол нэг хамгийн гоё юм нь чадаж л байвал дуулах. Дуулж л байвал амьдрах. Амьдарч л байвал ахуй нөхцөл бүх юм нь байна. Зарчим тодорхой. 

-Урлагийн өрсөлдөөн өөрөө их аймаар. Тэр ертөнцөд бол нэг нэгийгээ шахаж гаргах, амжилтыг нь янз бүрийн аргаар таслах зэрэг дайнууд өмнө нь ч байсан, одоо ч байгаа. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны Гран При шагналтан гэдэг чинь өөрөө зэрэглэлээрээ бүх гол дүрүүдийг нь авчихаж байгаа биз. Ер нь тэд орон зайд нь гаднаас ирсэн өндөр зэрэглэлийн дуучин зогсож байхыг яаж хүлээж авах юм. “Энэ монголыг яая даа, ёстой нээрээ” гэсэн нэг тийм  мэргэжлийн тачаал дуучдын дунд мэдрэгдэх үү?

- Байгаа шүү дээ. Бүх юм буцалсан том орчин. Харцнаас нь эхлээд л. Соёлоороо илэрхийлэхгүй байлаа ч гэсэн элдэв юм бүгд бий. Яг үнэндээ театрын амьдрал гэдэг чинь  Дагваа аваргын хэлдэг шиг “Алаан байхгүй юу” . Гэхдээ би хөнгөхөн туулахыг хичээж байна. Заавал тэнд шаралхаад, хоролхоод яах юм бэ. Олон юмыг ардуураа өнгөрөөж сурч байна. Хүний харилцаа, энергийн хувьд төвөгтэй олон зүйл учирна шүү дээ. 

- Та бол талын салхинд өссөн, талын хүн. Санкт-Петербург бол битүү манан, бороо, цагаан шөнө... гээд тэс өөр газар. Дэлхийн аялагчдын очиж үзэхийг хүсдэг  гоё хотуудын нэг л дээ. Тэр чийг, униар будан, тэр их бороо, саарал гудамжууд. Энэ бүхэнтэй нэгсэхэд хэр хугацаа зардаг юм байна ?

- Очиж үзэхэд гоё байлгүй яахав. Яг амьдраад явахад овоо цаг хугацаа зарцуулна. Багш маань хүргэж өгчихөөд л намайг орхиод явчихаж байгаа юм. За, тэгээд өглөө босоод л орчинтойгоо нүүр тулсан. Мэдээж эхний үед сургалт гээд завгүй байгаа юм л даа. Жинхэнэ хүнд манан, бороо, цас гээд л... Бид нар чинь бол тийм юм үзээгүй. Бид чинь байнгын нартай, байнгын зэлүүд байсан. Тэгээд би багш руу залгаад, “Багшаа би буцмаар байна” гээд. Тэгсэн чинь “За, чи нэгдүгээрт сонсож бай. Марийнскийн театрыг ёстой дуучин хүн болгон тайзан дээр нь гарч байна гэж зүүдэлдэг юм шүү. Магадгүй тэнд очихын тулд шат шатаар ахиж байж очдог. Чи бол шууд очсон. Энэ эхний байдлыг тэвчих хэрэгтэй. Бүх юм сайхан болно” гэж хэлж байсан. Тэгээд би, “Багшаа би чадахгүй нь ээ. Би очмоор байна. Ямар ч байсан нэг хоёр жилдээ бол больмоор байна” гэсэн. Яг үнэндээ бол юм үзээгүй хүний л ааш гаргаж байхгүй юу. Би чинь 2015 оноос хойш дуурь дуулсан. Гэхдээ байнга дуулж байсан ч биш. Тэгээд сэтгэл санааны хувьд ч, юм үзэж нүд тайлж амжаагүй л байгаа шүү дээ. Тэгээд тийм гоё боломжоо үнэлж цэгнэж мэдэхгүй буцаж ирээд.  Монголдоо ирээд Улаан-Үд энэ хоёрын хооронд явсан. Ирээд би харьцуулалт хийж, эргэцүүлж, хамгийн өндөр тайз тэнд байсан байна шүү дээ. Гэтэл би юу хийчихэв ээ гэдгээ асар их бодсон шүү. Эндээс Улаан-Үд рүү би нэг машинтай яваад, хил гараад цаана нь буузны хэдэн гэр байдаг юм. Тэгээд тэнд бууз идэх гээд байж байтал зурагтаар Марийнскийн театрын найзууд, «Зарядье» гээд шинээр Москвагийн төвд нээгдсэн том концертын танхимын нээлтэн дээр дуулж байдаг байхгүй юу. Тэгээд л би тэднийгээ хараад нэг тийм бодолд автан сууж байж билээ. Магадгүй авьяасаараа ч юм уу, юугаараа ч юм би эд нарын дээд талд байсан хүн шүү дээ. Би энэ газрыг нээгээд, домогт маэстро Валерий Гергиев гэдэг хүнтэй хамт дуулж байх ёстой байтал яагаад энд ингээд сууж байгаа юм бэ. Тэр байдал, тэр агшин намайг бол галзууруулна гэдэг шиг шууд шугамд нь оруулсан. Тэгээд л би Улаан-Үд ороод л, “За, багшаа буцаад театртаа очно” гэсэн. Ямар ч дураараа, ямар ч зоргоороо юм. Тэгэхэд бүгд л “Сайхан амарсан уу, алив наашаа, цаашаа” гээд л. Тэгээд буцаж очиж л байдаг. Би бас өөрийгөө одоо боддог юм. Их тийм дураараа хүн байж дээ гэж. 2018 онд Дэлхийн соёлын форум Санкт- Петербургт  болсон юм. Манайхаас ч гэсэн оролцсон. Тэрний гала концертод дэлхийн алдартай төгөлдөр хуурч Денис Мацуев, манай уралдааны нэгдүгээр байрын шагналт Юлия Маточкина гээд аваргууд ирсэн. Тэр концертод намайг шууд оролцуулдаг юм. Тэгээд би бодож байсан. “Намайг асар их хайрлаж, хүндэлдэг юм байна даа. Гэтэл чи.. ” гээд л өөрийгөө зэмлэн бодож байсан. Тэгээд түүнээс хойш өдөр бүр хөдөлмөрлөж, өөрийгөө шахаж, өнгөлж зүтгэх болсон. Путин ерөнхийлөгч надад хэлж байсан байхгүй юу. “Ариунбаатар аа, чи Монголынх биш. Чи Оросынх биш. Чамд өөр юунд ч дуулах, хүрэх хувь тавилан байгаа шүү” гэж. Бүр хүрч ирээд “Сайхан амарсан уу” гэж байгаа юм, намайг. Би бүр ичиж үхэж байгаа юм чинь. Оройных нь хүлээн авалтад Путин ерөнхийлөгч ирж баяр хүргээд, зохион байгуулсан Соёлын яамандаа талархал дэвшүүлсэн. Тэр үеэр надад тэгж хэлдэг байхгүй юу. Путин ерөнхийлөгч намайг 2015 онд түрүүлэхэд 130- 140 мянган ам.долларын шагнал өгсөн. Тэрнээс татвар аваагүй шүү дээ. “Энэ хүүхдээс татвар битгий аваарай” гэж хүртэл хэлсэн байдаг юм. Тэгээд 2018 онд уулзаад тэр үдэш надад  тэгж хэлэхэд нь би бүр түлэгдэж байсан. 

- Санкт Петербургт бол таны байр, хангамж, цалин гээд бүх юм дэлхийн жишгээр биз дээ?

- Тийм. 

- Дэлхийн нэртэй дуурийн дуучдын бага насных нь амьдрал тэр чигтээ л хөгжмийн орчин. Багаасаа хөгжмийн сургууль, консерваторид суралцсан байдаг л даа. Манай монголын дуучид болохоор морио унаад исгэрч явж байгаад л, СУИС- д ордог. Тэгээд л эндээ чадах чинээгээрээ л хэдэн залуучуудаа бэлдээд тавих юм. Багадаа хөгжмийн ямар сургуульд сурч байсан бэ гэх мэт асуулттай та их тулгардаг биз. Дэлхийн олон сэтгүүлчидтэй уулзсан. Ялангуяа, Чайковскийн тэмцээний дараа ёстой бүх дуран таны өмнө очсон байх. Тийм асуултуудад та юу гэж хариулдаг вэ. Тэд нараас бол дутсан юм алга. Гэхдээ?

- Тийм. Ямар сайндаа Нью-Йоркийн нэг урлагийн шүүмжлэгч сэтгүүлийн хоёр нүүр нийтлэл бичсэн байсан.  “Г.Ариунбаатар бол сонгодог биш. Гэхдээ жинхэнэ сонгодог” гэчихсэн байсан байхгүй юу. Тэгээд яг энэ вокаль юм уу, дуурийн бүтээл дуулахдаа би арай өөрөөр дуулдаг юм шиг байгаа юм. Би өөрөө бол мэдэхгүй шүү дээ. Монгол сургалт гээд сүүлийн үед их ярьдаг болоод байна. Тийм сургалт нь юм болов уу. Ер нь бол багаасаа тэгж хөгжмийн сургуулиар явж, багаасаа вокаль ойлгодог орчинд байсан бол би өнөөдөр дэлхийд байхгүй байх. Би тэгж боддог. Тэгж ч би хариулдаг.

- Г.Ариунбаатарын гэж ялгарах тэр онцлоггүй байх байсан гэж үү ?

-Тийм. Адилхан л дуулах байсан. Би тэгж боддог юм. Ер нь одоо ингээд бодоод үзэхээр миний бага нас бусдын л адил явж байгаа шүү дээ. Монголд бол нэг л хэв загвараар. Хөдөөний хүүхдүүд тиймэрхүү л амьдралаар замнаж ирж байгаа. Бидэнд юмыг амархан сурах, өөртөө шингээж авах онцгой чадвар заяаж. Тэр бол гайхамшигтай. Үүнийг би зөвхөн өөр дээрээ яриад байгаа юм биш. Ер нь олон салбар дээр дэлхийд үнэлэгдээд байгааг нь харахаар тэгж санагддаг. Одоо жишээ нь, найруулагч ажиллаж байгаа юм. Би чинь эхэндээ хэл усандаа тааруухан л байна шүү дээ. Олон хэлүүлэх, гацах, ерөөсөө хөгжиж өгөхгүй зогсчих явдал бусад дуучид дээр гарч байгаа харагддаг. Би өөртөө олон хэлүүлэхгүй шүү гэж боддог байсан. Бүр анхнаасаа л өөртөө тэгж хэлдэг, өөрийгөө тэгж шахдаг байсан. Одоо О.Ичинхорлоо багш байна. Манай Дарима Линховоин багш байна. “Манай Ариунбаатар ёстой амар. Нэг хэлээд л авдаг” гэж хэлдэг. Би нэг л хэлүүлэх юмсан гэж өөрөө маш их хичээдэг учраас багш нар минь тэгж үнэлдэг байх. Нэг тийм тэнэг зөрүүд хүмүүс байдаг шүү дээ. Гөжөөд л. Хүний төлөө дуулах гэж байгаа юм шиг дуучид байдаг л даа. Нөгөө талаас монголын минь нэр надтай хамт явж байгаа учраас хамаг хувийн тэр жижиг сажиг зан байдлаа гаргаад явж болохгүй шүү дээ. 

- Би яагаад Лучаног оруулж ирээд байгаа юм бэ гэхээр саяхан би нэг дэлхийн урлагийн шүүмж уншсан. Тэр явчихсан чинь хоосроод байна гэж бичсэн байсан.  Тэр бол дуурийн бусад дуучдад байхгүй хөдөлгөөнтэй дуучин байжээ. Тэгэхээр би юу асуух гэсэн юм гэхээр том зиндааны дуучинд хэнтэй дуулах, ямар тайзан дээр дуулах хоёр бол маш чухал. Нэр хүндийн асуудал. Нэр хүндийнхээ хэдэн хувийг алдах вэ, хэдийг өсгөх вэ гээд шуугиан дагана. Тэр чигээрээ бизнес юм чинь.

- Тэгэлгүй яахав. 

- Тэгээд Лучано Паваротти гэхэд Энрике Иглесиастэй дуулж байлаа. Селин Дион, Боб Дилан гээд л бүгдтэй нь л дуулсан шүү  дээ. Энэ дээр танд ямар төлөвлөгөө байгаа вэ. Та монголдоо цөөн дуучидтай хамтран дуулсан. Сүүлд поп дуучин Т.Ариунаатай дуулсан. Дуурийн дуучдад нэг тийм амбиц байдаг. Та энэ тал дээр жаахан хайнга уу ?

- Дуурь хүнийг мэргэжлийн хувьд шавхдаг аугаа урлаг учраас хүнийг төвшнөөр шахаж байдаг л даа. Нэг дуурьт дуулахад дуучнаас ямар хэмжээний хүч шаарддаг билээ. Тэрийгээ сайхан дуулаад гараад ирэхэд өнөөдөр жижиг, сажиг юм бол үнэндээ энүүхэндээ хэлэхэд инээдтэй л харагддаг байхгүй юу. Монголд ирлээ. Янз бүрийн шахалт, шаардлага гарч ирдэг л дээ. Би чинь хүнд үгүй гэж хэлж ерөөсөө чаддаггүй. Дээрээс нь манайд нэг хөгийн хандлага байдаг. “Энэ муу их зантай хог. Юу вэ, энэ муу одоо. Хэн болчихсон юм” гээд нэг тийм дарамттай хандлага үйлчилдэг юм. Тэгэхээр ямар ч том нэр хүнд уг гарвал болсон хөрсөндөө хаахалзаад томроод байж болдоггүй юм л даа. Эсвэл би тийм хүн юм уу. Хоёрдугаарт, миний үндсэн нэг юм байх шиг байгаа юм. Энийг надад олон хүн хэлдэг шүү. Жишээ нь, миний концертийг үздэг хүмүүс нэг найранд ирээд дуулж байхтай маань таарвал “Ариунбаатар аа, битгий. Би чамайг энд хармааргүй байна” гэдэг ч юм уу. Энэ хоёр талтай л асуудал. Гэхдээ зөвхөн эх оронд маань л учирдаг зүйл. Та сайн мэдэрч байгаа байх. 

-Та дуучны хувьд найруулагчийн үгтэй тэрсдэггүй юу?

-Үгүй, яршиг даа гэж боддог. Тэнд хэдэн 1000 хүн хараад байж байхад би далчиганаад яахав дээ л гэж боддог шүү дээ. Энэ дагаж явж байгаа зүйлс аяндаа ийм болгодог юм байна. 

- Бөхийн өргөөнд дууллаа, найранд дууллаа гэх мэт шүүмжлэлд та хариулахгүй юу ?

- Эх орон бол эх орон. Би эх орондоо ирээд сайхан монгол дуунуудаа дуулж бас нэг талын таашаал авдаг юм шүү дээ. Өөр хаана дуулах юм. Бүр нэг ханатал дуулж авах газар минь энд шүү дээ. Би боддог байхгүй юу. Миний харсан оргил ч юм уу. Миний хүсэл мөрөөдөл байгаа шүү дээ. Мэдээж манай монголчууд намайг урамшуулах юм. “Дэлхийн” гэх юм. Мундаг, мундаг гээд л. Тийм байх боломж байгаа юм байна гэдгийг би өөрийнхөө хэмжээнд нээсэн. Тэнд очихын тулд. Тэгээд би өөрийнхөөрөө яавал би дөт, яавал би үнэн, яавал би чанартай тэнд очих вэ гэж бодоод л зүтгэж яваа юм. Үнэндээ бол монголдоо  ирэхээрээ би амардаг. Тэр сайхан найр хуриман дээр очиж би баяр цэнгэл авдаг. Тэр олон хүний алга ташилт, олон хүний уухай надад нэг тийм гоё юм өгдөг. Би хил даваад өөрийгөө л зардаг. Өөрийнхөө сэтгэл санааны хувьд чөлөөлөгдөх орчин маань эх орон. Энийг нөхөх юм бол тун ховор. Хүүхдүүдийн минь инээд, ханийн минь сайхан халамж хайр... эдгээр зүйл намайг тэтгэдэг байх.  

-АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр та дуулсан. Б.Шаравын “Монголын тал нутаг”, Н.Жанцанноровын “Чиний минь нулимс”. Тэр олон улсын хэмжээний форум дээр та яагаад заавал монгол дуу дуулсан юм бэ. Тэд нар танаас өөр юм хүсэж байсан ч юм бил үү ?

- 2011 онд “Монгол сонгодог” төсөл гээд маш том төсөл яригдаад явсан. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг дэлхийд чадах, ядахаараа гаргана гэсэн л зорилготой. 2011 онд би М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүлж ирээд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан л даа. Тэр тэмцээнд  “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ари, “Чиний минь нулимс” зэрэг бүтээлүүдийг дуулж байсан. Москвад болж байлаа. Тэгсэн монгол юм дуулангуут хүмүүс их өөр хүлээж авч байсан. Чин үнэн юм чинь нэг мэдрэгддэг дээ. Дуулангуут хүмүүс “Ямар сонин юм бэ, ямар гоё юм бэ” гэлцэж байсан. Тэгээд дуулчихаад гараад ирэхэд надад баяр хүргээд “Монгол дуу чинь ямар гоё юм бэ” гээд л. Би энэ үеэс монголынхоо сонгодог бүтээлүүдийг хаа ч явсан дуулж явахыг хичээдэг болсон. 2015 оны Чайковскийн уралдаан дээр бас дуулсан. 2017 оны “BBC Cardiff Singer of the World” дээр бас дуулсан. Яг үнэндээ бол монгол бүтээлүүдийг хүлээж авах нь маш өөр байдаг. Дуртай байдаг. Манай монголчууд л нэг нэгнээ тоохгүй, нэг нэгнээ доош нь хийгээд байдаг муухай үзэлтэй.  Ер нь дуурь бол миний амьдралын нэг хэсэг. Дуулаад л явна. Гэхдээ би шоу концерт руу орно оо. Өөрөөр хэлбэл, энэ бол бизнес. Монгол бүтээлүүдээ гаргахын төлөө ажиллана. Би бас америкчуудтай хамтарч ажилладаг. Концерт тавихдаа талыг нь дан монгол бүтээл, талыг нь дэлхийн юмнаас гэх мэт бодлого явуулах ёстой. Энд харьцуулалт үүсэх ёстой байхгүй юу. “Хөөх энэ чинь ямар сонин юм бэ”. Мэдээж том том ари, романсууд дуулагдана шүү. Харин энэ талд нь “Чиний минь нулимс”, “Монголын тал нутаг”, “Лодонгийн ари” яваад. Энэ чинь монгол юм. Энэ чинь бас өөр юм байдаг юм байна шүү дээ” гэдгийг нэг тайзнаас харна. Үнэлэлт дүгнэлт өгөөд явна. 

- Дэлхийн том дуучдаас та хэн хэнтэй дуулахыг хүсдэг вэ?

- Мөрөөдөл бас л их хол шүү дээ. Том. Зөндөө байна. Ер нь бол Лучано Павароттигийн дэг соёлоор явна гэж бодож явдаг.

- Лучано Павароттигийн дэг соёл гэснээс түүний анхны эхнэр нь “Би Лучаног хэн нэгэн бүсгүйн араас намайг хаяад алга болчихно гэж ерөөсөө бодохгүй байна. Харин тавагтай гоймонгийн төлөө бол гүйнэ шүү” гэж хэлсэн байдаг. Өөрөө ч гэсэн “Хоол бол миний энэ бүтээлийн ихэнх хувь нь шүү” гэдэг байлаа. Үнэхээр хоол чухал уу?

- Хоол чухал . 

-Сайн идэж байх ёстой гэдэг юм уу?

- Миний хувьд нэг их айхтар идэмхий биш л дээ. Гэхдээ би их дуршилтай. Бүх үндэстний хоол надад гоё санагддаг. Нэг газар очлоо гэхэд дандаа үндэснийх нь хоолыг идэхийг хичээдэг. Олон хоног тоглолтоор гадаадад явж байхдаа гэнэт монгол хоолоо идмээр санагдвал тухайн орны хоолны группүүд рүү бичнэ шүү дээ. Тэгэнгүүт л манай монголчууд ороод ирнэ. Хөөрхөн шүү дээ. Тэгээд л олоод идчихнэ. 

- Лучаногийн өөрийнх нь биеийн жин нь ч хэлдэг шүү дээ. Хоолонд бол үнэхээр өндөр ач холбогдол өгдөг байх. Би Н.Норовбанзад гуайн ярилцлагуудыг хийдэг байсан. Нас барахаас нь өмнө ярилцахдаа “Таны шүдийг хармаар байна” гэсэн чинь “Тэг л дээ чи. Хар” гээд амаа ангайгаад харуулж билээ. Бүх шүд нь цав цагаан. Нэг ч цоороогүй. Гайхалтай биеэ авч явдаг хүн байж билээ. Манай Б.Зангад гуай байна. 

- Агуу л даа. 

-Тэгээд та яаж хоолойгоо арчилдаг вэ. Тусгай арга бий л биз дээ гэхэд  “Үгүй ээ, надад тийм маяг юу ч байхгүй” гэж байсан. Танд хоолойгоо арчлах нэмэлт шаардлага гардаг уу ?

- Н.Норовбанзад гуай хоолныхоо талоныг Үндэсний урлагийн их театрын дуучин Б.Батмэнд ахад дандаа өгдөг байсан гэсэн. Шавь нь л даа. Өөрөө гуанзны хоол иддэггүй байсан. 

-Гэр нь ойрхон. 40 мянгатад. Тэгээд ер нь өвгөнийнхөө хоолыг л иднэ.

-Тийм гэж байна билээ. Бас л чамбай байгаа юм шүү. Надад тийм тусгай арчилгаа энэ тэр байдаггүй. Гадагшаа яаж харагддаг гэдгийг би мэдэхгүй юм. Адилхан л уйлж, дуулна гэдэг шиг цайны газраа “борщ”-оо идээд л, хөлсөө гоожуулаад л сууж байна шүү дээ. Зүгээр тэр нэг нэр алдар, олон жилийн хөдөлмөр, явсан замнал нь том харагддаг юм шиг байна билээ л дээ. Тэгэхээр бид нар тэрийг харахдаа “Энэ ямар аугаа юм бэ гэж харахаас илүү, бид ч болох юм байна шүү дээ” гэдэг энгийнээс нь эхэлж явах ёстой юм шиг байгаа юм. Би бол тэгж л хардаг . Монголдоо ирэхдээ сургуулиараа очно. Оюутан дүү нартайгаа СУИС-ийн коридорт пирошки идээд зогсдог. Битгий намайг тасалж хараасай. Тэгээд л харчих юм бол дүү нарт мөрөөдөл юу билээ. Дэлхийн тайзыг хол гээд бодчих вий. Өнөөдөр дэлхий улам л ойрхон болоод байна шүү дээ. 

- Нэг ийм эрэмбэ яваад байх юм. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө нэг гаднаас шагнал авсан дуучин залуу цахим хуудсандаа “Та нар дуурийн дуучдыг С.Жавхлан шигээ битгий бодоод байгаарай” гэж бичиж байсан. Нийтийн дуучдыг жаахан эрэмбэ доогуур гэх нэг хандлага явдаг. Та энэ талаар юу хэлэх бол ?

- Энд нэг их дуучны эрэмбэ гэхээс илүү хүний ёс суртахууны эрэмбэ л гарч ирж байгаа юм. Энэ жишээн дээр надад ингэж л мэдрэгдэж байна. Жишээ нь, С.Жавхлан гэдэг дуучинтай өнөөдөр хэн, юу ярих юм бэ. Самандын Жавхлан гэдэг дуучин руу тэгж хамаагүй хэхэрч болохгүй л гэж би хэлнэ. 

- С.Жавхлан сайн тенор шүү дээ. Цаг үед булаагдаад л нийтийн дууны салбар руу орсон байх.  

- Ц.Нямдорж гуай надад нэг удаа “Зүрхээ хайрлаж яваарай” гэж хэлж байсан юм. Би яагаад ч юм монгол дууг зүгээр нэг дуулсан болох маягаар, хиймэл, үүрэг гүйцэтгэх төдий түвшинд ерөөсөө дуулж  чаддаггүй юм. Би зүрхээрээ живж, нисэж, аагилж, аархаж дуулмаар байдаг. Сайн, сайхан монгол дуу өөрөө жирийн нэг хөшөө шиг сэтгэлээр дуулагддаг ч үгүй. Тэгэхээр нийтийн дуу жижиг, зохиолын дуучид ийм тийм гэх сэтгэл надад лав байхгүй. Манайхан зүгээр л өөрсдийгөө энэ мэт сонин хандлагаараа татаад унагаачихдаг. Бид цөөхүүлээ шүү. Хэдүүлхэнээ гэдгээ дандаа бодож явдаг байгаасай. Бие биенээ л хэмлээд, ураад байвал бид яах юм. 

- Дууны үгийг эхлээд зүрхэндээ амьдруулж байж дараа нь хөгжмөө оруулж ирдэг үү. Эсвэл хамт л орж ирдэг юм уу?

- Үг шүү дээ. Үг. Би өөрөө яруу найраг их сонирхдог. Гоё гоё яруу найргийн CD-нүүдийг машин дотроо сонсож явах дуртай. Надад хүний газар хань болдог юм. Дууны шүлгэн дээр би маш их ач холбогдол өгдөг. 

- Дуучин хүний биеийн хэл, хувийн соёлыг би Пүрэвжавын Ганбат  дээрээс л хажуугаас нь харж байсан. Гурван цагийн сонгодог тоглолт тавьж байгаа юм л даа. Тэгээд тоглолт дуусахад оркестортоо, үзэгчиддээ мэхийнэ. Амьсгаадаад л миний монголын ард түмээн гээд орилоод байдаггүй. Бид найз нөхөд байсан юм.

- Би П.Ганбат гэдэг хүнтэй уулзаж үзээгүй. Гэхдээ уулзаж үзсэн юм шиг амьдралын, уран бүтээлийн өгөгдлийг “Май, Ариукаа, сайхан дуулаарай” гээд надад өгчихсөн байдаг. Би тэрэнд нь талархаж явдаг байхгүй юу. Хааяа сэтгэл жаахан тийм үедээ Youtube дээр байдаг нэвтрүүлгийг нь үздэг. Мэдээж бичлэгүүдийг нь сонсоно. Ер нь аугаад тоглодоггүй дуучин П.Ганбат агсан л байсан юм шиг билээ.

- Төгсөх курсэд байхдаа мань хүн “Учиртай гурван толгой” дуурьт Б.Жавзандулам дуучинтай дуулдаг юм. Бүр тэр ард зүгээр зогсож байхад л Ганбаагийн хоолой...дуурсаж байсан. Тэр хоёр хүнийг нэг тайзан дээрээс сонсох бол гайхамшиг л даа. 

- Ярих юм байхгүй. 

 - Б.Жавзандулам гуайг 50 настай байхад би асууж байсан. Танд одоо дуулж үзэхийг хүсдэг бүтээл байна уу гэж. Тэр “Би бүгдийг нь дууллаа. Одоо би яг цатгалан бар шиг л байна” гэж хариулж байсан юм. П.Ганбатаас нэг ирэхэд нь бас  “Та хэзээ ингэж хэлэх вэ” гэж асууж байсан. “Одоо бас би цатгалан бар шиг л байна. Би бүгдийг нь дууллаа” гэж хэлж байсан. Та ингэж хэлэх болсон уу. Та ингэж хэлэх үү. Миний тооцоолсноор бол та бараг бүгдэд нь дуулчихлаа.

-Манай монголчууд намайг Ариунбаатар аа гээд нэг тийм дүүрэн хардаг. Гэхдээ миний очих газар болоогүй байна. Жинхэнэ өлөн бар шиг л байх шиг байна. 

-Ямар “шунал”-тай юм бэ?

-Тийм байна уу. (инээв)

- Х.Уртнасан гуай хатуу хэлдэг хүн байсан. “Бөхийн өргөөнд олон очоод л, найр болгонд залагдаад л, үргэлж нийтийн дуу дуулаад явах юм бол ямар ч формгүй дуучин явж байгаад л өнгөрнө. Тэгээд л хэн дуртайгаар мөрөө алгадуулсаар яваад эмэгтэй нь ширээний хүүхэн шиг энд тэндгүй алчуур намируулаад, хэдэн клип үйлдвэрлэнэ” гэж ярьж байж билээ. Х.Уртнасан, Б.Жавзандулам хоёрт бараг клип байдаггүй шүү дээ. Хатуу дэг соёл баримталдаг дуучид байх юм. Яг өөртөө чанд боддог ямар нэг ийм зарчим танд байдаг уу ? 

- Байна аа, огт байхгүй явж болохгүй шүү дээ. Мэдээж “хэзээ ч” гэдэг юм надад бас байна. Хэнтэй, хэрхэн, яаж, хаана... Би өнөөдөр гараад хүрз бариад ажил хийж чадахгүйгээс хойш урлагт би 40 жил, 50 жил явна. Би таван жил хит байгаад яах юм бэ. 50 жил байх ёстой гэж боддог. Хүнд бас яах аргагүй хамт байх ёстой нөхөрлөл, хүндэтгэх ёстой хүмүүс гэж бий. Ийм зүйлээс бусдад бол өөрийгөө хайрлах, өөрийгөө хүндэтгэх юм байх ёстой. 

- Та дуучин биш байсан бол хэн байх байсан бол?

- Төв аймгийн нэг сумын хэсгийн төлөөлөгч л байх байсан байх даа. (инээв) Багадаа би багагүй сахилгагүй хүүхэд байлаа л даа. Тэр минь ч цагдаа болно гэдэг мөрөөдөл рүү хөтөлсөн байж магадгүй.

- Таны аав, ээж дуучин удамтай гэж та ярианы эхэнд хэлж байсан. Мэдээж найрын дуу, ардын дуу, уртын дуу сонсож л өсөө байлгүй дээ. Уртын дуу дуулбал үүнийг л дуулна, ардын дуу бол үүнийг дуулна даа гэж шунал хөдөлгөж явдаг дуу бий юу?

- Олон уртын дуу байна. Сүүлийн үед бол Г.Энхбаатар, Б.Мөнхбаатар гээд сайхан дуучид дуулж байна даа. Нэг их сайхан баритон хоолойгоор  хүнгэнүүлдэг дуучид байгаа хэдий ч тэр болгон ур мэдрэгдэхгүй байх нь бий. Ай даа, уртын дуу ч сайхан шүү дээ. Яагаад ч юм бүр цаанаасаа сэтгэл хөвсөлзүүлдэг юм. Нэг тийм цээжийг дэлгээд л хаячих шиг болдог. Уртын дуу яг дэлхийд байр сууриа эзэлчих юм бол дийлдэхгүй шүү. 

-Таны хамгийн дуртай, хааяа өөртөө дуулдаг чинь гээд л хэлүүлчих гээд байна л даа ?

- “Хүрэн толгойн сүүдэр”.

Хүрэн толгойн сүүдэр хө

Хөндийгээ дүүрээд хүүшлэнэ дээ хө

Хүний бага чамтайгаа хө

Сэтгэл юундаа даслаа даа хө... Хааяа аялнаа

Тус ярилцлага нь Intetview сэтгүүлийн 032 дугаарт нийтлэгдсэн билээ. 

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав