Ерөнхийлөгчийн зарлигаар СГЗ, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ахмад дипломатч, доктор, түүхч Д.Цахилгаан “Төрийн шагнал” хүртлээ.
Хүн төрөлхтний оюуны охь, дэлхийн сонгодог уран зохиолын ноён оргил болох “Илиада”, “Одиссэй” бүтээлийг монгол хэлнээ уран яруу дуун хөрвүүлсний учир ийнхүү төрийн эрхэм дээд шагналыг хүртээж байгаа гэв. Түүний орчуулгын ажлууд туульсын яруу найргийн онцлууштай, утга төгөлдөр хөрвүүлгэ болсны зэрэгцээ эх бүтээлийн агуулга, хэл найруулга, дүр дүрслэлийг хадгалан монгол хэлнээ буулгасан нь утга зохиолын орчуулгын хөгжлийг шинэ шатанд гаргасныг онцлов.
Тус бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулах ажлыг “Монсудар” хэвлэлийн газар санаачлан, орчуулагчтай хамтран ажиллаж, Монголд анх удаа бүрэн эхээр нь “Одиссэй” туульсыг 2020 онд, “Илиада” туульсыг 2021 онд, “Тэнгэрлэг туульс” бүтээлийг 2024 онд уншигчдын хүртээл болгожээ.
Энэ нь манай нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй өнөөгийн хийгээд хойчийн уншигчдад эх хэлээрээ дэлхийн сэтгэлгээний сонгодог бүтээлтэй танилцах боломжийг олгосноороо ихээхэн ач холбогдолтой юм.
“Илиада” болон “Одиссэй” хэмээх хоёр туульсыг барууны уран зохиолын хамгийн эртний бүтээлд тооцдог. НТӨ 725-675 оны хооронд анх “Илиада”, дараа нь “Одиссэй” зохиогджээ. Үйл явдлын хувьд хоёр тууль хоорондоо холбоотой, тулаан, дайны тухай өгүүлдэг боловч хүний зориг, хүнд бэрхийг даван туулах чадвар, гэр бүлийн үнэ цэн, хувь тавилан, шударга ёсны тухай гүн утга санааг шингээсэн байдаг.