Өнгөрсөн арваннэгдүгээр 12-нд зохион байгуулагдсан Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын начин Н.Баярмагнайн нэрэмжит барилдаанд тав давж шөвгөрсөн аймгийн харцага Б.Ганзолбоотой ярилцлаа. Тэрбээр хэдий эмч мэргэжилтэй ч үндэсний өв соёлоо өвлөн тээж, бөхийн спортоо орхилгүй, зүлэг ногоон дэвжээнээ зодоглож яваа билээ.
Б.Ганзолбоо “Токио- 2020” олимпод Монголын шигшээ баг тамирчдын эмчээр хүртэл ажиллаж байв. Ийнхүү түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
-Сайхан барилдаж шөвгөрлөө. Танд баяр хүргэе. Өмнө нь бас тавын даваанд гарч барилдаж байсныг нь санаж байна?
-Баярлалаа. Бөхийн өргөөндөө барилдаж анх удаагаа шөвгөрлөө. Үүний өмнөх барилдааны тавын даваанд Г.Төрмөнх арслантай барилдсан. Би уг нь өөрийгөө давчихлаа гэж бодсон юм. Тэгтэл барилдааны бичлэгээ ухрааж үзэхэд хөлийн цэц эхлээгүй байхад би барьц аваад эхэлсэн байсан. Ахиж барилдах үед жаахан шатаж барилдаад унасан. Харин энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Л.Цээсүрэн арслангаар дөрөв давж, Ч.Энхмөнх арслангаар тав давж шөвгөрлөө. Харин хамгийн сонирхолтой нь яг долоо хоногийн өмнө болсон барилдаанд Булган аймгийн Г.Ганбаатар арсланг дөрвийн даваанд давсан юм. Тэгтэл яг долоо хоногийн дараа барилдахдаа зургаагийн даваанд Г.Ганбаатар арслантай таарч барилдаад өвдөг шороодлоо.
-Бөхийн өргөөнд барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл та хэнийг хэлэх вэ?
-Бүгд л чанга өрсөлдөгчид байна даа, одоо бол үндэсний бөх хөгжлийнхээ өндөр түвшинд ирчихлээ. Бөхийн өргөөнд бэлтгэлгүй бөх барилдахгүй байна шүү дээ. Бүгд өндөр бэлтгэлтэй, өндөр формтой байна. Надад бол нэгийн даваанаас эхлээд чанга байдаг. Одоо аймаг цэрэг, улс аймагт гарч барилдаж буй сумын заанууд чинь дандаа “Сумын заануудын барилдаан”-д дандаа дээгүүр барилддаг бөхчүүд. Тиймээс бүх өрсөлдөгчид чанга. Би сая аймаг, цэргийн барилдаанд хоёр удаа гарч барилдахад нэгэнд нь Увсын сумын заан Х.Бумбаяртай таарсан. Х.Бумбаяр чинь суман заандаа түрүүлдэг, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд сайн барилдаж, гурав, дөрөв давдаг шилдэг сумын заан юм. Дараагийн барилдаан дээр нь Төв аймгийн сумын заан Б.Золбаяр гээд 800 гаруй сумын заануудад шөвгийн дөрөвт шалгарсан бөхтэй таарсан. Нэгийн даваанаасаа шилдэг сумын заануудтай таарч байгаа юм. Тэгэхээр сул өрсөлдөгч гэж байхгүй.
-Өөрийн тань барилдааны онцлог юу вэ?
-Багш маань цээж гарандаа тамир сайтай болохоор ерөнхийдөө “Сугадаж барилд” гэж зөвлөдөг л дөө. Барилдах үедээ ямар өрсөлдөгчдөө, ямар давуу талаа гаргаж барилдах ёстой вэ гэдгээ тооцоолох хэрэгтэй. Миний үндсэн мэх бол тахимдах, суйлах. Эдгээр мэхнүүдийг голчлон хийдэг. Тиймээс сугадсан барьцнаас тахимдах мэхнүүдийг л хийдэг. Мэхийг өөрийн болгохын тулд урт хугацаа орно. Доод тал нь таван жил. Би бол хэзээ ч өнөөдөр сурсан мэхээрээ маргааш нь өргөөнд очиж барилдаад хүн давна гэх боломжгүй л дээ. Япончууд хүүхдүүдээ зургаан настайгаас нь бэлдээд хорин настайд нь хөл авах мэхэнд сургадагтай адил. Тэд арван дөрвөн жил хөл авах мэхэнд суралцаж байж олимп дэлхийд амжилт гаргадаг гэх нь бий. Тиймээ олон жил нэг мэхийг давтаж байж л өөрийн болгоно. Би анх сугадаж тахимдаад л хүний дээгүүр давж ойчоод л байдаг байж билээ.
-Анх бөхийн өргөөнд барилдах ямар санагдаж байв. Улсын цолтонгуудтай гар зөрүүлж барилдана гэдэг сайхан биз?
-Анх улсын цолтой бөхчүүдтэй барилдахад сүрддэг юм билээ. Би анх аймгийн начин цол авчхаад тухайн үеийн улсын харцага, одоогийн улсын аварга О.Хангайтай таарч барилдаж байлаа. Тухайн үед үнэхээр сүрдмээр л байсан. Үүний дараа 2017 онд Эрдэнэсант сумын “Батхаан” уулын тахилга наадам болоход анх удаа 19 настай хүүхэд, том цолтонгуудтай барилдаж үзэж байлаа. Хоёрын даваанд аймгийн хурц арслан С.Батжаргал ахтай барилдаж давж байлаа. Тэр үеэр Хакүхо аваргын “Монгол тулгатны зуун эрхэм”-ийн зураг авалт болж байсан. Улсын заан Б.Батмөнхийн цолыг Хакүхо аварга дуудаад, Б.Батмөнх заан намайг амлаж байв. Хакүхо аварга Б.Батмөнх зааны малгайг барьчихсан, заан бид хоёрын барилдаж байгаа бичлэг үлдсэн байдаг. Мөн улсын наадмын 100, 101 жилийн ойн барилдаанд улсын харцага Д.Бат-Эрдэнийг давж байлаа. Энэ бүх барилдаан маань бас дурсамжтай сайхан санагддаг даа.
-Өнгөрсөн зун таны хувьд цолоо нэмсэн сайхан наадам болж өнгөрлөө. Таны хувьд тэрхүү наадмаа хэрхэн дүгнэж байна вэ?
-Өө, тэгэлгүй яахав. Өнгөрсөн зуны наадамд алдаа ч бий, оноо ч бий. Хамгийн сайхан нь аймгийн харцага цол авч цолоо нэмсэн явдал байлаа. Би аймгийн начин цолыг 2018 онд сумын цолгүй бөх аймагт барилдаад хүртэж байсан л даа. Тухайн үед би чөлөөт бөхөөр барилддаг байсан юм. Үүний дараа жил буюу 2019 оны зургаан сард чөлөөт бөхийн улсын аваргад хүрэл медалын төлөө барилдаж байгаад хавиргаа бэртээчихсэн юм. Түүнээсээ болоод сайн барилдаж чадаагүй. Харин өнгөрсөн зуны Төв аймгийн 100 жилийн ойд зориулсан цол олгох 256 бөхийн барилдаанд барилдаж цолоо нэмлээ. Тус наадмын хамгийн чанга учраа болох одоогийн жудо бөхийн 90 кг-ийн жинд барилддаг Г.Алтанбаганаар зургаа давж “Аймгийн харцага” цол хүртсэн. Долоогийн даваанд түрүү бөх Б.Отгонбаатартай барилдаад өвдөг шороодсон. Уг барилдааны маргааш Бага-хангай дүүргийн наадамд очиж дахин хүчээ сорьсон. Тус наадамд би нэгийн даваанд аймгийн начин Д.Төртогтохтой, хоёрын даваанд аймгийн начин Э.Өвгөнхүүтэй оноолтоор таарч барилдаад давсан. Гурвын даваанд долоон бөхөөс Тувагийн залуу бөхийг амлан авч барилдаад мөн давсан. Дөрвийн даваанд аймгийн начин Н.Базарсүрэн гэж залуугаар дөрөв даваад тавын даваанд Монгуш Айды, сумын заан Д.Цэрэнням, Увсын сумын заан Г.Пүрэвбаатар гурваас Г.Пүрэвбаатарыг амлаж аваад тав давсан. Зургаагийн даваанд Монгуш Айдытай тунаад уначихсан.
-Тувагийн бөх Монгуш Айды та хоёрын барилдаан сонирхолтой барилдаан болсон. Монгуш Айды барилдааны ямар мэдрэмжтэй бөх юм бэ?
-Энэ жил миний бэлтгэл сайн байсан. Тэгэхдээ өөрөө хариуцлагагүй барилдаан хийсэн. Барьцан дээр л алдчихсан юм. Тува бөхтэй барилдахдаа би өөрөө хялайчихсан юм аа. Үнэхээр нойтон тамиртай, барилдааны мэдрэмжтэй бөх байна лээ. Би бярдаад хэсэг явсан ч хаяж чадаагүй. Уг нь би өөрөө гараад л дайрчихсан ш дээ. Хаячихаж болмоор санагдаад байсан юм. Тав дээр амлах гэсэн чинь манай нутгийн Н.Бадам-Очир начин “Хэрэггүй наадах чинь жаахан эвгүй юм шиг байна. Өөр хүн авсан дээргүй юу” гэж зөвлөсөн. Тэгэхээр нь би өөр хүн амлаж авсан. Тэгтэл зургаагийн даваанд Монгуш Айдытай туначихдаг юм байна. Аймгийн наадамд хоёр шөвгөрсөн минь нэг бодлын сайхан боловч нөгөө талаас хоёр удаа зааны даваанд өвдөг шороодчихож байгаа юм. Тиймээс бэлтгэл сургуулилтаа эрчимтэй сайн хийхгүй бол болохгүй юм байна даа л гэж бодсон доо.
-Багаасаа л бөхөд дуртай хүү байв уу. Яагаад барилдах болов?
-Тиймээ би ээжийн талаасаа бөхийн удамтай л даа. Манай ээжийн төрсөн дүү залуудаа барилдаж байсан. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул, Рашаант сумын харьяат сумын заан хүн байдаг. Мөн аавын талд аймгийн арслан И.Мандах,а ймгийн заан Б.Чүлтэмпунцаг гэж бөхчүүд бий. Аав, ээж хоёр маань хоёулаа л барилдахыг минь дэмжсэн дээ. Багаасаа л бөхөд дурлаж өссөн. Манай аавын найзууд бөхчүүд байдаг. Улсын начин Н.Бадам-Очир, аймгийн арслан Дамба нар аавын дотны найзууд л даа. Хүүхэд байхад манайхаар аавын найз бөхчүүд их ирнэ. Тухайн үед Дамба ах, Бадмаа ах хоёр бөхийн өргөөнд ид сайн барилддаг байсан даа. Жаахан байхдаа бөхийн өргөөнд бөхийн барилдаан болох тоолонд очиж үзнэ. Дамба ахыг даган очиж барилдааныг нь шимтэн харна. Ингэж л их бөхөд дуртай болсон. Аав маань ч намайг барилдуулж эхлэсэн дээ.
-Анх үндэсний бөхөөр сууриа тавьж байв уу?
- Үгүй, чөлөөт бөхөөр эхэлж барилдсан. Чөлөөт бөхөөр сууриа тавихын давуу тал нь барилдааны мэдрэмж илүү хөгжсөн байдаг юм болов уу гэж боддог. Сул тал нь барьц авч барилдахад их хэцүү. Барьцны барилдаан дээр яалт ч үгүй л дутмаг. Ажиллах чадвар, ядрахгүй байх зэрэг дээр чөлөөт бөх, жудо бөхөөр хичээллэсэн бөхчүүд арай л илүү байдаг л даа. Чөлөөт бөхийн бэлтгэл үндэсний бөхийн бэлтгэлийг бодвол ачаалал их .Долоо хоногийн таван өдөр нь ачаалалтай бэлтгэлийг хийдэг байлаа. Үндэсний бөх бол нэлээн хүч шавхсан бэлтгэл хийнэ. Миний анхны багш мэргэжлийн сургалтын биеийн тамирын дунд сургуулийн дасгалжуулагч Г.Пүрэвбаатар гэж хүн байсан. Дараа нь олон улсын мастер Д.Гомбодорж багш дээрээ бэлтгэл сургуулилтаа хийж амжилтууд гаргасан.