“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клубээс санаачлан жил бүр зорилтот уншигчдад чиглэсэн 50 номын жагсаалтыг зарлаж байгаа билээ. Энэ хүрээнд "Азтай савар" ТББ-тай хамтран “Амьтдын тухай 50 ном”-ыг нэрлэсэн бөгөөд ээлжит номын тэмдэглэлийн уралдаан, хүүхдийн номын үзэсгэлэнгээ дэлгэхэд бэлэн боллоо. “Амьтдын тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдааныг улс орон даяар зарлаж, нийслэл болон орон нутгийн Ерөнхий Боловсролын сургуулиудаас олон баг, анги, сурагчдын бүтээл ирсэн байна. Амьтдын тухай илүү ихийг танин мэдэх, тэд бидний амьдралыг болон дэлхийн ертөнцийг хичнээн өнгөлөг, утга учиртай болгож байгааг ухааруулахад энэхүү уралдааны гол зорилго оршино. Түүнчлэн хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлж, нийтийн уншлагыг дэмжих, зохиолч, орчуулагчдын ном бүтээлийг сурталчлах, ном хэвлэлийн салбарыг өргөн хүрээнд дэмжихэд “Амьтдын тухай 50 ном” уралдааны зорилтууд чиглэгдэж байна.
Бүтээлч уншлага, тэмдэглэлийн үзэсгэлэн 2024 оны 12-р сарын 6-ны өдөр олон нийтэд дэлгэгдэх ба 4 өдрийн турш үргэлжилнэ. Эдгээр өдрүүдэд ЕБС-ийн сурагчид, багш, нийгмийн ажилтан, захирал, номын санчдыг өргөнөөр хүрэлцэн ирж, үзэж сонирхохыг урьж байна. Үйл ажиллагааны үеэр хүүхдийн ном эрхлэн гаргадаг хэвлэлийн газруудын үзэсгэлэн худалдаа, хүүхдийн номын зохиогч, хэвлэн нийтлэгчдийн илтгэл, хэлэлцүүлэг, чөлөөт уулзалтууд зохион байгуулагдана. Үүнд:
- Зохиолч, уншигчийн харилцааны өнөөгийн байдал
- Ном бичигчдэд хүргэх ном зүйчийн санал
- Бүтээлч номыг хос хэлээр бүтээж байгаагийн шалтгаан
- Уншлагыг үр дүнтэй зохион байгуулах аргачлал
- Гадаад зах зээл дээр ямар агуулгыг сонирхдог вэ?
- Ном уншуулж, хэлэлцүүлэг зохион байгуулахын ач тус
- Өглөөний уншлага
- Номын тэмдэглэлийн тухай хэлэлцэх
- Түншлэлийн илтгэлүүд
- “Шидэт өнгө” хэвлэлийн газар ямар зохиолчидтой хамтран ажилласан бэ?
- “Номын ертөнц” клубээс ахлах ангийн сурагчдад зориулсан мэргэжил сонголтын лекц
- Пусаны хүүхдийн номын яармагийн эргэн тойронд
- Хүүхдийн номын зохиогч, эрхлэн гаргагчидтай хамтран ажиллах боломж гэх мэт.
Номын клубүүдийг идэвхжүүлж, багшийн арга туршлагыг хуваалцах, чадавхжуулах замаар ном уншлагыг зорилготойгоор чиглүүлэх, номын хүртээмжийг сайжруулах, шинэлэг, бүтээлч байдлаар өсвөр үе, залуучуудад хүргэх, унших, бичих дадлын ач тус, түүнээс хүртэх үр өгөөжийг сурталчлан таниулж, хэвлэн нийтлэгчид уншигчдаа судлах, номыг хэрхэн ойлгож байгаатай танилцах зэрэг олон талт боломжийг олгож байна. ЕБС-ийн сургуулиуд номын өдөрлөгийг сургууль дээрээ зохион байгуулах зочдоо сонгох, хамтран ажиллах боломжууд нээлттэй.
“Номын ертөнц” клуб нь ирэх онд ‘Номын сайн нөхөр’’ үндэсний хөдөлгөөнийг түүчээлэн ажиллах үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авчээ. Уг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа илүү хүртээмжтэй, үр өгөөжтэй байлгаж, өргөжүүлэхийг зорин ажиллаж байгаа ажээ.