Бид энэ удаа саяхан Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цолоор энгэрээ мялааж, үзэгч олноо баярлуулсан, дуучин Лосолын Болдбаатарыг VIPerson зочноор сонгож урьсан юм. Бидний яриа ойрд уншигдаагүй амьдралын халуун үнэртэй, дотоод сэтгэлийн бүлээн аялгуу тэмтэрсэн илэн далангүй яриа болж өнгөрөв. Одоо түүнийг уншигч тантай хамт үлдээе. Таны хайртай дуучны амьдрал замнал танд ч бас нэгийг бодогдуулж, нөгөөг сануулна гэдэгт найднам.


-Юуны өмнө танд намрын мэнд хүргэе. Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг хүндтэй шагналыг хүртсэнд таны бүх фенийн өмнөөс мөн баяр хүргэе. Энэ шагнал таны хэдэн жилийн хөдөлмөрийг үнэлж ирсэн шагнал вэ?

-Юуны өмнө уншигч түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Түмэн олныхоо хайр хишгийг хүртэж, долдугаар сард Төрт ёсныхоо их баяр наадмаар энэ хүндтэй шагналыг хүртсэндээ үнэхээр их бэлгэшээж байгаа. Энэ сайхан шагналыг  хэдэн жил дуулсан бэ гэдгээс минь илүү миний уран бүтээлд өгсөн болов уу гэж бодох юм. Эргээд харах нь ээ, сургуулиа төгссөнөөс хойш урын сандаа есөн цомогтой болчихож. 10 дахь бие даасан тоглолтоо түмэн олондоо өргөн барьсан байна. Мэдээж эргэцүүлж, цэгнэж үзэлгүй яахав. Олон л юм бодогдож байна. Үнэндээ ийм хүндтэй шагнал авна гэж төсөөлөөгүй ээ. Яахав, хаа нэгтээ авах ёстой хүний нэг нь шүү чи гэх үгийг сонсож байсан ч ач холбогдол өгч, бүр нэг чиглэж сонирхож байсан удаагүй. Анх сонсоод их тийм сонин мэдрэмж төрсөн.

-Ямар?

-Долдугаар сарын 6-нд гэртээ ганцаараа байж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаж байна. Та дуучин Лосолын Болдбаатар мөн үү, баяр хүргэе. Та Монгол Улсын гавьяат жүжигчин болж байна. Наймны өдөр Төрийн ордонд гардуулна шүү гэсэн. Утсаа тавьчихаад хэсэг манарч суусан. Хүн чинь их сонин байдаг юм билээ. Ганцаараа хэсэг бодож сууж байснаа ойр дотнынхоо найз нөхдөдөө л дуулгахыг хүсдэг юм байна лээ. Утсаа барьж аваад утасны дугааруудаа гаргаж ирж харах гэхээр бүх найз нарын маань дугаар толгойнд орж ирээд ярьж болдоггүй. Нэг иймэрхүү сонин байдалд орж байгаагаа мэдэрсэн.(инээв)

-Танай үеийнхнээс хэд хэдэн хүн энэ шагналыг хүртсэн. Дөнгөж 20 гаруй настай хүүхдүүдэд өгч байсан нь тухайн үед багагүй шүүмжлэл дагуулсан. Гэхдээ нөгөө талаас интертаймент ертөнцөд од болох, гарцаагүй бүх ард түмэн таньдаг хүн болох өөрөө их том хөдөлмөр. Гэхдээ Л.Болдбаатарт энэ шагнал томдлоо гэх  шүүмжлэл гарсангүй. Та сэтгүүлч гэр бүлтэй хүн. Олон нийтийн сэтгэгдлийг анхаарч сонирхсон л байх ?

-Анзааралгүй яахав. Гавьяат цол зүүчихээд Төрийн ордноос гарч ирэхэд бүчиж авсан түмэн олны баяр хөөр надад мэдрүүлсэн л дээ. Шатаар бууж байх зуураа түмэн олонтойгоо мэндэлчихээд, бууж очиж дунд нь ороод юу болсныг сайн мэдэхгүй байгаа юм. Хоёр хоног телевиз ширтээд хэвтчихсэн. Сошиалаар жаахан тэнэсэн. 98-99 хувь нь сайхан хүлээж авч байсан. Үлдсэн ганц хоёр хувь нь арай ч эрт байв уу гэх сэтгэгдлүүд байна билээ. Би бүгдийг нь хүлээж авч байна. Олон түмний үнэлэмжин дунд амьдарч, алга ташилтаар нь дамжуулж тэдний хайр ивээлийг амсаж явдаг дуучин хүний хувьд тэдний санал сэтгэгдэл надад хамгаас чухал.

-Та хэдтэй вэ. Эрэгтэй хүнээс нас асуухад нэг их цээр байхгүй биз дээ?

-(инээв) Би 1980 оны хүн, одоо 35 настай. Ер нь бол 1998 оноос буюу СУИС-д элсэн орсноосоо хойш олон нийтийн өмнө дуулж эхэлсэн. 17 жил дуулж байна.

-Та шагнал авч гарч ирээд талбай дээр дуулсан уу. Дуучид ордноос гарч ирээд дуулдаг юм байна лээ. Б.Жавзандулам эгч Ардын жүжигчин болж гарч ирээд Ж.Вердийн Хундаганы ари-г дуулж байсан.

-Би дуулаагүй. Намайг гарч ирэхэд манай дуучид харин бүгдээрээ дуулсан. Ёстой гоё байсан. Юу гэж хэлмээр ч юм бэ.

-Хэн хэн ирэв?

-Ихэнх нь ирсэн. Залуу дуучид олноороо ирсэн, бас манай ангийнхан тэр чигээрээ. Манай ангийнхан ихэнх нь дуурийн чиглэлээр ажилладаг. А.Сайнбаяр, М.Дариймаа гээд олон дуучин бий. Тэднийгээ дуулсан чинь сэтгэл хөөрөөд, дотроос нэг юм  огшоод л явчихсан.

-Таны дуунуудаас дуулсан уу, ямар дууг тань дуулсан нь сонин байна?

-Тэгсэн. “Босоо хийморьтой эр хүн”-ийг аялж байна лээ шүү. Дуучид гэхээсээ илүү тэнд байсан түмэн олон маань дуулж байсан. Уухайлаад л … Би үнэхээр сайхан  мэдрэмж авсан. Өөртөө итгэлтэй болсон. Шагнал араасаа сайн ч юм дагуулна, саар ч юм дагуулдаг гэдэг. Би л хувьдаа маш сайн энерги хүлээж авсан.

-Өөрийг тань Увсын хүн гэдгийг мэднэ. Ингэхэд сумын төвийнх үү, аймгийнх  уу. Таны өсч төрсөн гэр бүл аав, ээжийн тань талаар сонирхмоор байна.

-Би Увс аймгийн төв дээр төрсөн. Бага насаа Увс аймгийн Тэс суманд өнгөрөөсөн. Аав маань Тэс сумын хүн. Ээж маань нягтлан бодогч мэргэжилтэй хүн байсан. Аавын маань тал тэр чигээрээ дуучин улсууд. Их авьяаслаг, морин хуур тоглодог, биелдэг хүмүүс байдаг юм. Ээж маань ч гоё дуулдаг. Ээж маань дуулах дуртай хүн байсан. Сургуулийн хичээл тарангуут Тэс сум руу өвөө эмээ дээрээ очдог байлаа. Мал дээр очно. Өвлийн орой малаа хотлуулчихаад л бүгд цуглаж, багачууд томчуудгүй нийлж аваад биелдэг байсансан. Урлагийн хүн болоход маань тэр л ахуй амьдралын хэв маяг их нөлөөлсөн болов уу гэж боддог  юм. Аав маань бас маш сайхан дуулдагсан. Миний аав жолооч хүн байсан л даа. Тээврийн замд юу эсийг хийж явахав. Сайхан дуулна, исгэрнэ.

-Таны  “Бурхан жолооч аав” гэж дуу байдаг. Жолооч бүрийн кабинд эгшиглэж явдаг дуу юм шиг байгаа юм. Энэ дуугаа аавдаа зориулсан юм уу?

-Яг зориулж бүтээсэн дуу биш. Л.Галмандах багш маань надад авчирч өгсөн юм. Тэгж л “Бурхан жолооч аав” дуутайгаа учирсан. Яагаад ч юм бэ тэр дуу цаанаасаа л надад ирэх ёстой дуу байсан юм болов уу даа. Шүлгийн зохиолч Пүрэвсүрэн гээд цагдаагийн хурандаа, хуурай ах маань байдаг юм. Тэгээд Л.Галмандах багшид манай аав жолооч хүн байсан юм. Та нэг сайхан ая хийгээд өгөөч гээд шүлгээ өгсөн юм гэсэн.  Багш маань аялгуугаа хийнгүүт Лосолын Болдбаатар толгойд орсон гэж ярьж байсан. Хөөрхий багш маань бүх хөгжмөө хийлгэчихсэн. Чи хүрээд ир гэж намайг дуудаад, энэ сайхан дуугаа өгч дуулуулж байсан юм.

-Анх дуулахдаа сэтгэл тань эмзэг байсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Ямар гоё юм бэ, “Алтан шар зам” гэдэг дууны араас явахаар дуу байна даа гэж бодож их л баярлаж, бас бэлгэшээсэн. Ер нь жолооч хүний тухай дуу их ховор байдаг. Сэтгэлдээ аавыгаа харж, нулимс ивэлж л дуулсан. Жолооч нар маань их л дуртай байдаг юм.

-Аав тань сонсож амжаагүй юу. Таны аав хэзээ бурхан болсон юм бэ?

-Миний аав сонсоогүй л дээ. Аав маань намайг есдүгээр ангид байхад буюу 1997 онд бурхан болсон. Манайх Төв аймгийн Баянчандмань суманд аж төрж байсан юм шүү дээ. Тэнд ирээд байж байгаад аав маань өөд болсон.

-Уучлаарай, сэтгэлийг тань хөндчих шиг боллоо. Харамсалтай нь та дунд сургуульд байхдаа ааваасаа хагацсан юм байна. Уг нь ийм сайхан дуучин болсныг тань үзсэн бол. Гэхдээ аавдаа дуун хөшөө босгожээ. Та ер нь дуучин болох шийдвэрээ хэзээ яаж гаргаж байв аа?

-Телевизийн фондод миний нэг бичлэг байдаг юм. Улаан дээлтэй жаахан хүү дуулж байгаа. Монгол телевизийн Хүүхдийн редакцын Нацагдорж ах Увсад нэвтрүүлэг хийх гэж очсон юм. Тэгээд хөөрхөн дуулдаг хүүхэд хайж яваад намайг олж аваад, 30 минутын кино концерт хийж байсан юм. Би тэгэхэд дөрөвдүгээр ангид л байсан байх. Тэр бичлэгийг 2004 онд манай найз С.Жавхлан миний анхны тоглолтон дээр гаргаж ирж, тэнд байсан хүмүүсийг, бас  ээжийг минь уйлуулж, ёстой “аймаар” сюрприз барьж байсан.

-Та тийм бичлэг гаргаж ирэхийг нь огт мэдээгүй байсан уу?

-Огт мэдээгүй. Жинхэнэ сюрприз байсан. Ер нь би багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Аав ээж маань ч намайг их дэмждэг. Хоёр дүү нь яахав, том хүүгээ л юманд хүргэнэ гэдэг байж билээ. Дөрөвдүгээр ангид тэр бичлэгийг хийлгэж байх үед аав маань тээврийн жолооч байсан. Намрын будаанд явна. Нэг өдөр аав бид хоёр ээжээс нууцаар дэлгүүр явж, 1800 төгрөгийн магнитифон авч байж билээ. Намайг л дуу хөгжимд улам дурлуулж, хөгжүүлэх гэж муу аав минь тийм шийдвэр гаргахгүй юу. Би ч бөөн баяр.

-Тэгээд яасан. Ээжээс нууцаар шийдчихсэн байдаг ?

-(инээв) Өдөржингөө загнуулаад маргаашаас нь зүгээр болж байсан юм даг. Тэр үеийн 1800 төгрөг их мөнгө шүү дээ. Намаржин будаанд явсных нь л цалин. Тэр магнитфон маань одоо ч надад байгаа. Ер нь аав, ээж хоёр маань намайг багын л  тэмцээн уралдаанд их оруулдаг байсан. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч байлаа. Өөр ч шагнал тэр үед нэг их аваагүй л дээ. Би бас тэмцээн уралдааны ёндоогүй юм шиг байгаа юм. Дандаа л үзэгчдийн шагнал авдаг байж. Миний үед их өрсөлдөөнтэй байсан л даа. Одоо энэ манай Л.Банзрагч, Р.Дэлгэрмаа, Д.Бурмаа гээд бүгд л дуулдаг хүүхдүүд байсан. Манай аймагт нэгэн үеийн дуучин хүүхэд олон байсан.

-С.Жавхлан бас байсан уу?

-Жавхаа 10 дугаар ангиасаа л дуулж эхэлсэн. Зүгээр л гэнэт цоороод л гараад ирсэн. Жаахан байхдаа нэг их дуулдаггүй байсан байхаа.

-Телевизэд байдаг тэр концертод чинь ямар дуунууд байдаг вэ?

-Би С.Цэрэнчимэд гуайн дуунуудыг л их дуулдаг байсан. Аавын тухай дуу, ээжийн тухай дуу, “Хот айл”, “Будантай юу буурал хорвоо”, “Тод магнай” гээд л.

-Ээж тань таныг сайхан дуучин болохыг нь үзээд явжээ. Энэ чинь л сайхан хувь заяа шүү дээ.

-Ээж маань үзсээн. 1997 онд аав маань хүүгээ дуучин болгоно гээд хот бараадсан. Хэдэн малаа тууж аваад наашилж байлаа даа. Малаа зарж уаз-469 авна гээд л манайхан нүүдэл хийж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэгээд Баянчандманад ирээд л намар нь аав маань өнгөрсөн дөө.

-Залуугаараа өнгөрсөн гэж дуулсан?

-43-хан настайдаа л өнгөрсөн дөө, миний аав. Тэгээд ээжтэйгээ, хоёр дүүтэйгээ хоцорч байгаа юм. Яалтай билээ. Тэгээд би ээжид хэлсэн. За, ээж минь би сургуулиас гарч малаа дагая даа гэж. Ээж маань болохгүй чи сургуульдаа сур. Ээж нь хоёр дүүтэйгээ малаа маллая гэсэн. Тэгсэн нэг л биш ээ. Баянчандманьд чинь бид хүн танихгүй шүү дээ. Ээж маань хоёр гурван сарын дараа хэдэн малаа зараад хүүгээ бараадлаа гээд хот руу ирсэн. Тэрнээс хойш буюу 1998 онд СУИС-д орсон л доо. Тухайн үед өдрийн ангийн элсэлт дуусчихсан эчнээ ангийн элсэлт авч байсан юм. Би эчнээд орсон. Тэгж байгаад  жилийн чөлөө аваад 1999 онд дуучин Т.Батсайхан, Л.Банзрагч нарын ангид орж, 2005 онд төгссөн. Өдрийн ангидаа ч орсон. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганхуяг багшийн удирдлаган дор суралцаж төгссөн дөө.

-Багш нь сая их баярласан уу ?

-Багштайгаа уулзаж амжаагүй явнаа. Ёстой нэг нүгэл болж байна. Удахгүй багш дээрээ очноо.

-Анхны тоглолтын тань бичлэгийг өчигдөр үзлээ. Ээж нь ирээд суучихсан, сайхан харагдаж байна лээ.

-Би боддог юм. Тэр үед СУИС-ийн төлбөр 498 мянган төгрөг. Хамгийн өндөр төлбөртэй сургууль нь байлаа. Эхний жилийн төлбөрийг хэдэн малынхаа буянаар дарж байгаа юм. Дараа жилээс нь төрийн сан руу шилжүүлэх гэсэн шилждэггүй. Тэгээд л ээж маань зах дээр зогсож эхэлсэн.

-Тийм үү. Энд ирээд та нар хаана амьдарч байсан юм бэ?

-Малынхаа гэрийг аваад, хашаа хөлслөөд л амьдардаг байсан. Ээж маань зах дээр дөрвөн жил зогсож байж СУИС-ийг төгсгөсөн. Өмсөж зүүхээр дутаагаагүй ээ. “Хар нүдэн бүсгүй”-гээ дуулчихаад л, хүмүүс аймаар хүлээж аваад л, таньдаг болоод ирэхээр нь ээжийгээ их баярлаж байгаа болов уу гэж  бодсон, биш ээ. (инээв) 2007 онд ээж маань, чи дандаа л аавын тухай дуу дуулаад байх юм. Ээжийн тухай дуулдаггүй гэж шоглосон  аясаар нэг хэлж байна. Би ч дотроо юу билээ гэж бодоод өнгөрсөн. Тэгээд 2009 онд Ц.Эрдэнэбаттайгаа ярьж, ээжийн тухай дуу хийгээд өг гэсэн. Захиалж, зориулж хийлгэсэн тэр дуугаа нэгдүгээр сард болсон тоглолт дээрээ дуулж өгсөн. Тэгээд л ээж маань  гуравдугаар сарын 9-нд өнгөрсөн дөө. Сүүлд би амьд хүнд дуун хөшөө босгож болдоггүй юм болов уу гэж дотроо нэг хэсэг эмзэглэсэн.

-Ээж тань хэдтэй бурхан болсон юм бэ?

-49 настай л буцсан даа, энэ хорвоогоос…

-Ээж, аав хоёрыгоо их л залуугаар нь алдаж дээ.

-Үнэхээр эрт. Ид залуугаар нь. Хүний дайнд хүрч, хоёр дүүгээ хөлийг нь дөрөөнд хүргэснээ ч үзүүлж харуулж амжсангүй ээ. (Олон жилийн хөндүүр тээж яваа эр хүний халуун нулимс нүдэнд нь нэг мэлтэрч, нэг алга болно. Амьдралд бууж өгөөгүй хаттай л залуу юм даа гэж дотроо би бодож суулаа)

-Ээж тань нягтлан байсан гэл үү?

-Тийм, насаараа Увсын есдүгээр автобаазад ажилласан хүн.

-Эхээс хэдүүлээ юм бэ, та?

-Гурвуулаа,би том нь. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Бага дүү маань эмэгтэй.

-Хоёр дүү чинь одоо хэдтэй вэ?

-Миний доод талын дүү 1982, бага дүү маань 1985 оных. Хоёулаа тусдаа гарчихсан. Бид аавынхаа гэрт тэрсхэн гурван нөхөр л өссөн.

-Таны тухай телевизийн нэвтрүүлгийг үзсэн. Тэр үед, манай хоёр дүү миний дууг сонсдоггүй. Хэл ярианы бэрхшээлтэй. Би яахав, дуулж явдаг хүн боллоо. Энэ хоёрынхоо хэлж илэрхийлж чадахгүйг би дуулж л үүрч явах тавилантай төрж дөө гэж хэлж байсан. Үнэхээр эмчлүүлэх боломжгүй юм уу?

-Том дүү маань ярина. Гэхдээ эргэн тойрны, дотнын хүмүүс нь л ойлгоно уу гэхээс хэцүү л дээ. Уг нь төрөлхийнх биш. Эмний буруу хэрэглээнээс л болсон гэх юм билээ. Тэр нэвтрүүлгийн дараа олон хүн над руу залгасан. Хоёр дүүг чинь эмчилж өгье гэж байсан. Миний яг доод талын дүү мал дээр өссөн. Харин бага дүү маань 29 дүгээр сургуулийг төгссөн. Одоо хоёулаа гэр бүлтэй болсон. Нэг нэг хүүхэдтэй. Сайхан л амьдарч байгаа.

-Хүүхдүүд нь зүгээр үү?

-Зүгээр ээ, төрөлхийн согог бус олдмол учраас удамшаагүй. Бага дүүгийн маань хүүхэд аав, ээж хоёрынхоо яриаг бол бусдад гялалзтал ойлгуулна ш дээ. Одоо долоон настай.

-Адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй суусан юм уу?

-Тэгсэн.

-Дүү нар тань таны дуунуудад дуртай юу. Ахыгаа дуучин хүн гэж мэднэ биз дээ?

-Дуртай, дуртай. Бага нь уг нь муу ч гэсэн сонсголтой байсан юм. Одоо муудаад л байх шиг байна. Дүүгийнхээ нөхрийн машинд суухаар миний дуу явж л байдаг юм. Би сонсдог л юм байх даа гэж дотроо гайхдаг л юм. Эмзэглэчих болов уу гээд асуудаггүй юм аа. Харин том нь бол муухан ч гэсэн сонсголтой. Хорвоод ирэх л гэж ирсэн энэ хоёр амьтныхаа ярьж, хэлж, дуулж чадахгүй тэр бүх тавиланг нөхөж би дуучин болж, дуулж явах заяатай төрсөн юм байлгүй дээ.

-Одоо хоёр дүүгээ үр хүүхэдтэй нь аваад л явж байна уу.  Биднийг  залуу зандан байхад орон байр гэж байдаггүй. Хөдөөнөөс тэмцэж орж ирээд л хэдэн жил зүтгэж байж орон байртай болдог байсан. Харин та нарын үед өөр болсон. Хүний хөдөлмөрийн үнэлэмж өөрчлөгдсөн, дээр нь төр засаг ч хэр чадлаараа иргэдээ байртай болгох гээд үзээд байна. Та хэзээ өөрийн гэсэн орон байртай болов. Ээж тань хүүгээ орон байртай болж, амьдрал нь тэгшрээд ирэхийг үзэж чадсан уу?

-Миний ээж яг л намайг хөл дээрээ зогсох гээд ирэх үед бурхан болчихсон. 2009 оны гурван сард ээж маань өнгөрч, би намар нь анхны байраа авч байлаа. Гурван өрөө байр Москва хороололд авсан юм. Ээжийгээ байхад машинтай байсан. Ээжийгээ өнгөрсний дараахан байртай бас хүүтэй болсон. Хүүхэд ирэхдээ хамаг юмаа аваад ирдэг гэдэг дээ. Миний хүү чинь аавдаа зөндөө л юм авчирч өгсөн. Буянтай хүү дээ.

-Таны бага насанд танайх ямархуу аж амьдралтай айл байв ?

-Чинээлэгтээ л орно шүү. Жолооч гэдэг чинь маш баян байлаа ш дээ. Малтай ахуйтай, тухайн үедээ л догь. 1990-ээд оны эхээр хамгийн анх л манайх эрээн гэр барьж байлаа шүү дээ. Моодонд орж байсан үе нь. Бид чинээлэг өссөн. Би, тэр хүний амьдралын мөчлөг гэдэг дээр их анзаардаг. Хүний амьдрал 15 жилийн мөчлөгтэй яваад байдаг юм болов уу гэж бодоод байдаг юм. Аав маань өнгөрөөд л бид амьдралтай улаан халз тулгарсан даа. 1997 оноос хойш намайг СУИС төгстөл хүндхэн амьдарцгаасан. Тэр нь надад оносон болов уу. Тэр чигээрээ халгиж цалгиад явсан бол миний амьдрал яах ч байсан юм билээ. Би туулсан амьдралдаа нэг их гунддаггүй ш дээ. Харин ч сайхан санагддаг. Хүмүүсийг хараад л байгаарай. Хүмүүс ялгардаг юм. Зовлон туулж, амьдралд үнэнч байсан хүн яаж явж байгаа нь ер нь л анзаарагддаг. Хүнд үйлийн үр гэж юм байдаг. Би тэрэнд итгэдэг.

-Таны дууг сонсож л байсан. Дуучид олон янзын тавилантай, тэр хэрээр чадавхи чанарын ялгаатай. Наад зах нь нийтийн дуугаар арай чадал муутай нь явдаг гэх нэг үнэлэмж бий. Бас жинхэнэ хүчээ үзэх салбар бол сонгодог урлагийн тайз гэж мэргэжилтнүүд үздэг. Танд энэ талаар ямар нэгэн төлөвлөгөө байдаг уу. Та нар тав зургаан жил сурч мэргэжлийн дуучин гэсэн нэг л тамгатай  төгсдөг. Би  таныг ойлгож байна. Багаасаа хөдөө өссөн. Тэр хэрээрээ нийтийн урлагт хүндэтгэлтэй өссөн байж таарна. Нөгөөтэйгүүр амьдралын шахалт ч бас байсан байх. Төлбөр мөнгө гээд л. Бас ээждээ туслах, хоёр дүүгээ авч явах гээд. Гэхдээ?

-Мэдээж мэргэжлийн сургууль төгссөн юм чинь боддог, хүсдэг, төлөвлөдөг зүйл байлгүй л яахав. Бид чинь диплом хамгаалахдаа ари романс дуулж л хамгаалдаг. Анх багш маань аавыг өнгөрсний дараахан надад хэлж байсан. Би чамайг дээшээ, доошоо яаж дуугарч чадах, ямар хэмжээний материалтайг чинь мэдэж байна. Чи дуулах л гэж төрсөн хүн. Замаа сонго. Сонгодгоор уу, нийтийн урлагаар уу эсвэл ардын урлагаар уу. Аль замаар нь явахаа өөрөө шийд гэсэн. Би тухайн үед инээж л байсан. Жаахан байж дээ. Нээрээ миний анхны уран бүтээлийн нэг Д.Ганхуяг багшийн ээж яруу найрагч Ш.Дулмаа гуайн “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” ш дээ. Багш тухайн үед тэрийг мэдсэн юм уу, яасан юм чи өөрөө шийд л гэсэн юм. Мэдээж, сонгодог урлаг бол дэлхийн урлаг. Нийтийн урлаг бол манай ард түмний л урлаг. Гэхдээ би нийтийн урлагийн  үнэлэмж буурлаа гэдэгтэй санал нийлдэггүй. Монгол түмний маань сонгомол урлагуудын нэг л гэж боддог. Жишээ нь, уртын дууны хэмжээ ямар билээ. Агуу шүү дээ. Захын дуучин дуулахгүй. Манай монголчууд бүгдээрээ дуулдаг.  Бүгдээрээ дуучин улс. Дуу дуулна гэдэг өөрөөс гардаг цэвэр мэдрэмжийн асуудал. Мэдээж мэргэжлийн бусад асуудлууд байна.  Надад сонгодог бүтээл дуулахсан гэх мөрөөдөл байдаг. Гэхдээ 2005 оноос хойш би  “форм”-гүй болчихсон байгаа. Дахиад л эхнээс нь эхэлнэ гэсэн үг л дээ. Энэ гаргалгаанаас гарахын тулд одоо Монгол үндэснийхээ уртын дуунуудаас ч дуулна. Надад материал ч, бэлтгэл ч бий. Оперын дуугаар төгссөн хүн уртын дуу дуулахад дөхөм байдаг. Засуулч, уртын дуучин Б.Батболд ахтайгаа яриад л байгаа. Хамтарч нэг гоё юм хийнэ гээд төлөвлөөд байгаа. Хэдийгээр форм муу байгаа ч таван жил сурсан хүн байна даа, хийхээр төлөвлөсөн, судалж байгаа зүйл бий.

-Ингэхэд та ямар үед уртын дуу дуулдаг вэ?

-Гэртээ байхдаа эсвэл хөдөө орон нутаг явах үедээ машиндаа уртын дуу дуулна. Машинд хөдөө ганцаараа явж байхдаа л дуулна шүү дээ. Ер нь би машин дотор байнга орилж явдаг. (инээв) Нэг мэдэхэд л цонхоо онгойлгочихсон орилчихсон явж байдаг юм. Хажуугаар зөрсөн хүмүүс гайхаад л харцгааж байгаа харагддаг.

-Уртын дууг залуу байхад ойлгодоггүй юм билээ. Би “Ээж бид хоёр” гээд нэг нийтлэл бичсэн юм. Тэр нийтлэлийн бүтцэд нэг дуу хэрэгтэй байсан. Миний хайртай эгч Б.Дэдэрмаа гэдэг уртын дууны яруу найргаар доктор хамгаалсан эгч маань байсан юм. Тэр эгч маань нийтлэлийг үзчихээд, за ийм дуу л орж ирвэл болох нь дээ гээд “Алтан Богдын шил” гэдэг дууны  утгыг ярьж өгч, дууг нь сонсгож байж билээ. Тэрнээс хойш л уртын дуунд дурласан даа. Би “Алтан Богдын шил”-д үнэхээр дуртай. Таны хувьд хамгийн дуртай, өөрийн мэдэлгүй дуулдаг, сонсоод л сэтгэл нэг тийм гэхийн аргагүй автдаг дуу ямар дуу байдаг вэ?

-Би уртын дууг төгс дуулж чаддаг гэж хэлэхгүй. Сайхан уртын дуу олон байнаа. Ийм ард түмний урлаг дотор байхаас ч яах билээ. Нөгөөтэйгүүр  уртын дуунууд дотроо олон янз. “Жаахан шарга”-ыг би машин дотроо сонсдог. “Хүрэн толгойн сүүдэр”-ийг ч бас сонсдог.

Хүрэн толгойн сүүдэр

Хөндийгөө дагаад хүүшлэнэ дээ

Хүний бага л чамтайгаа

Сэтгэл юундаа даслаа даа хө

Алаг толгойн сүүдэр нь

Араан дагаад хүүшлэнэ дээ

Амраг жаахан чамтайгаа

Сэтгэл юундаа даслаа даа хө

Ангир шувууны дэгдээхий

Араан дагаад цуврана даа

Аль газрын чамтайгаа

Сэтгэл юундаа даслаа даа хөө… Үг гэж үг. “Хүрэн толгойн сүүдэр”-ийг анх сонсоод л уртын дуу гэдэг чинь яасан агуу урлаг юм бэ гэж биширсэн. Нэг тийм гэгэлзсэн, хүний сэтгэл рүү шунгасан, элэг тэмтэрсэн… Үгээр хэлж боломгүй нэг тийм юм яваад байдаг. Тэрийг чухам юу гэж барьж хэлмээр юм.

-Түрүүн та ээжийгээ амьдад дуун хөшөө босгосон нь буруудав уу даа гэх эмзэглэлтэй үлдлээ гэж ярилаа. Н.Норовбанзад гуайгаас би “Гоолингоо”-г дуулсан хүн жаргадаггүй. Найр наадам дээр дуулдаггүй гэх мэт олон домог байх юм. Та юу хэлмээр байна гэж асуусан юм.

Тэгээд Н.Норовбанзад гуай юу гэсэн бэ.

-“Гоолингоо”-г дуулснаар жаргадаггүй гэж юу л бол. Би дуулсан биз дээ. Би жаргаагүй гэж үү. Энэ бие маань байх эсэх нь юу юм бэ гэхээс бүхий л ард түмнийхээ хүндэтгэлээс халиад, дэлхийн олон түмэнд дуугаа хүргээд явж байна шүү дээ гэж хэлээд, надад “Гоолингоо”-г дуулж өгч байсан юм. Ямар ч хөгжимгүйгээр.

-Гоё юм аа.

-Тэгээд “Гоолингоо”-г би хэтэрхий их уй гунигаас нь салгаж дуулах гэж хичээсэн гэж Н.Норовбанзад гуай хэлж байсан юм. Дуучин хүнд дуунаас үүдсэн гуниг үлдэж дээ гэж таныг сонсоод би бодож сууна. Би таны амьдралыг судалсан учраас тэгж ойлгож байна. Тэгээд л тийм зүйлд сэтгэлээ сэмлэх хэрэггүй гэх гээд л. Дуунаас цэрвэх “юм” танд одоо ч гэсэн байдаг уу?

-Одоо л тийм бодол орж ирдэг болчихоод байгаа юм л даа. Ээж аавыгаа их санах юм. Жаргалтай үедээ, жаахан гуниг сэвэлзсэн үедээ. Тэгээд л элдвийг бодож явах юм даа.  2005 оноос хойш би ерөөсөө ямар нэгэн сэдэв энэ тэр бодолгүйгээр хамаагүй дуу дуулчихдаг байсан. Өөрт таалагдвал л аваад  дуулдаг байлаа. Гэхдээ дууны үг бол тарни. Тиймээс дууны үгийг сайн анзаарч, бодож байж сонгож дуулах учиртай гэж Т.Сэр-Од багш маань хэлж байсан. Би тухайн үедээ ч юу хэлэв ээ ч гэж бодохгүй дуулаад л байсан. Бүтэлгүй хайрын дуу мөн ч ихийг дуулсан даа. (инээв) “Эрт буцсан ганганаа”, “Энхрий”, “Нууц амрагийн дуу” гээд л… Сүүлдээ бодож эхэлж байгаа юм л даа. Хүний амьдрал дуулсан дуунаасаа шалтгаалж явдаг юм биш байгаа гэж. Тэгээд 2009 оноос хойш шилж сонгодог болсон. Эргээд харах нь ээ, ханийн тухай л их дуулсан байх юм. Нэг тийм гэгээлэг сайхан, нутаг ус, аав ээжийн дуу дуулдаг боллоо. Дуучин болгон дууныхаа үгийг сайн бодож, сонгож байж дуулах ёстой гэсэн багшийнхаа үгийг сүүлд л боддог болсон нь энэ.

-Гэхдээ хүмүүсийн  сэтгэлд жаргалын тусгалаас илүү гунигийн өгөгдөл нь хүрээд байх шиг санагддаг. Хүн болгоны сэтгэлд гунигтай, баяртай дурсамжууд нь бий. Гэхдээ жишээ нь, хайрын тухай дууг галзуурмаар хайр дурлалтай учирч мэдэрснээсээ хойш дуулах, өмнө нь дуулах хоёр ялгаатай байх аа. Ямар зүрхээр дуулах вэ гэдэг их учиртай санагдана. Мэдээж техникээр дуулж байгаа байх. Дараа нь нөгөө дотор гэдэг юм нэмэгдэх байх.

-Жишээ нь, “Санахын гэгээ” гэдэг дуу байна. Энэ дууны шүлгийг Ш.Лхамноржмаа бичсэн. Хайрлахгүй байхын аргагүй ээ гэж эхэлдэг.  Зүрхний минь хайранд, Зөндөө саатаарай, Чамгүйгээр гандах амьдралд минь, Сэтгэлдээ галтай ирээрэй… гээд. (дуулав) Манай Ц.Эрдэнэбат аяыг нь хийсэн юм. Энэ дууны түүхийг тэд надад ярьж өгсөн юм. Энд ярьчихвал болдог юм уу, үгүй ч юм болов уу…

-Зүгээрээ, та ярь ярь.

-Нэг залуу эхнэрээсээ салаад нэг жоохон охинтой суугаад явчихсан юм байна л даа. Жоохон охинтой суусан залуу дараа нь дахиад өөр хүнтэй явж байгаад өнөө  охиндоо баригдчихаад салсан байна. Тэгээд тэр охинд зориулж бичүүлсэн юм гэсэн. Би энэ түүхийг нь сонссон хэрнээ шал өөр юм бодож дуулсан. Тэр түүх надад үнэндээ сонин байгаагүй. Би дотроо ханийгаа бодож байгаад л дуулсан. Миний ханийн амьдрал бас тийм ч дардан байгаагүй. Зовсон хоёр хүнийг бурхан нийлүүлсэн л гэж би боддог, бурханд талархдаг.

-Эхнэрийг тань их хүчтэй эмэгтэй гэж сонссон.

-Миний гэргий сайхан бүсгүй байдаг. Амьдралд хэцүү сорилт, хүнд зовлонтой нүүр тулж, түүнийг давж гарсан хүн л дээ. Аав нь, охин дүү нь, хүргэнтэйгээ явж байгаад автын ослоор нэг дор өөд болсон юм. Ээж нь саяхан ид сайхан насандаа  бурхан болсон гээд хэдийгээр хүн бүрийн туулах ёстой тавилан ч хань маань арай л эрт энэ бүхнийг туулсан гэж бодогддог юм. Тэр их зовлонг миний хань туулсан хүн л дээ. Ханийгаа бодож л би энэ дууг дуулсан.

-Ингэхэд гэргийтэйгээ яаж танилцсан юм бэ. Таны гэргийг “Мөрөөдөл биелдэг“ гэдэг төслөөр нь сайн мэднэ. Маш сайн төсөл байсан.

-Эхнэр маань гадаадад олон жил амьдарсан. Тэр үед нийтийн дуу дөнгөж шинээр давалгаалж гарч ирж байсан л даа. Тэгээд яахав, нутаг орноосоо хол байгаа хүн чинь Монголоос нийтийн дууны цомгууд цуглуулж сонсдог байсан юм байна лээ. Дараа нь Монголдоо ирээд урлагийн байгууллагад ажиллаж байх үед нь бид танилцсан. Түүхсээд байх юм байхгүй ээ. Учрах ёстой хоёр хүн л учирсан гэж боддог. Эхнэр маань ятгатай дууны тоглолт хийе гэж санал тавьсан. Ингээд “Миний хайрыг татсан бүсгүй” гээд дан ятгатай дууны тоглолтоо Соёлын төв өргөөнд зохион байгуулсан. Сайхан болсон. Тэр тоглолт ер санаанаас гардаггүй юм. Тэр тоглолтон дээр манай эхнэр манай ээжийг маш их баярлуулсан. Хөтлөгч Батбаяр ахтай хуйвалдаад нэг том сагс цэцэг бариад үзэгчдийн суудалд сууж байсан ээжид аваачиж өгөөд. Тэрнээс хойшхи дуунууд дандаа ээжийн тухай дуунууд байсан ч сэтгэл хачин болоод ерөөсөө дуулж чадаагүй. Уйлаад, нулимс урсаад болохгүй байсан. Үнэхээр гоё ч тоглолт болсон. Ямар ч дууг эхний дөрвөн мөр дуулангуут л үзэгчид тэр чигээрээ түрээд л ороод ирнэ. Гайхалтай.

-Дууг тань дуулуулахгүй дагаж дуулаад байх түвэгтэй санагддаг уу. Надад бол таагүй харагддаг?

-Дуучин хүний хамаг аз жаргал тэнд л байна ш дээ. Түмэн олон минь дууг минь дагаж дуулж байна гэдэг сайхан. Би чинь энэ дууг “дуулсан юм байна” гэх бяцхан омогшлыг төрүүлнэ шүү дээ.

-Дуучид ижилхэн шахам үг аялгуутай дуу дуулаад эхлэхээрээ л уран бүтээлийн хувьд зогсонги байдалд ороод эхэлдэг. Гэтэл П.Адарсүрэн гуай, Д.Банзрагч гуай, Д.Машлай гуай бүгд өөр байсан. Одоо танай үеийнхнийг харахаар бас л адил төстэй дуу дуулаад байх шиг. Жишээлбэл, Дундговийн Э.Төрмандах… Бүх дуу нь адилхан болоод эхэллээ. Өөрийгөө татаж авах, зогсох цагаа мэдрэхгүй байх шиг. Хашгирсан, омогдсон, давхиулсан ижилхэн дуунууд л дуулаад байна. Харин та ихэвчлэн уянгын дуу дуулдаг. Дуунуудаа адилхан болчих вий гэж болгоомжилдог  уу. Аялгуу, үгний алийг нь ер нь чухалчилж сонгодог вэ?

-Би өөр дээрээ л ярья. Дуунууд олшрох тусам дуу адилхан болно. Нэг хүний хоолойгоор л дуулж байгаа юм чинь, аргагүй шүү дээ. Дууны сэдэв адилхан болох тусам тэр дуунууд адилхан болно. Үнэн, сүүлийн үед дууны үг ая адилхан болж байна гэх шүүмжлэл гарах болсон. Гэхдээ дуу ихэдсэнтэй холбоотой байх гэж л боддог юм.  Басхүү СУИС маань боловсон хүчнээ цензургүй гаргаж байна уу даа гэж хардаг. Миний болон манай дээд үед ч гэсэн тав зургаахан хүн дуурийн дуулаачаар төгсдөг байсан. Манай үед 15-16 хүүхэд төгссөн. Одоо 40-50 хүүхэд дуулаачаар төгсч байна. Тэр хүмүүс гараад юу хийх вэ. Нэг студи дээр очиж дуу бичүүлээд л дуу хийгээд  л FM-д өгөөд явах нь байна ш дээ. Товчхондоо дуучид нь олдоод байна. Гэхдээ наадахь чинь хоёр талтай. Асуудалтай л даа. Тэр хүмүүсийг  ор тас үгүйсгэж болохгүй. Дуучин хүн ухаанаараа бас дуулдаг юм шүү дээ. Үүнийг ойлгоход тодорхой хугацаа ордог.

-Нийтийн дууны урлагийн зах зээл нь томроод тэр лүү бүгд орсон байж магадгүй гэж хардаг.

 -Магадгүй. Ер нь СУИС-д орсон хүүхдүүд С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын ангид оръё гэдэг гэсэн. Тэгээд шуудраад СУИС, нийтийн дууны анги нээчихсэн. Сурч төгссөн хүүхдүүдийг бас буруутгаж болохгүй биз дээ. Мөнгөө төлөөд сурчихсан байдаг. Ажиллах байр байхгүй. Бүгд Дуурийн театр, Хилийн цэргийн чуулга, Бүх цэргийн чуулга, Үндэсний дуу бүжгийн чуулгад орно гэхээр багтаамж байхгүй. Үнэндээ Хилийн цэрэг, Дуурийн театр хоёрт л мундаг дуучид байдаг юм шүү дээ. Энэ олон чуулгын мундаг дуучдаас ялгарч чадсандаа би баяртай байгаа.

-Чуулгын дарга нар сүүлийн үед чанаргүй дуучид их ирж байна гэж ярих юм билээ.

-Миний бодол байдаг юм. Хүмүүс амар хялбар юмыг л хаймтгай болчихсон шиг. Дуу дуулж, түмэн олонд хүргэнэ гэдэг тийм амар санаан зоргоор хийдэг “ажил” биш. Хөгжмийн зохиолч, яруу найрагчаас дуу худалдаж авч дуулаад, студид орж бичүүлээд, цацуулаад л нэр хүндтэй болчихно гэж боддог хүн олон болоод байгаа нь үнэн. Дуучин хүн өөрийн туулах тавилантайгаа хамт төрдөг байж мэдэх юм.

-Дуутайгаа хамт ахин “төрж”, дуутайгаа амьдарч, автаж,  шинэ дууныхаа нөлөөнд хэсэг явна биз ?

-Тэгнэ шүү дээ. Гэхдээ сүүлийн үед тэр хандлага багасаад байна уу гэж хараад эмзэглээд байгаа юм. Уран бүтээлд хандах хандлага л хуурамч байвал дуусаа.

-Гавьяат болсноосоо хойш шинэ дуу хүлээж авав уу?

-Авсаан, зөндөө олон дуу авсан. (инээв) Гавьяат болсноосоо хойш хоёр шинэ дуу дуулсан.

-Ямар дуу дуулав?

-Нэг нь “Эрийн хийморь” гэдэг дуу дууллаа. Нөгөөх нь сайхан налгар намрын тухай дуу.  Хүмүүс маш их дуу өгч байна. Тэр болгоныг авч дуулаад байж болохгүй юм. Би олон хүнийг энэ зангаасаа болж уурлуулсан байх. За, ах аа наад дуу чинь надад тохирохгүй байна аа гэхээр хүмүүс ойлгодоггүй. Чи ямар их зантай юм бэ, яахаараа тохирдоггүй юм бэ. Чамд л зориулж хийсэн шүү дээ гээд л загначихдаг. Хэцүү.(инээв)

-Та аргадаж, сэтгэлийг гэгэлзүүлж, хүний сэтгэлтэй ноцолдсон дуунууд дуулдаг хүн. Хараад байхад зарим дуучин омогдсон, зандарсан, орилсон хоолойгоор дуулах юм. Харин та “зөөлөн” дуулдаг. Ингэхэд та яагаад  тиймэрхүү онгироо төрлийн дуу дуулдаггүй юм бэ?

 

-Тийм дуу ч надад байдаг л даа. Гэхдээ үнэндээ надаас тийм зандарсан аялгуу гардаггүй юм. Яагаад ч юм бэ, болдоггүй. Нөгөө талаас би боддог. Амьдрал ийм хатуу байхад дуу нь хүртэл ард түмнээ зандраад байвал хэцүү шүү дээ гэж. Би тэгж л хардаг. Манай монголчууд омогорхуу бяралхуу улс. Ядаж би ч гэсэн зөөлөн аргадсан дуу дуулах ёстой биз дээ. Төр нь ч, нийгэм нь ч, амьдрал нь ч ташуурдаад байвал хүний сэтгэл хатуурна шүү дээ. Тэр болгоныг зөөллөхийн тулд миний хоолой ийм заяасан юм болов уу. Ер нь дууг загнаж дуулах, аргадаж дуулах, мэдэрч дуулах гэдэг өөр л дөө. Таны хэлдгээр наадам баяр ёслолоор ялангуяа наадмаар морины тухай дууг л тэгж омогорхож дуулна. Манай монголчууд Монгол гэж маш их омогшдог болсон байна. Монгол гэдэг үгийг Монгол гэж загнаад хэлбэл бас хэцүү. Монголын тухай сайхан уянгын дуу байж бас болно шүү дээ. Одоо энэ Д.Жаргалсайхан ахын “Бүрэн Монгол” гээд ямар гоё дуу байнаа.

-Өчигдөр би таны талаархи цахимаар явж байгаа коментуудыг уншлаа. Тэгсэн Ч.Бат-Эрдэнэ мэтийн юмнууд аль эрт хорин хэдтэй л гавьяат болсон байхад Л.Болдбаатар авалгүй яахав гээд л өөр дуучныг хавчуулсан шүүмжлэл нэлээн явжээ. Манайхан хүмүүсийг сөргөлдүүлэх дуртай л даа. Ерөнхий хандлага, соёл нь ийм болчихсон. С.Жавхлан хэлж л байсан “Би тэтгэвэртээ гарсан ч Ч.Бат-Эрдэнэ шиг дуулахгүй ээ” гэж. Энэ бүхэн цаад хүнд хэчнээн хүнд тусдаг бол. Та иймэрхүү хандлагад яаж ханддаг вэ?

-Би санал нийлдэггүй. Бид адилхан уран бүтээлчид. Ч.Бат-Эрдэнэ уртын дууны анги төгссөн хүн шүү дээ. Уртын дууны ангийг яг манай сургуульд төгссөн. Соёл урлагийн их сургуульд. СУИС дуулж чадахгүй хүнд диплом өгөхгүй шүү дээ. Ямар орчуулагч байгаа биш. Гарцаагүй дуучин. Сайхан дуучин. Мэргэжил нь уртын дуучин хүн. Би иймэрхүү харьцуулалтад дургүй. Тэр хүн хийх ёстой үедээ юмаа хийчихсэн. Тэр үед нь Төр засаг хийлээ гээд үнэлэмжээ өгчихсөн. Тэр хүн урам авсан. Одоо ч хийх юмаа хийж байна. Бид залуу хүмүүс шүү дээ. Ахиад олон жил ажиллана.

-Өөрийнхөө үеийн дуучдаас  яг энэ гэж онцлоод үнэлдэг дуучин гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Их хэцүү асуулт байна. Үүнд өөр хүн хариулах байх. Бид их олуулаа шүү дээ.

-С.Жавхлан гавьяат тасарчихсан биш гэж үү?

-С.Жавхлан бол тасарсан. Үнэхээр тасарсан. Ер нь нийтийн дууны шинэ үеийн өнгийг С.Жавхлан, Т.Баясгалан хоёр хийсэн шүү дээ. 1998 онд “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” гээд л шуугиулж эхэлсэн. Тэгээд л араас нь пижигнэсэн дээ.

-Та бол нэг их олон хүнтэй дуэт дуулаагүй. Таны дуулсан дуэтээс  С.Жавхлантай дуулсан дуэт их онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Та хоёрыг садан төрлийн холбоотой гэж сонссон. Яг ямар төвшний хамаатнууд юм бэ. Одоо та хоёрын харилцаа ямар байдаг вэ. Таныг шагнуулахад тэр юу хэлсэн бэ?

-С.Жавхлан бид хоёр төрөл садан улсууд л даа. Энэ үнэн. Тодруулбал, үеэл. Төрөл садан гэхээсээ илүүтэй-гээр найзууд. СУИС-д байхдаа хоёулаа дөрвөн ханатай гэрт хамтдаа амьдарч байсан хоёр. Хоёр гурван жил хамт амьдарсан. Жаргал зовлонгоо хуваалцдаг тийм л сайхан найзууд. Намайг шагнал авахад Жавхаа маань магнайгаа тэнийтэл баярласан. Жавхаа миний дуунуудад хайртай. Бас л миний нэг номерын фен шүү дээ. Манай Болдоо бол… гээд л амандаа багтаж ядсан сайхан үгнүүдийг хэлдэг. Ийм л ойр дотнын хүн маань шүү дээ. Найздаа би маш их баярладаг.

-Та хоёр “Дөрвөн настай халиун”-ыг яагаад сонгож дуулах болов. Үнэхээр өвөрмөц сэтгэгдэл төрүүлсэн?

-Миний анхны уран бүтээлүүдийг Жавхаа бид хоёр гүйж явж л олж ирж босгож байж дээ. Жишээ нь, миний “Холын тэнгэр аав минь гэдэг дууг Жавхаа дуулах байсан. Тэгээд за, миний хөгшин чи дуул. Энэ чиний хоолой байна гээд өгч байх жишээтэй. “Хонгорхон үр минь” гээд С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын дуулдаг дууг би багадаа дуулдаг байсан. Нутгийнхан маань бүгд мэддэг. Тэгээд л солилцоод солилцоод л явчихсан. (инээв)  “Дөрвөн настай халиун”  дууг Өвөрмонголд нэг хамтлаг дуулж байсан юм. Ёстой гоё дуулж байсан. Ийм сайхан дууг Өвөрмонголд ингэж сайхан дуулж байхад. Ар Монголдоо хит болгоноо гээд л бид хоёр анх дуулж байсан. “Хар нүдэн бүсгүй” тоглолтон дээр маань анх хамт дуулж байсан. Сүүлд хөгжмийн найруулгыг нь өөрчлөөд дуулсан. Хүмүүс сонсоод их омогшдог. Тэр чинь бас загнаж дуулах хэмжээний дуу шүү дээ, ер нь.Тэр хөгжмийн найруулга энэ тэр нь. Бас зөөлөн дуулж болдог л гэдгийг бид хоёр харуулсан.

-С.Жавхлан маань одоо тэмцэгч болсон. Та хоёр дөрвөн ханатай гэрт хамт амьдарч байсан гэлээ. Тэр үед л улс их орны талаар ярьж шатдаг  хүүхэд байсан уу. Эсвэл сүүлд өөр болчихсон юм уу. Тэр үед ер нь тэмцэгч маягийн шинж илэрдэг байсан уу?

-Тэр үед надад лав тийм шинж анзаарагдаж байгаагүй.

-Тэр их шартай хүүхэд байсан байх аа. Тэгж санагдаад байдаг юм?

-Шартайгийн хувьд шартай. (инээв) Ер нь бол юмны түрүүнд л явах эрмэлзэлтэй. Дорой, ноомой хүн биш шүү дээ.  Гэхдээ яг улс төрд ороод, тэмцэгч болоод явах хүн гэж анзаарагдаж байгаагүй.

-Та найз болохоор түүний бүх үйл хэргийг дэмждэг үү. Эсвэл тэрсэлддэг үү?

-Нөхөр өөрөө бас хэлдэг л дээ. Үнэхээр би дуулаад явахад маш их орон зай байгаа, байх ч байсан. Гэхдээ ард түмний маань аж амьдрал, санаа сэтгэл болохоо байлаа. Ард түмний сэтгэл амгалан жаргалтай байвал би мөрөөрөө дуугаа дуулаад яваад байж чадна гэж. Тэрнийг сонсоод бас л зүрх догдолдог юм.  Би хувьдаа Жавхаагаа буруутгаж чаддаггүй. Өөр хэн тэр хүн шиг өөрийгөө орхиод ингээд явж байгаа юм бэ. Ер нь бол С.Жавхлан л байлаа шүү дээ, энэ тайзан дээр. Тэр болгоныг дэнчин тавиад тэмцэнэ гэдэг том зориг л доо.

-Таны хувьд хөдөө их явдаг хүн. Хөдөөгүүр явж байхад жаахан эмзэглэмээр санагдах зүйлс ажиглагдах юм. Амьдрал ахуй нь ямархуу харагдаж байна?

-Ажиглагддаг. Төр үймээнтэй байхад  байгаль дэлхий хүртэл өөрчлөгдөж хямардаг юм байна. Хөгшчүүд тэгж л ярих юм.  Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж үг байдаг. Улс төр, эдийн засгийн байдал  ч гэсэн нэг л тиймхэн байна. Зуны хувьд хөдөөгүүр зуншлага тааруу байлаа.  Ард түмний царай их л баргар  байна. Наадмаар ч гэсэн сонин гундуу төрх байдал харагдаж л байгаа юм. Олон газар ойн арга хэмжээнүүд боллоо. Хүмүүс маань баярлах гээд байдаг, сэтгэл нь гундуу  тааруу байхад яалтай ч билээ. Цаанаасаа хүн зоны нүдний гал унтарсан ийм л байдалтай байна. Сая Увс аймгийн 90 жилийн ойн баяраар  С.Жавхлан бид хоёр нутагтаа очлоо. С.Жавхлангийн хувьд шинэ уран бүтээлээ гаргасан байсан. Нутгийн ойн арга хэмжээн дээрээ  шинэ дуугаа дуулалгүй гундуухан  гарч ирлээ. Нутгийн түмэн олондоо уран бүтээлээ өргөх цаг бидэнд ирэх биз дээ.

-Элдэв арга саам, хавчилт, хутгалт болоод дуулуулахгүй буцаалаа гэж та хоёрын тухай сонссон?

-Харин тийм тэгсэн. Энэ бол хоёр  гуравхан хүний л асуудал байсан. Бидэнд урилга ч өгөөгүй. Биднийг хүн гэж тоогоогүй л дээ. Сүүлдээ тэр урлагийн арга хэмжээнүүдийг нь хариуцсан хүмүүсийн бүх яриаг хаясан. Хэцүү юм билээ.  Иймэрхүү асуудлаас болж бид чинь хэрчүүлчих юм байна шүү дээ. Нутаг усандаа очоод, олон түмэндээ ая дуугаа өргөмөөр байдаг. Наагуур нь баахан нөхөд элдэв үг хэл ярьж гүйгээд болохгүй.

-Хоёулаа эргээд уран бүтээлийн сэдэв рүүгээ оръё. Та угаасаа бусад сэдвүүд рүү орж хатуу өнгө гаргах ч үгүй хүн бололтой.

-(инээв) Улс төр яриад байдаггүй л дээ. Гэхдээ мэдээж энэ улсад иргэн нь болж төрсөн хүний хувьд санаа зовж, дотроо бодож шаналж л явдаг. Ялангуяа байгаль эх дэлхийгээ хайрлах үзэл хүн бүрийн л зүрх сэтгэлд байдаг байх.

-Би таны нэг дууг их шүүмжилсэн. Нэр усаа хэлээч, нутаг  ус хаана вэ ч билүү үгтэй. Их гайхсан шүү. Бас С.Батсүх гавьяатын дагавар хүүхэдтэй ирэхэд чинь би зүгээр тосоод л авсан ш дээ. Хэрэггүй л чамайг тэгж авлаа даа гэсэн утгатай эр хүн дуулж байгаа гэхэд дэндүү өчүүхэн дуу сонслоо. Гэтэл та гар утсаа өгөөч…гээд л дуулж байдаг байгаа. Яагаад ийм дуу дуулав аа. Хэмнэлээс нь болоод сонгочихсон юм уу. Та эмзэглэхгүй бол энэ асуултад хариулахгүй юу?

-(инээв) Тэр үед хүмүүсийг сэрт хийлгэх юм надад хэрэгтэй байсан юмаа. Тэр үед би хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан байсан. Дууны үг нь нэг их гаж биш юм шиг санагдсан. Хөгжмийн найруулагч арзак Төрөө ахын хүсэлтээр энэ дууг дуулсан юм.  Хэдхэн хүнээс шүүмжлэл хүлээсэн. Үнэндээ хүмүүсийн анхаарлыг татах хэрэгтэй  байсан юм. Таны асуултад хариулахад хэцүү л юм байна. Яаж хариулж, энэ асуултаас гарахаа мэдэхгүй байна. Хэмнэл аялгууг нь анх сонсоод л дуулмаар санагдсан. Уг нь хэдхэн газар л дуулсан шүү дээ. Шүүмжлээд эхлэхээр дуулахаа больсон ч нэгэнт хадгалагдаад явчихсан тул дуулагдаад байдаг юм. Хөгжилтэй санагдсан юм аа. Хөнгөн  дуу дуулчих хүсэл ч бас байсан.

-Энэ дууг л дуулчих юмсан гэж хүсдэг бусдын дуулж амьдруулсан дуу танд байдаг уу. Дуулчихмаар санагдаад л явдаг? 

-“Би хаана төрөө вэ”-г л дуулах хүсэл байна даа. Бас П.Адарсүрэн гуайн нэг дууг шинэчилж дуулахаар ярилцаж байгаа. П. Адарсүрэн гуайг эргэн санахад 1998 онд Баянзүрхийн зах дээр дуулж байхыг нь анх би харсан. Дөрвөлжин шилэн хайрцагтай. Хүмүүс ч мөнгө өгнө. 10 минут  болоход дүүрч байгаа юм чинь. Тэглээ гээд өөрөө халааслаагүй тэнд хуран цугласан түмэн олонд өгчихсөн. Үлдсэнээр нь  ганц кг мах аваад харьж байсан. Анх харсан тэр өдрөө би өдөржин араас нь дагасан юм. Дагаад л яваад байсан. Тэр хүнийг үнэхээр сонирхон биширч, дууг нь сонсдог байлаа. Дуулна, бас баян хуур хөгжмийг маш сайхан тоглоно. Гайхалтай хүн байсан.  Тэгээд заавал ийм дуучин болно доо гэж бодож байснаа мартдаггүй юм.

-Сайхан дурсамж байна. Хамгийн анхны уран бүтээл тань “Хар нүдэн бүсгүй” юу?

-Биш. “Холын тэнгэр аав”. Дараагийнх нь “Хар нүдэн бүсгүй”.

-“Би хаана төрөө вэ”-г дуулахыг хүсдэг гэснээс гавьяат жүжигчин Т.Баясгалан “Халуун элгэн нутаг”-ийг дуулсан байсан. Бас л сонин бууж байна билээ. Т.Баясгалан зориглоод дуулсан. Ямар нэгэн шүүмжлэл гараагүй. Гэхдээ л дуучин хүн дууг өөрийнхөөрөө дуулах гэж тусгай эрдэм байдаг юм байна гэж харсан. Та заавал зорьсон дуугаа дуулаарай.

-Дууг өөр өөрийн арга барил, өөр өөрийн хэмжээнд тулгаж л дуулна шүү дээ. Би сонссон. Надад ч сонирхолтой санагдсан. Баярлалаа. Би заавал хүсч байгаа тэр дуугаа дуулна.

-Ингэхэд та хувь хүнийхээ хувьд ямархуу хүн бэ. Өрсөлдөөн өөрөө хэм хэмжээндээ таарсан хортой шартай явахыг шаарддаг. Гэхдээ та  хэт зөөлөн хүн шиг санагдлаа. Хорвоогийн аясыг дагаад явах нь таны амьдралын философи юм уу. Эсвэл та дотроо, миний харж байгаагаас өөр хүн үү. Жишээлбэл, та ямар үед та багтардаг вэ. Багтрахаараа ямар үйлдэл гаргадаг вэ?

-Би хүнд багтарсан юмаа үзүүлэх дургүй. Ер нь тэгээд энэ байгаагаараа л байх дуртай. Нэг ах маань хэлж байсан юм. Ахын дүү багтраад, нэг л болж өгөхгүй байгаа юм шиг үедээ уулан дээр гараад ганцаараа орилчихож бай. Их сайхан болдог юм гэж зөвлөж байсан юм. Би тийм үедээ ганцаараа уулын оройд гараад хашгирдаг. Хэнд ч биш тэнд орилдог. Амьдралаас асууж байгаа юм л даа. Би ийм амжилтад хүрлээ. Түмэн олон маань миний дууг сонсож байна. Хүмүүсийн хайртай дуучдын нэг  боллоо. Одоо тэгээд миний хажууд хэн байна вэ. Ээж аав минь хаана байна вэ…гэж. (түүний нулимс бүрхсэн нүднээс ганцаардал гэж нэрлэж боломгүй ганцаардал ч юм шиг тийм нэг зүйл үе үе харагдах… ямартай ч түүнтэй ярилцаж суух зөөлөн, сайхан байнаа) Би сая Монгол Улсын гавьяат жүжигчин гэх энэ хүндтэй шагналын эзэн болчихоод сууж байхдаа өөрийн эрхгүй хоёрхон хүнийг бэтгэртлээ саналаа. Үгүйллээ. Үнэхээр аав, ээжийгээ л маш их санасан. Хааяа нэг найз нөхөдтэйгээ юм шимээд сууж байхад аргагүй нулимс унагах юм. Харуусал төрөх юм.  Амьд байхад нь хүү нь сайхан явнаа гээд харуулчих минь яалаа гэх бодол төрөх юм. Хэн миний хажууд намайг түшиж тулаад, зөвийг  минь үнэлж, таарууг минь шүүмжилж байна аа гээд элдвийг бодох юм. Ийм зүйл байна аа, байна. Шагнал аваад гарч ирээд зогссон. Дээшээ нэг харсан. Хүү нь чадлаа гэж дотроо хэлээд л түмэн олонтойгоо уулзсан даа.

-Гэхдээ та хоёр дүүгээ гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачлалтай хүү, гайхам сайн ах шүү дээ.

-Тэр бол миний хийх ёстой ажлын л нэг хэсэг. Хоёр дүүгийн маань буян надад сайнаар нөлөөлж явдаг гэж би боддог. Тэд маань хүн амьтантай ярилцмаар, дуулмаар байдаг байж таарна. Даанч чадахгүй. Тэр бүх юмыг ганцхан ах нь гүйцээх ёстой гэж бурхан шийдсэн юм болов уу даа. Тэднийхээ орон зайг нөхөж дутуу хүртсэн юмыг нь гүйцээж явах болноо.

-Хямралын үед дуучид сул зогсож байна. Та харин тасралтгүй дуулсан. Би тэгж анзаарсан. Ямар хөдөлмөрч хүн бэ гэж бодож байлаа. Тэгэхээр танд зогсох эрхгүй бас нэг тийм тавилан байна.

-Миний хоолой тасарчихгүй л бол би дуулаад л байна гэж боддог.

-Би сайн үгийг эзэнд нь хүргэх дуртай. Сая Дундговь аймгийн Адаацаг сум, Бага газрын чулуу ороод ирсэн. Аян замд Монголын ард түмний хайртай дуучдын нэг гавьяат жүжигчин Чулуунцэцэгтэй хамт явсан. Бид дуучдын тухай ярилаа. Тантай ярилцах гэж байгаа болохоор таны тухай сонирхлоо. Тэгсэн, манай Л.Болдбаатар дууг гуйж биш гуядаж дуулна даа, сайхан тосон хоолойтой. Хоолой  үнэхээр сайхан. Өөртөө ч их сайхан зохисон дуунууд дуулах юм. Бас маш сайн хөдөлмөрлөж байна. Уран бүтээлч хүнд үечлэл гэж байдаг юм. Идэвхтэй байх, унах үе гэж. Манай Л.Болдбаатар маш сайн хөдөлмөрлөлөө, би гавьяат болоход нь их баярласан гэж хэлж байх юм. Танд энэ сайхан дүгнэлтийг дамжуулмаар байна.

-Баярлалаа. Яаая яая. (толгойгоо сэгсрэв) Үнэхээр сайхан байна шүү, Ганаа эгч ээ. Таны дамжуулсан үг надад маш сайхан эрч хүч өгч байна. Энэ сайхан дуучид, энэ том хүмүүс ингэж үнэлж байхад надад зогсох эрх байхгүй. Би цаашдаа илүү эрч хүчтэйгээр уран бүтээлээ хийх болноо.


 Бидний яриа энэ хүрээд өндөрлөв. Элдэв хийсвэрлэл, зохиомол омогшил байхгүй зөөлөн, даруу хоёр нь дэндсэн түүнтэй ярилцах яагаад ч юм нэг л дулаахан басхүү сайхан байлаа. Амьдрал үзэж, зовлонг таньж, орчлонгийн бороонд зүрхээ дэвтээсэн хүн учраас л түүний сэтгэлийн гүнээс тийм сайхан зөөлөн яруу хоолой ундардаг биз ээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав