Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний Гавьяат эмч, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор, Оргойн Сэргэлэн. 

Тэр бол Монгол Улсад анх удаа хүний биед элэг шилжүүлэн суулгах мэс засал, оношилгоо, эмчилгээний арга барилуудыг өндөр хөгжилтэй улс орнуудаас нэвтрүүлэх ажлыг  удирдан явуулж нутагшуулсан, манай анагаахын салбарын домог болсон зүтгэлтний нэг юм. Тэр мөн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан гайхалтай мэс засалч юм. 

Тэрбээр Америкийн мэс заслын коллежийн (ACS) хүндэт гишүүн бөгөөд эдүгээ Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагчаар ажиллаж байна. 

- Таны ажлын өрөө их даруухан юм . Одоо та багшилж байгаа юу ?

- Би резидент эмч нарт л хичээл ордог. Оюутнуудад бол үнэндээ цаг гардаггүй юм. 

-Хагалгаа ихтэй байдаг байх. 

-Тийм. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмчээр ажилладаг. Элэг шилжүүлэн суулгах багийнхаа ахлагчийг мөн хийж байгаа. Үнэндээ элэг шилжүүлэн суулгасан өвчтөнөөс дараагийн элэг шилжүүлэн суулгуулах өвчтөн хоёрын хооронд л амьдарч байна гэж хэлж болох юм даа. Миний амьдралын хэмнэл ийм л байна. 

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал бүрт та өөрөө ордог уу ?

-Одоо бол шавь нар маань эрийн цээнд хүрсэн учир би заавал хагалгаа бүрд ороод байх шаардлагагүй л дээ. Гэхдээ хагалгаа болгон дээр хажууд нь байж, эгзэгтэй мөчид нь зөвлөж, тусалж явдаг. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох гээд бэлтгэл хийж байгаа өвчтөнүүдээ үзнэ, хянана, хэнд нь ямар хагалгаа хийх, яавал илүү үр дүнтэй байх вэ гэдгийг зөвлөж, шийдвэр гаргана.  Хагалгааны дараа өвчтөнүүдээ өдөр бүр үзнэ. Эмчилгээний өдөр бүрийн тактикийг хамтарч гаргана. Өргөн хүрээний үйл явц шүү дээ. Хагалгаа хийгээд л явуулчихдаг юм биш. Хагалгааны өмнөх бэлтгэл ажил, хагалгаа хийгдэх үе, хагалгааны дараах үеүд гээд бүхэл бүтэн багийн нөр их ажил энд өрнөж байдаг юм.

-Эрхтэн шилжүүлэх түвшинд мэс заслаар төгссөн эмч болгон ирж ажилладаггүй байх. Ер нь онцгой авьяастай эмч гэж байдаг уу, эсвэл өөрөө би яг энэ түвшинд хүрч ирнэ гэж тэмүүлсэн, хатуу зорилготой эмч нар энэ гайхалтай том талбар дээр гарч ирдэг үү. Танай эрхтэн шилжүүлэн суулгах багт хэдэн эмч ажилладаг вэ ?

-Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг “би хийнэ” гээд эмч болгон хийж чадахгүй. Маш хүнд, нарийн төвөгтэй мэс засал. Ахин хэлэхэд мэс заслын өмнөх бэлтгэл, мэс заслын өөрийнх нь явц, дараах явц гээд асар хүнд өвчтөнүүдтэй байнга ажилладаг. Зүгээр нэг элэг тайрах хагалгаатай харьцуулшгүй. Тийм учраас энэ түвшинд хүрч хүч сорино гэсэн хүн бусад бүх зүйлээ мартаж байж, хүний амь насыг  аврах үйл хэрэгт өөрийгөө зориулж амьдарна. 

-Тавилангаа өгч байж...

-Тийм ээ. Амьдрал ахуй бүх л зүйл хоёрдугаарт тавигддаг.

-Эмэгтэй мэс засалчид бас л хэцүү юм даа. 

-Ер нь эмэгтэй хүнд маш хэцүү сорилт. Яагаад гэвэл эмэгтэй хүн ажилдаа дуртай, мэргэжилдээ хайртай байлаа гээд хүүхэд нь өвчтэй байвал хаяад явж чадахгүй. Тиймээс энэ талаасаа аваад үзсэн ч эмэгтэй хүнд хатуу мэргэжил. Яг мэс засалч болно, ялангуяа элэг шилжүүлэн суулгах мэс засалд хүч сорино гэсэн хүн өөрийгөө орхиод л тэр зүг рүүгээ явахгүй бол өөр хоёр дахь, гурав дахь зүйл рүү анхаарлаа хандуулах боломжгүй. Зүүний нэг буруу хатгалт, нэг өчүүхэн алдаа л өвчтөний маань амьдралыг шийдчихдэг. 

-Авьяаслаг мэс засалч цаанаасаа төрдөг гэж боддог уу ?

-Тийм. Нэгдүгээрт, мэс засалч хүн өвчтөнөө гэсэн чин сэтгэлтэй байх ёстой. Энэ бол нэг номерын асуудал. Хоёрдугаарт, хийж байгаа ажлаараа PR хийдэггүй байх ёстой. Өөрөөр хэлбэл тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой гэсэн үг. Мэргэжлийн зорилго тэмүүлэл, багийнхны ур чадвар, хөгжлөөс илүү нэр алдар, эрх мэдэл мэтэд тэмүүлсэн сэтгэхүйтэй эмч эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа руу ороод ч хэрэггүй. Гуравдугаарт, мэдээж төрөлхийн авьяас. Өвчнийг ялан дийлэх, өвчтөний амь насыг аврах чин хүсэл сэтгэл, хаашаа ч хазайшгүй хатуу зорилготой байх ёстой. Энэ бүгд нийлж байж сайн мэс засалчийг бий болгодог.

-Биологийн өгөгдөл гэж байх уу. Тухайн эмч өөрөө эрүүл биетэй, хөнгөн гартай заяасан ч гэх юм уу ?

-Байна. Ер нь эрүүл хүн мэс засалч болно. Жаахан бие муутай, архаг хууч өвчтэй хүн мэс засалч болно гэдэг миний 40 жилийн туршлагаас харахад хүнд. Тийм хүмүүс дундаас нь энэ мэргэжлийг орхидог. Биологийн өгөгдөл маш чухал. Эрүүл байх ёстой. Мэс засалчийн хөдөлмөр тухайн эмчээс ухаалаг үйл ажиллагаа, нарийн мэдрэмж, эр зориг шаарддаг. Нэг зүүний хатгалтаасаа л харагдаж байдаг. Учир нь тэр хатгалт гүнзгий байна уу, мөчидхөн байна уу, “бай”-гаа хэр мэдэрч байна гэдгээс хүний амь нас хамаардаг юм. Тэгэхээр маш нямбай, зарчимтай, бүх түвшний гүйцэтгэл нь онц байж чаддаг хүний хийх ажил.

-Хараад байхад эмч нарын гэр бүлд удам дамжин мэргэжил эзэмших тохиолдол их ажиглагддаг. Та өөрөө ямар гэр бүлд өссөн бэ. Яагаад эмч болохоор шийдсэн тухайгаа ярьж болох уу ?

-Би багаасаа л эмч болно гэж мөрөөддөг хүүхэд байсан. Бүр дөрөвдүгээр ангиасаа эхлээд л эмч болно гэж боддог байлаа. Миний аав ээж хоёр бол  багш хүмүүс. Би багадаа эмнэлэг рүү шагайж ч үзээгүй байхдаа л энэ мэргэжилд татагдсан.  Надад цагаан халадтай, чагнуур зүүсэн эмч хүн их гоё харагддаг байлаа. Миний аав тэр үеийн Зөвлөлт холбоот Улсад Москвад сурч байсан. Эгч бид хоёрт дандаа эмчийн тоглоом авчирч өгдөг. Гэхдээ манай эгч намайг дарамтлаад дандаа өвчтөн болгодог. (инээв) Өөрөө эмч нь болоод л хоёулаа тоглоно. Тэр үед л би дотроо том болоод заавал эмч болно гэж боддог байсан. Тэгэхээр аавын маань сонгож авчирдаг байсан тэр тоглоомууд ч их нөлөө үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй. 

-Эгч тань эмч болсон уу ?

-Манай эгч эмч болоогүй.  Манай эгч хөнгөн үйлдвэрийн технологийн инженер болсон. Би л зүтгэсээр байгаад эмч болсон.

-Дунд сургуулийн сурагч байхад ч мөрөөдөл тань өөрчлөгдөөгүй юу ?

-Өөрчлөгдөөгүй. Бас нэг түлхэц болсон зүйл нь манай ээж намайг дунд сургуульд байх үеэс элэг нь өвдөөд, элэгний хатуурал гэх онош тавигдаад эмнэлгээр их явсан. Би тухайн үед хүүхэд байсан болохоор өвчний тухайд  сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ л би ээжийгээ өвдөж байхыг хараад, заавал эмч болж ээжийгээ эмчилнэ гэж боддог байсан. Энэ мөрөөдөл маань ч биелсэн. 

-Ээжийгээ эмчилсэн байх нь...

-Би анагаахад ороод, сайн суралцсан. Сурлага сайтай оюутан байсан болохоор багш нар маань намайг их үнэлдэг байлаа. Гуравдугаар курст байхаасаа элэгний Я.Дагвадорж багштайгаа уулзсан. Мөн намайг яг гардаж авсан хайртай багш маань П.Долгор гэж улс даяар “цагаан Долгор” гэж алдаршсан, Анагаахын шинжлэх ухааны доктор, Профессор хүн байсан. Би оюутан байхдаа, гуравдугаар курсээсээ ээжийгээ тэр хоёр мундаг багшдаа  үзүүлж, тэдэндээ тушаагаад миний ээж 79 насалсан.

Элэгний хатуурал гэх онош намайг зургаадугаар ангид байхад л тавигдсан. 2017 онд элэгний хавдраар нас барсан. Гэхдээ би ээждээ 40 жил амьдрах боломжийг нээж өгсөн л гэж боддог.

-Тантай уулзах гээд хүлээж байхад дандаа л өвчтэй, зовлонтой хүмүүс үүдэнд тань байж байдаг юм байна. Хүүхдээ гадагшаа авч явах гэж байгаа, элэгний донор хайж байгаа, элэг солиулах онош шинээр тавигдсан гээд эдгээр олон өвчтөний ар гэртэй уулзаж, бүгдийг нь сонсож, заавар зөвлөгөө өгөх гээд үнэхээр хүнд нөхцөлд ажиллах юм. 

-Энэ бол миний ажил.

-Монголдоо элэг солиулах талаар ярьдаггүй, энэ түвшин бүр сураггүй он жилүүд байсан. Донорын хууль ч байхгүй хагас 100 жил явж ирсэн. Анхны суурийг нь тавьсан, анхны багийг ахалсан хүн бол та. Энэ жилийн төлөвлөсөн хагалгааны тоо хэд байгаа бол. Гэтэл донорын асуудал манайд асар хүнд байна. 

-Энэ үнэхээр чухал асуудал. Манай улсад одоо өрнөөд байгаа, нийгмийг талцуулсан тэр үйл явдал, тэнд бичигдэж байгаа комментуудаас харахад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар ард түмэндээ бид ерөөсөө ойлголт өгч чадаагүй юм байна гэх дүгнэлтийг бид хийсэн. Яагаад гэхээр бид байнга эмнэлэг дээрээ хүнд өвчтөнүүдтэй ноцолдож байдаг. Нийгэм биднийг яаж харж байна гэдгийг ерөөсөө өнгийж хараагүй юм байна. Эрхтэн шилжүүлэн суулгах салбар бол их залуу салбар. Мэс заслын алба хөгжөөд монголд 100 жил болсон. Тэгвэл элэг шилжлүүлэн суулгах хагалгаа 2011 онд анх хийгдэж эхэлсэн. Үүнээс хойш 10 гаруй жил л болж байна. Энэ залуу салбарын тухай ард түмэндээ ойлгуулахгүй бол цаашдаа энэ салбар хөгжихөд илүү их бэрхшээл учрах юм байна. Гэтэл манайд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай хүмүүс маш их байгаа.

-2024 онд хэдэн хүнд хагалгаа хийсэн бэ ?

-2024 онд нийт 58 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Тэдний хоёр нь хүүхэд. Хамгийн бага нь нэг ой зургаан сартай хүүхдэд бид элэг шилжүүлэн суулгасан. Хамгийн ахмад нь 66 настай иргэн байсан. 2016 онд манай баг бие даан энэ мэс заслыг гүйцэтгэж эхэлснээс хойш жилдээ 20 гаруй хагалгаа хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд 50 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгаж байна. Яг өнөөдөр гэхэд амьд донортой, донороо олчихсон, элэг шилжүүлэн суулгах мэс засалд эрэмбэлэгдчихсэн 50 гаруй хүн байна. Тантай уулзахын өмнө гэхэд шинээр хоёр хүний тухай ярилцаад гарч ирж байна. 2025 онд 60 гаруй хүнд л элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийнэ гэж тоо өгсөн байгаа. Гэтэл өвчтөнүүд нэмэгдсээр л байна. Элэг бол хэцүү. Бөөр бол аппаратад ороод, бас тодорхой хэмжээгээр хугацаа хүлээгээд яваад байж чаддаг. Гэтэл элэг бол өөр. Элэг солиулахаар эрэмбэлэгдэж байгаа хүмүүсээ улаан, улбар шар, ердийн гэсэн дарааллаар гурав ангилдаг юм. Зөвхөн эмнэлэгт хэвтэж байгаа 50-аад хүн дотор улаан эрэмбээр орох 10 гаруй хүн байна. Нэн яаралтай гэсэн үг. Гэтэл бараг жил хүлээхээр байна. Жил хүлээж байтал энгийн эрэмбээр эрэмблэгдсэн хүн маань улаан эрэмбэ рүү шилжчихдэг.  Энэ бол цаг нартай өрсөлдөж явагддаг хүнд өвчин.

- Улсын нэгдүгээр төв эмнэлэг бол таны гэр шиг газар. Гэтэл нэг жижигхэн булангийн өрөөнд ажлаа явуулдаг юм байна. Элэг шилжүүлэн суулгах тусдаа төвтэй болохыг мөрөөддөг л байх. Энэ тухай Төр засагт хүсэлт тавьдаг уу. Төр хэрэгтэй хэрэггүй байшин их барьж байна. Зүгээр л хэдэн тэрбумаар нь кино үзүүлье гээд гүйж байна. Төсвийн хэлэлцүүлгийг хараад уйлмаар санагддаг байх ?

-Тэгэлгүй яах вэ. Өөрсдийнхөө зовлонг өөрсдөө шийддэг том институттэй болохюмсангэдэг бол бидний мөрөөдөл.Бид нар их олон улс орны эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр очиж үзсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх монголд нутагшуулаад өнөөдрийг хүртэл зүтгэж байна. Хамгийн хүнд хүмүүс л бид нар дээр ирдэг. Гэтэл өнөөдөр Эрхтэн шилжүүлэн суулгах төв маань элэг шилжүүлэн суулгах хүмүүст зориулагдсан гуравхан ортой. Донорын нэг ортой. Дөрөвхөн орон дээр л эргэлт явуулдаг. -Элэг шилжүүлэн суулгуулсан хүн 25-40 хоног эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгүүлдэг юм шүү дээ.

-Хотоос зайдуу ч хамаагүй энэ төвийг байгуулж өгөөч гэж төр засагт хүсэлт гаргаж байв уу?

-2012 оноос эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өргөтгөл баригдана гээд хоёр блок баригдахаар зураг нь зурагдсан. Зүүн байр оффис, захиргаа. Дараагийнх нь цэвэр мэс заслын төв баригдана гээд зураг нь гарсан. Тухайн үед Солонгосын компаниар зураг төслийг нь хийлгээд явсан. Гэвч 12 жилийн дараа зөвхөн захиргаа гэсэн хэсэг нь баригдсан. Гэхдээ тэр хэсэгтээ захиргаа нь ч орж чадаагүй. Хагалгааны хэсэг нь ч баригдаагүй. Захиргааны байранд дотрын тасгийн өвчтөнүүд хэвтдэг хэсэг болгосон. Мэс заслын хэсгийн суурь нь ч тавигдаагүй. Өнгөрсөн жил У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд нар Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах төв барих шаардлагатай юм байна гээд сонгуулийн өмнө эрхтэн шилжүүлэн суулгах төвийн суурь тавигдсан. Сууриа тавиад бид бөөн баяр болоод ажил явагдах нь гээд зурагаа дахиж засварласан. Доошоо хоёр давхар, дээшээ есөн давхар барилга барих солонгосын инженерүүдийн хийсэн зураг юм. Гэтэл гэнэтхэн ажил нь зогсчихсон. Юу болов гэсэн чинь эмнэлгийн барилга стандартаараа гурван давхар байх ёстой. Газар хөдлөлт энэ тэрээ тооцоод ийм стандарт гаргасан гэж хэлсэн. Энэ их сонин. Тэр их газар хөдөлдөг Японд 20 давхар эмнэлэг байж л байна. Солонгост 20 гаруй давхар эмнэлэг байж л байна. Солонгосын компани газар хөдлөлтийг тооцохгүйгээр зураг төслийг нь гаргав гэж дээ. Тооцож л хийнэ шүү дээ. Энэ бол маш чухал барилга. 2025 оны төсөвт 40 тэрбум төгрөг суусан. Тэр мөнгө нь одоо байгаа юу, байхгүй юу бүү мэд. 

-ҮНЭХЭЭР ГУНИГТАЙ БАЙНА-

 -Та нар өөрсдөө улс төржөөд явах завгүй хүмүүс учраас хэн ч анхаарахгүй байна л даа.

-Манай улсад хэзээ ч гурван давхар эмнэлгийн барилга баригддаггүй. “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн барилга яагаад зогсов. Эмч нарт жагсаж цуглаж явах боломж байдаггүй. Улсынхаа хүн ардын эрүүл мэндийн ийм тулгамдсан асуудлыг ингээд зогсооно гэж итгэхгүй байна. Төр засаг маань зөв шийдлийг гаргах байх. 

-Улсын найман обьектыг түрээсийг нь ч өгөхгүй ашиглаад явж байгаа хэрэг илэрч л байна. “Элэг шилжүүлэн суулгах төв”-ийн барилгын асуудал ингээд замарчихсан тухай яриад сууж байгаа маань гунигтай юм даа. 

-Гунигтай байна. Жишээлбэл, амьд донор нь бэлэн болчихсон. Үр хүүхэд нь элгээ өгөөд аав, ээж ах дүү нарынхаа амийг аваръя гээд байж байна. Биднийг хүлээгээд хэд нь нас барахыг хэлж мэдэхгүй. Тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгуулах гээд 500 гаруй хүн хүлээж байна. Хэд нь хүлээсээр байгаад ертөнцийн мөнх бусыг үзэхийг бид нар мэдэхгүй. Энэ олон хүний амь настай холбоотой асуудал хэдэд эрэмбэлэгдэж байгааг ч мэдэхгүй байна. “Эрхтэн шилжүүлэн суулгах төв” гэдэг ганцхан элэг биш, бөөр, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах, эдийн банк байгуулах иж бүрэн эмнэлгийн асуудал шүү дээ. Дээрээс нь үе шилжүүлэн суулгана. Хэрэв бидний мөрөөдөл биелдэг бол нойр булчирхай шилжүүлэн суулгах багаа бэлдчихсэн байж байна. Амьдралын чанар нь байхгүй болчихсон, бүх эрхтэн нь муудаад эцсийн шатандаа орчихсон, амьдрах хоногийн тоо нь хязгаартай болчихсон хүмүүст бид эрхтэн шилжүүлэн суулгадаг. Энэ олон аврал эрсэн хүмүүсийг бид яах вэ. Эцсийн цэг нь бид нар дээр л хатгаастай байна шүү дээ. Бид л тэр хүмүүсийг мэс засалд оруулахгүй байгаа юм шиг, бид нар л тэр хүмүүсийг хүлээлгээд байгаа юм шиг байдал үүсчихсэн байна. Арга нь тасарсан тэд бухимдлаа ирж асгана. Нэгдүгээр эмнэлгийн гадаа зогсоол олдохгүй. Өвчтөнүүд хэдэн цагаар эмнэлэг тойрч явсан уураа манай эмч нарт л гаргадаг. Энэ бүх зовлонг бид биеэрээ туулаад явж байна. 

-Донорын тухай хуулийг уншиж үзлээ. Одоо ид яригдаж байгаа хэрэг дээр харж байхад бас дутуу юм олон байх шиг. Энэ хуулийг ер нь хэр хууль болсон гэж үздэг вэ. 1990-ээд оны эхээр хуульгүй шахам явж байгаад, 1996 онд цусны донор дээр донорын тухай хууль орж ирсэн. Дараа нь олон удаа шинэчилсэн найруулгууд явсан. 

-Түрүүчийн парламентаар хэлэлцэгдэх гэж байгаад амжаагүй. Бэлдсэн хуулийн төсөл байгаа. Донорын хуулийн өөрчлөлт дээр би 2012 оноос хойш байнга оролцож явсан л даа. Уг хууль 1996 онд цусны донор гэдэг нэртэй батлагдаад, 2002 онд донорын тухай хууль гэж өөрчлөгдсөн. 2002 оны хуульд амьд донороос эрхтэн авч болно гэсэн эрхтэнтэй холбоотой ганцхан  хязгаарлагдмал заалт орсон. Амьд донор гэдэг нь цусан төрлийн хүн байна гэж заасан. Цусан төрөл гэдэг нь зөвхөн аав, ээж, хүүхэд хамрагдана гэсэн үг. 2005 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа идэвхтэй нутагшсан. Бөөрний мэс засал дандаа амьд донороос авч байсан. Ах дүү төрөл төрөгсдөөс нь. 2011 онд бид элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн. 2012 онд донорын хуулийг өөрчлөхгүй бол болохгүй нь гээд амьд донорын насыг насанд хүрсэн хүн гэж заалт оруулсан. Амьд донороос эрхтэн авахаас гадна тархины үхэлтэй донороос эрхтэн авч болно гэсэн ерөнхий, мөн л их хязгаарлагдмал өөрчлөлт хийсэн. Гэхдээ л амьд донор насанд хүрсэн хүн байна, тархины үхэлтэй донороос эрхтэн авч болно гэсэн заалт орж ирсэн нь маш том ахиц. 2017 онд донорын хуулийг ахин өөрчлөх шаардлагатай болсон. Үүн дээр амьгүй донор гэж хэнийг хэлэх, амьгүй донороос эрхтэн авахдаа яаж авах юм. Амьгүй донортой хэн ажиллах юм гэдэг асуудлыг гаргаж тавихгүй бол болохгүй болсон. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тавьдаг гол шаардлага бол амьгүй донороос л эрхтэн ав. Цаана нь ахиад нэг хүнийг эрүүл мэндийн асуудалд оруулахгүй гэдэг. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгахдаа эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан тэр амьгүй донорыг олох, ар гэрээр нь зөвшөөрүүлэх процесст оролцож болохгүй гэсэн хуультай байдаг. Хүнээ аврахын тулд амьгүй донор болох заалт нь хэрэгжээгүй хүнээс эрхтэн авч болзошгүй гэсэн болгоомжлолоор дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрхтэн шилжүүлэн суулгах багуудыг амьгүй донорын үйл ажиллагаанд оролцуулдаггүй. Тийм учраас үүнийг хариуцдаг тусгай алба байдаг. Тэр албыг Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний төв дээр “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах алба” гэж байгуулсан. 

-Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний төв хаана харьяалагддаг газар вэ. Цагдаагийн байгууллага нь эрхтэн шилжүүлэн суулгадаг төвүүдээ мэдээллээр хангадаг гэх мэтээр зарим улс их уян хатан хамтын ажиллагаатай байх юм билээ. 

-Энэ бол Эрүүл Мэндийн Яамны шууд харьяа байгууллага. Донорын асуудал ёс зүй, сэтгэл зүй бүх л талаасаа нарийн эмзэг асуудал. 

-Донорыг амьд, амьгүй гэж хоёр ангилдаг. Амьгүй донор нь тархины үхэлтэй нь оношлогдсон тохиолдолд ар гэрийн зөвшөөрлөөр эд, эрхтнийг нь шилжүүлэн суулгадаг тохиолдлыг хэлдэг. Манайд нас барагсдад задлан хийлгэхгүй гэх хатуу байр суурьтай гэр бүлүүд олон байдаг. Шашны асуудлууд мэдээж нөлөөлдөг байх. Энэ мэт ойлголтуудын дунд, тун эмзэг орон зайд та бүхний ажил явагдаж байгаа. Миний биеийг хүний амь нас аврахад зориулаарай гээд гэрээсэлдэг соёл ер нь хэр нэвтэрч байна ?

-Бусад оронд энэ чиглэлийн соёл асар өндөр нэвтэрсэн байдаг. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжсөн орон бүрд донорын асуудал хариуцсан алба, тусгай агентлаг заавал байдаг. Багууд дээр эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа яг хуулийн хүрээнд явагдаж байна уу, эрхтэнг зөв үед нь тавьж байна уу гээд бүх асуудлуудыг хянаж байдаг. Скандинавын орнууд дундаа нэг албатай. Шведэд нэг хүнд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болоод улсад нь элэг олдохгүй бол Финляндаас элэг гарвал шууд сүлжээгээрээ аваад хүндээ суулгах жишээтэй. Ийм өргөн хүрээтэй ажилладаг. Гэтэл манай улс гурван сая гаруйхан хүн амтай. Дээрээс нь өргөн уудам нутагтай. Зарим хүмүүс их хол оршин суудаг. Ийм нөхцөлд амьгүй донорын асуудал хамгийн төвөгтэй байдаг. Амьд донорууд ихэвчлэн үр хүүхэд нь, төрсөн ах эгч, төрөл төрөгсөд нь байдаг. Сүүлийн донорын хуулиар нэг зөвшөөрөгдсөн зүйл нь хүргэн бэр нь донор байж болно гэсэн байгаа. Хадам аав, хадам ээждээ тохирч байвал эрхтнээ өгч болно. Энэ дээр яагаад ингэж хатуу заадаг гэхээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас эрхтний донор үнэ төлбөргүй байх ёстой гэж зааж өгсөн байдаг. Хэрэв эрхтний донорын наймаа явагдаж байвал тэр оронд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг зогсоох хүртэл асуудал тавигдсан байдаг. 

-Зарим гэр бүл бол бүр зөвшөөрдөггүй юм билээ. 

-Бүр гэр бүл салах ч тохиолдол байдаг. Охин нь ээждээ элгээ өгье гэхэд нөхөр нь зөвшөөрдөггүй. Нөгөө охин дунд нь хэцүү байдалд ордог. Энэ зохицуулалтыг гэр бүл өөрсдөө л шийддэг. Энэ харилцаанд бид оролцдоггүй. Та нар өөрсдөө гэр бүл дотроо зохицоод шийдвэрээ гаргаад ир гэдэг. Бид шинжилгээнүүдийг хийнэ. Хэн нь илүү тохирч байгааг олж тогтоож өгнө. Өгөх эсэх нь та нарын хэрэг, бид энэ дотоод асуудал руу нь орох эрхгүй гэдгээ хэлдэг.

-Зохицуулалтын байгууллага байхгүйгээс энэ бүхэн үүсэж байна. Хамгийн хүнд нь амьгүй донорын тухай ойлголт манай иргэдийн эрүүл мэндийн боловсролд суугаагүй байна. 

-Донорын хуулиар л зохицуулагддаг. Бид 2012 оноос хойш тархины үхэлтэй донорын асуудлыг донорын хуулиндаа оруулж хуульчлаад, ямар тохиолдолд амьгүй донор гэж тооцох юм. Хэн очиж авах юм. Амьгүй донор боллоо гэдгийг хэн тогтоохыг хуулинд тодорхой заасан байгаа. Амьгүй донорыг дотор нь хоёр хуваадаг. Тархины үхэлтэй эсвэл зүрх нь зогссон. Цусны эргэлт нь тогтвортой байх явдал л чухал. Зүрх зогссоны дараа бүх цусны эргэлт нь зогсчихно шүү дээ. Ар гэрт нь зүрх зогслоо. Энэ хүн цаашид амьдрахаа болилоо гэдгийг хэлээд, ар гэр нь зөвшөөрвөл зүрхийг нь буцаагаад хүчээр ажиллуулдаг. Тэгж байж эрхтэнг нь цусаар хангана. Зүрх зогсоод таван минут болчихсон л бол эрхтэн авах шаардлага хангахгүй болдог. Тархины үхэлтэй донорын хувьд тархины амин чухал хэсгүүдийн үйл ажиллагаа нь бүрэн зогссон эргэж сэргэхгүй тохиолдолд л ар гэрээс нь зөвшөөрөл авдаг.

-Иргэдийн ойлголт бол маш замбараагүй явж байгаа. Жишээлбэл, орон гэргүй тэнэмэл хүмүүс нас барсан тохиолдолд эмнэлэг дураараа эд эрхтнийг нь авдаг гээд л цуурч байдаг.

-Донорын эрхтэнг авах мэс засал маш нарийн мэс засал байдаг. Тухайн эрхтнийх нь судас хоёрхон миллиметр байхад, тэр судсыг гэмтээчих л юм бол тэр эрхтэн хэрэггүй болчихдог. Авах эрхтний нэг жоохон хэсэг газарт л гэмтэл үүсгэх юм бол хэрэггүй болно. Бас нэг буруу ойлголт байна. Үүнийг илүү тодруулж бичиж өгөөрэй гэж хүсмээр байна. Зүрх нь цохилж байхад тэр хүний эрхтнийг авдаггүй юм. Зүрх нь зогсоод, эсвэл тархины үхжил болоод үйл ажиллагаа нь зогсоход тухайн донор байрлаж байгаа эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ахлуулсан баг энэ хүн тархины үхэлд орлоо гэдгийг тогтоодог. Цусны эргэлтийг нь л хэвийн хэмжээнд аппаратын тусламжаар л барьдаг. Энэ үед нь эс эд эрхтэн шилжүүлэх албанд мэдэгдээд, тэр алба тархины үхэл тогтоох багтай хамтарч хуралдаад ар гэрт нь донор болгох санал тавьдаг. Ар гэрийнхэн нь зөвшөөрвөл эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах алба багууд руу мэдээлнэ. Тэдэн настай, тийм хүн эрхтний донор болохоор зөвшөөрөгдлөө гэдэг чиглэл өгсний дараа багууд ажиллаж эхэлдэг. Хүлээгдэж буй өвчтөнүүддээ бөөр бол эдийн тохироог, элэг бол цусны бүлгийн тохироо болон бусад бүх үзүүлэлтийг богино хугацаанд тодорхойлно. Тэгээд хамгийн хүнд байгаа, хамгийн залуу хүнээ өвчтөнүүд дундаасаа дуудаж эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа хийгддэг. Эрхтэн авах мэс засал 5-6 цаг үргэлжилдэг. Цусны эргэлт зогсоогүй үед нь авах эрхтнээ чөлөөлөөд, ялгаж авахад бэлдээд тавьдаг. Харин эрхтнээ авахдаа цусны эргэлтийг нь зогсоож байгаад авдаг. Түүнээс зүрх нь цохилж байхад авахгүй. Судас шөрмөс бол бүр нарийн. Элэг бөөрөө авсны дараа судас шөрмөсийг нь авах ажиллагаа цогцсон дээр хийгддэг. Үүнийг манай иргэд ойлгохгүй байгаа. Ойлгохгүй байх нь ч аргагүй. Энэ бол маш нарийн, мэргэжлийн асуудал учраас. Одоо бол бараг л амьд хүний шөрмөс судсыг бүгдийг нь хамаад авчихсан юм шиг юм яриад байгаа. Бүр талийгаач болсных нь дараа авч байгаа зүйл шүү дээ. Жишээлбэл, элгийг аваад зургаан цагийн дотор шилжүүлэн суулгах ёстой. Үгүй бол элэгний үйл ажиллагаа алдагдана. Элгээ аваад шууд мөстэй саванд хийнэ. Дараа нь тусгай эрхтэн угаах уусмалаар угааж элгээ авчрахад бид элэг тавих реципиентийнхээ элгийг суллаад авчихсан байх ёстой. Ингэж байж энэ үйл явц зургаан цагийн дотор багтдаг. Минут секундээр хэмжигддэг нарийн ажиллагаа байдаг. Хэрэв зургаан цаг өнгөрчихвөл нөгөө элэгний үйл ажиллагаа явагдахаа болино. Тавьсан эрхтэн маань ажиллахгүй бол ямар асуудал гарах билээ. Тийм учраас маш нарийн тооцоолол явагдана. Донор гарлаа гэсэн мэдээлэл ирэнгүүт баг ажиллаж эхэлдэг.

-Шинжлэх ухааны ийм нарийн зүйлийг яаж иргэддээ ойлгуулах ёстой юм бол ?

-Би анх удаа ийм нарийн процессыг ингэж өөрт тань тайлбарлаж байна. Яагаад гэвэл саяын үйл явдалтай холбоотой олон асуудал гарлаа. Ингэж тайлбарлахгүй бол хүмүүс ойлгодоггүй юм байна гэдгийг бид харлаа. Яг ийм нарийн зүйлийг гэхээсээ илүү хэчнээн хүн амьдруулсан, хэчнээн хүнд тус болсон гэх үр дүнг мэдээлэх нь манайханд сонин байдаг. Тийм учраас л зүрх нь зогссон үед нь эрхтэнг нь авч байна уу, зогсоогүй үед нь авч байна уу  гээд мэдэхгүй зүйл дээрээ хоёр талцаад хэрэлдээд байна. Ийм шаардлага байхгүй. Ийм мэргэжлийн нарийн асуудлыг хялбаршуулаадтайлбарлаад сууж байгаадаа би харамсаж байна. Гэхдээ энэ тайлбарыг өгөхгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгосон.

-Тархины үхэлтэй донорын олдоц монголд маш ховор. Энэ талаар?

-Монголчууд талийгаач болж байгаа хүнээ гэмтээхгүй, бүтэн биеэр нь байлгана гэдэг. Ийм уламжлалт ойлголт байна. Гэхдээ бид нар шашны олон хүмүүсийг олж уулзсан. Талийгаач Г. Пүрэвбат лам бид нарт бурхан багш өөрөө нүд нь сохорсон хүнд өөрийнхөө нүдийг өгөөд мэлмийг нь нээж байсан байдаг юм шүү гэж хэлж байсан. Эрхтний өглөг бол буяны дээд буян болохыг шашны номд бичсэн байдаг. Манай баг донор болооч гэдэг асуудлыг сурталчлах эрх байхгүй. Энэ сурталчилгааг хийдэг газар нь “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах алба” юм. Одоо харин энэ өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор тодорхой ахиц гарч байна. Манай улсад одоо л “ Хэрэв надад ямар нэгэн гэнэтийн, золгүй тохиолдол үүсвэл би эрхтнээ бусад өвдөж зовсон хүмүүст  шилжүүлнэ, хандивлана” гэсэн гэрээслэл бичиж байгаа залуучууд гарч ирж байна. Манай “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах алба”-д өнөөдрийн байдлаар 300 гаруй иргэн “Би эрхтний донор болно” гэсэн карт авсан байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа манай донорын хуульд хувь хүн хэчнээн өөрөө зөвшөөрсөн байсан ч ар гэрийнх нь гурваас доошгүй хүнээс заавал зөвшөөрөл авна гэсэн заалт байгаа. Тэгэхээр тэр хуулиараа л явна. Гэхдээ тухайн хүн амьд ахуйдаа би эрхтний донор болно гэж зөвшөөрөл өгсөн карттай байвал мэдээж гэр бүлийнхэн нь хүндэтгэж үзэх байх.

-Би эрүүл мэндийн тоймч биш учраас илүү энгийн хүмүүст ойлгогдох хэлбэрээр асуугаад байгаа шүү. Та ойлгоорой. Яг удам зүйн шинжээрээ тохирсон байх нь хамгийн алтан тохироо юу. Эхлээд яагаад заавал төрсөн ах дүүс дотор нь шинжилдэг вэ. Гэтэл  цусны бүлэг таарахгүй байсан ч энэ төрлийн хагалгааг хийдэг түвшинд анагаах ухаан оччихсон байна.

-Нэг өндөгний ихэрт нь эрхтэн шилжүүлэн суулгахад маш сайн тохирдог. Ихэр гэхээр тэр хоёр хүн генетикийн хувьд нэг хүнээс ялгаагүй. Ийм тохиолдолд мэс заслын дараа дархлаа дарангуйлах эмийг бараг хэрэглэхгүй байх, бага хэмжээгээр хэрэглэх тохиолдол ч гардаг. Энэ нь удам зүйн талаасаа нэг өндөгний ихэр байвал хамгийн алтан тохироо бүрддэг гэж хэлж болно. Гэхдээ элэгний хувьд цусны бүлэг тохирох юм бол донор болдог. Орчин үед шинжлэх ухаан хөгжөөд, дархлааг нь хүчтэй дарангуйлдаг эмүүд бий болчихсон учраас тэр эмээрээ дарангуйлаад явчихдаг. Өөрийн тань түрүүн асуусан цусны бүлэг тохироогүй хүнээс өнөөдөр бид монгол улсад элэг, бөөр шилжүүлэн суулгаж байгаа. Энэ бол хамгийн өндөр технологи. Тэгэхээр мэс засалд орохын өмнө реципиентийнхээ дархлааг дарангуйлж байна гэсэн үг. Шинэ элэг тавихад дархлаа нь өрнөчихгүйгээр, ондоошуулахгүйгээр дархлаа дарангуйлах эмээ хэрэглээд явчихна. Энэ бол олон оронд хэрэгжиж чадаагүй байгаа технологи. Монгол Улсын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа бол өндөр хөгжсөн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сая хүн амд ноогдох элэг шилжүүлэн суулгасан тоогоороо манай улс нэгдүгээрт орчихсон явж байна билээ. Элэг шилжүүлэн суулгасны дараа 1, 3, 5 жил амьдрах чадвар нь 90-ээс дээш хувьтай. Манай багш нарын амжилтын дараа бидний амжилт явж байгаа. Хэдийгээр бидэнд Солонгос, Герман, АНУ шиг тоног төхөөрөмж, ажиллах нөхцөл, цалин хангамж байхгүй ч бид нар дэлхийгээс хоцроогүй гэдгийг харуулж байгаа юм.

-Техник технологийн хувьд төрөөс хэр дэмждэг вэ. Та нарыг хамгийн сайн ойлгосон Эрүүл мэндийн сайд гэхэд хэн байв ?

-Анх 2007 оноос хойш элэг шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлэх гээд туршилтын мэс засал хийх үед биднийг цорын ганц ойлгосон хүн бол тэр үеийн АШУҮИС-ийн захирал, академич Ц.Лхагвасүрэн байсан. Биднийг дэмжиж, анх туршилтын мэс заслын лаборатори байгуулж өгч байсан. Анх бид гахайн дээр дадлагын ажлаа эхэлж байсан. Энэ бол бидний мартагдашгүй дурсамж. Дараа нь биднийг маш сайн ойлгож, дэмжиж энэ хагалгааг эхлэхэд том дэмжлэг үзүүлсэн хүн бол миний багш юм. 

Бид нэг ширхэг багажгүйгээр 2011 онд ажлаа эхэлсэн. БНСУ-ын Асан анагаах ухааны төвийн, дэлхийн том эрдэмтэн Сан Гю Ли профессор гэж бидний багш. Энэ хүнд бид анх хүсэлт тавьсан л даа. Үндсэндээ энэ үйл хэрэг хувь хүний хооронд үүссэн харилцаагаар эхэлсэн. Бид нарт ганц ширхэг багаж байхгүй байхад профессор багш маань багаа удирдаад хоёр портер дүүрэн багажаа ачиж ирээд, анхны хагалгааг 2011 онд хамтарч хийж эхэлсэн. Үнэндээ эхний хэдэн хагалгаан дээр бидэнд багаж байгаагүй. Дандаа Солонгосчууд ирэхдээ багажаа ачаад ирдэг. Бид нар гаалиар гаргах гэж хэцүүддэг байсан. Ер нь 2007 оноос 2011 оныг хүртэл биднийг элэг шилжүүлэн суулгана гэхэд ойлгодог дарга ч байгаагүй, сайд ч байгаагүй. Та нар юу яриад байгаа юм бэ л гэдэг байсан. 2011 онд анхны хагалгааг амжилттай болсны дараа биднийг ойлгож эхэлсэн. 2012 онд биднийг дэмжиж, багажтай болгож өгсөн Ерөнхий сайд бол Н.Алтанхуяг байсан. Н.Алтанхуяг сайдын Засгийн газрын үед бид асуудал тавьж бидэнд 1.6 тэрбум төгрөг хуваарилж өгөөд түүгээр нь хэрэгцээтэй бүх багажаа худалдаж авч байсан. Энэ багаж маань ганц ганц хувь байдаг. Бид нар багажаа эвдэрчих вий гэхээс бараг л үхэх шахам айдаг. Тэрэнд хэрэглэдэг микроскопыг ялих шалихгүй мэс засалд хэрэглээд байхаар нь паарандаа нохойн гинжээр гинжилж хүртэл явсан. Ингэлээ гээд шүүмжлүүлж л байлаа. Дараа нь бид энэ багажаа бүтэн 12 жил хэрэглэсэн. 12 жил энэ багажыг хэрэглэхээр муудна. Ч.Хүрэлбаатар сайдад бид дахин асуудлаа тавьж байж, тэр хүн сэтгэл гаргаж бидэнд 3.5 тэрбум төгрөгийн багаж авч өгсөн. 

-12 жил хэрэглэсэн гэхээр ашиглалтын хугацаа ч дуусчихна биз дээ? 

-2012 онд авч байсан багажууд бүгд дараагийн хувилбар нь үйлдвэрлэгдэж шинэчлэгдээд, нэг удаагийн хэрэглээний багажууд нь олдохгүй болсон. Дэлхийн анагаахын шинжлэх ухаан үсрэнгүй хөгжиж байна. Энэ багаж ганц элгэнд биш бүх мэс засалд хэрэглэгдэнэ. Ингээд ирэхээр элэгддэг, хорогддог. Тийм учраас жил бүр нэн шаардлагатай багажуудаа ганц нэгээр нь авч л байгаа. Гэхдээ бүрэн багаж хангагдаж чадаагүй л байна. 

- Дахиад л гунигтай байна гэхээс өөр үг хэлж чадахгүй нь дээ. 

-Хэрэв бидэнд эрхтэн шилжүүлэн суулгасны дараах ор маань гурав биш найм байсан бол, хагалгаа хийх боломжтой өрөө нэг биш хоёр байсан бол бид хүний нөөцийн хувьд зэрэг хоёр хагалгаа хийх багаа бэлдчихсэн байгаа. 

- ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ ДОНОР БАЙХГҮЙ. ОДОО 500 ХҮН ХҮЛЭЭЖ БАЙНА -

-Хүүхдээс ясны үүдэл эс, чөмөгнөөс бусдыг шилжүүлэн суулгах зорилгоос авахыг хуулиар хориглодог юм байна. Энэ дэлхийн жишгийн хууль уу. Хүүхдийн асуудал эмзэг. Өнөөдөр хүүхдүүд маш их донор шилжүүлэн суулгах мэс засалд орж байгаа. Өнгөрсөн жил л гэхэд танай дээр хоёр хүүхэд орсон байна. Тийм жоохон хүүхдэд элэг шилжүүлэн суулгаж байна гэхээр... Бас хууль уншиж байхад “Хүйн цус” гэж огт дуулаагүй зүйл тааралдсан. “Хүйн цус” гэж юу юм бэ ?

-Манай улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа л хийгдэж байгаа. Бусад чиглэлийн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хөгжөөгүй байна л даа. Бүгд гадагшаа явдаг. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг бид найман хүүхдэд хийсэн, бүгд эсэн мэнд байгаа. Сайхан амьдарч байна. Эхний элэг шилжүүлэн суулгасан хүүхэд 2014 онд гэхээр 10 жилийн өмнө. Өнөөдөр өндөр сайхан залуу болчихсон. Дөрвөн настай мэс засалд орж байсан өнөөдөр 14 настай болсон байна. Бид нар хараад өхөөрдөөд л, баярлаад л явж байдаг. Тэд маань бүгдээрээ л бидэнтэй холбоотой байдаг. Хамгийн сүүлийнх нь ой гурван сартайгаас нь эхэлж бэлдээд, ой зургаан сартай байхад нь элэг шилжүүлэн суулгасан. Одоо бол 39 хонож байна. Эмнэлгээс гарчихсан. Хотын хүүхэд л дээ. Одоо маш сайн байгаа. Яг өнөөдөр бид ой дөрвөн сартай хүүхдэд элэг шилжүүлэн суулгахаар шийдвэр гаргаад байж байна. Ааваас нь авч суулгахаар болсон. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгахад ихэвчлэн эцэг, эхээс нь элэгний хэсгийг авч суулгадаг. Хүүхдүүд төрөлхийн цөсний зам нь битүү төрчихдөг. Цөсны зам нь битүү төрсөн хүүхэд амьдарч чадахгүй. Төрснийх нь дараа хэдхэн хоногтой байхад нь элгийг нь гэдэстэй нь холбох мэс засал хийдэг. Өөрөөр хэлбэл цөсийг нь шууд гэдэс руу нь оруулах мэс засал гэсэн үг. Гэхдээ энэ бол төгс ажилбар биш. Түр зуурын буюу хүүхдийг нэг ой өнгөртөл, хоёр нас хүртэл нь л амьдруулах ажилбар. Үүний дараагийн ажилбар бол ерөөсөө л элэг шилжүүлэн суулгах хагалгаа. Хүүхдэд голдуу жижигхэн элэг тавигддаг учраас ар гэр хамаатан садангаас нь авч хийдэг. Тархины үхэлтэй донороос одоохондоо аваагүй байгаа. Тархины үхэлтэй донор манайд ховор гэж түрүүн би хэлж байсан. Элэг шилжүүлэн суулгасан 10 гаруй жилийн түүхэнд тархины үхэлтэй донороос 37 хүнд элэг шилжүүлсэн. 12 жилийн хугацаанд гэхээр цөөхөн гэсэн үг. 12 жилд 37 гардаг донорыг одоо 500 гаруй хүмүүс хүлээгээд сууж байгаа. Ахиухан гардаг байсан бол тархины үхэлтэй донорын элгийг хоёр хуваагаад тавьж болдог. Бүр сайхан том элгийг том хэсгийг нь том хүнд, үлдсэн хэсгийг нь хүүхдэд тавьж хоёр хүний амь аврах боломж байдаг. Амьд донороос элэгний талыг л авдаг. Харамсалтай нь тархины үхэлтэй донор ерөөсөө байхгүй. Элэг хамгийн сайн төлждөг, эзэндээ үнэнч эрхтэн. Эцсийнхээ эсийг хүртэл хүнийхээ төлөө амьдардаг. Амьд донорын элэгний гуравны хоёрыг нь л шилжүүлэн суулгадаг. Өөрт нь 33 хувийг нь үлдээгээд 66 хувийг нь авч реципиентдээ тавьдаг. Донорын элгийг гурван сарын дараа шалгахад 80 хувь нь төлжчихсөн байдаг. Ийм л гайхалтай эрхтэн шүү дээ. 

-“Хүйн цус” гэж ямар учиртай зүйл вэ ?

-Та донорын хуулийг нарийн уншжээ. “Хүйн цус” гэж дөнгөж төрсөн хүүхдийн хүйн цусанд эх эс гэж байдаг юм. Тэр эсийг зохих орчинд нь ургуулах юм бол ямар ч эрхтнийг ургуулж болдог. Өнөөдөр дэлхий дахинд үүдэл эсээс нь элэг, бөөр, бусад эрхтэн ургуулах лабораторийн үйл ажиллагаа явагдаж байна. Манай улсад харамсалтай нь  “хүйн цус”-ны асуудал төдийлөн хөгжөөгүй байна. “Хүйн цус”-ыг эсийн бай эмчилгээнд хэрэглэх тохиолдол байдаг. “Хүйн цус” бол эрхтэн. Эрхтний банк гэж маш том ойлголт байна. Өндөр хөгжилтэй бүх оронд байдаг. Харамсалтай нь манайд үгүй. 

-Эрхтний банкинд ямар ямар эрхтэн хадгалж болдог вэ? 

-Эрхтний банкинд бүхий л судас, шөрмөс, удаан хадгалагдах боломжтой хүйн цус, бүр хавдартай хүний хавдрын эсийг авч хөлдөөж байгаад тэр хүнд дахин хавдар гарвал хөлдөөсөн эх эсийг нь тусгай нөхцөлд хоруу чанарыг нь арилгаж байгаад тарьдаг бай эмчилгээний арга ч бий болсон. 

-Бурхан минь. Ямар гайхалтай юм бэ?

-Ер нь эсийн эмчилгээ бол асар өндөр түвшинд хөгжчихсөн. Эс эдийн банк байхгүйгээс, бид тархины үхэлтэй донороос судсыг нь авсан ч  14 хоног л хадгалж болдог. Тэгэхээр бид 14 хоног хадгалж байгаад дараагийн элэг солиулах нэг юм уу хоёр хүнд л тэр судсыг ашигладаг. Эдийн банктай бол тэр судсыг сар хадгалах боломжтой. Судасны банк байхгүйгээс болоод элэгний нэг судас битүү бөглөрчихсөн байвал түүнийг орлуулах судас бидэнд бэлэн байхгүй л байдаг гэсэн үг. Зөвхөн орлуулах урт судас байхгүйгээс болоод элгийг шилжүүлэн суулгах боломжгүй болно. Тэгээд арга буюу өвчтнөө гадаад руу явуулдаг. Жилд 30-40 хүн гадаад явдаг. Эдгээрээс 20 хүрэхгүй нь манай багаар дамжиж явдаг. Зарим нь мөнгөтэй учраас шууд явчихдаг. Хэрэв банктай байсан бол монголдоо солиулах боломжтой болно. Нэг хүнд элэг шилжүүлэн суулгахад гадаадад миний шавийн эрдмийн ажлын тооцоогоор наад зах нь 240 сая төгрөг зөвхөн элэг солиулах мэс засалд зарцуулна. Монгол Улсад шилжүүлэн суулгавал дунджаар 92 сая төгрөг зарцуулна. Гэхдээ энэ мөнгө даатгалаас төлөгддөг. Гадаадад элэг шилжүүлэн суулгавал гурав дахин их мөнгө гадагшаа урсаж байна. Гадаадад элэг шилжүүлэн суулгуулсан бүх хүмүүс манай баг дээр ирж хянагддаг. Тэгэхээр манай ачаалал ямар болох нь тодорхой. 

-Донорын хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна уу, үгүй юу гэдгийг донорын тухай хуулинд нарийн заажээ. Гэтэл өнөөдөр эмч хүн ял авчихаад байж байна. П.Батчулуун эмчийг танай багийн нэг том тулгуур хүч, таны мэргэжлийн том хамтрагч, анд нөхөр тань болов уу гэж бодож байна. Та хэдийнээс түүнийг мэддэг болсон бэ. Хувь эмчийнхээ хувьд, туулж яваа тавилангийн хувьд ямархуу түүхтэй хүн юм бол ?

-П.Батчулуун эмчтэй холбоотой энэ асуудал гарснаар манай эрүүл мэндийн салбарт, эмч нар бидэнд асар их айдас, сэтгэл санааны цохилт өгч байна. Дээрээс нь тархины үхэлтэй донорын асуудал ингэж ил, хамаа замбараагүй хөндөгдсөнөөс хойш үндсэндээ зогсож, өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойш нэг ч тархины үхэлтэй донор гараагүй. Энэ хооронд хэчнээн хүн тархины үхэлтэй донор хүлээж байгаад мөнх бусыг үзэв. Ингээд бодохоор энэ явдал нийгэмд ч, эрүүл мэндийн салбарт ч хор уршигтай зүйл боллоо. Анхнаасаа ард түмний дунд буруу ойлголт төрүүлсэн. Мэдээлэл цацах өнгө, өнцөг нь анхнаасаа ийм зорилготой гэмээр явсан. Дөнгөж хөл дээрээ тогтож ядаж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах энэ салбарыг уналтанд оруулах хэмжээний дайралт боллоо. Энэ нь өөрөө амь амьдрал гуйн залбирч, өдөр хоног тоолон хүлээж байдаг өвчтнүүдэд асар их хохирол учруулж байна. П.Батчулуунтай холбоотой асуудал дээр фэйсбүүк дээр явж байгаа тэр коментуудыг харахад үнэхээр гомдмоор, даанч яав даа гэж халагдах сэтгэл төрсөн. Дөнгөж хөл дээрээ зогсож байгаа, залуухан салбарыг ингэж доромжилж болохгүй дээ гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна. Яагаад вэ гэхээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ манай улс шиг эдийн засгийн хувьд хязгаарлагдмал оронд тэр болгон ийм хэмжээнд хөгжөөд байдаг шинжлэх ухаан биш. Чин үнэнийг  хэлэхэд төр засгийн дэмжлэг, үе үеийн сайд дарга нарын дэмжлэг байлгүй л яахав. Түрүүн би дурдсан. Гэхдээ эх орныхоо анагаах ухааныг хөгжүүлье, хүн ардынхаа эрүүл мэндийг аваръя гэсэн хэдэн эмч, эмнэлгийн ажилчдын чин сэтгэлээр л нутагшиж, өдий зэрэгтэй хөгжсөн салбар шүү. Хэсэг эмнэлгийн ажилчдын 20 гаруй жилийнхээ амьдралаа зориулсан асар том үйл явц. Ингээд бодохоор харамсахгүй байх арга алга. Нөгөө талаас нь бодоод үзэхээр бид ард түмэндээ ойлголт өгөөгүй юм байна. 

- Энэ та нарын үүрэг биш шүү дээ. УИХ нь баталж байгаа хуулиудаа иргэдэд огт таниулдаггүй. 

-Тийм. П.Батчулуун гэж ер нь хэн юм бэ гэж та түрүүн асуулаа. П.Батчулуун эмч Иркутскийн Анагаах Ухааны дээд сургууль төгсөөд л Улсын нэгдүгээр төв эмнэлэгт мэс заслын эмчээр ирж ажилласан хүн. Тэр цагаас эхлээд би П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө зүтгэж ирсэн. 

- П.Батчулуун эмчийг хамгийн сайн мэдэх эмчтэй ярилцлага хийе гээд гуравдугаар эмнэлэг рүү хандаж үзсэн юм. Яг эд эрхтэн шилжүүлэн суулгах салбар луу хувь заяагаараа хамт явсан гэвэл О.Сэргэлэн багшаас өөр тэр хүний тухай ярих хүн байхгүй байх. Энэ хоёр хүн бараг тангараг өргөөд, хэн ч зориглоогүй байхад энэ рүү орж байсан гэж шавь нь хэлсэн.

-Ер нь үнэн л дээ.  2007 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Финлянд, Герман руу элэг шилжүүлэн суулгах чиглэлээр хоёр эмч сургах шийдвэр гаргасан юм. Тэр хоёр эмчээр нь П.Батчулуун бид хоёр сонгогдсон. Тэгээд Финляндад гурван сар, Германд нэг сар тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засалд суралцаж, монголдоо ирж нутагшуулахаар хамтдаа явсан. Финляндад очоод бүх үйл ажиллагаанд нь оролцоод л яг дунд нь ороод явсан. Бидний багш Хүүкер Стедт гээд их мундаг профессор байсан. Профессор бид хоёрыг яг өөрийнхөө хүүхдүүд шиг дагуулаад л ажиллана. Нэгийг нь донорын мэс засалд явуулаад, нөгөөг нь реципиентийнх нь мэс засалд оруулна.  Дараагийн удаа нь зөрүүлээд оруулна. Тэнд бид үнэхээр их юм сурсан. Дараа нь Германд очсон. Финляндад суралцаад дууслаа, хамгийн сүүлийнхээ мэс засалд орчихоод хоёулаа сэтгэлийн үгээ ярилцсан. Энэ хагалгаа манай улсад нэвтрэх бүрэн боломжтой юм байна. Ер нь хэдүүлээ зориглоод хийх хэрэгтэй. Ингэхийн тулд чи бид хоёр энэ эмчилгээг нутагшуултал бие биенээсээ урваж болохгүй. Бие биетэйгээ зөрчилдөж болохгүй, нэг санаатайгаар хоёулаа явж байж энэ эмчилгээг монголд нутагшуулна гээд гар бариад тэврэлдэж байсан.

-Сайхан дурсамж байна. 

-Ерөөсөө өөрөөр байх боломжгүй. Бид эхлүүлэхгүй юм бол хэн, хэзээ энэ ажлыг барьж авах юм. Ийм л хоёр хүн. Ирээд 2007 онд туршилтын мэс заслын үеэ туулж, элэг шилжүүлэн суулгах багаа бүрдүүлээд ажлаа эхлүүлсэн. 24 гахайнд АШУҮИС-ийн подвалд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байлаа. Бид дандаа хагассайн өдөр, шөнийн цагаар туршилтын мэс заслаа гүйцэтгэдэг байсан.

-Та нарыг 20 жилийн дараа хийх мэс заслыг одоо хийж, хүний амиар тоглох гэж байна гээд зарим хэсэг нь эсэргүүцэж байсан гэж дуулсан ?

-Том үйл хэргийн төлөө явж байхад тэр байтугай юмтай тулгардаг. Ингээд явж байтал  2010 онд Бээжинд олон улсын том хурал болсон. Тэр хуралд албан ёсоор намайг урьсан. Бид албан ёсоор урьсан хуралд очино уу гэхээс тэр болгон зардлаа гаргаад яваад байх боломж байхгүй шүү дээ. Албан ёсоор урихаар зочид буудал нь үнэгүй. Хурлын хөтөлбөрийг нь хараад сууж байтал Сан Гүю Ли профессор хурлыг даргална гэсэн байсан. Тэгээд би и-мэйл бичлээ. Би монголоос энэ хуралд оролцох гэж байгаа эмч байна. Тэр үеэр та бидэнтэй уулзах зөвшөөрөл өгнө үү. Тантай уулзах хүсэлтэй байна. Манай монголд элэгний эмгэг их байдаг гээд л бичсэн. Тэгсэн профессороос “ Би ойлголоо. Хурлын дундуур хэдийд ч хамаагүй чи намайг олоод уулзаарай” гэсэн товчхон хариу ирсэн. Тэгээд л П.Батчулуун, С.Эрдэнээ багш хоёрыгоо дуудаад та хоёр замын үүдээр дамжаад арай хямдаар Бээжин яв. Би хоёр ортой өрөө захиалчихсан. Гурвуулаа зочид буудалд нэг өрөөнд орчихно гээд ярилцлаа. Ерөөсөө элэг шилжүүлэн суулгах мэс заслаар өвчилчихсөн байсан л даа. Энэ хоёр маань зөвшөөрөөд Бээжинд очсон. Өрөөндөө П.Батчулуун маань газраар унтаад, С.Эрдэнээ бид хоёр арай ахмад юм болохоор орон дээрээ унтана. Тэр хурал дээр бид Ли профессорыг олж уулзсан. Манай монголд нөхцөл байдал ийм хүнд хэцүү байна. Бид эх орондоо элэг шилжүүлэн суулгамаар байна. Бид нар 24 гахайд элэг шилжүүлэн суулгасан гээд л хамаг зовлонгоо ярьсан. Тэр үед Эрүүл мэндийн сайдаар С.Ламбаа гуай ажиллаж байсан. С.Ламбаа гуайд элэг шилжүүлэн суулгах талаар олон удаа санал тавьсан. С.Ламбаа гуайн өмнөх сайд нарт очоод ярихаар бараг л  “Та нарын мэдрэл зүгээр үү” гэдэг байсан. Харин С.Ламбаа гуай ойлгосон. За, та нар гаднаас хамтрах хүмүүсээ олчих, дараа нь ярилцъя гэсэн. Бас нэг жоохон боломж байсан юм болов уу даа,  С.Ламбаа гуай хамтрах газраа олоод ирвэл Засгийн газраас хэдэн төгрөг олж өгөхийг бодъё гэж хэлсэн. Тэр хэлсэн үгэнд нь баярлаад л,  очоод Ли профессортой уулзаж байгаа юм. Бид нарт Засгийн газраас маань мөнгө өгнө гэсэн. Та бид нарыг сургачих гээд гуйлаа. Ли профессор бодож байснаа “Би очоод төвтэйгөө ярилцана. Эргээд хариу өгье. Одоо бол шууд тэгнэ, ингэнэ гэж хэлж чадахгүй байна” гэж хэлсэн. Очоод долоо хоногийн дараа 12 хүнийг чинь дөрөв дөрвөөр нь сургая. Та хэд ирэх хуваариа гаргачих гэсэн хариу и-мэйл хүлээж аваад бөөн баяр болж байгаа юм. Өнөөхөө бариад сайд дээрээ орсон чинь “Одоо та нарыг сургах гэхээр мөнгө байхгүй байна” гэх хариултыг сонссон. Ли профессор 10 сараас эхлээд дөрөв дөрвөөрөө хүрээд ир гээд хариу өгчихсөн байдаг. Мэдээж сургалтын зардал үнэтэй. Нэг хоногийн сургалтын зардал нэг хүний 120 доллар. Сайд сонсоод л гацчихсан. Эргээд Ли профессортоо манай монголын эдийн засаг хүнд байгаа учраас явах төлбөрөө 10 сарын дотор олж чадахгүй болчихлоо, танд ажил удсандаа уучлал гуйж байна гээд л бичсэн дээ. Сэтгэлээр унаж байгаа юм. Тэгсэн Ли профессороос хэд хоногийн дараа  “Ок,  Сэргэлэн би өөрийнхөө сангаас танай 12 хүнийг сургах санхүүжилт гаргахаар шийдчихлээ. Та хэд ирэх зардлаа өөрсдөө төлөөд хүрээд ир” гэсэн. Тэгээд 12-уулаа дөрөв нь хагалгааны сувилагч, найман эмч явсан. Хоёр хоногийн дараа Ли профессор “ Монголд бизнес хийдэг Солонгос эмэгтэйн нөхөр нь надаар элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн юм. Энэ эмэгтэй та нарт 5000 доллар хандивлахаар болсон. Үүгээр ирэх очих зардлаа хийгээд хүрээд ир” гэсэн. Ингэж анх бид багш нартайгаа холбогдож, сар сараар явж сурсан. 

-Үнэхээр гайхалтай багштай юм аа...

-Гайхамшигтай хүн. Эхний хагалгаа хийх гэхэд маш их багаж хэрэгтэй болдог. Асан эмнэлэг дээр хэрэглэж байгаа багажнуудын зургийг нь аваад, Асаны багажны дэвтрээс бүгдийнх нь үнийг бичиж аваад монголдоо ирж байсан. Эхний дөрвөн хагалгаан дээр Асан эмнэлэг багажаа авчирч өгдөг. Элэг тайрдаг аппарат гэж хөргөгч шиг том хэмжээтэй эд байдаг гээд л бод. Тэрийгээ хүртэл аваад ирдэг байсан. Өмсөх халад, бээлийгээ хүртэл авчирдаг. Тэр үед дархлаа дарангуйлах эм монголд байхгүй. Дархлаа дарангуйлах эхний 10 хүний эмийг хүртэл Асанаас Ли профессор маань өгч байсан. Эхний хагалгаанууд дээр өөрсдөө ирж хамт орж байсан.  Эхлээд 25 хүнтэй баг ирж байгаад, ирэх бүртээ хүнийхээ тоог цөөлөөд, бидний мэс засалд оролцох эмчийн тоог нэмсээр байгаад сүүлдээ дөрвөн хүн ирдэг болсон. Эхний 33 хагалгааг хамтарч хийсэн. Бүгдийг нь тэд маань монголд ирж хийлцсэн. Тэр олон хүн ирж хагалгаа хийнэ, тэр бүх зардлыг Солонгосын Асан анагаах ухааны төвөөс Ли профессор өөрөө гаргаж байсан. Дээр нь өнөөдөр ч манай багаас элэг шилжүүлэн суулгахад суралцахаар эмч нар маань сараар явдаг. Энэ бүх зардлыг өнөөдрийг хүртэл Асан анагаах ухааны төв 10 жилийн турш даагаад явж байна.

-Монголд хамгийн анхны элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон хүн одоо хэдэн нас хүрч байгаа вэ ?

-44 настай эмэгтэйд хийсэн. Хүүгээс нь элэг авсан. Хүү нь 21-тэй байсан. 2011 оны 09-р сард анхны хагалгаагаа хийсэн. Одоо эсэн мэнд, сайхан амьдарч байгаа. Гэхдээ тэр их сонин тохиолдол болсон. Анхны элэг шилжүүлэн суулгуулах хүн маань Солонгост амьдарч байсан. Элэг шилжүүлэн суулгуулах гээд Асан эмнэлэг дээр сүмийн журмаар очсон. Сүмийн журмаар болохоор хөнгөлөлттэй, төлбөргүй хийдэг байсан юм шиг байгаа юм. Тэр хүнийг Асан эмнэлгийнхэн тэндээ бэлдээд хагалгаа хийх бүх бэлтгэлийг хангаад авчирсан. Хүү нь монголд байсан. Хүүгийн бүх шинжилгээг бид эндээ бүрдүүлж явуулсан. Тэр хүн маань одоо Солонгост Ли профессорын хяналтанд байгаа. 

-Түрүүн хоёулаа ярьж байгаад орхичихсон. Одоо манай иргэдэд цусны бүлэг таараагүй донороос элэг шилжүүлэн суулгаж болдог гэдэг ойлголт ч байхгүй байна. Удам зүйн хүрээнд л явагддаг, өөр боломжгүй, хар элгийн хүн таарах боломж байхгүй гэсэн их хумигдмал мэдээллийн орчинд байна. Гэтэл энэ цусны бүлэг таараагүй донороос ч эрхтэн шилжүүлэх нарийн технологи манайд хэрэгжээд эхэлчихсэн байдаг. Цусны бүлэг тохироогүй хэдэн хүнд хагалгаа хийсэн бэ ?

-Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг бид дөрвөн жилийн өмнөөс хийж эхэлсэн. Мөн л Асан төвийн удирдамжийн дагуу багш нараасаа суралцаад, өөрсдөө бие дааж хийсэн. Одоо бол таван хүнд цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгасан байгаа. Одоо дахиад хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах гэж байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа 100 хувь эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг. Ажил эрхэлж буй хүн таван хувиа л төлдөг. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа манайд 118 сая төгрөгөөр даатгалаас санхүүждэг. Үүнд донор реципиентийн хагалгаа, 30 хоногийн эмчилгээ бүгд багтдаг. Элэг шилжүүлэн суулгахдаа зориулаад хоёр л хүн таван хувиа төлсөн. Бусад нь эрүүл мэндийн групптэй, эсвэл тэтгэвэрийн болон хүүхэд байна. Өнөөдөр бид 305 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгахад нэмэлтээр 60-аад сая төгрөг зарцуулагддаг. Энэ нь даатгалд хамрагдаагүй. Хувь хүн өөрөө төлдөг. Дээрх мөнгө дархлааг нь унагадаг эмчилгээ, түүнд зориулагдсан багажийн нэг удаагийн төхөөрөмж зэрэгт зориулагддаг. Бүлэг тохироогүй донорын дархлааг унагахад хэрэглэдэг тусгай уусмал байдаг. Тэр уусмалыг зөвхөн тухайн хүнд нь зориулж Германд бэлтгэдэг. Уусмал 40 хоногийн дотор хэрэглэгдэх ёстой. Уусмал бэлдээд эхэллээ гэнгүүт бид энд хүнээ бэлдэж эхэлдэг. Уусмал онгоцоор тээвэрлэгдэн ирэх гэсээр байтал 40 хоногтоо бид эмчилгээг нь арай гэж хийж амждаг. Энэ их нарийн зохион байгуулалт ордог. Одоо долларын ханш нэмэгдсэнтэй холбоотой 60 гаруй сая төгрөг болчихсон. Бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгадаг төв дэлхийд цөөхөн байдаг.

-П.БАТЧУЛУУН БОЛ ЭНЭ АЖЛЫН ТӨЛӨӨ ӨӨРИЙНХӨӨ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ӨГЧИХСӨН ХҮН-

-Дэлхийтэй зэрэгцээд явж байгаа ч эндээ ойлгуулж чадахгүй яллуулаад зогсож байна. Донорын банк манайд байхгүй. Эмч найз нөхдөөсөө сая болсон үйл явдлын тухай янз бүрийн мэдээлэл цуглуулаад л явж байна. Тархи нь үхсэн амьгүй донорын ар гэр тохиолдлоор зөвшөөрчээ. Юм юм дутуу, тарчигхан нөхцөлд ажилладаг эмч хүний хувьд шунаж яваад ийм хэрэгт орчихлоо гэж тэд ярьж байна. Энэ бол Монголд л эмч хүнд тохиолдох зүйл гэцгээж байна. Зарим нь судас шөрмөсийг нь авах зөвшөөрөл байсан, тэрийг чинь дангаар нь авдаггүй юм шүү дээ гэж хэлж байна. Харин олон нийт эмчийг эд эрхтний хулгайч гэж цоллосон, Төр нь ялласан. Яг юун дээр нь алдчихсан юм бэ. Та юу гэж харж байна вэ ?

-Нэгт, хүн арддаа мэдээлэл дутуу өгсний балаг. Хоёрт, тухайн зөвшөөрөл авсан бичиг дээр элэг, бөөр, судас, шөрмөс гэсэн үг бичигдсэн байгаа. Энэ төрлийн бүх баримт дандаа бичгээр үйлдэгддэг. Тэр баримт дээр элэг, бөөр, шөрмөс гэсэн гурван үг байгаа. Би тэр бичгийг харсан. Эрхтэн авна гэдэг өөрөө ямар хэцүү процесс болохыг би түрүүн ярьсан. Элгийг гэхэд цөсний замтай нь авдаг. Донор эрхтнээр элэг авна л гэвэл автоматаар цөсний замтай нь хамт авна. Бөөрийг авахад шээлэйтэй нь авна. Мэргэжлийн бус хэллэгээр хэлбэл бөөр давсаг хоёрыг холбож байдаг шээсний зам. Бөөрийг холбодог шээсний замтай нь авахгүй бол бөөрөө реципиент дээр суулгалаа гэхэд, бөөр нь шээсээ ялгарууллаа гэхэд хаагуураа явж байж давсаг руу орох юм. Бөөр авна гэдэг судас, шээлэйг нь хамт авна гэсэн үг. Яагаад үүнийг тайлбарлаад байна гэхээр шөрмөс гэдэг үг байгаа. Шөрмөс авна гээд зөвшөөрөл дээрээ зөвшөөрөгдчихсөн. Шөрмөс яагаад зөвшөөрөгддөг вэ гэхээр осолд орчихсон хүмүүс, жишээлбэл, тамирчид тэмцээн бэлтгэлийн үеэр өвдөгний чагтан холбоо тасарч гэмтэл авдаг. Чагтан холбоо нь тасарчихсан тамирчин дахиад тамирчны замнал нь цаашаа үргэлжлэх нь битгий хэл тахир дутуу хүн болдог. Шөрмөс гэдгийг хар ухаанаар ойлговол резин л гэсэн үг. Энэ резин шиг шөрмөсийг хоёр талд нь бэхлэгдэж байгаа ястай нь авдаг. Шөрмөсийг дангаар нь аваад суулгаж болдоггүй юм. Дангаар нь аваад залгахаар хоёр тийшээ татагдаад залгаас нь тасарчихдаг. Хоёр талын ястай нь аваад суулгаж байгаа хүнийхээ ястай бэхлэчихвэл шөрмөс нь бүтнээрээ байдаг. Бүтнээрээ ажиллана гэсэн үг. Дээр үед шөрмөс авах мэс засал эхэлж байхад ясгүй авдаг байсан. Олон жилийн өмнө шүү. Манайд бол шөрмөс авах мэс засал сүүлийн хоёр жил л хөгжсөн. Өмнө нь манайд шөрмөс авдаггүй байсан. 

-Хулгай хийсэн гэж үзэх боломжгүй юм байна шүү дээ.

-Боломжгүй. Шөрмөсийг нэгдүгээрт, шөрмөс бэхэлдэг ястай нь авдаг. Тэр яс нь жоохон томхон шиг байж суулгаж буй хүний ясанд нь бэхлэхэд хялбар байдаг. Яс нь ястайгаа нийлж ургахдаа илүү хурдан байдаг. Шөрмөс цусан хангамж маш муутай эрхтэн учраас нийлж ургадаггүй. Тэгэхээр ястай нь авч байж, ясыг нь ястай бэхэлдэг. Шөрмөс авна гээд зөвшөөрөл авчихсан тохиолдолд бэхлэгдэх яс гарцаа байхгүй хамт авагдана. Энэ л журмаар шөрмөсний асуудал яригдсан. Олон шөрмөс авагдана. Тархины үхэлтэй донороос авахдаа олон судас, шөрмөс авдаг. Тэр болгоныг нь бэхэлдэг ястай нь авсан. П.Батчулуун эмчид уншсан ялын тогтоол дээр тийм шөрмөсийг, тийм ясыг гээд бараг 10 гаруй юм бичсэн байсан. Шөрмөсийг бэхэлдэг ястай нь л авна шүү дээ. 

-Эрүүл мэндийн боловсролгүй хүмүүс шүүж байна. Эрүүл мэндийн шинжээч, эрүүл мэндээр мэргэшсэн өмгөөлөгч гэж байхгүй юм уу ?

-Шинжлэх ухаанаа хөгжүүлэхийн хэрээр улам нарийн асуудлуудтай нүүр тулна. Тэр их айхтар нарийссан мэдлэгийг тэр чиглэлээр явж байгаа хүмүүс л эзэмшдэг болохоос хэн дуртай нь эзэмшдэггүй. Энэ талаар зүгээр нэг сэтгүүлчийн үгээр л шаагьчихсан. Бид танай сэтгүүл зүйн онолын асуудлуудыг мэдэхгүй. Түүнтэй адилхан бидний мэргэжлийн тэр нарийн асуудлыг сэтгүүлч нар мэдэхгүй. Ингэж нүүр нүүрээ харж ярьж байж ойлгоно. Гэтэл нэг сайтаар хамаа намаагүй, мэргэжлийн нарийн учир начрыг нь тодруулалгүйгээр нийгмийг үймүүлсэн мэдээллүүд шууд цацчихсан. Ийм их нарийн процесс явагддаг, олон хүний хөлс хүч ордог ажил учраас бидэнд ард иргэдэд ойлголт өгөх чиглэлээр ажиллах ямар ч боломж байхгүй. Бид шүүхийг буруу шийдлээ гэдэг юм уу,  ямар нэгэн байдлаар тэр шийдвэрт санал өгөх эрхтэй хүмүүс биш. Бид бол эмч нар. 

-Энэ хэрэг дээр та эмчээ хэлмэгдлээ гэж харж байна уу ?

-Яг үнэндээ жаахан гомдож байна. Сурвалжлагч шөрмөсийг дангаар нь авдаг гэж ном сэтгүүлд бичсэн байна гэж эмч хүнээс асуусан байсан. Тэр бол дээр үеийн явдал. Дээр үед дангаар нь авдаг байсан. Шөрмөсийг шөрмөстэй залгахаар тасарчихаад байдаг учраас тэр процесс судалгаагаар батлагдаад ястай нь авъя гэдэг удирдамж орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд бий болсон. Энэ удирдамжаар манай улс явж байгаа. Би шүүхийн нарийн процесст оролцох эрхгүй. Би хуулийн мэдлэггүй. Гэхдээ яг энэ эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний процессыг бүрэн дүүрэн мэддэг эмч хүний хувьд би анагаах ухааны талаас нь тайлбарлаж хэлэх ёстой гэж бодож байна. Ахин хэлье. Шөрмөсийг ясгүйгээр авдаггүй юм. Ясгүй суулгах юм бол тэр нь хэнд ч хэрэггүй. Утас шиг л юм болно. Шөрмөсийг ястай нь л хамт суулгана. Би олон улсын удирдамжийг нь гаргаж ирээд ярьсан ч болно. Энэ мэргэжлийн нарийн ойлголтуудыг ард түмэн маань зөвөөр ойлгоосой. Шөрмөсийг нь авах гэж байгаад хажуугаар нь ясыг нь хулгай хийсэн байна гэдэг ойлголт байж болохгүй шүү дээ. Энэ шинжлэх ухаан Монгол Улсад хөгжиж л байгаа юм бол ард түмэн энэ чиглэлээр ямар нэгэн мэдлэг ойлголттой болох ёстой. 

-П.Батчулуун эмчийг эрүүл мэндийн хувьд тааруу гэх юм. Энэ үнэн үү ?

-Би П.Батчулууны талаар яагаад ингэж их санаа зовж байна гэхээр үнэхээр эрүүл мэнд нь тун муу учраас юм. Үнэхээр энэ ажлын төлөө өөрийнхөө эрүүл мэндийг өгчихсөн хүн. Хүүхэд байхдаа П.Батчулуун тархиндаа гэмтэл аваад бүтэн долоо хоног ухаангүй байхад бидний хайртай Ж.Хайрулла багш эмчилж, энэ хүнийг амьд авч үлдсэн түүхтэй. Тархи толгой нь өвдөнө, тархины даралт ихэснэ. Ялангуяа ийм их стресс авч байхад тархи толгой ямар  байх вэ. Дээрээс нь П.Батчулуун чихрийн шижинтэй. Чихрийн шижингээр олон жил өвдөж байгаа. 2012 оны 12 сарын 13-нд яг донорын хуулиа бэлдээд байж байхад хамгийн их голлож ажиллаж байсан хүн бол П.Батчулуун бид хоёр байсан. Яг тэр өдөр 15 цагт хурал хийнэ гэж байтал тэр гэнэт ухаан алдаж унаад зүрх нь зогссон. Эмнэлэг дээр ажил дээрээ байсан тулдаа амьд гарсан. Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг гэдэг бол агуу тасаг. Тэр агуу тасаг байсан тулдаа хамт олны хүчээр амьд гарсан. Зүрх 16 минут зогссон. Зүрх 10 минутаас дээш зогсвол бүх юм дуусдаг. Тэр үед бид П.Батчулуун маань биднийгээ орхиод явчихлаа л гэж бодсон. Бид алдчихлаа гэж бодож байсан. Цахилгаанаар цохиулдаг багажаар 5-6 удаа цохиулахад зүрх ерөөсөө сэргэж орж ирэхгүй байсан. Одоо ингээд ганц удаа цохиулаад үзье гэтэл зүрх нь ороод ирсэн. Тэр үед нэгдүгээр эмнэлэг дээр зүрхэнд стент тавих үйл ажиллагаа хийгддэггүй байсан. Гуравдугаар эмнэлэг рүү  З.Лхагвасүрэн рүү утасдаад П.Батчулууныгаа цагдаагийн машинаар хамгаалуулан таван  минутын дотор аваачиж өгсөн. П.Батчулууныг түрээд ороход З.Лхагвасүрэн шавь нартайгаа бэлэн зогсож байсан. Ингээд стент тавьж, энэ хүний амь аврагдсан. Чихрийн шижинтэй учраас цус их өтгөн байдаг. Үүнээс болж зүрхэндээ долоон стент тавиулсан. Монголд ч, Солонгост ч тавиулсан. Ийм учраас бидний санаа маш их зовж байна.

-Та хоёр зан чанарын хувьд хэр таардаг вэ. Их хурц ааштай, зарим талаас хүүхэд шиг ч юм шиг сонирхолтой хүн харагдаад байдаг юм. 

-Ер нь бид хоёр хоёулаа хурц. Тулахаа хүрвэл сайн тулна. Гэхдээ хоёр биенээсээ хэзээ ч урвахгүй. Бие биенээсээ уучлал гуйна. За, уучлаарай П.Батчулуунаа гээд л тулаад ярина. Олон удаа муудалцаж байсан. Ялангуяа элэг шилжүүлэн суулгах ажлаа анх хөөцөлдөөд явж байхад, муудалцах сайдалцах зүйл зөндөө байсан. Гэхдээ хэн хэн нь хүлээцтэй,  бие биедээ бууж өгдөг байсан. Хэзээ ч хоёр тийшээ хараад, бие биенээ муулаад явахгүй. Ер нь эмэгтэй мэс засалч бол өөрийгөө эрэгтэй хүн л гээд бодчихдог. (инээв) Бид анх ярилцаад гар барьснаараа, яг л тэр нөхөрлөлөөрөө явсан. Эрэгтэй хүмүүс зодолддог бол бид хоёр арай зодолдох хэмжээнд хүрээгүй. Муудалцах хэмжээнд, нэлээн сайн муудалцаж байсан тохиолдол ч байдаг. Гэхдээ бид хоёр хамгийн гол нь тангаргаасаа хэзээ ч няцаагүй. Өнөөдөр ч тэрэн дээрээ бат зогсож байгаа.

-Асар хүнд дайралтан дунд жил гаруйн турш явлаа. Сэтгэл санаа нь хэр байсан бэ. Та уулзсан уу ?

-Уулзсан. П.Батчулуун маань манай элэг шилжүүлэн суулгах багийн нэг эс, эд нь. Яагаад вэ гэвэл элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийх үед ч гэсэн манай Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн үндсэн гишүүн байсан. Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн алба байгууллагдаад, П.Батчулууны эрүүл мэндийн асуудал ийм төвөгтэй хэцүү байсан учраас цаашдаа мэс засал хийх боломж нь эрүүл мэнд талаасаа хязгаарлагдсан. Ингээд П.Батчулуун эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах албаны даргаар томилогдоод явсан. Өөрийн эрхгүй, ёстой салъя гэж салаагүй, салаа замын эрхээр салсан гэдэг шиг л... Гэхдээ П.Батчулуун эрхтэн шилжүүлэн суулгах гэдгийг яг юу байдаг, ямар хэцүү ажил байдаг, өдөр шөнөгүй хүнийхээ төлөө яаж зовж зүтгэдэг гэдгийг бие сэтгэлээрээ мэддэг хүн. 

-Саяхан 66 настай хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн гэсэн. Манайд 50 нас гараад л одоо миний бие, нас дийлэхгүй гэдэг хандлага түгээмэл байх юм. Миний нэг найз одоо 55 настай. Хавдрын эмнэлэгт ноцтой байдалд орчихоод, эмчлэгдэж байгаа. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохыг эмч зөвлөсөн байна. Гэтэл өөрөө би дийлэхгүй гээд байгаа. Яг хэдэн наснаас эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг хязгаарладаг юм бэ ?

-Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний заавар гээд бидний баримталдаг заавар байдаг. Тэр заавраар элэг шилжүүлэн суулгах хүнийхээ насыг бид 60 гэж авсан байсан. Гэтэл өнөөдөр монголчуудын насжилт уртсаж байна. 60-аас дээш настай хүн элэг шилжүүлэн суулгуулъя гээд ороод ирэхэд “Өө та хөгшин байна, таныг солихгүй” гэхэд хэцүү. Тэгээд ч 60-аас дээш настай хүн элэг шилжүүлэн суулгуулахаар зөндөө орж ирдэг учраас 66 болгож нэмсэн. 66 нас хүртэл заавраараа элэг шилжүүлэн суулгах боломжтой. Гадаадад хийж байснаа оруулах юм бол 60-аас дээш насны 20- 30 хүнд элэг суулгаж байсан.

-Элэг шилжүүлэн суулгасны дараа баримтлах хамгийн том дүрэм нь юу байдаг вэ ?

-Элэг шилжүүлэн суулгуулсны дараа гол баримтлах дүрэм бол гам дэглэмээ маш сайн сахина. Эмээ маш сайн уух. Ерөөсөө л энэ. Гам дүрмээ барихгүй  бол янз бүрийн халдвар авах тохиолдол их байдаг. Жишээлбэл, 300 хүнд элэг шилжүүлэн суулгачихаад харж байхад амьдрах чанар нь 90-ээс дээш хувьтай байгаа. Нас барж байгаа цөөн нь дан цэвэр элэгний эмгэгээр нас бараад байгаа юм биш. Ковидын үед дархлаа дарангуйлчихсан учраас 3-4 хүнээ алдчихсан. Сүрьеэгээр бас 2-3 хүн нас барсан.

-Та АШУҮИС-д олон жил багшилж, олон зуун шавь бэлтгэсэн. АШУҮИС-д  эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэж бэлтгэдэг юм байна. Энэ их ачааллын хажуугаар нийгэмд анагаахын мэдлэг олгох ажлыг яаж бид хийх юм бэ гээд түрүүн хоёулаа ярьсан. Энэ чиглэлээр төгсөж байгаа хүмүүс юу хийдэг юм бэ. Эрүүл мэндийн яаманд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлийн тусгай үүрэг хүлээдэг төвүүд  байдаггүй юм уу ?

-Манай эрүүл мэндийн салбарын бодлого зохицуулалтын асуудал төвөгтэй л байдаг юм. Би 40 жил багшийн ажил хийлээ. Эрүүл мэндийн чиглэлээр сургаж төгсгөж байгаа 14 сургууль байна. Манайх гурван сая гаруйхан хүнтэй шүү дээ. Чанартай нь ч байна, бас чанаргүй нь ч байна. Хувь хувьсгалын гээд. Энэ бүхнийг бодлогоор цэгцлэх л ёстой гэж боддог. Энэ инженер бэлтгэдэг сургууль биш. Дандаа хүний амьтай холбоотой мэргэжилтэн бэлтгэдэг. Эмч бэлтгэнэ гэдэг амар ажил биш. Гэтэл сургалтын  баазтай баазгүй, багшлах боловсон хүчинтэй хүчингүй  төлбөрийг нь аваад яваад байх нь зохисгүй санагддаг. Тийм учраас манай улсын боловсролын салбар бодлогын том шинэчлэл хийх цаг нь болсон. Хоёрт, үнэхээр олон мэргэжилтэн бэлтгэдэг. Чухал чухал мэргэжлүүд байна. Ерөнхий мэргэжлийн эмч нар хороо, суманд ажиллаж байгаа. Олон сайхан залуус ерөнхий мэргэжлийн эмчээр төгсөөд ажилладаг. Үнэхээр сайшаалтай. Эд нар үнэхээр мэдлэгтэй байх ёстой. Жишээ нь, гадаадад бол хамгийн туршлагатай, дадлагатай, хамгийн мундаг мэдлэгтэй хүмүүс нь өрх дээр ажилладаг. Манайд ямар байна. Тийм учраас өрхийн эмч, өрхийн эмнэлгийн чанарыг сайжруулах нь эрүүл мэндийн салбарын нэг чухал бодлого байх ёстой. 

-Өрхийн эмнэлгүүд дээр хамгийн мэдлэг муутай нь очоод байна. Амьдрал дээр тулаанд зөвхөн шонхорууд ордог гэгчээр, мэдлэг чадвараараа дээгүүр жагсдагууд нь ерөнхий мэс засал руу, нарийн мэргэшил рүү ороод явчихдаг нь нууц биш. Та энэ сэдвээр ярих дургүй юу ?

-Шавь нар алагчиллаа гэж гомдох байх. Ямар ч нөхцөлд сайн, дунд сурлагатай, тааруухан оюутан гэж байдаг. Бусад салбарт ч байна. Миний түрүүний хэлж байсан эмч болох хүсэл эрмэлзэл, өвчтөнөө гэсэн чин сэтгэл эмч хүний хамгийн чухал зүйл. 

-Цаанаасаа эмч болохоор заяагдсан...

-Цаанаасаа эмч болохоор заяагдсан хүмүүс байдаг. Ялгардаг. Гэхдээ тэдний зарим нь оюутан байхдаа тааруухан сурч байсан байхыг үгүйсгэхгүй. Мундаг явж байгаа хүүхдүүд байдаг. Тэгэхээр сурлагаар нь дугаарлаж боломгүй. Ганцхан үүний цаана сэтгэл зүтгэл, өвчтөнөө хайрлах сэтгэл хамгийн чухал. 

-Үнэхээр алдаатай бодлогуудыг одоо л зогсоож байгаад өөрчлөөд явмаар байна. Жишээ нь, Өрхийн эмнэлгийг бараг гэр бүлийн аж ахуйн нэгж болгочихлоо шүү дээ. Бас л гажуудал гэж хардаг. 

-Хүнээсээ л хамаардаг байх. Үнэхээр өвчтөнийхөө төлөө гэсэн чин сэтгэлтэй бол мөнгө хөөж чадахгүй байх. Мөнгө хөөе гэсэн нь чаддаг л байх. Эцсийн эцэст цаана нь хүний эрүүл мэнд л байгаа. Амь нас л байгаа. Амь тэмцсэн үед эмч анхны тусламж зөв үзүүлж чадсан уу, үгүй юу гэдгээс тухайн хүний амьдрах уу, үгүй гэдэг асуудлын 80 хувь нь шийдэгддэг. Их өндөр тоо. Тийм учраас анхан шатанд ажиллаж байгаа эмч нарынхаа мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, тэдэндээ чиглэсэн нарийвчилсан сургалтуудыг явуулах, ажиллах нөхцөл багаж тоног төхөөрөмжөөр нь хангахаас эхлээд анхаарах ёстой. Нөгөө талаасаа асуудал байна гэж харж байна. Чи л энэ өрхийг авч явбал яв, чадахгүй бол боль гээд хаячихаар өрхийн эмнэлэг дээр ажиллаж байгаа тэр хүн эмч, сувилагч, асрагчийнхаа цалинг тавихын тулд хүссэн ч хүсээгүй ч хувийн эмнэлгийн эзэн шиг санхүү рүү орох л байх. 

Сургалтын бодлого дээр ч, хөтөлбөр, элсэлтээ ч, мэргэжлийн чиглэлээ ч эргэж харах юм байгаа. Би бол мэс заслын эмч хүн учраас урдахаа л хараад явдаг. Багш хүний хувьд энэ сургуулиудыг цэгцлэх нь амин чухал асуудал гэж мөнхийн миний толгойд байдаг. Жишээлбэл, түрүүн хөндсөн нийгмийн эрүүл мэндийн ажилтан гэдэг ард түмэнд өөрийнх нь эрүүл мэндийн төлөө чи яаж хооллох ёстой, яаж хөдлөх ёстой, ямар дасгал хийх ёстой. Яаж утаатай үед биеэ авч явах ёстой гээд тэр бүх ойлголтыг өгч байх ёстой. Ингээд яриад байвал нийгмийн эрүүл мэндийн ажилтны үүрэг чухал. Сургууль дээр ч нийгмийн эрүүл мэндийн ажилтан байх ёстой. Хүүхэд сургууль дээрээ ямар орчинд байх ёстой, яаж хүмүүжүүлж, өсгөх ёстой. Энэ бол чухлын чухал зүйл. Нийгмийн эрүүл мэндийн асуудал нь анагаах ухааныхаа өнөөдрийн түвшинд хүрч чадаагүй учраас ийм зөрүү үүсчихээд байна. Жишээлбэл, эрхтэн шилжүүлээд гарч байгаа хүмүүст нийгмийн эрүүл мэндийн талаас нь бид нар биш тэд нар маань зөвлөгөө өгч байх ёстой. Чи ингэж амьдарч, ингэж дэглэм сахиж явах ёстой шүү гэх зааварчилгааг тэд өгч байх ёстой. Гэтэл тэр ажилтан байхгүй учраас бид тэр ажлыг давхар хийдэг. Маш чухал нэг зүйл бол хөдөлгөөний эрүүл мэнд. Яг өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүст таарсан хөдөлгөөнийг нь хийлгэдэг, хөдөлгөөний засал гэдэг зүйл ерөөсөө манайд хөгжөөгүй. Тэрийг нь хэн хийлгэх үү. Манай хэдэн сувилагч нар хийлгэнэ. Гэтэл сувилагч өөрийн нарийн үүрэгтэй шүү дээ. Тэд тэрийгээ л хийх ёстой.

-Япон, Солонгосын эмнэлэгүүд шиг ногоон байгууламжтай, эмнэлэгт байх үедээ өвчтөнүүд тэндээ салхилдаг орчин манайд байхгүй. Хүнд хагалгааны дараагийн шатлалд нь зөвлөгөөг нь өгдөг, сувиллын шатны төвүүд байхгүй. Тэр байтугай танай төвийн барилгын асуудал зогсчихлоо. Гэхдээ яг энэ Нэгдүгээр эмнэлгийн орчимд орон зай байхгүй юм биш үү ?

-Энд эмчилгээний хэсэг төвлөрдөг. Яг эмнэлгээс гарангуут сувилалд явуулдаг. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан мянга гаруй хүн байгаа. Дахиад амьдарсан хүмүүс гэсэн үг. Тэр хүмүүс өдөрт 1-2 цагаар хөдөлгөөн, дасгал хийх ёстой, биед нь зохих хоолыг нь хэвшүүлэх ёстой. Тэр орчин байхгүй. 

-Эргээд л нөгөө бор амьдралдаа очоод балардаг. Ёстой уйлмаар...

-Эмээ ч яаж уухаа мэдэхгүй будилаад л...Тэрний гай балгаар тэр хүний биеийн байдал буцаад мууддаг. Бид нар буцаад нөгөө хүнтэйгээ ноцолддог. Эртхэн шилжүүлэн суулгуулах эмчилгээ ийм хэмжээнд хүрсэнтэй адил дагалдсан зүйлүүд нь ийм хэмжээнд хүрэх шаардлагатай байна. Сэтгэл судлаач алга байна. Элэг шилжүүлэн суулгуулсан хүн мөнхийн айдастай байдаг. Шинжилгээ өгөх бүрдээ айдаг. Миний элэг муудчихаагүй байгаа, яасан бол гээд л. Тэр хүнд тайвшруулж байх сэтгэл зүйч байх ёстой. Гэх мэтээр дагалдах юмнууд нь өнөөдөр манайд хөгжөөгүй. 

-Мэс засалч хүний гэр бүл их өөр хүмүүс байх ёстой юм шиг. Таны нөхөр бас эмч үү ?

-Үгүй. Манай хүүгийн аав эдийн засагч мэргэжилтэй хүн байсан. Нөхөр маань эрт нас барсан. Хүүгээ 10 настай байхад. Би ганц хүүтэй. Мэс засалч хүн олон хүүхэдтэй байж чаддаггүй юм. Ганц хүү азаар яаж төрүүлсэн юм. Надад үлдэж байгаа юм ганц хүү, хоёр ач минь л байна даа. 

-Хүү нь таны мэргэжлийг дагасан уу ?

-Үгүй. Би хүүгээ мэс заслын эмч болгох гэж их үзсэн. Манай хүү энэ яваа насандаа тань шиг ингэж амьдрахгүй гэж хэлсэн. Тэр нь ч зөв байсан юм шиг. Би хоёр хөөрхөн ачтай. Миний амьдралын баясгалан ердөө л энэ. 

-Та ажилтайгаа гэрлэсэн хүн бололтой...

-Тийм ээ, би ажилтайгаа л гэрлэсэн. Манай хүү надад “ Та намайг хордлого болоод, бөөлжөөд хэвтэж байхад өвчтөний бие муу байна гээд хаяад явчиж билээ” гээд ярьдаг. Надад гомддог байсан гэж хэлдэг. Энэ саарал байшин миний гэр юм даа. Би бол тун муу ээж. Энд орж ирсэн л бол бусад бүх юмаа мартаад л ажил руугаа шумбачихдаг. Нөгөө хэдэн өвчтөнийхөө төлөө л гүйнэ. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд маш хүнд хүмүүс ордог. Хагалгаа хийж байхад зүрх нь зогсчих вий гэж ухаан алдатлаа айна. Хагалгааны ширээн дээр өвчтөний зүрх зогсох шиг аймшигтай юм байхгүй. Тэр үед хагалгаа хийж байгаа багийнхны зүрх бүгд адилхан зогсдог. Тийм их стресс авдаг. Зүрх нь эргээд ажиллах уу, ажиллахгүй юу гээд тэр мөчид өөрсдөө ухаанаа алдчих шахдаг.  Элгээ суулгаад элгэндээ цусаа шахах гээд л ноцолдоно. Арай гэж сэргээнэ. Хүнд хүнтэй бол 30 хоног ноцолдоно. 

-Элэг яавал их жаргалтай байдаг вэ ?

-Агаар шүү дээ. Ерөөсөө цэвэр агаараар амьсгалж, стрессгүй байвал элэг жаргалтай байдаг. Айхтар их стрессдээд байвал элэг дагаад муудаад л байдаг. 

Бидний энэ удаагийн ярилцлага энэ хүрээд өндөрлөлөө. Үнэхээр амар биш сэдвээр, алтан цаг хормоос нь тасдан авч энэхүү ярилцлагыг хийсэн юм.  Эгэл биш амьдралаар амьдарч яваа, элгэн түмнийхээ төлөө бүхнээ зориулж яваа энэ агуу эмчид уншигчдынхаа өмнөөс талархаж байна. 

Өчнөөн жилийн турш янз бүрийн зочинтой ярилцлага хийсэн сэтгүүлч атал би өөрөө  зарим үед зүрх дэлдэж, зарим үед нулимс цийлэлцэж, сэтгэл зүйн хувьд тун онцгой байдалд бидний яриа өрнөж байв.

Тэр бол асар том цул хүч юм.  Тэр амьдрал гуйн, амь тэмцэн аврал эрж буй хүмүүст бурхнаас илгээгдсэн эгнэшгүй нэгэн бодисадва.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (3)

Иргэн
Иргэн

Элэг солиулаад хэдэн иргэн нас барсан бэ тоймгүй олон хүн өнгөрсөн байдаг юм байна лээ. 

Үүдэл эс чинь хүний ген мэдээлэл байдаг биз дээ

М
М
, Иргэн

Элэг солиулаад хэдэн иргэн нас барсан бэ тоймгүй олон хүн өнгөрсөн байдаг юм байна лээ. 

Үүдэл эс чинь хүний ген мэдээлэл байдаг биз дээ


, М
Элэг

Чи юм уншиж ойлгодоггүй мал уж

Эрдэнэбаатар та нар мөнгө л бодохоос өөр юм мэдэхгүй л дээ

Дэлээ
Дэлээ

Мундаг юм аа амжилт! Үхээд ялзрах юмыг юуг нь хармалдаг бнаа. Нэг эрхтэн эд эс нь амьд явж байвал сайхан л баймаар юм. Нэгэнт шатаад утаа болох эсвэл задраад алга болох зүйл шүү дээ! Ухаан муутай мухар сүсэгтэй хүмүүс дүүрэн юм даа. Хэзээ хөгжинө дөө энэ улс!

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав