Гоймон баатрын даалгавраар бичиг барьж орж ирсэн Хатанбаатар Магсаржавын талаар Богд хааны айлддаг дээрх үг уншигч авхай таны санаанд шууд орж ирж байгаа байх. Яагаад ч юм уржигдрын жагсаал цуглааныг удирдсан фенг-шү Ганбаатарыг хараад цөөнгүй хүмүүс монгол киноны алтан сан хөмрөгт хадгалагдан үлдсэн дээрх үгийг ой тойноосоо гаргаж ирэн, завжиндаа зуусан ёжтой инээдээрээ хавсарган амнаасаа унагаж байх юм. Нээрээ ч...гэсэн бодол тэр дороо харван орж ирж, монголчуудын хоржоонтой мэдрэмжтэй санал нийлэхээс аргагүйд хүрэх нь сонин.

Одооны хүмүүс юмыг аль болох олон талаас нь ажиж, шинжихийг хүсдэг болжээ. Хаалга, цонх нь дэлгээтэй, хашгирч орилох нь чөлөөтэй ардчилсан нийгэмд бас ч гэж 20 жил амьдарсных сайн мууд халширтлаа балбуулж, автахдаа автаж, гэнэдэхдээ гэнэдэж нэг ёсондоо доль цохьсон ийм иргэдэд энэ зэргийн чанар суухаас ч яахав дээ.

Сүүлийн хэдэн жил сайн дурын иймэрхүү босогчид хэд хэдээрээ төрцгөөж, монголын нийгмийг санааныхаа зоргоор бужигнуулж гаршсан төдийгүй зарим нь хөлсөөр жагсаж, жагсаалаар хөлжиж, захиалгаар хөдөлж, харсаар байтал түмний хилэнг өдөөн турхирч тоглодог, бослого хөдөлгөөнөөр шантааж хийн тодордог, сонгууль болохоор бөөн бөөнөөрөө нэр дэвшиж гүйдэг, ялагдвал уурлаад гал тавьж, цус урсгаж, чулуу нүүлгэж нааддаг, айж ичихээ мэдэхээ байсан том гарын тоглогчид болон өсч өндийсөн билээ. Гэвч энэ бол ардчилсан нийгэмд болж л байдаг үйл явдлууд болохоор бид тэгтлээ нүд чихээ сортойлгон хачирхдаггүй.

Гэхдээ юманд хэм хэмжээ гэж бий. Одоо тэднийг даган баясч, хөхиүлэн дэмжиж, шүгэлдэх тоолонд нь гарч ирдгээ болих цаг болжээ. Мэдээж жагсах, шаардах ёстой, зүй ёсны дагуу юман дээрээ олон түмэн жагсах, шаардах ёстой. Тэр эрхийг маань бидэнд 20 жилийн өмнө өгсөн.Өгсөн эрхээ эдэлсэн шиг эдэлж ирсэн маань ч үнэн. Одоо бол бидний энэ эрхэн дээр далд эзэд суучихаад, нүдэнд торсон нулимсыг маань арчиж өгөн шоглож, өөрсдийн бусармаг бодлогоор найруулсан эмгэнэлт жүжгийн гол дүрд өрөвдөлтэйгөөр тоглуулж, тэрхүү жүжгээ төв талбай дээр байн байн үзэгчдийн хүсэлтээр гэсэн нэрийн дор өөрсдийн захиалгаар тавьж байдаг болчихоод байна. Бид яагаад тийм нөхдүүдийн хурууны аясаар хөдөлдөг хүүхэлдэйн нийгэм болох ёстой гэж. Монгол хүний саруул ухаанаа ухаж, хэн нэгний зараалаар орилж байгаа нөхрийн удирдлаганд автан бөмбөр нүдэж яваагаа тунгааж харах цаг болжээ.

Манай шинэ цагийн босогчид маань үнэн хэрэгтээ монголын төлөө ганц тоосго  ч цохиж үзээгүй, гадна дотно нам гүм хувиа борлуулж, довоо шарлуулж явж байгаад ирсэн, ирээд гэнэт эх орончийн дүрд хувиран төрлөө сольж, өнгөрсөн 20 жил бор зүрхээрээ урагшилсан улс орноо нулимж, энэ нийгмийг байгуулахын төлөө хүйтэнд хөрч, халуунд халж, үйлээ үзэж зүтгэсэн хүмүүсийг зүтгэлийг үгүйсгэж, тэдний чөлөөлж өгсөн талбай дээр увайгүй бүжиг хийж байгаа л нөхдүүд шүү дээ. фенг-шү Ганбаатар монголд жишээ нь юу хийсэн юм бэ. Гаднаас ирсэн нэг ийм нөхөр өмнөдийн мухар сүсгийн шинжтэй баахан мунхруулгын бизнес хийж байснаа төд удалгүй тухайн үеийн эрх баригчдын нэгтэй сүрхий ойртон шадарлаж, төрийн ордонд өрөөтэй болон тухалж байсан цаг нь саяхан. Сүүлдээ эзнийхээ зуу гэсэн болгон руу боргон дайрч, хормой хотыг нь сэт татан урж тасдаж байдаг зуудаг нохой л болж хувирсан биз дээ. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед энэ хүн бараг талбайн гол дахь жанжны хөшөөнөөс салаагүй, цагаан хоолойгоор цаг наргүй орилж байсан. Дараа нь М.Энхболдын Засгийн газрын үед улам эрчимжиж, бүр гаажтайгаар боорлох ажлаа хийдэг болсон. Одоо Сү.Батболдын үед улс орон түүхэн чухал шийдвэрүүдийн өмнө ухаан бодлоо уралдуулж, хоёр нам хөл хэлээ олон хамтран зүтгэхээр хичээж буй энэ үед саарал ордны хажууд тухласан өргөөнөөсөө суга руугаа хатгуулсан юм шиг год хийн гарч ирэв. Эзэн нь ийшээ борго гэсэн бололтой. Энэ удаа тэрбээр илүү бийлэгжүү хөдөлж байгааг үзэхүйд нэлээн сайн зэхсэн шинж байна.

Түүний тавьж буй энэ удаагийн тоглолт „Төрийн албан хаагчдын цалинг нэмэх” уриатай. Төрийн албан хаагчдын цалинг энэ онд багтаан 60-аас доошгүй хувиар, 2011 онд 50-иас доошгүй хувиар тус тус нэмэгдүүлэхийг Засгийн газарт хүргүүлсэн шаардлагынхаа нэгдүгээр зүйлд бичжээ. Төрийн албан хаагчдын цалинг 110 хувь нэм гэж байгаа юм байна. Энэ одоо юу гэсэн үг вэ.

Үнэн хэрэгтээ энэ хүн нийгмийн баялаг бүтээгчдийн хэдэн хувийг төлөөлж, улс орныг бужигнуулаад байгаа юм бэ.

Тэмцэж эхэлсэн эмч, багш нарын цалин бага гэдэг нь үнэн. Гэхдээ ганцхан тэдний цалин бага байгаа юм биш. Бүгд л адилхан бага орлоготой, чадан ядан амьдралаа залгуулж байгаа. Өдөр ирэх тусам төгрөгийн ханш суларч, амин зуулгын гол хэрэглэгдэхүүн болсон бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь үнэн. Гадна дотноосоо чамгүй дайруулж буй өнөөгийн эрх баригчид эмч, багш нарын цалинг улс орныхоо хэтэвчний хэмжээнээс хамааран тодорхой хэмжээгээр нэмэх талаар хэлэлцэж эхэлж байгаа нь бас үнэн. Гэтэл ахиад энэ түрлэгийг хүн хүчээр зузаатгаж, бүр одон тэмдэг гавъяа шагналаа зүүчихээд орой болгон зурагтаар малилзаж байдаг алдар цуутнуудыг хүртэл талбай дээр ичих нүүрийг нь баран гаргаж ирж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татахгүй байна гэж үү. Тэднийг түлхэн гаргаж ирсэн түлхүүр хэнийх вэ.

Тэр улсууд чинь төрдөө үнсүүлж, түмэндээ хүндлүүллээ. Одоо л чухам улсдаа хүчээ өгөөд үзүүлээд өгнө гэж шагналаа баярын нулимстай сэтгэгдлээр мялааж байсан улсууд биш билүү. Өнөөдрийг хүртэл болоод байсан, соц нийгмийн үед байгаагүй эрх чөлөөгөө эдлэн, авъяас билгээ арилжин амьдрал ахуйгаа босгож ирсэн алдар суутнууд биш билүү. Сонгуулиар яруу алдарт намын нэр дэвшигчийн ард фон болон ярайж, аз жаргалтай нийгмийг илтгэсэн нүүр дүүрэн инээд баясалтай кино, клипүүдэд тоглоцгоон сонгогчдын саналыг татах ажилд ичих нүүргүй зүтгэж байсан биз дээ. Тэгээд яагаад одоо өөр жүжигт тоглоод унав аа. Эзэн өөр захиалга өгчихсөн хэрэг биш гэж үү.

Би амьдрал болж бүтэж байна, цалин хүрэлцээтэй байна гэж эднийг эсэргүүцэж байгаа юм биш. Энийг эрхбиш хүмүүс тунгааж байгаа байх. Гагцхүү ээлжит хөлсний жагсаал тэмцэл өрнөж, түүндээ төрийн албан хаагчдыг ашиглаж буйд эгдүүцэж байгаа юм. Энэ үүднээс нь хүмүүс нягталж шинжээсэй гэж хүсч байна. Өнөөдрийн тэмцэгчид юм л бол тэмцлийн дараагийн шатны арга хэмжээ рүү шилжинэ. Өлсгөлөн зарлана гэж „айлгадаг” болж. Төр нь ч гэсэн энэ эрхийн тэнэг хүүхдийнх шиг авир аашнаас нь үхтлээ айдаг. За, за...гээд л бэл бэнчин, чадал чансаа, эдийн засгийн даац, ирээдүйн хөгжил хамаг юмаа хаяаад толгой дохьдог. Явсаар энэ улс орон чинь зүгээр нэг гадныхны гар хөл бологсод, жинхэнэдээ улс эх орныхоо төлөө ганц дээс ч томоогүй бэртэгчингүүд, захиалгат ашиг хонжоо хайгчид, яаж ийж байгаад эрх мэдэлд хүрэхээр улангасагчдын гарт үрэгдэж дуусах нь.

Хамгийн энгийн жишээ авъя. Төр тэдний шахалтаар цалин нэмэж гэж бодъё. Ийм шийдвэрийн салхины үзүүрээр л юмны үнэ гэрлийн хурдаар өсдөг нь манай нийгмийн гэм биш зан. Эцэстээ цалин нэмсний үр ашиг гэж гардаггүй. Харин ч имфляци өсч, улсын эдийн засаг бүхэлдээ ганхдаг. Энэ бүхний хариуцлагыг зуудаг нохой тавьсан цаад эзэн ч хүлээхгүй, эзнийхээ даалгавраар нийгмийн зовлонгоор зоолж авсан ноход ч хүлээхгүй. Нуувчиндаа л орцгоочихдог. Ийм байдлаар иргэний хөдөлгөөний нэр хүндийг улс төрийн хөлсний ажилчид унагаж дууслаа. Одоо эрүүл нийгмийн төлөөх ямар ч иргэний хөдөлгөөн гарч ирсэн хүмүүс хүндэтгэн дэмжихгүй. Тэдний хийсэн гол аймшиг энэ юм. Жинхэнэ тэмцлийг дуураймлаас ялгахын тулд ахиад л нийгэм хямрана. Бидний хамгийн чухал төрөө хянах, шударга бустай тэмцэх, үзэл бодлоо илэрхийлэх амин чухал эрх чөлөөн дээр маань ийм хуурамч Дамбийжаанууд сүүдрээ унагаад хаячихлаа шүү дээ.

Энд бас нэгэн зүйлийг хэлэх ёстой. Бид бүгдээрээ сайхан амьдрахыг хүсдэг. Мэдээж шударга бус аргаар хөлжиж, бидний хүсээд ч хүрч чадашгүй амьдралд хүрч байгаа хэсгүүд бий. Үүний төлөө уурлаж, шударга ёс, тэгш хувиарлалтыг нэхэх нь зүйн хэрэг. Гэхдээ ганцхан төрд ажиллагсдад шаардах, нэхэх, сүрдүүлж байгаад цалин хөлсөө нэмүүлэх эрх байдаг юм биш. Ердөө 150 мянган хүний цалин хөлсийг шахалтаар нэмээд, юу ч болж байсан загас шиг дуугүй тэвчин зүтгэж, тэгсэн хэрнээ татварын ихийг төлж, баялгийн дийлэнхийг бүтээж яваа хувийн хэвшлийнхнийг хаяж байх ёстой юм уу гэж захын хүн бас хашгирч чадна. Нийгмийн хэдэн хувийг төлөөлж ард түмний нэр барьсан муйхар тэмцэл зохиож, улс орноо таагүй уур амьсгалаар хулдаж байгаагаа хаа хаанаа бодоосой. Эмч нарт ч гэсэн уурыг нь хүргэх үг хэлж болно. Тангараг өргөсөн эмч нар сэхээнд ам нь ангалзаж байгаа өвчтөнөө хаяад, ажил хаялтад оролцох эрхтэй юу. Тэгвэл бүгдийг нь тангаргыг нь сануулж ажлаас халаад ганцхан сарын дараа чагнуураа зүүгээд фронт дээр гарч ирэхээр догдлон зогсч байгаа төгсөгчдийг авчраад ажиллуул л даа гэх үзэл бодолтой хүмүүс бас байна. Нэг талаас тэдний бухимдал зөв ч байж магад. Төрд алба хаах гэж залуус гудамжинд ар өврийн хаалгагүй толгой гудайн эгнээгээрээ алхаж яваа шүү. Хүнд үеийг давтал хамтдаа гүрийгээд явах сэтгэлийн тэнхээгүй бол ажлаа өгөөд зайгаа тавьж болно шүү дээ гэж хэлж байгаа хэсгийнхний үзэл бодлыг ч сонсох хэрэгтэй. Улс орноо хөгжүүлэхийн төлөө ээмэг бөгжөө тайлж өгөөд, таваг будаагаа хувааж идэж байгаад ядуу тарчиг үеийг хамтдаа туулж байсан гайхалтай ард түмэн энэ дэлхийд үй түмээрээ бий. Тэдний дэргэд бид бол дайн дажны хөлд зовж, байгалийн хатуу ширүүн дайрлаганд өртөж, далайн шуурганд хуйгаараа нэрвэгдэж зовоогүй ард түмэн шүү дээ. Бидэнд зовлон үзээгүй, зовлон туулж сураагүй, сэтгэлийн тэнхээ муутай чанар бас байгаа гэдгийг санаасай.

Гол зүйлээсээ бяцхан хальтарч хазайсан бол уучлал хүсээд, хамгийн гол нь далд эзэнтэй, захиалгат тэмцлийн гар хөл болж битгий жижгэрээсэй, ийм зохиомжит тоглолтын гол дүрд тоглож, жагсаж цуглаж явсаар жинхэнэ ардчилсан нийгмийн хонх дамар болж байх ёстой иргэний нийгмийн хөдөлгөөний орон зайг бүр мөсөн бүү үгүй хийж орхиосой гэсэн гол санаагаа ахин тэмдэглээд энэхүү нийтлэлээ өндөрлөе.Үйлдвэрчний эвлэл гэх хуучны байгууллага эдүгээ сүрхий хэлбэржин амь орж, зарим байгууллагын үйлдвэрчний хороон дарга нөхдүүд энэ дүйвээнээр нүүрээ олон түмэнд танил болгож аваад зогсохгүй, түмний эрх ашгийн төлөө явдаг баатар болон хувирцгааж байна. Үйдвэрчний байгууллагын оройгоос иймэрхүү шинэ цагийн шоу менежерүүдийг огцруулах ёстой ч байж мэдэх юм.

Ноён Ганбаатар уржигдар Ерөнхий сайдад шаардлагаа өгөөд гарахдаа „Уучлаарай, телевизүүд хамт яваа. Тэднийг оруулж ирээд зураг авахуулаад гаргамаар байна” гэж хэлэхэд нь Ерөнхий сайд эелдэгээр зөвшөөрч тэг ээ, тэг гэсэн тухай нь хамт орсон нөхдүүд нь „манай Ганбаа дарга ч хаа ч явсан менежмент сайтай хүн юм аа” гэж гарч ирээд шивэр авир ярьж байсан тухай нь сэтгүүлчид шоглон дамжуулцгааж байна. Иймэрхүү овжин шоучид жинхэнээсээ бидний төлөө явдаг гэж үү...би л лав эргэлзэж байна. Харин та...       

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав