

Баавгайн тосны тухай ингэсхийгээд л би мартаж орхисон.
Миний ээж миний мэдэхийн хамгийн мундаг эмч байлаа. Халуурахад далан дээрээс хазаад авах шиг зулгаадаг горчийшик гэдэг ногоон ногоон цаас нааж өгнө. Хоолой өвдөөд байн байн хэвтэхэд минь пенцеллинээр тариад эдгээчихнэ. Үсийг маань хаанаас ч юм түүж ирсэн гоё үнэртэй хөх цэцгээр угааж ургуулна. Ээж минь шидтэн л гэсэн үг.
Би насан турш ээжийнхээ хайранд хөлбөрч яваа хүн. Одоо ч гуч хол гарсан намайг бөөцийлсөөр. Хүн бөөцийлөх манатай өөрөө жижигхэн шар эмээ болж хувирсан ээж минь нөгөө шидтэнийхээ ажлыг хийсээр. Энэ ажлаа улам нарийн, улам нямбай, улам сүшиг бишрэлтэй хийдэг болсон.
Жилийн өмнө би осолд орж ээжийгээ золтой л харвуулчихсангүй. Эхний гуч хоног эмнэлэгт хэвтээд гарч ирэхэд ээж маань юу болов гэмээр ядарч, өтөлсөн байлаа. Ахиад урд хөршид хорь хоног эмчлүүлээд ирэхэд минь бүр гайхмаар хувирч, юу юугүй өтөлсөн харагдав. Би гэдэг хүн ээжийгээ ингэж л “жаргааж” явна даа гэж бодохоор өөрийн эрхгүй нүд бүрэлзэнэ. Ээж маань хагалгаа хийлгүүлсэн газар минь хүрч чадахгүй уйлж байлаа. Миний охины цээжинд муухай урт сорви тогтох нь. Одоо яана даа. Ээж нь баавгайн тос түрхэж өгвөл яадаг бол....
Баавгайн тос. Сонсоод чихэндээ итгэсэнгүй. Тэртээ гучин хэдэн жилийн өмнө сонссон баавгайн тос...Муу ээжийнхээ урмыг бодлоо. Зүгээрээ нөгөө Зоригоогийн цоолсныг та эдгээж өгсөн шүү дээ, одоо энийг ч гэсэн эдгээчихнэ. Ээж минь урамшин итгэж байна. Өрөө рүүгээ орон хаа байсан Булганы Тэшигээс бэр эгчид захиж авчруулсан гэх жижигхэн хүрэн шилтэй тосыг гаргаж ирэв. Үнэр нь тэртээх үеийн танил эхүүн үнэр яг мөн.
Цав цагаан өвөл...цав цагаан намхан байшин, цэцэрлэгийн жижигхэн өрөө...тэртээх балчир насны дурдатгал сэтгэлийн гүнээ яах ийхийн зуургүй амилж ирэв.
Ээж миний өвдөж байгаа нуруу, хөл хоёрт урьдынх шигээ нямбайлан турхэв. Халуу оргитол шингээн үрж өгсний дараа тэр газрын өвчин үнэхээр намдах шиг санагдана. Ахиад би хүүхэд нас руугаа эргэн очиж байна. Дөч хүрэх гэж яваа, хоёр хүүхдийн ээж болсон би бэртэж гэмтчиж, бөөн гай тарьчихаад, наян настай ээжээрээ усанд оруулуулж, үсээ угаалгуулж, хоолоо хийлгэж сууна гэж бодохоос сэтгэлийн бүх хүч хаашаа ч юм алга болон би санаа сэтгэлээр юу ч үлдэхгүй болтлоо унадаг байлаа. Арай л ижийгээрээн үлгэр уншуулсангүй дээ.
Ээж минь Утай гүмбэн, Энэтхэг, Төвдийг мөрөөдөж гурван хүүхдээ зовоодоггүй. Дашинчилэнгийн элстэй толгодоороо алхаж, сумын холбооны үүдэнд аавын тарьж үлдээсэн хоёр хар модыг эргэж, Хар бухын голоороо бууж, холбооныхоо намхан цагаан байшингаар нэг ороод гарахыг л хүсдэг. Гэтэл би... Ээжээсээ би ертөнцийн хайраар есөн сартайгаасаа эхлэн угжуулж өсчихөөд иймхэн хүслийг нь биелүүлж өгөөгүй л сууж байна.
Сонгуулиар Цэнгэл, Мөнх-Очир хоёрыг дэмжиж Булган нутгаараа баахан давхив. Арван хэд хоног гэрийн бараа харахгүй, амьтан дагаад тэнэж яваад ирэхэд атигар жаахан ижий минь тагтан дээрээ сонин уншаад сууж байсан. Дэлгэр зуны тэр сайхан цагаар муу ижийгээ дэргэдээ суулгаад сүнгэнүүлж явахгүй би мөн тэнэг хүн ээ...гэсэн бодол зурсхийн орж ирж сэтгэл шимширсэн. Ижийтэйгээ байгаа болохоор л хүн ийм тэнэг явдаг юм байх даа.
Илүү дутуу юм нэг ч ярихгүй, эцгийн минь гуутай зурагтай хамт арван хэдэн жил ганцаараа “амьдрахдаа” юу бодож явдаг юм бол. Ам нь ангалзсан “хүний хүүхэд” намайг авч өсгөөд, өдий зэрэгт хүргэсэн ачийг нь хэзээ би хариулах юм бол.
Хорвоогийн урт амьдралд наян жил налайж, надад түшиг болж яваа ээжийнхээ нуруун дээр хоёр эрхээрээ хатсан хүүхдээ ахиад л би үүрүүлж яваагаа мэдсэнгүй.
Би эмэгтэй хүн хичнээн өтөлсөн ч эмэгтэй хүний гэх үндсэн чанараа гээдэггүйг ээжээсээ олж хардаг юм. Тэр жил би ЮНЕСКО-ийн нэг шагнал авлаа. Шагналын хэдэн төгрөгөөрөө ээждээ алтан бөгж авч өглөө. Муу ээж минь баярлаж байна. Энэ муу гар мойнийж гүйцсэн байна гэсэн ч цаанаа л нэг донжлог маягаар гартаа зүүсэн бөгжөө эргүүлж тойруулан харж байсан. Ээж маань үнэртэй ус, нүүрний тос хоёроо дуусвал сүйд болдог. Дуусахаас нь урьтаж надад ирж тэр тухай мэдэгддэг. Тэрхүү мэдэгдлийнхээ араас уг нь ч үхэх гэж байгаа мань үнэртэй устай усгүй яахав, гэхдээ насаараа хэрэглэсэн юм болохоор...гэсэн ихэмсэгдүү төгсгөл шиддэг. Бор цув өмсвөл бор цүнх барина, ногоон торгон дээл өмсвөл ногоон бүрх тавьчихна. Хэзээнээсээ л ийм хээнцэр дэгжин эмэгтэй явсан. Тэр төрлийн зангаа огт тавьдаггүй. Залуу зандан насандаа над шиг хамаа намаагүй эмэгтэй явах асар буруу болох тухай боть лекц уншина. Эмэгтэй хүн толгой нүцгэн сэрчигнэж явах ой гутмаар харагддаг гэж зэвүүн хатуу үгээр уйгагүй сануулна. Бээлийгүй явах ч мөн адил аймаар явдал гэнэ. Цай чанахаас авахуулаад аягалж өгөх, аягатай цайг барьж уух хүртэл ээжийн лекцээр хачирлагддаг. Заримдаа манай хоёр охиныг маш хариуцлагагүй, өөдгүй охид болно гэсэн нухацтай дүгнэлт ч хийнэ.
Өдөр тутмын сонингуудыг бүгдийг нь ягштал уншина. Заримыг нь доогуур нь зурчихсан, хайчилж авчихсан ч байх шиг. Зурагтаар хүн шинжихдээ манай ээж шиг шинжээч байхгүй. Баасанд авах ч юм бий, хаях ч юм бий. Баасан заримдаа хөнгөдөж байна гэж ярина. Ерөнхийлөгчийг сүрхий амархан өтлөх маяг сууж, нүүрэн дээр нь хамрыг нь дагасан гүнзгий урт зураас нэмэгдсэн гэж оношилно. Удвал гуай шиг эмэгтэй төрөөгүй байна гэж хэлнэ. Мөнхөөгийн хоолой хэт намчирхуу, хиймэл хоолой, эмэгтэй хүн эмэгтэй хүнээрээ л дуугарч байх ёстой энэ тэр гээд явж өгнө л дөө. Зурагтаар хоол идээд гарч байгаа улсуудыг манай ээж үздэггүй. Намайг NTV телевизийн “Болзоо” д уригдахад ээж маань өрөөндөө дуудаж нарийн зөвлөгөө өгсөн. Би нэгийг нь л биелүүлсэн. Үсчинд очих, костьюм өмсөх энэ тэрийг нь бол амжаагүй. Миний охин хоол битгий захиалаарай, зайрмаг л болно гэж хэлсэн ээжийнхээ зааварчилгааг яс дагасан. Ээж маань ийм л сүрхий хөгшин бий. Хоёр гурав хоног зав муутайхан, ховорхон таараад өнгөрвөл манай хүн шууд л “өвддөг”. Ээж минь яав аа, ийв ээ болж аргадвал, маргааш нь мөн л шууд “эдгэдэг”. Биднийг номхруулах ондоо ч олон арга бий. Том ах маань надад хэлдэг. Ээж минь бид гурвын төлөө л өдий хүртэл амьд яваа хүн шүү дээ, ахын дүү хатуу, хэнэггүй байв даа гэж. Гансүх ах маань бол угаасаа ээжийн бурхан. 50 настай хүүгээ тавтай юм шиг л өмөөрдөг юм.
Цэцгийн зун шиг ээжтэй хүн дээ би...гэсэн сэтгэл сэнсэртэл гэгэлзүүлдэг нэг сайхан дуу бий. Ойрноос аманд орж ирээд байх болов. Тийм ээ...Цэцгийн зун шиг ээжтэй хүн...би.
Жижигхэн хөнгөн тэргэнд ээжийгээн суулгаад нутаг руугаа явна, ээжийгээ Эрдэнэзууд мөргүүлнэ гэсэн төлөвлөгөөгөө ирэх зун заавал биелүүлнээ. Цэцгийн зун шиг ээжийгээн би цэцгэн дундуур хөтлөөд алхана. Цэцгэн дундуур...