Багшийн эрдэм шавьд шавийн эрдэм багшаас хэмээн монголчууд багш хүнийг хүндэтгэн үздэг билээ. Хүний хамгийн эрхэм нандин зүйл бол боловсрол. Харин түүнийг эзэмшихийн тулд суурь мэдллэгээ чанартай эзэмших нь тун чухал. Энэ удаа “Эрхэт Эрдэм” сургуулийн бага ангийн ахмад багш, Боловсролын тэргүүний ажилтан Б.Должинсүрэнтэй ярилцлаа.

-Та хэд дэх жилдээ багшилж байна вэ? 

-Би багш мэргэжилээр ажиллаад 38 дахь жилдээ ажиллаж байна. Анх 1986 онд Багшийн дээд сургууль буюу одоогоор Монгол улсын боловсролын их сургуулийг төгсөж байлаа. Их сургуулийн маань багш нар их сайхан хүмүүс байсан даа. -Багш бэлтгэдэг сургуулиудад одоо үед сурлага тааруутай хүүхдүүд л ордог болсон гэх шүүмжлэл их өрнөх боллоо. Таны үед ямар хүүхдүүд багшийн мэргэжлийг сонгож их сургуульд орж байсан юм бэ? -Тухайн үед чинь Багшийн дээд сургууль , Анагаахын дээд сургуульд хамгийн сурлага сайтай хүүхдүүд ордог байсан. Би 75 хувийн онц сурлагатан байсан. Тийм муу хүүхэд багшийн сургуульд орж багш болдоггүй байлаа шүү дээ. Бидэнд ордог байсан хичээлүүд ч тун сайн. Тухайлбал, үндсэн хичээлүүд дээр “ Сурган хүмүүжүүлэх ухааны хичээл” мөн “Сэтгэл зүйн үндэс” зэрэг хичээлүүд ч орно. Үүнээс гадна сурах арга барилыг төлөвшүүлэх хичээлүүд ордог байлаа. Тав зургаан настны сэтгэл зүйн насны онцлог, хүүхдийн сэтгэл зүйн үндэс , зан төлөв анхаарлын төлөвлөрөлт, тогтворжуулалт гээд тал бүрийн хичээлүүд ордог байсан даа . Мөн уран уншлагийн багш бид нарт ингэж заадаг байлаа. Хүүхдийг “нааш ир” гэж нэг хэлнэ, ”нааш ир чи” гэж нэг хэлнэ, ”нааш ир миний хүү“ гэж бас хэлнэ гэж заадаг байлаа шүү дээ. Тухайн хүүхдийн сэтгэл зүйг эхлээд бодож байна гэсэн үг, зэмлэнгүй өнгөтэй хэлэх үү, аргадаж хэлэх үү, яаж хэлэх вэ гэдэг маш чухал гэж заадаг байлаа. Бид нар ёстой алтан үеийн сайхан багш нараар хичээл заалгаж багш болсон.

-Та багш мэргэжлийг яагаад сонгосон юм бэ? 

-Багш мэргэжлийг сонгохдоо тухайн үед хүүхэд ч байж, яг багш болъё гэж ч бодоогүй л дээ. Мэргэжлээ сонгохдоо аав ээжийнхээ үг сургаалийг л дагасан. Намайг наймдугаар ангиа төгсөнгүүт аав ээж хоёр маань багшийн сургуульд оруулсан юм. Би ч арван жилдээ математикдаа их сайн хүүхэд байсан, манай ангийхан одоо ч намайг ярьдаг юм. Багшийн сургуульдаа ч бас тоондоо сайн хүүхдийн нэг л байсан. Надаас ангийн маань нэг хүү чи яагаад наймдугаар ангиа төгсөж байгаа юм. Есдөө орохгүй юм уу гэж их гайхан асууж байсан байхгүй юу. Ээж аав маань намайг найм төгсгөөд багшийн сургуульд сонгуулчихсан. Манай аав монгол хэлний багш хүн байсан. Тийм учраас намайг багш болгоё гэж бодсон юм шиг байна билээ. Багш мэргэжил үнэхээр сайхан. Ялангуяа бага ангийн багш байх. Манай ээж хэзээ хойно надад багш мэргэжил чамд их зохисон гэж хэлж байж билээ. Би багшийн сургуульд тэгтлээ их хүсч ороогүй ч гэсэн манай аав чинь их гарын ур дүйтэй, юм юманд эвтэйхэн, гоё зурдаг хүн байлаа. Аятайхан хөгжим тоглочихдог, дуулчихдаг, тэр янз бүрийн авьяасыг нь би дуурайсан юм болов уу гэж боддог. Тийм болохоор зурж бичихдээ сайн, бичиг их сайтай, манай хөдөө ажиллаж байсан багш нар намайг их гоё бичдэг гэдэг байсан. Оюутны ангийхан ч бас гоё бичигтэйг маань гайхдаг байлаа. Ангидаа зурж бичих тараах материалаа гараараа өөрөө хийнэ, яалт ч үгүй багшийнхаа мэргэжилд дурлаж байгаа юм. Нэгэнт хийж байгаа ажил юм чинь чадваржаад л ирдэг юм билээ. 

-Намар хичээл эхлэхэд хонх жингэнээд л, сурагчид бужигнаад л гоё байх. Танд ер бусын сайхан мэдрэмж төрдөг байх даа? 

-Тэгэлгүй яахав. Есдүгээр сарын нэгэн бол үнэхээр сайхан шүү дээ. Хүүхдүүдийн нүд нь гэрэлтээд л хөөрхөн гэж. Хэдэн жилийн дараа уйлаад зогсож байж мэдэх л байх. 

-Та ажлын гараагаа хаанаас эхэлж байв? 

-Их сургуулиа төгсөөд би Төв аймгийн Батсүмбэр суманд дөрвөн жил ажиллаж байлаа. Жаахан охин хөдөө очоод багшаар ажиллаж байхад настай хүмүүс намайг “ Багш та” гээд ярихаар л санаа зовоод, их эвгүй санагддаг байсан. ( инээв) Олон жил багшаар ажилласан ч гэсэн одоо л өөрийгөө жинхэнэ багш болж байна даа гэж боддог. Тэр үед жаахан охин юуных нь багш. Миний анхны шавь нар маань одоо дөчин тавтай залуучууд байна. Тэдний маань дотор Батсүмбэрийн аварга ногоочин, хөдөлмөрийн баатар шавь байна. Тэр үеийн шавь нар маань зах зээлийн шуурганаар бизнес эрхлээд хувийн хэвшил рүү орчихсон. Тэрний дараах үе нь гэвэл хавдар судлалд мундаг эмч байна. Бүгдээрээ л надтай холбоотой байдаг. Би Батсүмбэр суманд дөрвөн жил ажиллачихаад буцаж хотдоо шилжиж ирсэн. Хотод ирээд хорооллын 54 дүгээр сургууль буюу одоогийн “ Эрдмийн ундраа” цогцолборт багшилсан. Энэ сургуульдаа тасралтгүй 34 жил багшилсан байна. Саяхнаас тэтгэвэртээ суугаад л хувийн “ Эрхэт эрдэм” сургуульд багшилж байна даа.

-Багш хүний нэг жаргал бол олон сайхан багш нарыг төрүүлэн гаргадаг. Шавь нар нь сайн сайхан явах нь багш хүнд хэмжээлшгүй их баяр биз? 

-Тэгэлгүй яахав. Өөрийгөө хэзээ хойно бодоод байхад би тийм муухай ааштай хүн биш юм шиг байгаа юм. Хүүхдүүдтэйгээ ч эвтэй байдаг. Хүмүүс тэгэхээр намайг “ёстой уургүй” багш гэдэг. Танай багш чинь хүүхдүүдтэйгээ инээлдээд л байж байх юм гэдэг гэсэн. Хүмүүсийн урмын сайхан үг чинь шагнал авчихсан юм шиг баярлуулдаг. Сүүлд дааж авч байсан ангийн маань эцэг эхчүүд ч гэсэн надад дотно, намайг маш их хүндэтгэдэг. Миний багад нь дааж байсан ангийг авсан дунд ангийн багш нар болгон ам сайтай. Шавь нар маань дунд ангид орсон ч сургуульдаа манлайлаад байхаар надад их урамтай. Энэ бүхэн багш мэргэжил эзэмшсэний маань хамгийн том шагнал шүү дээ. Дунд ангид авсан багш нар нь манай шавь нарыг хүмүүжил сайнаас гадна математикдаа онцгой сайн хүүхдүүд байдаг гэдэг. Тийм сайхан үг сонсох үнэхээр сайхан. Жишээ нь, цэг эхчүүд надад баярлаж байгааг харахад жинхэнэ эзэмшсэн мэргэжлээсээ аз жаргалыг авч байгаа юм. 

-Багш хүн өөрийн хүүхэддээ анхаарал тавих зав гарахгүй байх тохиолдол байх уу? 

-Багш нар чинь өөрийн хүүхдийг хаячихаад л хүний хүүхдийн төлөө явдаг нэртэй улс шүү дээ. Өөрийн хүүхдүүдээ зургийн дугуйлан,таеквондогийн дугуйлан, сагсны дугуйлан зэрэг хүүхдүүдийн дуртай дугуйланд явуулалгүй л өнгөрөөчихсөн байна. Бид нар чинь ажил гэр гэж явсаар байгаад зав муутай. Багшийн ажил чинь хичээл тараад дэвтэр номтой зууралдаад л сууна. Гэртээ хариад л маргааш заах хичээлүүдээ бодож боловсруулах гэж суугаад л таардаг. Мэдээж ар гэрийн ажил гэж байна. Хүүхэдтэйгээ сайн ажиллаж чадаагүй л санагддаг. 

-Хүүхдийн суурь мэдлэг үнэхээр чухал. Үүнийг эцэг эхчүүд хэр анхаарч байгаа санагддаг вэ, танд? 

-Бага ангийн сургалт бол үнэхээр чухал. Мэдээж багшийг эцэг эх ойлгож дэмжихгүй бол хэцүү л дээ. Хүүхэд чинь гэдсэнд байхаасаа авхуулаад л гэрийн боловсрол нь зөв байх ёстой. Буруу хүмүүжсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг шүү дээ. Үнэхээр тэр багш тухайн хүүхдийг дэмжих гээд байхад эцэг эх нь дэмжихгүй, эцэг эх нь багшийг ойлгож ажиллахгүй бол маш хэцүү. Тэгэхдээ надад бол тийм асуудалтай хүүхэд тааралдаж байгаагүй. Яаж ийж байгаад эвэндээ ороод л болчихдог. Тэгэхдээ эцэг эхчүүд багшийг дэмжиж ажиллах нь яалт ч үгүй зөв. Эцэг эхчүүд хүүхдээ дэндүү буруу эрхлүүлчихсэн. Өөрсдөө буруу үлгэр дууриалал үзүүлчихсэн эцэг тохиолдол зөндөө байдаг. Дээрээс нь багштай, сургуультай нэг баг болж ажиллах ёстой гэдгээ огт ойлгоогүй нь элбэг. Сүүлийн үед тийм эцэг эхчүүд бүр олширсон. Залуухан багш болчихоод хөдөө очиход хөгшин настай багш нарын арга барил нь хоцрогдсон, хүүхэдтэй ажиллаж чадахгүй байгаа юм шиг санагдах үе байдаг л байсан.

Ийм өнцгөөс харах үе байсан. Одоо би боддог, миний арга барил арай хоцрогдоод байгаа юм биш байгаа гэж. Өөрийгөө байнга чагнадаг. Гэтэл манай улс багшийн хомсдолд орчихсон. Залуу багш нь бүр аргыг нь олж чадахгүй гацчихсан, хөлд нь хүүхэд хохирох нь элбэг байна. Тэгээд л одоо тэтгэвэрийн насны бид арай туршлагаараа ч юм уу, хүүхдийн аргыг арай илүү олох гээд ч байгаа юм шиг.

-Таныг ид залуухан багш багшилж байхад сурч байсан шавь нар , одоо үеийн шавь нарын хооронд хүмүүжлийн ялгаа байна уу? 

-Тэр үеийн хүүхдүүд одоо үеийн хүүхдүүд өөр л дөө. Арай дуулгавартай, даруухан байсан. Одоо бол даруу биш ерөөсөө бүгдийг үл тоосон хандлага их байна. Үг сонсохгүй байна. Тэгсэн ч бага ангийн хүүхдүүдийг яаж ийж байгаад л аргыг нь олдог. Олох ч ёстой. Одоо асуудал үүсээд байгаа үл ойлголцлууд чинь хүүхдээ хэт их өмөөрдөг, тэгсэн атлаа өөрсдөө гэртээ хүүхэдтэйгээ огт ажилладаггүй, анхаарахгүй хаячихсан байдлаас шууд хамааралтай байдаг. Тухайлбал сошиалаар багш хүүхэд зодсон гээд л хааяа гараад байна. Үнэндээ яг зодсон юм уу гэхээр зарим нь дэгс талдаа ч юм байна. Мэдээж хүний биед хүрэх нь буруу. Дээр үед чинь багш нар нь хатуу ширүүн ч үг хэлдэг. Түүнийгээ аав ээждээ хэлэхээр эцэг эх нь эргүүлээд багшийг нь өмөөрч хүүхдээ загнадаг байлаа шүү дээ. Одооны нийгэмд энэ бол болохгүй л дээ. Тэгэхдээ зодоогүй багшийг зодсон гэж хэлмэгдүүлээд, тэрийг нь өөгшүүлээд эцэг эхчүүд нь зөв тийш нь залахын оронд буруу тийш нь залаад байгаа нь буруу. Заавал нэг хүнээс бурууг хайгаад бадаг хандлага нь бүр жишиг болох нь. Энэ бол маш буруу явдал. Хүүхэддээ алсдаа асар буруу үр дагавартай. Ахмад багшийн хувьд залуучуудад хэлж яримаар, ухааруулмаар зүйл олон байдаг л даа. 

-Та тухайлбал юуг хэлж, зөвлөмөөр санагддаг вэ? 

-Тухайлбал ахлах, дунд ангийн хүүхдүүд сурах сонирхолгүй болоод байна гээд байгаа юм. Энэ надад их хэцүү санагддаг. Тийм учраас авч байгаа ангийнхаа эцэг эхчүүдтэй ний нуугүй ярилцаж байна. Яагаад гэвэл би 37-38 жил ажиллачихаад энэ сэдвийг хөндөхгүй байж чадахгүй байна. Энэ сурах сонирхолгүй хүүхдүүд ахлах, дунд ангид яагаад олшроод байна вэ гэхээр бага ангидаа суурийг нь сайн тавиагүйгээс болж байна. Бага ангидаа ямар байж байгаад дунд ангид орчихсон юм бэ гэсэн асуудал хөндөгдөнө. Тэгэхээр бага ангидаа яваад очихоор багш олон солигдчихсон байх юм. Дээрээс нь залуу эцэг эхчүүд чинь хүүхдүүдээ хайхардаггүй, хүүхдээ ч багшийг ч үл тоосон харилцаа хандлагатай. Эсвэл дэндүү бөөцийлсөн. Иймэрхүү байдлаас болоод хүүхдээ дийлэхээ байгаад сургууль багш нар нь хаячихсан. Ийм байр байдал нэлэнхүйдээ нүүрлэсэнтэй холбоотой гэж би үзэж байгаа. Тэгээд хүүхэдтэй нь ажиллаж байгаа багшийг дэмжиж, ойлгож ажиллахгүй. Сургуулиудад ч гажуудал байна. Багшийн ажиллах боломжийг нь сайн бүрдүүлж өгөхгүй удирдлагууд бас олширсон байна. Энэ бүхнээс болоод дунд нь хүүхдүүд хохирч байна. Сүүлийн 20 гаруй жил явсан боловсролын салбарын бодлогод багш нар маш сэтгэл дундуур байдаг. Багш бид нарт үүнийг яриад явах зав нь байдаггүй. Яриад яваад байгаа нь ч бас мухардаад байна. Манай монголын нийгэмд хоёр янзын зэрлэгшил тогтчихоод байна. Мөнгөтэй нэг хэсэг зэрлэг хүмүүс байна. Мөнгөгүй хэрнээ боловсролгүй, харилцаа хандлага муутай зэрлэг хүмүүс байна. Нэг л их энерги ярьсан л хүмүүс. Хүн байна гэдэг чинь өөрөө асар том боловсрол. Мөн соёл гэдэг юм орхигдчихсон. Хүний ёс зүй гэж алга. Ардын сайхан зүйр цэцэн үгээр хүүхдүүдээ бид сургаж байсан. Одоо тэр ч байхгүй болсон. Одооны хүүхдүүд зүйр цэцэн үг мэддэгүй, ном уншдаггүйгээсээ болж үг ярианы баялаг байхгүй, эх хэлээрээ утга төгс ярьж ч чадахаа байсан. 

-Ном уншиж сурах, ардын зүйр цэцэн үг мэдэх зэрэг нь хүүхдэд ямар сайн нөлөөтэй вэ? 

-Нөлөөтэй байлгүй яахав. Би нэг жишээ хэлье л дээ. Монгол хэлэндээ сайн хүүхэд математикдаа ч сайн байдаг. Учир нь байгалийн ухааны хичээлүүдийн суурь нь математик гэдэг . Математикийн хичээлийн өгүүлбэртэй бодлогыг сайн бодож байна гэдэг өгүүлбэрийг нь сайн ойлгох, дүгнэх чадвар байна гэсэн үг. Өөрөө бас бичиж тэмдэглэх чадвар сайн байх ёстой. Ийм байж л математикдаа сайн байна. Тэгэхээр яалт ч үгүй монгол хэлэндээ сайн байж л математикдаа сайн байдаг. Математикийн хичээл чинь тооны бүх хичээлүүдийн суурь нь шүү дээ. Өгүүлбэртэй бодлогыг сайн боддог хүүхэд дунд ангидаа ороод бүх хичээлдээ сайн байдаг. Өгүүлбэртэй бодлогыг тэмдэглэх чадвар сайн байна гэдэг чинь зохион найруулах чадвар сайн байна гэсэн үг. Тэгтэл ямар ч зүйр цэцэн үг гэртээ сонсохгүйгээр ангидаа ирж байна. Гурван үгний учир мэдэхгүй, гурвалжин нөхөөсний зүйдэл мэдэхгүй гээд хэлэхээр гайхаад л, ойлгохгүй... Гуравдугаар ангийн хичээлийн хөтөлбөрт байдаг “Эрдэм” гэж юу вэ гээд ярилцахад зарим хүүхдүүд юу ч сонсоогүй, учрыг нь мэдэхгүй л байна. Урьд бол зүйр цэцэн үгээр үр хүүхдээ ухаажуулж хүмүүжүүлж байсан эцэг эхчүүд зөндөө байдаг байлаа. Одооны хүүхдүүд тийм юм сонсож өсөхгүй болсон нь их харамсалтай. Бид нар их ном уншиж өссөний хүчинд аливаа юманд наанатай цаанатай, эргэцүүлж дүгнэж боддог болсон байх. Одоо бол яг тэр үеийн сайхан роман зохиолуудыг уншихгүй байна. Оюутан байхдаа ”Монте кристо гүн”,” Отелла”,”Тунгалаг тамир”, “Элс цас”,” Мандухай сэцэн хатан” зэрэг зохиолуудыгг уншиж байлаа. Олон жил хүүхдүүдтэй ажилласан багшийн хувьд хэлэхэд үндсэн монгол хэлээ сайн эзэмшихгүй бол хүүхэд цаашаа ахидаггүй юм билээ.

-Уншина гэдэг бодож тунгаах , сэтгэх гэх бүх зүйлтэй холбоотой байдаг. Тэгтэл боловсролын сайд маань “Аав, ээждээ захидал бичээрэй” гэх мэт өгөөжтэй уралдааныг, шилдэг сурагч шалгаруулах зэрэг арга хэмжээг зогсоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр ахмад багшийн хувьд хэр санагддаг вэ? 

-Аливаа юм хоёр талтай л даа. Нэг хүүхдийн эмзэг сэдвийг хөндсөн, нэг багш хүүхдээ зөв чиглүүлж чадаагүйгээс болж ч юм уу больсон ч байж мэднэ. Үүнийг анги удирдсан багш л зөв сайхан удирдаад явуулж чадвал болохгүй юм байхгүй шүү дээ. Аав ээж нь байхгүй гэхэд ойр дотныхоо ах эгчдээ ч тухайн хүүхэд бичиж болно. Хүний ээж аав дэргэд байхгүй ч үргэлж үрдээ хайр ивээлээ өгч байдаг. Би тухайлбал хөгшин аав, хөгшин ээж дээрээ өссөн хүүхэд. Миний сайн сайхан яваа минь тэдний минь буян л гэж боддог. Үүнтэй л ижил шүү дээ. Багш хүн ангийн хүүхдүүдийнхээ найз нөхөр нь, хамтрагч нь байх ёстой. Хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг бол сэтгэлийг нь сайхан дэмжиж ажиллах хэрэгтэй. Харин улсын олимпиадуудыг бол сайхан цэгцтэй сайхан явуулах хэрэгтэй. Хүүхэд олимпиадад орсноор өөрийгөө сорьж, зорилгоо тодорхойлох, өрсөлдөх чадвар суух зэрэг олон чадварыг олж авдаг.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав