Монголын улсын түүхэнд өөрийн нэрийг тодоор сийлж үлдээсэн сод хүмүүсийн намтар, тэдний үйл хэргийг зохиомжлон хүүрнэж, зургаар илэрхийлсэн "Монгол хүн" цувралын дөрөв дэхь ном хэвлэгдэн гарав. Уг цувралын эхний гурван ном их зохиолч Д.Нацагдорж, уртын дуучин Н.Норовбанзад, уулчин Б.Гангаамаа нарын тухай өгүүлэх бол шинээр гарсан дөрөв дэхь номд Монголын орчин үеийн шинжлэх ухааны суурийг тавьсан нэрт газар зүйч О.Намнандоржийн тухай өгүүлсэн байна. Тус бүтээлийг Монсудар хэвлэлийн газрын Жангар редакцаас эрхлэн гаргажээ. 

Бид гадаадын сод хүмүүсийн бүтээл туурвил, тэдний гавьяаг шимтэн дуулах номуудыг уншиж, амьдралдаа жишээлэн авч, намтар, эрдэм боловсрол, амьдралын туршлагаас нь суралцахыг эрмэлздэг. Тэгвэл монголчууд бид ч өөрсдийн гэсэн сод хүмүүстэй. Тэдний нөр их хөдөлмөр, соён гэгээрлийн ажил, авьяас билгийг ирээдүйн хүүхэд залуустаа үнэн зөвөөр нь танин мэдүүлэхэд энэхүү цувралын үнэ цэн оршиж буй билээ. 

ЗОХИОЛ – ОЧИРЫН НАМНАНДОРЖ


Юм бүхэнд эхлэл бий. Энэ ном харин О.Намнандоржийн бага нас, уул ус, ургамал цэцгийн сайханд хонь хариулж явсан өдрүүдийн тэртээгээс эхэлж байна. Байгалийн чулуу, цэцэг навч, тэнгэрийн одод гээд аливаа бүхэнд сониуч зангаар ханддаг, ертөнцийн юмстай танилцаж, нууцыг нь тайлахыг мөрөөддөг балчир хүү. Түүний бага насны амьдрал үргэлж гэрэл гэгээтэй байсангүй. Ялангуяа нийгэм, тэрхүү нийгмийг бүтээгч хүмүүсийн мэдлэг боловсрол хэчнээн бүрхэг, харанхуй байсныг бага насны хүүхдэд тун ойлгомжтой болоод зохиолын агуулга хойшид яахин томорч, номын утга санаа цаашид хэрхэн дэлгэрэх тэр зүгт хандуулан өгүүлжээ. 

Аливаа юмны шувтрах тэр л дээд цэгийг үзүүр орой хэмээдэг. Магадгүй оргил өндөр уулсын энэ л цэгт тогтсон цас хэзээд үл хайлах билээ. Зарим хэсэг нь наранд хайлсан ч орой нь мөстөж, хэсэг нь уулын хяр луу өнхрөн унасан ч тэнд цас байсаар л байна. Үүнийг хүнтэй зүйрлэвэл амьдралынхаа туршид хийж бүтээхийн оргилд хүрсэн, насан турхруу цаашлан зүтгэсээр байсан өдрийн од шиг цөөхөн нэгэнтэй л харьцуулж болно. Харин цасан дээр үлдсэн мөр хайлавч, цаасан дээр таталсан бичиг цагийн салхийг тэсч үлддэг. Үүний адил салбар бүхэнд цолгорсон олон эрдэмтэд, суутнууд бий. Тэдний нэг бол яахын аргагүй О.Намнандорж бөгөөд туйлбаргүй хичээл зүтгэл, олон олон бэрхшээлийг туучин гарч мэдлэг, оюуныг дээдлэн түүнийгээ хойчийн залууст өвлүүлэн үлдээх их хүслээ гүйцэлдүүлсэн түүх нь уг номд бий. 

Тэрээр 1924 онд гадаадад мэргэжил эзэмшүүлэхээр сонгосон 18 залуугийн дунд багтаж тухайн үеийн ЗХУ-д суралцах болсон агаад тэдгээрийн дотор их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагмадулам, эрдэмтэн Б.Ренчин нар байжээ. Ингээд бодохоор монголын салбар бүрийн суурийг тавилцсан олон сэхээтнүүд тухайн үед мөр зэрэгцэн эрдмийн моринд дөрөөлсөн гэлтэй. 

О.Намнандорж Дорно дахиныг судлах дээд сургуулийн Газар зүйн ангид суралцаж эх орондоо ирсэн ч найз нөхдийн хамт шинэ жилийн баярыг тэмдэглэсэн хэргээр хэлмэгдэж хоригдсон байна. Гэвч эрдэм мэдлэгийн үр шим ямагт хүнийг тэтгэдэг жамтай. Түүн шиг авьяаслаг, орос хэлийг чадварлаг эзэмшсэн хүн эх оронд нь хэрэг болсноор ахин сургуульд явуулж, Москвагийн зам барилгын дээд сургуульд суралцжээ.

Энэ мэтчилэн тухайн зурагт номд өгүүлсэн хүний амьдралд тохиолдсон гол үйл явдал, олж нээсэн газар орон, үнэт олдворуудын тухай тоочин өгүүлсэн нь бий. Гэвч ихийг нуршсан нь үгүй. Зурагт ном ямагт хүүхдийн унших сэдлийг өдөөхөөс гадна намтрын хувьд ч тухайн хүнийг туулсан замыг бус харин юу туулсныг нь илүүтэй товойлгож харуулахыг зорьдог. Уг зурагт ном ч мөн энэ зарчмыг баримталсан нь илт. 

Хүн бүрийн олноор зорчин очиж эмчилгээ хийлгэж, эрүүл мэндийн ундаан болгодог рашаан булаг, айл болгоны номын санд залаатай, эх орныхоо ан амьтан, ургамал, үүх түүх, гавьяат хүмүүсийг багтаасан нэвтэрхий толь бичиг, Үндэсний төв музейд залсан, Мөнх хаанд зориулсан хөшөө зэрэг олон үнэт олдворуудыг тэр нээн илрүүлж, хойч үедээ үлдээжээ. Үүнээс гадна бидний туйлын ихээр сонирхон зорин очдог байсан Байгалийн түүхийн музейн үндэс суурийг эл хүн тавьсан гавьяатай. 

Үүнээс гадна их говийг хөндлөн гулд туулж Тарбозаврын ясыг олж мөн Үндэсний төв музейд байршуулж байв. Ерөөс уг зурагт номын зохиолоос үзэхэд О.Намнандорж эх орныхоо газар шорооноос олсон үнэт, түүхэн олдворуудыг гадагш гаргалгүй, зөвхөн эх орондоо хадгалж үлдээх чин хүсэлтэй байж гэдгийг ойлгох болно. Тиймдээ ч гадаадаас ирсэн эрдэмтэд, хайгуулын багийнханд зарим чухал орд газрыг нээн илрүүлснээн нууцалдаг байж. Түүнээсээ болж гадуурхагдах, “Төөрүүлдэг Намнандорж” гэх хочийг хүртэл зүүж явжээ. 

ЗУРАГ

Хүн хийж байгаа ажлаа эхлээд сайн ойлгох нь чухал. Үүнээс үүдэлтэйгээр ном сурах бичиг, хүүхдийн бүтээл туурвихад уламжлалт ёс заншил, өв соёлын тухай асуудал зайлшгүй хөндөгдөж таарна. Өдгөө аль ч нөхцөлд бид уламжлалаас хэт хөндийрч буй талаар дор бүрнээ ярьдаг болсон. Гэтэл хотжилт, техник технологийн хөгжил, орчин ахуйгаас хамаараад иргэншил дагасан нүүдэл хийх зайлшгүй шаардлагатай байсан учраас тэр. Үгүй бол уламжлал руу хэт туйлширч хандах дээрээ тулбал хэдэн арван жилээр улс орны хөгжил ухрах хэмжээнд очно. Энэ ньуламжлалыг үгүйсгэж байгаа хэрэг бус. Гол нь уламжлал гэж юу вэ? Яг өнөөдөр хүүхдүүдэд ном соёлоор дамжуулан ямар уламжлалыг түгээх хэрэгтэй бол гэдэг дээр анхаарч ажиллах нь зүй ёсных юм.

Тус номын зургууд шар, ногоон, цэнхэр өнгөний хослолтой. Харин О.Намнандоржийн хэлмэгдэж байсан цаг үеийн төрх байдлыг хар бараан, саарал өнгөний холимогоор харуулжээ. Бага балчир үеийнх нь өгүүлэмжүүдээс хөдөө нутаг, хурдан морь зэрэг нүүдэлчин ахуйн дүр зураг харагдана. Мөнхүү алсад эрдэм сурахаар явах үе, тухайн цагийн ЗХУ-ын чухал түүхэн болон соёлын томоохон байгууламжуудыг бүтээж, дундуур нь морин тэрэгтэй зорчиж буйг харуулсан дүрслэл бүхий агуулга нь хүүхдийн сонирхлыг татахаас гадна, нөгөө талаас барилга байгууламжуудыг нэрийг оноож, мэдлэгээ тэлэх боломжтой.

Бид бахархах түүхтэй, бахархам түүхийн эзэдтэй ард түмэн. Харин тэдгээрийн үйл хэрэг, туулсан амьдралын замнал, үлдээсэн эрдмийн их өвөөс нь үргэлж суралцаж, танин мэдэх нь нэн чухал. "Монгол хүн" цувралын үр өгөөж, агуулга, үнэ цэн нь таны хүүхдийг ч мөн соёл боловсрол, эрдэм мэдлэгийн замд хөтлөх болов уу.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав