Монголчууд бид дорно дахины билгийн тооллоор хөхөгчин модон могой жилээ угтан аваад хэдхэн хонож байна. Эх орон даяар хаврын тэргүүн сарын нимгэн цэнхэр өдрүүд зочлон ирж, нялх төлийн дуутай хамт найрсанхан буй энэ өдрүүдэд бид ч шинэхэн дугаарынхаа хамт уншичидтайгаа мэндчилж байгаадаа баяртай байна.

Төгс буянтын зурлагаар дорнын хөхөгчин могой жил нь эм буюу зөөлөн жил хэмээх аж. Тиймээс онцгой содон сонголт, сонирхолтой өөрчлөлт хийх боломжийг бидэнд бэлэглэнэ хэмээн зурхайд зурагджээ. 

Өнгөрсөн жил бид гуравдугаар сарын дугаараа “хүүхнүүдийн хавар” хэмээн нэрлэж байсныг уншигчид маань санаж байгаа биз ээ. Энэ удаа ч бид уламжлал ёсоор эмэгтэйчүүддээ шинэ дугаараа зориуллаа. Ингээд та бүхэндээ шинэ дугаараас онцлох зургаан нийтлэл, ярилцлагыг танилцуулъя. 

О.СЭРГЭЛЭН: ӨНӨӨДӨР ДЭЛХИЙ ДАХИНД ҮҮДЭЛ ЭСЭЭС НЬ ЭЛЭГ, БӨӨР, БУСАД ЭРХТЭН УРГУУЛАХ ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА. ГЭТЭЛ БИДЭНД ЭРХТНИЙ БАНК Ч АЛГА...

Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний Гавьяат эмч, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор, Оргойн Сэргэлэн. 

Тэр бол Монгол Улсад анх удаа хүний биед элэг шилжүүлэн суулгах мэс засал, оношилгоо, эмчилгээний арга барилуудыг өндөр хөгжилтэй улс орнуудаас нэвтрүүлэх ажлыг  удирдан явуулж нутагшуулсан, манай анагаахын салбарын домог болсон зүтгэлтний нэг юм. Тэр мөн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан гайхалтай мэс засалч юм. 

Тэрбээр Америкийн мэс заслын коллежийн (ACS) хүндэт гишүүн бөгөөд эдүгээ Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагчаар ажиллаж байна.   

АНОРА

Анора... Оросын олигархын хүү Иван Америкийн шөнийн клубт ороод үйлчлэгч нараас тайчих үзүүлбэр үзүүлдэг хүмүүсийн дунд орос хэл мэддэг хүн байгаа эсэхийг асуудаг. Тэд Анора Михеева  оросоор  ярьдаггүй ч сайн ойлгодог, учир нь түүний эмэг эх орос хүн гэж хэлжээ. Иван Аноратай уулзаад хөлсөөр хамт үдэшлэгт очиж, мөн өөрийнх нь найз нартай цуг долоо хоног Лас-Вегасаар аялах санал тавив. Энэ мөнгөний ажил хүүхний санаанд нийцжээ. Залуус Лас-Вегасаар аялж, казино тоглон, баар зоогийн газраар хэсэж, эцэс төсгөлгүй зугаа цэнгэлд умбан улмаар бие биенээ танин мэдэж дотносов. Тэдний хайр дурлалын ер  бусын адал явдлаар дүүрэн нэгэн түүх ингэж эхэлдэг. Уг түүхээр хийсэн кинонд “Анора” гэсэн нэр өгчээ. “Анора” үзэгчдийн сонирхлыг татаж, Каннын олон улсын кино наадмаас “Алтан дал модны мөчир” дээд шагналыг нь хүртсэн ч бас багагүй шүүмжлэлд өртсөн юм. Гэсэн ч энэ бүтээл  “Оскар”-ын шагналыг таван төрлөөр хүртэж чадав. Мөн гол дүрд тоглосон жүжигчин Майки Мэдисон ч “Оскар”-ын эзэн болсон юм. 

ЮЛИЯ ПЕРЕСИЛЬД: БИ МЭРГЭЖЛИЙНХЭЭ АЧААР САНСРААС ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАРЖ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ГАЙХАЛТАЙ ШУУРГЫГ МЭДЭРСЭН

...Би усны ёроолд маш гоё олон чулуу байдгийг мэднэ. Чулуу бүрт онцлог шинж байдгийг ч анзаарсан. Чулуу намайг сонсож байгаа эсэхээс үл хамааран би тэдэнтэй санал бодлоо хуваалцаж чадна. Миний мэргэжил надад олон янзын хүн, эд юмстай харилцах чадвар суулгасан гэж Юлия Пересильд ярьсан юм. Түүнтэй хиймэл оюун ухааны чадвар, “ухаалаг гэр”-ийн хайр дурлалыг харуулсан “Эрэгтэй эмэгтэй хоёр” киноных нь нээлтийн дараа “Snob.ru” сайтын продюсер уулзаж ярилцжээ.

СЭТГЭХҮЙН ЗУРАГЛАЛЫН ДЭГЛЭЛТ

Хан Ган бол өөрийн сэтгэхүй дэх дурсамж, улс үндэстнийхээ өв соёл, нийгмийн байдал, түүхийн үнэн, ёс заншил, хүний ёсны олон сэдвүүдийг сэтгэхүйн зураглалаар дамжуулан буулгаж түүнийгээ асар нарийн, онцгой зохиомжоор дэглэн үзүүлдэг зохиолч мөн. 

“Цагаан хоолтон” роман гэхэд л зохиомж нь ерөнхий гурван бүлэгтэй. Гэвч энд гол дүрийн дуу хоолой төдийлөн үүрэггүй. Эхний “Цагаан хоолтон” хэмээх бүлэгт эхнэрийнхээ гэнэт махнаас гарах болсон шалтгаан, түүний зан байдал, сэтгэхүйн өөрчлөлт, үйл явдлын туйлдаа хүрсэн гэр бүлийн тэмцлийн тухай нөхөр нь хүүрнэх бол “Монгол толбо” хэмээх дэд бүлэгт Ёнхэгийн хүргэн ах өгүүлэмжийг цааш хөтөлнө. Харин төгсгөлийн “Асаж буй модод” бүлэгт гол дүрийн эмэгтэйн эгч болох Инхэ бүх үйл явдлыг төсгөлийг зангиддаг. 

“ДОНДОГИЙН БУЛАГ”-ИЙН ЭЗЭГТЭЙ

Гадаа одод асгарч, гэрт зуухан дахь галын үнэр таатайхан түгэж... Би гэдэг хүн дөнгөж сая танилцсан эндэхийн эзэгтэйн тухай бодож хэвтэв. Үсээ хоёр салаа сүлжчихсэн, үг яриа элбэг, өндөр биерхүү, залуудаа сайхан бүсгүй явсан нь харахаас илт энэ эмэгтэй эрхгүй сонирхол татна. Жижигхэн мухлаг, арын өрөөндөө төвхнөсөн авсаархан амьдрал гээд ядаж цөхөх юмгүй ганц бие гэдгийг нь илтгэнэ. 

Хяруу татсан жихүүн өглөө эртлэн боссон би эзэгтэйн хаалгыг тогшлоо. Цай цүй болон бидний яриа ч эхлэв. Ярилцлага авах хүсэлтийг маань хүлээж авсанд тун ч олзуурхсан би буцаж гэртээ орон бэлтгэлээ базаагаад яаран орж ирлээ. Ийм “ДҮР” олно гэдэг олз байлгүй яахав. Энэ эмэгтэйг Түмэнбаярын Одончимэг гэдэг. 

ЦАХИМ АЙМАГ ГЭЖ ЮУ ВЭ?

Цахим аймаг гэж чухам юу болох талаар ярихдаа бид өнөөгийн нийгэм, эдийн засаг, технологийн харилцан шүтэлцээний өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй. Олон хүн энэхүү ойлголтыг “төрийн үйлчилгээг онлайнаар үзүүлэх” эсвэл “аймгийг ухаалаг камер, дрон, утасгүй сүлжээгээр бүрэн тоноглох” гэдэгтэй адилтгаж ойлгох нь бий. Гэхдээ цахим аймаг гэдэг нь илүү өргөн утгатай, тухайн бүс нутаг өөрийн хөгжлийн тулгуур салбар, нийгмийн бүтэц, соёлын онцлогт тулгуурлан мэдээллийн технологийг өргөн цар хүрээтэй, зөв менежментээр нэвтрүүлж, иргэдийнхээ амьдралын чанарыг ахиулахад чиглэсэн цогц экосистем юм. Энэ нь ганцхан төр засаг, албан байгууллагын сонирхол биш, бүх талын оролцоо, бүтээлч санаачилга, хамтын ажиллагаанд суурилсан шинэ хэв маяг болох учиртай. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав