Урлагийн буландаа урьж буй онцгой зочин маань Урчуудын эвлэлийн шагналт зураач, хүндэт профессор Зоригийн Уянга. Урлагийн гэр бүлд төрж өсөн, хүүхэд байхаасаа тасралтгүй бүтээлээ хийж яваа тэрээр монголын зураасан зургийн энэ үеийн маш том төлөөлөгч билээ. Уянга зураачийн дотооддоо болон гадаадад гаргасан үзэсгэлэн, авсан шагналыг тоочоод байвал дуусахгүй. Түүний яриа уншигч танд таалагдана гэдэгт итгэж байна.

-Таны бага насны дурсамжаас яриагаа эхлүүлье. 

-Миний үеийн бага нас гэвэл 70-аад он. Өнөөдөртэй харьцуулшгүй өөр үе байлаа. Бидэнд айх айдас байсангүй, зуны цагт бол аав ээжийгээ иртэл өглөөнөөс орой гадаа тоглодог байлаа. Хүүхдүүд одоо үе шиг утас бариад суугаад байдаггүй, дандаа бүлэг, багаараа тоглодог, тэр нь эрүүл мэндэд ч бас чухал байсан байна. Үргэлж л үсэрч харайдаг, спортлог тоглоом тоглодог. Дээрээс нь тухайн үед улаанбаатарт 500-аад мянган хүн л амьдардаг, гадаа тоглож байгаад гэртээ ороод шууд крантны усаа гоожуулаад л уучихдаг. Усанд ямар ч амт байхгүй, агаар утаа униаргүй, тийм гоё бага насыг өнгөрөөсөн дөө. 

-Би таныг их олон газар олон удаа харж байсан. Тэр тоолон үргэлж инээж л явахыг тань харснаас ууртай байхыг ер нь харж байгаагүй. Тийм болохоор таныг үргэлж инээж явдаг хүн гэж боддог. 

-Би маш нээлттэй хүн. Орост байхад нэг удаа аавын таньдаг хүн надтай таараад юм ярьсан юм байна л даа. Гэтэл аавын найз аавд маань “танай охин аягүй хөөрхөн ааштай, дандаа л инээж явдаг” гэсэн гэнэ. Тэгсэн аав надад “миний охион, дандаа инээж явна гэдэг чинь хүн чамайг тэнэг гээд бодчихвол яах юм, битгий тэгж бай” гэж хэлж байсан юм. Яагаад тэгж хэлсэн юм бүү мэд, би үүнийг хэзээ ч мартдаггүй. Нөгөө талаасаа бол, мэдээж хүний амьдралд гуниг, зовлонтой олон л зүйл тохиолдоно шүү дээ. Гэхдээ би өдөр болгоныг баяр баясгалантай, сонирхолтой, аз жаргалтай өнгөрөөхийг бүр цаанаасаа л хүсдэг хүн шиг байгаа юм. Хүмүүсийн баярласан царай, хүнтэй инээгээд мэндлээд өнгөрөх гэдэг надад их аз жаргал байдаг. Тэгэхээр би өөрөө хүнд баяр баясгалан өгөх дуртай, хүнээс ч бас гоё гэрэл гэгээ авах дуртай хүн байх. 

-Таны багаасаа өссөн орчин, хүмүүжил бас нөлөөлдөг юм болов уу? 

-Тийм, жишээлбэл социализмын үеийн бидний бага насанд баян, ядуу гэж байсангүй. Би санадаг юм, аав ээж хоёрын хэлж байсан “Театрт үйлчлэгч хүний хүүхэд орж ирээд юм үзэж байлаа гэхэд бид ямар ч ялгаагүй. Адилхан л зүйл иднэ, адилхан хувцас өмсөнө” гэсэн үгийг. Надад хүнийг ийм тийм хүний хүүхэд гэх ойлголт байхгүй өссөн. Бүгд байгаа зүйлээ хувааж идээд л хамт тоглоод явчихдаг. Нийгэм ч өөр байж, хүмүүс ч өөр байж. Социализмын үед манайх чинь хүмүүсийг хүчээр тэгшитгэсэн шүү дээ.

-Дүрслэх урлагийн сургуулийг та бар зургаар төгссөн гэсэн. Яагаад энэ төрлийг сонгосон юм бэ, хийхэд ажиллагаа ихтэй амаргүй төрөл байх? 

-Тэр үед бид чинь наймдугаар ангиа төгсөөд дүрслэхийн сургуульд шалгалт өгч байж ордог байсан юм. 200- 300-аад хүүхдүүдээс 40 нь л тэнцэж ордог, том конкурс болдог байлаа шүү дээ. Би чинь айлын ганц охин, аав минь намайг хөтлөөд л сургууль руу орж байсан. Сургуульдаа ороод ирсэн чинь тухайн үед нэг дээр үеийн хятад цэцэрлэгийн барилгыг Д.Амгалан гуай засаж авсан байсан юм. Үнэн ‘ямбий’ сургууль байж байхаар нь би бараг цочиж байгаа юм чинь. Манай аав театрын зураач байсан, багаасаа аавынхаа хийж бүтээж байгааг хараад өсчихсөн болохоор адилхан театрын зураач болно гээд л шийдчихсэн, өөр юу ч надад бодогдоогүй байсан юм. Гэтэл аав явж байснаа “Ингэхэд чи чинь юуны ангид шалгалт өгөх гэж байгаа билээ” гээд гэнэт тулчихсан үед асуудаг юм. Би гайхаад “мэдээж театрын анги шүү дээ” гэтэл аав “юу яриад байгаа юм, зураасан зурагт өг” гэж хэлсэн. Өнгө будганд дуртай би чинь юун хар цагаан зураас вэ гээд шоконд орж байгаа юм чинь. Гэтэл аав “За, миний охин, чи үнэхээр зураач болмоор байна уу” гэж асууж байна, би ч болмоор байна гэлээ. “Тэгвэл эхлээд зурж сурна аа, зурж сурах А үсгийг энэ зураасан зураг чинь өгдөг юм, дараа нь харин яахаа өөрөө шийднэ биз” гээд л шийдчихсэн. Тэр үеийн хүүхдүүд эцэг эхийнхээ үгнээс гардаггүй байсан учир юу ч хэлж чадахгүй, тэгээд л дуртай дургүй орсон байхгүй юу. 

-Яг үндсэн ангидаа ороод үзэхэд ямар санагдсан бэ, таны бодол өөрчлөгдсөн үү? 

-Ороход Оюунчимэг багш, До.Болд, Ч.Мөнхжин гуай гээд л дандаа академи төгсөж ирсэн, ид юм хийх насны дандаа чадалтай, мундаг багш нар байсан учир их л гоё байсан. Тэр хүмүүсийн тавьсан суурин дээр манай дүрслэх урлагийн хөгжил тавигдсан л даа. Хичээл орж байхад хажууд До.Болд, Оюунаа багш хоёр маань урлагийн түүхийг яриад байж байдаг байлаа. Тэгэхээр биднийг урлагт тэгж дурлуулж, урлагийн хүн болоход их нөлөөлсөн байгаа юм.

-Дүрслэхийн сургуульд хүүхдүүдийн дунд уур амьсгал ямархуу байсан бэ, оюутан үеийнхээ талаар дурсвал? 

-Бидний үед нэг төгрөгтэй бол баян байлаа. Одоогийн хүүхдүүд шиг өөрийн мөнгөөр өөрөө л иднэ гэдэггүй байсан. Манай анги 12-уулаа байсан. Байгаа бүх мөнгөө гаргаж ирээд нийлүүлнэ. Одоо хүүхдүүдээ юм голоод байвал бид 40 мөнгөний талх аваад яг 12 хуваагаад крантны ус уугаад л идчихдэг байсан гээд хэлдэг юм. Овоо гайгүй мөнгөтэй байвал хааяа хуушуур аваад идчихнэ. Ер нь өнөөдөр бид хэдэд хэдэн төгрөг байна, түүндээ тааруулж юм аваад хуваагаад идчихдэг байсан. Тэглээ гээд бид нэг нэгнээсээ юмаа харамладаггүй, өлсвөл хамт өлсөнө, бие биеэ гэсэн сэтгэлтэй байсан байгаа юм. Одоо эргээд бодоход тэр их гоё чанар байж дээ гэж боддог. 

-Ер нь л нийгэм тийм байж ээ? 

-Тийм, дүрслэхийн сургуулийнхан гоё сайхныг олж харах ч гэдэг юм уу, хандлага арай өөр байсан байх. Манай сургуульд диско, баяр их болдог байлаа. Сургуулийн үүдэнд бусад сургуулийнхан орох гээд дугаарлаад орж чаддаггүй, бүр цагдаа ирж хаадаг байлаа шүү дээ. Дүрслэхийн сургууль тэгж их үлгэр дуурайлал үзүүлдэг орчин байсан байна. Дээрээс нь манайх олон эрэгтэйтэй, аягүй цөөхөн охидтой байсан юм. Тийм гоё гэх юм уу, хөгжилтэй үеийн өнгөрөөж дээ. 

-Олон эрэгтэй оюутнуудтай байсан гэдэг утгаараа та хөвгүүдтэй их нийлдэг байв уу? 

-Одоо ч би эрэгтэй хүмүүстэй илүү дотно найзалдаг. Мэдээж 15 настайгаасаа эхлээд дан эрэгтэй хүүхдүүд дунд найзлаад явчихсан. Оросод академид сурч байхад ч бас дан эрэгтэй найзуудтай байлаа. Надад ааш зангийн хувьд ч амар санагдаад байдаг юм. Гэхдээ бас сайхан эмэгтэй зураач найзууд байна л даа мэдээж. 

-Сургуулиа төгсөөд монголдоо ирэхэд нөхцөл байдал ямар байсан бэ? Ажлын гараагаа яаж эхлүүлж байв? 

-Би хойно академид сургуульд явахдаа уг нь Станковын графикаар сурмаар байсан юм. Гэвч тэр үед бүх зүйл бодлогоор явдаг байсан учир надад заавал номын зураачаар сурах шаардлага тавиад болдоггүй, тэгэхгүй бол сургуулиас гаргана гэж айлгаад байсан болохоор сураад хамгаалсан юм. Тэгээд л төгсөж ирээд номын зургийн редакцид ажилд ороод мундаг байх юм бодчихсон ирсэн чинь гудамжинд лааз өшиглөдөг юм байгаа биз дээ. Дүрслэхийн сургуульд дөрвөн жил, дунд нь нэг жил ажиллачихаад үргэлжлүүлээд академид зургаан жил сурсан гэхээр 11 жилийг сураад өнгөрөөчихсөн. Тэгээд 26 настай хүрээд ирсэн чинь ажил байхгүй. Социализмын үед хүн ажилгүй байна гэдгийг хамаатан садан, бүр хэн ч ойлгохгүй аягүй хэцүү зүйл байхгүй юу (инээв). Өөрөө өөртөө стрессдэж байгаа юм чинь. Тэр үеийн 26- 27- той хүүхэн гэдэг хэд хэдэн хүүхэд гаргачихсан байхад нөгөөх чинь ажил ч үгүй, цалин ч үгүй, ээж ааваасаа мөнгө горьдоод сууж байх чинь аягүй муухай биз дээ. Миний нөгөө ажиллах гэж байсан газар бүр байхгүй, дампуурчихсан. (инээв) Тэгээд ажил хайгаад л гүйж байгаа юм. Яг тухайн үед намайг харин Багшийн дээд сургууль авсан юм. Одоо хүртэл би их талархаж явдаг. Учир нь сэтгэл санаа хүнд, ялангуяа миний үед ажилгүй хүнийг хэрэгтэн гээд баривчилж байгаад хүчээр ажил хийлгэдэг байлаа шүү дээ. Тиймээс миний цаад ухамсарт ажилгүй байх гэдэг боломжгүй зүйл шиг л байсан юм. Тэгээд л Багшийн дээдэд таван жил ажилласан. Ингээд намайг анхнаас нь багшлах сонирхолтой болгочихсон байгаа юм. Ерээд онд хүмүүс наймаа их хийдэг болоод л, хоол унд байхгүй нэг хэсэг хэцүү үе болсон шүү дээ. Манай одоогийн мундаг зураач нар чинь гандан дээр ганц хоёр доллароор зургаа зардаг, хэцүү үе байсан юм. Тиймдээ ч ахмад зураачдаа тийм хэцүү үеийг бууж өгөлгүй туулсанд нь их хүндэлдэг. Социализмын үед манай улсын хөгжлийн бодлого дээр бүр төлөвлөгөө боловсруулаад, бүх салбарт мундаг том олон сургуулиудад сургадаг байсан. Тэгснээрээ маш зөв суурьтай явах байсан боловч 90-ээд онд нөгөө сураад төгсчихсөн мундаг хүмүүсийг ажилгүй болгоод, улсаас дааж сургасан боловсон хүчнүүдээ үнэгүйдүүлчихсэн юм. Хэрэв тэдгээр хүмүүсээ ашиглаад, зах зээлийн үед шилжсэн ч гэлээ бодлогоо тэр хэвээр нь зөв авч яваад, өмч хувьчлалаа зөв хийсэн бол өнөөдөр манай улс босчихсон байх байсан.

-Тийм гэж үү? 

-Миний харж байгаагаар нийгэм тэр чигээрээ өөрчлөгдчихсөн. Биднийг тэр үед хиймлээр ч гэх юм уу, ‘гоё нийгмийг байгуулна, гоё амьдарна’ гээд 100 хувь итгүүлчихсэн байсан. Өнөөдөр бол хүүхдүүд бодит ертөнцөд амьдарч байгаа. Яагаад ч хууртагдахгүй болчихсон (инээв), өөрийнхөө төлөө боловсорч, амьдарч байгаа гэдгээ ойлгочихсон байгаа юм. Дээрээс нь миний үед хаа байсан америкийг бол мэдэхгүй шүү дээ. Хажууд байгаа орос руу л очиж магадгүй гэсэн бодолтой. Гэтэл өнөөдөр бол дэлхий хавтгай. Хэлтэй л бол хүссэн болгоноо үзнэ, мэдээлэл солилцох, өөрөө хөгжье гэвэл бололцоо нээлттэй байна. Манай залуучуудад боломж бол үнэхээр байна. Гол нь өөрөө хөдөлмөрлөх, зорих ёстой.

-Тэр үеийн болон одоогийн хүүхдүүд үзэл бодлын хувьд асар ялгаатай байх. Таны хүүхэд байх үед хэцүү санагддаг зүйлүүд юу байсан бэ? 

-Газар тэнгэр шиг ялгаатай. Надад ер хэцүү байгаагүй, тийм зүйл ч мэддэггүй байсан. Ийм л байдаг, байх ёстой гэж боддог. Мэдээж ямар нийгэмд байхаас шалтгаалахгүй бүх хүнд л хэцүү зүйл тохиолдоно, гуниглана шүү дээ. Гэхдээ бид арай илүү давж гарах хатуужилтай, тийм байх ёстой байж. Миний зургаан настай ач ‘стрессдлээ’ гэхээр би саваад уначихдаг юм. Өлсөхийг ч мэдэхгүй шүү дээ. Бидний үед бол өлсөх зүгээр энгийн асуудал. Тэгээд өлслөө гээд яасан юм, нэг талх олоод идээ л биз. Одооны хүүхдүүд талхыг бол хоол гэж бодохгүй шүү дээ. Тийм том ялгаатай. Би буруутгаж байгаа юм биш, нийгэм хөгжиж байгаа нь сайхан байна. Гэхдээ хөгжил гэдэг сайхан эд мөн үү. Яг бодоод үзэхэд биш л байгаа байхгүй юу. Би үүнийг хэзээ мэдэрсэн бэ гэхээр 2004 онд швейцарьт очсон юм. Тэгэхэд надад ‘энэ хэт хөгжил гэдэг ер хэрэггүй юм байна, ямар тэнэг юм бэ’ гэж үнэхээр бодогдсон. Гөлийсөн цэвэрхэн, муухай юм нэг ч харагдахгүй, уулан дээр байгаа зүлгээ хүртэл тэгшлээд хайчилчихсан. Би баячуудын хотод нь саятнуудтай саятан шиг л 45 хоног амьдарч үзсэн юм л даа. Бид чинь унтахдаа маргааш нь хийх зүйлээ боддог, тэмцэлтэй амьдардаг байсан бол тэнд бүх зүйлийг нь хийчихсэн, юм сэтгэх ч хэрэггүй, хийдэг зүйлээ хийгээд л байж байдаг тэр амьдрал надад ерөөсөө таалагдаагүй. Тэгэхээр хүн гэдэг бүх зүйл бэлэн байхаар эрмэлзэлгүй болчихдог юм байна гэж ойлгосон юм. Хүний амьдрал энгийн байхдаа л гоё юм байна гэж бодоод байгаа. 

-Энэ их сонин өнцөг юм. Бид юуны төлөө хичээж байгаагаа бодоход танд утгагүй санагдсан тэр амьдралд хүрэх гээд байгаа ч юм шиг. Гэтэл тэр нь үнэн хэрэгтээ хэрэггүй зүйл байгаад байдаг. 

-Ер нь бол дэлхий нийтээрээ идэхийн төлөө амьдраад байгаа юм билээ. Би олон орноор явж олон янзын хүмүүстэй уулзлаа. Харж байхад хүмүүсийн зорилго нь нэг л гоё гэр орон, машин, хоол. Хүн өдөрт хоёр юм уу гурван аяга хоол л иднэ. Амттай амтгүй, дотор нь юу орж байгаа нь л ялгаатай. Социализмын үед бид нийтээрээ оройдоо лапша иддэг байсан. Тэр үед тарган хүн байсангүй, маш зөв хооллож байсан байгаа юм. Миний мэдэхийн хүүхэд байхад хавдар гэдэг өвчин хаа нэг л тохиолддог байсан. Бараг л аймшгийн ховор өвчин, хэр баргийн хүн тусдаггүй гэдэг байсан. Тэгэхээр амьдрал энгийн байх чинь л гоё зүйл юм биш үү. 

-Оюутан, залуу байх үедээ хүнд дурлах, шохоорхох үе байсан л байх. Дурсамжаасаа хуваалцаж болох уу? 

-Би ер нь тийм дурламтгай хүн биш. Шохоорхох насандаа ч надад таалагдаад болиод байсан үе цөөхөн. Анхны үерхэл бол хүн бүрт л байдаг байх. 

-Бар зургийн юунд нь тэгж их татагдсан юм бэ? 

-Би өнгөт бар зурагт их дуртай. Би дүрслэхийн сургуульд байхдаа л манай ангийн хүүхдүүд хийхгүй байхад өнгөт барыг хийдэг байсан. Өнгөтөөр хийхэд их хэцүү, зөрчихдөг. Зөрүүлэхгүй хийх гээд нухаад л байдаг. Угаасаа л өнгөнд дуртай учир өнгөт бараар дипломоо хамгаалж байсан. Айхтар гоё болоогүй л дээ, гэхдээ л тухайн үедээ бараг анхдагч нь байсан байх.

-Гэхдээ одоо энэ төрлийг тань шиг эзэмшсэн хүн байхгүй байх. 

-Би төмөр барын хувьд бол өөрийгөө мастер гэж боддог л доо. Гэхдээ тасралтгүй арван жил хийсний дараа л итгэлтэй болж байна. Төмөр бар өөрөө тааж боломгүй алдаанууд гараад байдаг юм. Нартай, бороотой байх хүртэл нөлөөлдөг. 

-Таны шавь нарын бүтээлийг хараад байхад бусад оюутнуудаас илүү гүйцэтгэл сайтай санагддаг. Таны өөрийн заах барил, чадвар нөлөөлдөг байх гэж бодлоо. 

-Шаарддаг. Би зүгээр халтуурдахыг ёстой үздэггүй. Багш шавь хоёр зүгээр учирдаггүй. Ээж аав бурхнаас заяадагтай адил багш шавийн учрал бурхнаас өгөгддөг. Миний шавь ч бас надад бурхнаас ирсэн. Тийм учраас барилдлагатай гэж үздэг. Төгсөөд магадгүй намайг байхгүй болсны дараа хүртэл Уянгаагийн шавь гэхэд сайн уран бүтээлч байх ёстой гэдэг шаардлага байна. Анхнаас нь мэргэжилтэн байхыг би шаарддаг. Ялангуяа зураач хүнд багш их чухал. Би загнаад хашхираад байдаггүй, найз шиг л байдаг ч хийж байгаа бүтээлд нь бол чанга ханддаг. 

-Одоогийн дүрслэх урлагийн академи бол манай улсын олон жилийн түүхтэй урлагийн том сургууль шүү дээ. Та тэнхим хариуцан ажиллаж байгаа хүний хувьд сургуулийн сургалт, байдал ямархуу хэмжээнд байгаа гэж үзэж байна? 

-Бусад мэргэжлүүдийг би сайн хэлж мэдэхгүй л дээ. Харин өөрийн график дизайны тэнхимийг бол арваад жил эрхлэгч хийснийхээ хувьд мэднэ. Намайг анх ирэхэд хувцас дизайны анги гэдэг ч юм уу, хүүхдүүд нь зурах тал дээрээ арай сул, дугуйлан маягийн санагдаж байсан. Би өөрөө эрхлэгч хийж байх үедээ яг зорилготойгоор бодсон юм. Тэнхимийг удирдаж байгаа хүн хувцас ч байсан, өөр мэргэжил байсан ч мэдрэхгүй л бол болохгүй. Таван өөр мэргэжлийг ойлгохгүйгээр удирдана гэж байхгүй. Тэгэхээр би гологдохгүйн тулд хажуугаар нь өөрийгөө хөгжүүлсэн. Дээрээс нь дизайнер хүн зураачаас юугаараа ялгаатайг ойлгож авсан. Зураач бол хувь хүн байхгүй юу. Муу байна уу, сайн байна уу таалагдах хүндээ таалагдаж байвал тэгээд л болоо. Зураачийг муу зураг зурсны төлөө нийгэм муу болохгүй. Гэтэл дизайнер хүн нийгмийн соёл, хөгжил, мэдрэмжид үйлчилдэг, хөтөлж байдаг мэргэжилтнүүд байхгүй юу. Тэгэхээр тэдний хариуцлага зураачаас хэд дахин илүү. Дэлхийн трэнд, хөгжлийн явцтай эн зэрэгцэж ирэхийн тулд маш их боловсролтой, хурдтай байх ёстой. Хүмүүс нэг их тоодоггүй, гэхдээ нийгэмд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг нь ойлгох ёстой. Энэ тал дээр улсаас ч анхаарал тавьж, бодлоготой байх ёстой юм билээ. 2012 онд би италид үзэсгэлэн гаргаад нэлээн олон хоног байсан юм. Тухайн үед италийн хямралын үе байлаа. Гэтэл тэд “манай улсын энэ хямралыг даван туулахад долоо, наймхан дизайнер маань авч гарлаа” гэж ярьж байгаа юм. Италийн эдийн засаг, хүн ам хэдэн сая билээ, гэтэл хэдхэн дизайнерууд тэр улсын хямралыг давж гарахад нөлөөлнө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгэхээр энэ мэргэжилд бид анхаарах ёстой. Дээрээс нь монгол хүний чадамж өндөр. Манай улсын түүх соёл гэдэг чинь барахааргүй гайхалтай зүйл байдаг. Тийм ч учраас би гадны мэргэжилтнүүдийг манай дизайнеруудад хичээл ороод хөгжүүлээд өг гээд байгаа юм. 

-Үүнд манай улсын хөгжил, бодлого болон уялдаагүй байдал нөлөөлж байгаа гэж ойлгож болох уу? 

-Тийм, уялдаа их чухал. Уг нь дизайны тэнхимүүд дээр компаниудтай хамтарсан үйлдвэр байгуулчихвал гэж боддог юм. Гадны орнуудад ч бас оюутнууд их чухал байдаг. Уялдаа холбоо байхгүй болохоор их хэцүү, уг нь хийх ажил их байгаа юм. 

-Танд өөрийн хамгийн хайртай бүтээл байдаг уу? 

-Мэдээж бүтээл болгон өөрийн түүхтэй. Гэхдээ миний их дуртай бүтээл бол 2016 онд төмөр бараар хийж байсан ‘эрх чөлөө’ гэдэг зураг маань юм. Яагаад гэхээр, тухайн үед хийхдээ би хүнд эрх чөлөө гэдэг ямар чухал байдгийг ойлгосон байхгүй юу. Ялангуяа эр хүнд. Хүн юу хүсэж байна, түүнийгээ л хийг гэж боддог. Тиймээс тэр бүтээлдээ их хайртай.

-Байгалиасаа эрэгтэй эмэгтэй хүн өөр гэсэн санаа юу? 

-Эмэгтэй хүн хэчнээн агуу байсан ч эр хүнээс арай дутуу байдаг. Би шавь нараасаа ч эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс өөрөөр сэтгэж хардаг гэдгийг байнга анзаардаг. Эмэгтэй хүн олон зүйл хийж чаддаг, өвчин даахдаа илүү гэх мэт өгөгдөл нь ондоо. Бид байгалийн эсрэг яаж ч чадахгүй шүү дээ. Харин би, чи гэж байхаар өөрсдийн хийж чадах зүйлээ хийгээд, хамтрах үедээ хамтраад ойлголцож явсан нь зөв гэж боддог. Манай нөхөр энийг уншвал намайг юу гээд байгаа юм л гэж бодох байх даа (инээв). 

-Та ам бүл хэдүүлээ амьдардаг вэ? 

-Аймаар олуулаа. Нөхөртэйгөө сууж гурван хүүхэдтэй болоод, тэд минь нэмэгдээд таван ач зээтэй болчихсон байна. Бид зусланд агаарт хамт амьдардаг. Болж өгвөл хамт байх дуртай. Ер нь бол бараг найм есүүлээ амьдарч байна. 

-Та уран бүтээлч, дээрээс нь тэнхим удирддаг багш хүн, их олон хүнтэй харьцаж ажилладаг байх. Гэр бүлдээ зарцуулах цаг хэр гардаг вэ? 

-Харин их гаргаж зохицуулдаг. Ач зээ нараа байнга хардаг. Тэгсэн хэр нь ажлаа таслаагүй л байна. Ээж минь бас их тус болж байна. Би 28 нас хүртлээ ээж аавтай гурван биеэ л харж өссөн. Ээж минь балетчин хүн учраас хүүхэд гаргаж болохгүй үе байсан юм. Би насаараа дүү гуйгаад надад өгөөгүй байхгүй юу (инээв). Хувь тавилан энэ олон хүүхдүүдийг надад илгээсэн юм болов уу. Чадаж байгаа үедээ аль болох хүүхдүүдээ эрхлүүлж байх юмсан гэж боддог. 

-Чөлөөт уран бүтээлчийн амьдрал амаргүй гэж уран бүтээлчид их хэлдэг л дээ. Эмэгтэй уран бүтээлчийн хувьд сайхан болон хэцүү зүйл юу вэ? 

-Сайхан зүйл нь эрх чөлөө. Би залуу байхдаа өөрийгөө ер нь эрэгтэй хүүхэд шиг гэж боддог байсан л даа. Зан чанарын хувьд шулуун, дайчин зүйл байгаад байдаг. Тэгэхгүй бол энэ бар зургийг хийхэд хар бор ажил ихтэй, хүн намайг цэвэрлэгч гэж харсан ч үе байна. Гэхдээ бүтээлээ санаандаа хүртэл хийснийхээ дараа хараад суух хамгийн гоё таашаал байдаг байхгүй юу. Дууссан бүтээлээ хананд өлгөөд тавьчихсан байхад цаана нь намайг хэдэн сар өдөр халтартаж, зовж хийснийг хэн ч мэдэхгүй шүү дээ. 

-Эсрэгээрээ хэцүү тал нь? 

-Ямар ч уран бүтээлчийн хувьд хэцүү тал нь мөнгө. Зурсан зураг болгоноо самар шиг зараад байдаг хүмүүс байгаа л байх. Гэхдээ манай графикийг бол тэгж их ойлгоод, аваад байна гэж байдаггүй. Дахин давтагдашгүй технологи, арга ажиллагаанд нь л татагдаж хийж байгаа болохоос зүгээр зурчихаж болно шүү дээ. Бүгд урвалд ордог, өөр өөрийн арга ажиллагаатай маш нарийн техник. 

-Ийм арга ажиллагаатай бүтээл хийхэд тухайн үеийн сэтгэл хөдлөл нөлөөлдөг болов уу. Жишээ нь, гунигтай эсвэл хүнд дурлачихсан үеийн мэдрэмжээр хийсэн бүтээл байдаг уу? 

-Би чинь мэргэжилтэн учраас эмоциороо бүтээл хийгээд байх нас минь ч өнгөрч. Угаасаа эскизээ мм болгоноор нь тооцож, төлөвлөж хийдэг. Эмоциороо хийдэг графикийн ганц л төрөл байдаг нь монотайп. Яалт ч үгүй яг одоо мэдэрч байгаа зүйлээрээ хийх боломжтой ганц техник. Би энэ техникээр бол үнэндээ жаргадаг. Монотайп бол би яг цэвэр мэдрэмжиндээ захирагдаж хийдэг, дахин давтагдашгүй, хуулаад ч ахин хийж чадахгүй учир үнэхээр гоё. 

-Энэ төрлөөр яг мэдрэмжээ буулгасан бүтээлээсээ нэрлэвэл...? 

-Их олон жилийн өмнө юм байна. Анхныхаа хайртай тааралдсаны дараа хийсэн ‘Дурсамж’ гээд бүтээл минь байдаг юм. Баярлах, гуниглах зэрэгцсэн нэг тийм сонин мэдрэмж төрсөн юм л даа. Ганц л удаа тэгж хийж байсан. Гэхдээ би тийм хайр дурлалын асуудал дээр нэг их хөнгөмсөг биш юм билээ. Тийм болохоор угаасаа хөгжөөгүй, биеэ дарчихдаг. Би урлагт харин бүхнээс илүү дурласан хүн. Надад юунаас ч илүү чухал. 

-Монгол зураачдаас хүндэлж биширдэг хүн бий юу. Тэдэнтэй холбоотой сайхан дурсамжуудаасаа хуваалцвал? 

-Байлгүй яахав. Манай С.Дагвадорж байна. Тэр хүн бол дэлхийн хэмжээний хүн. Ардын зураач Чимэддорж, Нарангэрэл гээд л олон бий. Бид бүгд гар гараасаа барьчихсан нэг зүгт алхаж байгаа улсууд байхгүй юу. Хүн чинь гэхдээ бас мартчихдаг юм байна. Эргээд ингээд бодоход бид бүгдээрээ саяхан л залуухан, энэ урлангаас эхэлцгээж байсан. Манайх дөрөвдүгээр дэлгүүрийн энд амьдардаг байхад манай зураач нар байнга орж гардаг байлаа. Бид бие биеийнхээ гайхалтай бүтээл хийснээр их бахархдаг, хүндэлдэг, магадгүй цагаахан атаархдаг. Тэднээс “яаж ийм аймаар бүтээл хийчихэв ээ?” гээд асуухаар “би биш, дээрээс” гээд байгаа байхгүй юу. Нэг нь биш ихэнх нь. Энэ худлаа үг ч биш. Уран бүтээлч хүн юмаа хийгээд, бодоод, зураад л байж байхад гэв гэнэт нэг санаа ч юм уу, зураг нүдэнд харагддаг байхгүй юу. Тэгэхээр би юу гэж боддог вэ гэхээр, хэр их үнэнч, сэтгэл гаргаж хөдөлмөрлөхөөс шалтгаалаад бага багаар нэг ийм мэдрэмж бэлэглэдэг. Надад тэгж санагддаг, бусдаасаа ч асуухад адилхан байдаг. Өвөрмөц сайхан бүтээлүүд нь тэгж л бүтсэн байдаг.

-Дүрслэх урлагийн хүмүүс юугаараа бусдаас өөр санагддаг вэ? 

-Сэтгэх нь. Ярьсан ч, бодсон ч юмыг хэзээ ч нэг өнцгөөс хардаггүй. Миний ойлгосноор зураач хүн натюрморт зурахдаа хэзээ ч нэг талаас нь харж зурдаггүй. Хавтгай дээр дүрслэхийн тулд олон талаас нь бодож зурдаг байхгүй юу. Тэр нь нөлөөлөөд хүний тархийг задалдаг байх. Түүнээс болоод уран бүтээлч хүн юмыг хэзээ ч ‘ийм л байдаг’ гэж хардаггүй, тэр нь хөгжөөд бодол нь ондоо болдог юм байна гэж бодсон. Би дөнгөж нэгдүгээр курст орж ирсэн хүүхдүүдээ анги дэвшээд явахад нь “чи юу олж, мэдэж авав” гэж асуудаг юм. Тэгэхэд миний саяны ярьсан зүйл л харагдаад байдаг. Гарын ур, тархины ур нь зэрэг хөгждөг. 

-“Дүрслэхийн сургуулийг төгсөөд бүтээлээ орхиод өөр мэргэжлээр ажилласан ч харамсдаггүй, энэ урлагийн орчноос бүгд ямар нэг зүйл аваад, мэдрээд төгсдөг” гэж би нэгэн төгсөгчөөс сонссон юм. Та энэ талаар юу гэж бодож байна? 

-Манай нэг зураач найз маань хэлсэн байхгүй юу. “Хүүе Уянга, манай ангийнхан төгсөөд зургаа зурж байгаа нь бүгд ядуу, зураг зураагүй нь бүгд баян, бизнесменүүд” гэж байгаа юм (инээв). Тэгэхээр энэ юмыг олон талаас харах гэдэг чинь бизнес хийсэн ч маш хэрэгтэй чадвар байгаа байхгүй юу. Уран бүтээлч болохоор яагаад ядуу гэж хэлж байгаа вэ гэхээр, бидэнд цалин байхгүй, зураг нь зарагдаад олсон мөнгө материалдаа явчихдаг. Би л гэхэд насаараа зураад барахааргүй их цаас, будаг цуглуулчихсан байгаа юм. Мөнгөөр бодвол энэ чинь аягүй их мөнгө байгаа байхгүй юу. Хүүхнүүд булга, алт гээд л сонирхдог бол надад тэр нь сонин биш шүү дээ. Харин аягүй гоё пастел ч юм уу, цаас авчихаар нулимс гарах гээд байгаа юм чинь. Ядаж байхад тэрийгээ хайрлаад хэрэглэж чадахгүй. Тэгэхээр миний эдийн сонирхол бол хэнд ч хэрэггүй, миний хүүхэд зураач болбол яахав ашиглана, биш бол тэгээд хог л болно шүү дээ. Би үүнийг ойлгож байгаа. Гэхдээ хэрвээ тэр цаас будгаараа сайн бүтээл хийчих юм бол бий болж байгаа үнэ цэнэ нь хэд дахин илүү байхгүй юу. 

-Та нэг ярилцлага дээрээ ч бас “хэн нэгний татсан зураас ч сая доллароор үнэлэгдэж болно” гэж хэлсэн байсан. 

-Тийм шүү дээ. Зураасан зургийн мэргэжилтэй юм болохоор би зураасанд маш их ач холбогдол өгдөг. Гарын үсэг нь хүртэл маш үнэтэй, түүнээс гадна тэр зураас яаж, хаагуур татсан байна вэ гэдэг ямар чухал гэдгийг мэргэжлийн хүн л ойлгоно шүү дээ. Тэр ганц зураасыг татаж сурахын тулд насаараа сурч байгаа байхгүй юу. 

-Энгийн хүмүүсийн хувьд сайн зургуудыг мэргэжлийн хүмүүс муу гэж дүгнээд байдаг. Манайд уран сайханчдын ажлуудаар ч хамаагүй офиссоо чимдэг үзэгдэл хавтгай... Гэхдээ үнэмлэмжийг нь шүүмжлэх хэцүү санагддаг. 

-Мэргэжлийн хүн, сайн дурын хүн хоёр бол газар тэнгэр шиг ялгаатай. Мэргэжлийн гэдэг нь диплом аваад болчихдог юм биш ээ. Ёстой л тэр зураасыг яаж татах, хаанаас эхлээд хаана дуусгахаа мэддэг хүнийг хэлдэг. Энэ өөрөө урлаг болохоос аягүй гоё зурснаараа урлаг байдаг бол зураг зураад ч яах юм. Ихэнх сайн дурын уран сайханчид бол мундаг зурдаг байхгүй юу. Гэтэл урлаг гэдэг дахин давтагдахгүй, хэн ч дуурайж хийж чадахгүй тэр мэдрэмж, агаар, орон зай, сэтгэл зүрхнээс гарч байгаа гайхалтай зохиомж болохоос гоё адилхан зурчихсан зүйлийг хэлдэггүй. 

-Таны дуртай урлагийн өөр төрөл юу вэ? 

-Би барималд хамгийн дуртай. Эрэгтэй байсан бол барималч болох байлаа. Яагаад ч юм орон зай, мөн чанараараа гайхалтай гэж боддог. Гэхдээ маш хэцүү, эмэгтэй хүнд бол бүр бүтэхгүй мэргэжил. Дүрслэх урлаг гурван суурь зүйлээс бүтдэг. Суурь уран зураг, суурь баримал, суурь зураасан зураг. Энэ гурав тулгын гурван чулуу шиг хамтдаа хөгжиж байж улсын дүрслэх урлагийн хөгжил явагддаг байхгүй юу. Гэтэл манайд өнөөдөр чимэглэлийн уран зураг нь л хөгжөөд байна. Цэвэр уран зураг ч байхгүй шүү дээ. Баримал нь дампуурчихаад байна. Станковын цэвэр уран зураг нь байхгүй, чихрийн цаас шиг юмнууд л байгаад байна. Дэлхийн хэмжээний уран зураг монголд гарах ёстой. Энэ суурь гурван урлаг гарахгүй бол дүрслэх урлаг ярихад хэцүү. Нуулгүй хэлэхэд эмзэглэж байна. 

-Олон уран бүтээлчид байгаа хэрнээ суурь урлагаа орхиод байгаа гэсэн үг үү? 

-Тийм, яагаад гэхээр энэ нь өөрөө хийхэд аягүй хүнд, хэцүү байхгүй юу. Мэргэшихийн тулд маш их хөдөлмөр, тэвчээр гарна. Нөгөө талаар ард түмэн чихрийн цаас худалдаж аваад байхаар яг Станковын бүтээлүүд нь үнэтэй болно. Үнэтэй, хүн худалдаж авахгүй болохоор нөгөө амьдрах гэж ядаж байгаа бүтээлчид нь шантрах гээд байдаг ч юм уу, асуудалтай байгаа юм. Яг үнэндээ энэ чинь бас л бодлого шүү дээ. Ер нь дэлхийд ямар ч орныг дүрслэх урлагаар нь хэр хөгжилтэй, оюуны потенциалтайг хардаг. Бусад орны том зочид, төлөөлөгчид манай улсад ирлээ гэхэд тэдэнд гоё том шилэн байшингууд сонин биш шүү дээ. Манай байгаль, нүүдэлчин соёл, дээрээс нь бидний урлаг сонин байхгүй юу. Урлаг дотроо өнөөдөр цэвэр суурь урлаг нь ямар түвшинд байгааг нь хардаг болохоос хэдэн барилга барьж, жийп машин тавьчихаад хөгжил гэвэл ёстой уучлаарай болно. Үүнийг улс, нийгмээрээ ойлгох ёстой. Яагаад гадны орнууд Луврын музей, Эрмитажаараа бахархаад байгаа юм. Дэлхийд дахиж бий болохгүй зүйлээрээ л онгироод байна шүү дээ. Гэтэл бид оюуны болон мэдрэмжийн маш өндөр чадамжтай юм байж хөгжүүлж, мэргэжилтнүүд бэлдэхдээ анхаарч дэмжих хэрэгтэй. Тэр мундаг хүмүүс чинь амьдрахын тулд чихрийн цаас зураад байхаар яах юм бэ?

-Үүнд хамгийн том нөлөөлж буй зүйл юу вэ? 

-Ер нь бол сургалт шүү дээ. Сургууль, багш нар чухал. Дээрээс нь нийгэм хүлээж авах, ойлгох. Том урлаг ард түмэнд хамаагүй юм шиг хэрнээ яг үнэндээ тийм биш байхгүй юу. Саяхан би москвад очоод музей үзээд явж байхад урлаг судлаачид нь ес арван настай хүүхдүүдэд яг том хүнтэй ярьж байгаа юм шиг мэргэжлээ тайлбарлаад байж байгаа юм. Францад хүртэл цэцэрлэгийн хүүхдүүдээ дагуулаад үзүүлээд явж байдаг. Тэр хүүхдүүдэд голохгүй тайлбарлаж байгаа мэргэжилтэн, урлаг судлаачдыг хараад, тэгж өсөж байгаа ард түмнийг хараад би атаархаж байгаа юм чинь. Уг нь бид чинь тэднээс илүү соёл иргэншилтэй хүмүүс шүү дээ. 

-Тантай ярилцахад сайхан байлаа. Надад цаг зав гаргасанд талархаж байна. 

-Би залуу хүмүүстэй ажилладаг учир залуучууддаа их хайртай. Манай монгол залууст маш их ирээдүй байгаа. Чадвартай, боломжтой байна. Гэхдээ би нэг л зүйлд харамсах гээд байгаа нь, монгол хүн монголоороо л байгаасай, түүх соёлоо мэдэрдэг, хайртай байгаасай. Улсынхаа төлөө ажиллаж амьдраасай, тэгээд л болоо. Би өөрийгөө ч, өөрийн хүүхдүүдээ ч хараад байхад монголоо гээчхээд байна. Эх орон гэдэг чамаас л эхэлж байгаа гэдгийг л мартаж болохгүй. Эх оронгүй хүн ямар байдгийг бид мэдэхгүй байгаа юм. Эх оронтой, үндэс угсаатай байна гэдэг маш баян хүн гэсэн үг шүү дээ.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

[xfgiven_author]Foto[/xfgiven_author] [xfnotgiven_author] Foto[/xfnotgiven_author]
О.Нинж

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав