Сүхбаатар аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Тэрбээр “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм. Тиймээс онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийн талаарх тооцоо судалгааг аймаг, сум, баг тус бүрээр гаргаж, бэлэн байдлыг хангах, орон нутгийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдал үүссэн үед бүх шатны Онцгой комиссыг мэргэжлийн удирдлагаар хангах, Шуурхай штабын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээлэл бүрдүүлж, мэдээллийн сан үүсгэх, түүнчлэн нэгдсэн удирдлагаар хангахад ашиглах удирдлагын системийг хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө, зардлыг шийдвэрлэх. Хүчтэй салхи, шуурганы аюулт гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах улмаар орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд хэрэгтэй байна" хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
Аймгийн нийт нутгийн 8 хувь буюу Түмэнцогт сумын нутгаар цасны нягт 0.20 г/см3 цагаанаар зудархуу, 92 хувь буюу Баяндэлгэр, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян, Халзан сумдын нутгаар өвөлжилт хэвийн байна.