Францын суут философич, Нобелийн шагналт зохиолч Альбер Камю 1913 оны 11 дүгээр сарын 7-ны энэ өдөр төржээ. Хүний амьдрал тэр чигтээ ямар утга учиргүй, абсурд хэмээх үзэл санаа түүний уран бүтээлүүдэд нэвт шингэсэн байдаг. Гэвч утга учиргүй дотроос л чухам үнэнийг, аз жаргалыг эрэлхийлэх дүрүүд ч мөн Камюгийн зохиолын үнэ цэн, үзэл санааны цөмийг бүрдүүлдэг билээ. 

Ийнхүү түүний төрсөн өдрийг тохиолдуулан монгол хэлнээ орчуулагдаж, уншигчдад хүрсэн дөрвөн чухаг бүтээлийн тухай өгүүлье.ТАХАЛ

1940-өөд он... Франц улсын нэгэн колони болох Алжирын Оран хотын гудамжнаа хархнууд үй олноороо үхэх болсон нь иргэдийн гайхширалыг төрүүлнэ. Роман ийн эхэлдэг. Ерөөс Камюгийн бүтээлүүдэд ямар нэг дам бэлгэдэл, урьдаас зөгнөсөн ер, гүн ухааны санаа холилдоогүй байна гэж үгүй. 

Гэнэтхэн л харуулууд болоод ядуу дүүргийнхэн үл мэдэгдэх өвчин тусаж хэдхэн хоногийн дотор мөнх бусыг үзүүлэх болдог. Романы гол дүр болох Бернар Риэ, түүний хамтрын зүтгэгч Кастель нар даруйхан хатуу арга хэмжээ авахыг сануулавч хотын захиргаа үл хэрэгсэнэ. Эцэст нь байдал хурцдаж, үхэгсдийн тоо ихэссэн хойно сая нэг Оран хотын хаалгыг хааж, гадна ертөнцөөс тусгаарлана. 

Романы гол санаа бол тахал хэмээгч зөвхөн биед тусдаг аймшигт өвчнөөс гадна бидний дотор үргэлж байдаг гэдгийг илэрхийлэхийг зорьжээ. Тохироо бүрдмэгц тэр тахал гарч ирнэ. Хүмүүс хэрхэн өөрчлөгдөж, амиа бодож, зарим нь бусдыг төлөө эр зоригоо үзүүлэхийг тэрхүү тахал ил болгодог. Камю уг романаар фашизмыг төлөөлүүлсэн гэх нь ч бий. 

СИЗИФИЙН ДОМОГ

Сизиф уулын орой руу асар том чулууг зовж, зүдрэн байж гаргах авч чулуу буцаад л уруугаа өнхөрч бэлд хүрнэ. Харин Сизиф дахин чулууг оргил өөд түрнэ. Дэлхийн утга, уран зохиолын хүрээнд Сизифийн домгийг хамгийн хэрцгий ялаар шийтгэгдсэн хөөрхийн эрийн түүх гэж дүгнэдэг байв. Харин Камю өөрийн үзэл санааны тунхаг болсон хүчирхэг эсээнүүддээ түүнийг хамгийн аз жаргалтай хүн гэж тодотгосон юм.  

Учир нь хорвоо ертөнцийн утга учиргүй, амьдрал дундах зовлонгийн тойргийг сөрөн тэмцэхээс илүү мөн чанарыг хүлээн авч, түүн дотроос хамгийн ойлгомжтой утга учрыг бий болгож эвлэрснээс аз жаргалыг олох боломжтой. Камюгийн үздэгээр Сизиф бол жаргалтай дүр. Тэр зовлонгоо үүрд мөнх эдлэх хувь тавилантайгаа эвлэрсэн тул чулууг буцааж оргилд гаргахаар уруудаж алхах хэсэгхэн мөчдөө жинхэнэ, хамгийн агуу аз жаргалыг мэдэрч байдаг. 

ЭТГЭЭД ХҮН

Камюгийн хамгийн чухал бүтээлүүдийг нэг болох уг сонгодог зохиол монголд өөр өөр нэрээр орчуулагдан хэвлэгдсэн нь бий. Тус бүтээлийг орчуулагч Т.Төмөрхүлэг “Этгээд хүн” нэртэйгээр буулгасан бол Ц.Цэнгэл “Харь элгийн хүн”, Г.Лхагвадулам “Хөндлөгийн хүн” зэрэг нэртэйгээр орчуулж, уншигчдад хүргэсэн байдаг. 

Жирийн албан хаагч, Алжир хотын иргэн Мерсо хэмээх залуугийн өдөр тутмын нэг хэвийн амьдралыг өгүүлснээр зохиол эхэлдэг. Эх нь нас барж түүнийгээ оршуулна. Мерсо бичээчийн ажилтай Мари гэгч залуу бүсгүйтэй холбогддог. Тэр бүсгүйтэй учир ургуулсандаа харамсдаг ч үгүй, сүртэй шаналж дурладаг ч үгүй. Удалгүй энэ бараан амьдралд нь эмгэнэлт явдал тохиолдоно. Тэр гэнэтийн муу цочролоор танилынхаа өгсөн гар буугаар нэгэн арабыг алчихдаг. Энэхүү аллага нь ямар ч утга учиргүй байсан агаад цаазлуулах ял сонсон, үхэхийнхээ өмнөх шөнө оюуны эрх чөлөөг эдэлж буй тухай сонирхолтой сэдвийг зохиолд хөнддөг.

УНАЛТ

Камюгийн сүүл үеийн бүтээл болох “Уналт” туужийг Болор судар хэвлэлийн газраас “Орчин үе” цувралаар хэвлүүлж, уншигчдад хүргэсэн юм. Зохиолч уг тууждаа хүмүүний гэм нүгэл, дайны хор уршиг, үнэн хийгээд худал, ёс суртахуун зэрэг өргөн сэдвийг хөндсөн байдаг. Харин бичлэгийн гол онцлог нь тэдгээр сэдвийг хооронд нь сүлжин философийн үүднээс эргэцүүлж байгаагаар өгүүлсэнд оршино. Үүнээс гадна ганц дүрийн дотоод өчил хэлбэрээр хүүрнэсэн байдаг. 

Туужийн үйл явдал Амстердам хотын захын дүүргийн тарчигхан бааранд өрнөнө. Өөрийнх нь хэлснээр, энд ирэх хүртлээ Парист өмгөөлөгчөөр ажилласан Жан Батист Кламанс уушийн газарт таарсан үл таних эрд өөрийн амьдралын түүх, өрөөл бусдын алдаа оноог хамруулан таван өдөр ярьдаг билээ. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав