Хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл орон нутгийн эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтыг Төрийн ордонд хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.
Монгол орны 21 аймаг, 9 дүүргээс ИТХ-д сонгогдсон 2212 эмэгтэй төлөөлөгчөөс 800 нь хүрэлцэн ирж, санал бодлоо илэрхийллээ. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн онцолсноор парламент дахь 32 эмэгтэй гишүүн санаачлан БНСУ-ын КОЙКА, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран анх удаа намын харьяалал үл харгалзан нутгийн өөрөө удирдах байгууллагад төлөөлөгчөөр сонгогдсон эмэгтэйчүүдтэйгээ хамтран ажиллах эхлэлийг тавьж байна гэлээ. Чуулганд оролцогчдын зүгээс орон нутагт эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг танилцуулсан бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг өргөжүүлэхийн тулд квот, сургалт, сүлжээг бодлогын түвшинд дэмжиж, тэдний дуу хоолойг бодлого шийдвэрт тусгах зэргээр хамтран ажиллах шаардлагатайг тодотголоо.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Монгол Улсын өнцөг булан бүрд нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдон ажиллаж буй ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө нам үл харгалзан жендэрийн эрх тэгш байдлыг хангах, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд дараах уриалгыг гаргалаа” хэмээв.
Уг уриалгад:
-
- Нутгийн өөрөө удирдах байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үүднээс 2028 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгуулийн тухай хуультай ижил түвшинд хүргэх;
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.2-т заасан аль нэг хүйсийн төлөөллийн доод хязгаарыг хангаагүй тохиолдолд тухайн нам, эвслийг сонгуульд бүртгэхээс татгалзах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
- Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг бүх шатанд хангаж, хангаагүй тохиолдолд томилох эрх бүхий этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх механизмыг бүрдүүлэх;
- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт иргэн “хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх” эрхийн хууль зүйн баталгааг хангаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ажил, үүргийг бодитой үнэлж, төлөөлөх чадварыг нь хангах;
- Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа нь байнгын ажиллагаатай бус байдагтай холбоотой төлөөлөгчдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж буй эрх зүйн орчныг өөрчлөх;
- Бүх шатны сонгуулийн саналын хуудсанд нэр дэвшигчдийг жагсаахдаа 1:1 зарчмыг баримталж хүйсийн тэгш байдлыг хангах;
- Улс төрийн санхүүжилтийг ил тод нээлттэй болгож, улс төр дэх мөнгөний хүчин зүйлийг хязгаарлан бүх шатны сонгуулийн зардлыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
- Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, улс төрийн намуудын дотоод ардчиллыг бэхжүүлэх үүднээс анхан, дунд шатны байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх;
- Эмэгтэйчүүдийн оролцоо улс төрд нэмэгдсэний бодит үр дүн болж улс орон даяар хэрэгжүүлэх бодит төсөл, хөтөлбөрийг санаачлан, үе шаттай хэрэгжүүлэх; Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд “Бид эмэгтэйчүүд” хөтөлбөрийг цаашид бүс, аймгийн онцлог нөхцөлд тулгуурлан, системтэйгээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
-