Гүржид явагдаж буй Тбилисийн Их дуулга тэмцээний эхний өдрийн финалын барилдаанууд энэ цаг мөчид өрнөж байна.
Эл тэмцээний 48 кг-д зодоглосон Азийн АШТ-ий хүрэл медальтай, Их дуулга ангиллаас долоон медальтай Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, Өмнөд Солонгосын Хух Мио, Испанийн бөх, 2022 оны Тбилисийн Их дуулгад үзүүрлэсэн Мартинез Лаура нарыг давснаар хагас шигшээд үлдсэн.
Улмаар ДАШТ-ий мөнгө, олимпын хүрэл медальт Ширине Боукли, Испанийн Перез Солер нарыг ялж, Их дуулга ангилалд хоёр дахиа түрүүллээ.
Тэрбээр 2025 он гарснаар Монголын жүдочдын медалийн салхийг хагалж байна.
Харин 60 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд эхний тойрогтоо гоц мөргөж, Арменийн Андреян Ашик, Кубийн Чарон Жонатан нарыг ялснаар “В” хэсгийг тэргүүлсэн.
Тэрбээр хагас шигшээд Францын бөх Лука Мхейдзед, хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын Жаринг Эмиэлд уналаа.
57 кг-д Монгол улсын аваргад гурвантаа түрүүлсэн, өсвөр үеийнхний Азийн аварга М.Ичинхорлоо тун удахгүй хүрэл медалийн төлөө Хорватын бөх, өнгөрсөн жил эл тэмцээнд түрүүлсэн Мариса Перисичтэй барилдана.
У.Чинзориг