Нар шарсан халуун өдрүүд зөвхөн манай суманд л үргэлжилдэг байсан юм шиг. Чилийсэн урт, дуусч өгдөггүй шатам халуун зун зөвхөн манай Дашинчилэнд л болдог байсан юм шиг.

Сургууль тарчихсан сумын төв эль хуль оргисон зуны нэгэн өдөр байлаа. Би найз охин Нээнээтэйгээ гудамжаар алхаж явав. Тэгэхэд бид наймдугаар ангид орох гэж байсан юм. Гэнэтхэн Нээнээ намайг нударч байна. Хүүш Ганаа тэрийг хараа .... тэрээ тэр. Дэлдэн Мөөгөөг хар л даа гэв. Хартал манай ангийн Мөөгөө хашаан дээрээ хөлөө унжуулаад тас гөлөрчихсөн сууж байх юм. Яваад очлоо. Дуу шуу алга. Бид хоёрын ирснийг мэдсэн шинж алгаа.

Мөөгөө гэдэг нь Бямбадорж гэдэг нэртэй, онигор жижигхэн нүдтэй туранхай шар хүү. Түүнийг бид Бямбадорж гэдэг нэрээр нь хэзээ ч дуудаж байсангүй. Улаан цайм дэлдэн биш хүнийг бид яагаад ч дэлдэн Мөөг болгочихсоноо мэддэггүй. Түүний аав Зэвжид гэж сум орондоо ажилсаг, нямбайгаараа зартай, даруухан сайхан хүн. Үргэлж л хөдөлж, арчилж тордож явдаг энэ хүн эхлээд тариа бригадад ажилладаг байснаа хожим аавтай маань цуг Радио релейнд ажилладаг болсон юм. Тариа бригадад ажиллаж байсных нь шинж тэмдэг хашаа хорооноос нь л илт. Комбайны улаан төмрүүдээр ирийтэл барьсан хашаатай. Хашаан доторх нь цэв цэвэрхэн. Манай Мөөгөөг бид аав ээжийгээ дуурайсан нягт нямбай, ажилсаг хөдөлмөрч хүн болно гэдэгт огтхон ч эргэлздэггүй байсан юм.

Мөөгөө сая л нэг тачигнатал инээлдсэн бид хоёрыг олж хараад муухан мушийв. За, чи чинь яагаад ингэж гөлөрчихөө вэ. Наранд цохиулчихсан юм биш биз дээ гэж бид хоёр айлгүйтэн хөхрөлдөв. Мөөгөө үнэхээр сүүмийтлээ сэтгэлээр унажээ. Яг л өвдсөн хүн шиг.

Маргааш нь бид хоёр Мөөгөө яачихсаныг илрүүлэхээр ажиллалаа. Ангийнхантайгаа уулзлаа. Шалтгаан төд удалгүй тодорхой болов. Манай хүн дурлачихжээ. Хөршийнхөө хөөрхөн охинд сэтгэл алдарсан юм байх аа. Тэр охин нь ч манай анги. Хөвгүүдийн захианд булагдаж явдаг хөөрхөн охин. Мөөгөө ч үнэхээр хэцүүджээ. Маргааш нь би Мөөгөөд хэллээ. Чи захиа өгөх гэж байгаа бол би дамжуулаад өгч болох юм. Гэхдээ Гэрэлээ ямар ч хариу өгсөн чи тэсэх л хэрэгтэй гэж би зөвлөв. Мөөгөө дөрвөлжилж эвхсэн захиагаа итгэл муутай сонин царай гаргасаар надад өгөв.

Уулын цэцэг олон боловч
Улаан цэцэг цөөхөн
Уяхан охид олон боловч
Учралт чи минь ганцхан.
..гээд л дармалдаж өгчээ. Хамгийн сүүлчийн өгүүлбэр нь чи надад итгэвэл би тэр итгэлийг чинь насан турш дааж явна. Миний амьдралын ирээдүй зөвхөн чамаас шалтгаална. Ухаант чи минь үүнийг тунгааж бодоод шийдвэрээ гаргаарай.....Манай хүн үнэхээр чухал захиа бичжээ. Би нөгөөхийг нь эзэнд нь дамжуулж өгтөл уурлаад ураад шидчих нь тэр. Мөөгөөд үнэнийг хэлж чадахгүй хэд хонолоо. Тэгж тэгж хэлтэл Мөөгөө гүн санаа алдсаар, улам газар шагайн суув. Мөөгийн маань сэтгэлд шуурга дэлдэж байгаа даа гэхээс уйлмаар болж билээ.  

Он жилүүд жирэлзэн хурдалсаар наймдугаар ангиа төгсөөд бид тал тал тийш таран одов. Би аймгийн төвд сурахаар болж, харин манай ангийнхан Хишиг-Өндөрийн арван жил рүү явцгаалаа. Ингээд Мөөгөө бидний нэг ангид бужигналдаж өссөн бага насны амьдрал дууссан юм. Мөөгөө цэрэгт явлаа. Мөөгөө цэргээс ирлээ. Мөөгөө Баяннуурын Радио релейнд ажилд орлоо. Ийм л мэдээллүүд ирж байв. Манайх аймгийн төвд нүүж ирсэн болохоор би ангийнхныгаа их санадаг байлаа. Дээд сургуульд яваагүй болохоор хүүхдийн цэцэрлэгт багшилж байв. Энэ үед хааяа нэг Мөөгөө утсаар ярина. Түүн шиг их мэдээлэлтэй хүн ховор. Нөгөө дуугарч өгдөггүй шар банди дуу шуутай, яриа хөөрөөтэй нэгэн болсон нь илт мэдрэгдэнэ. Цэргээс халагдаж ирээд аймгийн төвд ахындаа нэг хонохдоо манайх руу ирж надтай уулзах гэтэл намайг найз залуутай болсныг дуулаад больсон л гэнэ. Ардчилсан хувьсгал бол бид хоёрын ярианы гол сэдэв.

Амьдрал ийн хөвөрч байлаа. Хожим Мөөгөө Цэрэндолгор хэмээх ангийнхаа охинтой гэрлэсэн сураг дуулдсан. Ингэж явсаар нэг өдөр Багшийн дээдийн урд бид хоёр таарчихав. Би оюутан, нөгөөх маань аав болох гээд эхнэр нь эмнэлэгт ирсэн гэнэ. Ингэж таарахад Мөөгөө ичимтгий хэвээрээ л байх шиг санагдсан. Сайхан ногоон цэмбэн дээлтэй, инээд алдсан  шар залуу зогсож байсан. Манай Цэрэндолгор азтай юм аа гэж би дотроо бодож байснаа санаж байна. Нээрээ тэр азтай .

Энэ явдлаас олон жилийн дараа нэгэн зун нутаг руугаа би давхиж явлаа. Сургуулийнхаа ойд очихоор нар нэлээн доошилж, сэрүү орж эхлэмэгц гараад жирийлгэж яваа нь тэр. Ув улаан туяагаа чирж татсаар уулын цаагуур нар орж ядан байлаа. Яарсан сэтгэлд бага насын гэрэл үсчүүлсэн дурсамжууд ээлжлэн дурсагдана. Манай ангийнхан ямар болцгоосон бол....бушуухан уулзах хүсэл дуудна. Давхисаар сумын төв рүү орж явчихав. Найз хүүхнийхээ гадаа иртэл хоёр найз охин хүлээж байна. Цонхон дор нь машинаа аяархан тавих ёстой гэнэ. Учир нь Мөөгөө мэдчихвэл ороод ирнэ. Гурвуулаа буу халж хоноё. Ангийнхантайгаа нэг мөсөн өглөө талбай дээр уулзана. Ингэж шийдлээ. Газраар гудас дэвсээд гурвуулаа өвөртөө ороод хэвтэж байтал хөлийн чимээ сонсдоод явчихав. Хаалга тогшиж байнаа. Бид гурав ч чимээгүй хярав. Тэгтэл салхивч тар хийтэл онгойлгоод нэг толгой орж ирж байнаа. Дуу нь мань Мөөгөө. Ганаа ирчихсэн байна ш дээ. Хаалгаа тайл л гэж байна. Дуу нь зэгсэн халамцуу. Гэрийн эзэн Чимгээ яах гээд байгаан, өглөө л болооч гэж загнав.

-Ээ, Чимгээ үүдээ л дээ.
-Яах гээд байгаан чи.
-Оръё.
-Орж яах нь уу.
-Зовлон жаргал яръя л даа.
-Үхсний чинь зовлон жаргал. Балай юм чинь ямар архичин болсноо Ганаад үзүүлэх гэж яараа юу...Айл хөрш амьдарч байгаа хоёр ийнхүү үзэлцээд явчихлаа. Гэтэл салхивч салхинд савлаж ирээд Мөөгөөгийн толгойг тас хийтэл цохиж орхих нь тэр.

-Ёо ёо л доо. Чимгээ толгой руу цохьдог нь яаж байгаа юм.
-Хэн чамайг цохио вэ. Энэ ийм цагаан солио тусчихсан байхгүй юу, болиоч дээ чи. Өглөө ир гэж байна шүү. Чимгээ ийн дуугаа өндөрсгөв. Мөөгөө ч яваад өгөв. Гурван хүүхэнд ярих юм гэж уул овоо шиг их. Шөнийн уртад сумын төвд хааяа мотоцикль давхих, нохой хуцах чимээ л сонсдоно. Нэг мэдсэн үүд хүчтэй балбаж байнаа. Цонхоор гэгээ орчихсон. Гурвуулаа пижигнээд л үүд рүү очив. Мөөгөөгийн толгойноос цус гоожчихсон, ёо ёо алуулах шахлаа гэсээр хаалгатай цуг л бид гурав руу нурж орж ирэв. Яанаа ийнээ боллоо. Нүцгэн шахуу гурван хүүхэн нөгөөхөө аргадаад л. Манай хүн эрхэлж туних, ялархах гэж тойм алга. Би түүнээс асуув.

-Мөөгөө минь юу болох нь энэ вэ?
-Аа, яахав найз нь энэ шөнө алдар үхэл хоёрын дундуур исгэрсэн сум шиг л явлаа. Алдар үхэл хоёрын дунд исгэрсэн сум шиг байхдаа яахав дээ. Бид гурав түс хийтэл инээлдлээ.

Мөөгөө эмнэлэг явъя гэж би аргадав. Мөөгөө адарч байна. Урд шөнө та гурав оруулчихсан бол ийм юм болоо ч үү, үгүй ч уу. Яахын бэ, ингээд л үхье. Ерөөсөө өтгө чихчихье гээд аргалын авдар руу ухасхийв. Бид гурав хоёр гараас нь зуурчихсан. Битгий л дээ Мөөгөө гэж ханараад л...Манай хүн улам эрхэлж байна. Тэгж байтал Нээнээ гараад гүйв. Төд удалгүй их л ууртай орж ирлээ. Үхсний чинь алдар үхэл хоёрын дундуур исгэрсэн сум шиг явах. Наад хог чинь Хишиг-Өндөрийнхөнд л тархиа хагалуулсан байна ш дээ гээд шилбэлзэж байна. Мөөгөө ч тайвширч, нүүр амаа угаалгаж хүн төрхөндөө оров. Нөгөө сайхан залуу төрөл арилжсан юм шиг өөрчлөгджээ. Шар биш бор, царайлаг биш саарайсан юм болж. Гэхдээ л түүний үг бүхэн инээд цацруулах.

Намайг нухацтай шинжиж байна. Чи чинь хөөрхөн бор охин байсан яахаараа ийм дэлхий дүүрэн амьтан болчихдог байнаа л гэж байна. Манай хоёр найз зэрэг зэрэг уурлан Мөөгөө руу давшив. Чи өөрийгөө л хичээ. Чам шиг хэрзийсэн юм болох ёстой юм уу.  За тэр яахав, та хоёр дуугаа аяд. Яадаг ам хэл нь гозогоносон шидэлнүүд гэхээрээ ийм байдгийн. Би потенциалный юм ярих гэж байна. Эхлээд Ганаагаа нэг үнсчихье. Тэгээд хоёулаа буу халнаа. Наад хоёртой чинь би зиндаа нийлэхгүй. Та хоёр цай цүйгээ л чана...Мөөгөө ийн бааварлав.

-Мөөгөө минь чи яасан их тураа вэ.
-Цэргээс ирэхдээ тэвхэлзсэн сайхан залуу байлаа. Цэрэндолгор, Цэвээн хоёрт шим шүүсээ соруулсаар байгаад үлдсэн нь нэг иймэрхүү цээж л сууж байна. (Цэвээн гэдэг нь хадам ээж нь, Цэрэндолгор гэдэг нь эхнэр нь)  

-Цэрэндолгор хаачаа вэ.
-Гуанз хийх юм гэнээ. Би оролцож чадахгүй гэдгээ хэлсэн.
-Чи яахаараа оролцдоггүй юм.
-Одоо энэ муу зовлогыг жаахан амраанаа. Бид хоёрын яриа энэ хавьд явтал нар юу юугүй хөөрч, манай хүн ойд зориулж оёулсан дээл хувцсаа өмсөхөөр гарч одов. Ингээд саарал тэрлэг, саарал шляп духдуулсан, духан дээрээ цагаан шархны тууз наалгачихсан Мөөгөөгөө аваад гурвуулаа талбай оров. Ангийнхан түргэн зохион байгуулалтад орж байнаа. Бүх юм жин тан болж, бид нэгнийдээ очих болтол Мөөгөө алга. Асууж суртал төв асарт байна гэнэ. Очтол хоёр хөл дээрээ дөнгөн данган зогсч байнаа. Нөгөөхөө та талаас нь урж идчих шахан зулгаалдсаар найзындаа авчрав. Өвөртөө нэг юм түнтийтэл хийчихээд гаргаж өгдөггүй.

-Наадах чинь юу юм бэ, Мөөгөө.
-Бярууны үнэтэй юм байгаа. Та нарт үзүүлж болохгүй. Тал талаас нь ноцолдож дарж байгаад дээлийг нь тайлтал зузаан өнгөт сэтгүүл ойчиж ирэх нь тэр. Шүүрч аваад үзтэл нуль порно...пээх паах л болцгоолоо. 

-Чи энүүгээр яах нь вэ дээ, Мөөгөө минь.
-Чи сэтгүүлч хүн мэдэж явахад илүүдэхгүй. Ийм сэтгүүл чинь балиар заваан юм огтоосоон биш. Энэ бол сайн үзвэл амьдрал. Хүүхнүүд шаагиад л явчихлаа. Бузар хог гээд л. Эрчүүд энд тэндгүй элэг нь эвхрээд уначихсан.

-Чамд энэ сэтгүүлийн тусламж тийм их хэрэгтэй болоо юу.
-Эр хүний үндсэн мэдлэг гэж юм байна. Би эдэн шиг хоцрогдсон амьтан бишээ. Байнга л шинэчлэгдэнэ. Дандаа гурилтай шөл идэж, гурилдаж амьдрах болж байна уу. Аль наад сэтгүүл өгөөдөх.

Манай ангийнхан байшин нуртал хөхрөлдлөө.

-Мөөгөө Гүррагчаа ах чинь ирж байгаа юу.
-Аан, сансар Гүррагчаа юу. Ирэлгүй яахав. (Гүррагчаа баатар Мөөгөөгийн ээжийн их ойрхон хамаатан юм) Манай Сансар оюуны потенциалаар намайг бол барахгүй ш дээ. Нарийн мэдрэмж тааруу л юм шиг санагдаад байдаг юм. За, алдас болох нь. Манайхан дундаа байтугай, халхын хавтгайгаас ганцаараа сансарт ниссэн нь л үнэн юм даг. Ахиад л пижигнэсэн их инээд болцгоов. Ай алдрай багын анд минь. Манай Мөөгөөд уншаагүй ном гэж байхгүй. Тэрний тийм ном, энэний ийм номонд ингэж бичсэн байдаг юм гэж л ярина.

Хойтон жил нь сонгуулийн ажлаар ахиад л сум руугаа давхиж очив. Мөөгөө эхнэртэйгээ захиргааны гуанз ажиллуулж байгаа гэнэ. Мөөгөө юу байхав дээ, манай Цэрэндолгор л зүтгэж байна гэж ангийнхан дүгнэнэ. Зочид буудлын намхан таазтай чийг үнэртсэн өрөөнд маань Мөөгөө ирнэ. Сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байсан цаг. Найз нь чиний хэлснээр л саналаа өгнө. Хэрэгтэй бол би тэр гамин Цэнгэлд чинь саналаа өгье л дөө гэж томроно. Буудлын нөгөө өрөөнд сонгуулийн ажлаар яваа чуулгын дуучин хүүхэн суух. Нэртэй алдартай, цуутай сайхан хүүхэн. Нэг орой өнөө бүсгүйг өрөөндөө урьлаа. Мөөгөө гурвуулаа ганц шил задалж яриа хөөрөөн болцгоов. Мөөгөө маань нөгөө хүүхнийг дуулж өгөөч гэж гуйж байна. Яаж шөнө дөлөөр дуулах юм бэ, тэгвэл сумын зах руу гаръя л даа. Чи манай Ганчимэг сэтгүүлчийн найз юм байна. Би чамд ганц сайхан дуу дуулж өгье. Ингээд машиндаа сууж аваад сумын зах руу гарлаа. Үүр дөнгөж хаяарч, зуны тунгалаг сайхан өглөө хөтлийн цаахан ирчихсэн....зэгсэн дунд бид гурав хүүрнэлдэнэ. Бүсгүй улаан пансан халадныхаа хормойг намируулан босч зогсоод

Тоорой бандийг байхад
Торгоны сайныг өмслөө
Тоорой бандиас хойш
Тостой даавуу ч олдсонгүй
... гээд л жингэнүүллээ. Мөөгөө маань дуу хүүхэн, хаяарч буй үүрийн гэгээ гуравт тэр чигээрээ шингэжээ. Бүсгүй хэлж байна. Эргээд ирэхэд эр хүн шиг эрвэлзэж байдаг юм шүү, миний найз. Одоо битгий архи уу гэж. Мөөгөө зэгс хоёр хоёулаа найгалзан толгой дохиод л...Өглөө ч гэж өглөө....бүсгүй ч гэж бүсгүй...дуу ч гэж дуу...Маргааш нь манай хүн шинэхэн эрээн цамц өмсчихсөн...сэтгэл нь гэгэлзсэн янзтай ангийнхаа хүү Баяааг дагуулчихсан орж ирж байнаа.

-Мөөгөө Тоорой банди гэж яг ямар хүн юм бэ?
-Чи одоо сэтгүүлч хүн байж энийг мэдэхгүй юу. Нанзад гэж цахар хүн шүү дээ.
-Сайн эр байсан л гэж дуулсан.
-Уг нь лам болох гэж байсан юм гэсэн. Тэгээд багш ламтайгаа тэрсээд сайн эр болохоор оргосон юм гэнэ лээ.  Алтан овооны урд уруу нь буусан тод замыг Дарьгангачууд "Тооройн зам" гэж нэрлэдэг гэсэн. Нэг очиж үзье гэж боддог юм.Ганаа минь дээр үеийн домог түүхийг сайн судалж бай. Манай нутаг гэхэд тэр чигээрээ домог. Домог бол амьдрал. Өнөөдрийн бид хоёрын энэ дурсамж, өчигдөрийн дуучин хүүхэн бид гурвын үүрээр дуулж сууцгаасан ч домог болно.

Мөөгөө ухаалаг төрхөндөө орчихжээ. За, чи өчигдөр үүрээр Мөөгөөгийн амьдралд юу тохиолдсоныг энэнд нэг сэхээ ортол нь сайхан яриад өг. Энэ муу Баяаагийн амьдралд л лав тийм явдал тохиохгүй юм даг. Би ч Мөөгөөгийн зааснаар уран яруу ярьж өглөө. Баяаа итгэж ядаад л...Мөөгөө харин цээж тэвхэгэр. Буудлын цайр нь уначихсан толинд байн байн очиж хараад л.

-Мөөгөө чи яагаад архи уугаад байдаг юм бэ.
-Архи ууж л энэ уйтгартай хорвоог туулах юм байна ш дээ. Архи уухгүй бол бүтэж үхчих гээд байна. Энэ сум ямар байлаа. Ямар сайхан өвгөд, ямар гоё дарга нар, ямар гоё амьдрал. Одоо юу байгаа юм бэ.

Нээрээ л чив чимээгүй болчихсон юм шиг. Хамаг аз жаргалаа дотогшоо татаад дуугаа хураачихсан юм шиг бүрсгэр суурин. Цагаан морин тэрэгтэй ногоочин өвгөн, холбооны монтёр хормой Балдан гуай...хаашаа алга болчих нь энэ вэ. Мөөгөөгөө дагаад хуу гансармаар санагдав. Аавтайгаа алхаж явсан үеүүд, ангир гангар насны жаргалтай мөчүүд. Нээрээ ямар гунигтай, ямар эль хуль болчихсон юм бэ гэж сэтгэлээ хоосруулан бодов.

Гэрийн хаяанд суугаад
Гэзгийг минь илдэгсэн
Хажууд минь түшиж суугаад
Хацрыг минь илдэгсэн...
...нөгөө гунигтай дууг Мөөгөө ийн аялж байна. Хүүхэнд автчихсан, дуунд автчихсан алин бүү мэд.

Гуна гунжийн нуруунд
Гундаа нь үгүй Тоорой
Гучин хоёр хошуунд 
Баригдаа нь үгүй Тоорой доо
Цантын цагаан нуруунд
Цантаа нь үгүй Тоорой
Цахар найман хошуунд 
Баригдаа нь үгүй Тоорой доо
...Манай Мөөгөө сөөнгөдүүхэн хоолойгоор гэгэлзтэл аялна. Нээрээ бидний амьдрал яасан гунигтай болчихсон юм бэ.

-Мөөгөө би нөгөө ангийн Буяатай суусан бол яаж амьдрах байсан бол
-Хн... Доргонтын ард л хэдэн малтай чарласан амьтан байгаа биз. Буяа чамайг зодно. Аягүй бол мань мэт очиж авна. Тэгээд л үйлийн үрээ эдлэж байх байсан биз...
-ха ха...чи нээрээ алнаа. Баяаа гэдэргээ савж унан инээв. Мөөгөө, өвгөөн чи Ганаад жаахан хандтай байсан юм аа даа гэж нулимсаа арчин асууж байна. Хариуд нь Мөөгөө торох ч юмгүй хэлж байнаа.
-Хар бухын голын хөвөөнд цэрэгт мордох гээд онжавуудтайгаа хээр хонож байхдаа энэ хүүхнийг бодож л байлаа.  
-Тэгээд наадах чинь сайн байсан гэсэн үг юм уу, муу байсан гэсэн үг юм уу.
-Өвгөн нь нэг их хүчлээгүй юм аа.
-Тэгээд Гэрэлээд чи ямар байсан юм.
-Тэрийг чинь шохоорхол гэдэг юм.
-Тэгвэл Ганаад.
-Мохоорхол...Шохоорхол мохоорхолхон л байхгүй юу.
-Тэгвэл Цэрэндолгор.
-Аан, тэр бол хайр. Одоо ч дээ, хайраа хат. Жоохон юм уугаад очихоор л алчих гээд байхын.  Энэ хүүхнүүд нүгэлтэй амархан элэгдэх юм аа, чоорт гэж. Цэрэндолгороос хөөрхөн хүүхэн байгаагүй л юм даа. Тэгсэн одоо тэрэн шиг л чөтгөр алга.

Баяаа ахиад л нулимсаа гоожтол инээлээ. Өвгөн нь нэг их хүчлээгүй юмаа гэдэг үг одоо ч манай ангийнхны дунд хөшөөсөөр л яваа....Мөөгөөтэйгөө суучихаад цэцэгт ногоон талдаа эрх тааваараа амьдарч байх байсан сайхан хувь тавилангаа  ер нь юу болгоод хаячихав даа гэж би үнэн худлын завсар Мөөгөөдөө хэлж, Мөөгөө ундууцан за за, битгий байн байн ирж үймүүлээд бай. Залгахаар утас авч бай, захиалахаар нэгж савж бай...тэгээд тэр хотдоо л манарга. Мань нь эндээ таваргая....Эсвэл тэндээ тэгж л их гансраад тогтож өгдөггүй юм бол ир. Хэдэн үнээний дэлэн шувтраад байж дөнгөнө биз дээ. Тэгээд л нөгөө Эрхүүд оюутан байлаа, энд ирээд хилчин болоо гэгчээр хотод сурвалжлагч явлаа, хог дээр гараад Мөөгөөтэй суулаа гээд сууж байхгүй юу. Чамд би тэгж нэг зориг гаргаж болох л юм...ха ха....Баяаа сөхөрч суугаад тасралтгүй инээв. Миний алдрай багын анд. Элэгний эм...инээд үйлдвэрлэгч. Одоо ч гэсэн би түүнийг ярьж инээх дуртай. Түүнийг санаж, нутаг руугаа гараад давхимаар болдог хэвээрээ.

Өнгөрсөн зун манай Мөөгөө залгаж байнаа. Хөөе, Ганаа чи ирж ав. Хөгшин чинь гуравдугаар хороололд байна. Өвөө болсоон. Хэд хоног ачаа харж байна. Өнөөдөр хүү бэр хоёроосоо чөлөө авчихлаа, түргэл...Би ч Нээнээгээ дагуулаад давхиад очлоо. Залуухан “өвөө” цэмбийчихсэн амьтан зогсож байна. Гурвуулаа манайд шөнөжин буу халлаа.

-Залуу улс нэг шөнө ч гэсэн чөлөөтэй байг. Хадам аав нь гэж нэг юм зуухны тэнд суугаад л байхаар тэр хоёр амьтан чинь эрхлэлдэж ч чадахгүй ш дээ. Ийм нарийн юмыг та хоёр юугаа ойлгохов. Тэгээд би завсар олгож байгаа юм. Амьдрал гэж нандин эд шүү дээ, хө. Цэрэндолгор байсан бол над шиг ийм ухаан гаргахгүй дээ. Тэнэг юм шиг л суугаад байгаа. Би өөр хүн шүү.

Ха ха... бид хоёр эвхэрч унаталаа инээв. За, өөр хүн гуай унтаж амар. Мөөгөө маань Насан багадаа наадаж өссөн

Нутгийн чамайгаа уяран саналаа...гээд л нөгөө танил сөөнгө хоолойгоороо нэг авч өгөөд унтав.

Өглөө нь би найзыгаа хүргэж өглөө.  Ай андын сайхан хорвоо...Ахиад ирээрэй Мөөгөө...

Бороо шивэрсэн сав саарал өдөр Мөөгөө маань гараараа далласаар үлдэв. Эргээд очмоор... Элгээ хөштөл инээмээр... Энэ чигээрээ буцаж ирээд... Сэтгэл зүрхээ эль хуль оргиулан хоосормоор байлаа....

2024 оны 6 дугаар сарын 23.

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (1)

Зочин Зочин
Зочин Зочин
19 October 2024 12:54

Энэ Мөөгөөг бараг л таньдаг боллоо шүү.нэг газар тааралдвал.гасан багын найзууд урвадаггүй нэгнээ гоё хайрлаж дурсдаг 

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав