Сэтгүүл гаргана гэдэг бол олон хүний хөдөлмөр шингэсэн нүсэр ажил. Ярилцах зочноо сонгох, түүнд тавих эхний асуултаа бодон алхахаас өгсүүлээд сэтгүүлч хүн дотроо бүгдийг төлөвлөж, заримдаа санамсаргүйгээр эргэсэн яриаг хэрхэн цааш хөтлөхөө таамаглах зэрэг нь хүртэл агшны дотор сэтгэл долгилуулж, тэрүүхэн үеийн тэвдэлт хожмын гэгээтэй дурсамжийг авчрах нь бий. Тэгэхээр энэ ажил бидний хувьд басхүү жаргал мөн.

Шинэ оны анхны дугаартаа бид онцлох зочдын ярилцлага, дэлхий дахинд болж буй үйл явдал, хүн төрөлхтний оюунт сэтгэлгээний биелэл болсон сонгодог урлагийн оргилууд, эх орноо хайрлах сэтгэл ямар үед хамгийн бодитойгоор мэдрэгддэг болох зэрэг өөр бусад тойм, нийтлэлүүдийг энэ удаагийн дугаарт эмхлэн бийрлэв. Таалан болгооно уу.

Бид та бүхэндээ үргэлж мэргэжлийн ажлуудаар бэлэг барих болно. 2024 он бидний монголчуудад аз хийморь, баяр жаргал бялхсан жил байх болтугай. 

ЭХ ОРОН ГЭДЭГ ЦЭЭЖИНД ЖИНГЭНЭХ ХОНХ

 

“Тэдэн шиг харагдаж, тэдний нэг болж л чадахгүй бол тэнд амьдарч “тэнцэхгүй”. Тэнцэж үлдэхийн тулд солонгос охид шиг хувцаслаж, дуу сонсоогүй хэрнээ чихэндээ чихэвч зүүж, гар утас руугаа гөлийгөөд л...”

Эх орон гэдэг үг өнөөгийн нийгэмд ямар утга илэрхийлж байна вэ? Уг нийтлэлийн хамгийн чухал асуулт энэ. Бид бүхэн төрийн эрх мэдэлтнүүдийн буруу шийдвэрээс болж өөрсдийн эх орон, өөрсдийгөө ч адлах болсон. Аз тохиовол гадагш гарч тэндээ сурч, амьдрахын хүслэнд автсан залуу үеэр нийслэл хот маань дүүрчээ. Гэвч харьд очоод тансаг сайхан орд харшид тухалж хэвтэх боломжгүй нь бас л тодорхой. Хүн хилийн дээс алхаж байж эх орныхоо сайхныг, өөрсдийн аж төрөхүйг жинхэнэ ёсоор үнэлж, цэгнэж чаддаг ажээ. Энэ талаар “Эх орон гэдэг цээжинд жингэнэх хонх” тэмдэглэлээс уншаарай.

Л.ӨЛЗИЙСАЙХАН: ЦЭЦ БОЛ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЧАНДЛАН САХИУЛАХ БАТАЛГАА БАЙДАГ

 

Энэ удаагийн дугаарын “Зочин” буланд Үндсэн хуулийн ЦЭЦ-ийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, хатагтай Л.Өлзийсайханыг урьж ярилцсан билээ. Хувь хүний ажил, түүндээ зориулсан он жилүүд өөрөө түүх байдаг. Бидний урьсан онцлох зочдын нэг бол тийм түүхийн эзэн.

Уг ярилцлагаас жил гаруйн өмнөөс хэрэгжүүлэх болсон D-Parliament цахим системийн онцлог болоод хууль хэрхэн хэрэгжүүлэх, хуулийн цэг, таслал бүхэн чухал үүрэгтэй болон хувь хүн хэрхэн дагаж мөрдөх, түүнийг бий болгогч эрхмүүд юуг анхаарч, хариуцлагатайгаар ажиллах тухайд дэлгэрэнгүй өгүүлсэн болно. Хувь хүн нь өөрөө тун хүчирхэг, олон жилийн туршлагатай учраас шинэхэн зочны маань яриа уншигчдыг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

БҮТЭЭЛИЙН ХӨРӨГ | ТАН РУУ НҮҮЖ ЯВНА

 

Хөрөг бол сэтгүүл зүйн хамгийн том төрлийн нэг. Энэ удаагийн дугаар Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, яруу найрагч С.Оюуныг онцлов. Гэхдээ уран бүтээлчийн амьдралын замнал, алдаж оносон үйл явдал дундуур урьдын жишгээр туучихыг урьтал болгосонгүй. Харин С.Оюуны зохиолыг нь бичсэн “Тан руу нүүж явна” кино уран бүтээлийг тойрсон ярианаас эл бүтээлийн хөрөг бүтсэн юм.

Үнэхээр л бид төрөх үхэхийн хооронд нүүдэллэж яваа шиг... Тэрхүү урт, богино цаг хугацааны мөнхийн эргэлтүүд дунд бие биеэсээ хэдийнэ холдлоо ч өөр нэгэн рүү тэмүүлж, магад өөрийн дотоод руу л нүүдэллэсээр байдаг шиг санагдана. Түүн дотроос хүн хүн рүүгээ нүүж орчлонг туулдаг нь үнэн агаад өр зөөлөн мэдрэмжийг төрүүлнэ.

Э.ДЭЛГЭРМАА: ДЭЛХИЙН АВАРГЫН ДЭВЖЭЭН ДЭЭР ГАРГАСАН АЛДААГАА ОЛИМПИЙН НААДАМД НӨХӨХ БОЛОМЖ НАДАД БИЙ

 

Дэлхийд чансаагаараа хоёрдугаар эрэмбэлэгдэж буй чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, “Бөртэ чоно-2023” наадмын шилдэг тамирчин, цагдаагийн дэд ахлагч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Э.Дэлгэрмаагийн ярилцлагыг “Спорт”-ын буландаа онцлов.

Тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж энэ онд болох хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпод оролцох эрхээ өвөртөлсөн юм. Тэр болгон хэвлэл, олон нийтэд ярилцлага өгөөд байдаггүй ховор зочинтой уншигч та бүхнийг уулзуулж байгаадаа баяртай байна.

ДЭЛХИЙН ТОЙМ | ҮЙЛ ЯВДАЛ, ТӨЛӨВ БАЙДАЛ 2024

 

Шинэ он цар хүрээ агуулгын хувьд бүхэл бүтэн тив тэр байтугай, гараг ертөнцийн хувь заяаг өөрчилж магадгүй тийм олон түүхэн үйл явдлын жим болох төлөвтэй байна. Аливаа болох үйл явдлын үр дүн хэрхэн эргэхийг урьдаас тодорхойлон хэлэхэд төвөгтэй хэдий ч дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүнд ихээхэн анхаарлаа хандуулж, өөр өөрсдийн байр сууринаас тайлбарлан мэдээлж байгаа юм.

Юуны өмнө, BBC радиогийн мэдээлснээр, 2024 он Ерөнхийлөгчийн мөн парламентын сонгуулийг эх барьж авах шахам жил болно. Дэлхийн бараг 70 шахам оронд сонгуульж болж, манай гарагийн насанд хүрсэн оршин суугчдын талаас илүү хувь нь сонгуулын санал авах байранд ирж магадгүй байна. Энэ олон сонгуулиас дэлхийн нөлөө бүхий хоёр том гүрэн АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бүх нийтийн анхаарлыг онцгой татаж байгааг үгүйсгэх аргагүй.

Н.ЭНХБАЯР: УУЛ УУРХАЙГААС ИРГЭДЭД ТЭТГЭВЭР, ХАЛАМЖ ОЛГООД БАЙВАЛ ХЭЗЭЭ Ч УРАГШЛАХГҮЙ

 

Дугаарынхаа “Эдий засаг” буланд макро эдийн засгаар мэргэшсэн, судлаач Н.Энхбаярыг урьж ярилцлаа. Тэрбээр Сангийн яамны Төсвийн бодлогын газар, Макро эдийн засгийн газарт мэргэжилтэн, газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сайдын зөвлөх, АНУ-ын Вашингтон ДС хотод Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлын зөвлөх, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхийн багш зэрэг албан тушаалуудыг хашиж байсан туршлагатай нэгэн юм.

Үүнээс гадна Монгол Улсын макро эдийн засгийн бодлого төлөвлөлт, төсвийн бодлого төлөвлөлт, урт хугацааны хөгжлийн бодлогын чиглэлээр олон тооны баримт бичгийг боловсруулахад гар бие оролцож байжээ. Өнөөгийн нийгмийн хамгийн эмзэг сэдвийн нэг бол эдийн засгийн асуудал. Бид хэрхэн зөв төлөвлөж төсвөө зарцуулах болон эдийн засгийн хувьд нийтэд хүртээмжтэй, улс орны цаашдын хөгжилд тулгуурласан бодлого гаргах вэ? Энэ талаарх судлаачын байр суурийг эл ярилцлагаас унших боломжтой.

ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ДУУРИЙН УРЛАГИЙН НОЁН ОРГИЛУУД

 

Улиран одсон оны төгсгөлд дэлхийд нэр хүндтэй олон байгууллагаас дуурийн шилдэг уран бүтээлчдын жагсаалтыг гаргажээ. Анзаарахад улс орнууд уг жагсаалтад өөрийн орны дуучдыг заавал багтаасан байх аж. Тэр бүгдээс хөгжим бичлэг, цомог, альбом, DVD, дижитал бүтээгдэхүүн гээд олон төрлөөр үйлдвэрлэл эрхлэгдэг, энэ талбарт 20 гаруй жилийн туршлагатай “DVD FAB” байгууллагын гаргасан жагсаалтын хүрээнд материал бэлтгэлээ.

“DVD FAB”-ынхан энэ цаг үеийн дуурийн ноён оргилуудаар хэн хэнийг нэрлэсэн болохыг “Сонгодог урлаг” булангаас уншаарай.

Г.НЯМ-ОЧИР: ОЮУН САНААНЫ АМЬДРАЛ, ШАШНЫ АСУУДЛАА ЦЭГЦЛЭЭД, X БОГДОД БАЙХ ЁСТОЙ БОЛОМЖИЙГ НЬ ОЛГОСОН ЛИДЕР Л ЦААШАА УЛС ТӨРД ЯВНА

 

Төвд судлаач Г.Ням-Очирын өмнөх дугаар нийтлэгдсэн ярилцлагын үргэжлэлийг хүлээн авна уу. Уг хэсэгт зочин туулай жилд ширээнээ заларсан тунамал дүрт X дугаар Богдын талаар голчлон яриа өрнүүлсэн юм.

Өмнө нь зочин маань X дугаар богд бол Чингис хааны хувилгаан дүр гэж хэлсэн. Харин энэ удаад чухам яагаад тэгж үзэх болсон шалтгааныг илүү дэлгэрэнгүй тайлбарласан агаад X Богд улс орны сэргэн мандалд хэрхэн нөлөөлөхийг, нийгмийн үзэл хандлага хэрхэн зөв зохистой байх ёстойг манай сэтгүүлийн “Түүх соёл”-ын булангаар дамжуулан уншигчдад хүргэж байгаа билээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав