Монгол Улсын эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулдаг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн хариулж байна.

2020 оны эхний 11 сарын байдлаар улс, орон нутгийн төсөвт 804 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

-Шуудхан л асууя. Эрдэнэт үйлдвэр, үйлдвэрийн удирдлага, тэр тусмаа та сүүлийн үед сошиал платформуудаар багагүй “нүдүүллээ”. Гэвч та таг дуугүй удаан суув. Та тийм тайван хүн юм уу.  Эсвэл тайлбар өгөх хүсэлгүй байв уу?

-Таны асууж байгаа асуудлаар олон нийтийн хүлээлт байгааг би ойлгож байна.  Энэ бүхэнд  хүлээцтэй хандаж байгаа уншигч та бүхэндээ талархлаа илэрхийлье. Эрдэнэт үйлдвэр 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай, улс орныхоо өмнө,  түншүүдийнхээ өмнө өндөр хариуцлага хүлээдэг,  дэлхийд танигдсан, стратегийн үйлдвэр.  Энэ үйлдвэрийг авч яваа уурхайчид бид чинь цаг наргүй ажилладаг.  Тиймээс  миний хувьд гүжир гүтгэлэг, “нүдэлтэд” тэр болгон хариу өгөөд, хэл ам болоод байх цаг зав үнэндээ байхгүй. Үйлдвэрийн холбогдох албад залруулах хариу  өгсөн байх. Тэр тусмаа цар тахлын энэ цаг үед үйлдвэрлэлээ тасралтгүй ажиллуулах, үйл ажиллагаагаа хэвийн жигд, зөв авч явах, уурхайчид хамт олноо энэ цар тахлын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх нь гол зорилго болж байна. Ярих цаг бол хэзээд олдоно. Харин ажил хэрэг бол бүгдээс чухал. Би ингэж л  боддог.

 -Тэр мэдээж л дээ. Ерөөсөө л ярьдаг, хашгичдаг орон болчих гээд байна. Тэгэхээр тантай нэгэнт уулзсаных олон нийтийн анхаарал татаад байгаа асуудлуудыг ярихын өмнө Эрдэнэт үйлдвэрийн талаар бүрэн хэмжээний мэдээлэл уншигчдадаа хүргэчихмээр байна.

- Тэр болно шүү дээ. Дутуу гуцуу, энд тэндээс нь тасдаж авсан, зөвхөн харахыг хүссэн өнцгөөсөө асуудлыг авч үзэх хандлага хавтгайрсан үед би бол үйлдвэрийнхээ тухай ярих боломж өгвөл олзуурхаж л байна. Эрдэнэт үйлдвэр байгуулах тухай анхны шийдвэр Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын 1973 оны хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн тал өөрт ногдох хөрөнгөө гаргаж, түүн дээр Монголын талд ногдох 50 хувийн хөрөнгийг зээл хэлбэрээр нэмж гаргахаар тогтсон байдаг. Монголын талын 50 хувийг эргүүлж төлөх асуудал их өр гэдэг нэрийн дор явсан шүү дээ. Энэ процессыг та сайн мэднэ.

1980-аад оны сүүлчээр юм даг, би Бор-Өндөрт ажиллаж байхдаа үйлдвэрийнхээ 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд яамны удирдлага, уул уурхайн бүх үйлдвэрүүдийн дарга, инженерүүд, салбарын эрдэмтдийн төлөөллийг Бор-Өндөртөө урьж, мэргэжлийн зөвлөгөөн хийх санаачилга гаргаж,  зохион байгуулсан юм. Энэ зөвлөгөөнөөр зарчмын хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, Монгол-Оросын хамтарсан үйлдвэрүүдийн Монголын талын эзэмшиж байгаа хувь оролцоог нэмэгдүүлж 51 хувь болгох, эдгээр үйлдвэрүүдээс Монгол улс байгалийн нөөц баялаг ашигласны төлбөр, газрын хэвлий ашигласны төлбөр авдаг болох зэрэг асуудлуудыг хөндөн ярилцаж, зарчмын хувьд байр сууриа нэгтгэсэн юм.  Эдгээр асуудлуудыг төр засагт уламжлан шийдвэрлүүлсэний үр дүнд 1991 оны хэлэлцээр байгуулагдсан түүхтэй. Монгол Улс энэ асуудлыг цагаа олж шийдвэрлэсэн дээ. Ингэснээр Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын хувь оролцоог нэмэгдүүлж, 51:49 болгосон. Монголоо гэсэн чин сэтгэлтэй олон хүний хичээл зүтгэл, хүчин чармайлтаар энэ ажил бүтсэн. Эрдэнэт үйлдвэр  анх 4 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтай эхэлж байсан бол өнөөдөр 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай төрийн өмчит үйлдвэр болон амжилттай ажиллаж байна. Энэ хугацааны 38 жилд Монгол-Оросын хамтарсан үйлдвэрийн статустай, 2 жил гаруйн хугацаанд төр, хувийн хэвшлийн оролцоотой ажилласан. 2019 оны 3 сараас  100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон.

Монголчуудын итгэл найдвар болсон Эрдэнэт үйлдвэрийг өөд татаж  авах, улс төрөөс ангид байлгах,  ялангуяа хэтийн ирээдүйг нь тодорхой болгох тал дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар зоримог, шуурхай ч хөдөлсөн. Энэ нь ч үр дүнгээ өгч байна.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудлыг тусгайлан авч үзэж, тус үйлдвэрийг  2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг дэмжсэнээр Засгийн газрын 2019 оны 224 дүгээр  тогтоол гарсан юм шүү. Энэ тогтоолыг хэрэгжүүлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2019 оны 262 дугаар тогтоолоор уг Үндсэн чиглэлийг баталсан юм. Батлагдсан Үндсэн чиглэлийг тав таван жилээр төлөвлөн, жил бүрийн бизнес төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Төр засгийн бодлого, шийдвэрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр тасралтгүй, хэвийн жигд ажиллаж, түүхэндээ байгаагүй өндөр амжилт, үр дүн гаргаж байна.

Засгийн газар бидэнд боломж олгосон, бид ч хичээж байгаа.  Юм үнэнээрээ байх сайхан, тийм биз дээ.

-Эрдэнэт үйлдвэр тойрсон хувь эзэмшлийн асуудал одоо ч улс төрд гол сэдэв хэвээр байна. Та бол Төртэй ч, 49 хувийнхантай ч нэг баг болоод ажиллачихсан хүн шүү дээ. “Монголын зэс”-ийнхэн 2016 онд Оросоос 49 хувийг авснаас хойш хэдхэн сарын дараа буюу 2016 оны 12 сард та Эрдэнэт үйлдвэрт томилогдсон байх аа. Таныг ажлаа авах үед нөхцөл байдал ямар байв. Ямар байдалтай үйлдвэр хүлээж авав? Ер нь урьд нь ямар байсан юм бэ? Та ажиллах хугацаандаа ямар үр дүнд хүргэчихэв, юуг нь сайжруулчихав?

-Ний нуугүй хэлэхэд шилжилтийн ч гэмээр юу уу даа, ер нь л амаргүй цаг үе, сорилттой тулсан шүү. Үйлдвэрийн ажил байдал,  хамт олон, ИТА-нуудтай танилцах, санал бодлыг нь сонсохоос ажлаа эхэлсэн дээ. 

Нэгдүгээрт, тус үйлдвэрийг  2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Эрдэнэт үйлдвэрийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлийг тодорхойлох асуудлаар хамт олныхоо саналыг авч, компанийн засаглалыг бэхжүүлэх том зорилтуудаа тодорхойлж, үйлдвэрийн тогтвортой хөгжлийн  5 чиглэл бүхий цогц бодлогоо гаргаж, батлан хэрэгжүүлж байна.  Эрдэнэт үйлдвэр алсын хараагаа “Дэлхийн жишиг, Монголын бахархал” гэж тодорхойлсон шүү дээ. Харин эрхэм зорилгоо бол “Тогтвортой хөгжил, хариуцлагатай  уул уурхайг эрхэмлэн үндэсний баялгийг бүтээнэ” гэж тогтоосон. Энэ хүрээнд л  ажлаа зохион  байгуулах гэж зүтгэж явна даа.

Хоёрдугаарт, уул уурхайн үйлдвэрийн амин чухал асуудал нь нөөц баялаг байдаг болохоор  нөөцийн  судалгаа, геологи хайгуулын ажлыг өргөн хүрээтэй явуулсан.  

-Таныг 60 жилийн ирээдүй бий болгоно гэж зарлахад би “Бадамсүрэнгийн романтизм уу, эсвэл ...” гэж бичиж байсан шүү. Ер нь бол нөөц нь шавхагдаж байгаа хөгшин үйлдвэр гэх ойлголт явчихсан байсан л даа?

-(инээв) Бид 2017 оноос хойш геологи хайгуулын ажилд нийтдээ 27 орчим сая ам.доллар зарцуулаад байна. Үүний үр дүнд ордын гүний хэсэгт хүдрийн нөөцийг нэмэгдүүлж, стратегийн ордын талбайн хил хязгаарын хүрээнд  хэтийн төлөв бүхий хэд хэдэн илрэлийг нарийвчлан тогтоогоод байна. Түүнчлэн Эрдэнэтийн-Овоо ордын геологийн нөөцийг олон улсын ЖОРК стандартын дагуу баталгаажуулах ажлыг хийж дуусгалаа. Энэ нь цаашид хэрэгжүүлэх томоохон төслүүдийн үндэслэл болохын зэрэгцээ үйлдвэрийн үнэ цэнийг нэмэгдүүлж, гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах баталгаа болох юм. Эдгээр ажлуудын үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн насжилт, ажиллах хугацааг 20 гаруй жилээр нэмэгдүүлж, цаашдаа 60 гаруй жил ажиллах боломжийг бүрдүүллээ. Өндөр түвшний судалгаа, тооцоо хийж байж л тогтооно шүү дээ. Би түрүүний хариултаа гүйцээчихье.

Гуравдугаарт, Эрдэнэт үйлдвэр анх байгуулагдахад нь тухайн цагийнхаа  хамгийн шилдэг, тэргүүний техник, технологи ашигласан  байдаг.  Гэвч цагийн уртад элэгдэж, насжилт өндөр болж таарна шүү дээ. Үйлдвэрийн хэмжээнд ашиглаж байгаа нийт техник, технологийн үндсэн тоног төхөөрөмжийн 80 хүртэл хувийг шинэчлэх шаардлагатай болсон, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хугацааны хэтрэлт үүссэн зэрэг нь гол тулгамдсан асуудал байлаа.  

Иймээс үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг өргөн далайцтай явуулж байна. 2017-2020 онд 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр техник, тоног төхөөрөмжийн  25 хүртэл хувийг шинэчиллээ. Үүний үр дүнд техник, тоног төхөөрөмжийн найдварт ажиллагаа дээшилж, үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагаа  хангагдсан.

Дөрөвдүгээрт, чиглэл чиглэлээрээ салангид явагдаж байсан худалдан авалтыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ил тод байдлыг ханган,  2019 оноос цахим хэлбэрт шилжүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн худалдан авах ажиллагааны зарчмыг  баримталж, “нэг цонхны бодлого”-д оруулсан. Худалдан авалтыг ил тод, өрсөлдөх тэгш  боломж олгож зохион байгуулснаар онцгой дэглэмийн горимоор ажилласан  2019 онд 65,8 тэрбум төгрөг, 2020 оны эхний 9 сарын байдлаар 74,2 тэрбум төгрөг, нийтдээ 140 тэрбум төгрөгийг хэмнэж чадлаа. 

Тавдугаарт, цалин хөлс, урамшууллын бодлогыг шинэчлэн тодорхойлж, 2017 оноос хойш уурхайчин хамт олныхоо цалинг үе шаттайгаар 55 хувиар нэмэгдүүлсэн. Мөн ахмадууддаа олгодог нэмэлт тэтгэврийг 1.5-2.1 дахин өсгөсөн. Эрдэнэт үйлдвэр батлагдсан төсөв, төлөвлөгөөний хүрээнд ажилчдынхаа эмчилгээ, орон сууцны санхүүгийн дэмжлэг, сургалтын төлбөр, ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл, хүүхдээ асарч байгаа ээжүүдийн тэтгэмж гээд  нийт 24 төрлийн  тусламж дэмжлэг үзүүлж байна.

Дүгнээд хэлбэл, сүүлийн жилүүдийн ажлын үрээр хүний нөөц, боловсон хүчний болон худалдан авалтын үйл ажиллагаанд зарчмын шинэчлэл  хийснээр  хүний болон барааны шахаанаас салж чадсан гэж би хэлнэ. 

-Хүний болон барааны шахаанаас... Энэ ч Эрдэнэт үйлдвэрийг насан турш хэрсэн зүйл л дээ.

- Мэдээж маш төвөгтэй ажил. Маш их нерв, зориг шаардсан ажил. Гэхдээ бид чадсан. Одоо өнгөрснийг яриад яахав. Бид 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан, үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил” болгож, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, үр ашгийг нэмэгдүүлэхэд  хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлж томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. 2020 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтот түвшинг бүрэн ханган, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100.3-119.0  хувиар, орлогын төлөвлөгөөг 110 орчим хувиар тус тус биелүүлж, зардлыг 33 орчим тэрбум төгрөгөөр бууруулан, цэвэр ашгийн төлөвлөгөөг давуулан биелүүлэх боломжийг  бүрдүүллээ.  2020 оны эхний 11 сарын байдлаар улс, орон нутгийн төсөвт 804 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.  

- Цаашдаа яах вэ гэдэг надад их сонин байна л даа Ямартай ч таны үед Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэл, эдийн засгийн түүхэн дээд амжилтууд тогтоожээ. Их спортод рекорд шинэчлэн тогтоох амаргүй байдаг шиг үйлдвэрт дахин рекорд хийхэд хэцүү юу. Танд дахин амжилтаа ахиулах амбиц бий юу?

- Тэгэлгүй яах вэ. Эрдэнэтийн овоо ордын уул-геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурч, хүдрийн хатуулаг өсөж байна.  Эдгээр нь  үйлдвэрлэл буурах, зардал өсөхөд шууд нөлөөлж байгаа байгалийн хүчин зүйл шүү дээ. Энэ бүхнийг удирдлагын сайн засаглал, зөв менежмент, инженерүүдийн оюун ухаан, оновчтой шийдэл,  уурхайчин хамт олны хүчин зүтгэлээр ялан дийлж, давж гарах учиртай.  Ингэж бид чадна.  Миний хувьд зөвхөн өнөөдрөөрөө амьдрахыг хүсдэггүй, гэрэл гэрээтэй ирээдүйг  эрхэмлэдэг хүн.

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  нэгдүгээрт, үндсэн үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэлийн төслүүд, хоёрдугаарт, дэд бүтцийн төслүүд, гуравдугаарт, нийгмийн хөгжлийн төслүүд, дөрөвдүгээрт бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх шинэ төслүүд хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар хийгдэнэ. Товчоор авч үзвэл  Эрдэнэт үйлдвэрийг шинэчлэн хөгжүүлэх 2 дугаар аян  эхэлсэн гэсэн үг.  Үйлдвэрлэлийн орлого, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хүдэр боловсруулалтыг 22.7 хувиар дээшлүүлж  40 сая тн-д хүргэх өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж байгаа.  Үүний үр дүнд зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 20 орчим хувиар өсгөж, улсынхаа экспортын орлого, нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Мөн нэмүү өртөг шингэсэн зэс бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр барих болон Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводод өргөтгөл, шинэчлэлийг хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал, өгөөжийг нэмэгдүүлэх төслүүд тусгагдсан. Эдгээр төслүүд нь бүтээгдэхүүний үйлдвэрлэл, орлого, үр өгөөжийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, эцсийн дүнд Эрдэнэт үйлдвэрийн өрсөлдөх чадварыг өсгөхөд чиглэгдэж байгаа юм.  Бидний төлөвлөснөөр бол 2020 онд Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлого жилд  2.1 их наяд буюу хоногт 5.8 тэрбум төгрөг байна. 2025 он гэхэд жилд 5.6 их наяд, хоногт 14 орчим тэрбум, 2028 онд  жилд 11 орчим их наяд төгрөг болж,  нэг  хоногт  30 гаруй тэрбум төгрөгт хүрэхээр  байна. Энэ бол том тоо шүү.

-Өртэй хүн өөдөлдөггүй. Өттэй мал таргалдаггүй гэж монголчууд бид хэзээнээсээ ярьж ирсэн. Өр, ширтэй явсан хар бараан түүх Эрдэнэт үйлдвэрт бий. Энэ асуудал юу болж байна вэ?

-Гадаад талдаа олон улсын арбитрын шийдвэртэй өр төлбөр хуримтлагдсан, тэр нь томоохон асуудлууд дагуулж байсныг хэн хүнгүй л мэднэ дээ. Олон жилийн туршид яригдсан тэр гадаад авлага, өр төлбөрийг бүрэн барагдууллаа. Тухайлбал, БНКазУ-ын Балхашмыс компаниас авах, 1995 оны онд үүссэн 20 сая ам.долларын авлагын асуудал байна.  2009 онд хамтарсан үйлдвэр байх үед Советын шийдвэрээр найдваргүй авлага гэж үзээд данснаас хассан байдаг юм.  Данс бүртгэлд байхгүй болсон энэ авлагыг дахин сэргээж хөөцөлдсөний үр дүнд  2019 онд бүрэн авч чадсан.  Тухайн үеийн Гадаад харилцааны сайд  Ц.Мөнх-Оргил энэ үйл ажиллагаанд их ач холбогдол өгч, зохих дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласан гэдгийг зориуд тэмдэглэж хэлье.

 

- Үнэхээр уйгагүй хөөцөлдсөн.

- Тэгсээн. Энэ 20 сая ам.долларыг бид бүтээн байгуулалтын ажлынхаа санхүүжилтэд зориулаад явж байна.

- “Жаст” групптэй холбоотой асуудал овоо цэгцэрч байгаа гэсэн үү ?

- ӨАБНУ-ын Стандарт банкнаас “Жаст” групп зээл авахад нь Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан гэж буруутган 51 сая ам.доллар төлүүлэх шийдвэрийг 2013 онд Лондонгийн арбитрын шүүхээс гаргасан байдаг. 2019 оны эхэн гэхэд үндсэн өр төлбөр, хүү, торгууль нийлээд 120 орчим сая ам.долларт хүрсэн байсан. Засгийн газрын чиглэл, дэмжлэгтэйгээр уулзалт, хэлцлийг удаа дараа зохион байгуулсны үр дүнд 3 дахин буюу 40 сая ам.доллар хүртэл бууруулж төлснөөр гадаад талдаа өр төлбөрийн асуудал, арбитрын хэрэг бүрэн хаагдсан.  Энэ асуудлаар Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин Ажлын хэсгийг ахалж ажилласан. Төрийн ноён нуруу гаргаж, хичээж ажилласан даа. Харин одоо бид хууль тогтоомжийн хүрээнд  дотооддоо буруутай этгээдээр хохирлоо төлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна.  Энэ хэргийн анхан шатны шүүх хурлаар Жаст группээс Эрдэнэт үйлдвэрт 137.9 тэрбум төгрөгийг төлж барагдуулах шийдвэр гарсан.

- Үүнийг тэгэхээр яаж олж авна гэсэн үг вэ ?

- Шүүх шийдвэрээ хэрэгжүүлнэ биз ээ. Хариуцагчийн битүүмжлэгдсэн хөрөнгийн тухай мэдээлэл байгаа юм билээ. 

-  Тийм үү. Бас Эрдэнэт үйлдвэр гадаад талдаа нэлээд зээлтэй гэж дуулддаг байсан. Одоо ямар ч өр зээл байхгүй болсон гэсэн үг үү?

- Тийм ээ. Эрдэнэт үйлдвэр нь үндсэндээ сүүлийн 2 жил төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай, онцгой дэглэмтэй ажилласан. Энэ хугацаанд бид олон жилийн турш хуримтлагдсан гадаад авлага, өр төлбөрийг бүрэн шийдвэрлэж, гадаад болон дотоодын банк, санхүүгийн байгууллагад зээлийн өр төлбөргүй болсон гэдгийг харин танд нүүр бардам хэлье. Энэ нь бараг Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд анх удаа байх шүү.

- Та уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн менежер бол мөн. Жил гаруйн өмнө таны хэвлэлд өгсөн Төр муу менежер биш гэдгийг ажлаараа харуулна гэсэн ярилцлага санаанд орлоо л доо. Та энэ үгэндээ хүрч чадсан уу?

- Хүрсэн гэж л бодож байгаа шүү. 2017-2019 онд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, түүхэндээ байгаагүй өндөр амжилт, үр дүн гаргасан. 2019 онд 37.2 сая тонн хүдэр олборлон, 32.2 сая тонн хүдэр боловсруулсан нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон.  2016 онд 1.3 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байсан бол 2018 оноос 2 их наяадыг давж, энэхүү түүхэн амжилтаа жил бүр ахиулсаар байна.  Өртөг, зардлыг бууруулах системтэй арга хэмжээ авч ажилласны үр дүнд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа орлого жилээс жилд нэмэгдэж байна. Улс, орон нутгийн төсөвт 2016 онд 184 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан бол 2019 онд 962 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь 5 дахин өндөр үзүүлэлт бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого бүрдүүлж, үндэсний баялаг бүтээсэн жил болсон. Манай үйлдвэрийн хамт олон  ажил үйлсээ төр, засагтаа өндрөөр үнэлүүлсэн бахдам  ололт, амжилтын жилүүд байлаа. Үйлдвэр байгуулагдсаны 40 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одон хүртэж,  Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид төрийн хос одонт хамт олон боллоо. 2019 оны ажлын үр дүнгээр Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон  Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Гранпри шагналыг  2 дахь удаагаа хүртлээ.

 “Төр муу менежер биш” гэдгийг Эрдэнэт  үйлдвэр  төрийн өмчит үйлдвэрийн газар болсон, онцгой дэглэмийн үед ажилласан үр дүнгээрээ  манай  уурхайчин хамт олон харуулж чадсан. Үүнийг би бардам хэлнэ.   

- Нэг их наяд гэдэг бол түүхэндээ гарч ирж үзээгүй тоо л доо ?

- Тийм ээ. Улсын төсөвт Эрдэнэт үйлдвэр 2019 онд төлсөн  962 тэрбум төгрөг нь 150 хүүхдийн 480 цэцэрлэг , эсвэл 600 хүүхдийн 214 сургууль барих хэмжээний мөнгө л  дөө. Ингээд бодоход Монгол улсын төсвийн орлогыг  бүрдүүлэхэд манай уурхайчин хамт олны оруулж буй хувь нэмэр өндөр л байгаа юм даа.

- Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөж байгаа учраас ийм хэмжээний ашиг орлоготой, амжилттай ажиллаж байна гэж зарим хүмүүс үздэг. Зарим нь бүр Оросын талд өгдөг байсан  ногдол ашгийг нэгтгээд одоо Төрд өгч байгаа учраас ийм өндөр татвар төлөөд байна гэж шууд хэлж байна ?

- Мэдээж борлуулж байгаа бүтээгдэхүүний үнэ зах зээлд ямар байхаас тухайн байгууллагын ашиг орлого хамааралгүй яах вэ. Гэхдээ ашиг орлогод нөлөөлдөг цорын ганц хүчин зүйл энэ биш. Дэлхийн зах зээл дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ  2019 онд дунджаар 6005 ам.доллар байсан. Энэ  үнээр  борлуулалт хийж,   Эрдэнэт үйлдвэрийн 40-өөд жилийн түүхэнд хамгийн өндөр үр дүн гаргасныг дээр  би дурдсан.  2020 онд  улсын төсөвт зэсийн үнийг 5991 ам.доллараар тусгасан.  Дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын улмаас дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай зарим түүхий эдийн үнэ огцом унасан цаг үе тохиож байна. Энэ оны нэгдүгээр улиралд зэсийн үнэ төлөвлөснөөс 1300 гаруй ам.доллараар буурч,  4600 ам. доллар хүртэл унасан тохиолдол ч бий. Эхний хагас жилийн дундаж нь  төлөвлөсөн үнээс 500 гаруй доллараар бага байсан. Харин 2020 оны 11 дүгээр сарын 18-наас овоо өсөж, 7000 гараад байна. Тийм болохоор жилийн эцсийн дүнгээр төлөвлөсөн үнээ барих байх гэж тооцож байгаа. Энэ нөхцөлд бид төлөвлөсөн зорилтдоо хүрч ажиллах гэж чармайж байна.  2016 онд Эрдэнэт үйлдвэр алдагдалтай ажилласан учраас ногдол ашиг хуваарилагдаагүй  тул  2017 онд ногдол ашгийн төлбөр хийгдээгүй юм. 2018 онд нийт 68,7 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилагдсан. Үүнээс 35 тэрбум нь Монгол Улсын төрд,  33,7 тэрбум нь  “Монголын зэс” корпорацад ногдсон. Харин 2019 онд 100 хувь Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор Монгол Улсын төрд 150 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлсэн.  Энэ нь 2018 онд төлсөн нийт ногдол ашгаас 2,2 дахин өндөр дүн юм. 2020 онд 155 тэрбум төгрөгийн ногдол ашиг төлчхөөд явж байна. Ирэх 2021 онд ногдол ашгийг 200 тэрбум байхаар төлөвлөөд байгаа.  Тэхээр 49 хувьд очих ёстой ногдол ашиг Эрдэнэт үйлдвэрт үлдчихээд татварын орлого нь нэмэгдээд байгаа мэтээр ярих нь үндэслэлгүй хардалт юм.

Юуных нь алтан ширээ байх вэ дээ. Манай зочид буудалд авсан 4  хөлийг нь боронзодсон ширээ...

- Одоо би танаас ярилцлага эхлэхийн өмнө нэгэнт асуучихсан болохоор олон нийтийн зүгээс хүлээж буй ганц нэг зүйлийн тухай асууя. Үнэндээ зарим нь бол жаахан санаа зовмоор юм байсан л даа. Та үнэхээр 52 сая төгрөгийн үнэтэй сандал дээр суугаад, 20 сая төгрөгийн унадаг дугуй унаад байгаа юм уу. Уучлаарай, бас тэр мөнгөн түмпэн гэх мэт худалдан авалтыг хийчихдэг хүн үү?

- Зарчмын байр сууринаас хариу өгье. Манай үйлдвэр бол Шилэн дансны хөтлөлтөд 100 хувь шилжсэн, төрийн өмчит үйлдвэрүүдийг энэ талаараа манлайлан ажиллаж байгаа. Шуугиан болгоод байгаа асуудлууд бол манай үйлдвэрийн шилэн дансанд тавигдсан, нуусан хаасан зүйлгүй ил тод байгаа мэдээлэл. Харин шилэн дансны хөтлөлт хариуцдаг болон хяналт тавих үүрэгтэй ажилтны хайнга байдлаас шалтгаалж, бусдад буруугаар “олзлогдсон” тал  бий.  Таны асуусан сандал нь  Эрдэнэт үйлдвэрийн Эмнэлэг сувиллын цогцолборын эмчилгээ, үйлчилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын хүрээнд сонгон шалгаруулалтаар  худалдан авсан, одоо тус сувиллын  физик эмчилгээний кабинетад ашиглагдаж байгаа эмчилгээний зориулалттай дөрвөн сандал юм билээ.

Мөнгөн аяганы асуудлыг өөрөө хөндөж байна. Үйлдвэрийнхээ хөгжилд жинтэй хувьд нэмэр оруулсан уурхайчид, ажилтан, ажилчдаасаа  жил  бүр 30 гаруй хүнийг  “Оны хөдөлмөрийн аварга”-аар тодруулж, үндэсний уламжлалаа дээдлэн мөнгөн аягаар шагнаж урамшуулдаг. Энэ шагналдаа зориулж л мөнгөн аяга авсан хэрэг.

20 сая төгрөгийн унадаг дугуй чинь нэг дугуй биш л дээ. Спорт цогцолбортоо авсан 16 ширхэг дугуй байгаа юм. Спорт цогцолборт Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд төдийгүй Орхон аймгийн иргэд нийтийн биеийн тамир, спортоор хичээллэдэг юм шүү дээ.

Ер нь  бүтцийн нэгж, цехүүдийн саналыг үндэслэж, тухайн жилийн бизнес төлөвлөгөөндөө тусгаж, батлагдсан төсөв, төлөвлөгөөний хүрээнд гүйцэтгэл нь хийгддэг, худалдан авалтаа сонгон шалгаруулалтаар явуулдаг, дураараа дургилт харин ч байхгүй шүү. Түүнээс биш ерөнхий захирал үнэтэй массажны сандалд суугаад, 20 саяын дугуй унаад, өөртөө зориулж мөнгөн аяга “түмпэн сав” аваад байгаа юм огт байхгүй шүү. (инээв)

- Би ч гэсэн ийм юм асуугаад байх жаахан тиймхэн байна. Гэхдээ нэг уулзсаных лавламаар байна. Бас нэг алтан ширээний тухай яриа явсан. Энэ үнэн юм уу ? 

- Юуных нь алтан ширээ байх вэ дээ. Манай зочид буудалд авсан 4  хөлийг нь боронзодсон  ширээ юм  шиг билээ.

Мөнгөн аяганы асуудлыг өөрөө хөндөж байна. Үйлдвэрийнхээ хөгжилд жинтэй хувьд нэмэр оруулсан уурхайчид, ажилтан, ажилчдаасаа  жил  бүр 30 гаруй хүнийг  “Оны хөдөлмөрийн аварга”-аар тодруулж, үндэсний уламжлалаа дээдлэн мөнгөн аягаар шагнаж урамшуулдаг. Энэ шагналдаа зориулж л мөнгөн аяга авсан хэрэг.

20 сая төгрөгийн унадаг дугуй чинь нэг дугуй биш л дээ. Спорт цогцолбортоо авсан 16 ширхэг дугуй байгаа юм. Спорт цогцолборт Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд төдийгүй Орхон аймгийн иргэд нийтийн биеийн тамир, спортоор хичээллэдэг юм шүү дээ.


-Олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой зохион байгуулалтай “юм” явуулчихлаа гэж зарим нь бас харж байх шиг байна. Зарим нь бол “...арай ч дээ, ийм юм байх боломжтой юм уу” гэж гайхширсан байдалтай хүлээж авсан байх?

- Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэр ч гэлээ дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг, ашгийн төлөө, орлогоороо зарлагаа нөхдөг, бизнесийн байгууллага шүү дээ.  Уул уурхайн олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулж, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Харин төрдөө ногдол ашиг төлдөг, төвлөрүүлсэн орлогоосоо улс, орон нутгийн төсөвт татвар, хураамжаа  хуулийн  хугацаанд  төлдөг  байгууллага юм шүү. 

2019 онд л гэхэд улс, орон нутгийн төсөвт  962 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байх жишээтэй. Энэ мөнгөөр ямар бүтээн байгуулалт хийж болохыг би дээр дурдсан даа. Эрдэнэт үйлдвэр нь жил бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан төсөв, төлөвлөгөөний дагуу зардал, хөрөнгө оруулалтаа шийддэг, төрийн эрх бүхий байгууллагуудын хяналт дор ажилладаг юм шүү дээ.  Дур зорго гэж ойлголт тэгэхээр байхгүй. Энэ уг нь маш ойлгомжтой л зүйл баймаар юм. Би таны ярилцлагад орохын өмнө Монгол HD телевизийн Хар хайрцаг ток шоунд орохдоо нэг бүрчлэн тэр сошиалаар явуулсан зүйлсэд хариу өгсөн.

- Тийм ээ, би үзсэн. Тийм болоод ч дахин давтаж сунжрах хүсэл алга. Дээр үед 10 тонн вандуй, таван сая төгрөгийн бэлгэвч  шахчихсан байна гэх үлгэр домог шиг сонин ярианууд их явдаг байсан. Энэ ер нь үнэн юм уу ?

- Би мэдэхгүй юмаа ярьдаггүй . Миний мэдэж байгаа юм бол манай худалдан авалт нэг цонхны бодлогоор, тендерээр, тэр тусмаа цахимаар явагддаг болсон.  Энэ нь  зарим  хүний дургүйг  хүргээ биз. Олны хэлдэгчлэн, өмнө нь Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж байсан зарим нөхдийн эрх ашиг хөндөгдөөд ирэхээр иймэрхүү асуудал зориуд босгож, биднийг элдвээр оролдож байгааг үгүйсгэх аргагүй. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг бид хуулийн дагуу шилэн болгосон. Миний хувьд уурхайчид, хамт олонтойгоо баг болж, Эрдэнэт үйлдвэрийн урт хугацааны тогтвортой хөгжлийн Үндсэн чиглэлээ баримталж, зөв, шударга ажиллахыг хичээн зүтгэж байна.  2020 он бол дэлхий нийтийг цочроосон коронавирусний цар тахал дэгдсэн амаргүй жил болж байна. Энэ цаг үед үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангаж, өндөр үр дүнтэй ажиллаж байгаа нь зарим хувийн болон улс төрийн ашиг хонжоо харсан хэсэг бүлэг этгээдүүдийн дургүйг хүргэж байгаа бололтой. Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, тэр тусмаа улсын төсөв, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ таслах эрх бидэнд  байхгүй гэдгийг хатуу хэлье. Эрдэнэт үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд явж байгаа гэдгийг би дахин хариуцлагатайгаар хэлье.

- Коронавирусний цар тахлын үед үйлдвэр зогсолтгүй сайн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр шиг олон хүнтэй, өнөр бүлийн хувьд бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед зохион байгуулалтад ороход бас амаргүй биз дээ ?

- Орхон аймагт халдварын голомт гарсны дараа хэн хүнгүй цочирдож, балмагдсан, тиймээс  үйлдвэрийн захиргаа шуурхай арга хэмжээ авч, халдварын тандалтын түргэвчилсэн шинжилгээнд 7663 хүн, түүвэрчилсэн аргаар PCR шинжилгээнд 700-аад хүнийг богино хугацаанд хамруулсан нь ажилчдыг сэтгэл амгалан, айх аюулгүй, ажилдаа итгэлтэй, зүтгэлтэй хандах эерэг уур амьсгал бүрдүүлсэн.

Коронавирусний цар тахлын  улмаас үйлдвэрлэл, үйлчилгээ буурч, эдийн засаг агшиж байгаа энэ хүнд цаг үед нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулах зорилгоор  эрсдэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан баталж, штабын зохион байгуулалт хийж,  шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилчдынхаа цалинг 2020 онд 10 хувиар нэмэгдүүлсэн.  Цар тахлын энэ хүнд үед манай уурхайчин хамт олон зорилго, чиглэл нэгтэйгээр, эв нэгдлээ урьд урьдаас илүү ханган, сахилга дэг журмыг чанд баримталж, үүсээд байгаа нөхцөл байдалд тайван, мэдрэмжтэй, ухаалгаар хандаж, нэгдсэн зохион байгуулалтай  ажиллаж чадаж байна.  Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон бид өнөөдрийнхөө амжилт, үр дүнгээр ирээдүйнхээ хөгжлийн баталгааг бий болгож байгаа юм.  Монголчууд бид “Эзэн хичээвэл заяа түшнэ” гэдэг дээ.

Ерөнхий сайд мэдэгдэл хийхээс өмнө амжиж хэдхэн минут ярьсан бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Тухтай, тодорхой цаг зарцуулж ярилцах боломж дараа гарах биз ээ. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав