Ажил хийхгүй бол амьдарч чадахгүй юм байна гэдгээ бид одоо л ухаарч байх шиг санагдана. Ямар сайндаа л эрх баригчид маань оройтсон ч гэсэн Бизнесийн эрх чөлөөний хууль гэгчийг яаралтай горимоор УИХ руу оруулж байх вэ дээ. Энэ хуулийн агуулга шууд утгаар бизнесийг дэмжих. Иргэд хэдийгээр нарийн ширийнтэй нь сайтар танилцаж амжаагүй ч цагаа олсон хууль хэмээн дэмжиж байх шиг байна. Аргаа барсан, итгэл найдвар нь нуран унаж, тартагтаа тулж ирсэн болохоор тэгэхээс ч яах билээ.
Үнэндээ ажил хийхгүй л бол амьдрал тэг зогсолт руу орчих гээд байна шүү дээ. Одоо бидэнд ажиллацгаахаас өөр зам байхгүй. Ажил хийцгээе.
Энэ бол нийгмийнхээ сэтгэлийн галыг сэргээх гэсэн хуучин цагийн уриа лозун төдий үг биш юм. Хамгийн энгийнээр хэлэхэд хүн бүр юм хийж мөнгө олох бололцоо, амь амьдралаа авч явах тухай яриа юм. Үнэндээ гоё сайхнаар томъёолон хээнцэрлэж суух цаг бидэнд алга.
Үнэн хэрэгтээ Монгол Улсыг 100 гаруй жил жолоодсон МАН ард иргэдээ ажилтай орлоготой байлгахын төлөө ямар ч том хэмжээний бодлого хэрэгжүүлсэнгүй. Сүүлийн 30 жил бид үүнийг ясандаа тултал харлаа. Тэд ард түмэндээ ажил гэдэг сэдэв биш, улс төр гэдэг сэдэв л өгсөн. Өөрсдөө ч улс төр л хийв. Тэд ээлж халаагүй засаглан туйлдуулж, бэлэн болсон бизнесийн үр дүнг хулгай луйвраар булаах, буулгах, зогсоох, дарамтлах жишгийг л тогтоолоо.
Үүний шинэхэн жишээ нь “Ачит эх” компанид тохиолдож буй өнөөдрийн явдал юм. 100 тэрбумыг шантаажилж авахаар шийдвэр гаргаж байх шиг байна. Хэдийгээр ийм моральтай улс төрийн хүчин ч гэлээ намынх нь шинэ үеийн төлөөллүүд нь бизнес гэж эрхбиш ярьдаг болжээ. Учир нь тэд өөрсдөө шинэ нийгмийг босголцсон, шинэ үеийн баячуудын хүүхдүүд.
Ер нь бол ажил хийх гэж яваа хүнийг элдэв зөвшөөрөл, татвар, хүнд суртлаар дарамталж, төрийн байгууллага, яам тамгын газраар туйлдтал нь шогшуулж, бичиг цаас үйлдвэрлүүлэн цөхрөөж байгаад авлига авч байж асуудлыг нь шийддэг соёлыг эд нар маань гүн бат суулгачихсан юм. Энэ хатуу хөрсөө хуулж чадвал өнөөдрийн гаргаж байгаа хуулийнх нь ашиг тус тэр болно.
Ядаж хаяа дэрлэн оршиж буй дэлхийн хамгийн том зах зээлээс бид суралцаж чадахгүй л дотроо алалдаад сууж байна. Тэнд яг л манай МАН шиг коммунист угшилтай нам нь төр барьдаг. Гэвч тэд бизнесээ баглаж хүлээгүй. Дэлхийн тавцан дээр илүү олон том тоглогчдоо гаргаж ирэхийн төлөө бодлогоор дэмжиж ажилладаг. Харин бид эсрэгээрээ.
Хувийн хэвшлийг урьж мөнгөөр нь бүтээн байгуулалт хийлгэчихээд төлбөрөө өгдөггүй. Хэвлэл мэдээлэлтэйгээ нийлж нэр хүндийг нь харлуулах ажиллагаа явуулж, намынхаа дотоод улс төрд хутган гөрдөж үндэсний компаниудынхаа ууцыг хугалах бодлого л явуулдаг. Яг энэ хонгилоор угзчуулж байгаа компанийн нэг “Смарт Эко Транс” юм. Эд бол бүх юм хаагдсан харанхуй цар тахлын үед Autonomous Container Transport буюу жолоочгүй чингэлгийн тээврийн системийг нэвтрүүлсэн хамт олон юм. Энэ ямар учиртай ажил юм гэхээр энгийн үгээр тайлбарлахад логистик, нийлүүлэлтийн гинжин хэлхээг үр ашигтай болгож, хүний оролцоогүйгээр чингэлгийг ачиж, буулган, тээвэрлэх дэвшилтэт систем юм. Үнэхээр том ажил. Тус компанийн Гашуунсухайт боомтод хэрэгжүүлсэн энэхүү төслийг Монгол улсын тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу л хэрэгжүүлсэн байдаг.
Тухайн үед дэлхий нийтээрээ бид коронавирусын халдварт цар тахалд нэрвэгдэж, манай улсын хувьд ч нийгэм, эдийн засаг хямарч, ААН, иргэдийн орлого хаагдаж, халдвар хамгааллын онцгой дэглэмийн хүнд үед гацаж байснаа одоо бид бүгдээрээ мартсан. Ийм онцгой үед өдөр шөнөгүй ажиллан, 12 сарын хугацаанд амжилттай бүтээн байгуулан ашиглалтад оруулсан энэ хамт олон уг нь өнөөдөр шагнуулж байх ёстой юм. Гэвч манай эрх баригчид урмыг нь хуу хугалах ажил л хийлээ. Үнэхээр гунигтай. Монгол залуучууд руугаа ийм чулуу шиддэггүй улс орон баймаар байна. Ийм болохоор бид урагш алхаж чадахгүй байгаа юм.
Бүгдээрээ ажил хийдэг улс болъё. Улсаараа бужигнасан, ажил хөдөлмөр эрхэлж гүйлдсэн орон болох хэрэгтэй байна. Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт “Бидний гаргаж байгаа энэхүү Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм” гэж мэдэгдсэн. Чөдөртэй байлгаснаа хүлээн зөвшөөрч буй хэрэг. Одоо та нарыг чөлөөлье дөө гэж арай гэж Төр дугарч байгаа явдал гэж бид хүлээж авч байна.
Юутай ч “Чөлөөлье” бодлого, "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн дагуу Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хуулинд юу юуг чухалчлан заав.
-Бизнесийн эрх чөлөөг хангах зарчмыг баталгаажуулах;
-Төрийн оролцоог багасгаж, бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулах;
-Төрийн байгууллагуудын үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг жагсааж, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрхийг хамгаалах зохицуулалтуудыг тус тус тусгажээ. Мөн, хөрөнгө оруулагчийн шийдвэрлэгдэхгүй байгаа гомдлуудыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлдэг байх, “Цахим бизнес эрхлэгч”-ийг хуулиар зөвшөөрөх, Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо жилд хоёроос ихгүй байхыг тусгасан байна. Энэ хуулийн төслийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон нийт 105 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.
Нэг сонирхолтой юм гарч ирсэн нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангаа идээд цөлмөчихсөн гээд байсан “Бор тээг”-ийн ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулах юм яриад уналаа. Үүнийг нь сонссон ажиглагчид “Энэ ямар гээчийн тохуу вэ. Тэгэхээр эхлээ ч үгүй яваа төсөл болж таарав уу” хэмээн гайхацгааж байна. Юутай ч эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын мэдэгдэж буйгаар бол “Бор тээг”-ордод “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулах болж байгаа юм байна. Тэгэхээр тэдний нэг нэгэндээ тээг болгож тоглосон тэр төсөл одоо л жинхэнээсээ эхэлж мэдэх нь. Гэхдээ ерөнхий сайдын өөр нэг мэдэгдэл мөн шинэхэнээрээ байгаа шүү дээ. Тэр бол “ Одоо ямар ч том төсөл мөсөл гэж ярихгүй, тийм боломж ч байхгүй “ гэсэн мэдэгдэл юм. Эрх баригчдын ийм сарнимтгай, барьцгүй байр сууриудаас болоод ойрын хоёр жилд дорвитой өөрчлөлт гарна гэдэгт дотооддоо нийгэм маань ч, гадагшаа хөрөнгө оруулагчид ч итгэхгүй байгаа юм. Итгээч, ирээч гэж даллах нүүр бидэнд бий билүү.
Ийм нөхцөлд бүгдээрээ ажил хийж, юм бүтээж, бужигнаж амьдрахын төлөө хичээх нь улс орныг босгож ирэх хамгийн зөв бөгөөд эрүүл зам юм. Ер нь бид нэг юманд итгэх ёстой. Төр, нам хоёр өөрөө баялаг бүтээдэггүй гэдэгт. Харин иргэд нь бичил бизнесээс эхлэн хөдөлмөрлөж байж улс орон жинхэнэ утгаараа хөгждөг гэдэгт л итгэх хэрэгтэй юм. Хятад улс коммунист дэглэмтэй ч Дэн Сяопины шинэчлэлээр "Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, хулгана барьдаг л бол сайн муур" гэх зарчмыг барьж, хувийн хэвшил, зах зээлээ чөлөөтэй тавьснаар өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нь үнэн түүх юм.
Улс төрийн хүчнүүд, тэр дундаа МАН-ын зүгээс бизнесийг дэмжих тухай ярьж, хууль өргөн барьж байгаа нь цагаа олсон үйлдэл мэт боловч иргэдийн хүлээлт, бодит амьдрал дээр энэ хууль цаас биш ажил болно гэхэд итгэх итгэл бидэнд алга.
Төрөөс зөвхөн танил тал, дарга нарт олгодог сангуудын зээлийг зогсоож, жинхэнэ баялаг бүтээх гэж буй иргэдэд хүрдэг барьцаагүй, бага хүүтэй бичил зээлийн тогтолцоог нээх хэрэгтэй байна.
Эцэст нь ахин хэлэхэд улсаараа бужигнаж, хүн бүр хөдөлмөрлөж, бие биедээ үйлчилгээ үзүүлж мөнгө олдог тийм амьд эдийн засгийг бүтээхэд хууль гэхээсээ илүү "Төр хувийн хэвшлийн ажлаас савраа татах" нь хамгийн том дэмжлэг болно. Бэлэн мөнгөний амлалт, халамжаар унтсан 30 жилийн нойрноосоо бид арай гэж сэрж байна. Авлигын индексээр Монгол Улс 180 орноос 114 дүгээрт жагсаж байгаа ийм эмзэг хөрсөн дээр сэрж байна.
Монгол Улсад тендер гэдэг үг авлига, хээл хахууль, чанаргүй барилга, цавчих гэдэг ойлголтуудтай бараг ижил утгатай шахам сонсогддог болчихсон тийм бохир хөрсөн дээр сэрж байна.








