Улаанбаатар, Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийг шинэчлэх түүхэн гэрээнүүдэд ирэх долоо хоногт гарын үсэг зурна.
Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ) ТӨХХК ирэх зургадугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар болон Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд албан ёсоор гарын үсэг зурахаар товложээ. Гарын үсэг зурахад, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Корин Перейра болон ИНҮТ ТӨХХК, Худалдаа хөгжлийн банк, Францын "Bpifrance" банк болон "Thales" компанийн төлөөллүүд оролцох юм байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд дараах стратегийн чухал баримт бичгүүдийг үзэглэхээр бэлтгэл хангаад байна. Үүнд:
- ИНҮТ ТӨХХК болон Худалдаа хөгжлийн банк хооронд “Зээлийн эрх нээх гэрээ”,
- Худалдаа хөгжлийн банк болон Францын "Bpifrance" банк хооронд “Санхүүжилтийн гэрээ”,
- ИНҮТ ТӨХХК болон "Thales" компани хооронд “Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний хугацаа сунгах баримт бичиг” тус тус багтаж байна.
Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын төрийн өмчит компани анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр, Францын төрийн хөрөнгө оруулалтын "Bpifrance" банк болон дотоодын санхүүгийн салбарын тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банктай хамтран босгож буй экспортын зээл гэдгээрээ онцлог юм. Энэ нь манай төрийн өмчит байгууллагуудын санхүүгийн чадавх, олон улсын итгэлцэл шинэ түвшинд хүрснийг илтгэх тод жишээ болж байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уг үйл явдлын ач холбогдлын талаар хэлэхдээ, "Ирэх долоо хоногт зурагдах энэхүү гэрээгээр бид 30 гаруй жилийн өмнө олон улсын өмнө хүлээсэн үүргээ бодит агуулгаар хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ нь зөвхөн нэг төслийн санхүүжилтийг шийдэж буй хэрэг бус, харин Монгол Улсын иргэний нисэхийн салбарын дараагийн хөгжлийн суурийг тавьж буй стратегийн ач холбогдолтой алхам юм" гэв.
Шинэчлэгдэх систем, тоног төхөөрөмжийг агаарын хөдөлгөөний удирдлагын технологиор дэлхийд тэргүүлэгч Францын "Thales" компани нийлүүлэх бөгөөд уг шинэчлэл нь манай улсын агаарын зайн аюулгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангах суурь болно гэж үзэж байна.
Санхүүгийн дахин хуваарилалт ба салбарын ирээдүйн талаар нэмж сонирхуулахад, энэ оноос эхлэн агаарын навигацийн хураамжийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг 50 хувиар бууруулах шийдвэр гарсан нь салбарын тулгамдсан төсөл, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх таатай боломжийг нээсэн юм. Монгол Улс 1989 онд Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцид нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын гишүүн болсон цагаас хойш уг орлогоо олон улсын жишгийн дагуу салбартаа ийнхүү анх удаа дахин санхүүжилт болгон зориулж эхлээд байна.
Цаашид ИНҮТ ТӨХХК нь
- Агаарын навигацийн орлогыг иргэний нисэхийн салбарт бүрэн зориулах,
- ИКАО-ийн аюулгүй байдлын шалгалтын зөвлөмжийг хэрэгжүүлэх,
- Нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч зэрэг нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлыг тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар манай үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК нь нийт 10 агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулж байгаагаас есийг нь түрээсээр ашиглаж байна. Түрээсийн төлбөр өндөр байгаа нь компанид санхүүгийн хүндрэл учруулахын зэрэгцээ үр ашиггүй байдлыг бий болгож байгаа тул цаашид агаарын хөлгийн парк шинэчлэлийн санхүүжилтийг шийдвэрлэх, орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын стандартад нийцүүлэн өргөтгөх асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг албаныхан тодотгож байна.
Монгол Улс өнгөрсөн онд иргэний нисэхийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд өдгөө дэлхийн 51 улстай Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээртэй болоод байна. Өнгөрөгч 2025 онд агаарын тээврээр 2.4 сая зорчигч үйлчлүүлж, түүхэн дээд амжилт тогтоосон нь ирэх жилүүдэд ч салбарын тогтвортой өсөлт үргэлжлэх хүлээлтийг үүсгээд байна.








