Өнгөрсөн долоо хоногийн хам­гийн сонин үйл явдал Мон­голын шашны оройд гэнэт гад­нын хүн заларсан явдал бай­лаа.

Үнэн  хэрэгтээ эрх мэд­лийн гадна шидэгдсэн зарим улс­­төрч уурсан нэгдэж, тө­рийн ха­шааны гаднаас  шороо цац­лан, чулуу нүүлгэснээс үүд­­сэн хэрүүл хараалын их ма­нан дэгдэж, дотроос ч за­рим ги­шүүн нь хамтарсан зас­гийн тэр­гүүнийг огцруулах бичиг ба­рин гүйж олны ан­хаа­рал улс тө­рийн байшин­гийн зүг шилж­сэн  сиймхий­гээр энэ­­хүү ха­чир­­халтай алхам хийг­­дэж ор­хив. 

IX Богд Жавзандамба хутагт буюу Жамбалнам­дол­чойжижанцан гэх орооцолдсон урт нэртэй нэгэн төвд өвгөнийг  Монголын бурхан шашинт­ны тэр­гүүнээр өргөмжилсөн эл явдал манайхныг төр, шаш­ныхаа аль алинд үймээн са­муун­тай байх таагүй цагтай давхацсаныг юун түрүүн онцолмоор. Яав ч жирийн явдал биш болохоор цаг хуга­цааных нь хувьд харж “хий­сэн”, дотооддоо дажинтай ца­гийг далим болгож хаа нэг­тэй­гээс анаж байгаад “явуулсан”  бодлого гэж хардмаар.

Ажигч гярхай зарим нь энэ явдлыг эгдүүцэн харсан ч төдий­лөн тодоор байр сууриа илэрхийлээгүй байна. Мон­го­лын их тал нутагт эрхбиш энэ  мэдээ чангаар түгсэн ч  али­ваад тийм ч амар чихээ сор­тойлгодоггүй амар амгалан манай нөхөд  Д.Чойжамц хам­быгаа өнөө маргаашгүй бол­чих­сон өвгөн төвдийн туслах болон хувирсныг ажраа нь үгүй тууж яваа болов уу. Төв суурин газрынхны зарим нь ч “Чухам юу болоод өнгөрөв өө” гэсэн алмай байдалтай хэдэн өдрийг өнгөрөөж байхад талд тааваараа тархан сууж байгаа тэд тийм ч амар цээжиндээ наалдуулж огших болоогүй байгаа л даа. Ийм л хэнэггүй улсад хийг нь тааруулж  “хий­дүүлсэн” явдал болчих­лоо. Энд  Жамбалнам­долчой­жи­жан­­­цан хувилгааны хувь хүн нь хэн байх хамаагүй. Эрүүл мэнд, нас зүс талаасаа хич­нээн хөөрхийлөлтэй, хөгтэй харагдаж байгаа нь ч хамаа­гүй. Энэ асуудал өөрөө чинхүү цэвэр ариун шашны явдал суудал биш нь л гол зүйл юм.

Үнэн хэрэгтээ энэ эл хуль, эзэнгүй айлд болж буй мэт дураараа дургисан үйлдэл Монголд төр байна уу, үгүй юү гэсэн хурцхан асуултыг тави­хад хүргэж байна. Яагаад гэвэл энэ нь Монголын улс төрийн асуу­далд шууд хамаа­рах ёстой зүйл юм. Ийм зүй­лийг Монголын төрийн өлмий дээр нь гишгэж байгаад хийсэн нь хар, харамсал хоёрыг да­гуу­лахаас өөр аргагүй. 

Хэдийгээр хуулиар төр, ша­шин хоёр салгуу байна гэж зүйл­чилсэн ч заавал төр оролцох ёстой үе гэж байна. Учир нь төр анхнаасаа IX Богдын асуудалд буруу эргүүлэгтэйгээр оролц­чих­сон учраас энэ зам эл хүр­тэл ээдэрчихсэн. 

Анхнаасаа энэ хүн Монгол төрийн оролцоотойгоор Монгол нутагт хөл тавьсан. Тухайн үед төр гайхаж ширвээтсэн олон түмний амыг “Энэ явдалд төр хамаагүй ээ, шашныхан өөрс­дийн ажлаа л хийж байна” гэх маягаар хайнгадуулан хааж байсан түүхтэй. Тийм учраас саяын энэ явдалд төр оролцох л ёстой байсан. Гэвч хараагүй царайлах үүргийг энэ цагийн төрийн тэргүүн маань хүлээчих шиг бололтой. Н.Багабандийн үед манайд хулгай зэлгийн замаар хальт хөл тавьж чадсан харийн угшилтай холын Богдод хаа очиж Н.Энхбаяр өөрийн он жилүүддээ хариг хандан зааг зааж байсан гэдгийг хожмын өдөр түүх гэрчилнэ.

Эдүгээн дипломат албанд  тухайн үед “Энэ болохгүй ээ” гэсэн өндөр дуу хоолойг гарган хориг тавьж чадаж байсан эх ор­ноо гэсэн хахь чанга бодло­готой Ц.Гомбосүрэн шиг төрийн зүт­гэлтэн алга болжээ. Тэдний зү­гээс харж анзаарах юм юу ч үгүй болсон байна. Нэг ёсондоо бүх юм эзэнгүй болжээ. Төрийн ерөн­­­хий галбир давжаарсан уч­раас ийм сонин болгоомжгүй, бо­дол­гүй алхмууд хийгдэж бай­на хэмээн учир мэдэх улсын уурсч байгааг буруутгах арга алга.

Засгийн газрын бүх санаа эдийн засгийн реформ дээр төв­лөрч байх зуур, шашин зэр­гийн явдал суудлын нарийн ширий­нийг ухаж мэдэхгүй хэдэн залуу саа­рал ордонд гангамсаж байх хоо­ронд, шинэ Ерөнхийлөгчийн ар өвөргүй зарласан ардчилсан имижээр гул барин хуйвалдаж ийн­хүү гудиггүй аашиллаа. Нүд нь аниатай нэг төвд өвгөн нүдийг минь аниулж байгаад шашны маань оройд ийнхүү залардаг бай­­жээ. Одоо тэгээд яалтай билээ. 

Тунамал дүртэй Бог­дыгоо
Туулай жилдээ зална даа...
гээд л дуулаад мөргөөд байх уу... Бид бусдын аравнайл­сан, бусдын илгээсэн Богдын өлмийг хэдэн үеэрээ үнсэх ёстой юм бэ. Одоо бүр улайм цайм хятад шаахай хөлдөө жий­сэн, тэргэнцэртэй Богд гуай тэндээс “томилогдож” басам­жилж байна.  

Богд хэмээх хэргэмтнийг эрт дээр үеэс Манжийн хаан, Далай лам хоёр баталгаа­жуул­даг байсан түүхтэй. Тодроод бай­гаа юм шиг харагддаг Бог­доос маань улс төрийн бодло­гот­­нуу­дын хавсарсан мутраар л ба­талгааждаг байсан нь  төвөггүй харагддаг. Тийм болохоор нь би тэндээс, холоос, хариас гэх үг­сийг харамгүй хавсаргаж, хараал ерөөлийг ч бодолцолгүйгээр аймшиггүй хэлж байгаа юм.

Монголтой байнга  ноцолдож байсан ч дарж чадахгүй байсан манж нар хожим нь Нурхач хэ­мээх баатар хөвүүнийхээ ачаар Хянганы уулсын монгол­чуудыг эзэлж Манжийн их гүрнийхээ буурийг тавьж байсан түүхтэй юм билээ. Нурхачийн тоглолтын гол бодлого цаг үргэлж хоорон­доо үзэлцэн эвдрэлцэж байдаг монголчуудыг захаас нь аяар­хан түүж өөртөө элсүүлэх бод­лого байсныг түүхчид онцолдог. Энэ бодлого нь тэлсээр Нур­хачийн орыг залгамжилсан хүү Абахайн үед Манж улам бүр нэгдэн томорч, Монгол өдрөөс өдөрт сарнин жижгэрсэн байдаг. Тэгсэн ч Монгол их юмны суурь учраас оршсоор л байсан.

Манжууд манай урд хэсгийг хямдхан эзэлсэн ч төв Халхыг эзлэхийн тулд хагас зуун жил, Ойрадыг эзлэхийн тулд зуун жилээ өргөж байсан. Тэднийг ингэтэл эцээж, ингэтэл ихэмсэг тэргүүнээ өргөөстэй байлгаж чадаж байсан өвөг дээдсийнхээ  домогт түүхийг өнөөдөр бид мартжээ. Тэдний 150 жилийн дайрлагад тал талаасаа хэмх­чүүлсэн ийм Монголыг эзлэхэд л цэрэг зэвсгээс илүү Төвдийн шашин гол мэх болсон гашуун түүхийг өнөөгийн бид таг умарт­жээ.  Бид түүхээ хүндэтгэх зүрх­ний цохилтгүй  болжээ, хөөрхий. Монголыг эзлэхэд түшиц болон түрж өгсөн хамгийн том юм нь Төвдийн шашин байсан гэдгийг хоолойдоо торуулан торуулан санах ой харин ийнхүү устан үгүй болжээ.

“Төвдийн шашин гэдэг бол Төвдийн түүх  юм”  гэж үргэлж нэгийг хэлж, нөгөөг санааны угт сэрээж байдаг Баабар зүгээр нэг хэлээгүй байх. Өнөө хүртэл яс заан тогтнож буй Төвдийн хүчил­төрөгч нь ердөө шашин нь шүү дээ. Гэтэл энэ шашин нь оюун са­нааны галбираа олох гэж үйлээ үзсэн урт замыг туулсан байдаг. Арай гэж шашны домогт шинэчлэгч Зонхов  төрж байж гол  төрхөө олсон ч хүчирхэгжиж өгөхгүй зовоосон. Энэ үед III далай лам Содномжамц нь анх монголчуудад хандан арга саам хайж байсан юм билээ. Хойд дүрээр тодруулдаг болсноос хойшхи гуравдугаар далай лам шүү дээ. Энэхүү хойд дүр тод­руулдаг ёс бүр эрт дээр үед Төв­дөд байсныг түүхчид тэмдэг­лэжээ. Шууд утгаараа Төвдийн ёсон гэсэн үг. Энэ эрт балрын ёс эдүгээ манайд хавтгай хэ­вээрээ. Ямар нэгэн хутагт ху­вил­­гаадын сүнс ямар нэгэн дөрөв, таван настай хүүхдэд шингэснийг нээснээр л тэдний бодлого үргэлжилдэг.

Анх тийнхүү дэм хүсэн мон­голчуудад хандаж байсан гут­гаар далай лам, төвд Содном­жамц монголчуудтай үүрд зуу­ралдах шарын шашны улбаагаа сийлж орхиод оджээ. Одохдоо зүгээр ч нэг одоогүй. “Би Мон­голд дахин төрнө” гээд айлд­чихсан. Бодлого ингээд явахаас өөр гарцгүй болжээ. Мэдээж гэрээслэл ёсоор Монголд түү­ний хойд дүр ахин төрсөн. Энэ хүнийг Монголын анхны Далай лам гэдэг. Хөөрхий тэр дөрөв­дүгээр Далай лам Ёндонжам­цыг Төвдөд аваачин хамаг хүүхэд насыг нь хийдэд хорин өнгөрөө­сөн ч цэл залуугаар нь амийг нь хөнөөсөн байдаг. Энэ бол угаасаа төвдүүд монгол хүнээр шашнаа толгойлуулах хүсэлгүй байсны илрэл. Эрт дээр үеэс зэрлэг танхай монголчуудыг барих гол зэвсэг нь шашин байсны том илрэл. 

Гэсэн ч монголчуудын зүрх­ний гүнд өөрсдийн жинхэнэ үндэсний Богдыг тодруулах чин хүсэл хадгалагдсаар явсан. Үүний нэг тод илрэл  наймдугаар Богдыг бие барсны дараа өөрс­дөө хойд дүрийг нь тодруулах оролдлогыг хийж байсан нь. Угаасаа арай ядан Манжийн дарангуйллаас салж туурга тусгаар болсон  монголчуудад ийм эрүүл амбиц байхгүй байх бололцоогүй. Гэхдээ л бүтэлтэй юм болсонгүй.  Монголын сүүл­чийн хаан тэнгэр болж, манайх Бүгд Найрамдах Улс болсон явдал Богд тодруулах явцад албан ёсны утгаараа цэг тавьсан. Улмаар 1929 онд Богдыг тод­руулахгүй гэсэн шийдвэр  гарч байснаар энэхүү тавигдсан цэг баталгаажсан. Мэдээж энэ нь коминтерний нөлөөн дор гарсан шийдвэр гэдгийг хэлэх ёстой. 

Ийнхүү тасарсан учиг Төв­дөөс чичрэн хөвөрсөөр,  нааш­лан намс намс гэтэн явсаар  Монголын бурхан шашинтны тэргүүнээр IX Богд заларчихлаа.

VIII Богд 1924 онд бие бар­сан. Богдыг бие барснаас хоёр жилийн дараа дараагийн хойд дүрийг тодуулдаг ёстой. Гэтэл энэ Богд найман жилийн дараа Төвдийн Үй мужид мэндэлсэн байх юм. Сонин байгаа биз. 

IX БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ БУЮУ ЖАМБАЛНАМДОЛ-ЧОЙЖИЖАНЦАН ГЭЖ ХЭН БЭ


 

IX Богд Жавзандамба хутагт буюу Жамбалнам­долчой­жижан­цан нь 1932 онд Төвдийн Үй му­жийн Лхамданбрүл хэмээх хий­дийн хойд талд Томсигийн да­ваанд төржээ. Анх төрөхөд нь л түүнийг олон гайхамшигт шинж тэмдгийг гялбуулан төр­сөн гэж Төвдийн шашныхан өгүүл­дэг. Тэд хүүгийн чихэнд бараг ухаан мэдээ орсон цагаас нь хойш  ганцхан л юмыг шивнэ­дэг бай­жээ. Тэр нь “Та бол найм­дугаар Богдын хойд дүр шүү. Та бол халх Богд шүү” гэсэн өгүүл­бэр. Тэрийгээ үргэлж нууцаар шив­нэдэг байсан болохоор хүүгийн амьдрал нууцаар л үргэлжилсэн. Энгийн хүүхдийн маягаар да­цанд 20 нас хүртлээ нууцаар шавилж, дараа нь Төвдөд байх өөрийн хийд Жонанпунцаг­линдаа буцаж ирэн найман жил аж төрөөд, 28 насандаа Энэтхэг рүү дүрвэж гарсан. Амьдралын­хаа ихэнх цагийг Энэтхэгт ца­гаач иргэний ёсоор газар хагалж, ногоо тарьж амьдарсан хүн болохоор түүний бүх соёл нь энэтхэгжсэн.

Түүний амнаас унасан бага насных нь тухай нэгэн сонир­холтой яриа байдаг. Яг өгүүлс­нээр нь буулгая л даа. 

IX Богд: Миний бага нас Далай багшийн Потала ордны ойролцоо өнгөрсөн. Манай гэр тэнд ойрхон байсан. Гудамжны нэг талд манайх, нөгөө талд нь Төвдийн нэг түшмэл лам амь­дар­даг байлаа. Тэр үед Төвдийн төрийн албыг том лам хуврагууд нь залгуулдаг байсан юм. Тэр лам түшмэлийг ярьж байгаа минь учиртай. Арвангу­равду­гаар Далай лам тухайн үед тэр лам түшмэлийг наймдугаар Богдын сойвонгоор томилж бүх ажил хэрэгт нь тусалж бай гэж Монгол руу явуулж байсан юм билээ. Тэгээд тэр хүн Монголд цаг төр эвгүй болмогц буцаад Төвдөд ирж. Гудамжны наана цаана байсан болохоор би тэр лам түшмэлийн гэрийг сайн мэддэг байлаа. Наймдугаар Богдын сойвон байсан болохоор түүнд Богдын амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан эд зүйлс нэ­лээд их байсан биз. Нэг удаа тэр түшмэл гэрийнхээ гадаахь хэцэн дээр наймдугаар Богдын өмсч байсан нэг их гоё торгон хувцсыг тавьчихсан байхад нь би булааж зугтаж байсан юм. Тэгэхэд би гурав, дөрөв орчим настай байсан байх. Тэгэхэд л өнөө түшмэл намайг “Энэ яах аргагүй халх Богдын хойд дүр мөн байна” гэж итгэсэн гэдэг. 

Энэ яриа ухаантай хүмүүст ажиг сэжиг төрүүлж байгаа биз ээ. Наймдугаар Богд насан өн­дөр болсон хойноо бие барсан. Түүний туслахаар Төвдөөс томилогдон ирж ажиллаж байсан хүн хэдтэй ямар хүн байсан юм. Яагаад цаг эвгүйтэхээр зугтсан юм. Богдыгоо бие барахаар өөрийн нутаг руугаа оргосон хэрэг үү, бие бараагүй үед нь юм хумнаас нь аваад зугтсан явдал уу. Жирийн нэг туслах ор­гож босон Төвддөө оччихоод найм­дугаар Богдын хувцсыг хэ­цэн дээр угаагаад л, тэрийг нь гур­ван настай хүүхэд хэцнээс шууд үсэрч булаан зугтаад л, тэ­гэнгүүт мөнөөх туслах “Энэ наймдугаар Богдын хойд дүр мөн байна” гэж тунхаглаад л...Энэ шог­лоом биш гэж үү. Төвдүү­дийн найруулан тавьсан ийм л тоглоомон дундаас тодорсон жаалхүү явсаар хэзээ хойно 1991 онд анх удаа Далай ламын мутраас баталгаажуулсан там­га авсан байдаг. Энэ мөчөөс хойш мэдээж манайхан хуйлар­сан. Би хүмүүсийн сүсэг биш­рэл, ламтны эрдэм чадварыг ба­самжлах тухайд нэг ч үг уна­гах­гүй. Сурвалж, удам гарвал нь ч яамай. Гагцхүү төвдүүдийн тог­лоомон дундаас тодорсон бод­ло­гын хүн манай бурхан шашны тэргүүнээр заларсан нь хэр зөв бэ гэдгийг л сануулах гэсэн юм. 

Дилав хутагтыг нэгэнтэй Лхаст эдүгээн  IX Богдтой уул­зуулсан гэдэг. Энэ бол олон жи­лийн турш сүсэгтнүүдийн дунд амь бөхтэй явж ирсэн баримт. Дилав хутагт дараа нь ийнхүү айлдсан байх юм. “За яахав, энэ хүн мэдээж номтой сайн лам болох юм байгаа биз. Би бол багшийгаа олж харсангүй ээ” гэж. Энэ бол бас л анзаарч хадгалах үг санагддаг юм. Гэвч бид энэ байтугай юмыг анзаа­рахаа больж дээ.

Далай багш бол яах аргагүй дэлхийн Буддын шашинтнуудын оройдоо залан тахидаг амьд шүтээн мөнөөс мөн. Дэлхий дээр түүнийг сая сая хүн шүтэн дага­даг. Гэвч түүний зовлон нь Монгол биш Төвд. Төвдийнхөө асуудлыг тэглүүлчихгүйн л тө­лөө ухамсарт бүх амьдралаа зо­риулж яваа “улс төрийн зүт­гэлтэн”. Түүний түүх хайрлам бө­гөөд гайхам. Гэхдээ бид наа­дахыг биш цаадахыг бодож шаш­ныхаа асуудалд өөрийн бод­лоор хандах учиртай шүү дээ.

IX Богдын амнаас найм­дугаар Богдын Ногоон ордны тухай үг унасан байдаг. “Би Ногоон ордонд байсан байгаагүй Монголын ард түмэн сүсэгтэй, би ард түмэндээ хайр энэрэлтэй байхад л болно гэж боддог” гэсэн. Нулимстай ч бай, нууц­хан зорилготой ч бай хамаагүй. Хөнгөн хуудуу сэтгэл, улгүй шүтлэг хоёртоо автан манантаж байгаад наймдугаар Богдын Ногоон ордонд түүнийг залчих вий дээ гэж би вээр түгшин бодож байна. Ногоон ордон тэгж булингартсанаас музей чигээ­рээ байсан нь дээр шүү дээ.

Д.Чойжамц хамба өөрийн амьдралын амаргүй түүхэндээ ийнхүү нэгэн сонин алхам хийж бичээс нэмлээ. Магадгүй Ган­дантэгчинлэн хийдийн тэргүүн хамбын хувьд эзэнгүй үе тасран олон арван жил онгорхой явсан оройн дээд  орон зайг эзэнжүүлж буйгаараа эрүүл саруул үйл бү­тээснээр тэр үлдэж мэдэх л юм. Гэх­дээ аравдугаар Богдыг жин­хэнэ эх орноосоо залсан үед түү­ний эдэлж ирсэн жинхэнэ зов­лон юу байсан хийгээд Мон­го­лын бурхан шашны төлөө гаргасан ухааных нь царааг бид үнэлэх боломжтой болно шүү дээ. Бээжинг инээлгэсэн Богдын томилгооны дараахь энэ түмэн шалаатай бэрх үед түүнийг шууд­хан нэг талаас харан сай­шаах хийгээд саарлах боломж үнэндээ алга аа....

Бурхан шашныхаа хөгжлийг бодож явсаар жалга хонхор болгонд дуган хийд босгож, оройтой сүм болгонд хамба залж эргээд тэднийхээ зовлонтой дарамтад орон ээрүүлж, эцэст нь ийм зөрлөг олж харсан бол тийм ч зальтай биш, тийм ч том биш шийдвэр болж дээ л гэх үг аман дээр гарч ирээд байна даа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав