Бид энэ дугаартаа дан эмэгтэйчүүдээ урьж “Women’s Spring” агуулгын дор цуглууллаа. Улстөрч, бага ангийн багшаар насаараа ажилласан ахмад багш, дуучин, инженер, хуульч, зураач, сэтгүүлч, зохиолч гээд олон салбарын төлөөллийг урьж тэдний ажил амьдралын ертөнцөөр аялуулахаар сонирхолтой ярилцлагууд бэлтгэлээ.

Энэ хатуу хахир хорвоог зөөллөж, гэрэлтүүлэн гийгүүлж яваа эмзэгхэн зүрх бүхнийг хайрлан уясмаар санагдах гэгээн сэтгэлээр энэхүү дугаараа бид бүтээсэн юм. Өөр өөр зан чанар, өөр өөр баяр гуниг, өөр өөр тавилан... Гэхдээ бүгдээрээ нэг чанараар адилхан. Тэр нь хүчирхэг байдал... 

Б.БАТЦЭЦЭГ: ГАДААД ЕРТӨНЦИЙН ХААНА НЬ Ч ЯВСАН МАНАЙ МОНГОЛЫН ЮМ БОЛГОН ХОСГҮЙ ҮНЭ ЦЭНТЭЙ САНАГДДАГ

Гадаад харилцааны сайд Батмөнхий Батцэцэг манай дугаарын ковер зочин. Өнөөгийн эрх баригчид дунд, ялангуяа эмэгтэй улстөрчдийн дотроос түүн шиг цэгцтэй, тодорхой, басхүү, амжилттай манлайлал үзүүлж яваа улстөрч ховор. Түүний аливаад шуурч шуугидаггүй, хий гаргадаггүй, цэх чанар гадаад харилцааны сайдын алба хоёр хоорондоо зохицох гэж... 

Энэ хүн бол гоо үзэсгэлэн ба харизмын төгс хослол, улс төр өөрийн гялалзсан манлайллаа дархалж яваа. Тэрээр урьд өмнө энэ хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаагүй юм. 

КЛАУДИА ГОЛДИН: НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ МИНИЙ ХУВЬД ХИЙСЭН ЭРЭЛ ХАЙГУУЛЫН МИНЬ ҮР ДҮНД ӨГЧ БАЙГАА БОЛОВ УУ

Клаудиа Голдин... Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй эдийн засагчдын жагсаалтын эхний 10-т багтдаг энэ эрдэмтэн “Эмэгтэйчүүдийн цалин орлого ба хөдөлмөрийн зах зээл дэх тэдний оролцоо олон зууны хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн” талаар анхны дэлгэрэнгүй судалгааг хийсэн хүн юм. 

Энэ талаар Олон улсын валютын сангийн ахлах ажилтан Питер Ж.Уокерийн “Цаг хугацаагаар аялагч” гэсэн нэгэн нийтлэлдээ өгүүлжээ. Эдүгээ 78 настай эрдэмтэн Клаудиа Голдин АНУ-ын Харвардын Их сургуульд хөдөлмөрийн зах зээлийн түүхийн хичээл зааж байгаа аж. Түүнтэй Нобелийн Хорооны олон нийтийн харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбар, шинжлэх ухааны асуудлыг хариуцдаг ахлах мэргэжилтэн Адам Смитын хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Д.ОЮУНЖАРГАЛ: ХҮНИЙ ТЭВЧЭЭРИЙН ХЯЗГААР АЛДАГДАНА ГЭДЭГ ЭНЭ БАЙХ. ТЭГЭЭД Л БИ ШИЙДВЭРЭЭ ГАРГАСАН

Ардын дуу бүжгийн чуулга хэзээнээсээ сайхан бүсгүйчүүдийн ертөнц байсан газар. Бидний үеийн өвөрмөц чамин хоолой, үзэмж гоо төрх, авьяас чадвараараа сор бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй дуучин Д.Оюунжаргал билээ. 

Түүний ярилцлагаас эмэгтэй хүний тэвчээр, эрсхэн зориг, уярам нинж сэтгэл гээд бүх л зан чанар нь тодорхой харагдана. Мөн далд ертөнц, тооны ухааныг сонирхдог агаад тэр чиглэлийн номуудыг түлхүү уншиж байгаагаа хуваалцахаас гадна дотоод сэтгэлийнхээ олон өрөө тасалгаа бүрээр зочин маань зорчуулсан юм. 

З.УЯНГА: БИ ЗУРААСАНД ХАЙРТАЙ

Урлагийн буландаа урьж буй онцгой зочин маань Урчуудын эвлэлийн шагналт зураач, хүндэт профессор Зоригийн Уянга.

Урлагийн гэр бүлд төрж өсөн, хүүхэд байхаасаа тасралтгүй бүтээлээ хийж яваа тэрээр монголын зураасан зургийн энэ үеийн маш том төлөөлөгч мөн. З.Уянга зураачийн дотооддоо болон гадаадад гаргасан үзэсгэлэн, авсан шагналыг тоочоод байвал дуусахгүй. Түүний яриа уншигч танд таалагдана гэдэгт итгэж байна. 

Б.ДОЛЖИНСҮРЭН: ЭЦЭГ ЭХЧҮҮД БАГШТАЙ НЭГ БАГ БОЛЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ ГЭДГЭЭ УХАМСАРЛАХ ХЭРЭГТЭЙ

Багшийн эрдэм шавьд шавийн эрдэм багшаас хэмээн монголчууд багш хүнийг хүндэтгэн үздэг. Хүний хамгийн эрхэм нандин зүйл бол боловсрол.

Харин түүнийг эзэмшихийн тулд суурь мэдлэгээ чанартай эзэмших нь тун чухал. Энэ удаа “Эрхэт Эрдэм” сургуулийн бага ангийн ахмад багш, Боловсролын тэргүүний ажилтан Б.Должинсүрэнтэй ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Энэ эрхэм бол бага ангийн багшаар насан туршдаа ажиллаж буй хүн юм. 

Н.СҮНЖИДМАА: ХАМТЫН НЭГДМЭЛ БҮТЭЭЛ БОЛОХ ДУУНЫ ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХЭН НЭГ НЬ ДАНГААРАА ҮГҮЙСГЭХ, ТАТАХ ЭРХГҮЙ

Манайд оюуны бүтээлүүд тойрсон хууль эрх зүйн орчинд сүүлийн үед цоо шинэ маргаанууд гарч эхэллээ. Оюуны бүтээлийн хулгай мөн хавтгайрсан. Энэ нь үйлчилж буй хууль дүрмүүдээ мэддэггүй, өөрсдөө амьдрал дээрээ хэрэглэдэггүйтэй ч холбоотой.

Ингээд бид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Н.Сүнжидмааг урьж ярилцсан билээ. Тэрээр асуудлын тухайд “Оюуны өмч, тэр тусмаа Зохиогчийн эрхийг хамгаалах энэ салбар манай улсын тогтвортой хөгжлийн нэгэн гарц гэж бий хардаг” хэмээсэн юм. Дэлгэрэнгүй ярилцлагыг “Women’s Spring” дугаараас хүлээн авч уншаарай. 

ТЭР САЛХИ БОЛ Л.ӨЛЗИЙТӨГС

Яруу найрагч Лувсандоржийн Өлзийтөгс. Энэ нэр Монголын уран зохиол, яруу найргийн төрөлд үргэлж л шинэ соргог мэдрэмж, өнгө аясыг бий болгож түүчээлсээр ирсэн билээ. Тэрээр яруу найргийн төрлөөр туурвисан найм дахь бүтээл нь “салхины нэр Ө” нэртэйгээр уншигчдад хүрсэн юм.

Түүний тавин хэдэн насны шүлгүүд ч бийрлэсэн орон зай, төсөөллийн гүн зүүд шиг ертөнцөд уншигчдадаа хөл тавиулж чадсаар байна. Тэр байгалийн юмс үзэгдлийг хүншүүлж, түүнээс өөрийгөө, өөрийнхөө ганцаардлыг хайж эхэлсэн. Үүнтэй адилаар мөн салхинд “Ө” гэдэг нэр өгчээ. Тэр салхи нь мэдээж Өлзийтөгс. 

Ц.ПҮРЭВХҮҮ: ЭНЭ ХАХИР ПРАГМАТИК ЕРТӨНЦӨД


"Ер нь бол цөхөрсөн. Тэгж их цөхөрсний дараа хүний сэтгэл гэдэг биегүй атлаа бие шиг шархирч өвддөг юм билээ. Ээжийгээ л их өрөвддөг. Хамаг амьдралаа хүүхдүүддээ зориулж өсгөсөн ээжид минь охиноо ингэж элдвээр чичлүүлэхийг харах хэцүү л байдаг байх. Нүүрсний хулгайн буруутан хүртэл би боллоо” хэмээн ярих сэтгүүлч Ц.Пүрэвхүү бол яалт ч үгүй энэ дугаарын онцлох зочдын нэг.

Цахим буллид хэдэн жилээр авлуулж, ганц ч тайлбаргүйгээр олон хэл аманд ээрэгдэн “шүүгдсэн” түүний хэвлэлд анх удаа өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг сонирхоорой. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав