Хаврын чуулган галтайхан эхлэх гэж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл энэ галын цөм нь болж буй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан энэхүү хуулийн төсөл яагаад улс төрийг бүхэлд нь хөдөлгөөнд оруулав гэхээр ийм л зүйлсийг тусгасан юм. Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан бол, ёс зүйн дүрмийг удаа дараа, ноцтойгоор зөрчсөн бол, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгасан байна. Ердөө ийм л заалтууд юм. 

Уг нь бол улс төрийн хэвийн соёл тогтсон улс оронд иргэдээс сонгогдож гарч ирсэн төлөөллийн төв байгууллага нь Ерөнхийлөгчөөсөө ийм ташуур авах шаардлагагүй юм л даа. Бидний сонголтоор гарч ирсэн нөхдүүд ард түмнийг ингэтэл залхааж, парламентын засаглалыг муухай харагдуулах болсон учраас ийм байдал руу оруулж байна гэсэн үг.

Энэ хууль батлагдсанаар “УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатаа хүндэтгэдэг болно. Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татдаг хууль хэрэгжиж эхэлбэл парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангах тал дээр чухал алхам болно” гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдэгдэнэ лээ. Ийм энгийн зарчмуудын өмнө л бид ээлжит улс төрийн хэрүүлээ хийцгээн, шуурга дэгдээжбайна. Тоос нь ард түмний нүд рүү л пургидаг. 

Уг нь УИХ-ын гишүүн хүн ард түмний элчийн хувьд сонгогчдоо төлөөлөх, хууль тогтоох ажилдаа гуйлгахгүй оролцох мэт нь олон түмнээс сонгогдож гарч ирсэн гишүүдийн заяагдмал үүрэг нь юм. Гэвч гишүүд энэхүү үүргээ умартжээ. Тойрогтоо тойрон хүрээлэгчдийн засаглал тогтоож, тэд нь орон нутагт хаан заан мэт аашлан ард түмнийхээ дургүй зэвүүцлийг туйлд нь хүргэж байгаа жишээ олон. Жагсаалтын хэд нь ч сүрэг дүрэмгүй тоглогчид болон хувирах маягтай. Энэ бол өнөөгийн парламентаас ирж буй бодит дүр төрх. Ер нь бид УИХ-ын гишүүдийн ёс зүй, боловсролд анхаарал тавих ёсгүй юм. Бидэнд тэднийг хүмүүжүүлэх үүрэг байхгүй. Намууд хэнийг төрийн эрх барих дээд байгууллага руу хөл тавиулах вэ гэдэг дээрээ өндөр шаардлага тавих ёстой. Улс төрийн хүчнүүд энэ зарчмыг шавартай хутгаж хаясныхаа горыг ард түмэнд амсуулж байна. Сүүлдээ Ерөнхийлөгч нь тэднийхээ сахилга батыг хангах гээд хуулийн төсөл санаачлаад гүйж явна. Нэг талаас энэ төрийн эмгэнэл юм даа. 

Ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хуулийн төслийг парламентын дархлаа руу гурав дахь институц халдах ёсгүй хэмээн эсэргүүцэж байгаа хэсэг нийгэмд байна. Ерөнхийлөгчийг бүрэн эрхээ сунгах гэж толгойгоо гашилгаж байна гэж шууд түүн рүү заан хардах хэсэг ч байна.№ Ардчилсан нийгэмд байх ёстой, зүй ёсны мэдрэмж ажиллаж байна л гэсэн үг. Хамгийн энгийн ёс суртахууны хил хязгаарыг ч даван хадуурцгааж байгаа, татвар төлөгчдийн үйлээ үзэж улсдаа тушааж буй мөнгийг гарынхаа салаагаар цацан тохуурхаж байгаа Э.Бат-Амгалантан мэтийн сайдыг хараад олон нийтпарламентыг жигших болтол савлаж байна гэдэг дээр бид анхаарлаа хандуулах ёстой. Төрийн нэр хүндийг шороотой хутгаж байгаа нь гишүүд өөрсдөө. Сүүлдээ зарим нь шат шатны шүүхээр орж яллагдчихаад, эргэнирэхдээ хэлмэгдсэн баатрын дүрээр, улам бадрангуй заларч харагдах боллоо. 

Төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ юм гээд үндсэн хуулиндаа заагаад  өгчихсөн байдаг. Ийм том эрх мэдлийн тойрог дотор ажиллаж байгаа гишүүдээс ард түмэн амьдралд хэрэгтэй, энэ улс орныг дараагийн түвшин рүү хөтлөх хуулиудыг л хүлээж байдаг. Гэвч тэд ихэнх цагаа улс төрийн хэрүүл тэмцэлд зориулж байна.Эрх баригчид орондоо орох завгүй олзлолдон тэмцэлдэж, дотоод зөрчилдөө идэгдэж, хагарч хуваагдан үзэлцэж, энэ улс орныг хөлдөө чирч гүйцлээ.Төсөв гээд л алалцсан, дараа нь засаг гээд л тэмцэлдсэн. Тэр нь одоо ч үргэлжилж байна. Намын даргаа солих тэмцэл нь шувтарсан ч, хотын намын хороон даргын төлөөх алаан нь ид явж байна. Барилгын сайд нь гуч гучин саяар нь урьдчилгаа олгоод л, мөнгө авсан хүмүүс нь өөрийнх нь барьж байгаа барилгад байрны урьдчилгаа тушаагаад л, сайдынхаа нэрийн өмнөөс төрд алба хашдаг нөхөд бөөн бөөнөөрөө гарч ирж жагсаад л, төрийн байгууллага руу хаалга үүдийг нь цөмлөчих шахан дайраад л, бүр нэг тархин дээр гишгэлж байна шүү дээ. Ийнхүү бүрэн эрхийнхээ талыг дуустал эрх мэдлийн тулаан хийж байгаа эрх баригчдыг хараад иргэдийн дотор нь арзаганаж байгааг мэдэж байна уу. 

Дэлхий ертөнцөд юу юу болж байгааг ч харах сөхөөгүй манай дарга нар ийнхүү дотоодын дажин өрнүүлж, ард иргэдээ талцуулан улайсгаж байна. 

Цаана чинь ойрх дорнодын нөхцөл байдлаас шалтгаалаад газрын тосны үнэ 30 хувиар өсчихлөө. Сайд нь саагиад л “тэр бидэнд хамаагүй ээ” гэчихээд дэвж явна. Тийм ч биз, үгүй ч биз. Жижиг, дунд бизнесүүд хаалгаа барьсаар дуусч байна. Өдөрт 1-2 компани дампуурлаа зарлаж байгаа нь эрх баригчдад энэ нь огтхон ч падлийгүй байгаа нь гунигтай. 

Түүхий эдээ боловсруулах шат руу түргэн оруулдаг болмоор байна, үйлдвэрүүдээ хурдлуулмаар байдаг. Зэсийн үйлдвэрийн сонгон шалгаруулалтыг дуусгаж, түргэн ажлыг нь эхлүүлэх хэрэгтэй байна. Жаахан юм боддог, улс орныхоохоо багцааг уншдаг хэсэг нь “Боловсруулах үйлдвэрээ хурдлуулаад өгөөч” гээд гуйцгааж байна. 

Дэлхийн улс орнууд мөнгө олохын төлөө л ухаанаа уралдуулж байна. Дайн дажны хөлд нэрвэгдсэн хойд хөршүүд маань гэхэд Ираны дайныг далимдуулаад том ашиг хийж байна. Чулуужсан түлшний экспортын орлогоор бараг 7 тэрбум ам.доллар олж байх жишээтэй. Дэлхийн “Эрчим хүч ба Цэвэр Агаарын Судалгааны Төв”-ийн мэдээлснээр Оросын өдөр тутмын орлого өмнөх сартайгаа харьцуулахад дунджаар 14%-иар өссөн байна. 

Харин бид юу хийж байна. Бид хэрүүл л хийж байна. Мөнгөний нийлүүлэлт 2026 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 48.1 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 7.1 их наяд төгрөгөөр өссөн гэсэн үг. Үр дүнд нь инфляц 20 хувь давж өснө гэж зарим бизнесменүүд дугарч байна. Үүний үр дүнд зөвхөн мөнгө хүүлэгчид л ашиг олно. Банкууд ашиг хийж, харин барлагууд бид улам ядарна. 

Улаанбаатар хотод 2026 оны гуравдугаар сарын эхний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3.5 хувь өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлж байна. Зүгээр л хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 4.4 хувиар өссөн байх жишээтэй. 

Бодит байдал ийм л байна. Харин манай эрх баригчидхөнжилдөө хөлөө жийлцээд зогсохгүй, хөрөнгө оруулалтын орчноо ч бужигнуулж байна. Монголоос гурав дахь хөршийн эрх ашиг гарч явбал монголд лав ашиггүй. Битгий л ийм байдал руу орчихоосой билээ гэж залбирч байна даа. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав