Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт хугацааны хөгжлийн чиглэлийг тодорхойлж байна.
Тус төлөвлөгөө нь аюулгүй, хамгаалалттай, эдийн засгийн үр ашигтай, тогтвортой бөгөөд байгаль орчинд ээлтэй иргэний нисэхийн тогтолцоог хөгжүүлэх зорилготой юм. Ирэх 25 жилийн хугацаанд агаарын тээврийн эрэлт, технологийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлүүд салбарын хөгжилд томоохон нөлөө үзүүлэхээр байгааг ICAO онцолжээ.
ICAO-ийн тооцооллоор 2024 онд дэлхийн хэмжээнд 4.6 тэрбум зорчигч агаараар зорчсон бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 12.4 тэрбумд хүрч, агаарын тээврийн эрэлт 2.7 дахин өсөх төлөвтэй байна. Мөн агаарын ачаа тээврийн хэмжээ 265 тэрбум FTK-ээс 638 тэрбум FTK болж нэмэгдэхээр байна.
Энэхүү өсөлттэй холбоотойгоор нислэгийн аюулгүй байдал, хамгаалалт, агаарын навигацийн хүчин чадал, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, хиймэл дагуулд суурилсан технологийн хэрэглээ, хүний нөөцийн хөгжил, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд салбарын тэргүүлэх чиглэл болж байна.
ICAO-ийн 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө дараах зургаан үндсэн зорилтыг дэвшүүлжээ. Үүнд:
- Нислэг бүрийг аюулгүй, хамгаалалттай байлгах;
- Иргэний нисэхийн салбарын байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах;
- Агаарын тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, найдвартай, тасралтгүй хөгжүүлэх;
- “Нэг ч улсыг орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэх;
- Иргэний нисэхийн эрх зүйн орчныг шинэ сорилт, технологийн хөгжилтэй уялдуулан боловсронгуй болгох;
- Агаарын тээврийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх.
Мөн ICAO нь 2050 он гэхэд олон улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанаас үүсэх нүүрстөрөгчийн цэвэр ялгарлыг “тэг” түвшинд хүргэх урт хугацааны зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд тогтвортой нисэхийн түлш (SAF), шинэ үеийн агаарын хөлөг, дэвшилтэт нислэгийн хөдөлгөөний удирдлагын систем болон инновацын шийдлүүдийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.
ICAO-ийн “Safe Skies, Sustainable Future” буюу “Аюулгүй тэнгэр, тогтвортой ирээдүй” уриан дор хэрэгжиж буй энэхүү стратеги нь ирэх жилүүдэд дэлхийн иргэний нисэхийн салбарын хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой аж.









