Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд төөрсөн сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, хоёр иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн амь насаа алдсан байсныг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн "Эрээн-Уулын нөмөр" гэдэг газар өсвөр насны хүүхэд арваннэгдүгээр сарын 6-ны 16:00 цагт мотоциклоор хонь хариулж яваад сураггүй болсон мэдээллийг 21:50 цагт ирүүлсний дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар 03:15 цагт эсэн мэнд олсон байна.
Мөн Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн “Бригадын төв” гэдэг газар тус сумын харьяат иргэн А энэ сарын 7-ны өдөр 00:20 цагт саахалт айлаасаа гэр лүүгээ харихаар мотоциклоор гараад сураггүй болсон мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ. Улмаар тус өдрийн 03:15 цагт эсэн мэнд олжээ.
Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн М арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тус иргэний цогцсыг өнөөдөр өглөө 08:10 цагт олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгөв.
Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэлд үндэслэн хол, ойрын замд гарахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас зөвлөлөө.







