Тэргэлтэй хамт галт тэргээр зорчиж, Бодьхүүтэй хамт төмөр замын үйл ажиллагаатай танилцах нь багачуулд мэдлэг олгоод зогсохгүй ер бусын сонирхолтой аялал байх болно.
Хүүхдийн номын “Жангар” редакцын хамт олон “Төмөр зам” зурагт номын бүтээлдээ хорвоо дэлхийг холбосон ганц төмөр зам болоод улс орны эдийн засгийн хамгийн чухал хөдөлгөгч хүч болсон галт тэрэгний тухай дэлгэрэнгүй хүүрнэжээ. Тус номын зохиолчоор редактор Э.Доржсүрэн, зураачаар Э.Базаррагчаа нар ажилласан байна.
Зурагт номд төмөр замын үүсэл болоод дэлхийн анх хэн хэрхэн санаачилсан, уг газарт хэн ямар ажил хийдэг талаар зураг, текстийн хослолоор дэлгэрэнгүй танилцуулжээ. Ийнхүү баримт мэдээллийг хүргэсний хойно зохиолын гол дүрүүд гарч ирнэ. Тэргэл охин анх удаа галт тэргэнд суун аялж байгаа бол говийн толгод дунд хонио бэлчээх зуур өргөн уудам талын хээлээр хурдлан өнгөрөх галт тэргийг сониучирхан харж зогсдог Бодьхүү нэг өдөр ахынхаа ажилладаг төмөр замын үйл ажиллагаатай танилцана.
Ихэнх зурагт номын зохиол нэг л шугам дээр үйл явдал урагшилдаг бол “Төмөр зам” бүтээлд ийнхүү хоёр өөр үйл явдал, дүрээр зохиомжлон сэдвийнхээ гүн рүү уншигчдыг хөтлөн урагшлах ажээ.
Редакцын хамт олон уг номоо төмөр замынхантай хамтран орчны нарийн судалгааг хийснээс гадна олон, олон баримтат түшиглэсэн бүтээсэн байна. Мөн дан ганц танин мэдэхүйгээр өгөөж хүртээх бус төмөр замын тухай ойлголтыг сонирхолтой байдлаар хүүхдэд илүү сайн ойлгуулахын тулд дээр өгүүлсэн дүрүүдийн үйл явдлыг зохиомжилсон нь онцлог юм.
Хүүхдийн номд ямар нэг хэмжээгээр “асуулт” үлдэх нь чухал гэж боддог. Номын эхлэл болсон уг өгүүлбэр өгүүлэх сэдэвтэйгээ холбоотойгоор нэгээс нөгөөд зорчин явах замуудаас гадна хүн нэгнээ санан дурсах, зүрх сэтгэлийн холбоог ч нэг өгүүлбэрт давхар цохоод амжсан нь сайшаалтай.
Эдгээрээс гадна манай улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлж байдаг Өмнөгөвь аймгийн нүүрс, ачаа тээвэрлэлтийн төмөр замын тухай өгүүлэхдээ зурагт говийн айлын аж төрөхүй, таван хошуу мал, тэдгээрийн дотроос монголд л ганц байх тэмээг ч дүрслэн гаргажээ. Энэ нь төмөр замын урдуур мал амьтан орж дайруулахаас сэргийлэн томоохон нүхэн гарцууд хүртэл барьдаг талаар Бодьхүүд ах нь тайлбарлана. Ерөөс энэ мэтчилэн нэг сэдвээс ургуулан маш олон санааг зураг, текстийн хослолоор давхар үзүүлж болдог нь зурагт номын онцлог билээ.
Аялал үргэлж сонирхолтой байх ёстой. Тэр тусмаа багачуудад зориулсан аялал. Тийм сонирхолтой адал явдал, төмөр замын гайхалтай аялалд нэгдэхийг хүсвэл “Төмөр зам” зурагт номын хуудсыг нээгээрэй.