Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнийг урьж ярилцсан юм.
-Булган аймгийн олон Засаг дарга нартай би ярилцлага хийж байсан байна. Та 20 дахь дарга уу?
-Тийм.
-Хэд хэдэн сум 100 жилээ тэмдэглэв үү? Энэ жил Булган аймгийн таван сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Нэг сум 40 жилийн ойтой. Хишиг Өндөр сумын сургуулийн 100 жилийн ой мөн тохиож байна.
-Социализмын үед Хишиг-Өндөр сум их том сум байдагсан. Ялангуяа сум дундын эмнэлэг, 10 жилийн сургууль гээд... төвлөрөлөө агуулж байдаг амьд халуун амьдралтай том сум байсан. Их чимээгүй болсон байна билээ. Энэ юутай холбоотой вэ? Олон шалтгаан байгаа байх. Ер нь бол сум дундын төвлөрөл бүхий гол сум бол Хишиг-Өндөр байсан. Олон төгсөгчтэй, энэ жил сургуулийн 100 жилийн ойтой.
-Та аль сумын хүн бэ?
-Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн. 1983 оны 1 сарын 14-нд Хутаг-Өндөр сумандаа төрж, хүүхэд ахуй нас маань Дундатын гол, Бөөрөг, тэгээд аймгийн төв Булган сумтай салшгүй холбоотой.
-10 жилээ энд төгссөн үү?
-Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн. 1983 оны 1 сарын 14-нд Хутаг-Өндөр сумандаа төрж, хүүхэд ахуй нас маань Дундатын гол, Бөөрөг, тэгээд аймгийн төв Булган сумтай салшгүй холбоотой. Би хоёрдугаар 10 жилийн сургууль төгссөн.
-Таны спортод зориулсан он жилүүд, гаргасан амжилтууд том. Ингэхэд таны үндсэн мэргэжил юу вэ?
-2000 онд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр элсэн суралцаж 2004 онд дүүргэсэн. Мөн 2007 2009 онд Санхүү, эдийн засгийн сургуулийн Бизнесийн удирдлагын ангийг төгссөн. Тэгээд Удирдлагын академид төрийн албаны ёс зүйгээр магистр хамгаалсан.
-Улс төрийн харьяаллын хувьд Ардчилсан намын гишүүн бил үү?
-Тийм. 2008 онд намд элсэж байсан. Тэр үед залуу байсан, ер нь үнэт зүйл, үзэл санаагаа дагаад сонголтоо хийсэн. 2013 оноос хойш улс төрийн амьдралын хувьд идэвхитэй оролцож ирсэн. Ардчилсан холбооны гишүүн болж үзэл бодлоороо нэг гишүүдтэйгээ нэгдэн ойлголцож, хамтдаа хичээж яваа. Аймгийнхаа ардчилсан холбооны даргаар өнөөдрийг хүртэл ажиллаад явж байна.
-Манай Булган аймгийн Ардчилсан нам гэхээр ер нь л бусад аймгуудтай харьцуулахад хэцүү явж ирсэн дээ. Намайг залуу байхад 1989 онд талбай дээр өлсгөлөн болоход энд ганцхан хүн өлсөж байсан. Ирж хараад сонирхоод л явж байлаа. Булган аймгийн Ардчилсан нам хэр ажиллаж ирсэн гэдэг нь угаасаа өнгөрсөн 30 жил хийсэн сонголтоос нь харагдана л даа. Орон нутгийн сонгуульд анх удаа шахам ялж, тэгээд МАН нам дангаар засаглаж байгаа энэ үед ажиллаж байгаа маш цөөхөн Ардчилсан намын засаг даргын нэг та байх. Та аймгийн намаа удирдаж байгаа юм байна. Энэ эвлэрч нэгдэж өгдөггүй, тэр нь ч сонгуульд нөлөөлж байдаг Булганы Ардчилсан намыг хэрхэн төвхнүүлж чадсан бэ?
-Ардчилсан хувьсгалын тэр хүнд жилүүдэд үзэл бодлынхоо төлөө зоригтой тэмцэж гарч ирсэн ахмадуудаа хүндэлж явдаг. Тэд нар маань тодорхой өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр явдаг, ямар нэг юманд баригдаж, хамаарагдахыг хүсэхгүй эрх чөлөөтэй ийм хүмүүс. Манай партизануудыг та сайн мэднэ. Мэдээж Булган аймгийн маань сонголт олон жил нэг талдаа явж ирсэн. Энэ нь Ардчилсан намын маань манай аймаг дахь боловсон хүчин, хүний нөөц бэлтгэгдээгүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй явж ирсэнтэй холбоотой. Одоо харьцангуй мэдээллийн эрин зуунд шилжлээ. Хөдөө мал дээр, баг дээр байгаа хүн болгон мэдээлэлтэй маш ойрхон ажиллаж амьдарч байгаа учраас хэн нь хэн бэ, хэн нь юу хийх гээд байгаа юм бэ гэдийг бас ойлгож тунгаадаг, улс төрийн мэдрэмжтэй болж өөрчлөгдөж байгаа гэж хардаг. 2012 2016 онд Булган аймагт Ардчилсан нам засаглаж Д.Эрдэнэбат дарга удирдаж байсан. 20162017 онд нам ялагдаад бүгдээрээ яах билээ гээд байж байсан. Тэр үед бас спортынхныг, ялангуяа бөхчүүд гэхээрээ л мангар юм шиг ойлголтыг илүү түгээж байсан учраас би бас өөрийгөө боловсруулъя, хэл устай болъё, мэргэжлээ дээшлүүлье, АНУ гэдэг улсыг сонирхъё ардчилал яаж хөгжсөнийг өөрөө очиж үзье гээд явсан. 2016 оны 11 сард сурахаар гэр бүлээрээ очсон. Хэлний бэлтгэлд шалгалт өглөө, хэлний бэлтгэлд хэдэн сар сурах болоод хоёр сар явсан. Тэгсэн чинь намын дотоод дүрэм журам өөрчлөгдлөө, ер нь ирвэл яасан юм гэж нөхөд маань яриад байдаг. Тэгээд бодож байгаад гэр бүлтэйгээ зөвлөлдсөн. Булгандаа ирээд намын даргад өрсөлдвөл нутаг орныхон минь ямаршуухан байр суурьтай байгаа юм бол гэдэг тодорхой хэмжээний мэдээлэл аваад тэрийгээ нэгтгээд шийдвэр гаргасан. Зоригтойхон шийдэр гаргаад, ирээд өрсөлдөх нь зүйтэй юм байна гээд 2017 оны дөрөвдүгээр сард ирсэн. Тавдугаар сард сонгуульд бүх гишүүдийн саналаар намын дарга болж байсан. Журмын нөхөд минь итгэл үзүүлж, анх удаа намын дарга болсон. Нам ялагдсан үед залуу үеэ төлөөлж ажиллалаа. Аймагтаа Булган аймгийн залуучуудын том чуулган зохион байгууллаа. Яагаад бид нэгдэж чаддаггүй юм. Учир нь юунд байна гэдгийг олж харах гэж хичээсэн. Залуучуудаа манлайлаад ажиллахад болохгүй бүтэхгүй юм зөндөө гарсан ч нэг зүгт харах гэдэг хамгийн чухал гэдгийг ойлгуулж, ойлголцож, бүгдээрээ нэгдэж чадсан маань хамгийн том ололт юм даа.
-Ямар ч байсан Булган аймгийн ардчиллын манлайллыг залуу, эрч хүчтэй лидер тэргүүлж байгаа нь сайн хэрэг. Булган аймгийн залуучууд намд хэр элсэж байна?
-Ковид хэмээх айхтар цар тахалтай ажил аваад л учирсан. Дэлхий нийтийн асуудал болохоор яая гэхэв. Монголчууд маань маш амжилттай давж гарлаа. Эдийн засгийн хүнд цаг үед ажиллах амаргүй. Нэгдүгээрт гадаад харилцаа чухал юм байна, хоёрдугаарт аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой юм байна. Нутаг орондоо байгаа суурь бололцоон дээрээ бодлогоо төвлөрүүлж ажиллаж байна.
-Булганыг үзээгүй хүмүүс зөндөө байдаг. Гадаад гэхээсээ дотоодын аялал жуулчлал дээр ашиг олох боломж ихтэй нутаг.
-Яах аргагүй улсдаа алдартай аймаг мөн үү, мөн. Байгаль эх бидэнд үнэхээр гайхамшигтай нутгийг хайрласан.
-Ер нь бол улс төрийн амьдралаас харж байхад дээрээ МАН засаглаад, доороо сөрөг нам ялсан тохиолдлууд ойлголцлын хувьд хэцүү. Парламентын гишүүд нь Засаг даргаа дэмжиж өгдөггүй зэрэг хөгийн жишээ их таарч байсан. Энэ талаас танд дарамт шахалт хэр мэдрэгдэж байна вэ?
-Бид нар мэдээж цөөхүүлээ байна. Нэгдүгээрт улс төржилтийг орон нутагтаа, тэр тусмаа төрийн албандаа гаргахгүй байхыг хичээлээ. Энэ бол миний өөрийн дотоод хувь хүний төлөвшил дээр суурилсан үзэл л дээ. Би зөрчилдөгч, юм болгон дээр сөргөлдөгч зан араншинтай хүн биш. Улс төржилт л сүүлийн гучин жил монгол орныг баллалаа шүү дээ . Ялангуяа төрийн алба тогвортой суурьшилтай ажиллаж байх тусмаа орон нутагт, аймагт ажиллаж амьдрах залуучуудад хэрэгтэй. Анх сонгуульд орохдоо ч гэсэн энэ агуулгын уриалгыг дэвшүүлж байсан. Төрийн алба тогтвортой байх ёстой. Улс төрийн албан тушаалтан нь хариуцлагаа хүлээгээд л солигдоно. Төрийн жинхэнэ албан хаагч нар бол хуулийн хүрээнд ёс зүйтэй, аль нэг намыг дагаж туйлшрахаасаа илүү урдах ажлаа сайн хийх боломжийг нь олгож тайван амгалан ажлыг нь хийлгэх ёстой. Яагаад гэхээр бүгд ардаа цалингийн зээл, янз бүрийн зээлтэй. Нутаг орондоо сайхан төвхнөж байгаа залуучуудыг бужигнуулах ёсгүй. Хоёрдугаарт, төрийн албаны хүний нөөцийн хувьд дутагдалтай байсан. Тэрэн дээр бид боломжоороо эв эеийг нь ойлголцоод, ажилд томилохыг нь томилоод, ажил сайжруулах зорилгоор шат шатанд нь зохицуулалтыг тодорхой хэмжээнд хийсэн. Тэр нь аль аль талдаа сэтгэл ханамжтай байгаа. Тэгээд дээшээ Төрийн албаны зөвлөлд мэдээлнэ. Төрийн албаны зүгээс Засгийн газарт очиж байгаа мэдээлэл эхнээсээ зөв явчихсан юм болов уу гэж миний зүгээс харж байгаа. Ер нь бол Засгийн газрын түвшинд улс төржихөөс илүү том бодлогуудаа бариад , улс орны буруу тогтолцоог өөрчлөх гээд ажиллаж байгаа.
-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аймгийн засаг дарга нартай олон уулздаг уу?
-Жил болгон ерөнхий сайдтай гэрээ байгуулдаг. Мөн Монгол улсын засгийн газрын гишүүдтэй гэрээ байгуулдаг тэр үеэр уулздаг. Ер нь дарамт шахалт гэхээсээ илүү зарчмын хувьд ажлуудаа явуулахын тулд л шахаж байгаа гэж ойлгодог. Түүнээс биш бид хэдэд алагчлалтай хандаад байгаа юм байхгүй юм байна гэж харагдаж байгаа. Ялангуяа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан мэргэжилтнүүдийн хувьд харилцаа хандлага жинхэнэ төрийн албаны ёс зүйгээ барьж ажилладаг. Энэ нь амар, хувь хүнийхээ хувьд хүндэтгэж байгаа.
-Мөрөөдсөн төсвөө авдаг аймгууд байнаа, Хэнтий, Увс, Ховд гээд... Булган мөрөөдсөн төсвөө авч чаддаггүй байх?
-Цаг үеийн байдлаар гэхээсээ илүү ард түмэндээ хэрэгтэй байгаа, төсвийн мөнгө хаашаа зарцуулагдах ёстой юм, тэр газраа зарцуулагддаг байх нь өөрөө зөв. Тийм учраас ерөнхий эдийн засгийн бодлоготойгоо уяж хөрөнгө оруулалтыг хийлгүй л яахав. Сумын нурах дөхсөн сургуулиуд руу хөрөнгө оруулалт тавиад өгөөчээ гэдэг. Хөрөнгө оруулалтын эрэмбэ тавьж өгөх, өөр өөрсдийн амласан юм байлгүй л яахав. Яг тийм юм руу чиглэгдэхгүй байгаа нь миний хувьд учир дутагдалтай санагдаад байгаа юм.
-Хоёр гишүүнтэйгээ хэр ойлголцож ажиллаж байна вэ?
-Төрийн үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд хоёулантай нь л мэндтэй устай, ажил хэргийн хувьд саналуудыг нь сонсоод, аймгаас зохион байгуулж өгөх юмаа зохион байгуулж өгөөд л явж байгаа.
-Хүчтэй улстөрчдийн баг сонгосон аймгууд төсөв дээр гэхэд маш амжилттай лобби явуулж байгаа харагддаг.
-Миний хувьд зарчмын байр сууриа илэрхийлээд, аймагт маань ийм ийм зүйлд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэдгээ хоёр гишүүнд тэнцвэртэй мэдээлээд л явж ирсэн.
-Ерөнхий шалгалтын дүнгээр аймгуудыг жагсаадаг. Булган сүүл мушгиж харагддагсан. Харин сүүлийн жилүүдэд байр урагшилжээ. Бас өрсөлдөх чадвараар...
-Өрсөлдөх чадварын судалгаа гээд төрийн бус байгууллагаас явуулсан судалгааг авч үзсэн. Энэ дээр бид яг юун дээр алдаад байгаа юм, статистикийн тоо баримт дээр буруу зөрүү мэдээлэл өгөөд байгаа юм уу, агентлаг нь нэгтгэж чадахгүй байгаа юм уу, бид нар яг хаанаа ямар алдаа гаргаад байгаа юм бэ гэж судалж үзсэн. Өрсөлдөх чадвар дээр мэдээж ажлын байрны дутагдал, ногоон байгууламж, эдийн засгийн чадавхи тамир тэнхээ, бизнесийн орчин нөхцөл гээд олон асуудлаар авч үздэг. Тэгээд ер нь бол бид чадах юмаа эрэмбэлье гэсэн. Сүүлийн гурван жил ажлын үзүүлэлтээрээ 18-д орсон. Хэлтсийн дарга нартай ойлголцох гэж, хэдүүлээ багаар ажиллая, ажлаа уялдуулая, сумдын ажил юун дээрээ дутагдалтай байгаа юм гэдэг байдлаар 16 сумын Засаг дарга нартай нам эвсэл гэхгүйгээр Булган аймаг гэдэг том зургаар нь бүгдээрээ асуудлаа харъя, сумдынхаа хооронд туршлага солилцоё гээд энэ хавар явцгаасан. Урд талын сумдыг хойд талын сумдаар, хойд талын сумдыг тойруулж ажиллуулсан. Урд талын сумдын Засаг дарга нар гэхэд хойд талдаа очиж үзээгүй байх жишээтэй. Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын бодлогыг аль сум дээр татах ёстой юм. Сумдын Засаг дарга нараас 12 нь аймгийн ИХТ нар. Аймгийн иргэдийн хурлын 30 гаруй хувь нь юм. Үр дүн гарсан байх гэж итгэж байгаа. Сайхан, Баян-Агтын сургуулиудыг шийдэх ёстой. Цаашлаад Могод гэхэд өнөөдөр заалгүй байна. Хоёрдугаарт, боловсролын үнэлгээн дээр та түрүүн ярьсан. Математик, англи хэл улсын дунджаас доогуур түвшинд байгаад байна. Ажил авсан өдрөөсөө хойш энэ хоёрыг яаж сайжруулах вэ гээд ажилласан. Яагаад гадаад харилцаа хөгжүүлэх гээд байгаа юм бэ гэхээр Булган аймгийн хүүхэд залуучууд Боловсролын зээлийн санд хамрагдаж чадахгүй байна. Булган аймаг маань эдийн засагтайгаа уялдуулж хүний нөөцөө бэлдье гэж байгаа юм. Булган аймгийн эдийн засгийн гол салбар ХАА, тэр дундаа мал аж ахуй, газар тариалан. Энэ салбараасаа эдийн засгийнхаа 60 гаруй хувийг бүрдүүлж байна. Тиймээс энэ салбартаа хүний нөөц бэлтгэх шаардлагатай юм байна гээд ажилласан. Сонгож холбоо тогтоосон улс маань Оросын холбооны Беларусь улс юм. Энэ улсад бид хүүхдүүдээ сургаад эхэлсэн. Техникийн коллежид хоёр хүүхэд явуулсан. Хөдөө аж ахуйн сургуульд явуулж байна. Оросын холбооны улс, тэр дундаа малын эмч, мал зүйч, агрономич, эдийн засагч мэргэжлээр хүүхдүүдээ сургаж бэлдье. Ирээдүйд төгсөж ирээд Булган нутагтаа таван жил амьдраад ХААЯ-ны боловсон хүчин болох залуучуудыг бэлдье гэж харж байгаа юм. Энэ жилээс Унгар улс, БНСУ-д аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн чиглэлээр хүүхдүүдийг сургаж байна. Манай аймагт сувилагч, их эмчийн дутагдалтай байна. Тэгэхээр бид одооноос хүний нөөцөө бэлдэхгүй бол болохгүй юм байна гээд Булган нутгаас Анагаахын сургуульд суралцаж байгаа залуучуудтай уулзсан. Та нар сум орон нутагтаа ажиллах сонирхол байна уу, та хэдийн саналыг сонсъё гээд ярилцсан. Нэгдүгээрт, нутагтаа очихоор нийгмийн асуудал хүнд байдаг. Цалин мөнгөнөөс авахуулаад. Бид залуу хүний хувьд мэргэжлээ дээшлүүлээд, хот суурин газар бараадах сонирхолтой байна гэж байна. Нутагтаа ирж ажиллах хүмүүсийн гол асуудал нийгмийн асуудал нь, орон байрны асуудал юм байна. Өнгөрсөн жилээс бид төсөвтөө тодорхой үе шаттайгаар Тэшиг, Хутаг, Сайхан, Баян-Агт зэрэг сумдуудад төсөв тавиад явж байна. Янз бүрийн хэлбэрээр орон сууц барья гээд энэ асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлээд явж байна.
-Сум дотроо эрэмбэлж үзэхэд аль сумын хүүхдүүд сайн хуваарь авч байна вэ?
-Аймгийн төвийн хүүхдүүд голцуу байна. Тэшиг, Хутаг хуучин суурь сайтай байсан энэ сургуулиуд ЕШийн өндөр оноо авч байна. Аймгийн төвийн Эрдмийн өргөө, 3р сургуулиуд ЕШийн өндөр оноо авч байна. Багш шавьд урамшуулал өгөх нь зүйтэй юм байна гээд урамшуулал өгөөд ЕШийн эхний 30 байр эзэлсэн хүүхдүүдэд мэргэжил харгалзахгүйгээр нэг жилийн сургалтын төлбөр олгож байна. Одоо гурав дахь жилдээ олгох гээд явж байна. Нэг хүүхдийн дундаж төлбөр таван сая байна. 30 хүүхэд гэхэр 150 сая төгрөгийг төсвөөс гадуур уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд үүнийг шийдэж өгөөч гээд гэрээ байгуулан төсвөөс гадуур хүүхдүүдээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлээд явж байна даа.
-Аливаа нэг том юмны дэргэд байна гэдэг тавилангийн хувьд хэцүү байдаг л даа. Хэдийгээр манай Булган аймгийн нутаг дэвсгэр дээр том орд нээгдэж, Эрдэнэт хот байгуулагдсан ч гэсэн эсрэгээрээ үйлдвэрийн том хотын дэргэд байгаа учраас манай аймгийн хөгжилд муугаар нөлөөлсөн гэх нь бий. Манай аймагт сэргэлт бол ажиглагдаж байна. Эрдэнэтийн хаялга, хамтын ажиллагааны түвшин хэр дээшилсэн бэ?
-Аливаа юм цаг хугацаа өөрчлөгдөх тусмаа сайжирдаг гэж би ойлгодог. Эрдэнэт үйлдвэр 1973 онд Чехийн геологич нар ирж судалгаа шинжилгээ явуулаад 1974 онд Булган аймгийн Эрдэнэт хороо гэж байгуулагдаж байсан түүхтэй. Монгол Улсыг тэжээж байгаа стратегийн том үйлдвэр. Булган аймаг яаж уялдаж хөгжих юм бэ гэж олон жил ярьж ирсэн. Бидний хувьд Булган аймаг ажлын байраа нэмэгдүүлж байж л хөгжинө. Эрдэнэт үйлдвэр маань маш их юм гаднаас худалдаж авдаг. Үүнийгээ дагасан жижиг дунд үйлдвэрлэлийг нь Булган аймгийн төв дээр бий болгох ёстой. Энэ бол Засгийн газрын түвшинд яригдаж, дэмжлэг авч, улмаар улсын том бодлогоор дэмжлэг авч байж явах зүйл. Аймаг бол нийгмийн хариуцлагын хүрээнд цэвэр усны жилийн татварыг авна. Нийгмийн асуудал эрхэлсэн захирал Дэлгэрбаяр бидний ажлыг сайн дэмждэг. Нийгмийн хариуцлагын мөнгийг 500 сая болгож явсан. Жилээс жилд нийгмийн хариуцлагын хүрээнд нэмэгдүүлэх нь зүйтэй юм байна гэж бодлого явж байгаад өнөөдөр нийгмийн хариуцлагын хүрээнд тэрбум төгрөгийг гэрээ байгуулж байна. Энэ мөнгөнөөс 100 саяыг нь залуучаа дэмжих боловсролын санд зарцуулж байна. Төрийн албан хаагчид худалдан авалтаа Эрдэнэтээс хийж байна. Дотоодоосоо худалдан авалт хийхийг уриалаад боломжоороо явж байна. Хандлагын асуудлыг яриад уриалаад л байгаа. Хангал суманд 2023 онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар сайхан цэцэрлэг ашиглалтанд оруулсан байгаа.
-Өнгөрсөн жил айрагны өргөө гээд нэг төсөл явсан. Би бол идэвхитэйгээр эсэргүүцсэн хүний нэг. Яахаараа заавал Хутаг-Өндөрт байдаг юм. Таны төрсөн нутаг болохоор уу. Энэ үйлдвэрлэл чинь айл айлаараа, гэрийн үйлдвэрлэл дээр явдаг. Уламжлалт технологи гэж юм бий?
-Монгол Улсын Засгийн Газар аялал жуулчлалын жил гээд зарлачихсан. Булган аймаг маань өөрийнхөө хөгжлийн концепцийг ХАА дээр нэмэх нь аялал жуулчлал гэж зангидсан. Үүнийг хөгжүүлэхийн гол хөшүүргүүд нь нутгийн брэндүүд дээр явна. Нэг нь Сайханы айраг. Хүн бүр Хөвсгөл далайг зорьж үзэж байна. Бид зам дагуу айраг зарж байгаа малчдынхаа орлогыг нэмэгдүүлэхийн тулд тэр төслийг хэрэгжүүлэх гээд оролдсон. Булган аймаг бусад аймгаасаа айргаараа онцлог. Адууны соёл дагасан монгол ахуй дээрээ айрагны өргөө барьж, хүмүүс цугладаг их урсгалыг орон нутгийн иргэд рүү, өрх рүү шууд оруулах зорилготой байсан.
-Дотоодын аялагчид гэж тармуур барьсан сүйтгэгчид шиг болчихлоо. Хөвсгөлд очоод л гайхдаг юм. Амарч цэнгэж аваад буцахдаа ямар муухай ханддаг юм. Та тэрнээс айхгүй байна уу?
-Танд хөгшчүүд хэлдэг үү. Аялал жуулчлал даллаад байдаг, сөрөг тал нь нутаг орондоо хэцүү талаар... Аялал жуулчлал хөгжиж байж аялагч нар маань ч гэсэн байгальд ээлтэй байя гэж ухамсар хандлага өөрчлөгдөж байгаа гэж бодож байгаа. Шороон бумбагар, Авзага хайрхан, наашлаад элсэн тасархай, түүхийн газрууд, БаянАгт гээд түрэгийн үеийн дурсгалууд байгаа Манай аймагт үзэх юм асар баялаг. Аялагчид маань өөрчлөгдөнө. Юмыг сайн сайхан талаас нь харж байхыг би уриалдаг.
-Түлүүгийн давааны тухай хүний өөрийнгүй ярих юм. Машин зогсох зай талбайгүй, нөгөө брэнд хоолных нь амт муудчихсан гэх мэтээр... Энэ газрыг төвхнүүлэх талаар ямар ажлууд хийгдэх вэ?
-Түлүүгийн давааны асуудал одоо яг сезон нь болж байна. Нэгдүгээрт, аюулгүй байдлыг ярихгүй бол болохгүй болчихсон. Түлүүгийн давааны бууз өмнөх шигээ амт нь байгаа юм уу, байхгүй юм уу гээд олон асуудал байгаа байх. Энэ жилээс болж өгвөл Түлүүгийн давааны павилонуудыг цааш нь нүүлгэх, нэмж барих гэсэн асуудлууд яригдана. Сүү цагаан идээ, төмс хүнсний ногоогоо тарих асуудлыг шийдэж өгч дэмжье гэсэн бодол байна.
-Хутагт, Тэшиг рүү дотоодын жуулчид битүү байдаг юм байна. Дураараа ам болгонд майхнаа зоогоод буучихсан. Мэдээж давааны цаад гайхамшиг руу очдог л байх. Усан завьтай зугаалгууд их байдаг юм шиг байна.
-Халуун хүйтэн рашаан сонирхож байгаа хүмүүст Могодын халуун рашаан, Баатарван гээд том сувилал барьчихсан байна. Их булагийн рашаан, Сахарын рашаан, Хануй, Цагаан голын рашаан гэсэн алдартай рашаанууд байна. Байгалийн үзэсэлэнт газрууд, ан агнуур сонирхож байгаа хүмүүст тодорхой хэмжээнд хуулийн хүрээнд маршрут гаргаж өгөөд ямар жуулчны баазууд байгаа юм, хаана нутаглаж байгаа юм зураглалыг нь гаргаад жилээс жилд шинэчлээд явж байгаа. Дэлхий нийтээрээ хүссэн хүсээгүй аялал жуулчлалыг сонирхож байна. НҮБын хүн ам шилжилт, хөдөлгөөн, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай Булган аймгийн Засаг даргын тамгын газар санаачлаад тодорхой судалдаа хийлгэсэн. Дөрөв дөрвөн жилээр Засаг дарга нар солигдон, бодлогын залгамж алдагдсан юмнууд байна. Урт хугацаандаа Булган аймаг яаж хөгжих юм гэдэг судалгааг хийлгэсэн. Тэгээд хийлгэхэд нэг номерт аялал жуулчлалын салбар юм байна гэсэн судалгааны дүн гарсан. Малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байх ёстой юм байна. 2040 онд хүн ам тэд болох юм байна, энэ суманд ингэнэ тэгнэ гэсэн бүх юмыг нь динамик загвараар гаргаад ирдэг юм байна.
-Бэлчээрийн даац гэдэг асуудал шинжлэх ухааны түвшинд ч ихээхэн хурцаар тавигдаж байна. Судлаачид нь даац байхгүй боллоо гэж хэлж байгаа. Уламжлалт мал аж ахуйгаа тодорхой хувиас нь эхлээд эрчимжсэн мал аж ахуйруу оруулах талаар ярьж байгаа байх л даа. Танай Хутагт- өндөрт гэхэд нэгэн гадаадын фермер махны чиглэлээр маш амжилттай ажиллаж амьдарч байна. Бусад сумдад энэ чиглэлээр хүмүүсийн тархи толгойд хэр юм сууж байх шиг байна вэ?
-Жереми Тийссэн бол канад хүн. Энэ хүнээс суралцах юм их байдаг. Манай Булганы сумдынханд очиж үзэх эрх нь нээлттэй. ХутагӨндөрт ажиллаж амьдарч байгаа залуучууд Жеремиг дууриагаад хоёр гурван ч үхрийн фермтэй болсон байгаа.
-Гайхалтай ажилсаг, үлгэр жишээ авмаар сайхан хүн гэж олон удаа уншсан. Уулзаж ярилцлага авах бодолтой байгаа. Маш сайхан нээлттэй харилцаатай хүн байдаг юм.
-Малчдын амьдралын соёлд буруу эргэлт явчихсан гэж хардаг юм. Уржнан Сайханд очсон чинь айрагаа гараар бүлэхээ больчихсон байна билээ. Мотороор. Бас л сонин харагдсан.
-Технологи сайжрахаар гараар хийдэг юмнуудыг чинь технологи руу шилжүүлэн хөгжүүлж байгаа л нэг хэлбэр. Технологийн дэвшил байх. Малчид өглөөнөөс үдшийн бүрий болтол завгүй ажиллаж байгаа. Цаг хугацааны хувьд ч хамаагүй хэмнэлт гарч байгаа байх.
-Манай Булган аймаг урд талын сумдын соёл нь шал өөр. Өвсөө ч хаддаггүй, үнээгээ саахгүй, залхуу ч гэмээр харагддаг. Гэтэл хойд тал руугаа маш ажилсаг. Миний хувьд Дашинчилэн, Баяннуур, Рашаант зэрэг урд талын сумдууд маань тэрбум мод төслийн хүрээнд элсний нүүдэл тодорхой хэмжээнд буурах байх. Булган аймаг 20 сая мод тарих үүрэг авсан. Энэ жилийн хувьд хоёр сая гаруй мод тарихаар төлөвлөсөн байгаа.
-Засаг даргаар дамжихгүй юм байхгүй учраас олон сэдвээр асууж байгаа шүү. Манай гол ус бас их ширгэж байна. Аймгийн төвдөө урсдаг гол маань байхгүй болчихсон. Энэ талаар мэргэжлийнхэнтэй ярилцаж байна уу?
-Ачуут гол маань манай бүх байгалийн эх, зүүн түрүүний гол маань ч ямар сайхан гол билээ. Судалгаа хийлгэнэ гэж төлөвлөсөн байгаа.
-Нутаг орнууд өөрсдийн гэсэн брэндтэй байсан. Завхан гэхэд сармай дээлт чихэртэй, манай Булган мөсөн чихэр үйлдвэрлэдэг байлаа. Би хуучныг санагалзаад байдаг хүн биш л дээ. Манай аймаг хэд хэдэн том үйлдвэртэй байсан. Тэд нар маань байхгүй болсонд харамсаж явдаг юм. Булганы гурилын үйлдвэр улсдаа дээгүүрт ордог сайн үйлдвэр байлаа. Зүүн түрүүний хороолол үндсэндээ гурилын үйлдвэрийнхний хороолол байсан. Одоо үйлдвэрийн амьдралгүй болж, архи дарсанд орсон өвгөд л болцгоож дээ. Эргээд судалж болдог уу. Энэ үйлдвэрүүдийг хувьчлаад авчихсан нөхдүүд хааччихсан юм бол. Ажлын байр сэргэчих ч юм билүү. Малын тэжээл гэхэд хотоос зөөж байна шүү дээ. Энэ үйлдвэр тоногдсон байдаг уу. Энэ талаар ямар нэг асуудал яригддаг уу?
-Талх, мөсөн чихэр, шим гээд тодорхой хэмжээний бүтээгдэхүүн гаргаад аймгийн хэрэгцээг хангачихдаг байсан. Үүнийг судалж үзсэн. Тухайн үед хувьчлагдаад л, спиртийн үйлдвэр нь гэхэд татан буугдаад балгас болсон. Хүнсний шим технологи гээд байна. Бас нэг нь хувьчилж аваад л хаячихсан. Тэгэхээр бид нар ажлын байр нэмэхийн тулд нутаг дэвсгэр дээрээ байгаа эдгээр зогсчихсон үйлдвэрүүдээ судалж байна. Мөсөн чихэр гэхэд боловсон хүчин нь одоо хүртэл байгаа. Би бас судлаад байгаа юм. Хүнсний үйлдвэр чухал байна. Хууль эрх зүйн судалгаа хийхгүй бол болохгүй юм билээ.
-Манайд барилгажилт аягүй удаан явагддаг. Эрдэнэт бол яах аргагүй ургаад л байна. Дайран өнгөрөхдөө атаархаж явлаа. Гэхдээ манайд бас ганц хоёр барилга нэмэгджээ. Ахиухан явах гэхээр үнэхээр болохгүй байна уу. Хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна уу?
-Ахиухан явах гэхээр барилгын материал нь өсчих юм. Хиадын зуу гээд Эрдэнэт хот том төсөл хэрэгжүүлээд байгаа. Уриад уулзалтууд хийгээд, Булган аймагтаа төрийн албан хаагч нарт зориулсан байр орон сууцны асуудлыг шийдвэрлэх дээр хамтарч ажиллая, бид газрынх нь асуудлыг шийдвэрлэж өгнө. Та хэд байраа бариач гэдэг байдлаар ярилцчихаад байгаа юм. Яалт ч үгүй хил гааль, бараа материалаа нааш нь зөөх гээд олон асуудлууд тулгараад хойшлоод байна. Тэгэхдээ энэ явах байх. Манайд одоо есөн давхар байр баригдаж байна. Хоёр буудал ашиглалтад орчих байх.
-Нэг барилга ч гэсэн нэмээд баригдсан байхыг харах сайхан байх юм. Захиргаа бол сайхан шинэ байранд орсон. Хажууд нь байгаа манай театр хэзээ шинэчлэгдэх вэ. Гэхдээ бас хуучныг нь хадгалж үлдэх ёстой байх л даа тэ. Театрын барилга маань өндөр настай шүү дээ.
-Театр олон жил болж байна. Бас энэ чигээр нь түүхэн барилгуудаа авч үлдэх эсвэл энэ газар дээр нь шинийг барих гээд олон зүйл тулгарах юм.
-Нэг ТМС байдаг одоо ажиллаж байгаа юу?
-Манайх хоёр ТМСтай байсан шүү дээ. Тэгээд нэгтгээд нэг болж, ХААИС ын харьяанд очсон. Оюутны дотуур байртай, урамшууллын системтэй. Том хотын хажууд хүнд байна гэж манайхан ярьдаг. Том төслүүд хэрэгжиж байж Булган аймаг маань сайхан болно. Том руу л тэмүүлэх ёстой.
-Та гэрээсээ нүүж ирээд Булганд амьдарч байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Би чинь гурван хүүхэдтэй. Том хүү маань японд сурч байна. Хоёр бага нь Эрдмийн өргөө цогболборт сураад одоо хоёрдугаар анги болчихсон явж байна. Миний хань бид хоёр чинь 10 жилийн нэг ангийн хоёр юм шүү дээ.
-Нэг ангийн хосууд байх нь?
-Тийм. Хорин хэдэн жил ханилаад явж байна.
-Та битгий эмзэглээрэй. Би нэгэнт тантай уулзаж байгаагийн хувьд асуух ёстой. Бид нарын хувьд хүнд сэдэв. Н.Түвшинбаяр аваргад тохиолдсон тэр харамсалтай явдлын үеэр таны нэр хэдэн өдөр цацагдсан. Тэр үйл явдлын үед хамт байсан гэрч юм байна гээд... Тэгээд тэнд байгаагүй гэдэг нь тодорхой болсон л доо. Танд хэцүү байсан байх л даа. Гэхдээ өөрөө тайлбарлахгүй орхичихоор ялангуая улс төрийн амьдралд ашиглагдаад, хор болоод байдаг нэг тал бий. Та тэр өдөр тэдэнтэй хамт байсан юм уу. Ер нь энэ үйл явдлын талаар та огт дугараагүй. Ганц удаа ярьж болох уу?
-Талийгчтайгаа ч, аварга ахтайгаа ч хүүхэд ахуй наснаасаа самбо, жүдо, үндэсний бөхийн төрлүүдээр олон жил хамт хичээллэж явсан түүхтэй. Хэн нь хэн бэ, сайн муугаа бүгдийг нь бид мэднэ. Цагаахан өрсөлдөөн дунд хүүхэд ахуй наснаасаа хамт ажиллаж амьдраад явж байсан улсууд. Нэг үед амжилтууд гаргасан залуучууд. Маш тодорхой хариулъя. Тухайн үед талийгаач өдөр ресторанд ирж хоол идчихээд манай хурлын дарга, ГалЭрдэнэ тэр гурав гараад явсан. Тэгэхэд Түвшээ аварга ирээгүй. Тэр гурав гараад Галаагийн оффис дээр очсон ийм л харамсаж барахгүй асуудал болсон. Хэрвээ би тухайн нөхцөл байдлын дунд хамт байсан бол тийм байдал үүсгэхгүй байх байсан байх. Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын О.Амартүвшин ах бид хэд уулзаад, тэндээ ярилцаад үлдсэн юм. Яагаад тийм юм гарсныг одоо болтол би бодоод ойлгодоггүй. Бодох тусам, хүнд хатуу сэдэв шүү дээ. Сэтгэл зүрх урагдаж, хамт байсан болоосой. Хэрэв тэгсэн бол тийм байдал үүсэхгүй ч байсан юм билүү гэж гол харлан бодож явдаг.
-Эмзэг зүйл хөндсөнд уучлаарай. Жаргалат зусланг сэргээж байгаа гэсэн үү. Ажил нь ямар явцтай байгаа вэ?
-Энэ ажил явагдаж байгаа.