Саяхан даа, “Зүрх сэтгэлийн боловсрол” хэмээх энэ гурван үг монгол хэлний үгийн санд цоо шинэ сонсогдож байв. Харин өдгөө бидний өдөр тутмын амьдралд хэдийнэ нэвтэрч, тэр тусмаа дэлхий даяар мэдлэг боловсролыг эрхэмлэх болсон энэ цаг үед хамгийн чухал үгс болон хувирав. 

Өмнө минь сууж буй зочныг хүмүүс нэрээр нь бус дээрх гурван үгийг хэлэхэд илүүтэй таних биз. Учир нь “Зүрх сэтгэлийн боловсрол” хэмээх эдгээр үгсийг нэрийн зүүлт шигээ бусдын чихэнд хоногшуулсан эрхэм бол тэр билээ. 

Тэрээр боловсролын салбарт анх 16 настайдаа хөл тавьжээ. Энэ үедээ англи хэлний хичээл заадаг байв. Харин найман жилийн дараа гэхэд гүйцэтгэх захирлын албыг хаших болов. Ийнхүү ажлаа хийхийн хажуугаар МУИС-д Олон Улсын сэтгүүл зүй, СЭЗИС-д Бизнес Удирдлагын чиглэлээр суралцсанаас гадна Боловсролын Удирдлагын чиглэлээр АНУ-ын Калифорни мужийн Их сургуульд магистр хамгаалжээ. 

2015 онд эх орондоо эрдэм өвөртөлсөөр буцан ирж, тухайн онд Сургуулийн өмнөх боловсролын жишиг болох цэцэрлэг, 2017 онд “Хүүхэд хөгжлийн төв”, 2018 онд сэтгэл хөдлөлийн оюун ухааны цогц хөтөлбөр, контент, 2019 онд дэлхийн есөн сая гаруй хүүхдийн хичээллэдэг сонирхолтой ШУ-ны хөтөлбөрыг Монгол Улсад нэвтрүүлэх гэх мэт боловсролын салбар луу хандсан ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байв. 

Ийнхүү тэрээр 6-12 насны хүүхдэд зориулсан хүүхэд хөгжлийн “Q Institute”, сургуулийн өмнөх боловсролыг олгох “Q Kids”  цэцэрлэгээс гадна хүүхдэд зориулсан шинжлэх ухааны “Nutty Scientists Mongolia” лаборатори бүхий “Q Education Group”-ийн үүсгэн байгуулагч юм. Ийнхүү Монгол Улсын боловсролын салбарын түүчээлэгчдийн нэг Ц.Алтансорын сонирхолтой ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.

-Өнөөдөр хоёулаа боловсролын гүн рүү нь орж ярилцвал зүйтэй байх. Гэхдээ үүний өмнө энгийн хэрнээ заавал асуух ёстой санагддаг нэг асуулт байна. Та боловсролыг юу гэж тодорхойлдог вэ? 

-Амьдралд хэрэгтэй бүхий л чадварыг эзэмших, суралцахуйн үйл явц гэх юм уу даа.  Ирээдүйд аз жаргалтай, сэтгэл амгалан, сайхан амьдарч чадах тэр чадварыг суралцах нь  жинхэнэ утгаараа боловсрол юм. Би ингэж л тодорхойлох дуртай. Тэгэхээр хүн аз жаргалтай амьдрахад хэрэгцээтэй тэр мэдлэг, мэдээллийг боловсролоор дамжуулан олж авч чадаж байвал боловсролын утга учир оршино.

-Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ боловсролтой л хүн болгох юмсан гэж ярьдаг. Тэгвэл ямар шалгуур үзүүлэлтээр боловсролтой хүн гэх тодорхойлолтод орох бол?

-Цаг үе болгонд боловсролын шалгуур нь хувьсан өөрчлөгддөг. Магадгүй XIII дугаар зуунд боловсролын тухай өөр тодорхойлолт гарч ирэх байх. Тэр зууны үед англи хэлтэй байх нь амьдралд нөлөөлөх чухал зүйл огт биш. Тариа тарих талаар мэдлэгтэй, будаа сайн тарьж сурсан бол магадгүй боловсролтой хүн болно. 

Харин XXI дугаар зуунд хиймэл оюун ухааны талаар мэдлэгтэй, гадаад хэлтэй иргэнийг боловсролтой хүн гэж тодорхойлж болно. Тэгэхээр цаг үеэ дагаж чухалд тооцогдож буй боловсролыг нь хүүхдэд өгч чадаж байвал жинхэнэ утгаар нь боловсрол олгож байна гэсэн үг.

Гэхдээ хүн гадаадад сураагүй, англи хэлгүй байлаа гээд муу хүн гэсэн үг биш. Өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, чаддаг зүйлээ хийгээд явж байхдаа сэтгэл хангалуун л байвал хангалттай. Эцсийн эцэст бид аз жаргалтай байх гэж л амьдардаг. Өөрийгөө хайрлаж өөртөө хүнлэг, сайн сайхан хандаж, талархалтай амьдарч чадсан бол тэр хүн аз жаргалтай амьдарсан гэсэн үг. 

-“Зүрх сэтгэлийн боловсрол” хэмээх хөтөлбөр нэрнээсээ эхлээд олны анхаарлыг татаж байсан. Агуулгын тухайд хүртэл аливаа зүйлд “зүрх сэтгэлээсээ” хандаж сурах нь хамгийн чухал буюу хоёрдугаарт академик боловсрол байх ёстой гэсэн нь их шинэлэг ойлголт санагдсан шүү.

-Бүх цаг үед мөнхөд суралцах ёстой чадвар бол зүрх сэтгэлийн боловсрол юм.  Боловсролын чиг хандлага, шалгуур цаг үеэсээ шалтгаалан хувьсан өөрчлөгддөг тухай би сая дурдсан. Гэтэл зуун дамнасан хамгийн хэрэгтэй боловсрол хүн байх буюу “Зүрх сэтгэлийн боловсрол” л байсан. Хүн үүнээс хэзээ ч хазайхгүй. 

Боловсрол гэдэг нь тухайн улсын суурь чухал хүчин зүйл. Гучин жилийн дараа нийгмийг бүрдүүлж буй иргэд ямар байх вэ гэдэг нь энэ салбартай шууд хамааралтай. Тиймээс боловсролын салбарт онцгой анхаарал хандуулж, урт хугацааны тууштай төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ёстой. Монголын боловсролын систем академик чадварыг л чухалчлахаас бус хүн байх боловсролыг орхигдуулаад байгаа учир нийгэм стресстэй болохын сацуу хулгай дээрэм ч гаарч байна. Өнөөдөр бид нар хамгаас урьтаж хүн байхад суралцахгүй бол боловсрол гэж дурдаад ч хэрэггүй. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрладаг. Өөртөө байгаа бүхнээ бусдад зориулж чаддаг хүнлэг, хүмүүнлэг иргэн байх нь нэн тэргүүнд бичигдэх боловсрол гэж үзэж байна. Дараагийн үе буюу 20-30 жилийн дараах нийгэмд чухал үүрэг гүйцэтгэх хүүхдүүдийг аль болох бага наснаас нь эхлэн энэ хөтөлбөрөөр хичээллүүлснээр нийгэмшсэн, сэтгэл зүйн хувьд эрүүл, тогтвортой, амжилттай иргэдийг бэлдэж байна гэж ойлгож болно. 

-Зүрх сэтгэлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөртэй “Qkids” цэцэрлэг үүдээ нээснээс хойш хэдийнэ найман жил өнгөрсөн байна. Эх орондоо буцаж ирээд хамгийн анх сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг байгуулсан нь ямар нэгэн онцгой шалтгаантай юу?

-Бага насны буюу 0-5 настай хүүхдүүд далд ухамсраараа аливаад суралцдаг. Би зүрх сэтгэлийн боловсрол сурч байна гэж тэр хүүхэд мэдэхгүй. Харин нэн нэгнийг харж байхдаа л өөрийн мэдэлгүй тэдгээр үйлдлүүдийг нь сурчихсан байдаг. Тэгэхээр ухамсаргүйгээр ёс суртахуунтай байх, өөрийгөө зөвөөр илэрхийлэх, бусадтай сайхан харилцах, эелдэг байх зан чанарт суралцана гэсэн үг.  Хүүхэд үлгэр дуурайлал авч, даган дуурайж суралцдаг болохоор багш болоод ангийнхан ямар байна тэр бүхнээс суралцана. Мэдрэмжийг нь ойлгодог, сэтгэл хөдлөлийг нь хүндэлдэг, хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг хүрээлэлд хүүхдийн “EQ” буюу зөөлөн ур чадвар хөгжинө.

-Хөтөлбөрийн үр дүнг хэрхэн тодорхойлдог вэ? 

-Хүүхэд өөрийн сэтгэл хөдлөл, зан чанараа таниад өөрийгөө ойлгоод эхлэхээр тодорхой үр дүнгүүд нүдэнд харагдаж эхэлдэг. Хамгийн эхэнд “Би ямар үед уурладаг”, “Ямар үед баярладаг” гэх зэрэг болон тухайн үедээ ямар үйлдэл хийдэг болохоо мэддэг. Үүнийгээ эцэг эхдээ зөв аргаар ойлгуулж, нээлттэй ярилцаж эхэлнэ. 

Мөн EQ чадварыг тодорхойлох үнэлгээг бид хөтөлбөрийнхөө хүрээнд тогтмол хийдэг. EQ -г хэмжих нь IQ -г хэмжихээс ярвигтай хэдий ч шинжлэх ухааны аргууд бий. 

-Ямар, ямар аргууд байдаг вэ?

-Эцэг эхийн болон багшийн үнэлгээг хослуулан EQ – ийн дөрвөн чадвар тус бүр дээр судалгаа хийдэг. Хүүхэд өөрийгөө хэрхэн таньж мэдэж байна, бусадтай яаж харилцаж байна, бусдад хэрхэн хүнлэг сэтгэл гаргаж байна, уурласан үедээ ямар хариу үйлдэл үзүүлж байна, өөрт төрж буй мэдрэмжээ илэрхийлж чадаж байна уу гэх мэт ажиглалтын болон асуулгын, ярилцлагын аргуудаар дүгнэдэг. Хичээлийн жилийн эхэнд үнэлгээг хийгээд хавар нь дахин үнэлж эцэг эх, асран хамгаалагч нарт нь танилцуулга, мэдээлэл, зөвлөгөөг тухай бүрд нь өгөөд явдаг. Энэ өөрчлөлтүүдийг эцэг эхчүүд маань өөрсдөө хараад мэдэрдэг нь өгөөжтэй санагддаг.

-Би өнөөдрөөс зүрх сэтгэлийн боловсрол эзэмшье гэж шийдвэл юунаас эхлэх ёстой вэ?

-Мэдээж нас биеэнд хүрээд шинэ зүйлийг сурахдаа ухамсартайгаар буюу “би үүнийг сурч байна даа” гэж бодож англи хэл сурдагтай адил уншиж судлах үйлээс эхлэнэ гэсэн үг.

-Тэгэхээр үүнд хэрхэн суралцах вэ?

-Нэн түрүүнд өөртэйгөө ажиллах буюу өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө удирдах, бусадтай зөв харилцах харилцааны чадвар,  өөрийгөө мотивацуулж идэвхжүүлэх, бусдын оронд өөрийгөө тавих чадваруудыг “баланс”-тайгаар хөгжүүлэх ёстой.

Би юунд дуртай вэ, ямар үед уурлаж, яавал аз жаргалтай болдог вэ гэх мэт асуултуудад хариулах хэрэгтэй. Хүн өдөр тутамдаа 400 төрлийн сэтгэл хөдлөл мэдэрч, 50 мянган бодол толгой дотроо эргэцүүлдэг. Бид хэдий сэтгэл хөдлөлийг мэдэрдэг ч гэсэн анзаарах сөхөө байдаггүй. 

Жишээлбэл, хоёулаа ярилцаад сууж байхад хүртэл сэтгэл хөдлөлүүд өөрчлөгдөж байгаа. Догдлоод, заримдаа сандраад, гайхаад байгаа ч илэрхийлж гаргадаггүй. Түүнийгээ анзаардаг ч үгүй. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн талаар огт анзаарахгүй, ойлголтгүй болоод ирэхээр яагаад уурлаж, гуниглаад байгаагаа хянаж мэдэхгүй байгаа юм. 

-Сэтгэл хөдлөлөө хянах талаар дэлгэрүүлбэл...

-Сэтгэл хөдлөлөө нэрлэж чадахгүй болоод ирэхээр өөрийгөө ойлгох, мэдрэхэд төвөгтэй. Уцаар эсвээс гомдол ч төрөх шиг... Тэгснээ гэнэтхэн л их баяр хөөртэй болчих шиг үе байдаг даа. Гэтэл сэтгэл хөдлөлүүдээ мэдэрч, ойлгодог болоод ирэхээр хүн “Надад ингэж хэлвэл таагүй мэдрэмж төрж, би уурладаг юм байна. Энэ миний сул тал учраас ийм үг хэлэхээр гуниглаж, ганцаарддаг юм байна” гэдгээ ойлгож эхэлнэ. Тэр үед сэтгэл хөдлөлөө удирдаж сурдаг. Ийнхүү сэтгэл хөдлөлийнхөө учрыг ойлгочихвол сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг болно.

Тэгэхээр сэтгэл хөдлөлийнхөө учрыг нарийн ойлгоод авчихвал бухимдлаа ч тэр өөр ашигтайгаар эргүүлж чадна. Хүнийг уурлах үед ялгардаг “кортизол” энергиэр эрч хүчтэй болж өөрийгөө хамгаалах чадвартай болдог. Гэтэл бид уур гэх сэтгэл хөдлөлийг хамаагүй гаргачихдаг учраас харилцаандаа сэв суулгадаг. Уур хүргэх нөхцөл байдалд орвол тайвнаар хүлээн авч, дотроо тунгааж байж зөв үйлдэл гаргах нь чухал. Огт уурладаггүй хүн сулбагар байх тохиолдол байдаг. Тэгэхээр бид нар сэтгэл хөдлөлийнхөө учрыг сайн олох хэрэгтэй. 

-Тэгэхээр сэтгэл хөдлөлөө удирдаж сурах нь чухал чадвар бололтой, тийм үү?

-Чухал байлгүй яахав. Хүн өдөр тутмын үйлдлийнхээ 70-80 хувийг сэтгэл хөдлөлдөө автаж хийдэг. Сонголт, үйлдэл, үг яриагаа сэтгэл хөдлөлөөрөө л хийдэг. Гэтэл сэтгэл хөдлөлөө таньж мэдэхгүй, ухамсарлахгүй бол сэтгэлийн савлагаандаа автаж буруу шийдвэр, үйлдэл гаргах магадлалтай. 

Сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хүүхэд өөрийгөө удирдаж чаддаг. Өөрийгөө удирдаж чаддаг хүн амьдралаа удирдаж чадна. Хүүхэд хэдий нь тоондоо сайн, хоёр гурван хэлээр чөлөөтэй ярьдаг, хамгийн өндөр үнэлгээ авдаг байлаа гэхэд сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй, тулгарч буй асуудлаа шийдэх хүчгүй, бусдын төлөө хүнлэг сэтгэл гаргадаггүй, эргэн тойрноосоо болж амархан бухимддаг бол дээр дурдсан чадварууд үнэндээ ямар ч үнэ цэнэгүй, хэрэггүй болчихдог. Хүүхдээ аз жаргалтай, амьдралд хайртай хүн болгож хүмүүжүүлэхийг хүсвэл багаас нь сэтгэл зүйн боловсрол, сэтгэл хөдлөлөө удирдах чадварт суралцуулахаас эхлэх хэрэгтэй. 

-Хүүхдийн суралцах орчинд хамгийн чухал нөлөөтэй хүн бол багш. Багш нарын ажиллах хүчний дутагдал манай оронд их байгаа талаар энэ салбарын хүний хувьд юу гэж харж байгаа вэ?

-Монгол Улсад одоогийн байдлаар 4.200 гаруй багшийн орон тооны дутагдалтай байгаа. Багш нарын ажиллах хүч хомсдох аюулд орсон нь дан ганц цалин бага байгаагаас үүдэлтэй гэж харж болохгүй. Үнэхээр багш болох сонирхолтой хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байна уу? Монгол Улсад багш гэдэг мэргэжлийн үнэ цэн хэр байгаа вэ? гэдгийг эргэж нэг харах болсон.

Багшийг хүндэлдэг, боловсролын үнэ цэнийг ойлгодог нийгэмд багш гэх мэргэжлийг сонгох  хүсэл эрмэлзэл маш их байдаг. Жишээлбэл, Финлянд улс багш мэргэжлийг маш үнэ цэнтэй мэргэжил болгож чадсан. Эцэг эх, асран хамгаалагч нар нь багштай тун их хүндэтгэлтэй харилцдаг, боловсролыг дээдэлдэг. Тийм ч учраас тухайн улсын хамгийн шилдэг, хамгийн чадвартай хүмүүс нь багш болохын төлөө шалгаруултад орж, нэлээн их шалгалтыг давсны дараа багшлах эрхтэй болдог.

Хүүхдийн сурах орчинд сургууль, цэцэрлэгийн орчин, тохижилт, багшийн чадвар, хандлага, анги хамт олны уур амьсгал тэр чигээрээ багтана. Боловсролыг аюулгүй орчинд, айдасгүй, аз жаргалтайгаар суралцах үед зүрх сэтгэл, сэтгэл хөдлөл, бүтээлч сэтгэлгээний хөгжил хамгийн сайн явагддаг. Түүнийгээ дагаад бусад академик боловсролыг олж авах үйл явц илүү амжилттай байна. Мөн сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой, аз жаргалтай хүүхэд хичээлээ илүү амжилттай сурдаг. Ингээд ирэхээр академик боловсролын суурь маш сайн тавигддаг. Тиймээс нэг ёсондоо “social emotional learning” буюу зүрх сэтгэлийн боловсролийг сургуулиуд хөтөлбөртөө оруулж өгснөөр боловсрол эзэмших чадвар, олон улсын “ранк” оноо өндөр байх зэрэг үр дүн гарч эхэлнэ. Ийнхүү нийгэм дэх багшийн үнэлэмж сайжирвал багшийн сэтгэл санаа хүүхэдтэй харилцах харилцаа ч сайжраад ирнэ.

-Үүнийгээ дагаад боловсролын үнэ цэн өсөх нь, тийм үү?

-Мэдээж багшийн үнэ цэнийг дагаад боловсролын үнэ цэнийг дурдах хэрэгтэй. Яагаад гэвэл боловсрол үнэгүй олгогддог, төр хүүхдүүдийг үнэгүй сургадаг, сургах ч ёстой гэсэн ойлголт байдаг. Энэ нь боловсрол үнэгүй олгогддог, үнэ цэнгүй гэсэн сэтгэлгээг суулгадаг. Гэвч боловсрол үнэгүй биш юмаа, бид нарын улсад төлсөн татварын мөнгөөр эргээд бидний хүүхдүүд боловсрол эзэмшиж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Ингэснээр нэг өдрийн хичээлийг нь таслуулахгүй, гэрийн даалгаварыг нь хийлгүүлэх гэх мэт илүү хариуцлагатай хандаж эхэлнэ. 

Хувийн сургуульд хүүхдээ сургаж байгаа нөхцөлд тэр чинээгээрээ хариуцлагатай хандаж хүүхдүүддээ шаардлага тавьж, буцаагаад үүргээ биелүүлэх зарчим үүсдэг. Харин улсын сургуульд эцэг эхчүүд шаардлага ч тавьдаггүй. Ингэснээр боловсролын үнэ цэнийг үгүй хийж байгаа асуудал анзаарагддаг. Тиймээс боловсролтой иргэн улс орны хөгжлийг тодорхойлдог учраас боловсролын салбарыг номер нэгт тавьж, үр хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч өгснөөр дагаад боловсролын үнэ цэн ч нэмэгдэнэ. Боловсролд зориулах санхүүгийн төсөв ч гэсэн дээшлэн үр ашигтай зүйлд зарцуулагдаж эхэлнэ гэж харж байна.

- Та ойрын таван жилд хэрэгжүүлэх ажил болон ирээдүйн зорилгоо хуваалцаач?

-Бид өнгөрсөн сараас “КАЛАРО” дахь монгол сургуулийн бага сургуульд нь зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлснээр гадаадад байгаа монгол сургуулиудтай хамтарч ажиллах эхлэлийг тавьсан. Энэ нь цаашлаад гадаад оронд байгаа монгол хүүхдүүдэд зориулж сэтгэл хөдлөлийн дүрүүд болоод гэр бүлийн тоглоом, хөтөлбөр, ном, цувралуудаа англи, монгол хэл дээр хэвлэж “амазон” болон олон улсад худалдаалах зорилгын эхлэлийг тавьсан.

Мөн Монгол Улсын хилийн заставын зааг дээр байрлах Дорнод аймгийн сум дундын багийн “Бага сургууль” гэж байдаг. Тухайн сургуулийн хүүхдүүдэд хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр бэлдэж байна. 

Хураангуйлвал, зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийг академик боловсролтой эн тэнцүү байдлаар хослуулан хэрэгжүүлж, Монгол Улсын өнцөг булан бүрд хүрч, бүх хүүхдэд тэгш хүртээмжтэйгээр хүргэхийг зорьж байгаа. 

Ярилцсан | Б.Хонгорзул

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав