МУИС-ийн Инженер Технологийн сургуулийн “Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим”-ийн зөвлөх багш доктор, дэд профессор Б.Цэнгэлтэй ярилцлаа. Амьдралынхаа ихэнх жилүүдийг модтой харьцаж өнгөрөөсөн тэрээр ногоон байгууламж гэж юу вэ гэх асуултад мэргэжлийн хариулт өгөхөөс гадна мод тарина гэдэг өөрийн гэсэн стандарттай, мөн хүн бүрт экологийн анхан шатны боловсрол дутагдаж буйг илүүтэй онцоллоо.

-Оюутнууд таныг “ой судлал”-ын хичээл ордог Б.Цэнгэл багш гэдгээр андахгүй юм. Та их алдартай багш бололтой?

-Би өдөр бүр зурагтаар гардаг, дуучин, жүжигчин биш юуных нь алдартай хүн байх вэ дээ. \Инээв\  Багш гэдэг нэр өөрөө их буянтай алдар хүнд л дээ. Хүссэн хүн бүр хүртээд байдаггүй юм. Оюутнууд “багш аа” гээд араас дуудан гүйсээр ирэхэд сэтгэл их дүүрэн болдог. Амьдрах гээд, амьдралын амтыг мэдрэхийн төлөө яваа энэ хүүхдүүдэд миний заах хичээл хэрэгтэй гэж бодохоор ямар сайхан байдаг гэж санана. Би өнөөдрийг хүртэл нийтдээ 36 жил МУИС-ийн “Ой судлалын тэнхим”-д багшилж байна. Цаг хугацаа их хурдан юм. Яг одоогоор бол зөвлөх багшаар ажиллаж байгаа. Оюутнуудаасаа холдох цаг ойртоод л байна. Энэ сайхан “багш” гэдэг нэрээр насаараа дуудуулж явсан болохоор харамсах юм алга аа. Мөн би МУИС гэсэн энэ том эрдмийн ордон, сайхан мэргэжлийнхээ хүчээр магистр, доктор, дэд профессор цолыг хамгааллаа. Энэ хугацаандаа Герман, Солонгос, Финланд, БНХАУ, Япон орнуудад судалгааны ажил хийж байлаа. Мэдээж гадаадын улс оронд би Батхишигийн Цэнгэл гэж дуудуулахгүй шүү дээ. Эхлээд “МУИС-ийг төлөөлж явна аа” хэмээн хэлж өөрийгөө танилцуулдаг. Нэг ёсондоо энэ сайхан сургуулийнхаа нэрээр овоглож амьдарлаа. Маш их баярлаж, талархаж явдаг даа.

-Та энэ урт хугацаанд их олон зүйлийг хийж бүтээсэн...

-Хүн өөрийгөө үнэлж, дүгнэнэ гэдэг харьцангуй ойлголт шүү дээ. Гэхдээ асуултад хариулъя. Би 89 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, оюутнуудад зориулсан таван сурах бичиг бүтээсэн байна. 29 магистр, хоёр доктор, 30 бакалаврын ажлыг удирдсан. Хүн ер нь амьдралынхаа хугацаанд гурван буян үйлдэх ёстой байдаг гэдэг шүү дээ. Үр хүүхэд төрүүлж өсгөх, ном бичих, мод тарих гурав биз дээ. Өөрийгөө бол энэ гурван үйлийг гүйцэтгэчихсэн хүн л гэж бодож явдаг. 

-Мод тарих бол агаарын бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой, бараг хамгийн үр дүнтэй ажил болоод байна?

-Яах вэ, тэгж хэлж болно л доо. Агаарын бохирдлыг бий болгодог маш олон хүчин зүйлс бий. Манай орны хувьд аваад үзэх юм бол тоос шороо, чимээ, шуугиан, авто машины утаа, үйлдвэр, станцуудын утаа, гэр хорооллын галлагаатай холбоотой агаарын бохирдлуудыг нэрлэж болно. Эдгээр бохирдлыг багасгах хамгийн гол арга замуудын нэг нь мод тарих. Бид л ойшоодоггүй болохоос мод хүний амьдралын маш чухал хэрэгцээнүүдийн нэгийг хангадаг. Мод гэдэг чинь дотроо маш олон янз. Шилмүүст, навчит, олон төрлийн сөөг гээд...

-Ногоон байгууламж гэдэг хэдэн ширхэг мод тариад л бий болчих зүйл биш гэдгийг бүгд мэднэ. Үүнийг бий болгоход хамгийн чухал зүйл нь юу вэ?

-Хотын ногоон байгууламжид ямар мод тарих вэ гэдэг өөрөө их чухал асуудал л даа. Мод бүхэн өөрийн гэсэн экологи, биологийн онцлогтой. Ногоон байгууламжийн стандарт гэж нэг зүйл бий. Хотын гудамжинд зүгээр л нэг эгнүүлээд мод тарьчихыг ногоон байгууламж гэдэггүй юм. Ногоон байгууламжийн газрыг гурав ангилна. Нийтийн эзэмшлийн газар, хязгаарлагдмал газар, тусгай зориулалтын газар гэж. Нийтийн эзэмшлийн газарт яаж ногоон байгууламжийг бий болгох вэ гэдэг чинь өөрөө тодорхой стандарттай. Үүний дагуу л явах ёстой. Ямар хэмжээ, ямар өндөртэй, ямар төрлийн модыг авчрах вэ гэдгээс л эхэлнэ. Эхний ээлжинд бол навчит, шилмүүст мод тарих нь зөв юм. Үүнд ямар модод орох вэ гэвэл улиас, улиангар, шинэс, гацуур, нарс зэрэг орно. Уулнаас авчраад  тарихаас илүүтэй мод үржүүлгийн газарт үрээр тарьж ургуулсан стандартын модыг авчирч тарих ёстой. Ингэж байж л зөв гольдиролд орно. Мөн ямар байгууллагын гадаах орчныг тохижуулах гэж байгаа вэ гэдгээсээ хамаараад бүгд өөр өөрийн гэсэн шийдэлтэй байдаг. Хамгийн наад зах нь сургууль, цэцэрлэгийн гадаа өргөстэй мод тарьж болохгүй. Эндээс эхлээд л яагаад бид стандарт мөрдөх ёстой вэ гэдэг асуултын хариулт гараад ирж байгаа биз. 

- Ногоон байгууламжийг бүтээхэд шинжлэх ухааны үндэслэл бүхий тусгай үйл ажиллагаа шаардагддаг юм байна. Үүнээс өөр хүчин зүйлс ч бий. 

-Мэдээж. Мод тарихаас гадна зүлэгжүүлнэ, цэцэрлэгжүүлнэ, дизайн, ландшафтын хэлбэрт оруулах, усан оргилуур, амрах сандал гэх мэт хүний алжаалыг тайлж, таашаал өгөх цогц орчныг бий болгож байж л ногоон байгууламжийн төгс төгөлдөр хэлбэр гарч ирнэ. Түүнээс биш мод бүхэн сайн, маш их хүчилтөрөгчийг ялгаруулж, нүүрсхүчлийн хийг шингээдэг  гэнэ гээд л янз бүрийн мод авчраад утга учиргүй тарих нь чухал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Эхлээд шилмүүст модоо тарилаа. Дараа нь навчист, сөөг модоо тарьж өгнө. Сөөг тарихдаа зүгээр л нэг шар хуайс, хайлаас тарих нь чухал биш. Гоё цэцэглэдэг, сайхан үнэртэй, хүмүүст таашаал өгөх моддыг сонгох хэрэгтэй. Гэхдээ бас замын хашлага маягаар хайлаас, шар хуайсыг тарьж болно. Хамгийн гол нь эдгээр моддыг ямар хэлбэртэй тарих вэ гэдэг нь бас тусдаа  асуудал.


Модыг суулгачих л юм бол өөрөө ургачихна гэвэл эндүүрэл шүү. Хамгийн чухал нь арчилгаа. Нэгдүгээрт услах, хоёрдугаарт модоо хэлбэржүүлэх, гуравдугаарт модондоо шуулт хийж өгөх хэрэгтэй. 

-Ийм цогц арчилгааг хийж байж эрүүл, зөв хэлбэртэй модод ургадаг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Яг л жаахан хүүхэд шиг асарч, халамжлах хэрэг гарч ирж байгаа биз. Тарьсан модоо өөрийн хүүхдээ гэж бодож, арчилж байгаарай гэж би оюутнууддаа хэлдэг юм. Хүн хүүхдээ хайрлаж өсгөдөг шиг модыг хайрлаж ургуулах ёстой. Мод амьтай. Биднийг ямар хандлага гаргаж байгааг шууд мэдэрнэ. Би насаараа модтой харьцаж яваа хүн. Модыг хайрлах тусам сайхан ургадаг.

-Ер нь монголчуудын экологийн боловсролын түвшин хэр вэ. Та багш хүний хувьд энэ талаар тусгайлан судалж байсан болов уу?

-Хүмүүсийг хашаандаа мод тариач гээд л байдаг. Яг үнэндээ ногоон байгууламжийн тухай анхан шатны мэдлэггүй хүмүүс хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй байгаа шүү дээ.  Тиймээс эхлээд хүмүүст ногоон байгууламжийн тухай анхан шатны ойлголт өгөх хэрэгтэй.  Бүр багаас  нь өгвөл их зүгээр. Цэцэрлэгийн наснаас нь л мод гэдэг зүйл ийм ач тустай гэдэг талаар жаахан, жаахан мэдлэг өгөөд явахад болох шүү дээ. Энэ тийм хүнд ажил биш л дээ. Хүүхэд бол их сийрэг, ойлгоё, мэдье гэсэн сэтгэлтэй байдаг. Ердөө л навчит, шилмүүст модод нь навч, шилмүүснийхээ амсраар хотын утааг шүүж байдаг юм аа гэдэг бяцхан ойлголтыг өгчих хэрэгтэй. Энэ чинь л мод, сөөг, цэцэг навч тарих хүслийг нь бадраагаад өгнө л дөө. Тийм хэцүү ажил биш байгаа биз. 

-Ногоон байгууламжийн тухай мэдлэг олгох үйл ажиллагаа хэр явагдаж байгаа юм бол?

-Саяхан 1000 сургагч багш бэлтгэх үйл ажиллагаа зохион байгуулсан. Бид очоод хичээл заагаад явж байхдаа мод гэдэг чинь ийм учиртай, модыг ингэж тарьж ургуулна гээд л яг стандартынх нь дагуу сургалт явуулаад ирсэн. Энгийн хүмүүс бол мод гэж юу юм, үрээ хаанаас түүх, яаж үрлэдгийг нь ч мэдэхгүй байна шүү дээ. Тиймээс анхан шатных нь ойлголтыг өгөхөд л аягүй хөөрхөн мэдлэгтэй болоод ирдэг байхгүй юу. Мэргэжлийн хүнээс заавар, зөвлөгөө аваагүй хүмүүсийг шууд мод тарь гэдэг  буруу. Нүдээ боож байгаад нум сум харвахаас ялгаа юу байна.  Тэгэхээр бодох л хэрэгтэй.

-Мод тарьж, ургуулж, арчлахаас илүү манайхны анхаарал хогны асуудал дээрээ төвлөрөөд байдаг...

-Тиймэрхүү зүйл анзаарагддаг. Дээхэн үед янз бүрийн хурал цуглаанд сууж байхад ерөөсөө ногоон байгууламжийн асуудлыг биш хогны асуудлыг ярьсаар байгаад дуусдаг байлаа. Арга ч үгүй биз дээ. Гэхдээ бид хогоо цэвэрлэхээс гадна дэргэдэх мод, сөөгөө услах, арчлах, бордох ажлуудыг орхиж болохгүй. Үүнийгээ л зөв гольдролд нь оруулахгүй бол манай хотын ногоон байгууламжийн өнгө үзэмж цаашдаа сайжрахгүй ээ. Манай хотын ногоон байгууламж харахад их бараан өнгөтэй байгаа биз. Тарьсан модоо ерөөсөө арчилж, сайхан ургаж, цэцэглэх боломжийг нь бий болгодоггүй учраас тэр шүү дээ. 

-Мод тарихдаа анхаарах чухал зүйлсийн нэг бол хөрс. Гэтэл манай хотын хөрсний бохирдлын хэмжээ мөн л аюулын харанга дэлдэж байгаа?

-Улаанбаатар хот маш их хөрсний бохирдолтой. Жил бүр мод тариад үхүүлчхээр шимт хөрсүүд нь алга болчихдог юм л даа. Тиймээс шинээр хөрс бий болгож байж тарих хэрэгтэй байхгүй юу. Зүлэгжүүлэхдээ талбайгаа сайхан гишгэж хагалаад, шинээр хөрс бэлдэж байж модоо тарих хэрэгтэй. Гэтэл одоо манайд хотын гудамжинд мод тарихад гэр хорооллын бохирдол ямар байгаа билээ. Бороо орно, үер болно. Хөрсний доогуур ямар их бохирдолтой ус урсаж байгаа билээ. Тэгэхээр хөрсөө маш сайн шинэчлэх хэрэгтэй. Ингэж байж л мод, сөөг ургана. Түүнээс биш хуучин нүхийг нь дээрээс нь жаахан ухаад л мод тариад байх юм бол тэр мод хэзээ ч зөв ургахгүй. 

 -Ямар зүйлийн модыг хаана тарихаас шалтгаалж үр шим нь илүү өгөөжтэй байдаг уу?

-Хэрэв зам дагуу мод тарьж байгаа бол хоёр, гурван эгнээ тарих ёстой байдаг байхгүй юу. Нэг эгнээ мод тариад л боллоо гэж үзвэл тэр чинь дуу чимээ, тоос шороог багасгахгүй. Ямар модыг сонгож хаана тарих уу, өндрийг нь хаана байрлуулах вэ гэдэгт хүртэл стандарт бий. Ер нь бол шатарчилсан маягаар нягт тарьж өгөх ёстой. Энэ нь дуу чимээг багасгана, тоос шороог шингээнэ, дээр нь үзэмжит байдал нэмэгдэнэ. Хоёрдугаарт, манайханд улирлаасаа хамаараад усалгааны асуудал их чухал байгаа юм л даа. Уг нь бол бохир усаа цэвэршүүлээд түүгээрээ модоо услаад, усан оргилуур бий болгоод хаа сайгүй чийг сайн өгч байх юм бол зүгээр л дээ. Мод тарилаа усаллаа, орхилоо. Ерөөсөө шинэ мод авчраад тарьж байгаа тохиолдолд бол  эхний сард хангалттай услах хэрэгтэй. Тэгж байж сая үндэсний систем, хөрс хоёр нь бэхжиж үндсээрээ шим тэжээлийн бодисоо аваад ишээрээ титэм рүүгээ дамжуулж мод маань ургадаг юм.


-Манай хотынхны хамгийн дургуй мод улиас болоод байна...

-Тийм ээ. Сүүлийн үед улиас гэдэг модыг бага тарих асуудал гарч ирээд байгаа шүү дээ. Яагаад гэвэл социализмын үед тарьсан энэ мод чинь цагаан хөвөн хаяад л хүмүүсийн дургүйг жигтэйхэн хүргээд байхгүй юу. \Инээв\ Энэ нь үрээ хаяж байна гэсэн үг шүү дээ. Эм улиаснаас үр цацаад байгаа юм. Эр улиасыг нь тариад өгчих юм бол цагаан хөвөн хаяхгүй. Сүүлийн үед эр улиаснаас мөчир бэлдээд мод үржүүлгийн газарт тарьж ойжуулаад ногоон байгууламжид шилжүүлж байгаа. Тэгээд эр, эм дээр нь тэмдэглэгээ хийгээд судалгааны ажил явуулж байна. Тэр улиасыг 60-70 нас хүрэхээс нь өмнө буюу залуу байхад нь хэлбэржүүлэлт болон тайралт, таналт хийгээд байх юм бол үр хаялт нь бага байдаг. 

-Олон хэрэгтэй мэдээллүүд сонслоо. Та оюутнууддаа хандаж юу хэлмээр байна. Мэдээж таны шавь нар унших байх...

-Би хичээл зааж байхдаа, лекцэн дээрээ ч оюутнууддаа залхтал нь хэлдэг л дээ. \Инээв\ Гэхдээ  150 хүүхэд бүрт тулж ажиллана гэдэг худлаа. Их сургуулийн багш бол чиглүүлэгч хүн шүү дээ. Багш нь та нарт ямар байгааг сайн ойлгож байна. Юм бүхний эхлэл нь үргэлж хэцүү байдаг. Тэр үеийг л давчих юм бол болоод явчихна даа. Өглөө босох хэцүү. Лекц нойр хүрмээр уйтгартай нь ч үнэн шүү дээ. Гэхдээ бүх юм гоё, амархан байх аваас  үнэ цэнгүй болчихно. Үүнийг л миний хүүхдүүд ойлгох хэрэгтэй. Хүн болж төрсөн бол хүний дайтай сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Сайхан амьдрал амар хялбараар хэзээ ч олдохгүй. Чиний ирээдүй чиний гарт л бий шүү. Ингэж л хэлье дээ.

Ярилцсан | Х.Наранжаргал

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Даваадулам

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав