Богд Хааны Ордон музейн зүгээс Улсын их баяр наадмыг тохиолдуулан “Сахиус догшдын бүжиглэл, Хорин нэгэн дара эхийн чуулган” үзэсгэлэнг нийтэд толилуулжээ. Музейн хоёр өрөөнөөс бүрдсэн “цам”-ын үзмэрийг Богдын хөмрөгөөс гарган олон нийтэд дэлгэсэн нь уг үзэсгэлэн юм. Цам гэдэг бол “чам” гэсэн төвд үг. Бурхны шашны бага таван ухааны нэг “дуурайл бүжиг” буюу бүжиглэхүйн урлагт цам багтдаг.
Цамд эрлэг Дамдин Чойжоо гэдэг Ямандаг бурхны хувилгаан дүр байдаг. Үүнийг дагасан 21 зарлага элч буюу, сахиус догшдын бүжиг цамд гардаг учраас үзэсгэлэнгийн нэрийг “Сахиус догшдын бүжиглэл” хэмээн оноожээ.
Дээр дурдсанчилан үзэсгэлэн хоёр танхимаас бүрдсэн. Их өргөөнд Өндөр гэгээний өөрийн мутрын хийцийн 21 дара эх байрлажээ. Эдгээр дара эх нь өөрийн гэсэн 21 өөр зан араншин, онцлог шинжтэй. Удаах өрөөнд Жахар цамд зориулан урласан уран нарийн хийцтэй сахиус догшдын өмсгөл, зүүсгэл, танка зураг зэрэг 100 орчим өмсгөлүүдийг дэлгэн үзүүлжээ.
Энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь Даншиг наадамд зориулан цамын үзмэрүүдийг олон нийтэд таниулах юм. Учир нь Жахар цам, Даншиг наадам хоёр бол нэг зоосны ар, өвөр тал болсон салшгүй үйл явдлууд болж түүхэнд үлдсэн. Даншиг бол Өндөр гэгээн Занабазарыг Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй наадам. Тиймээс Их хүрээний гол баяр байсан. Харин 1811 онд IV Богд “Жахар” цамыг анх гаргаж Даншиг наадамд оруулсан түүхтэй.
Их хүрээнд гардаг байсан цамыг “Жахар цам” гэнэ. “Жахар” нь “Төмөр хот” гэсэн утгатай учраас эрлэгийн цам болдог. Жахар цам нь 21 шанаг, 21 догшид, дөрвөн уулын савдаг, дөрвөн азар, Цагаан өвгөн, Дитогжад гэсэн дүрүүдтэй. Эдгээр дүрүүд бол бурхны шашинтай бусад орны цамаас ялгарах гол онцлог болж байдаг юм. Учир нь бурхны шашинтай бусад улсад байдаггүй дүрүүд билээ.
Музейн зүгээс энэ жилийн наадамд зориулан урьд өмнө хэзээ ч дэлгэгдэж байгаагүй үзмэрүүдийг гаргасан байна. 1926 оноос хойш хадгалсан нэгэн үзмэрийг анх удаагаа гарган тавьжээ. Уг үзмэр нь зөвхөн хүрээ цамд зориулан урласан “зээгт наамал” юм. Мөн анх удаагаа Жахар цамын монгол дүр Лхачинцэрэн гэх Цагаан өвгөний иж бүрэн өмсгөл, хувцсыг хөмрөгөөс гарган дэлгэжээ. Торгон дээл, эрх, зүүн гартаа барьдаг урт насыг бэлгэдсэн таяг, барын арьсан гутлыг гарган үзүүлж буй нь тус үзэсгэлэнгийн онцлох үзмэр болж байна.
Дашрамд хэлэхэд үзэсгэлэн энэ сарын 17-ыг дуустал дэлгэгдэх бөгөөд ямар нэгэн үнэ төлбөргүй үзэх боломжтой.
А.Даваадулам