Соёлын сайд Ч.Номин манай асуултад хариулж байна. Тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын соёлын есдүгээр форум”-д оролцох үеэрээ Ноён уулын олдворуудыг Монгол Улсад гэрээ ёсоор эргүүлэн өгөхийг хүссэн төдийгүй, ОХУ-ын улсын Соёлын сайд, Эрмитажийн захирал нартай уулзаж соёлын өвүүдээ эргүүлэн авах талаар тодорхой байр суурь илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Соёлын яамнаас “Дэлхийд тархсан Монгол Соёлын өв” хөтөлбөрийг хэрэгжүүлж буйгаа мэдэгдээд тус ажлын хүрээнд ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын соёлын баримтат өв, түүхийн эх сурвалж, архивын баримт, үнэт олдворуудыг эх орондоо буцаан ирүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалсан билээ. Түүний хийсэн энэхүү алхам үнэхээр анхаарал татахуйц үйл явдал болж өнгөрсөн юм.
-Соёлын өвүүд, түүн дотроо биет болон биет бус өвүүдийн тухай үнэндээ одоо л олон нийт ялгаж, салгаж мэддэг болж байна. Судлаад байхад нарийн асуудлууд их байх юм. Энэ удаа би таны хойд хөршид хийсэн айлчлалын талаар асуух гэж ирлээ. Манай улс хойд хөрштэйгөө эд өлгийн шинжтэй олон асуудлуудтай явж ирсэн. Үүнийг яривал бидний цаг хүрэлцэхгүй. Сая та Оросын талаас тодорхой үнэт зүйлсийн талаар том акц хийж, бараг шууд утгаар зарим зүйлийг нэхлээ. Энэ асуудлын талаар сонирхож явна. Ер нь юу болов, тэд яаж хүлээж авч байх юм?
-ОХУ-ын Эрмитажийн музейд манай монголтой холбоотой маш олон үзмэрүүд бий. Гэхдээ ямар эх сурвалжаар, яаж тэнд очсон нь тодорхой бус байдаг. Зарим нэг дээр нь тодорхой бус газраас, тодорхой бус цаг хугацаанд, яаж ирсэн нь мэдэгдэхгүйгээр манай музейд ирсэн гэж бичсэн үзмэр ч бий. Гэхдээ манай улсаас баримт нотолгоотой авч гарсан хоёр хэсэг бүлэг зүйл байгаа. 100 жилийн өмнө Оросын нэрт археологич П.К.Козлов манай улсад Монгол-Төвдийн хамтарсан экспедицийг их өргөн цар хүрээнд хийсэн. Энэ үеэр судар бичгийн хүрээлэнтэй байгуулсан гэрээний дагуу шинжлэн судлаад, Монголын талд эргүүлэн өгөх нөхцөлтэйгээр Орос руу авч гарсан Ноён уулын олдворуудын асуудал байгаа. ОХУ-д судалж, сэргээн засвар хийгээд буцааж өгнө гээд тухайн үед гаргасан. Энэ үеэр 3600 гаруй олдвор нь гаалийн бичигтэй гарсан байдаг.
-Гаалийн бичиг ээ. 100 жилийн өмнө үү ?
-Тийм ээ. Тухайн үед манай тал гаалийн бичгийг маш сайн бүрдүүлж гаргасан байсан. Энэ хэсэг олдворууд бол дээр дурдсан хоёр хэсэг зүйлсийн нэг хэсэг нь юм. Хоёр дахь нь Хархорум хотын туурийн олдворууд. Тэндээс олдсон олдворуудаас тодорхой зүйлүүд нь хилээр гарсан. Гэхдээ мөн л яг яаж гарсан нь тодорхойгүй, гаалийн бичиг байхгүй. Би сайдын ажилд томилогдсон даруйдаа эрдэмтэн судлаачидтайгаа хамтран энэ ажлыг эхлүүлсэн. Ийнхүү судлаад явахад бичиг баримт асар их дутагдалтай байсан. Сүүлийн жил хагасын турш баримт бичгийн судалгаа хийж, хил давж гарсан олдворуудынхаа листийг эхлээд тодорхой болгосон. Тэгээд Ноён ууланд малтлага хийсний 100 жилийн ой болохтой холбогдуулан энэ ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг заавал хийх ёстой юм байна гэж үзээд шийдвэр гаргасан. Олон улсын соёлын форум ОХУ-ын Санкт-Петербург хотод болдог. Үүнтэй энэ бүх ажлаа уялдуулж, зохион байгуулах нь зөв гэж үзээд бэлтгэл ажлыг эхлүүлсэн юм. Мэдээж манайд суугаа ОХУ-ын Элчин сайдад энэ асуудлаар олон удаа санал тавьж уулзсан. Гэхдээ төдийлөн үр дүнтэй болоогүй. Хоёр талын томоохон айлчлалуудаар ч бидний ярианы сэдвүүдэд байнга энэ асуудлыг оруулдаг. Ерөөсөө ахиц гарахгүй байсан. Үнэндээ манай дотоод талд ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй, энэ очоод аваад ирэх вий дээ гэсэн юм шиг хачирхалтай үйлдлүүд маш их гардаг юм байна. Би зарим тохиолдолд “Та нар юм аа авмааргүй байгаа юм уу” гэж хүртэл асууж байсан. Ингэж хэлэхээр эсрэг үйлдлүүд хийх тохиолдол ч гардаг. Материал цуглуулах ажил гэхэд маш төвөгтэй нөхцөл байдлуудтай тулдаг. Ийм зүйл хийж яах гээд байгаа юм, шаардлагатай юм уу, хэрэггүй шүү дээ гэхтэй их таарсан. Бид ОХУ-д очоод дөрвөн арга хэмжээнд орсон. Нэгдүгээрт, Эрмитажид орж сан хөмрөгтэй нь танилцсан. Дараа нь олон улсын соёлын форумд би үг хэлсэн. Дэлхийн улс орнууд бие биенийхээ өв соёлыг хүндэтгэн үзэх ёстой. Ямар нэгэн байдлаар аль нэгэн улсын хилийг хууль бусаар даван гарсан тохиолдолд буцаан өгөх ёстой гэдгийг сануулан, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж туслалцаа үзүүлэхийг уриалсан. Дараа нь ОХУ-ын Соёлын сайдтай уулзсан. Соёлын сайдтай уулзахдаа би шууд л хэлсэн. Манай соёлын өвүүд танай нутаг дэвсгэр дээр байгаа. Хамтарсан баг гаргаж ажиллах хүсэлтэй байна. Танайд байгаа тэдгээр соёлын өвүүдээ буцааж монгол руу оруулах тал дээр бидэнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна гэдэг байр сууриа илэрхийлсэн. Бүртгэл тооцоогоо бүгдийг нь аваад очсон.
-Жаахан цочирдсон болов уу. Ер нь ямархуу байр байдалтай байх юм ?
-Анх удаа ийм зүйл сонсож байна гэдэг байдлаар л надтай ярьсан. Үнэхээр гайхсан байдалтай. Манай Монголын ард түмний хувьд эдгээр эд өлгийн зүйлсээ Орос руу 100 жилийн өмнө яваад буцаж ирээгүй гэж үздэг. Тэгэхээр эдгээр эд өлгийн зүйлсийг бид нар буцааж Монголдоо авчрах ёстой гэж үзэж байна. Мэдээж ийм түвшний асуудал тодорхой баталгаа, нотолгоотой байх ёстой. Манайд тухайн үед хийгдсэн гэрээ, бичиг баримтууд нь байна гээд асуудлаа тун тодорхой тавьсан. Нөгөө талаас “Бид судалж шинжлэх хэрэгтэй, учир нь бидэнд энэ мэдээлэл алга” гэх байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ очихоосоо өмнө би ОХУ- руу албан ёсоор бичиг явуулсан байсан. Манай улсын соёлын үнэ цэнтэй өв болох үнэ цэнтэй эд зүйлс танайд байна. Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсье гэх агуулга бүхий бичиг л дээ. Хэд хэдэн удаа Монгол Улсад суугаа ОХУ- ын Элчин сайдтай энэ асуудлыг тавьж уулзсан учраас Соёлын сайдыг нь мэдэхгүй байна гэж бодоогүй. Хамгийн сүүлд ОХУ-ын элчинтэй уулзахад их гайхаж хүлээн авч байсан. Шинэ Элчин сайд нь. Тэгээд мөн л ахин энэ тал дээр хамтарч ажиллах саналыг тавьсан. Тийм болохоор мэдэж байгаа гэх байр суурьтай очсон. Гэвч нөгөө тал мэдээлэл багатай байгаа нь ойлгомжтой байсан. Тийм учраас димпломат харилцааг хүндэтгэх үүднээс хоёр улсын талаас хамтарсан ажлын хэсэг гаргаад ажиллая гэх хүсэлтийг тавьсан л даа. Дараа нь Эрмитажийн захиралтай уулзсан. Мөн ялгаагүй саналаа тавьсан. Энэ үеэр төлөвлөсөн ёсоор Ноён уулын малтлага хийсний 100 жилийн түүхэн ойн эрдэм шинжилгээний хурал болсон.
Энэ эрдэм шинжилгээний хурал дээр монгол болон дорно дахиныг судлаачид гээд Монголыг судалдаг маш олон эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн байсан. Эдгээр эрдэмтдийн өмнө бид нар тус мэдээллээ хийх нь маш их чухал байсан учраас би илтгэл дундуур нь гарч үг хэлсэн. Бид Ноён уулаас олдсон олдворуудаа эх орондоо буцаж ирэх ёстой олдворууд гэж үзэж байгаа. Монголын ард түмний хувьд ч энэ маш чухал зүйл учраас эдгээр зүйлсээ буцааж авахыг хүсдэг юмаа гэдэг байр сууриа тэр индрээс илэрхийлсэн.
Гэхдээ миний баримталж байгаа гол байр суурь юу байсан бэ гэхээр Ноён уулаас олдсон олдворууд бол дан ганц соёлын өв гэхээсээ илүү энэ бол нэгэн цаг хугацааны түүхийг хадгалж байгаа, тэр дундаа 2200 жилийн өмнөх Хүннү гүрний түүхийг хадгалж байгаа олдворууд гэдгээрээ бидний хувьд маш чухал. Дээрээс нь манай иргэдийн хувьд зөвхөн соёлын өв гэхээсээ илүүтэйгүүр түүхэн агуулгаараа асар үнэ цэнтэй зүйл учраас хэн нэгэн үүний төлөө явах ёстой гэж би үзсэн. Бид нар олон жил Соёлын яамгүй байсан шүү дээ. Дээрээс нь өмнөх цаг үеүдийн туршид үргэлжилсэн улс хоорондын янз бүрийн харилцаанаас болоод энэ асуудлыг гаргаж ирж байгаагүй байж болно. Гэхдээ одоо бид нар юуны төлөө Соёлын яамтай болсон билээ. Соёлын яамны үндсэн бодлогуудын нэг нь соёлын өвөө хадгалан хамгаалах, дэлхий дахинд байгаа соёлын өвөөрөө дамжуулан улс орноо таниулан сурталчлах ажлуудыг хийх. Тийм болохоор Монголоос гараад эргэж ирээгүй үнэ цэнтэй соёлын өвүүдээ буцааж төвлөрүүлэх ёстой гэдэг байр суурин дээр очсон. Үүнийхээ төлөө ажиллаж байна.
-Ноён уулын олдворуудын насжилтын талаар танд шинээр сонссон баримт байгаа юу. Дурьдвал тэнд манай юу юу байгаа бол ?
-Ноён уулын малтлага хийх үед өвөл байсан юм билээ. Өвөл хийсэн учраас их хүйтэнд явагдсан. Буцаж хоёр гурван удаа дахиж ирсэн байдаг. Хамгийн гол нь өвөл хийсэн малтлага учраас гаргаж ирсэн өвүүдээ шууд шороотой нь аваад явсан. Том том, Хүннүгийн үеийн хаад, язгууртны булш байсан. Тэр үед хаадыг оршуулахдаа дагалдах хэрэгсэлтэй нь, маш өргөн цар хүрээтэй, тусгай ёс жаягтай оршуулдаг байсан. Булшин дор нь тавьдаг хивснээс эхлээд хувцас хэрэглэл гээд цөм байгаа. Хувцас хэрэглэлийг нь загварын хувьд одоогийн бөөгийн хувцастай арай илүү ойр гэж эрдэмтэд хэлдэг. Манай эрдэмтэд бол энэ талаарх судалгаа шинжилгээг хангалттай хийчихсэн. Энэ судалгаагаа хэд хэдэн ном болгоод гаргачихсан. Эрмитажид байгаа Монгольн өвийн тухай дөрвөн ном гарсан. Бурхан шашны холбогдолтой олдворуудаас юу юу байгаа юм, Хүннүгийн үеийн олдворуудаас мөн юу юу бий вэ гээд бүгдийг нь гаргаад ирчихсэн. Би Монгол Улсын төрийг төлөөлөөд явж байгаа сайд хүний хувьд баримт нотолгоогүй юмыг нэхэх нь учир дутагдалтай учраас надад байсан хамгийн нотолгоотой зүйл болох Ноён уулын малтлагаас гарсан эд өлгийн зүйлсийг барьж байр сууриа илэрхийлсэн. Дараагийн бодитой зүйл нь Хархорум хотын тууринаас олдсон олдворууд. Гэхдээ эхлээд хамгийн чухал нь бид өөрсдөө ойлголтоо нэгтгэж ажиллах нь л чухал. Энэ асуудал үргэлжлээд нэлээн урт удаан хугацааны процесс болохоор харагдаж байна.
-Энэ бол маш эмзэг сэдэв гэдгийг тооцож ажиллах ёстой байх л даа.
-Манай Монголчууд бүгд оросоор ярьдаг. Оросын соёлыг ойлгодог байсан бол бидний үеэс эхлээд саарсан. Манай шинэ үеийнхэн орос хэлийг бага эзэмшсэн. Очоод нэгдүгээрт, орос хэлээр ярихгүй. Хоёрдугаарт, өмнөх түүхийг нь арай бага мэддэг, илүү баруунжсан хүн ирээд бид нар соёлынхоо өвийг авах хүсэл сонирхолтой байна гэдэг байр суурийг илэрхийлэхэд тийм тааламжтай байгаагүй болов уу гэж би бодож байна. Уулзалтад оролцсон хүмүүсийн биеийн хэлэмжээс ч тодорхой зүйлс харагдсан. Нэн ялангуяа Эрмитажийн захиралтай хийсэн уулзалтын үеэр. 30 гаруй жил захиралаар нь ажилласан тэр хүнд хачирхалтай санагдах шиг болсон.
-Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Пиотровский бол алдартай хүн. Энэ асуудлыг нухацтай бодох болов уу ?
-Өмнө нь аав нь захирлаар ажиллаж байсан гэсэн. Тэнд байгаа, бусдад хамгийн их хүндлэгдсэн эрдэмтэдийн нэг. Тэр хүний хувьд үнэхээр сонин мэдрэмж төрсөн болов уу. Манай эрдэмтэн судлаачид хоорондоо маш тааламжтай харилцаатай, харилцан мэдээллээ байнга авдаг түвшинд байхад Соёлын сайд нь ирээд ийм асуудал хөндсөн нь тийм тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа нь мэдэгдэж байсан. Эрмитажийн захирал “Бид нар энэ асуудлыг бүр эцэслэсэн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, бид нар эрдэм шинжилгээний байгууллага. Хоёрдугаарт, бид нар энэ асуудлыг аль хэдийн эцэс болсон асуудал гэж үзэж байна. Энд бүх юм аа өгөхийг өгөөд, үлдэх нь үлдсэн гэж үзэж байна” гэж хэлсэн. Би бол Орос улсын хувьд тэгж үзэж байж магадгүй харин Монгол Улсын ард иргэдийн хувьд арай өөр үзэл бодолтой байгаа. Ингэж үзэж байгаа бол бид хоёр талаасаа баг гаргаад, яг энэхүү бодитоор хадгалан үлдсэн баримт бичгийн түвшинд харилцан судлаад эцэслэвэл ирээдүйн харилцаанд маань ч энэ эерэгээр нөлөөлөх болов уу. Өнөөдрийн байдлаар бол дэлхий дахинд ч Монголын соёлын өвийг Эрмитаж судалгаа шинжилгээний журмаар аваад буцааж нутагт нь өгөөгүй гэдэг бодолтой байдаг. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх нь зөв гэдэг байр суурийг илэрхийлсэн. Михаил Пиотровский миний энэ байр суурийн хариуд “ойлголоо” гэж л хариулсан.
-Одоо таны дараагийн нүүдэл юу вэ ?
-Одоо үүнээс илүү зүйл яримааргүй байна. Би дахиад албан ёсоор саналаа тавина. Бид нар олон газруудтай холбоо тогтоосон байгаа.
-Амжилт хүсье. Та маш чухал, маш эмзэг асуудлыг гаргаж тавьсан байна.
-Асуудал дөнгөж эхэлж байна.
-Тантай нэгэнт уулзсаных нэг зүйлийн талаар тодруулмаар байна. “Тамгагүй Төр” жүжгийн Англи улсад хийж буй тоглолтод зориулж танай яамнаас ямар нэг байдлаар төсөв зарцуулсан уу. Энэ талаар маш их хардлага явж байгаа учраас асууж байна л даа.
-Би өмнө нь ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн. Ахиад хариуцлагатайгаар хэлэхэд энэ жүжигт Монгол Улсын Соёлын яамнаас ямар ч төсөв гаргаагүй.
-Тэдний амжилтын талаар та юу хэлэх вэ?
-Соёлын сайд хүний хувьд монгол өв соёл, монгол урлаг, уран бүтээлчдээ бүх талаар нь дэмжих ёстой. Би “Монгол хаан” жүжгийг юу гэж харж байна гэхээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тод томруун жишээ болон гарч ирлээ гэж харж байгаа. Монголын урлаг дэлхийн тайзанд ойрхон болж байна гэж харж байна. Энэ бол манай салбарт гарч байгаа маш том алхам бөгөөд тайзны урлагийг нэг алхам дэлхийтэй ойртуулж байгаа явдал. Бид нар дэлхийд монгол гэдэг нэрээрээ л яригдана. Дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлье гэж үнэхээр хүсэж байвал бид хоорондоо нягтарч байж гадагшаа өрсөлдөнө. Нэг нэгийгээ нугалж, хугалж биш нэгдэж нягтарч байж урагшилна.
-Өвөрмонгол яагаад “Монгол хаан”-ыг тоглуулахаас татгалзсан юм бол ?
-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Төслийн удирдагч Б.Баатараас асуух асуулт болов уу. Энэ талаар надаас олон улсын хэвлэлүүд маш их асуусан. Би Англид очихдоо хэд хэдэн хэвлэлүүдтэй уулзсан. Хувийн хэвшлийн асуудал болохоор бид нар шууд оролцох боломжгүй.
-Монголд соёлын бодлогын сэргэлт асар хурдан явагдмаар байна. Мэдээж бидэнд бүх юм гэрлийн хурдаар явагдах боломж хомс байгаа ч гэсэн.
-Тийм ээ, 30 орчим жил орхигдчихсон бодлого шүү дээ. Гуравхан жил өөрийн гэсэн яамтай байгаа. Гэсэн ч бид 30 жил орхигдсон бодлогыг гурван жилийн дотор нөхөж авах гэж маш их хичээж, идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа. 30 орчим жил орхигдсон байсан гэдэг энэ үгээ би зүгээр л төсвийн санхүүжилтээр хэлье л дээ. Анх ажил авахад 44 тэрбум төгрөг хүрэхгүй үгүйтэй яам авч байсан. Тэр нь цалиндаа чадан ядан хүрээд л байж байдаг. Би өнөөдөр 400 тэрбумын төсөвтэй болгоод хүмүүст адлуулаад байж байгаа байхгүй юу. Гэхдээ энэ 400 тэрбум төгрөг нь нийт Монгол Улсын төсвийн зарцуулалтын 1.4 хувийг л эзэлж байгаа юм шүү дээ. Монгол Улсын төсвийн зарцуулалтын 1.4 хувь. Мэдээж хүн өлсөхгүй, цангахгүй, эрүүл байх ёстой. Гэхдээ оюун санаагаа эрүүл байлгахын төлөө 1.4 хувийг зарцуулахгүй гээд бодохоор тун харамсалтай байгаа биз дээ.
-Соёлын салбар орон нутагт боловсон хүчний хомсдолд орсон. Ганц нэг залуучууд мэргэжлийн сургуулийг нь төгсөөд ажиллая гээд очихоор соёлын байгууллагад гурван жил ажилласан бол та сумын соёлын төвийг удирдана гэх мэт тушаал гаргачихсан байдаг. Зарим салбар хөдөө ажиллаж амьдрах гээд очсон залуучуудыг урамшуулан дэмжиж байхад та нар яагаад ийм босго гаргаж ирж тавьж байгаа юм бэ. Сумдын соёлын төвүүд зүгээр л урлагт дуртай, сайхан сэтгэлтэй хүмүүсийн сэтгэл дээр л явж ирлээ шүү дээ. Мэргэжлийн байх нь бүр дараагийн асуудал болчихсон.
-30 жил орхигдсоноосоо болоод энэ салбарт үүссэн хамгийн том асуудал юу болсон гэхээр таны хэлж байгаа боловсон хүчний асуудал гарч ирсэн. Хоёрдугаарт, дэд бүтцийн асуудал тулгарсан. Яасан бэ гэхээр социализмын үед сайн ч юм байсан, муу ч юм байсан байх. Гэхдээ сайн юмных нь нэг нь иргэдийг ялгахгүй, тэгш хүртээмжтэй, хүнийхээ хөгжлийн төлөө байгуулсан нэг юм нь соёлын салбар байсан. Сумын төв болгоныг соёлын төвтэй болгосон байна. Хүмүүс соёлын төвийн агуулгыг өнгөцхөн юу гэж хардаг вэ гэхээр зүгээр нэг урлагт зориулсан тайзаар төсөөлөөд байдаг. Би өөрөө магадгүй ийм ойлголттой л хүмүүсийн нэг байсан байх. Хотын төвд өссөн. Яг сайд болоод харахад тухайн орон нутагт хүмүүс амьдарч байгаа. Тэр хүмүүс соёлыг тэгш хүртэх эрхтэй. Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Тэгэхээр тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүст тэр соёлын төв нь хамгийн чухал зүйл нь. Соёлын бүх арга хэмжээнүүд нь болж байдаг, хамгийн амьд байгууллага нь байдаг гэдгийг ойлгохгүйгээр бид нар хотын төвөөс шүүгээд байдаг. Суманд соёлын төвөөр яадаг юм гээд л. Яг тухайн орон нутагт нь амьдарч үзээгүй, тухайн соёлын төвөөс нь үйлчилгээ авч үзээгүй хүмүүс холоос шүүмжлэх, шүүх эрхгүй гэж бодож байна. Магадгүй Улаанбаатарт байгаа хүмүүс соёлын үйлчилгээгээр дутагдахгүй байж магадгүй. Гэтэл орон нутагт сумандаа ганцхан байдаг, тэндээ л олон нийтээрээ цуглаж болдог, нийгмийн хөгжлийг, нийгмийн харилцааг бий болгож байдаг газар нь соёлын төв юм. Үүнийг тэд социализмын үед ойлгож, олж хараад төр нь хийж өгсөн байна. Тэнд номын сан, хүүхдүүдийн дугуйлан, секц ажилладаг. Сургуулиас гадуур өөрсдийнхөө чөлөөт цагаа өнгөрөөх ганцхан том төв нь соёлын төв нь шүү дээ. Төвөөс томоохон хэмжээний дэлгүүрүүд очоод тэнд худалдаагаа хийдэг. Электрон бараа сумын төвд зарах гэхээр худалдаа хийх томоохон газар байдаггүй. Соёлын төвдөө хийдэг. Би соёлын төвийг нийгмийн харилцаа үүсгэдэг төв нь гэж харж байгаа. Хүнийг хүн байлгадаг зүйл бол соёл, хүний харилцаа. Тэрийг бий болгож байгаа зүйл нь соёлын төв нь. Бид үүнийг ойлгох хэрэгтэй. Энэ ч утгаараа хоёр зүйл дээр таны хэлсэнтэй санал нэг байна. Энэ 30 жилийн хугацаанд боловсон хүчний бодлого алдагдсан. Энэ үнэн. Бид өмнө нь бодлогоор хүмүүсээ бэлддэг байсан байна. Бодлогоор хөрөнгө оруулаад соёлын байгууллагуудыг барьж байгуулсан байна. Бодлогоор хүмүүсээ олон улсад сургаж байсан байна. Гэтэл бид энэ бүхнийг хөсөр хаяад 30 жил явчихсан. Магадгүй өнөөгийн бидний нүүр тулж байгаа ухамсрын доройтол, оюуны ядуурал, нийгмийн харилцаанаас алсарсан хүмүүс энэ бүхний золиос байх.
Одоогийн бидний хийж байгаа сэргэлтийн бодлогын үр дүн дараагийн 20 жилд гарч ирэхээр ийм олон жилээр үр дүн нь гарч явдаг салбар. Өвдсөнийх нь дараа эмчлэх бол маш хүнд. Үнэхээр сэтгэл зүтгэлээрээ явж байгаа хүмүүсийн нуруун дээр орон нутгийн соёлын салбар нэг хэсэг явсан. Дээрээс нь зохицолдолгоогүй юм маш олон байна. Манай бүх орон нутгийн соёлын төвүүд нэгжийн тухай хуулиараа манай яаманд харъяалагддаггүй. Нэгжийн тухай хуулиараа засаг даргын харъяалалд ордог. Сонин байгаа биз. Байдал ийм л байна. Таны хэлж байгаатай би санал нийлнэ. Хөдөө суманд байж байгаа сумын соёлын төвийн зарим дарга нар хөөрхий дуртайдаа л авч явж байсан. Яам байгуулахад соёлын төв таван хүнтэй л байлаа. Дарга нь гээд нэг хүн байна. Дарга нь өөрөө дуулна, галчаа ч хийнэ. Өөрөө бүжиглэнэ, үйлчлэгч нь дуучин болно, нэг хөгжмийн багштай, мөн нэг номын санчтай. Бүх хүн нь нийлээд бүх юмаа хийдэг. Хөдөөд соёлын төвүүдийг үхүүлэхгүй, бас амьдруулахгүй ингээд л хаячихсан. Бид соёлын төвийн стандартыг бий болгохоор ажиллаж байгаа. Орон нутгийн хүмүүсийнхээ цалинг тогтвортой болгож, цалинг нь 60 гаруй хувиар нэмэгдүүлсэн. Өнөөдөр бид соёлын төвүүдээ ядаж л засаж эхэлсэн. Шинэ соёлын төвүүийг бий болгож байна. Ганцхан соёлын төвүүд гэхгүй музейнүүд гэхэд хаягдчихсан байсан.
-Сая төсвийн хэлэлцүүлгээр салбарынхаа төсвийг хэр хамгаалж чадсан бэ ?
-Чадсан. Надад зарим зүйл үнэхээр хачирхалтай санагдсан. Би бол улс төрд ороод удаагүй, зарим юмыг эхнээс нь сурч байгаа залуу хүн. Төсвийн хэлэлцүүлэг рүү орох гээд үүдэнд зогсож байхад надад “За, миний дүү тэрийг ингээрэй, энийг ч тэгээрэй гээд л, манай тэндхийн соёлын төвд тийм юм хэрэгтэй байгаа юм. Эгч нь гуйж байна” гээд ярьж байсан хүмүүс чуулганы дотор ороод шал өөр юм яриад унахаар би үнэхээр гайхсан. Тэр их сонин байсан.
-Камерын өмнө шал өөр жүжиг тоглодог гишүүд олон л доо. Ингэхэд хөдөө орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийн томилгоо ямар намын гишүүн байгаагаас нь хамаарч явагдаж байна. Та залуу хүн. Орон нутгаас үүнийг халаач.
-Төрийн соёлын үйлчилгээний байгууллагын хүрээнд бид нар тодорхой түвшинд тогтолцоогоо босоо болгож чадсан. Орон нутагт соёл урлагийн газартай болгосон. Өмнө нь 21 аймаг соёл урлагийг хариуцсан байгууллагагүй байсан. Соёлын газартай болгосноор орон нутгийн соёлын төвүүдийг тогтмол үйл ажиллагаатай болгох, цаашлаад тэнд байгаа, таны хэлээд байгаа буруу жишгүүдийг өөрчлөх бодлогыг оруулж ирж байна гэсэн үг. Засаг захиргаа, нэгжийн тухай хуулиараа өөр захиргаатай учраас Соёлын яамны эрхлэх хүрээнд бүтэн орж ирээгүй байна.