Манай VIPerson зочноор МАК буюу Монголын алт корпорацийн ерөнхийлөгч, ноён Бямбаагийн Нямтайшир уригдлаа. Түүний тухай мэдээлэл, нэн ялангуяа дотоод сэтгэл, амьдралынхаа үүх түүхийг нээсэн илэн далангүй, дэлгэрэнгүй хэмжээний ярилцлага урьд өмнө нь Монголын хэвлэл мэдээлэлд гарч байсангүй. Бид монголчуудын хамгийн их таньж мэдрэхийг хүсдэг хүмүүсийн нэгийг баяр наадмын энэхүү дугаараараа та бүхэнтэй уулзуулж байна. Бидэнтэй хамт байгаарай, уншигчид аа.  


 

-Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Ярилцлага өгдөггүй, хэвлэлийнхэнтэй уулздаггүй хүн болохоор таны тухай мэдээлэл хомс байх юм. МАК, түүний захирал Б.Нямтайширыг Монголд танихгүй хүн үгүй. Тэгсэн хэрнээ сайн “мэддэг” хүн бараг байхгүй ч юм шиг. Сэлэнгийн Хүдэрийн гаралтай хүн гэдгээс өөр мэдээлэл надад бараг алга. Та яагаад ийм нууцлаг юм бэ. Ийм чимээгүй оршдог нь таны амьдралыг үзэх үзэлтэй холбоотой зүйл үү?
-Магадгүй.

-Та надад аавынхаа тухай ярьж өгөөч. Их сонин намтартай хүн байсан гэсэн?
-Миний аав монголчууд бидний туулж өнгөрүүлсэн улс төрийн хэлмэгдэлд хэдэнтээ өртөж, амьдралын хатуу хөтүүг их үзсэн хэдий ч эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр чин шударгаар хөдөлмөрлөж ирсэн, Монголын томоохон сэхээтний нэг байсны хувьд би аавынхаа талаар өөрийн сэтгэлдээ тээж явдаг зүйлийг яримаар байна. Аав маань одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Цагаан тохой” гэдэг газар 1920 онд төрсөн хүн л дээ.

-Бямбаа гэдэг билүү?
-Тийм. Аав маань өөрийнхөө аавыг сайн мэддэггүй байсан. Харин манай хөгшин ээж нас барахынхаа өмнө “Чиний төрсөн эцэг Сүхбаатар аймгийн хүн шүү. Тэр бүү хэл Сүх жанжинтай хамт хувьсгалын үйл хэрэгт зүтгэж явсан, нэлээн ойрынх нь хүн байсан. Тэгээд гэнэтхэн учир битүүлэг алга болсон. Нас барсан байх ” гэж хэлсэн юм гэнэ лээ.

-Нэрийг нь хэлээгүй юм байх даа?
-Архиваас үзэхэд мэдээлэл маш хомс Цэнд Гүн, Бага Цэнд гэдэг хүн байсан тухай хомсхон мэдээлэл олсон. Хөгшин ээжид маань нас барчихсан гэсэн л мэдрэмж төрсөн юм шиг байгаа юм. Аавын маань хойд эцэг Бадамжавын Очир гэж хүн байсан. Буриад хүн. Манай аав дороо нэг дүүтэй, эхээс хоёулхнаа. Аав маань төрсөн сумандаа бага сургууль төгссөн. Карниковын Деревнь гэж орос сургуультай байсан юм билээ. Тэр сургуулийг төгсөөд, Алтанбулагт дунд сургуулиа дүүргэсэн.

-Ерөөгийн Булагтайн орос бага сургууль гэж мөн үү?
-Мөн.

-Дунд сургуулиа төгсөөд хаашаа явсан юм бол?
-1934-1937 онд Багш нарыг бэлтгэх сургууль төгссөн. Тэгээд Булган аймгийн Хантай суманд анх хичээлийн эрхлэгчээр очоод тэндээ хэдэн сар ажиллаж байгаад, Алтанбулагтаа багшаар ирж байсан гэдэг. Тэндээ багшилж байхад нь 1938 онд улс төрийн хэрэгтэн гэдэг зүйл ангиар 10 жилийн ял оноож, баривчлаад явсан.

-Өө, бүр тийм эрт юм уу. Төв хороонд ажиллаж байхад нь хэлмэгдүүлсэн гэж сонсч байсан?
-Үгүй. 18 настай байхад нь 10 жилийн ялаар шийтгэсэн. Тэр ондоо аавын маань хойд эцэг, бидний өвөө болох Бадамжавын Очирыг бас баривчилсан байдаг юм. Очир өвөө маань энэ Баянзүрхийн модон гүүр гэдгийг бариад, дараа нь цаазлуулсан юм билээ. Тухайн үед яасан, яагаад бариад явж байгааг нь, яагаад шийтгэж байгааг нь хэн ч мэдэхгүй шүү дээ. Хэнд ч тайлбарлахгүй, асууж сурж ч болохгүй. Тийм л цаг үе байсан. Ингэж баривчлагдаад аав маань 10 жилийн ялаар шийтгэгдсэн. Хоёр жил гаруй хугацааны турш Алтанбулагийн гянданд сууж байгаад цагаадаж суллагдсан гэдэг.

-Улс төрийн хэргээр ороод уу?
-Тийм. Улс төрийн ялтан л гэж шийтгэгдсэн байдаг. Энэ үе бол улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхний үе л дээ. Олон мянган хүнийг идэр залуу насанд нь барьж олон жилийн ял оноож, шоронд хийж байсан. Бидний түүхэнд байдаг ийм л нэг ээдрээ зовлонтой үе шүү дээ. Гарч ирээд аав маань ахиад сурсан байдаг юм.

-Хаана ?
-1942-1946 онд Монгол Улсын Их сургуульд сурсан. Их сургуулийн анхны төгсөгч. Тухайн үед МУИС-д малын эмчийн мэргэжлээр хамгийн анхны ангийг л нээж байсан юм шиг байгаа юм. Тэгээд 1946 онд МУИС-ыг малын их эмч мэргэжлээр төгссөн.

-Их сургууль төгсөөд шууд Намын Төв хороонд очсон юм уу?
-1950 онд АИХ-ын депутатаар сонгогдож байсан хүн шүү дээ. Аавын намтар бол маш өргөн л дөө. Тэгээд 1953 он хүртэл Төв хорооны хэлтсийн эрхлэгчээр ажилласан байдаг. Долоон жил. Тэгээд Хэнтийн Цэнхэрмандал суманд “Монгол-Орос цветмет нэгдэл” гэж байсан. Тэнд очиж ажилласан.

-Цөлөгдсөн гэж дуулж байсан ?
-Яахав, 1953 онд чинь Маршал нас барсан. Яг Монгол орны ХАА-н салбарыг хөгжүүлэх чиглэлд Маршалтай маш ойрхон ажиллаж байсан байдаг. Хэдийгээр өөрийг нь хэлмэгдүүлж, орон шоронд суулгаж байсан ч гэсэн тухайн цаг нь өөрөө ямар үе юм бэ гэдгийг маш сайн ухаарсан хүн байсан. Х.Чойбалсан гуай аргагүй байдалд, аргагүйн эрхэнд Коминтерний даалгавраар Монголын сор болсон хүмүүсийг устгасан. Сэхээтнүүдийг устгасан, лам нарыг устгасан. Ерөөсөө л оросуудын тулгалтаар. Тухайн үед аав “Энэ хүмүүс эх орныхоо төлөө тодорхой золиосонд явлаа шүү” гэж бодож байсан гэдэг. “Улс орноо яаж бүрэн бүтэн авч үлдэх вэ, яаж тусгаар тогтнолоо баталгаажуулах вэ” гэдэг хоолой дээр тулсан хүнд асуудал тэр үеийн манай эх орончдын зүрх сэтгэлийг урж байсан. Энэ том зовлонгийн өмнө, энэ том золиосын өмнө хөөрхий Х.Чойбалсан гуай бол том үүрэг гүйцэтгэсэн байх. Яаж урагдаж амьдарсныг нь аав бол мэддэг, мэдэрдэг байсан гэж хожим дурсдаг байсан л даа. Миний аав бол тэр урагдаж явсан хүмүүсийн нэг нь. Тийм хүн учраас хэдийгээр шоронд хүртэл сууж, хүнд хүчир шийтгэл хилсээр хүлээж явсан ч Маршалд дотуураа гомдоогүй, гарч ирээд улс орныхоо төлөө хамтраад зүтгэсэн. Энэ бол маш нарийн харж, том мэдэрч, том тэсвэрлэж давах даваа байсан байх л даа.

-Улс төрийн ялтан болж, шоронд суусан ч гарч ирээд Их сургуульд элсэж байх. Таны аав нугардаггүй хүн байжээ. Амьдрал нь анхнаасаа бөөн нугачаа. Жаахан л эвгүйтвэл хувь тавилан нь яаж ч дуусч мэдэх аймаар амьдрал юм. 
-Баргийн хүний туулах заяа тавилан биш л дээ.

-Та аав ээж хоёрынхоо хэнээс нь илүү зан чанараа авсан бол. Ер нь аавтайгаа илүү адилхан чанарууд их байдаг уу? 
-Би ааваасаа арай илүү хатуу, илүү нугарч өгдөггүй зантай байх шүү. (инээв) Аав маань бол нэг өгсөж, нэг уруудаж, амьдралын хүнд бэрх нугачааг туулсан. Сэтгэлийн асар хүнд дарамтыг үзсэн. Тэр амьдрал нь миний нүдэн дээр явагдсан учраас хэзээ ч аливаа зүйлд шантардаггүй, бууж өгдөггүй тийм хатуужлыг би бага наснаасаа олж авсан . Өөрийн эрхгүй надад ийм чанарууд суусан л даа.

-Аавыгаа та яс үндсээсээ болж хэлмэгдсэн гэж үздэг үү. Буриадууд бол энэ шуурганд аймшигтай өртсөн хэсэг шүү дээ?
-Яс үндсээсээ болсон гэж би боддоггүй. Тухайн үед гэр бүлээрээ өртөж, шорон оронд орж, зовж зүдэрч байсан учраас бидний ургийн бичиг бүх зүйлийг миний хөгшин ижий устгасан байдаг. Хөгшин ижийгийн маань хувьд хүнд шийдвэр шүү дээ. Нөхрийг нь барьж яваад цаазалчихсан. Ганц том хүү нь бас улс төрийн хэргээр шоронд орчихлоо. Тухайн үед тавхан настай охинтойгоо үлдэж байсан хүнд чинь ямар их айдас нүүрлэх билээ. Мал ахуй, хамаг юмыг нь хураагаад авчихсан. Хөгшин ижийгээ амьдралын тэр хатуу хөтүүг яаж давж туулсныг нь би одоо хүртэл гайхдаг. Хөгшин ижийгээ би үргэлж боддог. Маш их бахархдаг. Тэр тэсвэр тэвчээр, тэр эрсдэлтэй цаг үед ганцаараа гаргаж байсан шийдвэрүүд нь үнэхээр мундаг.

-Эмээ тань хэдтэйдээ бурхан болсон бэ?
-Хөгшин ижий маань 80 насалсан. 1976 онд нас барсан юм. Намайг л хүмүүжүүлсэн хүн шүү дээ.

-Аав тань Намын Төв хорооны хэлтсийн эрхлэгчийн албыг долоон жил хашсан байна. Тэр долоон жилийн амьдрал нь ямархуу өнгөрсөн бол? 
-Яахав, амьдрал ахуй нь тэгшрээд, арай нэг тогтуун байсан байх. Тэгж байтал Маршал нас барсан. Маршлыг нас барсны дараа бол арай ирээдүйтэй, чадалтай хүмүүсийг Төв хорооноос холдуулсан юм билээ. Хөдөө орон нутгууд руу тарааж ажиллуулсан байдаг. Би хүүхэд байхдаа энэ явдлын учрыг олдоггүй байсан. Яагаад Төв хорооны хэлтсийн эрхлэгч байсан хүнийг шууд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд явуулж байгааг. Цэнхэрмандалд Орос Монголын хамтарсан нийгэмлэг байгуулаад, тэр нийгэмлэгийн даргаар нь Батын Дорж ахыг явуулсан. Армийн генерал Дорж гуай шүү дээ. Тэр хүнийг нийгэмлэгийн даргаар, манай аавыг аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар явуулсан.

-Та тэгээд Цэнхэрмандалд төрсөн байх нь. 
-Тийм. 1953 онд Маршал нас бараад л аавыг шууд хөдөө явуулсан юм билээ. Би 1955 онд нь Цэнхэрмандалд төрсөн. Миний өмнө хоёр ихэр эгч маань төрсөн. Харамсалтай нь тэд нар маань хүн болж чадаагүй, багадаа нас барсан. Тэгж байтал аав буцаад 1956 онд нийслэл хотын намын хорооны нарийн бичгийн даргаар татагдаж ирсэн. Ингээд ахиад Улаанбаатарт орж ирж байгаа юм. Аавын нагац ах, ээжийнх нь төрсөн дүү Номтайширын Лхамсүрэн гэж тухайн үед Улс төрийн товчооны жинхэнэ гишүүн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн яамны орлогч сайд, дараа нь Гадаад хэргийн сайд зэрэг албыг хашиж байсан ийм хүн байсан л даа. Лхамсүрэн ах маань бас Маршалыг нас барсны дараа зайлуулагдсан. Үндсэн асуудал ойлгомжтой шүү дээ.

-Хоёр ихэр эгчийгээ тухайн үеийн анагаах ухааны хөгжил сул дорой байснаас үүдэж алдсан гэж боддог уу, эсвэл өөр зүйл байсан гэж боддог уу? 
-Ёстой мэдэхгүй.

-Нямтайшир гэдэг нэртэй хүн танаас өөр байхгүй байх. Таны нэрийн утгыг сонирхмоор байна. Ямар учиртай нэр вэ?
-Манай хөгшин ижийгийн ээж Дэжид гэж хүн байсан юм билээ. Тэд нар өөрсдийнхөө удам угсааны талаар юм бичиж үлдээсэн байдаг. 16 дугаар зуунд Галданбошигт Манжийн хаантай байлдах үед манайхан одоогийн Өмнөговийн Ноён сэврээгийн араар нутаглаж байсан. Тэр үед Галданбошигт чинь Халхын ноёдыг өөрийн талд байлдсангүй гээд дайрсан шүү дээ. Тэр дайнаас дүрвэж хойшоо нүүгээд, Сүх голын ар талд очиж манайхан нутагшсан юм байна лээ. Ерөнхийдөө Ноён сэврээ, Хан тайширын нуруу хавиар л нутаглаж байж. Үүнтэй холбоотойгоор манай удмынханд ууган хүүдээ Тайшир гэдэг нэрийг өгдөг заншил үе удам дамжиж хадгалагдаж ирсэн. Ургийн бичиг устсан болохоор олон үеэ мэдэхгүй юм. Бидний удамд Хантайшир гэж хүн байсан. Чинтайшир гэж байсан. Миний элэнц өвөө Номтайшир гэж хүн байсан.

-Хөгшин ээжийн тань талын ? 
Тийм. Тэгээд намайг төрөхөд мэдээж Тайшир нэрийг өгөх нь ойлгомжтой. За, ямар Тайшир гэж нэрлэх вэ гээд ярилцаж. Ингээд Ням гаригт төрсөн юм чинь Нямтайшир гэж нэрлэе гэж тогтсон гэдэг. Миний хүүгийн нэрийг бол өвөө нь өгсөн. Ач хүүдээ өөрийн өвөө Номтайширынхаа Номтыг оруулж нэр өгнөө гээд Номтойбаяр гэдэг нэрийг хайрласан түүхтэй.

-Бас л содон нэр.
-Тийм. Миний өвөг эцэг Номтайшир бол дөрвөн хэл мэддэг, тухайн үеийн эрдэмтэй улсын нэг байсан. Орос, манж, хятад, төвд хэлтэй. Нутаг усныхан нь Номт гуай гэж авгайлдаг байсан гэдэг. Өвөг эцгийн маань амьдрал мөн л сэтгэл шимшрэм төгссөн байдаг. 1921 онд хүү Лувсангийнхаа хамт цагаантнуудад шатаагдсан. Улаантнуудад орчуулагч хийсэн гэж цагаантнууд хүүтэй нь хамт аймшигтайгаар хороосон түүхтэй юм билээ.

-Таны аав Тимирязевын академи төгссөн юм билээ. Хэзээ нь ЗХУ-руу явсан юм бэ?
-Амьдралын нугачаагаар маш сонин амьдрал туулсан хүн л дээ. Өгсөж, уруудаад л. Энд тэндэхийн жижиг САА-н дарга, Төмөр бетоны заводын дарга зэрэг ажлыг Хотын намын хорооны даргаас буусныхаа дараа хийж явсан. Тэгээд 1960 оноос мэргэжлийнхээ дагуу ХААДС-ийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Дараа нь 1968-1972 онд ЗХУ-ын Тимирязевын академид суралцаж, ХАА-н эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн цол хамгаалж ирсэн. ХАА-н салбарынхан нь эдийн засгийн Бямбаа гэж нэрлэдэг байсан юм. Тэр үед би жаахан хүүхэд байсан.

-Та тэр үед эмээтэйгээ л үлдэж байсан байх л даа. Эмээтэй өссөн хүүхдүүд бусдаас өөр байдаг. Эмээ нар ч бүгд ижилхэн биш. Таны эмээ бол маш сонин хувь тавилан туулсан хүн юм шиг байна. Танд одоо болтол санагдаж байдаг эмээгийн тухай дурсамж руу хоёулаа орж үзье?
-Дээр би хэлсэн. Намайг гуравтай байхад аав ээж маань салсан. Тэр үед нэг хэсэг би Завханд ээжийнхээ эгчийнд амьдарч байсан юм билээ. Тухайн үед Завханы дарга байсан толгой Ёндон гэж хүн байсан. Миний ээж бас багадаа өнчирчихсөн, тэр Ёндон ахаар овоглодог байсан л даа. Тэр үед шүүхийн шийдвэр гараад манай аав намайг очиж авсан. Миний дор хоёр эмэгтэй дүү байсан. Тэр хоёр ээжтэй үлдэж, би аавтайгаа явсан. Аав маань намайг ирж авч байсан тэр өдрийн дурсамж миний ой тойнд маш тод үлдсэн байдаг. Зарим зүйлийг бол би мэдэхгүй. Би ээжийгээ 15 нас хүртлээ бол хараагүй. Ээж байдаг ч гэж мэдэхгүй, ямар хүн байдаг гэдгийг ч мэдэхгүй. Би санадаг юм. Ажаагийндаа байж байхад аав маань ирж байсныг. Тэр үеийн дарга нар чинь их гоё хувцасладаг. Аав нэг их гоё өргөн хүрээтэй шляп малгай өмсчихсөн, гоё урт саарал пельниктэй. Тэгээд би хүүгээ авахаар ирлээ. Маргааш өглөө ирж авна шүү гэж манай ажаад хэлж байсныг нь. Тэгээд л би Улаанбаатарт ирж байсан түүхтэй.

-Тухайн үеийн шүүх хүүхдийг эхийг нь дагуулах л шийдвэр голчлон гаргадаг байсан юм биш үү. Таныг яагаад аавд тань өгсөн юм бол?
-Манай хөгшин ижий л сүүлд надад ярьдаг байсан. Шүүх надаас хэнтэйгээ үлдэх вэ гэхэд би аавтайгаа үлдэнэ гэж хариулаад, аавдаа тэврүүлчихсэн, самыг нь гаргаж ирээд үсийг нь самнаж байсан гэсэн. Миний хөгшин ижий маш их зовлон үзсэн учраас хөдөлмөрийн үр шим гэдэг ойлголтыг надад хамгийн их ойлгуулж өсгөсөн. Хөдөлмөрийн үнэ цэн гэдэг юмыг хар багаас л суулгасан даа. Би одоо ч хөгшин ижийгээ их дурсаж, үр хүүхдүүддээ ярьдаг юм. Нэг минут ч зүгээр суудаггүй хүн байсан. 80 хүртэл наслахдаа хэзээ ч гар хумхиж суугаагүй. Үгүй ядаж хэн нэгний хүүхэд төрөхөд оймс нэхээд сууж байдаг хүн байсан. Тэмээний ноосон оймс нэхээд л байж байх жишээтэй. Тэр өндөр настай болчихсон хэрнээ Их дэлгүүрээс нэг хайрцаг чирээд ч явж байх шиг. Манайх яг Их дэлгүүрийн урд талын арктай байшинд байсан. Хөгшин ижий маань хүн болгонтой эв найртай. Хөгшин залуугүй манай хөгшин ижийгийн найз. Залуучууд ч орж ирж байдаг. Тийм олонтойгоо хүн байсан. Бид зуны амралтаараа аавынхаа дүү хөгшнийд хөдөө очдог байсан. Хүүхэд л юм чинь залхуурна. Тэгэхэд хар өглөө босгоод л үхрийн баас цэвэрлүүлнэ. Тэгээд л усанд явуулна. Мод хөрөөдүүлнэ. Өдөржин хөдөлж хөдөлж оройн хамгийн сүүлчийн ажил бол сүү машиндаж, цөцгий гаргах. Миний дургүй ажил масло цохих. (инээв) Хүйтэн ус хийгээд л цохиод байна. Болсон уу л гэнэ. Болоогүй ээ л гэнэ. Бүх юмыг хийж сур гэнэ. Ингэж биднийг ажилд нухлуулж байсан. Ерөөсөө зүгээр суулгахгүй. Намар болоход жимсэнд явуулна. Мойл түүж ир гээд л. Түүгээд ирэхээр гадаа пийшин галлаад мойлтой булочик барина. Ингэж бүх л ажилд сургасан даа.

-Ганцаараа юм даа гэж эрхлүүлээгүй юу?
-Ерөөсөө эрхлүүлээгүй.

-Аав тань?
-Миний аав чинь гаднаасаа их хатуу хүн харагддаг ч дотроо их зөөлөн хүн байсан юм ш дээ. Сэтгэл их зөөлөн. Хүнтэй муудахгүй. Нөхөд их олонтой. Надад сургадаг байсан. Миний хүү найз их олонтой явдаг юм шүү. 100 төгрөгтэй байснаас 100 нөхөртэй бай гэж
хэлдэг. Би энийгээ ч хүүхдүүддээ бас сургасан. Аав минь маш олон найзтай хүн байсан. Яахав, амьдралын бэрхшээл дунд гундаж, архи хааяа нэг уух үе байсан л байх.

-Гэхдээ тэр үеийн хүмүүсийн уух гэдэг бол огт өөр соёл тээдэг байсан юм билээ. 
-Одоогийнх шиг биш шүү дээ. Шалтгаантай, найз нөхөдтэйгөө зовиур шаналангаа хуваалцаж ууна. Өөр ойлголт байсан нь үнэн. Жишээ нь, хойшоо цол хамгаалахаар Тимирязевын академид явах гэж байхад тухайн үеийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаар орж шийдэгддэг байсан. Гэтэл аавыг шорон оронд орж байсан, нагац ах Н.Лхамсүрэн нь нутаг заагдаж байсан гээд бүр асуудал нь сөхөгдөж, түүгээр нь барьцаалж хойшоо академид явахыг нь зогсоож байсан. Тэгэхэд би 13 настай байсан. Аав за, намайг явуулахгүй юм байна гээд ойлгочихсон байсан л даа. Дархан руу томилолтоор явлаа гээд явсан. Томилолтын хугацаа хэтэрсэн. Аав ирдэггүй. Найз нөхөд нь академид явах асуудлыг нь хөөцөлдөөд, үнэн мөнийг нь олуулаад, учир шалтгааныг нь ойлгуулаад явах болсон чинь аав ирдэггүй. Тэгээд хөгшин ижий маань хэлсэн. Миний хүү л очиж аавдаа хэл дээ. Чи одоо нас биед хүрлээ. Чамаас өөр хэн явах билээ гэсэн. Би гэдэг чинь 13-тай л хүүхэд шүү дээ. Тэгээд хэдэн төгрөг халаасандаа хийж аваад л Дархан руу гарч байгаа юм. Очоод би аавдаа хэлсэн. Аав минь таны бүх асуудал шийдэгдсэн. Одоо хоёулаа явъя гээд. Тэр үед чинь ямар утсан харилцаа өнөөгийнх шиг хөгжсөн байсан биш дээ.(Инээв)

-Хоёр дүү чинь ээж дээр чинь үлдсэн юм уу?
-Хоёр дүү ээжтэйгээ үлдсэн.

-Одоо байгаа юу?
-Байгаа. Дэндүү багадаа холдсон л доо. Тэд ч хойд эцгээрээ овоглоод л явцгаасан. 1958 онд аав маань Хотын намын хорооны нарийн бичгийн дарга байсан. Тэгээд Москвад Коммунист намын дээд сургуульд явах гэж байсан юм билээ. Тэр цагт гэрлүүлж ч чаддаг, салгаж ч чаддаг байсан юм болов уу даа. Тэгээд л үүгээрээ шалтаглаж сургуульд явуулахаа больсон юм билээ.

-Тэр үед чинь гэр бүл салалт гэж бараг байдаггүй байсан гэдэг.
-Байдаггүй байсан гэдэг. Тэгээд л би боддог юм л даа. Хоёр ихэр хүүхэд нь үрэгдчихсэн. Дор нь гурвын гурван хүүхэд гарчихсан.
Дээр нь Н.Лхамсүрэн ах нутаг заагдчихсан. Ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдчихсөн. Тэр үеийн хэлмэгдүүлэгт гэдэг бол ах дүү амраг садангаар нь хуйгаар нь л хамарч шийтгэдэг байлаа ш дээ. Ээжийг маань ямар нэг байдлаар л салгасан байх гэж би одоо ч боддог. Би энэ тухай тэр бүр хэнд ч ярьдаггүй.

-Аав тань тэгээд дахин гэрлээгүй гэсэн үү?
-Миний аав бол ямар ч байсан хүүгээ хойд эхийн царай харуулахгүй гэж хатуу шийдвэр гаргасан байсан. Надад ч тэгж хэлдэг байсан. Тэгээд 1977 онд нэг хүнтэй нийлсэн. Тэр үед чинь би эхнэртэйгээ суучихсан байлаа. Номт маань 1978 онд гарсан. Насан турш ганцаараа хүүгээ өсгөөд, дараа нь хүүгээ гэр бүлийн амьдрал зохиосны дараа хүнтэй суусан л даа.

-Дөчин мянгатын танай тэр гэр одоо байдаг уу. Өөрөөр хэлбэл таны өмчлөлд.
-Байдаггүй юм аа. Тэр бол нэг их яриад байхаар ч асуудал биш. Аавынхаа сүүлд ханилсан хөгшинд би үлдээчихсэн юм.

-Тийм үү, уг нь хожим амжилтад хүрээд тэр байраа дурсгал болгоод хадгалчихаад байж байсан бол сонин. Тэгсэн болов уу гэж бодоод л асуучихлаа. 
-Манай байрны олон хөгшчүүд намайг бас зэмлэж л байсан юм билээ. Тайшир одоо ямар хөрөнгө мөнгөгүй хүн биш. Өөр байр авч өгөөд хөгшин ижий, аав хоёртойгоо өссөн энэ орон гэрээ өөртөө хадгалж байхгүй дээ гэж. Тухайн үед залуу ч байсан. Юмны наана цаадахийг тэр бүр нарийн бодохгүй явж дээ. Хожим манай Номт бас өвөөгийнхөө гал голомтыг авах гэж хөөцөлдсөн байдаг юм. Тэгээд цаашаа зарагдаад явчихсан болохоор бүтээгүй юм шиг билээ. Нөгөө улсууд маань миний гаргасан шийдвэрийг зарчихаад явчихсан байсан л даа. Тэгээд цаашаа хэдэн ч айлын гар дамжсан юм. Уг нь манай аав ач хүүдээ өгнө гээд Номтойбаярын нэр дээр гэрээслэсэн байсан. Гэхдээ би тэр үед тийм л шийдвэр гаргасан. Түүндээ харамсдаггүй. Одоо хааяа явж байгаад тэр хавьд очоод би ганцаараа буугаад алхдаг. Тэгээд байрныхаа гадаа жаахан суудаг. Өнгөрсөн үеэ, хүүхэд ахуй насаа, аавыгаа, хөгшин ижийгээ дурсч тэгж суудаг юм.

-Таны өмнөх үед тохиолдсон хэлмэгдлийн гашуун түүх тэгээд зогсоогүй, таны амьдралд бас давтагдсан байдаг. Та 15 настайдаа ээжтэйгээ уулзсан гэдэг. Тэр уулзалтын тухай та дурсаж болох уу?
-Миний л амьдралын түүх юм даа. Тэр үед би долдугаар ангид байсан. Гайгүй сурлагатай, тэр дундаа тооны талдаа тэргүүлэх маягтай. Нэг удаа тооны шалгалтаа онц өгчихөөд гэртээ ирсэн. Хөгшин ижий дээрээ тооныхоо шалгалтыг онц өгчихлөө гэсээр л орж иртэл “Миний хүү дээшээ Дорж ахындаа нэг яваад орооч” гэж байна.

-Нөгөө генерал Дорж гуай юу?
-Тийм. Батын Дорж ахынх. Тэр үед Батлан хамгаалахын сайд байсан. Армийн генерал. Дорж ахынх чинь их олон хүүхэдтэй. Гэхдээ жижиг хүүхэд байхгүй. Тэгээд миний багын зургууд ихэвчлэн л Дорж ахын өвөр дээр суучихсан зургууд байдаг юм. Манай яг дээд талынх Сайд нарын зөвлөлийн орлогч байсан, Геологи, уул уурхайн яамны сайд байсан М.Пэлжээ ахынх. Хүүхэд нь миний найз. Багадаа өвөр түрийдээ л орж өссөн найзууд. Тэдний дээд талын айл нь Дорж ахынх байсан юм. Тэгээд гүйгээд орсон чинь нэг тарган бор эмэгтэй л намайг тэврээд л уйлаад байдаг. Би чинь бүр гайхчихсан. Тэгсэн Дорж ахын хөгшин Тайшираа, миний хүү. Наад хүн чинь чиний ээж шүү дээ гэж хэлсэн. Тэр олон жилийн дараа, тэгээд огт мэддэггүй байсан болохоор сэтгэл маань нэг их хүчтэй хөдлөөгүй байх. Тэгээд ээж маань намайг өвөртөлж хонож байсан. Аавтай зөвлөлдөөд “Одоо хүүгийнхээ цаашдынх нь сургууль соёлын асуудлыг бодъё. Би аваад явъя” гэж ярилцаж байсныг нь би санадаг юм. Тэр үед ээж маань Германд амьдарч байсан.Тэднийх олон жил Германд байсан л даа. Намайг авах гэж зорьж ирсэн юм билээ. Аав ч тэгээд зөвшөөрөөд, миний паспорт юм бэлэн болсон. Аав маань намайг дагуулж хүүхдийн хувцасны үйлдвэр орж, костюм захиаллаа. Тэр үйлдвэрээс аавтайгаа хоёулаа гараад явж байхад л надад явмааргүй санагдсан юм даа.

-Яагаад?
-Ер нь л болимоор санагдсан. Тэгээд гэртээ ирээд аавдаа хэлсэн. Ааваа би Герман явахгүй ээ гэж. Тэр үед манай зургадугаар сургууль хөдөлмөр зусланд явдаг байсан. Зуны цагт ангиараа явцгаадаг, намар ногоо хураалтад явдаг байсан. Ангийнхан маань ч зуслан явах гээд бэлтгэлээ базааж байсан. Тэгээд л би тас зөрөөд Герман яваагүй. Тэгж би ээжтэйгээ анх учирч байлаа. Сүүлд нь хоёр гурван жилийн дараа Германаас ээж маань бүр мөсөн ирсэн. Би аравдугаар ангид байсан. Хөгшин ижий маань “Чамайг төрүүлсэн ээж чинь шүү дээ. Миний хүү ээж дээрээ оч” гэж шахаж очуулдаг байсан. Тэгээд би хааяа нэг очдог.

-Хэнтийн Цэнхэрмандал сум бол өвөрмөц, сайхан газар. Би очиж үзэж байсан. Төрсөн нутаг гэдэг утгаараа танд ямар нэг онцгой сэтгэгдэл төрүүлдэг үү?
-Төрөлгүй яахав. Унасан газар, угаасан ус минь шүү дээ. Цаанаасаа маш их өвөрмөц сэтгэгдэл төрдөг. Нөгөө талаар эзэн Чингис хаан маань 1206 онд тэнд их хаанд өргөмжлөгдсөн байдаг газар нутаг. Хөх нуурын урд эрэг дээр нь байдаг. “Нууц товчоо”-нд гардаг Сэнгүүр горхины Хар зүрхний Хөх нуур гэж бий. Намайг 50 нас хүрэхэд сумынхан маань яг тэнд газар өгсөн. Тэнд нь миний хань маш сайхан байшин барьсан. Өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэж. Ойлгох ойлгохгүй улсууд бас байдаг. Гэхдээ тэр нь надад хамаагүй. Бас тэр газар төрсөн хүний хувьд байгаль орчноо хамгаалах үүднээс тодорхой хэмжээний арга хэмжээ авч байгаа.

-Тийм үү. Та тухайн үеийн Ленинградын Уул уурхайн их сургуулийг төгссөн. Энэ сонголт тохиолдлынх байсан уу?
-Хувь заяаны сонголт гэж би хэлнэ. Манай гэр бүлд уул уурхайн мэргэжлийн хүн огт байхгүй. Яагаад хувь заяаны сонголт гэж боддог вэ гэхээр миний төрсөн газар бол уул уурхай буцалж байсан газар. Цэнхэрмандал сум. 10 мянган орос хоригдол ажиллаж байсан гэдэг юм билээ. Одоо Власовын армийнхан. 1950-иад оны үед. Анх 1953 онд “Монголсовцветмет” нэгдэл гэж тийм зохион байгуулалтад орж байсан. Дайны үед бол оросууд л гянт болдыг олборлож ашиглаж байсан. Намайг 10 төгсөхөд манай сургуульд арваад гадаад сургуулийн хуваарь ирсэн юм билээ. Би бас ганц хоёр сайн дүнтэй төгссөн. Тэр үед бол хүүхдүүдийн дунд гадагшаа явна гэдэг ойлголт бол байхгүй байсан. Манай аав ч надад тэг ингэ гэж чиглэл өгч байгаагүй. Бидний гэр бүлийн хүмүүжилд ер нь үр хүүхдийнхээ асуудал, тодорхой сонголтод нь нөлөөлөх гэсэн оролдлого хийдэггүй. Ерөнхийдөө дураараа маягтай. Өөрсдөөр нь шийдвэр гаргуулж сургасан. Амьдралд алдаж онож, өөрөө босч сөрж явсан болохоор аав маань намайг бас тэгж сургасан. Би бас жаахан хөдөлгөөнтэй талдаа. (инээв) Тэр үеийн нийгэм чинь бас нэг жаахан хөдөлгөөнтэй байхгүй бол хүнд дээрэлхүүлчих гээд байдаг. Би чинь бас 1970 оноос Олзод багшийн шавь болж, дугуйланд хичээллэж байсан.

-Боксын спортоор?
-Тийм. Боксын спортыг тухайн үед хаачихсан байж байгаад мянга есөн зуун далан онд нээсэн юм. Тэгээд сургуулиудаар яваад, сурлага сайтай, бас бие бялдрын хөгжил сайтай хүүхдүүдээс сонгож авсан. Тэрэнд нь би орсон. Нөгөө спортод чинь дурлана биз дээ. (инээв) Тэгээд арав төгсөж байтал багш нар маань хэлсэн. Чам шиг тоондоо гайгүй хүүхдэд Их сургуульд нэг гоё анги шинээр нээгдэж байна. Гидрогеологийн анги гэж дандаа тоо үздэг анги гэж. Би ч өө, тэгье гэсэн. Тэгээд хуваарь авахдаа ороод тэр ангиа авчихлаа. Орой харьж яваад аавтайгаа тааралдсан. Миний хүү юу болов гэж байна. Их сургуульд шинээр нээгдсэн ийм ангийн хуваарь авчихлаа гэсэн. Өө, за за л гэж байна. Намар САА явах гээд сургууль дээр очтол декан гээд хүн л дуудаж байна гэнэ. Яваад л орлоо. За, хүү минь чи Их сургуульд орохдоо өндөр оноо авсан юм байна. Чи гадаад явах уу гэж байна. Тэнд чинь ахиад шалгалт өгөх үү гэж би асуулаа. Шалгалт өгнө. Тэгээд тэнцэхгүй бол яах юм гэсэн. Тэнцэхгүй бол чиний энэ сургууль чинь хадгалагдаж байна шүү дээ гэж байна. Аавдаа ирээд хэлтэл аав надаас яг миний деканаас асуусан асуултыг асуусан. Миний хүү шалгалт өгөөд тэнцэхгүй бол яах юм гэж. Буцаад сургуульдаа орж болох юм байна гэсэн. Тэгвэл миний хүү үзээд алд гэсэн. Тэгээд л шалгалтаа өглөө. Тооны шалгалтаа өгчихөөд гараад ирсэн. Залгуулаад орос хэлний шалгалт өглөө. Маргааш нь физикийнхээ шалгалтыг өглөө. Тэгээд авсан оноогоороо хуваарь сонголтоо хийсэн. Аав байхгүй байсан. Олон хотын олон сургууль байсан. Нисэхийн инженерийн сургууль байна уу гээд дотроо хүлээгээд зогсож байсан. Тэгтэл маркшейдер инженерийн анги гээд дуудаж байна. Гэтэл дэргэд зогсож байсан нэг хүүхдийн аав “Дандаа дээд тоо үздэг мэргэжил дээ” гэж байна. Тэгэхээр нь гүйж ороод энэ мэргэжлийг авъя гээд авчихсан. Энэ маань уул уурхайн гол үндсэн мэргэжил л дээ.-Ш.Отгонбилэг агсан та хоёр адилхан мэргэжилтэй юм уу?
-Тийм. Уул уурхайн салбарт маркшейдер бол прокурор гэж манай багш нар хэлдэг байсан. Ийм л мэргэжлийг хувь заяаны төөргөөр би сонгосон юм даа. Эрхүүд нэг жил бэлтгэл хийчихээд Ленинградад суралцсан. Маркшейдер инженер гэдэг мэргэжлээр төгсөж ирсэн.

-Төгсөж ирээд хаана очив?
-Намайг НАХЯ шууд авчихсан. Тэр үед Ш.Отгонбилэг гуай Уул уурхайн яамны Уул уурхайн товчооны дарга байсан. Чамайг нэг газар авах гээд бичиг ирчихсэн байгаа, чи яваад хэрэггүй шүү гэж надад хэлж байсан. Чи бид хоёрын наад мэргэжлээр чинь нэг их олон хүн төгсөөд байдаггүй юм шүү гэж. Эхнэр маань төгсөж ирээгүй, би чинь Номтойтой хоёулаа амьдарч байсан. Геофизик фото зургийн институтэд ажиллах болоод очсон. Тэгээд анхны томилолтоо авч хөдөө ажиллах болсон. Долоо хоногийн томилолт байсан шиг санаж байна. Тэр нь “Цагаан суварга”-ын орд руу явах томилолт байсан. Оросын нэг мэргэжилтэнтэй хамт явах болсон. Бас сонин тохиолдол байгаа биз. Тэгээд явах гэж байтал маргааш нь гэрт цэргийн зарлан дуудах ирсэн. Цэргийн хэлтэс дээр яваад очтол нэрийг маань сонсоод нэг хүнтэй уулзуулсан. Тэр хүн “За, хамт явнаа” гээд л аваад явсан. Тэгээд л НАХЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газарт л шууд ажилд орсон доо.

-Асуух ч үгүй л шууд шийдэх үү?
-Тэгэлгүй яахав. Тэр үеийн нийгэмд чинь эрх гэж байхгүй шүү дээ. Үгүй, би очихгүй гэвэл шууд л асуудалд орно. Тэгээд тэнд дөрвөн жил ажилласан л даа. Намайг яагаад энд авах болов гээд би их боддог байсан. Судалж үзсэн. Намайг бага байхад манай доод давхарт Аюулаас хамгаалахад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан нэг өвгөнийх байдаг байсан юм. Тэр хүн гадаа л сууж байна. Тэгээд намайг жаахан онцолж харсан юм болов уу даа. Тэр үеийн хүүхдүүд чинь гадаа л бөөнөөрөө тоглоод шуугиж байдаг байсан. Хөгшид ч гадаа л сууцгааж байна. Хүмүүс нь гадаа алхана. Тийм байсан. Одоо л өөрчлөгдчихсөн болохоос.

-Тийм шүү. Бүх амьдрал дотогшоо орчихсон юм шиг бодол надад ч бас төрдөг юм.
-Тийм. Тэгээд ажиллаж байлаа. Тэгж байтал намайг 1983 онд Дзержинскийн академид явуулахаар ярьсан юм билээ. Миний охин дөнгөж төрчихсөн, эхнэр маань нялх биетэй байж байдаг. Яг тэр үед би өөрийнхөө даргатай хамт явж байгаад Н.Лхамсүрэн ахтайгаа таарчихсан юм. Н.Лхамсүрэн ахад маань 1983 онд Ю.Цэдэнбал дарга Улаанбаатар хотод орж ирж амьдрах зөвшөөрөл дөнгөж олгочихсон байсан.

-Тавиад онд нутаг заагдчихаад дөнгөж тэр үед Улаанбаатарт орох эрх өгч байгаа юм уу?
-1956 оноос хойш анх удаа Улаанбаатарт хөл тавьж байгаа байхгүй юу. Налайх явах автобусанд би даргатайгаа явж байлаа. Гэтэл Н.Лхамсүрэн ахтай таарлаа. Тэрээр “Тайшир аа, миний хүү хаачиж яваа юм бэ” гэсэн. Тэгээд Налайхад буунгуут дарга маань “Саяны Хонхорт буусан хөгшин юу билээ” гэсэн. Манайхны нэг хөгшин л гэлээ. Би ер нь л шууд мэдэрсэн. Тэгээд л ажлаасаа халагдаж билээ.

-Шууд л уу?
-Шууд. Өвлийн хүйтэнд, дөнгөж нэгдүгээр сар гарчихсан. Номтой таван настай, охин маань дөнгөж гарчихсан. Эхнэр маань нялх биетэй. Ингээд л бүх амьдрал нэг өдөр л орвонгоороо эргэж байгаа юм л даа. Цаашаа яаж амьдрах вэ. Тэр системээс тэгж халагдана гэдэг бол маш том аймшиг байсан. Дөнгөж хорь гаруй настай. Маш хүнд байсан. Ийм үед хүний хань гэдэг шиг түшиг байдаггүй. Хүний хань маш их дэм өгдөг. “Миний хань алзахгүй ээ” гэдэг үгийг хэлж, надад асар их урам хайрлаж байсан юм даа. Үндсэндээ гурван жил ажилгүй явсан. Тэгж явж явж “Монгол барилга” гэж газар ажилд орсон.

-Тэнд яаж оров?
-Сайн улсуудын ач буянаар л орсон. Намайг сургууль төгсөөд ирж байхад олон газар ажилд авах санал тавьж байсан. Тэр бүгд байхгүй. Нөгөө систем чинь алхуулдаггүй. Тэр үеийн НАХЯ гэдэг чинь бүх газрууд, бүх яамдыг хянадаг байсан. Ийм тогтолцоо байлаа шүү дээ. Тэгэхээр бүр тэр системээс халагдсан гэхээр заавал тэр газраас асуух ёстой. Хариу нь ”болохгүй ээ” л гэж ирнэ. НАХЯ-нд ажиллаж байхдаа би чинь хугацаанаас өмнө цол шагнуулж л байсан. Сайдын шагналаар шагнуулж л явсан. Удаа дараа сайшаал хүртэж байсан ажилтан байдаг. Тэр бүх түүх ор мөргүй.

-Сөрөх тагнуулын газарт ажиллаж байсан гэдэг байх аа?
-Тийм. Тэгээд л би дотроо түмэн бодол тээнэ ш дээ. Харин аав маань бол тодорхой ойлгож байсан. За, ер нь бидний хуучин юмтай л холболоо доо гэдгийг.

-Хаа ч ажилд авахгүй байна гэдэг бол үнэхээр аймаар биз дээ?
-Маш хүнд. Ямар ч хамаагүй ажил хийж гэр бүлээ тэжээх ёстой л гэж бодож байсан. Гэтэл тэр үед М.Пэлжээ ах Сайд нарын зөвлөлийн орлогч болчихсон байсан. Аав маань тааралдаж л дээ. Тэднийх тэр үед 220 мянгат руу нүүгээд явчихсан байсан юм. М.Пэлжээ ах ааваас манай Тайшир НАХЯ-даа байна уу гэж асууж. Үгүй ээ, миний хуучин асуудлаас болоод л хоёр жил гаруй гудамжинд л явж байна даа гэж хэлж. Тэр хүүхдийг тэгж явуулж болохгүй ээ, би П.Очирбаттай ярьж “Гадаадтай харилцах эдийн засгийн улсын хороо”-нд ажилд оруулъя гэж. Тэгээд тэдний харьяа “Монгол барилга” гэдэгт ажилд оруулсан юм. Тэндээ 1986-90 он хүртэл дөрвөн жил ажилласан даа. Ерэн онд намайг Гадаад худалдааны академид явуулах гэж байсан юм билээ. Гэвч би ерэн онд л ер нь ажлаасаа гараад явчихсан хүн шүү дээ. Нийгэм өөрчлөгдсөн. Улс төр ч бужигнаад явчихсан. Гэтэл багаасаа улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг юмны зовлон шаналал дундуур явчихсан хүн болохоор энэ асуудалд туйлын болгоомжтой хандаж байсан. Яагаад ч юм тухайн үеийн МАХН-д элсэх боломж хоёр ч удаа надад гарч ирж байсан ч нөгөө л асуудал босч ирээд больж байсан юм. Тэгээд би бас улс төрд ороогүй үлдсэндээ дотроо баярлаж явдаг юм. Ямар нэг юм намайг цаанаас нь бас жолоодож байсан ч юм шиг санагддаг.

-Таны бизнесийн амьдрал тэр чигээрээ шинэ түүх. Энэ сэдвээр хоёулаа дараагийн ярилцлагаараа ярья. 
-Тэгье.

-Надад таны эхнэрийн талаар мэдээлэл алга. Хаанахын гаралтай хүн бэ?
-Эхнэрийн маань удам гарал Төв аймгийн Дэлгэрхааны улсууд. Миний гэргийг Хулан гэдэг. Эхнэрийн маань өвөг эцэг О.Намнандорж гэж Монголын нэртэй сэхээтэн, эрдэмтэн хүний нэг байсан. 1924-1928 онд Ленинградын Дорно дахины их сургуульд суралцаж байсан анхны 18 оюутны нэг шүү дээ.

-О.Намнандорж гуайн түүхийг бага сага мэднэ. Таны эхнэрийн өвөө гэж мэдсэнгүй. Хувь заяа нь бас л ээдрээ гүвээтэй байсан гэдэг. 
-Тийм ээ, тухайн үеийн Монголын нэртэй эрдэмтдийн нэг байсан. Бас л хоёр удаа хэлмэгдэж байсан хүн.

-Үнэхээр хоёр талаасаа гашуун юм амсаж явжээ. Үнэхээр хатуу амьдрал гэж үүнийг л хэлэх байх даа? 
-Тийм ээ, хүнд тавилан тохиож байсан байдаг. Нэг дор дүгнээд ярьчих ч асуудал биш. Дэндүү олон талтай, дэндүү хэцүү ойлголтууд гарч ирдэг юм.

-Та хотод амьдардаг уу, аль эсвэл хотоос зайдуу амьдардаг уу?
-Хотоос гадагш амьдардаг. 2008 онд хүндхэн хагалгаа хийлгэснээсээ хойш агаар таарахгүй болчихсон юм. Аль болох цэвэр агаарт байх шаардлагатай. Ажлаа тараад л гэр рүүгээ явчихна. Гэр гэдэг бол хүний энерги авдаг, өвөрмөц дотно орчин. Энийг хүн болгон мэдэрч явдаг байгаасай гэж би боддог юм.

-Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Урлаг спорт гээд хүний дотор талын утсыг хөндөж байдаг гайхалтай хүчин зүйлс бий. Хүн болгонд л нэг тийм сэтгэлийн утсаа хөндөж, хөглөж явдаг зүйл байдаг шиг байгаа юм. Таны хувьд тэдгээр зүйлс чухам юу байдаг бол. Жишээ нь, та урлагт хэрхэн ханддаг вэ?
-Би урлагт дуртай. Гэхдээ өөрөө дуулж чадахгүй. Хөгжимд дуртай, бас өөрөө тоглодоггүй. Сонсох дуртай. (инээв)

-Тийм үү, жишээ нь машиндаа ямар хөгжим сонсдог бол?
-“БИТЛЗ”, “АВВА” гээд 70-аад оныхныг сонсох дуртай. Орчин үеийнхнийг бол мэдэх ч үгүй. Нас яваад ч тэр үү монголынхоо ардын дуу, морин хуурын аялгуунд дуртай болсон. Их гүнзгий утга учир, далд өгөгдөл агуулсан байдаг юм байна. Бусдаар бол би урлагт таг хүн. Театр энэ тэрд ч очдоггүй шүү. Спорт гэвэл хүүхэд ахуй үедээ боксын Олзод багшийн шавь байсан тухайгаа танд дурссан даа. Эрхүүд хэлний бэлтгэлд байхдаа Эрхүүгийн шигшээд хүртэл байлаа. Тэгсэн тавдугаар курсын нэг орос монголчуудыг дээрэлхээд байхаар нь нэг цохичихсон чинь сургуулиасаа хөөгдөх шахсан. Багш нарын хурал болоод л бөөн асуудал босч ирсэн. Тэгтэл тооны тэнхимийн эрхлэгч орос эмэгтэй “та нар гайгүй сурлагатай хүүхдээ явуулах гэж байна шүү дээ” гэж үг хэлж байж авч үлдсэн. Сүүлдээ ч сургууль соёл ч үгүй болох нь гээд боксоо хаясан түүхтэй. (Инээв)

-Хөгжилтэй түүх байна?
-Хөгжилтэй дурсамж.

-Гэхдээ эр хүн өөрийгөө, ойр дотнынхноо хамгаалах хүчтэй байх ёстой гэж та үздэг үү. Би бие бялдрын хүчний талаас асууж байна л даа. 
-Хүний төрсөн өдрийн зурхайг би үнэний ортой байдаг ч юм болов уу гэж боддог. Би чинь арслангийн ордных ш дээ. Арслангийн ордныхныг гэр бүлсэг, гэр бүлээ хамгаалахын төлөө зогсдог, найз нөхөд олонтой, хатуу боловч өгөөмөр сэтгэлтэй, урлагт дуртай гээд надад байдаг олон шинж чанарууд тохироод байх шиг санагддаг. Найз нөхөд маань ч хэлдэг юм. (инээв) Ядарсан дээрэлхүүлсэн хүнийг өмөөрч үгээ хэлж, болохгүй бол нударга зөрүүлэлцдэг зантай залуу явлаа. Тэр зан маань одоо ч надаас алга болоогүй шүү.

-Нөхрийн хувьд ямар тохиолдолд та зам салдаг вэ?
-Мэдэхгүй дээ. Зам салсан нөхөр гэж надад байхгүй л болов уу. Би нөхөрлөлийг хадгалахыг эрхэмлэдэг. Хүний нөхөрлөлийн түүх бол амьдралын түүх нь байдаг.

-Шашны тухай таны үзэл, хандлагыг сонирхож болох уу?
-Бидний үед хориотой байлаа ш дээ. Гэхдээ би эмээгийн хүү. Хөгшин ижий маань зовлон зүдгүүр их үзсэн, шүтлэгтэй хүн байсан. Өглөө болгон төрийн сүлдэндээ залбирч цайныхаа дээжийг өргөдөг байсан нь санаанаас гардаггүй. Эмээгийн маань олон түмнийхээ сайн сайхны төлөө нэг ч өдөр алгасалгүй өргөдөг байсан цацал нь биднийг багаас нь төлөвшүүлэх бас нэг арга ухаан байсан байх. Хөгшин ижий маань нууцаар Гандан хийд орно л доо. Хүүхэд болохоор би дагаад л явна. Бүрээ, бишгүүр нижигнээд л угтана. Айгаад эмээгийнхээ хормойноос тас зуурчихна шүү дээ. (инээв) Би уламжлалт Буддын шашнаа эрхэмлэн дээдэлдэг, шүтэж биширдэг монгол хүн. Бурханы шашин бол хүнийг төлөвшүүлж, хүмүүжүүлэх асар том философи гэж хардаг. Ер нь үндэсний аюулгүй байдлын талаас нь харсан ч бодох юм их байна. Манай шашны орчинд ямархуу асуудлууд хуралдаад буйг Төрийн зүгээс нүдээ томруулж харах ёстой болсон байж магадгүй шүү. Энэ тухайд надад сэтгэл зовниж явдаг бодлууд бий.

-Таны хүүхдүүд их эрх чөлөөтэй хүмүүжсэн юм шиг харагддаг. Бусад амжилтад хүрсэн тодорхой хүрээний гэр бүлүүд дотроос танайх өөр харагддаг шинж байна. Ажиглаад байхад зохион байгуулалттайгаар хүүхдүүдээ хооронд нь гэрлүүлдэг хэв маяг ч бий болж байх шиг. Харин танай хүүхдүүдийг харахаар өөрөө өөрийнхөөрөө явах, алдаж онох тэр эрх чөлөөг нь эцэг, эх нь олгож байх шиг харагддаг. Энэ бол хамгийн хүнлэг соёл. Би аав Нямтайширын хувьд үр хүүхэддээ ханддаг өөрийн гэсэн үзлийг тань сонирхож байна?
-Миний аав намайг хайрцаглаж хүмүүжүүлээгүй. Би чөлөөтэй, юу дуртайгаа хийдэг хүүхэд байсан. Өөрийн зөв гэсэн сонголтоо өөрөө хийдэг төлөвшил хар багаас минь надад суусан л даа. Миний аав ингэж багаасаа буруу, зөвийг өөрөө дүгнэж цэгнэх хүмүүжлийг надад олгосон. Би хүүхдүүддээ өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө бүрдүүл гэж хэлдэг. Бид хэзээ нэг цагт хорвоогийн мөнх бусыг үзэх л болно. Магадгүй хүүхдүүдийнхээ үзэл бодлыг таньж мэдэлгүй, буруу зүг рүү чиглүүлсэн байвал яана. Тэрэн шиг том алдаа байхгүй шүү дээ. Алдаж онож, унаж босч зөв шийдвэрээ аяндаа өөрөө олох ёстой гэж боддог учраас хүүхдүүдээ чөлөөтэй хүмүүжүүлсэн. Нэг их болно, болохгүй гэж үг хэлээд байдаггүй. Өөрийн чинь хэлснээр жаахан хөрөнгө мөнгөтэй, боломжтой улсууд хүүхдүүдээ тэгж зохион байгуулалттай гэрлүүлдэг байдал ажиглагдаж байгаа бол тэр маш гунигтай жишиг. Эргээд ар талд нь аз жаргалтай амьдрал бий болох уу. Хайр сэтгэлгүй, бусдын санаачилга оролдлогоор гэрлэвэл ямар аз жаргал байх вэ дээ. Миний хүүхдүүд өөрсдийнхөөрөө амьдрах ёстой. Амьдралыг хамт туулахаар сонгосон хүн нь ямар нийгмийн ямар гаралтай, бас тэднийх нь хөрөнгө мөнгөтэй эсэх бидэнд чухал биш. Би ч гэсэн анх оюутан байхдаа хайр сэтгэлээрээ л эхнэртэйгээ гэр бүл болж байсан. Алдаагүй. Амьдралын бүхий л даваа нугачаанд миний хань хамт байсан.

-Ленинградад учирсан хоёр уу?
-Тийм.

-Таны үеийнхэн дунд нэг сонин “мода” үзэгдэл болсон. Зах зээлийн шинэ нийгэмд хөл тавьцгааж, тодорхой хугацааны дараа амжилтад хүрцгээгээд л эхнэрээ сольцгоосон. Залуу бүсгүйчүүдтэй сууцгааж, хоёр дахь амьдрал зохиосон хүн маш олон. Энэ тухай сонин бодлууд төрдөг юм. 
-Бусдын амьдралыг үнэлж цэгнэх би дургүй. Гэвч үзэгдлийнх нь хувьд та ийм шулуухан асууж байгаа болохоор өөрийн бодож явдаг бодлоо ярья. Хар нялхаараа амьтад учирч, амьдралын хүнд хэцүүг хамт мацаж туулчихаад, амьдрал тогтоод ирэхээр салж, сарних хэрэг үү. Энэ бол хүн чанаргүй явдал шүү дээ. Ер нь бол хөрөнгө мөнгөтэй гэхээсээ нийгэмдээ бодитой хийсэн бүтээсэн зүйлтэй, байхын зэрэгцээ сайхан хань, үр хүүхэд, ач зээгээрээ хүрээлүүлэн амар тайван амьдрах нь хүмүүн бидний амьдралын утга учир шүү дээ.

-Тань шиг ийм сэдэв дээр ингэж сэтгэлээ өвтгөж, чин зүрхнээсээ үг унагадаг эрчүүдтэй цөөхөн уулзжээ. Миний нэг найз орос эхнэртэй. Түүнийхээ талаар хэлж байсан үг нь санаанаас гардаггүй юм. Надаар эх орноо сольсон, миний үр хүүхдүүдийг төрүүлж, миний амьдралын гучин жилийг хуваалцсан хүнийг би хэнээр ч солихгүй гэж ярьж билээ. 
-Энэ бол гайхалтай совесть, гайхалтай хайр. Эхнэр бид хоёрын хоёр талын удмынхны маань туулсан хүнд хүчир амьдрал, тэрийг харж мэдэрч өссөн бага нас, өөрсдийн маань туулсан бүхэн бидний амьдралын гагнаас юм даа.

-Хоёулаа энэ сайхан үгээр ярилцлагынхаа эхний хэсгийг өндөрлөе. Дараагийн ярилцлагаар таны хүүхдүүд, таны амьдралын хоёр дахь том үе болох бизнесийн зам, энэ том салбарыг тойрсон сэдвүүд, улс орныхоо хөгжлийн талаархи хэтийн зорилт, үзэл санааны тань ертөнцөөр аялах хүсэл байна. Танд баярлалаа.
-Та бүхэнд, танай сонины уншигчдад сайн сайхныг хүсье. 

                                                                                                                                                                                                                               Үргэлжлэл бий...

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав