“Үндэсний Төв номын сан”-д 40 жил ажилласан номын санч Г.Алтанцэцэгтэй ярилцлаа. Өөрийн ажилдаа чин үнэнч, сонирхол татам энгийн нэгэн номын санчийн ярилцлагыг хүлээн авна уу.

-Хүн бүр өглөөг өөр өөрийнхөөрөө угтдаг. Таны өглөө яаж эхэлдэг вэ?

-Өглөө орж ирээд халуун цай уугаад, цэцэг навчаа усалж, ширээ сандлынхаа тоосыг арчсаны дараа ажилдаа бэлдэнэ дээ. Миний өглөө ингэж л эхэлдэг. Хүнд гайхуулаад хэлэх онцгой зүйлгүй ч гэсэн наддаа бол онцгой шүү.

-Таны ажлын гараагаа эхэлж байсан тэр цаг хугацаа руу хоёулаа очвол ямар дүр зураг угтах бол...

-Уйтгартай байж магадгүй шүү. Хүмүүс номын санчийн ажлыг уйтгартай гээд байдаг юм. \Инээв\ 1984 онд энэ газарт анх хөл тавьснаас хойш 40 жил өнгөрчээ. Цаг хугацаа их хурдан юм. Би 1989 оноос “Уншлага үйлчилгээний хэлтэс”-т ажиллаж эхлээд ахлах номын санч ч хийж байлаа. Одоо бол “Мэдээллийн номын санч”-аар ажиллаж байна. Өмнө нь зүгээр л номын санч гэдэг байсан. Энэ бол сүүлийн үеийн шинэ нэр томьёо  л доо. 

-Хэдэн настайдаа Үндэсний Төв номын санд ажиллаж эхэлсэн бэ?

-17 настайдаа үйлчлэгчийн ажил хийхээр ирж байсан юм. Энэ хугацаанд номын санчийн курст сураад Соёл Урлагийн Их сургуулийн харьяа Соёлын дээд сургуулийн номын сангийн ангийг төгссөн. Амьдралд юу эс болох вэ дээ. Доороос нь эхлээд өдийг хүртэл явлаа. Манай номын санд 18-аас дээш насныхан суудаг ч надад оюутнууд хэзээ ч насанд хүрсэн хүн шиг санагддаггүй ээ. Харин ч эсрэгээрээ бүр хүүхдээрээ ч юм шиг... Гэгээлэг. Сайхан шүү. Юугаа ч мэдэхгүй бүлтгэнэсэн нүдтэй хөөрхөн хүүхдүүд ном асуугаад л намартай цуг ороод ирдэг дээ. Одоо манай байнгын уншигч болчихсон ахмадууд байна. Тэд нар маань өдөр бүр ирээд  сонин, сэтгүүлээ эргүүлнэ. Бидний ажил ундраад л...

-Нээрэн таны хэлснээр номын санчийн ажлыг их уйтгартай гэлцдэг шүү...

-Харин хүмүүс тэгж яриад байдаг юм билээ. Бид нарт бол уйдаж суух зав байдаггүй шүү дээ. Бужигнасаар байгаад л өдрийг өнгөрөөдөг дөө. Хүүхдүүд орж ирээд л ном асууна, бид нар олж өгөх гээд дээшээ, доошоо гүйнэ. Өдөр тутамдаа хийдэг ажил нь адилхан болохоор тэгдэг юм уу, мэдэхгүй ээ. Манай дээр чинь янз бүрийн арга хэмжээ болно. Уйдах ямар ч боломж гарч ирэхгүй. Гэр, ажил хоёрын хооронд явдгаараа л уйддаггүй юм бол надад лав уйтгартай биш ээ. Яг үнэндээ хүмүүс номын санчийн мэргэжлийг ойшоодоггүй байхгүй юу. Тэгтэл энэ тийм амар, хялбар ажил биш байхгүй юу. Наад зах нь гэхэд бид нар өдөр тутмынхаа сонинг уншиж байна. Сонирхлоороо төрөл бүрийн ном уншина. Манайд чинь магистр, докторын зэрэгтэй хүмүүс ажиллаж байгаа.

-Тэтгэвэртээ гараад явахдаа хийж байсан ажлынхаа юугаар нь хамгийн их бахархах бол...

-Хүүхдийн Төв номын сан манайхаас бие дааж гарсан. Хоёр дахь нь саяхан нээгдсэн шинэхэн Төв номын сан юм л даа. Ингээд бодохоор би хоёр номын санг нүүлгэлцээд түүх бүтээлцчихсэн хүн болж байна. Үүгээрээ их бахархдаг. \Инээв\ Ажлын хувьд хүнд хэцүү зүйл байлгүй л яах вэ. Энд чинь ихэнхдээ эмэгтэй хүмүүс ажилдаг. Номоо зөөнө, байрлуулна, цэгцэлнэ, фондоо байгуулна гээд эмэгтэй хүнд бол бас хэцүү ажил шүү дээ. Би бас ном сэлбэн засагч хийж байлаа. Одоо ингээд хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарлаа. Цаг хугацаа ч их хурдан юм.

-Ном уншина гэдэг бас амаргүй ажил. Амьдралынхаа 40 жилийг номтой нөхөрлөж өнгөрөөсөн хүний хувьд зөвлөгөө өгвөл...

-Хүүхэд залуучуудыг ном уншихгүй байна гээд л яриад байгаа шүү дээ. Уншихгүй байгаа нь тэд нарын буруу ч бас биш л дээ. Хүүхэд хэлд ордог шиг багаас нь ном гэж юу байдгийг таниулах хэрэгтэй. Ном бариулж, харуулж, үнэрлүүлж байж унших тухай яриа дэлгэвэл зүгээр. Манайхан хүүхэдтэйгээ тэгж ажиллаагүй байж шууд ном унш гэж загнаж болохгүй. Чи ном уншихгүй байна гэж шууд тулгаж бас болохгүй. Үнэндээ зарим хүмүүсийн боломж бололцоо нь хүрэхгүй ч байх тохиолдол бий. Юу эс энэ амьдралд тохиолдох вэ дээ. Хүүхдийн төв номын сангийн хувьд нас насны ангилалд тохирсон төрөлжсөн танхимуудтай. Тэнд хүүхдүүдээ тойруулж суугаад уншлага хийдэг юм билээ. Энэ нь бас хүүхдийг номд дурлуулах нэг арга шүү. 

-Ном уншсаны хамгийн том давуу тал юу вэ?

-Танин мэдэхүй. Ерөөсөө л танин мэдэхүй шүү. Зарим хүүхдүүд их сүрхий. Би энэ номыг л унших гэсэн юм, ганцхан танай номын санд байна гээд ороод ирдэг. Хөөрхөөн...

-Та ихэвчлэн оюутнуудтай ажилдаг хүн. Ном уншихын тулд тухайн хүн сууж сурсан байх ёстой. Сууж сураагүй хүн шууд л ажиглагддаг уу? 

-Тийм. Илт байдаг л даа. Гэхдээ манай дээр номын санд суугаад, хийж гүйцэтгэх бие даалт, даалгавартай хүүхдүүд орж ирдэг. Номын санд зорилготой хүн ирж үйлчлүүлдэг гэж хэлж болно.

-Шинэ номын сан, хуучин номын сан хоёр юугаараа ялгаатай вэ?

-Орчин. Манай энэ номын сан бол харьцангуй баригдмал юм л даа. Шинэ номын сан бол их чөлөөтэй юм билээ. Хүүхэд заавал чимээгүй орчинд номыг унших  ёстой биш байхгүй юу. Тэр гоё чөлөөтэй орчныг нь бүрдүүлж өгсөн байсан. Хүүхдүүд уншсан номынхоо тухай чанга ярилцаж, үсэрч, дэвхцэж, тоглож наадаж болно. Энэ л хүүхдийн орчин юм шүү дээ.

-Номтой хамт байдаг ч гэсэн танд унших зав хэр гарч ирж байна вэ?

-Мэдээж бид нар үндсэн ажилаа хийх ёстой. Бас яг ном бариад суух гэхээр цаг зав бага шүү. Гэхдээ бас тодорхой хэмжээнд өөрсдийгөө цэнэглэж байх ёстой. Хүмүүс чинь ном биш “гарчиг” асууж орж ирдэг л дээ. Тэгэхлээр чинь уншихаас өөр сонголтгүй. Зарим хүүхдүүд нэрийг нь хэлж мэдэхгүй мөртлөө хавтасных нь өнгөөр асуугаад байдаг. Бид нар тэрийг нь хайна, сураглана, арга зүйч нараасаа асууна. Аль болох л олоод өгөхийг боддог.

-Монголчууд аль салбарын номыг хамгийн их сонирхож байна вэ?

-Түүх, нийгмийн ухааны номуудыг голлон авдаг. Сүүлийн үед ном үнэтэй болчихсон байна. Манайх чинь бүх шинэ номыг авч дийлэхгүй шүү дээ. Улсын төсөвт баригдана. Дээр нь маш олон хүмүүс ном гаргадаг болчихсон. Дээр үеийнх гэдэг утгаараа манайх хамгийн их сонин, сэтгүүл, номтой номын сан нь болж байгаа юм. Үүнийгээ дагаад маш их ачаалалтай ажилдаг. 

-Сүүлийн үед цаасан хэрэглээнээс илүү цахимаар унших сонирхолтой хүмүүс их болсон байна уу?

-Тэгж ярьдаг л юм. Гэхдээ номыг барьж унших, дэлгэц харж унших хоёр чинь хоорондоо асар ялгаатай. Хүмүүс цахимаар уншдаг болсон л гэдэг. Гэхдээ манайхаар үйлчлүүлж байгаа хүүхдүүд, ахмад настнууд бол номоо барьж уншихыг илүүд үздэг. Номоо бариад, уншаад, цонх руу нэг хараад бодолд автах ийм мэдрэмжийг дэлгэцээс авч чадахгүй. Жоохон хүүхдүүдийг харж байхад хүртэл ажиглагддаг. Номоо барьчихсан, хөлөө савччихсан сууж л байдаг. 

-Төв номын сангийн баг хамт олны тухай яривал?

-Манай номын сан тус тусын хэлтэстэй. Хэлтэс бүр хоорондоо уялдаа холбоотой ажилдаг. Тиймээс хэлтэс бүр, хүн бүр дор бүрнээ маш хариуцлагтай ажиллах ёстой болдог. 

-Амьдралынхаа 40 жилийг зөвхөн төв номын санд өнгөрөөсөн гэхээр та их үнэнч хүн байх нь ээ...

-Мэдэхгүй ээ. Тийм байж болох л юм. Хүүхдийн номын сан, саяхан нээгдсэн шинэ номын сангууд ирж ажиллаач гэдэг. Би өөрөө явдаггүй юм аа. Бас би л ганцхан амьдралынхаа турш энэ газарт ажилласан юм биш. Маш олон хүмүүс байгаа. Би бол социализмын үеэс хүмүүжсэн хүн л дээ. Тухайн үеийн хүмүүс чинь цаг барина, ажлаа яс хийнэ, хариуцлагатай байдаг байлаа. Магадгүй энэ хүмүүжил нөлөөлсөн байж мэднэ. Номын сангаасаа өөр газарт очъё гэж огт бодож байгаагүй. Зах зээл эхэллээ. Ганзагын наймаа хийгээд явуул явах л байлаа. Явсангүй. Ингээд л байж байна. Социализм, ардчилал хоёрын дунд байдаг хүн дээ. Үнэнч, хэлсэн л бол хэлсэндээ хүрдэг. Одоо бол тийм биш шүү дээ. Гэхдээ ажлыг сүрхий чамбай хийдэг залуучууд зөндөө байна. Ганцхан манай номын санд л сайн хүмүүс нь цуглачихсан юм уу, бүү мэд.\Инээв\

-Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй шагнал юу вэ?

-Монголд шагнал үнэгүйдсэн гэж хүмүүс ярьдаг. Тэр нь ч үнэн. Би 20 жил ажиллаж байж Яамныхаа жуух бичгээр шагнуулсан байх жишээтэй. Одоо бол гурав, дөрөвхөн жил ажиллаад л баахан шагнуулсан гавьяат, соёл урлагийн тэргүүнүүд гараад ирдэг болчихсон. Мөн би 30-иад жил ажиллаад Соёлын тэргүүний ажилтан болсон. 2016 онд “Алтан гадас” одон авсан. Надад бол төр засгаас өгсөн шагнал байна аа, байна. Энэ шагналууд маань миний хувьд маш их үнэ цэнтэй. Бүхэл амьдралаа зориулсан шүү дээ. Гэхдээ өнөөдөр бүх насаараа ажилласан ч гэсэн Соёлын тэргүүний ч шагналгүй хүмүүс олон байдаг. Хардаа, “Алтан гадас” одонгоор зүгээр л шуурж байна шүү дээ. Ийм үнэ цэнгүй, эзнээ олохгүй шагнал байна ч гэж юу байсан юм. Ингэж болохгүй юм сан. 

-Номын санч хүний онцгой чанар юу вэ?

-Хүмүүсийн асууж орж ирсэн зүйлийг нь олоод өгчих юм сан гэдгээрээ л онцгой юм уу даа. Тэрнээс биш уйтгартай хүмүүс бол биш шүү. Номын санч хүн чинь төлөв төвшин, намуухан дуутай, дөлгөөхөн байх ёстой. Оройн дээд эрдэм болсон номтой харьцаж байгаа хүмүүс гэдгээрээ бас бахархдаг.

-Мөн чиглүүлэгч биз дээ...

-Тийм. Саяхан нэг сонирхолтой үйл явдал болов оо. Над руу миний нэг танил утасдаад зээ хүү нь англи сургуульд сурдаг, монголоор сайн уншиж чаддаггүй гэнэ. Халх голын тухай эсээ бичих гээд ном олоод өгөөч гэхэд нь олоод өглөө. Сонин байгаа биз дээ. Монголоор сайн уншиж чадахгүй хүүхэд халх голын тухай ямар өнцгөөс харж бичих бол, тэ. Юу болсон тухай нь асууна даа гэж бодоод байгаа.

-Ямар ч ажилд бухимдах тохиолдол байж л байдаг. Номын санч нар юун дээр их бухимддаг вэ?

-Ер нь үйлчилгээний ажилчид ч гэсэн хүн байхгүй юу. Бусадтай л адилхан гомдоно, инээнэ, уйлна, уурлана. Номын санч хүн гэхээрээ л байнга дөлгөөхөн байна гэж байхгүй. Хэрвээ та номын сангаар үйлчлүүлж байгаа л бол дотоод дүрэм журмыг мөрдөх ёстой. Бүртгэл дээр сууж байхдаа хэлдэг. За, миний дүү номын санд суух гэж байгаа бол үнэмлэхтэй байна. Номын сангийн үнэмлэх нээлгэхийн тулд иргэний үнэмлэх эсвэл оюутны, ажлын газрын үнэмлэхээ гэхээр уурлачихна. Эсвэл хүмүүс тийм их бухимдалтай явдаг юм уу, бүү мэд. Та чинь яасан ядаргаатай юм, аягүй их юм шаардаад, төвөгтэй байна гэдэг. Номын сан чинь албан байгууллага шүү дээ. Үүнд бид нар захирагдах ёстой гэхээр хүнд суртал гаргалаа гэнэ. Гаднаас ууртай орж ирсэн хүмүүс чинь та нар үйлчлэх ёстой гээд л загнана.  

За, одоо эгч нь ажилдаа оръё. Ингээд яриад суугаад байж болохгүй шүү дээ. Ажил цаана чинь ундраад л байна. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (6)

Жампан
Жампан
19 October 2024 17:56

Хөөрхөн мундаг тууштай эмэгтэй шүү

Таниараа бахархаж байна😘

Дааший
Дааший
19 October 2024 18:08
19 October 2024 17:56, Жампан

Хөөрхөн мундаг тууштай эмэгтэй шүү

Таниараа бахархаж байна😘


Л.Оюунтуяа
Л.Оюунтуяа
21 October 2024 11:20

Ажилсаг бүсгүй шүү. Ажлын амжилт хүсье. 

Баагий
Баагий
21 October 2024 14:24

Олон нийтэд соёлыг түгээх эрхэм үйлсийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж буй олон хүний нэг бол Алтанцэцэг эгч маань. Тандаа ажлын амжилт хүсье. 

Jonathan Byrd
Jonathan Byrd
9 November 2024 22:39
Hey, Hope this message finds you well. I think your brand needs greater exposure, and I’d love to help make that happen. We’re happy to offer a free article on Benzinga, a site with over 14 million monthly visitors. It’s a powerful way to build credibility and visibility for your company at no cost. Additionally, for just $279, we can get your business published on major affiliates like FOX, NBC, CBS, ABC, and over 300 other media outlets. The visibility from this could be hugely beneficial for your brand. This deal is only available for the first 10 people who reply, so if you’d like to take advantage of your free article on Benzinga, simply reply with ""YES, I would like to be featured on Benzinga!"", and I’ll handle the rest. Excited about helping your business get the exposure it deserves! Best, Jonathan PR Boost Should you don't want receiving emails from us again, kindly reply back here saying the words: “No thanks”.
Chelsea Hernandez
Chelsea Hernandez
13 November 2024 16:20
Hey guys Are daily tasks getting in the way of scaling your business? At 5C Virtual Assistance, we have spent 6+ years helping businesses like yours save hours each week and cut operational costs by up to 70%. Our expert virtual assistants take over your routine tasks so you can dedicate more time to strategic growth. Why industry leaders choose 5C Virtual Assistance: • Cost-effective: + Premium support at just $9/hour – a fraction of the cost of hiring locally + Flexibility: Scale assistance up or down based on your changing needs + Experience: 6+ years in multiple industries + No overhead: Zero training expenses, benefits, or office space costs + Time-zone aligned: Seamless workflow integration with your team Our VAs excel in: - Administrative Support - Customer Service - Data Entry & Management - Calendar & Email Management - Social Media Management - Research & Reporting Imagine what you could achieve with an extra 20-30 hours freed up each week. Our clients typically report: + 40% increase in productivity + 25% improvement in customer response times + 15+ hours saved weekly on administrative tasks Ready to transform your workflow? Book a free 30-minute consultation to discuss your needs. Reply to this email or call us at [phone number]. -- Visit: https://bit.ly/5cvaservices Best regards, Chelsea Hernandez 5C Virtual Assistance https://bit.ly/5cvaservices P.S. Did you know? Switching to virtual assistance saves businesses an average of $3,000 monthly. We’d love to explore how we can achieve similar results for you.
Foto
А.Даваадулам

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав