Төв  аймгийн Лүн сумын харьяат, сумын заан Ц.Баатарцогттой ярилцлаа.

-Лүн сумын зуун жилээр түрүүлж сумын заан цолоо батлажээ?

-Би Лүн сумынхаа 90 жилийн ойгоор өсвөрийн хүүхийн барилдаанд түрүүлж сумынхаа шилдэг сурагч болж байлаа. Түүнээс хойш арван жилийн дараа Лүн сумынхаа 100 жилээр түрүүлж сумын заан цолоо батласан даа баяртай байна. Манай Лүн сум өгөөжтэй сайхан нутаг.

-Аав, ээжийнхээ аль нэг талаас бөхийн удамтай юу?

-Би аав, ээжийнхээ аль, аль талаас бөхийн удамтай. Манайх Лүн суманд  2007 онд нүүн ирж суурьшаад олон жил болж байгаа боловч уугуул нутаг маань Увс аймгийн Наранбулаг сум. Манай аавын авга ах нь Т.Баавгай гэж  аймгийн заан хүн байсан. Монгол Улсын харцага О.Бахыттай  Баян-Өлгийн наадамд үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан болж байсан гэдэг. Мөн аавын төрсөн ах Т.Цэрэннадмид гэж сумандаа хоёр түрүүлж, дөрөв тав үзүүрлэсэн сумын заан цолтой хүн бий. Манай ээжийн талаас гэвэл тойргийн аймгийн заан Ц.Галбадрах гэж хүн байгаа. Заал танхимд нэлээн сайн барилддаг байсан юм билээ. Аймгийн заан Ц.Галбадрахын дүү Ц.Хосбаяр гэх сумандаа хоёр гурав түрүүлж, шөвгөрсөн сумын заан хүн ч бий.

-Хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?

-Би анх төрөхдөө таван килограмм жинтэй их том хүүхэд төрсөн юм гэдэг. Их том товир төрсөн болохоор ч тэр үү аав хүүхэд байхаас л “Бөх болгоно” гэдэг байлаа.  Аавын тэр яриаг сонсож өссөн хүүхэд мэдээж сонирхож эхэлнэ биз дээ. Тэгээд л Лүн сумынхаа аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг хараад  тэдэн шиг болох юм сан гэж бодогдоод бөхөд дурлах болсон доо.  Манай сумаас улсын харцага, олимп дэлхийн медальт Д.Сэрээтэр төрөн гарсан. Мөн миний нагац ах сумын заан Ц.Хосбаяр сэнжигнээс их гоё барилддаг байлаа. Ахынхаа барилдааныг үзээд улам ч бөхөд дуртай болсон. Харин бөхөөр хичээллэж эхэлсэн нь 2011 оноос эхлэлтэй юм даа. Миний анхны багш Ц.Гомбо гэж хүн намайг анх чөлөөт бөхөөр барилдуулж эхэлсэн. Би хэдийгээр товир төрсөн ч тухайн үед үеийнхнээсээ жижиг биетэй байлаа. Тийм болохоор хамгийн доод жинд буюу 42 килограммын жинд барилдуулж эхэлсэн дээ. Хамгийн инээдтэй нь жиндээ хүрэхгүй таван литр ус ууж байж тэнцэж байлаа шүү дээ. Барилдаж эхлээд 2011 онд Д.Хадбаатар аваргын нэрэмжит барилдаанд очоод түрүүлдэг юм байна. Тухайн үед арван гурван настай, бакал өмсчихсөн хүү л барилдаад, учраа таарсан бүх хүүхдээ бусгаж тонгорох мэхээр даван түрүүлж байлаа. Энэ барилдаан миний төрсөн өдрөөр буюу тавдугаар сарын 1-нд болж байж билээ. Тухайн үед миний насанд 14 хүүхэд байсан.

-Төрсөн өдрөөрөө өөртөө барьсан хамгийн сайхан бэлэг болжээ. Үүнээс хойш амжилт гэдэг бороо шиг л асгарна биз дээ?

-Нээрэн түүнээс хойш миний амжилт эхлэсэн шүү. Өсвөр насны ангилалд Төв аймгийн Аргалант, Өндөрширээт, Лүн сумдад түрүүлсэн. Чөлөөт бөхийн 42 килограммын жинд  анхны  мөнгөн медалиа авсан. Дараа нь чөлөөт бөхөөр  аймгийн аваргад алт, мөнгө, хүрэл, медаль аваад улс бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцоод эхэлсэн. Улсын болон Сэлэнгэ аймгийн бүсэд барилдлаа. Гэхдээ дан чөлөөтөөр барилдаагүй. Жудо, самбо бөхийн төрлөөр ч багагүй амжилт үзүүлээд авсан шүү. Жудо, самбо бөхийн төрлүүдээр нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл авсан байна билээ. Үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит барилдаанаас “Уран гараа дэвээ”-ний шагнал авч байлаа. Харин дараа нь 2014 онд  А.Сүхбат аваргын нэрэмжит барилдаанд “Уран барилдааны шагнал” авсан даа.

-Тухайн үед өсвөрийн ангилалд өрсөлдөж байсан залуучуудаас хэн улс аймгийн цолонд хүрсэн байна вэ?

-Өсвөр үе ангилалд барилдаж байсан миний үеийнхэн бүгд улс аймгийн цолонд хүрсэн. Тэр тусмаа 1998 оны миний үеийн бар жилтэнгүүд... Тухайлбал, аймгийн заан М.Жамсрандорж чинь тухайн үедээ чанга өрсөлдөгч маань байлаа. Бид нар бараг баруун хөлийг нь дийлдэггүй байсан. Бас Сумын заан М.Мөнхтүвшин гэж бий. Одоогийн төв аймгийн начин Х.Шинэбилэг гэх мэт бөхчүүд байна.

-Дурсамжтай сайхан барилдаанаа яривал?

-Өндөрширээтийн наадамд 2011 онд түрүүлж даага хөтлөөд харьж байсан минь сайхан дурсамж санагддаг. Тус барилдаанд өсвөрийн хүүхдийн барилдаанд 26 даван түрүүлж байлаа. Барилдаан нар жаргатал үргэлжлээд гэрэл тавиулж “Хоёр Мөнх”-ийн барилдаан шиг л юм болж байлаа. Хамт унах л юм бол хасчих гээд байсан. Би 26 барилдаандаа 14-ийг нь тонгорох мэхээр, бусад 12-ийг нь мушгих мэхээр давж байлаа. Түрүүлээд даага хөтлөөд харих бөөн баяр. Би оюутан байхдаа “оюутан цэрэг”-т татагдаж очдог юм байна. Татагдаж очсон 256 залуучуудын дунд барилдаан зохиолоо.Тухайн үед барилддаг залуучууд их олон ч байсан. Би тэр барилдаанд түрүүлж байлаа.

-Барилдахаас гадна “Бөх тайлбарладаг” гэж сонссон. Барилдаж байхдаа тайлбарлах хүндрэлтэй санагддаг уу?

-Би  2017 оноос эхэлж бөх тайлбарласан. Энэ тэндхийн баг, овооны наадамуудад олон тайлбарласан. Барилдаж байхдаа ч амьсгаагаа дарж байгаад тайлбарлана. Би багаасаа бөхийн ном ч уншдаг байсан. Энэ бүхэн маань ч тайлбар хийхэд нөлөөлсөн байх.

-Өөрийн тань бодлоор бөх хүн ямар байх ёстой вэ?

-Бөх байна гэдэг асар их тэвчээр. Бөх хүнд бүх юмны зохицол байж л барилдана. Хувийн сахилга бат, ёс суртахууны хэм хэмжээ сайн байх хэрэгтэй. Миний хувьд залуу бөхчүүдийг ахмад настнаа хүндлэхгүй байгааг хараад зовж явдаг, бөхийн дэг журмаа хүндэтгээд, сахиад унасан бол тахимаа өгдөг байгаасай хүсдэг. Том цолтой бөхчүүд давчихаад нидрэх, тохойлдох, барилдаж байхдаа барьц буруу халах зэрэг үйлдэл гаргадаг нь залуу бөхчүүдэд буруу дууриалал үзүүлж байна гэж боддог. Залуу бөхчүүдийг бие бялдраа хөгжүүлэхээс гадна боловсролдоо ч мөн анхаараасай гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав