“Ярилцъя” бас нэгэн эрч хүчтэй залуу зочны хамт мэндчилж байна. Түүний нэр Л.Наранбаатар. Дархан Уул аймгийн Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөний тэргүүн.
-Нэг мэдсэн Наранбаатар гэдэг залуу гараад ирсэн байна. Энэ юун залуу вэ, хэн бэ, хаанаас ирсэн бэ гэх мэт анхан шатны олон асуулт таныг тойрч байх шиг байна. Тэгэхээр би ч гэсэн тантай танилцъя.
-Би Шарын голын нүүрсний уурхайн жижигхэн тосгонд төрсөн хүүхэд л дээ. Бага насны амьдрал маань уурхайчин айлын гэрт өнгөрсөн. Өссөн орчин маань энэ учраас уул уурхайн чиглэлийн мэргэжил ч сонгосон байж магадгүй.
-Аав ээж хоёр тань хоёулаа уул уурхайн улс юм уу?
-Аав ээж хоёр маань илгээлтийн эзэд юм. Илгээлтээр Шарын голд очиж, тэндхийн уурхайн анхны тоног төхөөрөмжүүдийг угсарч, эксковаторчнаар нь манай аав насаараа ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан түүхтэй. Ээж маань ч мөн адил уурхайд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Би их сургуульд орох хүртлээ Шарын голдоо амьдарч байсан. Тэгээд эрдэм өвөртлөхөөр Улаанбаатар явсан.
-Та айлын том хүүхэд үү?
-Би айлын дунд хүү. Манайх есөн хүүхэдтэй айл. Ээж маань ах дүү хамаатан садан гэх хүнгүй цор ганцаараа байсан. Тийм учраас ээж маань олон хүүхэдтэй болж өнөр өтгөн амьдаръя гэж бодсон юм шиг байгаа юм. Одоо ээж маань бурхан болсон л доо. Аав, ээж хоёр маань хүүхдүүдээ нэлээн л чардайж байж өсгөсөн. Яг ардчилсан хувьсгал гарч байх үед амьдрал бол хэцүү л байсан. Би гэрээсээ ганцаараа их сургууль төгссөн. Хүнд хэцүү амьдралтай байсан учраас ямар нэгэн байдлаар хариуцлага над дээр ирж байна л гэж ойлгосон. Ерөөсөө би онц сурах ёстой. Тэгж байж л энэ ах дүү нараа авч явна. Ийм л үзэл бага насанд минь суучихсан байсан юм шиг байгаа юм.
-Яагаад ч юм айлын том хүүхэд юм байна даа гэж бодож байлаа.
-Би доороо хоёр дүүтэй. Есөөс зургаа дахь нь гэсэн үг л дээ. Одоо бол долуулаа л байгаа л даа, амьд сэрүүн. Олон ах нартай, ганц эгчтэй, ганц эмэгтэй дүүтэй, ганц эрэгтэй дүүтэй. Ер нь бол айлын дундахь. Угаасаа тийм хүнд хэцүү амьдралыг туулсан. Тийм учраас би ямар нэгэн байдлаар зөв явах ёстой. Өөрийгөө хичээх ёстой. Өөрөө зөв замаар явж байж л бусад ах дүү, найз нөхдөө манлайлж чадах юм байна гэсэн үзэл баримтлал маань аль бага насанд минь суучихсан.
-Айлд нэг хүүхдээ онцолж тэгдэг дээ. За, чи л нэг ер нь энэ хэдээ авч явна шүү. Чамд л найдаж байна гэж. Танд эцэг эх тань тэгж хэлдэг байсан уу ?
-Тэгж л ярьдаг байсан л даа. Би хамгийн эрх хүүхэд нь байсан. Аав ээж маань ах дүү нарт маань өгдөггүй чихэр жимс, хоол унд, хувцас хунараа надад л өмсгөдөг байсан. Намайг бага байхад эргэн тойрныхон маань оросын маамуу гэж нэрлэдэг байлаа. Яагаад ч тэгж нэрлэдэг байсан юм. Их цэвэр цэмцгэр хувцасладаг. Хүссэн болгоныг минь ер нь биелүүлэх гэнэ. Арай л бусад хүүхдээсээ илүү хандаад байгаа юм шиг санагддаг байсан. Ах эгчид маань алганы боов амтлуулж байхад надад чихрэн боов өгөх жишээтэй. Дандаа намайг илүү хайрладаг байсан. Аав маань уурхайчин хүн. Амьдралын хатуу хөтүүг үзсэн. Ер нь бол уурхайчид ямар байдаг билээ. Хааяа бор дарсыг ч хүртчихдэг. Гэхдээ ажлыг бол хийсэн шиг хийдэг. Социализмын үеийн хүмүүсийн хүмүүжил төлөвшил, сахилга зарчим чинь маш хариуцлагатай байсан юм чинь.
-Тэр сайхан гүдэсхэн ажилчин анги улс орныхоо нуруу болж явсан. Тийм ээ, сайхан цагийн хүмүүс. Шуналгүй, үнэнч, цагаан цайлган.
-Гэртээ ирэхгүй цаг наргүй ажиллана. Найз нөхөдтэйгөө хааяа бор дарсыг ч хүртэнэ. Хоорондоо сайхан найзалж нөхөрлөдөг. Тийм л байсан. Аав маань олон ч найз нөхөдтэй хүн. Ар талд нь ээж маань энэ хэдэн хүүхдүүдээ өсгөхийн тулд амьдралд их нухлагдсан. Би одоо боддог юм. Ардчилсан хувьсгал гараад, бүх юм картын бараанд шилжээд л, айлууд өлөн зэлмэн болж хувирсан. Энэ үед ээж маань бидний талханд дугаарлаж зогсдог. Тэр үед ээж минь худаг дээр ажилладаг байсан юм. Худгийн усны орлого гэдэг чинь 20-30 төгрөгөөр л үнэлэгдэнэ биз дээ. Тийм хэмжээний ажил хүртэл хийж зүтгэсэн. Бүр хивэг хүртэл шигшиж бидэнд бантан хийж өгч байсныг би санадаг юм.
-Хивэг шигшиж талх барьж үзэж л байсан. Бас л хэцүү үедээ хэцүү л байсан шүү дээ. Одоо харин бүгд л мартацгааж дээ.
-Хэцүү сонин үе нөмөрч байсан. Уг нь мартах ёсгүй.
-Та илүү их хайрыг нь авсан болохоор илүү их хайрыг өгөх үүрэг хүлээсэн юм байна. Ер нь бол хайр үзэж өссөн хүүхдүүд шал өөр хүн болж өсдөг юм шиг санагддаг.
-Надад ч бас тэгж ажиглагддаг.
-Олон хүүхэдтэй айл хүүхдүүдээ их ажилсаг болгож хүмүүжүүлдэг юм шиг ээ. Та ажил хэр хийж сурсан бэ. Эсвэл ганцаараа эрхлээд л нөгөөдүүл хийгээд байх уу?
-(инээв) Ер нь бол ах эгч нар маань хүнд хүчир ажлыг нь хийдэг байсан шүү. Хийе гэсэн ч намайг ойртуулдаггүй, хичээлээ л сайн хий гэж сургах маягтай.
-Шарын голынхон чинь голдуу хашаа байшинд амьдардаг бил үү?
-Тийм. Хашаа байшинд. Би бол хааяа ус, түлээ зөөнө л дөө. Гэхдээ ер нь ихэнх цагаа сурахад зориулдаг байсан. Чи явж хичээлээ хий л гэдэг байсан. Би муу ээжийгээ л их өрөвддөг юм. Намайг яг их сургуулиа төгсөөд, ажилд дөнгөж ороод, амьдралд хөл тавингуут л ээж маань өнгөрсөн л дөө. Ээжийгээ баярлуулж, ачийг нь хариулж чадаагүйдээ харамсдаг.
-Ганцаараа өсөхийн, ганцаараа заяахын, ганцаардмал орчны тэр амьдрал эрэгтэй хүнийг хатууруулдаг бол эмэгтэй хүнийг асар өөр ертөнц болгодог. Таны ээж үр хүүхдүүдээ бие биедээ нөмөртэй, нэмэртэй, түшигтэй яваасай гэж олуулаа заяалгажээ. Бас л гайхалтай чадвар. Ихэнх хүн энэ насны богинохон амьдралдаа өөрөө болж өгвөл жаргаж, туйлж, эрхэлж, бие амар яваад дуусгахыг боддог бол таны ээж тэс өөр хүн байж. Тийм болохоор та үнэхээр гоё гэр бүлд өсч, хүмүүжжээ.
-Баярлалаа.
-Уурхай дагасан тосгон гэхээр надад их гоё сонсогдож байна л даа. Ер нь аглаг хөдөө өссөн хүүхэд, үйлдвэр бүтээн байгуулалтын хажууд өссөн хүүхдүүд хоёр асар ялгаатай байдаг. Ялангуяа танай Шарын гол бол Mонголын алдартай уурхай. Ингэхэд та хэзээ анх уурхай үзэж байсан бэ. Анх ямар мэдрэмж төрж байсан бол?
-Ухаан орсон үеэсээ л би нэг юмыг их гайхдаг байсан. Энэ уулнууд бүгдээрээ ийм омбогор, домбогор байхад манай урд талын уул яагаад ийм хавтгай байдаг юм бол гэж. Тэгээд юм л бол тэр урд талын уул руугаа очиж тоглоно. Мэдээж тэрүүгээр дүүрэн хог шороотой. Тэгсэн ч тоосон дунд бужигналдаад л хүүхдүүдтэй тоглодог байсан. Тэгж яваад нэг мэдэхэд л аяндаа ухаарсан л даа. Энэ урд талын тэгшхэн уул бол манайхны түлдэг нүүрсийг гаргахын тулд гаргасан шороо нь юм байна гэж. Тэгэж л анх уурхайг мэдэрч байлаа. Манайх чинь уурхайтай ойрхон гэр хорооллын айл. Уурхай дээр асар том эксковатор ажилладаг. Дуу нь хүнгэнээд л, шанага нь орой болгон түс тас гээд л сонсогддог. Тас няс гээд л. Эхлээд би боддог байсан. Манай урд талд тогоо нэрдэг Балдорж гуай гээд буриад өвгөн байдаг байсан юм. Энэ өвгөн орой болгон тогоо нэрж байна даа гэж. Тэгээд нэг удаа амбаар дээрээ гудас дэвсээд унтаж байгаад л энэ нь Балдорж гуайн тогоо шанага биш юм байна, энэ бол эксковаторын дуу чимээ юм байна. Тэртээ алсаас, 5-6 километрийн тэртээгээс сонсогддог юм байна шүү дээ гэж ойлгосон юм. Ингэж анх үндсэндээ уул уурхайг хүүхэд насны ойлголтоороо өөртөө нээж байлаа. Аав маань яг тэр түчигнэж, тачигнадаг уурхайн том эксковаторыг угсарсан юм байна лээ. Орос руу сургуульд сурахаар яваад, алхагч экскаваторын машинист мэргэжлийг эзэмшиж ирээд, ЭШ-10/70 эксковаторыг угсраад ажилд оруулах тэр эхлэлийн үед нь би төрсөн юм байна лээ. Тэр бол 1979 он.
-Ер нь л уул уурхайн хүн болох байжээ дээ.
-Хувь заяа бол өөрөө намайг чи ийм хүн байх ёстой гэж зааж өгсөн юм шиг байгаа юм.
-Дунд сургуулиа Шарын голдоо төгссөн үү?
-Шарын голдоо.
-Конкурс гэж амьдрал шийддэг том даваа байдаг. Хаана очиж өгөв?
-Конкурсыг бид чинь Дархан суманд ирж өгнө шүү дээ.
-Хэр өгч байв?
-Би 240 хүүхдээс 32-т жагсаж байсан.
-Арван жилээ бол шижигнээд л онц төгссөн байх нь.
-Арван жилдээ би ганцаараа онц төгссөн. Манай Шарын голд 172 хүүхэд төгссөн. Би хүүхэд байхдаа олон нийтийн, ер нь л олон талын ажилд оролцдог тэргүүлэгч хүүхэд байсан. Өөрийгөө ямар нэгэн юманд сорих дуртай. Бүжиглэж ч үзлээ, дуулж ч үзлээ. Бас болоогүй ээ, рэп энэ тэр бүжиглэнэ. Манай аав дөрвөн үе дамжсан улсын мэргэн харваач хүн. Багаас л намайг ийш тийшээ явахдаа байнга дагуулж явж олонтой танилцуулсан. Надад чи үе дамжсан тав дахь улсын мэргэн болох ёстой гэж хэлдэг байсан юм. Тэгээд л би хүүхэд байхдаа сурахын хажуугаар бас рэп бүжиглэхийн хажуугаар үндэсний сурын харваагаар хичээллэж, бас өвөг дээдсийнхээ уламжлалыг цааш нь авч явах ёстой гэж их хичээдэг байсан. Өсвөрийн үеийн улсын аварга ч болж байсан.
-Их уйтгартай спорт юм шиг харагддаг. Та тэвчээртэй л хүн юм.
-Гаднаас нь харахад их уйтгартай юм шиг. Яг хичээллэхээр тийм биш. Хүн өөрөө өөртэйгөө тэмцэлддэг спорт байхгүй юу. Чиний сэтгэл санаа ямар нэгэн байдлаар тогтворгүй, төвлөрөлгүй бол алддаг. Тийм учраас өөрөө өөрийгөө бясалгаж, өөрөө өөртэйгөө тэмцэлддэг, өөрийгөө ялдаг тийм спорт. Алдаагаа чи өөрөө хийдэг. Алдаагаа чи өөрөө засах ёстой. Амжилтыг ч чи өөрөө хийх ёстой. Хүн өөрийнхөө алдааг ухаарч хардаг, ойлгох боломжтой болгодог. Тэсвэр тэвчээртэй болгодог. Тэрнийхээ ард хүнийг хүндэлж чаддаг болдог ийм спорт. Манай аав хэлдэг байсан. За, чи сайн харваач болохын тулд сум сайн зөөж чаддаг байх ёстой гэж. Тэгээд намайг огт нум эвшээлгэхгүйгээр 7-9 нас хүртэл сум зөөлгөсөн. Ерөөсөө нум эвшээлгэдэггүй байсан. Тэгтэл нь хорхойг татаж, хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй болгож байгаад оруулж байсан. Би одоо ч гэсэн энэ спортдоо хайртай. Төрийн наадам дээрээ очиж сум тавьдаг.
-За, тэгээд конкурст пижигнээд л орчихлоо. Ер нь л уул уурхайн хуваарь авна л гэж бодож байв уу?
-Бодож байсан. Тэр дундаа уул уурхайн ашиглалтын инженер болно гэж бодож байсан. Яг хуваариа сонгохоор орох гээд байж байсан чинь ээж маань надад хэлсэн л дээ. Миний хүү, уул уурхайн эдийн засаг, менежмент гэж анги шинээр нээгджээ. Хэдийгээр ээж нь дээд боловсролтой хүн биш ч гэлээ энэ анги нь инженерийг нь ч хослуулсан, эдийн засгийг нь ч хослуулсан олон талт үйл ажиллагааг хангасан мэргэжил юм шиг санагдаж байна. Ирээдүйтэй юм биш үү. Зах зээлийн нийгэмд ч шилжиж байна. Миний хүү энэ ангийг авч сурвал яасан юм бэ гэж хэлсэн. Тэгээд ээжийнхээ зөвлөгөөгөөр ороод авчихсан. Ашиглалтын инженер маань ч байж л байсан. Яг тэр үед надад шийдвэр гаргахад маш хүнд байсан. Би ашиглалтын инженер болоод аав маань эксковатор барьж байсан бол эксковаторчдыг нь удирддаг хүн болохыг л хүсдэг байсан л даа. Гэхдээ би энэ мэргэжлээ сонгосон нь маш зөв байсан.
-Тэр үед чинь одоогийнх шиг уул уурхай моодонд орж, залуучууд бас нэг их сонгодоггүй байсан шиг. Уурхайн хотхонд өссөний л нөлөө байж л дээ.
-Тэр үед чинь хүүхдүүд компьютер, техник менежментийн сургууль руу л их орох сонирхол ихтэй байсан. Хуульч, эдийн засагч болох сонирхол ихтэй хүүхдүүд бас их байсан л даа. Минийх бол уул уурхайн эдийн засаг менежмент гээд яг шинэ анги нээгдэж байсан. Ингээд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Уул уурхайн инженерийн сургуульд хөл тавьж байлаа. Дөрвөн жил хичээсээр байгаад л онц төгссөн. Яагаад ч юм ерөөсөө л алдах эрхгүй л юм шиг надад санагддаг байсан.
-Хотод ирээд оюутны байранд байсан уу?
-Эхний жилүүдэд хамаатныдаа байсан. Дараа нь оюутны байранд амьдарсан. Оюутны хотхонд амьдрахаар хүн өөрөө бие дааж сурдаг юм байна лээ. Хоёрдугаарт, аав ээжээсээ тасраад ирэхээр асар ихээр тэднийгээ празитлаж байснаа хүн өөрөө ойлгодог юм байна лээ. Тийм учраас илүү хариуцлага суудаг. Найз нөхөдтэйгөө эвтэй сайн явахгүй бол өөрөө буланд шахагдаад өлсгөлөнд нэрвэгдэнэ. Ганцаардал болно гэдгийг бол дэндүү сайн мэдэж авна. Тэгэхээр ерөөсөө нийгмийн амьтан болох ёстойгоо гүнзгий ухамсарлана. Аав ээж чинь яаж зовж чамд эрдэм боловсрол суулгасан юм бэ гэдгийг ухаарах цаг мөч бол тэнд л надад бий болсон. Тэрнээс гадна энэ өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж чадах юм бол ирээдүйд надад асар их боломж байгааг тухайн үед би мэдэрсэн. Яагаад гэхээр тэр үед чинь уул уурхай ид өсөлтийн үе рүүгээ орох үндсэн суурь нь тавигдаж байсан үе л дээ.
-Сургуулиа төгсөөд хаашаа алхав. Онц төгсчихөөд байж байдаг.
-Би тэгээд бас хажуугаар нь нутаг орноо хөгжүүлнэ гэсэн айхтар дэврүүн бодолтой. Тэгээд тэр тусмаа аав, ээж хоёрынхоо бүх насаа зориулж ажилласан тэр уурхайгаас амьдралын гараагаа эхэлнэ гэсэн хатуу бодолтой байдаг байлаа.
-Шарын голын уурхайд уу?
-Тийм. Өөр үйлдвэрийн газар ажиллах боломж надад байсан. Гэхдээ би Шарын голын уурхайн тухай бодлоо орхиж чадахгүй байсан.
-Тэр чинь хувьчлагдаад будаа болчихсон байсан биз дээ?
-Тэр үед анх хувьчлагдаад удаагүй байсан юм. Тэгээд очлоо. Өөрийнхөө мэргэжлээр ажиллана, эдийн засагч болно гээд л сургуулиа онц төгсчихсөн аймаар амбийцтай биеэ тоочихсон амьтан очиж байгаа шүү дээ. Их л мундаг инженер болчихсон гэж ойлгосон. Эдийн засагч болчихсон гэж ойлгосон. Тэгсэн урдаас уучлаарай, чи эксковаторын туслах хий гэсэн. Тэгээд эксковаторын туслах болдог юм байна. Ажиллаад хоёр гурав хоноод байж байсан чинь нэг мастер маань өвдөөд урт хугацаанд эмчилгээнд явчихлаа. Чи ерөөсөө мастерын орон тоон дээр түр ажилла гэсэн. Би бол надад их том боломж гарч ирлээ гэж бодохгүй юу. Мэргэжлийн хувьд өсөж дэвжих. Тэгээд залуу, ажил хийж үзээгүй хүүхэд очоод ерөөсөө хатуу зарчимч хандана гээд л явчихсан. Тас тас гээд л цагаасаа хоцорсон, тасалсан, архи уусан инженерүүдийн халах өргөдлийг нь бичүүлээд л, цагийг нь тасалсан бол тасалснаар аваад л жигтэйхэн юм болсон. Тэгсэн хоёр сарын дараа нөгөө эмчилгээнд явсан мастер маань буцаад ирэхгүй юу. Тэгээд яасан бэ гэсэн чинь орон тоо байхгүй юм чинь буцаад эксковаторын туслах бол гэсэн. Нөгөө цагийг нь хасч байсан улсууд дундаа эксковаторынхаа туслахаар эргээд очиж байгаа байхгүй юу. Тэгээд яахав зодуулна, дарамтлуулна, цахилгаан эксковаторын кабель үүрнэ. Өглөө хүйтэнд наана цаана гүйгээд л зовлон үзэж байгаа юм л даа. Яг тэр үед би яг юу гэж бодсон гээч энэ амьдралын хар борыг чинь тэр эксковаторчин, бульдозерчин гээд хүмүүс л нугалдаг юм байна. Уурхайн гол ажлыг энэ хүмүүс нугалж, гол эрсдэлийг нь ч нуруундаа үүрч явдаг юм байна шүү дээ гэж ойлгосон. Маш хатуу, хүнд хүчир ажил хийдэг. Тэрийг би ингэж л ойлгосон. Тэгээд л амьдралыг зөв нүдээр харах юм руугаа эргэж байгаа юм л даа.
-Туслах ажилчнаар хэр удав?
-Нэг их удаагүй. Тэрний дараа би бодсон л доо. Эхнэртэйгээ хамт шийдвэр гаргах мөч ч ирсэн.
-Өө, бас эхнэртэй болчихсон байсан юм уу?
-Тийм. Би чинь ангийнхаа охинтой суусан хүн шүү. Бүр оюутан байхдаа.
-Хэддүгээр курстээ?
-Нэгдүгээр курсээсээ л би хардаг байсан.
-Аль газрын охинтой учрав даа?
-Улаанбаатарынх л даа. Жижигхэн хөөрхөн охинд сэтгэл алдраад.
-Улаанбаатарын охин хөдөөний хүүхдийг тоохгүй зовооно биз дээ?
-Өө, одоо тэгээд л.../Инээв/. Өөрийгөө тийм царай муутай гэж бас бодохгүй байгаа ш дээ.
-Тийм байж бас хөдөө дагаад яваад өгдөг. Та чинь харин эрсдэлээс бол айдаггүй хүн юм биш үү?
-Тэгээд би эхнэрээ хөдөө ирээч ээ гэж дуудсан. Би чинь эхнэрээ болгох гэж дөрвөн жил ноцолдож байгаад яг төгсөх жилээ зөвшөөрүүлж авсан хүн ш дээ, уг нь. Тэгээд төгсөөд тэнд ажилтай болчихсон. Тэгээд эхнэрээ наашаа хүрээд ирээч ээ гээд гуйлаа. Ирээд намайг тэр мастерын ажил хийхийг зөндөө харсан л даа. Тэгээд надад эхнэр маань хэлсэн. Сонголт санал болгож байгаа байхгүй юу. Амьдралаа чи сонго. Би чамд үнэхээр хайртай. Намайг чи хайртай ханиа гэж үзэж байгаа бол чи Улаанбаатарт очиж боловсролоо дахиж дээшлүүлэх хэрэгтэй. Өшөө илүү том карьер чиний өмнө байгаа. Чи тэгэхээр энэ юмнаасаа өөрийгөө чөлөөлж явах ёстой. Чи яахав нутаг усандаа хайртай хүн, чамд тийм том амбийц байгаа гэхдээ энд чиний удаан байх газар биш байна. Өөрийгөө чөлөөтэй нээж хөгжүүлж, илүү амжилт хүсэх юм бол мэргэжлээ дээшлүүлж, Улаанбаатарт ахиж сурах ёстой гэсэн. Хэрэв үгүй гэвэл би чамтай зам нийлэхгүй нь ээ. Баяртай, гээд хаяад явчихсан. Би ч тухайн үед аан тийм үү, тэгвэл та яв яв л гэсэн. Ёстой нээрээ яршиг л байна. Би эндээ ажиллана. Мундаг том уурхайн дарга, инженер болно л гэж үзэж байгаа юм. Тэгээд сарын дараагаас л яахав дээ эргэж бодоод үзэхгүй юу. Ханийн минь бас хэлж байсан үнэн юм байна. Би энд ингээд байж болохгүй юм байна. Өшөө өөрийгөө нээх ёстой. Тэр үед би эргээд мастер болчихсон байсан л даа. Тэгсэн ч Улаанбаатар руу ирсэн.
-Улаанбаатараас ямар ч дуудлага байхгүйгээр өөрөө хүрээд ирдэг.
-Хойноос нь очиж байгаа юм чинь.
-Ажил төрлийн хувьд?
-Ажил төрлийн хувьд байхгүй ээ. Юу ч байхгүй. Хов хоосон л юм чинь. Ирээд дахиад оюутны байранд амьдарч байгаа юм. Манай эхнэр оюутны байранд амьдардаг байсан. Хоёулаа байранд амьдраад. Би магистрантурт сурна гээд, эхнэр маань бааранд зөөгч хийдэг. Би КТМС-ийн санхүүгийн менежментэд сурах гээд. Тэгээд нэг хоёр сар сурсан уу, үгүй юү. Мөнгө ч байхгүй, юу ч байхгүй. Ямар ч боломж байхгүй юм чинь. Тэгээд ер нь жаахан ажил хийж байгаад жилийн дараа ч юм уу, хоёр жилийн дараа сургалтын төлбөрөө хийх чадвартай болоод орж ирсэн дээр юм байна гээд чөлөө авлаа. Тэгсэн, энэ “Оюутолгой”-д өрмийн туслах ажилтан авна гээд зарлаж байнаа. Тэгээд очлоо. Өндөр ч цалинтай юм. Тухайн үедээ 350-500 долларын цалинтай болоод авлаа. 2003 он шүү дээ. Тав зургаан ширхэг өрмийн машинтай. Дандаа миний үеийн шижигнэсэн залуучууд очсон. Дандаа инженерүүд. Тэнд тэгээд өрмийн туслахаар ажиллалаа. Долоо, найман сар ажилласан. Юун тэр уурхайн эксковаторчин, бульдозерчны ажил, тэрнээс илүү хүнд ажил байсан. Тэгээд ялангуяа өвөл өрөмдөнө гэдэг хэцүү. Миний нүдэн дээр олон ч залуучууд хөл гараа тасласан. Амь насаа алдаж байсан. “Оюутолгой”-н орд нөөцийг зүгээр сууж байгаад бэлэн юм олчихсон юм шиг л хүмүүс боддог. Яг нүдээрээ харж, тэнд халуун цэг дээр нь ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд бараг дайны талбар дээр байгаа юм шиг тийм аюултай, хүнд хүчир талбар байсан. Тэгсэн ч барууны компаниуд хөдөлмөр хамгааллыг мөрдүүлэхийн тулд асар их хөрөнгө, хүч хаядаг байсан. Хөдөлмөр хамгааллын хувцсаар байнга хангана. Нүдний шилээ зүүгээгүй бол ажлаас нь халдаг ч юм уу. Тийм хатуу зарчимтай, хүнд хэцүү дэглэмийн дор уул уурхайн хайгуулыг явуулахгүй бол болдоггүй.
-Мэдээж өндөр эрсдэл дааж байж өндөр ашигт хүрдэг биз. Та тэгээд хот руу орж ирнэ гэж ирчихээд ахиад хөдөө яваад өгчээ.
-Өмнөговь явчихсан. Тэгээд би ханьдаа бичиж байлаа. Ханиа, би OTD-247 гэдэг цооногийг өрөмдөж байна гээд л. 247 гэдэг чинь бидний багынхаар би чамд хайртай гэдэг үгийн томъёолол биз дээ. (инээв) Тухайн үед захиа л бичих боломжтой байлаа ш дээ. Гар утсаар яриад байх боломж нь хомс байсан. Би чинь гар утасгүй ч байсан юм. Тэгж гадаадынхантай ажиллаж байхдаа өөрийгөө би асар их голсон. Мундаг том сургууль төгсчихөөд, хүссэн зорьсон мэргэжлээ эзэмшчихээд англиар ч ярьж чадахгүй хүн байж байдаг. Гаднынхантайгаа дохио зангаагаар л ярьдаг байсан. Тэгээд ажлынхаа зав чөлөөгөөр бие даагаад англи хэл үзлээ. Кэмбриджийн улаан ном гэж байсан юмаа. Өрмийн машин ажиллаад хатуу чулуундаа орохлоор элдэв гацаа тээггүй нэг хэсэг сайхан өрөмддөг юм. Тэр үед жаахан тайван байдаг. Өрмийн дуу чимээ гэж асар ихтэй. Ганц хоёр цаг ч гэдэг юм уу. Өрмийн машин дотроо кэмбриджийн англи хэлний номыг судалдаг байсан. Уйгагүй нухаж байж зургаан сарын дараа англиар чөлөөтэй ярих хэмжээнд очсон. Тататунгаа хэл маань татарч эхэлж байгаа юм. Би үнэндээ тэндээ байгаад байвал байгаад л байх байсан гэж боддог юм. Манай өрмийн мастер Марк гээд нэг залуу байсан. Тухайн үед хорин долоо, наймтай л байсан байх. Тэр нэг өдөр өрөмдөж байгаад надаас асуудаг байхгүй юу. Наба чи ямар цалин авдаг юм бэ гэж. Би тэгэхээр нь 500 долларын цалинтай гээд аймаар бахархалтай хэлсэн. Аан, энэ нэг өдрийн чинь цалин юм уу, долоо хоногийн цалин юм уу гээд ахиад асуусан. Манайд сарын цалин л гэдэг ойлголт байдаг. Би сард 500 долларын цалинтай гэлээ. Тийм үү, гээд сонин царайлаад явчихсан. Одоо энэ тэгээд чиний хувьд хангалттай юу гээд л. Хангалттайгаар барах уу. Би Шарын голын уурхайд ээлжийн мастер хийж байхдаа 45 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Энэ дөрөв, таван зуун долларын цалин бол надад тэр авч байсан цалингаас бараг хорь дахин өндөр цалин байхгүй юу. Энүүгээр би амьдралаа хангалттай удирдаж байгаа гэсэн. Тэгсэн толгой сэгсрээд үгүй ээ, Наба чи энэ ажлыг хаях ёстой юм байна. Чи Монгол Улсын хамгийн нэр хүндтэй сургуулийг улаан дипломтой төгссөн инженер залуу шүү дээ. Гэтэл би бол ерөөсөө гуравдугаар анги төгссөн боловсролтой. Манай өрмийн мастеруудыг хар. Австрали, Канадаас ирсэн найзуудыг хар. Биеэрээ дүүрэн шивээстэй, ийм л залуучууд байна. Боловсролгүй. Гэхдээ танай энэ Өмнөговьд бид нар дарга байна. Бид нарын цэрэг бол танай их дээд сургуулийг онц дүнтэй төгссөн инженерүүд байна. Үүгээрээ манай австралид бахархаж байна гэж надад хэлж байсан. Нэг талаараа онгирох ч юм уу, нөгөө талаараа намайг хатгаж хурцалсан юм хэлсэн л дээ. Тэгээд л би маргааш нь хоол хүнс зөөдөг машинд суугаад л Улаанбаатар явчихсан. Шөнөжингөө бодож хоноод шийдсэн.
-Шууд орхиод уу?
-Орхиод л явчихсан. Тэгээд Улаанбаатарт ирээд бодож байгаа байхгүй юу. Нээрээ би үхсэнээ хийж тэнд байгаад байгаа юм бэ. Өндөр сайн цалин авсан боловч би ээж аавын маань амьдралаа зориулж ганц хүүхдээ сургасан, энэ мэдлэг боловсролыг ийм юманд зориулах гэж үү. Намайг ийм байгаасай гэж бүх юмаа зориулаагүй нь тодорхой шүү дээ. Би ямар нэгэн байдлаар тэмцэх ёстой, эзэмшсэн мэргэжил боловсролоороо амжилтад хүрэх ёстой гэсэн эмзэглэл, эрмэлзэл маань тэр шөнөжингөө намайг унтуулаагүй л дээ. Тэгээд ч эргээд бас ирсэн хариуцлага гэдэг юм байсан. Ээж маань бодогдсон. Ямар амьдралаар амьдарч байж намайг боловсролтой болголоо доо. Ингээд л би маргааш нь л хүнсний машинд суугаад явчихсан. Тэгээд ирээд л ажил хайсан. Монголын алт компани уул уурхайн инженер, эдийн засагч ажилд авна гэж зарласан байна. Яг миний мэргэжлийг бичээд. Тэгээд би яваад очсон. Ингээд 70 мянган төгрөгийн цалинтай ажилд орж байгаа юм. Гэхдээ надад тэр цалин үнэхээр сонин байгаагүй. Би тэр компанид ороод эхний өдрөө суугаад л тэр Удирдах зөвлөлөөр намайг танилцуулж байхад надад аягүй сайн ойлголт өгсөн байхгүй юу. Удирдах зөвлөлийн бүхэл бүтэн арван хэдэн хүмүүс суучихсан надад ойлгуулж байгаа юм. Энэ компани бол Наранбаатар аа, таван жилийн дараа ийм амжилтанд хүрэх гэж байгаа компани. Ийм ийм төсөл хэрэгжүүлж байгаа. Манай компанид хамгийн шилдэг сайн инженерүүд, эдийн засагч нар орж ажиллаж байгаа. Энэний төлөө өөрийгөө зориулахад бэлэн байна уу. Инженерийн хувьд ч мэдлэг боловсролоо дээшлүүлэх бололцоо шүү гэж. Би бэлэн байна гэсэн. Тэгээд би таван жил ажилласан. Тэр таван жил тав хоног ажилласан юм шиг л өнгөрсөн. Нэг мэдсэн чинь би компанийн удирдах зөвлөлд орчихсон, хорин хэдтэй залуу намайг анх ажилд авч байсан удирдах зөвлөлийн дунд ороод суучихсан байсан. Компанийн бодлого стратеги яриад, том төслүүдийг хэрэгжүүлэх тухай яриад сууж байсан. Гэхдээ тэр хүртэл явахдаа ерөөсөө албан тушаалын төлөө огтхон ч тэмүүлээгүй. Зөвхөн өөрийн л хариуцсан ажлаа маш сайн хариуцлагатай хийж явахыг л хичээдэг байсан. Тэгээд хамгийн гол нь мэргэжилдээ сонирхолтой болохоор кайфтай амьдралаар амьдарсан. Яг тэр тавхан жилийн дотор. Цагаан суваргын зэс молибдены орд, Нарийн сухайтын нүүрсний төсөл, Элдвийн нүүрсний уурхай, Коксжуулах үйлдвэрийн төсөл, Цементийн үйлдвэрийн төсөл, шохойн чулууны үйлдвэр барих энэ том том ажлуудын суурь тавигдсан. Аягүй тийм бүтээлч хамт олны дунд би орсон. Хоёрдугаарт, сая Чингисийн одон авсан Думаагийн Содном гуай яг тэр компанид эдийн засгийн зөвлөх байсан. Намайг үнэхээр чанасан байхгүй юу. Би бас яг залуу насандаа өсөж дэвжих үедээ маш мундаг хүний гараар шүүгдээд орсондоо бахархалтай, миний амьдралын түүхийн ёстой нэг дурсгалтай сайхан үе гэж боддог юм. Үүгээрээ би бахархдаг. Өнөөдрийн хувь Наранбаатар өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн тэмүүлэлтэй ийм Наранбаатар болгоход тэр компанийн ажиллаж байсан тэр хүмүүсийн, тэр хамт олны хүсэл тэмүүлэл нь асар их нөлөө үзүүлсэн.
-Таван жил болоод дахиад л эрсдэл хийхээр шийдсэн үү?
-Дахиад л эрсдэл хийсэн. 2008 оны үед би чинь компанидаа үнэлэгдээд, бас тодорхой хэмжээнд салбарын хувьд хүмүүс намайг мэргэжилтний хувьд сонирхож эхэлсэн. Олон компаниас янз янзын санал тавьсан. Цалинг чинь тэдээр үржүүлж өгье, байр орон сууцыг чинь ингэж хангана. Ийм машин, унаа тэрэг, хаус зуслангийн байр наана цаана гээд өчнөөн амлалт өгсөн. Тэр үед уул уурхай ч өсөлттэй, Монголын эдийн засаг ч өсөлттэй яг сайхан үе байсан л даа. Яг тэр 2006-2008 оны үед. Тэгээд би хэд хэдэн удаа тийм асуудлыг тэвччихсэн байхгүй юу. Тэвчээд байж байгаад нэг удаа Нямтайшир гуай дээр ороод “Одоо би бие даагаад явах цаг болжээ” гэж хэлсэн. Өөрийнхөө мэдлэг боловсролд, туршлагад, зорилгодоо найдаж ажиллаад үзье гэж би шийдсэн. Тодорхой хэмжээний туршлага ч хуримтлуулсан байсан. Хоёрдугаарт, Монголын алт компанид ажиллаж байх үед олон гадаадын консалтингуудтай ажилладаг. Үндсэндээ манайхан техник эдийн засгийн үндэслэл судалгаанд олон сая доллар зарцуулж байсан л даа. Тэгээд тэрэн дээр дандаа гадаадынхан ажиллаж байгааг хардаг байлаа. Тухайн үед монгол хүмүүс ч бэлтгэгдээгүй байсан. Бид энэ ажлыг чадна. Гэтэл яагаад энэ үнэлгээтэй ажлын урсгал дандаа гадагшаа урсах ёстой юм бэ. Бид яагаад өөрсдөө хийж чадахгүй байгаа юм бэ гэж боддог болсон. Тийм учраас монгол хүн энэ зэрэгцээ очихын тулд өшөө өөрийгөө хөгжүүлэх л ёстой байсан. Өшөө юм судлах ёстой юм байна. Тэгээд энэ барууны төвшинд нь очих ёстой юм байна гэж олж харсан. Удахгүй Монголд уул уурхайн тэсрэлт болно. Яг энэ үед бид барууны инженерүүдтэй эн зэрэгцэхүйц, өрсөлдөхүйц инженерүүд болчихсон байх юм бол энэ салбарын хөгжилд томоохон хэмжээний хувь нэмэр оруулж чадах юм байна гэсэн ойлголт маань намайг энэ компаниас гаргах, өөрийн бие даасан бизнесээ эрхлэх энэ сэдлийг маань төрүүлсэн. Ингээд явсан чинь дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Тэр үед ерөөсөө яг уул уурхайн компаниудын нэг бичигдээгүй зарчим байдаг юм. Хямрал нүүрлэх юм бол консалтингийнхаа өртгийг хамгийн түрүүнд танадаг. Ерөөсөө л зах зээл хумигдсан байхгүй юу. Тэгээд би өөрийн бизнесээ хийгээд ерөөсөө ажил авч чадалгүй бараг жил болсон юм. Цалингүй. Өөрөө эрсдэл хийгээд гарсан учраас эргээд таван жилийн өмнөх Наранбаатар, таван жилийн хойдох Наранбаатар хоёр олж авсан ажлын туршлага нь ялгаатай боловч санхүүгийн хувьд бие даасан амьдрал зохиохын хувьд яг л нэг төвшиндээ очсон байсан. Тэгээд дахиад гэр хороололд амьдарсан л даа. Тэр үед охин маань ч жаахан. Би өдөр болгон өөртөө хэлдэг байсан юм. Заавал энийг давж гарах ёстой. Чиний өөрийн сонгосон зам. Хэзээ ч ухарч болохгүй. Хэрвээ хэн нэгэн компанид ажилд ороод явах хангалттай сонголт байсан ч гэсэн энийг л сонгох ёстой гэж. Зориглоод шинэ алхам хийтэл ингээд эдийн засгийн хямралын хүнд үетэй тулсан. Жилийн дараа л компани маань нэг төсөл олсон. Тэр төслөө гэхдээ уул уурхайгаас ч олж чадаагүй. Туушингийн Бэст Вестерн зочид буудал байна ш дээ. Энэний төсөл байсан байхгүй юу. Энэ дээр би тухайн үеийн Туушингийн захиралд нь ч хэлж байсан юм. Эдийн засгийн хямралтай үе тохиож байна. Гэхдээ хямрал циклтэй байдаг. Та хөрөнгө оруулалтаа байшин руугаа хий гэж. Дөрөв, таван жилийн дараа байшин чинь босчихсон явна гэж. Тэгээд уул уурхайн бизнес эрхэлнэ гэж явсан боловч арга буюу олдсон тэр ажил нь тийм байсан учраас тэгж сонин түүхтэй эхэлж байсан. Тэрний дараа алтны нэг шороон ордны төсөл олдсон. Тэрийгээ маш сайн хийсэн. Тэр нь тухайн үеийн эзэнд нь маш их таалагдсан байсан. Том захирлууд чинь хоорондоо сүлжээтэй байдаг учраас энэ их сайн хийдэг хүүхэд гэж бусдадаа ойлгуулсан бололтой. Ам дамжсан сурталчилгаа эхэлсэн гэсэн үг. Бид ямар нэгэн маркетинг хийгээгүй, зах зээл дээр. Тэгээд амнаас ам дамжсан яриагаар манай төсөл сайн хийгдсэн учраас бид олон том том төслүүдийг хүлээж авч амжилттай сайн гүйцэтгэсэн.
-Ер нь ТЭЗҮ гэдэг юм бидний тээг болж явж ирсэн. Ялангуяа том бүтээн байгуулалтын төслүүдийн ч, бусад бүх төвшний төслүүдийн суурь нь ТЭЗҮ байдаг. Энийг хийдэг үндэсний компани гэж байдаггүй байлаа. Үнэндээ яг энэ юмыг барьж аваад явж байгаа үндэсний анхны компанийн захиралтай уулзаж байна. ТЭЗҮ гэхээр л дандаа гаднынхан барьж авдаг. Гаднынханд л өгдөг. Тэрийгээ хэмжүүр, үнэлэмж гэж боддог. Маш өндөр үнээр нөгөөдүүл нь хийдэг. Эргээд хариуцлага ярих боломжгүй, гараад гараад явчихдаг. Би жишээлбэл, Ц.Мянганбаяртай уулзаад хэл үгийн бай болоод байгаа төслүүдийг нь судлахаар бүх ТЭЗҮ-ээ дандаа гаднынхнаар хийлгэчихсэн байдаг. Жаст нь ч тэгсэн л байсан. Энэ ажлыг гаднынхан л хийнэ гэсэн хатуу ойлголттой байдаг юм билээ. Ордын нөөц тогтоох, цооног өрөмдөх гээд суурь энэ юмнуудаа өөрсдөө хийдэг болохын давуу талыг ойлгуулах тал дээр та нар жишээ нь юу хийх вэ. Одоо бол компани чинь салбартаа бас танигдаад ингээд явж байгаа юм байна. Бид үүний тухай нэгдсэн ойлголтгүй. Зөвхөн гаднынхны чаддаг ажил гэж бараг боддог.
-Манай “Гложекс” компани анх нээгдэж байхдаа гурван хүнтэй л байсан юм. Одоо бол 100 гаруй инженер ажиллаж байна. Дандаа үндэсний инженерүүд. Дандаа шижигнэсэн залуучууд байгаа. Манай компанийн дундаж наслалт 27 нас дээр очих байх. Гэхдээ бид олсон орлогынхоо дийлэнх хувийг энэ залуучуудын сургалт, тэгээд барууны төвшний өндөр үнэтэй программ хангамжуудыг худалдаж авах, тэрэн дээр ажиллах мэргэжилтнүүдээ бэлтгэхэд зардаг. Энэ инженерүүд бол уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа инженерүүдээс өндөр цалин авах ёстой. Тэгж байж манай компани тогтвортой ажиллана. Бас энэ хүмүүсийн нийгмийн асуудал нь их чухал байдаг. Байр орон сууц, машин унааны асуудал ч хүртэл. Бид нар өөрсдийн инженерүүдийг ингэж үнэлж байж бид тогтвор суурьшилтай өндөр бүтээмжтэй ажиллуулах нөхцөл нь бүрдэнэ. Энэ чиглэл рүү манайх нэлээн их анхаарал хандуулсан. Олсон орлогуудаа бүгдийг нь ийшээ чиглүүлсээр байгаад үндсэндээ манай компанийн нэр хүнд, чадамж нь босч ирсэн. Үүгээрээ бид юу хийх гээд байгаа вэ гэхээр энэ уул уурхайн салбар бол тэргүүлэх салбар гэж бид ярьдаг. Гэтэл энэ тэргүүлэх салбарыг цааш нь авч явах гол хүчин зүйл нь юу юм бэ гэхээр хүн байгаа юм. Тэр маань чадварлаг монгол инженер. Тийм учраас бид энэ монгол инженерүүдийг хөхиүлэн дэмжих ёстой. Цалин хангамжийн хувьд, цалингийн хувьд ч гэсэн гадаад орны инженерүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд аваачиж байж бид хөгжинө. Тэгж байж бид дэлхийн уул уурхайн хөгжлийн асуудал ярих юм байна гэж ойлгох хэрэгтэй.
-Үнэндээ бидний олон ойлголт маань эвдэрхий яваад байдаг. Яагаад гэвэл бидэнд өөртөө итгэх итгэл байдаггүй. Бид өөрсдийн эмчдээ итгэдэггүй, өөрсдийн багшдаа итгэдэггүй. Өөрсдийн бодлого тодорхойлогч нартаа итгэдэггүй. Инженерүүддээ итгэдэггүй. Тийм учраас бид гаднынхнаар дандаа төслүүдээ хийлгэдэг, зүгээ хандуулуулдаг. Эргээд тэдний аманд орсон үнийг нь төлөөд, хамаг олно гэж тооцож байсан ашигаасаа өгч байж салдаг. Энэ үндэсний итгэлцлийн ойлголтуудад зориулж бас компаниуд багагүй ажил хийх гэж оролддог юм байна лээ. Энэ тухай танд жишээ нь ямар ойлголтууд явдаг вэ?
-Нэгдүгээрт, хүний итгэлийг олно гэдэг их чухал асуудал байдаг. Хүний итгэлийг олж байж өөртөө итгэх итгэлээ баталгаажуулдаг гэж би ойлгодог. Бид манай монгол инженерүүд муу, дандаа гаднынхнаар хийлгэдэг гээд байнгын ярьж байдаг. Гэхдээ бид өөрсдөө сайн байхын тулд өөрөө өөртөө чи юу хийсэн бэ гэдэг асуултыг асуух ёстой. Өөрөөр хэлбэл чамайг тэр хүн сайн гэж хэлэхийн тулд чи ямар учиг шалтгааныг бий болгосон бэ л гэдэг асуудал. Тэгэхээр өөрийгөө засах ёстой. Өөрөө хичээх ёстой. Тэр юм руу тэмүүлэх ёстой байхгүй юу. Тийм тэмүүлэл байхгүй байж надад итгэсэнгүй, өөр хүнээр үнэтэй хийлгэчихлээ, гадаадынхан мундаг байна гэсэн яриа яриад л явцгааж байдаг. Одоо ч энэ зан маань манайхны дунд байсаар байгаа. Тэгэхээр энэ юмыг өөр өнцгөөс нь харах цаг нь болсон байна. Бид хүн шиг амьдрахын тулд энэ буруу жишгүүдээсээ эхлээд бүр мөсөн салмаар байна.
-Нэг хэсэг манайхан мэргэжлийг моод дагаж сонгодог болчихсон. Сэтгүүлч их хэрэгтэй юм байна гээд бүгд шуугиад ордог. Хуульч болно гээд л баахан шуурсан. Тусгал нь зах зээл дээр байгаа бөөн илүүдлүүд байж байна. Эдийн засаг гээд л шуугисан. МУИС-ийн эдийн засаг төгсчихөөд банкны үүдэнд зогсдог, үйлчлүүлэгч угтаж авдаг хүмүүс болчихсон явж байгаа. Тэгсэн хэрнээ инженерийг болохоор зүгээр хар ажлын улсууд гэж ойлгоод байдаг. Гэтэл амьдрал дээр ерөөсөө бодит юм хийж үзүүлдэг, чаддаг, нотолдог улсууд инженерүүд байдаг. Монгол инженерүүдийн идеалийг сэргээхийн төлөө та бүгд тэмцэж байгаа юм байна. Бид улсынхаа ажлыг өөрсдөө аваад явдаг болно доо гээд монгол инженерийн баг бүрдүүлээд ингээд явж байгаа аж. Тэгэхээр үнэхээр толгой өвтгөсөн яг хэцүү юм нь юу байна вэ. Монголчуудын тэднээс дутуу юм нь юу байна?
-Бид нэг талаараа уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа, төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүст үйлчилдэг хүмүүс. Консалтинг компанийн хувьд. Нөгөө талаараа хүний нөөцийн хувьд өрсөлдөгч болдог. Тэгэхээр уул уурхайн зах зээл хэдий чинээ өсөлттэй байна тэдий чинээ инженерүүдийг шингээх чадвар нь нэмэгдэж байдаг. Хөдөлмөрийн зах зээл дээр бид нар өрсөлдөгч. Тэр инженерүүдээ барьж тогтооно гэдэг асуудал бол асар их зардал. Асар их хүний нөөцийн менежментийн ур чадвар их шаарддаг л даа. Өөрөөр хэлбэл дөнгөж орж ирчихээд хоёр сар ажилладаг ч юм уу, тэгээд өөрийгөө мундаг инженер болчихлоо гээд үсрээд явж байгаа залуучууд байж байгаа. Яг миний эхний үеийн Наранбаатар шиг. Тэгэхээр хувь хүний хувьд зөвхөн инженер ч гэлтгүй тухайн мэргэжилтэн тухайн мэргэжлээ эзэмшээд түүгээрээ амжилтанд хүрье гэж байгаа бол тухайн үеийн үнэ мөнгийг харахгүйгээр тогтвор суурьшилтай, өөрийгөө тогтоож, барьж ажиллах нь чухал байгаа юм. Өөрийн үнэт зүйлтэй байх нь их чухал гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Хэн нэг нь нэг юмыг сайн хийж чаддаг байж магадгүй. Гэхдээ маргааш таны чадвар чинь нөгөө хүний чадвартай харьцуулахад сул байх магадлал өндөр л байхгүй юу. Яг тухайн цаг мөчдөө тохироод танд маш өндөр цалин хангамж амладаг ч юм уу тийм тогтворгүй байдалд оруулах оролдлого байнга л хийгдэж байдаг.
-Өөрөө л байнга хөгжиж, бусдаас байнга илүү нь л байхгүй бол ард дандаа чиний амжилтыг мөрөөдөгчид гэтэж явдаг. Энэ цаг үе бол гарцаагүй илүү чадвар, илүү нэр хүндэд л мөнгө төлдөг үе. Тэгэхээр хувь хүнээс заримдаа хэт ихийг шаардаж ч байгаа юм шиг.
-Тийм. Энэ байдлуудаас болоод тэнцвэрээ ололгүй манай залуучууд алдаж байгаа. Ирээдүйгээ буруу тооцож байна. Маш ухаалаг тооцоог хийж сурах хэрэгтэй.
-”Оюутолгой”-той тодорхой хэмжээгээр хувь тавилангаа холбож явсан, бүр өрөмдлөг хийж явсан гэхээр маш гоё санагдлаа. Танд энэ төслийн эргэн тойронд өрнөсөн түүх яаж харагддаг вэ. Улс төр рүү “Оюутолгой” гэдэг сэдэв барьж орж ирсэн хүмүүсийн яриад байгаа зүйлүүд жишээ нь яаж буудаг вэ?
-Ер нь бол дэлхийд нөөцөөрөө нэгд тооцогдох орд. Бидэнд ийм хэмжээний ордыг хөгжүүлэх инженерийн туршлага дутмаг, улс төрийн туршлага бол ерөөсөө байгаагүй. Өнөөдөр эргэж харахад энэ орд дээр ямар нэгэн хувь эзэмших гээд, ямар нэгэн ард түмний өмчийг яриад орсон энэ оролдлого нь өөрөө асар том алдаа байжээ гэж санагддаг юм. Нөгөө талаасаа хэт их, бүр хэтэрхий их, дэндүү хэмжээнээсээ хэтэрсэн ардчиллын сөрөг үр дагаврууд энэ төсөл дээр их тод илэрсэн. Энэ юмныхаа өртгийг бид өнөөдөр төлж байгаа юм. Тухайн үед “Оюутолгой” дээр эзэмшигч нь хэн байх нь хамаагүй. Зөвхөн та нар манай улсын хууль дүрмийн хүрээнд л амьдар. Хөгжүүл гээд орхичихсон бол тэр хөрөнгө оруулалтын эрсдэл, зээл авах наана цаана бүх юмыг хөрөнгө оруулагч нарын нуруун дээр нь л үүрүүлэх байсан байхгүй юу. Гэтэл популист нөхдүүд гарч ирээд энэ ордыг гадаадынхан цөлмөөд аваад явчих гэж байгаа юм шиг, ерөөсөө бидний олчихсон байсан юмыг нэг гаднын нөхөр аваад явчих гэж байгаа юм шиг ийм ойлголтыг нийгэмд бий болгосон. Улс орноо алдчихаж байгаа юм шиг тийм айдсаар нийгмийн сэтгэл зүйг тэр чигт нь угаасан. Тэрүүгээр нь дамжиж нийгэм тэр чигтээ өвчлөөд, нөгөөдөх нь хавдар болоод, уул уурхай бол ерөөсөө эдийн засгийг хөгжүүлдэг хөшүүрэг биш. Эдийн засгийг нураадаг хорт хавдар юм байна гэсэн ойлголтыг бүхэлд нь төрүүлчихсэн. Үүнээс улбаалаад аймаг болгонд нэг жижигхэн үйлдвэрлэл явуулах гэхээр л жижиг жижиг иргэний хөдөлгөөнүүд гарч ирээд ингэдэг. Сүүлдээ бүр мөнгө олдог хэрэгсэл болчихоод байна. Улстөрчдийн хувьд УИХ-ын гишүүн болох шат нь. Орон нутгийн улстөрчдийн хувьд мөнгө олох хэрэгсэл. Цаашид өөрийнхөө карьерыг хөгжүүлэх гол зэвсэг нь болчихоод байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ улсынх нь төсвийн голыг бүрдүүлж байгаа төсөл байгаад байдаг.
-Дэлхийн уул уурхайн зах зээл дээр Монгол гэдэг шинэ тоглогч гарч ирлээ. Үүнийхээ ард бид бас гоё харагдах юмсан, зарчимтай, соёлтой, сайхан гар барьдаг, хариуцлагаа даадаг ийм байх юмсан. Өөрөөр хэлбэл сайн хүн шиг. Сайн хүн шиг байна гээд бүх юмаа өгөөд алдахын нэр бас биш л дээ. Одоо бол бид нэг аашаа хөдлөхөөр гэр рүүгээ гүйдэг эхнэр байдаг даа. Улам зодоод хаячихмаар. Эргээд л хэд хоноод нялуун юм яриад ирдэг. Ийм нэг гэр рүүгээ гүйдэг хүүхэн шиг улс орон байхгүй юмсан. Энэ том зах зээл дээр годгонуур, тогтворгүй улсууд бол бүтэхгүй шүү дээ.
-Нэгдүгээрт, бид урт хугацааны тогтвортой бодлого байхгүй. Улс төрийн систем, бүтэц маань өөрөө тогтворгүй. Яг таны хэлж байгаа айлын ааш зан нь олдохгүй авгай шиг байх ийм нөхцөлийг бүрдүүлээд байна. Дөрвөн жилийн сонгуулийн хугацаа надад бол бага байна гэж бодогдож байгаа. Ядаж зургаан жил байх ёстой. Та боддоо сонгуульд бэлдэх гэж нэг жил. Сонгуульд ялаад засгаа бүрдүүлэх гэж нэг жил болдог. Парламент өөрөө тогтворгүй. Засаглалаа нэгдүгээрт тогтвортой байх тал дээр нь эргэж бодох хэрэгтэй юм шиг байгаа юм. Ер нь цаад агуулга нь. Нөгөө талаараа энэ популизмаас айдаг аймхай улстөрчдөөс болж байгаа байхгүй юу. Улс төрийн зориггүй. Би улс төрийн гишүүдтэй нэг бус удаа тулж уулзаж байхад ер нь ярьдаг юм. Бид урагшаа харж явах ёстой. Монголчууд нэгдэх ёстой, нийлэх ёстой. Нөгөө л юмаа ярьдаг юм. Гэхдээ яг их хурлын танхимд суугаад ярихлаараа популист нөхдүүдээсээ айгаад нөгөө нөхдүүдээ дэмжээд яриад явчихдаг. Энэ бол нэгдүгээрт тэр УИХ-ын гишүүн, улс орныхоо төлөө гэсэн зориг зүрх байхгүй, зөвхөн өөрийнхөө амин хувийн амбийцийг тогтвортой хадгалах гэсэн л оролдлого нь шиг харагддаг.
-Таны хувийн мөрөөдөлд байдаг амьдрал тань ямархуу дүр зурагтай вэ?
-Миний мөрөөдөл өтөл буурал насандаа хийж бүтээсэн юмтай, үр хүүхдүүд маань өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн, бас гэр бүлийн маань бизнесийг хөгжүүлээд аваад явчих хэмжээний ийм чадвартай байгаасай. Тэд маань аюулгүй нийгэмд амьдраасай. Үр хүүхдүүд маань боловсролтой дэлхийн хэмжээнд үнэлэгддэг иргэд болоосой. Монгол гэдэг хүний тухай ярихаар дээлтэй хөдөөний хүнээр төсөөлөх биш энэ бол мэдлэг ур чадвартай, тодорхой хэмжээний эдийн засгийн хувьд бат бэхэжсэн орны бахархалтай иргэн байгаасай гэж би хүсч байна. Энэний төлөө монголчууд нэгдэж нэг талдаа гарна гэдэг бол яах аргагүй үнэн. Бид хоорондоо л учраа олъё.
-Өөрөөр хэлбэл, мөрөөдлөө нэгтгэе.
-Тийм ээ, ерөөсөө л мөрөөдлөө нэгтгэе.
-Наранбаатар бизнесийн салбар руу орж ирээд мөрөөдлөө биелүүлээд явж байгаа залуу үеийн төлөөлөл юм. Та өнөөдөр тодорхой амжилтанд хүрсэн байна. Гэвч бас л улс төр рүү орчихож ээ. Энэ шийдвэр хаанаас гараад ирэв ээ?
-Эргээд л нөгөө нутгийн хүүхэд нутагтаа хэзээ нэгэн цагт очно доо гэсэн бодол маань байнга л хадгалагдаад яваад байсан л даа. Хэдий тэндээс би эрдэм өвөрлөхөөр нисэн одсон хээрийн галуу мэт явсан боловч нутаг усандаа хэзээ нэгэн цагт очиж сайн зүйлийг хийнэ гэсэн мөрөөдөл маань ийшээ ороход хөтөлсөн юм л даа. Тэгээд орон нутгийн сонгуулийн үеэр би Дархан-Уул аймагт очсон юм. Угаасаа хүмүүжил маань, өссөн орчин маань ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөн түүхийн орчин байсан. Энэ дунд хүүхэд байхаасаа л ажиглаж өссөн учраас сонголт тодорхой байсан. Энэ хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж улс эх орондоо сайн зүйлийг хийхийн тулд л би ардчилсан намын гишүүн болсон.
-Дархан-Уул аймгийн намын дарга юм байна. Сая бас бужигнаан болжээ дээ. Би байхгүй байж байгаад ирсэн. Дарханы АН-ынхан ирээд генсекийн өрөөнд дайрч давшиж орсон ч гэх шиг. Тэдэнд юу нь таалагдахгүй байгаа юм бэ?
-Саяхан арваннэгдүгээр сарын 18-д Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооноос тогтоол гарч миний Дархан-Уул аймгийн ардчилсан намын даргын эрхийг сэргээсэн л дээ. Энэ тогтоолоор бол намын хороогүй, сул намын дарга гэсэн үг. Гэхдээ би намын дарга байх эсэх нь тийм ч сонирхолтой асуулт биш. Бидэнд дорвитой шинэчлэл хийж, Дархандаа хүлээн зөвшөөрөгдсөн намын удирдлагатай байх нь чухал байна. Ийм нөхцөл байдалд хүргэхэд урьдчилсан угтвар нөхцөлүүд нь юу байсан юм бэ гэдэгт би товчхон тайлбар хиймээр санагддаг юм. Ардчиллын өлгий нутаг Дархан-Уул аймаг яах аргагүй мөн. Тэнд анхны ардчиллын салхи сэвэлзэж байсан нутаг. Ардчиллын өлгий нутаг гэдэг бахархал л яриад байдаг. Гэхдээ өнөөдөр тэнд 2004 оныг эс тооцвол ардчилал ялж байсан түүх бараг байхгүй байх юм. Тэгэхээр бид ажилланаа. Юм хийнэ. Өөрчилнө. Өөр арга барил, өөр өнгө төрхөөр ажиллана. Мэдээж шинэ хүмүүс, шинэ зорилго тэмүүлэл эсэргүүцэлтэй тулгардаг. Бид даван туулах болно. Ардчилал хэн нэгний өмч биш учраас түүнийг өмчлөх гэсэн оролдлого болгон бүтэлгүйтдэг гэдгийг өмнөх сонгуулиуд харуулчихсан. Генсекийн хувьд Оюундарь дарга Дарханд ирж жирийн гишүүд Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хэрхэн дүгнэж байгаа талаар санал бодлыг нь сонсох ирсэн байна билээ. Надад Дархан явах гэж байгаагаа мэдэгдээгүй.
-Дарханы АН угаасаа л ямар ч том зорилгогүй явж ирсэн. Гэхдээ бараг гэр бүлийн нам болчихсон гэдэг юм билээ. Та ч хэцүү тэмцэл рүү орж дээ?
-Гэр бүлийн гэх юм уу компанийн ч гэх юмуу нэг тийм өмчлөгдсөн, хувьчлагдсан намын хороотой л болчихоод байгаа юм. Дарханд Ардчилсан нам гэхээр л хүмүүст таван Даш гэдэг ах дүүгийн тухай л буудаг болж. Тэгээд их хар бараанаар харж энэ намаас эмээх юм.
-Танайх хэр олон гишүүнтэй үүр юм бэ. Үүр гэдэг юм уу. Хороо гэдэг юм уу?
-Намайг намын дарга болоход надад арван мянга орчим намын гишүүн байгаа гэсэн аман мэдээлэл өгч байсан. Би бүртгэлүүдийг нь цэгцэлж үзсэн. Үндсэндээ бол 2500 орчим л яг идэвхтэй гишүүд байдаг юм байна лээ. Бусад нь бол ойлгомжгүй бүртгэлтэй. Гэтэл Дархан 90 мянган хүнтэй. Тэгвэл бид энд ардчиллын өлгий нутаг гээд байгаа тэр бахархалаа алдчихсан байна шүү дээ. Яагаад энд хүмүүс дэмжихгүй байна вэ. Яагаад гишүүнээр элсэхгүй байгаа юм гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу. Гэтэл бодит амьдрал дээр гишүүнээр элсээд, ардчиллын модны салаа мөчир болоод, энэ ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд оролцъё гэсэн ард иргэдийн тоо асар их байдаг юм байна лээ. Гагцхүү ардчилсан намын хороог өмчилсөн “Бурхан Халдун” компани, түүний гар хөл болсон хэсэг бүлэг нөхдүүдээс болоод үндсэндээ бол сонирхол нь байхгүй болсон байх жишээтэй. Би намын дарга болоод энэ бүхнийг өөрчилнө гэж бодож, ажиллах гэж бас үзлээ.
-Тийм их хугацаа бас болоогүй байна шүү дээ. Таны буруу гэх зүйл юу байгаа юм бэ?
-Үнэндээ “Бурхан Халдун” компанийн захирал Мөнхдаш надад санал тавьж би Дархан-Уул аймгийн намын дарга болсон. Олон сонгуульд ялагдчихлаа Мягмардаш ахыг даргаас нь хусах гээд байна. Чи нам аваад явчих гэсэн. Надад ямар ч өрсөлдөөн байгаагүй. Их амархан дарга болсон гэсэн үг л дээ. Би хүүхэд ахуй цагаасаа ардчиллын өөрчлөлт, шинэчлэлтийн салхи, тэмцлийн үнэ цэнийг харж, мэдэрч өссөний хувьд Ардчилсан намыг өөрийн төсөөллөөр их гэгээлгээр бодож орж ирсэн. Тиймдээ ч намын дарга болж, орон нутагтаа өөрчлөлт шинэчлэлтийг авчирж, хөгжүүлье гэсэн дэврүүн хүсэл минь уг саналыг хүлээж авах нөхцөл болсон л доо. Гэтэл үнэхээр хар бараан зүйл рүү давхиад орчихсноо дараа нь мэдэрсэн. Ямар ч үнэт зүйлгүй. Юун ардчилал. Намайг өөрсдийн модон хүүхэлдэй болгож, гар хөлөө болгохыг л хүсээд байсан. Надад аймгийн намын даргын тамгыг бол өгөөгүй. Санхүүгийн захиран зарцуулах гарын үсгийг ч шилжүүлээгүй. Дарга гэх эрх мэдэл байгаагүй. Гайхаж магадгүй л дээ дарга байж яагаад тийм байгаа юм гэж. Тэгвэл та дарга байгаагүй юм биш үү гэж. Тиймээ, ний нуугүй хэлэхэд би яг дарга биш байсан. Яагаад гэхээр аймгийн намын хороо үндсэндээ тэр “Бурхан Халдун” гэдэг компанийн ажилтан албан хаагчид, ах дүү хамаатан садан, найз нөхөд нь ороод л олонхийг нь бүрдүүлчихсэн байгаа тохиолдолд ардчиллын тухай ярих ямар ч боломжгүй болсон. Би энэ нөхцөл байдалтай ерөөсөө эвлэрч чадаагүй.
-Дарханд тэгвэл ардчилсан нам байна уу гэсэн ерөнхий асуулт танд тавья. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө төв намаас гэрээ хийсэн юм байна лээ шүү дээ. Тэгээд тэр гэрээний биелэлтийг нам хангалтгүй гэж дүгнэжээ. Гайхалтай нь энэ дүгнэлтийг танайхан эсэргүүцээд байгаа юм биш үү?
-Яг үнэндээ Дарханд Ардчилсан нам гэж алга. Харин эрхээ булаалгасан, намын хороогоо хувийн компанид өмчлүүлж, дарлуулсан олон зуун жирийн гишүүд л байна. Намын дарга болсны дараа ард нь гарах хамгийн хариуцлагатай ажил бол миний хувьд Ерөнхийлөгчийн сонгууль байсан л даа. Бид энэ сонгуульд маш хариуцлагатай орох ёстой. Бэлтгэл ажлыг сайн хангах ёстой. Маш түргэн бодит байдал дээр дүгнэлт хийгээд, Дарханы ардчилсан нам дотор асар их хагарал зөрчилдөөн байгааг харсан. Нэг хэсэг нь тэр “Бурхан Халдун”-ыг хүлээн зөвшөөрөхгүй “Алтан гадас” фракц гээд явчихна, нэг хэсэг нь МоАХ фракц гээд явчихна. Ингээд өвгөд хөгшдөөрөө ялгагдчихсан. Эр эмээрээ ялгагдчихсан. Учраа олохоо байчихсан. Үзэл бодлоо нэгтгэж чадахгүй замбараагүй байдал угтсан. Намайг үүнийг даруй цэгцэл гэж Дархан-Уул аймгийн ардчилсан намын гишүүд, энэ намыг дэмждэг ард иргэд нийтээрээ шахалт үзүүлсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Дархан-Уул аймагт намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах төслийн тухай ярих гээд ирэх үед үндсэндээ намайг огцруулах бослого болсон л доо. Театраар дүүрэн уриа лоозон барьчихсан. Наранбаатар огцор гээд л. Би тэр үед дүгнэлт хийсэн юм. Яагаад намайг ингэж огцруулах шаардлага тавьж байгаа юм бэ. Би дөнгөж ирсэн шинэхэн намын дарга. Ер нь энэ дотор юу болж бүтэхгүй байгаад байгаа юм бэ. Би дотроо тэр нөхдүүдийг намайг эсэргүүцэж байна гэсэн утгаар нь харахгүйгээр энэ нөхдүүд юу хүсээд ингээд байна гэдэг утгаар нь л анхаарч харсан. Тийм учраас ерөнхий нарийн бичгийн даргад энэ хүмүүсийг эвлэлдэн нэгтгэх ёстой. Зохион байгуулалтанд орж байж бид ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёстой. Орон нутгийн сонгуульд ялагдчихсан, их хурлын сонгуульд ялагдчихсан. Одоо бид ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёстой гээд учир байдлыг тунгааж ярилцсан. Тэгээд дөрвөн дэд дарга томилсон. Баянмөнх, Төмөртогоо, тэр хэвлэлийн бага хурал хийлгээд байгаа Гантулга, Чинзориг нар. Энэ дөрөв дөрвүүлээ хоорондоо учраа олохгүй хэрүүлтэй байсан дөрөв. Бас цаана нь тодорхой хэмжээний бүлэглэл, фракцууд байдаг. Ингээд дөрвөн дэд даргатай болоод би намын дарга болсон. Тэр үед чинь Дарханд хоёр намын хороо байсан шүү дээ. Ингэснээр хоёр дахь намын хороог татан буулгасан. Нэг туг, нэг тамга тэмдэгтэй боллоо. Нэг зорилго мөрөөдлийн доор бүгдээрээ сонгуульдаа орно гээд тохиролцоонд хүрсэн. Би ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж оролцоход нь өөртөө болон тэдэнд бас болзол тавьсан юм. Хэрвээ ингэж нэгдэж ороод ялагдах юм бол Наранбаатар, Баянмөнх, Төмөртогоо, Гантулга, Чинзориг бид тав ямар нэгэн улс төрийн албан тушаалд, удирдах төвшинд ажиллахгүй гэдгээ баталж байна. Хариуцлага хүлээнэ. Нэгдэж нийлснээрээ ялж болдгийг үзүүлье гээд зүтгэсэн. Хоёрдугаарт намын гишүүдээсээ дэмжлэг авч чадахгүй байгаа “Бурхан Халдун” компанид өмчлөгдсөн гэх намын хороог сонгуулийн дараа буюу есдүгээр сарын 15 өдрөөр татан буулгаж, эрхзүйн чадамгүй гэж тооцон намын удирдлага зохион байгуулалтыг шинээр сонгуулийн зарчимаар шийдье гэдгийг гэрээний талууд хүлээн зөвшөөрсөн. Энэ тохиролцоонд одоо эсрэг тал болж суулт зарлаад байсан Гантулга, Чинзориг нар ч гарын үсэг зурсан байдаг юм шүү. Есдүгээр сарын 15-наар татан буулгаад шинээр бүх үүрүүд дээр шударгаар нээлттэй, ил тод сонгууль явуулж энэ намын хороог тунгалагжуулах ажлыг намын жирийн гишүүд бидэнд тулгаж, шахсан юм шүү. Ингээд үндсэндээ тохироонд хүрсэн. Тэгээд үүнийгээ бид баталгаажуулахын тулд намын хороогоо хуралдуулсан. Намын хороогоороо тэр эв нэгдлийн гэрээг батлаад есдүгээр сарын 15-наар намын хороо татан буугдаад, ингээд шударга сонгууль явуулж, Дархан-Уул аймгийн ардчилсан нам шинэ нүүр царайг бий болгоно, хүлээн зөвшөөрөгдсөн намын удирдлагаа сонгоно гэсэн зорилгоо тохирсон. Ийм л асуудал болсон. Бид Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан. Нэгдэж ороод ялсан. Харин ялалт байгуулсны дараагийн долоо хоногт намайг тодорхой дарамтанд оруулж намын даргаас буух өргөдлийг хүчээр бичүүлсэн юм.
-Тэгээд нөгөө гэрээ яах юм?
-Энэ эв нэдлийн гэрээг байгуулсан цагаас хойш л над дээр маш их дарамтууд ирсэн. Өөрөөр хэлбэл “Бурхан Халдун” компанийн захирал Мөнхдаш, хуучин намын дарга байсан Мягмардаш, дэд дарга энэ Гантулга, тухайн үеийн хэрэг эрхлэх газрын дарга Энхжаргал энэ хүмүүс үндсэндээ намын хороогоо барьж байдаг, бүх хорыг нь хийдэг хүмүүс л дээ. Дарханд байж байгаа намыг “хувьчилж” авсан хүмүүс байхгүй юу. Эд нарын зүгээс шахалт дарамт үзүүлсэн. Намайг Ардчилсан намын даргаас буух өргөдлөө өг гэсэн. Гол зорилго нь тэр гэрээг эрх зүйн чадамжгүй болгохын тулд намайг буулгах явдал байсан юм. Дараа нь гэрээний бас нэг тал болох Баянмөнхийг намаас нь хөөсөн байсан.
-Тийм дүрэмгүй тоглогчидтой, дээр нь өөр газар зартай хүмүүстэй хэл үгээ ололцох амаргүй биш үү?
-Би ойлгуулахыг хичээсэн. Нам бол ямар нэгэн компанийн өмч биш ээ. Хоёрдугаарт, та нар зөвхөн намын хороон дотроо улс төр хийгээд байна. Өөрсдийн ойр байсан 40-50 хүмүүсийн хүрээнд нам гэж бодоод байна. Энэ тийм биш юм байна. Багийн засаг даргын сонгуульд өрсөлдөхөд 18 баг дээр нэг ч суудал авч чадалгүй сууж байна. Бүр аймгийн ардчилсан намаас шүү дээ. Улсын хэмжээний хоёр дахь том хотод нэг ч суудал авч чадахгүй ялагдаж байгаа байхгүй юу. Тэгээд би хэлсэн юм. Ерөөсөө ийм улс төр хийхээ болих хэрэгтэй. Та нар ч хожихгүй, Ардчилсан нам ч хожихгүй. Хамгийн том хохирогч нь аймгийн ард иргэд болоод байна. Бид ийм арчаагүй, сул дорой байгаа учраас МАН-д байгаа хэсэг бүлэг олигархиуд энэ аймгийг чинь үндсэнд нь базаад авчихжээ. Та нарыг намын хороогоо хувьчлах гэж ядаж байх хооронд Дархан-Уул аймгийг чинь тэд нар хувьчлаад өөрийн болгоод дууслаа. Цаг хугацаа бидэнд байхгүй. Даруй шинэчлэгдэх хэрэгтэй гэж би хатуу шаардсан. Харамсалтай нь ойлгохгүй юм байна лээ. Яагаад гэхлээр зөвхөн тэр намын хороогоо барихын тулд тэрбум гаруй төгрөг зарсан гэдгээ тэд өөрсдөө ярьдаг. Тийм учраас асар их хөрөнгө зарцуулсан учраас эрх ашиг нь төдий чинээ өндөр яригдаж байгаа юм байна л даа. Улс төрийн хариуцлага гэж байх ёстой. Соёл гэж бас байх ёстой. Удаа дараа орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн удирдлагууд ёс зүйгээрээ халагдах өргөдлөө өөрсдөө өгөх ёстой. Эргээд харахаар манай Ардчилсан намын үндсэн дүрэмд хариуцлагатай заалтыг оруулах шаардлагатай гэж би харсан. Юу вэ гэхээр орон нутгийн сонгуульд ялагдвал тухайн орон нутгийн намын дарга, хэрэг эрхлэх, дэд дарга нар, удирдлагууд, зөвлөлдөх зөвлөл нь автоматаар огцордог байх энэ дүрмийг заавал оруулж өгөх ёстой юм байна. Тэгэхгүй бол ялагдсан ч гэсэн ингээд л хөрөнгө мөнгөөр бариад байх, ардчиллыг өмчлөөд бүр нэг компанийн өмч шиг, нэг хүний өмч шиг байлгаад байх байдал арилахгүй юм байна. Нөгөө талаараа ингэж байж илүү хариуцлагатай ажиллана. Яагаад гэхээр улс эх орны хөгжил, орон нутгийн хөгжил энэ юм бол хэн нэгэн орж ирж суралцаж хийдэг, алдаа гаргах боломжтой зүйл биш. Суралцах юм ерөөсөө огт байхгүй. Энд бол ганцхан сонгогдоод л явна, чадахгүй бол ажлаа өгөх ийм зарчим л үйлчлэх ёстой.
-Та ухарч няцах аргагүй байдалд оржээ. Ингэхэд таны ард хэн байна. Энэ бол аль ч утгаараа гоё асуулт гэж би бодож байна. Нөгөө хүмүүсийн ард компани, олон жил сайн муу нөхөрлөчихсөн нөхдүүд, болсон болоогүй ч түүх нь байна. Таны ард хэн байна?
-Миний ард ардчилалд итгэж байгаа, ардчиллын үнэт зүйлсэд итгэж байгаа Дархан-Уул аймгийн ард иргэд байна. Мөн үзэл бодлоороо нэгдэж, түрлэг өгч буй Орхон, Шарын гол, Дархан, Хонгор сумдын намын удирдлага, гишүүд, Аймгийн ардчилсан залуучуудын холбоо, аймгийн Ардчилсан холбоо байна. Биднийг ганц нэгээрээ байхад дарамталж болно. Олуулаа болоод гар гараасаа барилцаад ирэхээр дарамтлаж чадахгүй. Тийм учраас би зоригтой байгаа. Дарханы Ардчилсан намыг нам шиг нам болгоно. Биднийг эмхэрч цэгцрэхийг хүлээж байгаа. Тийм учраас бид өөрчлөлт шинэчлэлт хийнэ гэдэгтээ бол би итгэлтэй байгаа. Үүний төлөө тууштай тэмцэнэ.
-Миний харж байгаагаар Наранбаатар гэдэг залуу ахиад л эрсдэл хийгээд тууж явна. Тэгэхээр Дарханы Ардчилсан нам өөрсдийн үнэт зүйлээ эргүүлсэн олж авч, хөл дээрээ бат зогссоны дараа эргэн уулзъя даа. Та чадах байх. Яагаад ч юм итгэж байна. Танд амжилт хүсье.