Өвөл надад дурсамжийн улирал санагддаг. Өвөлд би аавыгаа хамгийн их дурсдаг. Ээжийн залуугийн төрх өвөлтэй л цуг дотор минь буудаг. Өвөл галт тэргэнд сууж зорчиход дурсамжийн унаагаар аялж явах шиг болдог. Харин яг одоо хотын төвийн нэгэн оффисын өрөөний буланд тухалж аваад “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Тагтаа Review” сэтгүүлийн өвлийн дугаарын хуудсыг нээж байна.
Тус дугаарыг эрхэлсэн орчуулагч, яруу найрагч Мө.Батбаяр эрхлэгчийн зурвастаа “…Харийн энэ улсад өвөл гэхүй хайр сэтгэл, залуу насыг сануулдаг ажаам. Харин миний Монголд өвөл гэхүй цал буурал өвгөн санагдах амуй” хэмээхүйгээс ахиулан “…Гэтэл өвлийг таньж мэдэрсэн нь түүний хүйтэн, хахир, цастай шинж бус илүү гүн гүнзгий эцэс төгсгөл, өвгөрөх өтлөхтэй дүйлгэж ойлгож байгаа нь нэн сонирхолтой” гэжээ. Үнэхээр ч монголчуудын үхэл болоод аливаа юмсын учир зүй, шалтгааны мөчлөгтэй агуулгыг харгалдуулах сэтгэлгээ нь нэн өвөрмөц санагддаг.
УРТЫН ДУУ ШИГ ӨВӨЛ
Өвлийн дугаараас онцлох хөөрөлдөөний нэг бол яруу найрагч Ц.Төртайван, орчуулагч Мө.Батбаяр нарын “Уртын дуу шиг хүн” ярилцлага юм. Гэвч үнэндээ “ярилцлага” гэх сэтгүүл зүйн голлох, үндсэн төрлүүдийн нэгт оноосон уг нэршил үүнд тохирох болов уу. Учир нь тэд Хэрлэн голын ус ар хээлж, дорнын талд анир гүм нь буцах шувуудын сүүдрээс гээж буусан намрын өдөр золгож эл яриаг эхлүүлснээс гадна хожмын уулзалт, хоорондын яриа нь захидлаар учирлан бодол сэлгэсэн дурсамж бичвэрээс үүдэн бүрэлджээ. Түүнийг нь би уртын дуу шиг өвөл цагийн урт шөнүүдэд уншиж сууна.
Тэдний яриа эхлэхээс өгсүүлээд “…зөвхөн Хэрлэнгээ уруудаж өгсөж, байгальд мөнх шунагч хүний бүдэг зөнд тэмтрүүлж явлаа” хэмээн хариулах зочин, өөрийгөө тийн тодорхойлох энгийн ахуйгаас улам энгүүнийг нэхэгч эл хүнийг “Уртын дуу шиг…” гэж тодорхойлох нь тун ч зохирсон мэт.
Германы сонгодог зохиолч Хэрман Хэссэгийн “Яруу найрагч” нэрт нэг өгүүллэг байдаг даа. Ханьфу гэгч хятад эр яруу найрагч болохоор шийдэх авч эцэст нь байгальд улам ойртож, түүнийг нэгэн хэсэг болон шингэснээр үгийг гарамгай эзэмшиж, эцэст нь зорьсондоо хүрч, тэгсэн хойно ч нэг их хүслийн цалмаас ангижирсан байдаг шиг Ц.Төртайван хэмээх эрхэм найрагчийн байгалийн тухай бодол, түүндээ улам гүн шигэх төрөлхийн араншныг дээр өгүүлсэн дүртэй холбож ойлгож болмоор сэтгэгдэнэ. Д.Нямсүрэн найрагчийн тухай ямар нэгэн элдэв гоёл, мэдэмхийрэлгүй үнэн цагаан ил дурсамжаас гадна өөрийн үүх түүх, нутаг олныхоо тухай дурсахдаа ёстой л ярилцаж буй хүнийхээ адил үгийн уран, сэтгэлийн сайхнаар дотроо тэлгүүлэн тэлгүүлэн дурсаж, учирласан байх.
“…Манай нутагт үдэш их саруулхан цагаан гэгээ татдаг юм. Тэр цагаан гэгээг шар гэгээ залгана, тэрхэн үес айхтар уйтгар төрдөг сөн. Хүршгүй алс мэлтийж хүнхийгээд, хүмүүн бусын сүрдэл ч нөмрөх шиг. Цаглашгүйн өмнө өчүүхнийг сануулж, эзгүй зэлүүдийн дүн анир татаад л…” гэжээ. Гэтэл тэр их зэлүүд тал надад бол үнэхээр уйтгараас цаашгүй сэн. Гэтэл тийм л тэнгэрийнхээ дор уртын дуу аж төрөх найрагчид “цаглашгүйн өмнө өчүүхнийг нь сануулах” утга учиртай юмсанжээ.
“…Дэр чулуугаа түшүүлж, гандан чөмгөө үлдээгээд
Дэлхийгээс тэд минь бишгүүрийн гунигтай буцдаг…”
Ц.Төртайван
СААРАЛ БҮРХ НЬ ААВЫНХ
Лхагваагийн Хишигдорж. Найруулагч, яруу найрагч. Яалт ч үгүй мундаг хүн байсан ч хувь заяаны буулга авьяастай цуг дарчихсан, авьяасаа өөрөө ч дарчихсан. Тэр хүний тухай мэддэг бүхэн минь л энэ. Хэн ч билээ, их сургуульд номын дуу сонсож ахуйд нэг танил эрхэм ийнхүү дурсаад өнгөрсөн санагдана. Хэдий танил нэр ч эзэн нь хэзээд хүршгүй алс хүн байв.
Харин “Тагтаа Review” сэтгүүлийн өвлийн дугаарт орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан миний хувьд хүршгүй алсын хүнтэй чамгүй удаан хуучилсан “Гул Аранжин, цул араншин” гэх шүлгийн мөрүүд шиг нэртэй кино-хөрөг ярилцлага багтжээ. Кино зохиол нь Л.Хишигдорж найруулагчийн амьдралын үнэнээс сэдэвтэй. Гагцхүү хөрөг-ярилцлага нь айсуй цагийн баярын сураг шиг ховорхон таарах шидтэйгээс нийгэм цаг үеийн хавчлагад хэлмэгдсэн уран бүтээлчийн бодит дүр төрхийг эмзэглэл, хөндүүрлэл, бардамнал, бэрх зүггүйтэл, цэх ухааралтай нь хамт чухам л тод томруун нээж үзүүлжээ.
Л.Хишигдорж найруулагч бүхий уран бүтээлийг хянаж, бүтээлчийн чөлөөт сэтгэхүйг хяхаж, хавчиж ахуй үеүдэд “Ч.Галсан зохиолчийн “Аянгат цагийн дууль” туужаар хэрхэн кино хийж, хийхийг бодсоноо гүйцэлдүүлж чадаагүй тухайгаа өгүүлжээ. Чингэхдээ хөгжмийг нь бичиж асан Төрийн шагналт Б.Дамдинсүрэн гуайн тухай дурсахдаа “…Кино баруун Алтайн ууланд өрнөөд байдаг, хөгжим нь харин галт тэрэг ээ, галт тэрэг” гэх буюу яриаг нь цаашид ахиулбаас энэ нь чухам өөрийн бурууг л хайснаас үүдсэн гэдгийг тус ёгтолсон зүйрлэлээс ойлгоно. Гол нь бусадтай хөөрөлдөж суух зуурт инээдтэй ч санагдмаар голыг нь олоод ийнхүү зүйрлэчихнэ гэдэг аргагүй билигтэй нэгний үгс. Ерөөс тус ярилцлагаас бусад найрагч, найруулагчтай холбогдох, тэдний талаар огтоос мэдэхгүй, урьд сонсож байгаагүйг ч уншиж, мэдэх боломжтой.
Төгсгөл нь, төгсгөлд нь ярилцагчийн бусдаас зочныхоо тухай асууж тодруулахад хэлсэн үгс нь ч гунигтай санагдсан. Өвөл дуусахад хүйтний эрч халирч, бусдад ирж яваа цагийн сайхан, хүн малын зоо тэнийсэн хаврын улирлын баяр төрдөг бол надад хачин гунигтай санагдаад болдоггүй юм. Тийм л мэдрэмж уг сэтгүүлийн тус ярилцлага өндөрлөхөд төрсөн билээ. “Саарал бүрх нь аавынх.., зөвхөн сүнс нь л түүнийх…”
Үүнээс гадна тус сэтгүүлд үгийн урлагийн томоохон мастеруудын нэг Стивен Кингийн “Бичих гэдэг хамгийн сайхан ажил” ярилцлага ч мөн орчуулагч Б.Баясгалангийн дуун хөрвүүлгээр багтсан нь бий.
ИХ ЦАСАН ДУНДАХ ЦАГААНААС ӨӨР ӨНГӨ
Сэтгүүлийн голлох агуулгыг Монголын уран зохиолд орчуулга, яруу найргийн төрөлд өөрсдийгөө тодорхойлж, өөр олон чиглэлд эрчтэй бүтээн туурвиж яваа дотоодын болон гадаадын уран бүтээлчдийн өгүүллэгүүд эзэлжээ.
Үүнд Эдгар Керетийн “Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч”, Хунот Диазын “Флака”, Н.Уранжаргалын “Нохойн улаан хэл”, Х.Буянбатын “Эмзэглэсэн төрхгүйгээр мартагдагсад”, Ц.Дэлгэрмаагийн “Шарз шиг цэвэр, гэхдээ согтоох шидтэй” зэрэг өгүүллэгүүд багтжээ.
Н.Уранжаргалын “Нохойн улаан хэл” өгүүллэгт хайр гэхээс илүүтэй харуусал, хагацлын хүндийг дурсамжийн манангаар зөөллөх зураач Гүнжидийн тухай өгүүлнэ. Тэр өвөөтэйгөө, Сандаг гэх нохойтойгоо хамт нэгэн өвлийг хэрхэн үдсэнээ санаж, уг дурсамжийг тов тодорхой санагалзсаны хойно хэрхэн зураач болсноо эргэцүүлж, хайртай залуугаасаа юуны учир хагацаж үлдсэний зангилааг ч уншигчдад тэрхэн мөчид тайлж өгнө.
“…Эргээд санахад Сандаг хэмээх шар нохойн улаан хэл тэр өвлийн их цасан дунд цагаанаас өөр өнгө бийг сануулж, хуцах дуу нь хань болсон шиг…”
Элчилгүй тал хөндийг анирлуулан хучсан их цас, дүн өвлийн өнгийг, гэрээ санан бэтгэрч, магадгүй тэр их цагааны дунд тэсэшгүйгээр ганцаардсан суугаа нэгнийг өөрөөр яахин зурахсан билээ гэж бодогдоно. Тэгээд ч өгүүллэгийн төгсгөлд мухар харанхуйд ч цас орж, тэрхүү гэгээнд нь Гүнжид дурсамж доторх их цагаан дундах орь ганц өөр өнгө болох Сандаг нохойнхоо улаан хэлийг зурахаар суудаг шүү дээ. Үгүй болсон зургийн “Эрт урьдын цагт” гэдэг нэр шиг өнгөрсөн цагийн дурсамж руугаа өнгийхүй хүнд явдлын дараа тэсээд үлдчихмээр зүйл хүн бүрд бий байдаг аж.
АНИР ЧИМЭЭГҮЙ…
Өвлийн дугаарт Ц.Төртайван, Л.Хишигдорж, Б.Дэлгэрмаа, М.Бямбажав, Канеко Мисүзү зэрэг урьд өмнөх дугааруудаас ч илүү олон яруу найрагчийн булан, тэдгээрийн шүлгүүд багтжээ.
Үүн дотроос орчуулагч Б.Дэлгэрмаагийн шүлгүүдийг онцолмоор санагдав. Тэрээр Японы зохиолч Саяака Муратагийн “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй”, Солонгосын зохиолч Ким Ионгхагийн “Эх орон чинь дуудаж байна” зэрэг романуудыг монгол хэлнээ дуун хөрвүүлсэн юм.
Усны гүндээ оргилын эсвээс тухайн байгалийн араншнаас хамаарсан гэрлийн хугаралд тэнгэрийн өнгө гэнэт хувьсах шиг оюу ногоон хавтсан дээр “Ирсэн бүхнийг бичих атлаа бичсэн бүхэн ирдгийг ч мэдэхгүй…” хэмээн таталжээ. Түүний шүлгийн мөрүүдийн нэгийг онцолсон нь тэр… Яг л энэ мөрүүд тийм ууч эсвээс мэдэхгүйгээс эмзэглэхгүйгээр хүлээн зөвшөөрчхөөд итгэлтэйхэн боловч чимээгүй алхаж яваа нэгэн шиг төрх яруу найргаас нь нэвт анхилна.
Яруу найрагт үзэл санаа, үнэн хоёр л хамгаас чухал санагддаг. Тэрхүү үнэнээ заримдаа сайхан сэтгэлээр хулдаж хөгөө хөлдөө чирэх нь бий. Тийм яруу найргийн гүнээс хахир хүйтэн, хуурмаг чихцэлдсэн үгс ямар нэгэн хөндий зайцаар шургалан гараад дааруулах нь бий. Гэтэл:
“…Хүлээх минь үнэн, хүлээлт шиг минь ийм үнэн сэтгэл
Хүний үрийн зүрхэнд бас төөнөж байгаасай гэж хүснэ”.
Үүн шигээр өөрийн сэтгэл, мэдрэмжээ чин үнэнээр тольдож, бусдыг түүгээрээ ерөөхийн сайхныг яруу найраг хүртээдэг. Үе үе гуниглаж түүндээ дулаацдаг мэдрэмжийг юутай зүйрлэж болох вэ? Яг л хөндүүр зүрхтэй, хэзээ нэгтээ дуудаж, хаа холын гудамд гэнэт гараас атгаад авах хайртай хүнээ мөрөөдөөд байх шиг хэрнээ хагацалд учиргүй дассан мэт хөндий хол яваагаа эвийлэлгүйгээр анир чимээгүй, тэгснээ ийм дулаахан ерөөл хүсээд орхиж чадах хайр л ирсэн бүхнийг бичүүлж, бичсэн бүхнийг ирүүлдэг болов уу.
Өвлийг тэд ингэж бичжээ. Өвлийг би ингэж уншлаа.