Их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт сэжигтнээр татагдан хоригдож буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг бид урьж ярилцсан юм.Өнөөгийн хүчний байгууллагуудад нүүрлэсэн гажуудлуудын талаар ил тод, айж ичихгүй хэлж чадах ийм залуус ховор.Бидний ярилцлагыг уншаад уншигч та өөрийн бодол дүгнэлтээ хийнэ биз ээ.Уншигч таны энэ эрхийн төлөө л бид ажиллаж байгаа билээ.


-Нийгэмд эргэлзээ үүсгээд буй нэгэн улстөрчийн холбогдсон хэргээс үүдэж тантай уулзахаар зорьсон юм.Олон жилийн улс төрийн амьдралдаа тохиолдож байгаагүй зүйлд энэ удаа Л.Гансүх холбогдлоо.АТГ бол тодорхой хэмжээний мөнгөн дүн хэлж олон нийтэд зарласан. “Нүүрс”  хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа их хэмжээний мөнгийг шамшигдуулсан гэх ойлголт нийгэмд тархчихлаа. Өмгөөлөгчийн хувьд таны байр суурийг сонсох маш чухал байна.
-Энэ асуудлыг ярина гэвэл эхлээд нүүрс хөтөлбөрийн талаар тодорхой ойлголт өгөх нь зөв байх.Нүүрс хөтөлбөр гэдэг маань Монгол Улсын Засгийн газрын санаачлагаар хэрэгжсэн хөтөлбөр. Нийслэлийн иргэд тонн тутмыг нь 200 мянган төгрөгөөр авч байсан нүүрсийг  “Багануур” хувьцаат компаниас төр дунд нь зөв менежмент хийгээд хямд үнээр иргэдэд хүргэх ажлыг санаачилсан.Энэ менежментийг “Эм Жи Эл Эс Би” ХХК гэдэг хувийн компани хэрэгжүүлсэн юм.Засгийн газрын зорилго нь нийслэлийн иргэдэд хог, чулуугүй нүүрс хүргэх явдал байсан. 100-хан км-ын цаана байх  Багануур ХК-ийн нүүрсийг 20 мянгаар аваад нийслэлд ирээд 200 мянгаар зардаг ченжүүд байдаг. Тэгтэл 100-хан км-ын цаана нүүрс байхад  иргэд 200 мянгаар нүүрс аваад байгаа нь утгагүй, шударга бус явдал гэж засаг үзээд энэ хөтөлбөрийг санаачилсан гэж ойлгож болно. Ингэхдээ төрөөс мөнгө гаргахгүйгээр яаж хэрэгжүүлэх вэ гэж ярилцаад хувийн компанийг сонгож энэ төслөө хэрэгжүүлсэн.“Эм Жи Эл Эс Би” компанийн “Багануур” уурхайтай хам-тарч хэрэгжүүлсэн энэ төсөлд зохицуулагчаар ерөнхий сайдын зөвлөхийн хувиар Л.Гансүх ажилласан.Энэ талаарх дэлгэрэнгүй мэдпээллийг би Засгийн газраас авч үзсэн. “Эм Жи Эл Эс Би” компани,  Багануур ХК-аас тонн тутмыг нь 27.500 төгрөгөөр аваад тэнд нь өөрийнхөө тоног төхөөрөмжөөр шигшээд вагоноор ачиж ирээд амгалан өртөөн дээр буулгаад, зөөвөрлөлтийн явцад үүссэн хаягдлыг дахин цэвэрлэж шуудайлаад нийслэлийн 163 цэг рүү портероор хүргэсэн. 40 кг-ын шуудайнд шуудайлж шүү дээ.Тэгээд үүнийгээ 80 мянган төгрөгөөр иргэдэд хүргэсэн.Энэ ажиллагааны явцад гарсан зардлыг хувийн компани өөрийн мөнгөөрөө менежмент хийгээд миний авсан мэдээллээр тонн тутамд 78 мянган төгрөгийн зардал гарсан байгаа юм.Үүн дээр хувийн компани ашгаа шингээгээд 80 мянгаар борлуулсан байгаа юм.

-Хэрэглэгчдийн тухайд хохирсон асуудал байхгүй байдаг.
-Нийслэлийн иргэд 200 мянгаар авдаг байсан нүүрсээ 80 мянгаар авахаар  чинь хохиролгүй  биз дээ. Нийслэлийн нийт иргэд 50-60 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн судалгаа гарсан.Багануур ХК-ийн хувьд ДЦС-уудад нүүрсээ 20 мянгаар зардаг байсан.2011 оны үед тэр шүү дээ. Тэгэхээр 27,500 төгрөгөөр “Эм Жи Эл Эс Би” болон “Багануур” ХК хоорондоо компанийн тухай хууль, бусад хууль дүрмийн дагуу гэрээ хийгээд ажиллацгаасан. “Багануур” ХК-ийн бүх удирдлагууд гарын үсгээ зурж тэр гэрээг хийсэн.Гэрээг хуулийн дагуу байгуулсан.Энд “Багануур” ХК хохирсон асуудал огт байдаггүй.Хохирсон юм бол яагаад хоёр жил дараалан гэрээ байгуулсан юм бэ.Тэр хүмүүсийг хүчээр гэрээн дээр гарын үсэг зуруулаагүй шүү дээ.Үнэхээр “Багануур” ХК-ийг хохирсон гэж үзэж байвал тус компани өөрөө өргөдлөө гаргаад, гэрээ байгуулахгүй байх эрх нь бас байсан шүү дээ.

-Гол нь ямар нэгэн хохирогч өргөдөл гаргаагүй гэж би ойлгосон?
-Тийм асуудал огт байхгүй. Үндэсний аудитын газрын аудитор  Ичинхорлоо гэдэг нөхөр аудит хийгээд, “Багануур” компани хохирол хүлээсэн байна гэсэн дүгнэлт гаргасан юм. Тийм л юм бол “Багануур” ХК анхнаасаа яах гэж хохирол хүлээх гэрээ байгуулсан юм бэ.Гэрээг Л.Гансүх гэдэг хүн байгуулаагүй.“Эм Жи Эл Эс Би” компани “Багануур” ХК-тай л гэрээ байгуулсан.Төр дунд нь менежмент л хийж өгсөн.Иргэдэд хямд нүүрс хүргэх зорилгоор.Төрийн чиг үүрэг байна л даа.Төр эдийн засагт оролцох чиг үүрэгтэй.Төр бензин, ноолуур, газар тариаланд тодорхой зохицуулалт хийж мөнгө өгдөг.Түүнтэй л адилхан нийслэлийн иргэдэд хямд үнэтэй нүүрс хүргэх зорилготой менежмент хийсэн төдий л явдал.Нүүрс хөтөлбөрийн тухайд ийм л асуудал шүү дээ.

-Ахиад асууя.“Багануур” ХК-ийн зүгээс хохирсон гэх гомдол гаргаагүй биз дээ?
-Одоо “Багануур” ХК-ийг АТГ хохирогчоор тогтоогоод хохирогч болгоод явж байгаа.Өөрөөр хэлбэл тэд зүгээр байж байгаад өөрсдөө ч мэдээгүй хохирогч болчихоод байгаа хэрэг л дээ. Үндэсний аудитын газрын аудитор Ичинхорлоо гэдэг хүн “Багануур” хохирчихсон гэдэг дүгнэлт гаргаж, тэрэн дээр АТГ маань “Багануур”-ыг хохироочихлоо гээд тоглоод байгаа байхгүй юу. Хохирогч нь өөрөө мэдээгүй байхад хохироочихлоо гэдэг дуулиан дэгдээгээд л. Сүүлийн үед АТГ хүнийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарладаг бохир ажлыг их хийдэг боллоо.Ийм үйл ажиллагаанаас нь болоод хүний амьдрал хохирч, нийгэмд нэр хүнд, карьер нь унадаг.Бүх зүйлээрээ хохирдог.Эцсийн эцэст үндсэн хуульд зааснаар ганцхан шүүх л гэм буруутай эсэхийг тогтоодог биз дээ.

-Олон нийт төрийн тусгай байгууллагуудын өгч буй мэдээллийг хариуцлагатай эх сурвалж гэж хүлээж авдаг.Өөрөөр хүлээж авах ч боломжгүй.Л.Гансүх хориг-доод хэд хоночихов оо?
-Сар болох гэж байна.АТГ бол зүгээр л мөрдөн байцаах байгууллага.Өөрөөр  хэлбэл, дүүргийн цагдаагийн статустай. Шалгаж байгаа хэрэг нь л өөр болохоос  ийм хэмжээний л газар шүү дээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс  “бид энэ хүнийг ингэж шалгаж байна” гээд л, Чингэлтэйн цагдаагийнхан “бид энэ хүнийг шалгаж байна” гэж мэдээлэл хийгээд байдаггүй л байхгүй юу. Хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмт буруутайд тооцохыг хориглоно гэсэн Үндсэн хуулийн заалт байгаа.АТГ-ын хийдэг тэр мэдээллүүдийн цаад үр дагавар нь маш хортой.Нэгд, шалгагдаж байгаа хүний нэр хүнд нийгэм даяараа унаж байна.Олон нийт тухайн хүнийг авлигач, төрийн өмч шамшигдуулсан этгээд гэж л хүлээж авч байна.Улстөрчдийн карьер тэр дороо л унаж байна.Улс төрд ямар нэг байдлаар эргэж орж ирэх боломжгүй болж байна.Миний харж байгаагаар АТГ сүүлийн үед улстөрчидийн нэг нэгнийгээ захилгаар агнах зэвсгийн байгууллага болж хувирч байна.Уг нь бол төрийн тусгай институци байгууллагын хувьд хүнийг эрхийг хязгаарладаг эрхтэй.Яах гэж энэ эрхийг өгсөн бэ гэвэл гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй тэмцэх зорилгоор олгосон.АТГ өөрт нь олгогдсон тусгай статусыг хэн нэгэн субьект руу чиглүүлэх, улс төрийн зорилгоор ашиг-лаад л явчих юм бол тэр замд өртөж байгаа улсуудаас юу ч үлдэхгүй.Хүний эрхийг хязгаарладаг хүчний байгууллага өөр зорилгоор боломжоо ашиглаад л явчих юм бол замд тааралдсан юу ч үлдэхгүй.Өнөөдөр ийм л нөхцөл байдал бий болчихоод байна.

-Шалгаж байгаад орхичихдог.Гэм буруутай нь тогтоогдоогүй бол эргээд нэр төрийг нь сэргээх, цагаатгах, уучлал гуйх асуудал орхигддог.
-Уг нь хуулиндаа тийм зүйл заалт бол бий.Бид яг энэ асуудлаар гомдол гаргана.АТГ хэвлэл мэдээллийн хэрэгслээр шоуддаг л ажил хийж байна.Хэрэг шийдэгдсэний дараа нэр төрөө бид цагаатгуулна. Энэ байгууллагатай,  яг тэр зарласан албан тушаалтнуудаас нь хохирлоо гаргуулна гэж бодож байгаа. Би АТГ-ын бүх албан тушаалтан гэж хэлэхгүй.Тодорхой хэсэг удирдах албан тушаалтан бол хэр хэмжээ нь хэтэрч байна.

-Асуудал удирдлагад л байгаа шүү дээ.Түүнээс биш тушаал гүйцэтгэдэг дунд шатныхан бол биш.Ямартай ч эл асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, Л.Гансүх хоригдоод удчихлаа.Мөрдөн байцаагчид сард ганц ирж асуусан болоод л явчихдаг гэх гомдол их байх юм.Л.Гансүхийг энэ хугацаанд байцаасан уу, байцаасан бол хэдэн удаа байцаасан бэ.Байцаахдаа өмгөөлөгчийг нь байлцуулсан уу.Хууль зөрчсөн, хуулиар олгогдсон эрхэнд нь халдсан тохиолдол гарсан уу?
-АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал гэж хүн байгаа.Энэ хүн надаар Л.Гансүхийг өмгөөлүүлэхгүй гэж олон газар ярьж явсан байдаг юм.Л.Гансүх гуай дээр өөр дээр нь надад мэдэгдэхгүй очоод, Ц.Баасандорж өмгөөлөгч таныг өмгөөлөх боломжгүй гэж хэлж байх жишээтэй.

-Яагаад боломжгүй гэж.Бас мөрдөн байцаагчийн оролцох асуудал биш биз дээ?
-Би Тулга гэдэг хүнийг бас өмгөөлж байгаа юм.Тэгээд хоёр хүнийг нэг хүн өмгөөлж болохгүй гэж байгаа юм уу даа.Үнэхээр ойлгох аргагүй явдал байгаа биз.

-Тулга гэж Л.Гансүх зөвлөхтэй хамт хоригдож байгаа хүн бил үү?
-Энэ хэрэг дээр хамт шалгагдаж байгаа хүн.Өөртэй нь нийлээд таван хүнийг цуг хорьж байгаа шүү дээ.

-Бүр өмнө нь сайдын алба хашиж байхад нь хамт ажиллаж байсан хүнийг бас хорьсон гэхээр нэлээн эртнээс шалгасан гэж ойлгогдож байгаа. Хамт хорьсон  хүмүүсийн ар гэрийнхний мэдэгдэл энэ тэрээс харахад хоморголоод барьчихсан ч юм шиг. Ер нь тэр хүмүүсийг яг ямар учир шалтгааны улмаас шалгаад байгаа юм?
-АТГ-ын зүгээс нөгөө хүмүүсийг мөнгө угаасан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.Миний хувьд материалыг үзэж танилцсан.Мөнгө угаасан гэх гэмт хэрэг нь нотлогдох боломжгүй нөхцөл байдалтай байгаа юм байна л гэж үзэж байгаа.АТГ бол мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.Одоохондоо ямар нэг хүссэн үр дүн нь гарч өгөхгүй байна.Хэрвээ АТГ хүнийг хилс хэрэгт холбогдуулан шалгасан асуудал гарах юм бол бид хариуцлага тооцуулна.Заавал тооцуулна.Эцсийн эцэст хэрэг болгоныг зарладаг, хүн болгоны нэр төрийг гутаан доромжилдог болсон.Энэ гэмт үйлдэл дээр нь хариуцлага тооцдог механизм үйлчилдэггүй.Үүнээс үүдээд энэ хүмүүсийг өөрсдийг шалгадаг, хянадаг газар байхгүй учраас өнөөдрийг хүртэл ингээд яваад байна.Хэнээс ч айхаа больчихсон.Хэний ч нэр төрийг гутаачихна.Энэ байдлаараа бусдыг дарамталж өөрсдөө бизнес хийдэг.Ийм бизнес хийдэг л хүмүүс тэр газар бий болчихлоо.

-Манай сонинд ганц худагт жил шахам хоригдож байгаа тагнуулын хурандаагийн захидал ирсэн юм.Захидлыг уншаад үнэхээр айдас төрсөн.
-Маш олон хачирхалтай явдлууд болж байна л даа. 

-АТГ-ын нэгдүгээр хүн нь гэвэл Н.Ганболд. Тэр хүнд хэн ч уурладаггүй, хэн ч гомддоггүй. Н.Ганболд бол хүчний байгууллагад ажил хэргийн нэр хүндээ бүтээчихсэн хүн. Гэтэл АТГ бол Б.Хурц л гэдэг дүгнэлт байх юм. Ганцхан энэ хүн л монголыг атгаж байна гэх. Б.Хурц дээр ийнхүү маш том анхаарлын болон асуултын тэмдэг босчихлоо. Тэр хүнд хандаж гомдлоо тавьж үзэв үү?
-Б.Хурц хэн нэг хүнийг хорьж чадахгүй. Шүүх л хорино. Шүүхийн захирамжаар хорино гэсэн үг шүү дээ. Гэтэл одоогийн байдлаар хүмүүс мөрдөн байцаагчийн үзэмжээр хорьдог болчихлоо гэж ярьж байна. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр шүүгч маань хэний хараа хяналтаар, хэний үг заавраар ажиллаад байна вэ. Хараат бус байж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал үүсээд байна. Шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Гэтэл одоо бүх шүүгчид мөрдөн байцаагчдын эрхшээлд орчихсон юм уу гэдэг асуулт босч ирж байна шүү дээ. Яагаад хориод байна гэдэг асуудал их сонин. Өмнө нь Амарсайхан агсны хэрэг дээр ч гэсэн хорьсон шүүгч л буруутай. Эрүүл мэндийн байдал нь муу байна гээд байхад батлан даалтад гаргаагүй шүүгч яах аргагүй буруутай.

-Гэхдээ л прокурор, шүүхийг утсаар загнаад л хүссэнээрээ шийдвэр гаргуулчихдаг гэж олон сонссон. Мөрдөн байцаагч, шүүгчид дээр муу нэр нь очоод байдаг. Шавхай нь наалдаад байдаг. Энэ хэмжээлшгүй эрхэт байгууллага, тэнд заларч байгаа нэг хүн л улс төрийн орчныг тонгочуулаад байгаа дүр зураг харагдаад байх шиг?
-Энэ тохиолдолд Б.Хурц гэдэг хүн нийгэмд ингэж яригдаад байна гэхээсээ илүү тогтолцооны хувьд харах шаардлагатай болчихоод байгаа юм. Шүүх маань яагаад АТГ-ын хорь гэсэн болгоныг хориод байна вэ гэдэг талаас нь харъя. Шүүгчдийг шалгадаг газар нь тогтолцооны хувьд АТГ болчихсон. Урд нь бол прокурорын дэргэд Улсын мөрдөн байцаах газар гэж байсан юм. Тэр байхгүй болоод тэнд байсан бүх эрх хэмжээ АТГ руу оччихсон. Одоо АТГ-ыг шалгадаг субьект нь өөрөө  алга болчихсон. Хуучин бол Улсын мөрдөн байцаах алба АТГ-ын байцаагчдын ёс зүйгүй авирласан, хууль бус ажиллагааг шалгадаг байсан юм. 

-АТГ-ын хөрөнгөжсөн ажилтнуудын тухай иргэд их ярьцгаадаг. Харин хэвлэлүүд таг дуугүй. АТГ-ыг өөрийг нь шалгадаг субьект хаа ч байхгүй ийм ноцтой үед хэвлэл дуугүй байна гэдэг аюултай юм даа. 
-Үнэхээр аюултай. Тэднийг шалгадаг газар хаа ч байхгүй. Энэ асуудлыг бүр тогтолцооны гажуудал болгоод хаячихсан. 

-Дээрээ хөх тэнгэрээс өөр юмгүй болчихлоо?
-Үнэхээр хөх тэнгэр л байгаа.Жишээ нь дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн дээр дарга нь байгаа, нйислэлийн цагдаа байгаа, ёс журам, дотоод шалгалт гээд олон юм байгаа биз.Харин АТГ-ын дээр юу ч байхгүй.Өөрсдийгөө л шалгавал шалгана.Хажуу өрөөнд нь сууж байгаа хүн нь шалгах юм уу хаашаа юм.Энэ бол боломжгүй зүйл шүү дээ.АТГ-ынхан УИХ-аас томилогддог болчихсон.Парламент нь мөрдөн байцаах тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байдалд орж ерөөсөө болохгүй.АТГ бол үндсэндээ Үндсэн хуулийн бус байгууллага болчихсон.Одоогийн байдлаар дээрээ хяналтгүй, ямар нэг дарамт шахалт авахгүй, хүнийг айлгадаг ийм тогтолцоог тодорхой хэсэг бүлэг хүмүүс л хөдөлгөж байна.Хэрвээ эргээд энэ хүмүүсийнхээ хүчинд яг одоо хөдөлгөөд байгаа хүмүүс нь өөрсдөө өртөх юм бол нөхцөл байдал үнэхээр зогсоошгүй.Өнөөдөр хөдөлгөөд байгаа энэ тогтолцоо нь эргээд өөрсдийнх нь эсрэг хөдлөөд эхэлбэл яах вэ.

-АТГ-ын мөрдөн байцаагч Л.Гансүхийн өмгөөлөгчөө сонгох эрхэнд нь оролцох бололцоо хуулиар байдаг юм уу?
-Боломжгүй.

-Боломжтой юм биш үү. Хоригдож байхад нь очоод л аль өмгөөлөгчийг авахыг нь хүртэл зөвлөөд л...
-Тийм болчихоод байна л даа. Намайг өрөөнөөсөө хөөж гаргаж байна. Үзэж байгаа материалыг маань буцааж авч байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцаад хөтлөлт бичиж байхад хөтлүүлэхгүй гэж дэвтэр булааж авч, өрөөнөөсөө хөөж гаргаж байна. 

-Хуулийг дараалан зөрчихийг үзүүлж өгсөн байх шив. 
-Тэгсэн. Өмгөөлөгчийн уулзах эрхийг хязгаарлаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нөлөөлж, явуулсан нэрсээс өөр өмгөөлөгч уулзахыг хориглож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулага АТГ-ын өмнө бөмбөгнөж байна гэхэд үнэхээр хилсдэхгүй.

-Та өмгөөлөгчийнх нь хувьд бололцоотой цагтаа үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрхтэй биз дээ?
-АТГ миний үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломжийг хоёр удаа хаасан. Өөрөөр хэлбэл ШШБЕГ руу энэ өмгөөлөгчөөс өөр хүнийг битгий уулзуулаарай гэсэн бичиг явуулсан байсан.  Тэнд нь миний нэр байхгүй байсан. Уг нь хуулиндаа уулзах эрхтэй гэсэн заалт байгаад байдаг. Би ШШБЕГ-аас эхлээд олон газар гомдол гаргаж байж уулзсан. Өөрөөр хэлбэл АТГ-ын явуулсан бичиг хүчин төгөлдөр бус гэсэн үг. Тэр ч утгаараа уулзуулаагүй албан тушаалтанд нь хариуцлага тооцуулсан. Тэр хүмүүс яахаараа хуулийн дагуу уулзах эрхтэй өмгөөлөгчийг шал өөр газрын бичгээр эрхийг нь хязгаарлаж байдаг юм бэ.

-Л.Гансүхэд холбогдох хэрэг дээр таниас өөр хэдэн өмгөөлөгч байна вэ?
-Надаас өөр гурван өмгөөлөгч ажиллаж байгаа. Ер нь АТГ-ын хэлж байгаагаар өмгөөлөгчид нь тус газраас зөвшөөрөл авч уулзах ёстой юм шиг байна лээ. Шүүгч, прокурор нь АТГ-аас хараат. Дээр нь өмгөөлөгч нь АТГ-аас зөвшөөрөл авдаг болох юм байлгүй дээ. 

-Мөрдөн байцаагч танд үйл ажиллагаагаа тайлбарлах, та өөрийнхөө ажлыг тайлбарлах хуулийн заалтууд бол бий. Тэгээд яахаараа ийм байдалд хүрчихдэг юм бэ?
-Энэ бол хувь хүний ёс зүйтэй холбоотой асуудал л даа. Нэгд, АТГ бол байцаагч  Золжаргалын  гэр орон биш. Тэнд өмгөөлөгч ч Золжаргал ч ажлаа явуулах ёстой. Энхбаатар гэж бас нэг нөхөр бий. Энэ хоёр хоёулаа л намайг хөөж гаргасан. Хоёулаа  мөрдөн байцаагч.

-Яг ямар асуудлаас болж хөөсөн юм бэ?
-Чи миний өмгөөлөх эрхэнд халдаад байна, болиоч ээ. Хуулийн дагуу ажиллая аа. Нөгөөтэйгүүр би 1280 хуудас шинжээчийн дүгнэлтээс тэмдэглэл хөтлөхгүйгээр яаж унших юм бэ л гэсэн. Гэтэл өөдөөс “чи тэмдэглэл хөтлөхгүйгээр уншчихаад гар” гэсэн. Үүнээс болж маргаан үүсэнгүүт “гар чи” гээд хөөж байгаа юм. Өмгөөлөгчдийг  бүр нохой шиг л хөөдөг болчихсон. Ингэлээ гээд дуугардаг өмгөөлөгч байхгүй. Бүгд айдаг болчихсон. Энэ зөвхөн надад тохиолдсон асуудал биш. Олон өмгөөлөгчид тохиолдсон. Би энэ удаадаа нэр зааж хэлээд яахав. Наадуул чинь биднийг тагнаж байгаа, тандаж байгаа гэж хүртэл өмгөөлөгчид хэлж  байна. Бид чинь хяналтанд байгаа шүү гэж хэлж л байсан.

-Утас чагнадаг явдал бол энгийн зүйл болчихсон юм биш үү?
-Утас чагнадаг, араас дагаж мөрддөг явдал бол энгийн зүйл болсон. Миний дансыг хүртэл шалгасан. Хэл ам хийгээд байгаа энэ өмгөөлөгчийг  ямар нэг байдлаар айлгаж дарамтлая гэсэн хандлага илт байгаа.

-Нөгөө талаар нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг зарим нэг өмгөөлөгчдийн ёс зүйгүй үйл ажиллагаанаас болоод өмгөөлөгчдийг нийгэм  таагүй нүдээр хардаг  болж байх шиг. 
-Би өөрийн чинь хэлсэнтэй санал нэг байна. Өмгөөлөгчдийн нэр хүнд нийгэмд асар их унасан. Гэхдээ энэ нь өмгөөлөгчидтэй өөрсдөдтэй нь ч, өнөөгийн тогтолцоотой ч холбоотой. Өнөөдөр өмгөөлөгч өмгөөлж байгаа хүнийхээ эрх ашгийг тууштай хамгаалж чадахгүй байна. Цаг аргацаасан хүн олон болж. Хүний мөнгийг аваад л алга болчихдог. Шүүх хурал дээр нь л нэг уулздаг. Үйл ажиллагаа явуулдаггүй. Хүнийхээ төлөө гүйдэггүй. Бүх юмыг прокурор, шүүх рүү чихээд л явж байдаг нэг хэсэг бол байна. Нөгөөтэйгүүр тогтолцоотой холбоотой асуудал бий. Өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулахад саад хийж байна. АТГ-аас эхлээд нэр хүндийг нь унагааж байгаа, өмгөөлж байгаа хүнд нь өмгөөлөгчийг нь муулдаг ёс зүйгүй албан хаагчид байдаг. Ерөөсөө цагдаа нь цагдаагаараа, мөрдөн байцаагч нь байцаагчаараа ажиллаж чадахаа больчихсон, хувийн ёс зүйгүй болчихсон, замбараагүй авираа ажилтайгаа хутгадаг болчихсон. Энэ бүхэн тогтолцоотой холбоотой. Хамгийн эмгэнэлтэй нь энэ хариуцлагагүй ажиллагаа явуулж буй мөрдөн байцаагч нартай хариуцлага тооцох механизм нь байхгүй болчихсон. Өнөөдөр миний өмгөөлж байгаа энэ хэрэг дээр ч хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлт гарчихсан байгаа. АТГ хүний эрхийг зөрчиж болохгүй. Өмгөөлөгчийн үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрхэнд хязгаарлалт хийсэн нь буруу байна гэсэн дүгнэлт гарчихсан байгаа. Хүний эрхийн комисс хүний эрхийг зөрчсөн, олон улсын гэрээг зөрччихөөд байна гэсэн зүгнэлт гаргачихаад байхад өнөөдөр АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал ажлаа хийгээд л явж байна.  

-Ингэхэд сэжигтэн мөрдөн байцаагчаас өөрөө татгалзах эрхтэй биз дээ?
-Эрх нь нээлттэй. Татгалзах эрхийг нь шийддэг прокурор дарга хоёр нь “энэ хүсэлтийг хүлээж авахгүй” л гэдэг. Бид дараагийн асуудлаар нь бас хүний эрхийн комисст хандчихсан байгаа.

-Эрүүл мэндийн байдал нь ямар байна вэ. Удаан хоригдож байгаа хүмүүс эрүүл мэндийн байдал нь муудсан амь насаа алдсан тохиолдол бий. Бид хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гээд 25 жил явлаа. Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаад л шалгаж болох биш үү. Яагаад олон сараар, жилээр хорьдог явдал хавтгайрчихав аа?
-Ер нь бол мөрдөн байцаагчдаас гадна манай хуулинд бас асуудал бий. Хэргийн мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй ч гэдэг юм уу иймэрхүү хийсвэр үг  их байдаг. Тэрүүгээр нь үг хийгээд аваачаад хорьдог. Мэдээж оргон зайлахыг завдсан, оргон зайлж байсан бол хорихоос өөр аргагүй. Ихэнхдээ энэ мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй, оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьдог.  Мөрдөн байцаагч болзошгүй гээд биччихдэг, шүүгч нь болзошгүй гэж л хардаг. Өөрөөр хэлбэл энэ үгээр ямар л бол ямар хүнийг хэд л бол хэдэн жилээр хорих боломжтой болчихож байгаа юм. Ийм утгагүй үндэслэлээр хорьдог хуулийн заалтыг аваад хаячихвал ийм хатуу харгис  байдал багасна л даа.

-Энэ бол хүний эрхийн талаасаа маш харамсалтай асуудал. Талийгаач Амарсайхан амиа алдсан хэрэг ямар ч дохио болсонгүй. Олон сараар баривчлагдаж байгаа хүн  сэтгэл санаагаар унаж, бүх хүчээ алдаж, эрүүл мэндээ золионд нь өгдөг. Гэр бүл ар талынхан нь хамт зовлон эдэлдэг. Танай үйлчлүүлэгчийн хувьд сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд ямар байгаа вэ. Захидал бичсэн байсан?
-Л.Гансүх гуай  бол сэтгэлийн их тэвчээртэй хүн шиг санагдсан. Очиход урдаас инээгээд л “аавын хүүгийн ордог л газар. Надад битгий санаа зов. Би энд хэдэн сар болсон ч асуудалгүй. Гармаар байна гэж би зүтгэхгүй. Хамгийн гол нь энэ хэрэг улс төрийн зохиомол хэрэг. Энэ хэргийг би хуулийн дагуу шалгаасай гэж хүсч байна. Хэрвээ би буруутай бол хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ улс төрийн захиалгат хэрэг шүү” гэж хэлж байх жишээтэй. Мэдээж биеийн байдал сайн биш л байгаа.  Өөрөө бол муу байгаа гэж нэг ч хэлээгүй. Төв аймгийн хорих бол маш хүнд орчинтой шүү дээ. Монголдоо хамгийн хүнд нь байх шүү. Тийм нөхцөл байдалд хавантахаас эхлээд л эрүүл мэндэд нь асуудлууд гарч эхэлдэг. Л.Гансүх зөвлөхийг гурван хэргээр татчихаад байгаа юм. Нэгд, эрүүгийн хуулийн 273.2 гэдэг заалт. Тодруулбал төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тухай асуудал. Гэтэл төсөв захирагч гээд хуулиндаа заагаад өгчихсөн байдаг. Л.Гансүх  гэдэг хүний албан тушаал бол Ерөнхий сайдын ахлах зөвлөх. Энэ албанд төсөв захирагч гэсэн статус байхгүй. Төсөв захирагч чинь өөрөө төсвийг ерөнхийд нь захирдаг, төсвийн менежер буюу сайд, яамны газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга нар байдаг. Төсөв захирагч гээд хуулин дээр загаад өгчихсөн тодорхой юман дээр АТГ шалгаад, хориод байгаа. Хоёрт, бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу 150,3 заалтаар буруутгаад байгаа. Гэвч Л.Гансүх гэдэг хүнд эд хөрөнгө хариуцсан ямар ч асуудал байхгүй. Гуравт, мөнгө угаах гэсэн гээд хийсвэр үндэслэл гаргаад шалгаад яваад байгаа. Үнэхээр хууль мэдэхгүй болоод ингэж шалгаад байдаг юм уу, зориуд цаг хугацаа хожиж нэр хүндийг нь унагах, эсвэл улс төрийн наймаа хийх гээд байгаа юм уу үнэхээр мэдэх юм алга. Энэ тухай мөрдөн байцаагчид зөндөө хэлсэн. Төсөв захирагч гэдгээ хуулин дээрээсээ үзээч ээ гэж . Л.Гансүх гарын үсэг зурдаг, төсөв захиран зарцуулдаг субьект биш. “Багануур” тэр  хувийн компани хоёр хоорондоо гэрээгээ хийгээд гарын үсэг зурчихсан байхад Л.Гансүх гэдэг хүн мөнгөн дээр нь оролцоё гэсэн ч эрх мэдэл нь байхгүй. Л.Гансүх бол улс төрийн зөвлөх албан тушаалтан. 

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайдын охинтой холбоотой гэх нэг хэргийг зарласан. Тэр хэрэгт Л. Гансүх ч бас холбоотой гэх ойлголтыг АТГ нийтэд өгчихсөн шүү дэээ. Шалгагдаж  байгаа хэрэгт нь тийм юм байх юм уу?
-Тийм юм байхгүй. Ямар ч холбоо байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. АТГ өөрөө энэ мэдээллийнхээ төлөө хариуцлагаа хүлээнэ байх гэж бодож байна. Би дарга, мөн мөрдөн байцаагчтай нь заавал энэ асуудал дээр хариуцлага тооцуулна. АТГ-ын ямар нэг дарамт шахалтад орж өмгөөлөгчийн эрхээ хасуулчихгүй л бол эргэж хариуцлага тооцуулна. Тэрний төлөө тасралтгүй явна. 

-Гарч ирээд л зарлачихсан. Тодорхой албан тушаалтнуудад холбоотой ноцтой мэдэгдэл хийчихсэн. Төрийн ам, хариуцлагатай эх сурвалж гэж бид хүлээж авч байгаа. Нэгэнт ийм алхам хийчихсэн юм чинь нотлох гэж  хүчээр үйл ажиллагаа явуулахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ?
-Эхлээд хэн нэгэн улс төрийн өндөр албан тушаалтныг айлган сүрдүүлдэг. Дараа нь тэр албан тушаалтантай тохиролцоо хийж чадахгүй бол шалгаж эхэлдэг, ямар нэг үндэслэл гаргаж ирдэг. Шалгаж байгаа үндэслэлээ нийтэд зарладаг. Тухайн хүнийг тэрбум тэрбумаар нь идчихсэн туйлын муу хүн мэтээр мэдээлэл эхлээд угтуулж цацдаг. Тэрийг нь нийгэм шууд утгаар нь хүлээж авдаг. Тэгэнгүүт прокурор асуудлыг нь шүүх рүү оруулна. Шүүх тэртээ тэргүй нийгэм муу хүн гээд хүлээгээд авчихсан юм чинь гээд яллачихдаг. Яг тэр асуудлын мөн чанар нь юу юм бэ. Гэм буруутай юм уу, үгүй юм уу гэж хууль ёсоор хүлээсэн үүргийнхээ дагуу уйгагүй ажилдаггүй.  Энэ бол ардчилсан нийгмийн хамгийн аюултай үзэгдэл. Өнөөдөр өмгөөлөгчид нь АТГ-аас айж байна. Өмгөөлөгчид нь айчихаар шалгагдаж  байгаа хүн бол ямар ч авралгүй болчихож байгаа юм. Ямар ч итгэл найдваргүй. Олон хүн надад хэлж байсан. Бид чинь их олон хэрэг дээр таарна шүү дээ. Заавал ингэж нервтэж өмгөөлөх хэрэг байгаа юм уу. Эд нарын өмнөөс заавал ингэх хэрэг байгаа юм уу гэж. Янз бүрийн албан тушаалтан ч хэлж байсан, өмгөөлөгчид ч зөвлөж л байсан. Эцсийн эцэст АТГ-ынхантай аятайхан зохицоо л гэсэн үг болж таараад байгаа юм.  Хүний амьдрал урт. Маргаашийн амьдралд чинь юу ч тохиолдож магадгүй, бүх юм чинь хяналтад байгаад байна шүү гэсэн л анхааруулга ирээд байна. 

-Өмгөөлөгчийг нь айлгаж дарамталж байна гэсэн үг биз дээ?
-Мэдээж АТГ айлгах хүмүүсээ айлгадаг л байх. Тодорхой хэмжээнд сул талтай өмгөөлөгчдийг бол барьчихдаг байх. Эсвэл элсүүлдэг байх. Нөгөөтэйгүүр манай монголчуудад худлаа айсан хийсвэр сэтгэхүй байгаад байна. Энэ бол буруу хандлага, мухар сүсэг. АТГ-аас айж бид яах юм бэ. Айх юм бол энэ хүмүүс чинь бид айлгадаг гээд өөрсдийгөө улам өндөрт тавьж, хүн бүрийг айлгадаг  гээд бодчихоод байна шүү дээ.  Өнөөдөр би Золжаргал байцаагчтай маргалдахаар өмнөөс гайхаад “чам шиг өмгөөлөгч анх удаагаа үзэж байна” гээд байгаа байхгүй юу. Эрхээ зөрчүүлчихээд загнуулчихаад явах ёстой юм байна л даа. Энэ хүмүүсийг ингээд давраачихсан. Энхтөрийг мэдэгдэл хийснийх нь төлөө, Золжаргалыг миний өмгөөлөх эрхэнд халдсных нь төлөө, Энхбаатарыг намайг хөөснийх нь төлөө би энэ асуудал шийдэгдсэний дараа хариуцлага тооцуулна. Юм зүй ёсоороо явдаг бол ингэж л явах ёстой.

-Хуулийн салбарын шинэтгэл гэгч нь хаагуур нь урсаад байгаа юм бол?
 -АТГ бол хууль зүйн шинэчлэлийг ухрааж байна. Бүр маш ихээр ухрааж байна. Сая Улсын прокорурын дэргэдэх мөрдөн байцаах газрыг буулгасан. Энэ бол том ухралт. Нөгөөтэйгүүр АТГ-ын тусад нь гаргаад дээрээ ямар нэг хяналтгүй УИХ-аас удирдлагыг томилж бас чөлөөлдөг болгож, Үндсэн хуулийн тогтолцооны бус байгуулага байгуулсан нь тогтолцооны гажуудлыг үүсгэсэн. Энэ тогтолцоогоороо яваад хүний эрх, эрх чөлөө гэж ярих нь утгагүй болж хувирч байна. Дарангуйлал бий болж байна.  

-Энэ залууг амархан нугална даа гэж л харж байгаа байх. Хаагаад  боогоод  эхлэхээр нугаларахгүй яахав дээ гэж. Ингэхэд Өмгөөлөгчдийн холбоо татвар авахаас өөр ямар ажиллагаа явуулаад байна вэ. Яагаад өмгөөлөгчдийнх нь үйл ажиллагаанд халдаад байхад нэг ч удаа мэдэгдэл гаргаж, эрх ашгийг нь хамгаалдаггүй юм бэ. Та энэ байгуулагадаа нөхцөл байдлаа хэлсэн үү?
-Би үүнээс өмнө маш олон удаа гомдол гаргаж байсан. Хэзээ ч миний эрхийг хамгаалж байгаагүй. Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч эрх маань зөрчигдөөд байна гэж олон удаа хэлсэн. АНУ-д ч юм уу, хууль нь төлөвшсөн бусад орнуудад ийм тохиолдлууд дээр Хуульчдын холбоо нь шууд АТГ удирдлага руу албан тоот явуулж мэдэгдэл хийдэг жишигтэй. Манайд алга байна л даа. Өмгөөлөгчдийн холбоон дотор хүний эрхийн хийгээд өмгөөллийн мэдрэмжтэй хүн байхгүйтэй л холбоотой. Тэр хүмүүс албан тушаалтнууд хийгээд  мөрдөн байцаагчидтай найзан дундаа орж, сүлбэлдсэн нөхөд л болж хувирч. Хоёрт, эрх зүйн мэдрэмж гэж байхаа больчихсон. Тэгэхээр энэ хүмүүсийг бид өөрчлөх ёстой. Өөрчлөлт бага хэмжээгээр ч гэсэн явагдаж байгаа. Мэдээж ийм хандлагуудад манай холбооны удирдлагууд дуртай биш. Би хэд хэдэн удаа сайтан дээр бичүүлж байсан. Тэр дор нь сайтын захирлыг нь сүрдүүлээд шүүхэд өгч байх жишээтэй. Энэ өөрөө л тогтолцоо бишдээд ирсний хангалттай нотолгоо.

-Манай сонины нэр “Нээлттэй хаалга”. Тань шиг хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, эрхээ зөрчүүлж байгаа хүмүүсийн өмнө нээлттэй хаалга нь байх гэж бид зорьж байна.  Манай сонинд захидал, нийтлэл бичиж байгаарай. Энэ индрээр дамжуулж байр сууриа илэрхийлж байгаарай. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн дуу хоолой маш хязгаарлагдмал болж байна. Эрх ашгийн бүлэглэлүүдэд хуваагдаад л тэднийхээ таашаалыг хангасан юмаа л гаргадаг болчихсон. Аюултай байдалд орж мэдэхээр нөхцөлд та ажиллаж байна. Тэгэхээр таны үзэл санааг хүндэтгэж бид энэ хаалгыг нээж өгч дэмжиж байгаа юм. 
-Маш их баярлалаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр бүр нээлттэй, ил тод, олон урьгалч байж чадахгүй байна л даа. Би АТГ-ын талаар телевизээр ярилцлага өгөхдөө Энхтөр мэдэгдэл яах гэж хийдэг юм бэ гэж хэлдэг. Харамсалтай нь тэр хэсэг нь гардаггүй, хасаад хаячихдаг. 

-Та гомдлуудаа УИХ-д ч юм уу, прокорурт илгээж үзэв үү?
-Прокорурт хандсан. Татгалзсан хариу л өгсөн. Хяналт шалгалт үндсэндээ байхгүй болчихсон гэсэн үг. Одоо замдаа таарсан болгоны амыг үдээд, хэвлэл мэдээллээр толгойг нь угаачихаад л явцгааж байна. Миний хувьд хохирох эрсдэл өндөр байгаа. Байнгын утас чагнадаг, дарамталдаг. Утсаар ярьж байхад дундуур орж ирдэг. Дансны мэдээллэл аваад шалгуулчихаж л байна.  

-Үүрэн телефоны компаниуд ч гэсэн өөрсдөө хэцүү байдалд орлоо шүү дээ. Айгаад хүссэн болгоны утсыг чагнуулдаг?
-Тиймээ, үүрэн телефоны нууцлалд  итгэх арга алга. Энд тэнд очиж, таньдаг хүнтэйгээ тухтай ундаа ч ууж чадахаа больсон. Элдвийн л юм сонсогдох юм байна шүү дээ. Эцсийн эцэст АТГ-ыг авч явж байгаа хүмүүсийн төлөвшилтэй л холбоотой. Яагаад ийм байдалд хүрчихэв гэхээр яг тэр байгууллагыг удирдаж байгаа хүний толгойтой л холбоотой. Тэр хүн хуулийн мэдлэгтэй, хууль зүй, эрх зүйн ухамсартай байсан бол хэзээ ч ийм ажиллагаа явуулахгүй. 

-Таны үйлчлүүлэгч Л.Гансүхтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд мэдэгдэл гаргасан. Би бол үүнийг стандарт бус мэдэгдэл боллоо л гэж харсан. Бас Төв аймаг руу явж уулзсан. Энэ үйлдлийг нь хууль зөрчсөн явдал гэж АТГ мэдэгдэл гаргасан. Ерөнхийдөө  бол тэнд давхиж очсон нь зохисгүй харагдсан. Хамгийн эвгүй нь түүний үйлдлээс болж Төв аймгийн хорих байрны дэд дарга ажлаасаа халагдсан гэх мэдээ явж байна. Энэ үнэн үү?
-Би бол өмгөөлөгчийг үйлчлүүлэгчтэй нь уулзуулаагүйгээс болж дэд дарга нь халагдсан гэж ойлгож байгаа.Ерөнхий сайд уулзсан асуудал бол хоёр талтай л даа.УИХ-ын тухай хууль гэж бий. Тухайн хуулийн 7,1-ийн 18 дээр  УИХ-ын гишүүн ямар ч байгууллагад саадгүй нэвтэрч, хэнтэй ч уулзах эрхтэй гээд заачихсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн сэжигтэн яллагдагчийг цагдан хорихыг биелүүлэх тухай хуулийн заалтаас бусад тохиолдолд гээд оруулчихсан бол өөр хэрэг.Тийм байсан бол хууль зөрчсөн гэж үзэж болно.

-Мөрдөн байцаагч нь бол уулзуулахгүй гэсэн?
-Мөрдөн байцаагч уулзуулахгүй гэсэн юм билээ.Хувь хүнийхээ зүгээс харахад Ерөнхий сайд хүн чанартай л хүн байна гэж би хувьдаа харсан.Хэл аманд орон байж, зөрөн байж зөвлөхтэйгээ очиж уулзаад сэтгэл санааг нь дэмжчихээд ирлээ гэж харж байгаа.

-Өөрөө дотоод итгэлээ  бас бататгая гэж бодсон байж болох юм. Нэг талаас нь харахад  тийм ч, Монгол Улсын Ерөнхий сайд гэж бид харж байгаа. УИХ-ын тухай хуулийн заалтыг би түрүүхэн бас эргэж үзлээ.Үнэхээр тийм заалт байна л даа.
-7,1-ийн 18 гэсэн заалт байгаа биз дээ. Хэрвээ энэ заалт байхгүй бол би ч гэсэн хууль зөрчсөн гэж хэлмээр байна л даа.Гэтэл заалт нь байгаа.Хязгаарласан заалт байхгүй.Тэгэхээр УИХ-ын гишүүнд тийм хэмжээний эрх олгогдсон байдаг байна л даа.Тэрэн дотор хэнтэй ч гээд тодорхой биччихсэн байгаа биз.

-Л.Гансүх хэзээ суллагдах вэ?
-Захирамж хоёр сараар гарсан.Ирэх 9 сарын 29-нд дуусна.Би бол нэг зүйлд бас маш их эмзэглэж байгаа.Би шүүх байгууллагад их эмзэглэж, гутарч байна.Хүний халдашгүй эрхийг хязгаарлах эрхийг зөвхөн шүүхэд олгосон.Гэтэл манай дүүргийн нэгдүгээр шүүхийн Олзод гэдэг шүүгч бол АТГ-ын хоръё гэсэн болгоныг хорьдог.АТГ хүсэлт гаргаад шүүх хорьдог юм бол шүүх байгаад яах юм бэ.Хэрэггүй шүү дээ.Эрхийг нь АТГ-т шилжүүлчих л хэрэгтэй шүү дээ.Шүүгчдэд Монгол Улс 3-5 сая төгрөгийн цалин олгож, харуул хамгаалалт гаргаж, орон сууц, машины асуудлыг нь шийдэж өгч байгаа.Шүүгчид асар өндөр хууль зүйн хамгаалалтад орчихсон байгаа.Энэ хэнээс гарч байгаа хөрөнгө юм бэ.Татвар төлөгч ард түмний халааснаас л гарч байгаа мөнгө.Ард түмэн шүүхэд итгээд өөрийнхөө мөнгийг асуудлыг шударгаар шийдээрэй гээд өгч байгаа юм.Тэгтэл ард түмнийхээ эсрэг ажиллагаа явуулдаг газар болчихлоо.Хоръё гэсэн болгоныг хорьж байна.Цагдаагийн байгууллагын гар хөлөөр хөдөлж байна.Олзод шүүгч рүү яриад л хориулчихна шүү гэж ярьдаг болсон байна.Нөгөөдүүл нь саналаа явуулаад, прокурор нь батлаад, шүүгч нь бичээд л Олзод гарын үсэг зурдаг болж таарч байгаа биз.Ингэхээр Олзодын чиг үүрэг нь гарын үсэг нь зурж, тамга дарах явдал болоод байгаа юм.Нөгөө хуулийн хэрэгжилт нь гажуудчихсан.Би шүүхэд их гутарч байгаа.

-Шүүхийн ерөнхий зөвлөл гэж шүүгчдийг өмөөрөөд л сууж байдаг байгууллага бас байна.Энэ байгууллага руу та шүүгчдийнх нь ёс зүйн асуудлаар хандах уу?
-Шүүгчдийн ёс зүйн асуудлаар тэмцэл хийнэ. Ёс зүйн хороо, Ерөнхий  зөвлөл гэж байгаа. Ерөнхий зөвлөл бол шүүгчдийн хараат бус үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийддэг гэж яриад байгаа.Ёс зүй бол шүүгчдийн ёс зүйн зөрчлийн асуудлыг шийддэг гэх юм билээ.Гэхдээ ёс зүйн хороон дээр ёс зүйн асуудлаар шүүгдсэн шүүгч ёстой зууд нэг байгаа байх.

-Угаасаа л хамгаалах үйл ажиллагаа явуулдаг газар юм байна билээ?
-Би шүүгчдэд үнэхээр гутарч байгаа.АТГ бол хорьдог субьект биш байхгүй юу.Тийм учраас АТГ -тай маргалдах хэцүү.Өнөөдөр очоод байцаагч Золжаргалтай маргалдсан ч би биш шүүх хорьсон л гэх байхгүй юу.Монгол Улсын хаана ч байхгүй өндөр хангамж эдэлчихээд хариуцлагагүй үйл ажиллагааны үүр уурхай болоод сууж байж болно гэж үү.Гэтэл өмгөөлөгч бол өөрөө ажиллаж мөнгө олдог.Өнөөдөр гудамжинд халаасандаа 100 төгрөггүй явж байгаа өмгөөлөгч зөндөө байна. Гэтэл шүүгчид өрөөндөө сууж байгаад л тэр их өндөр хангамж цалинг аваад л  хүн шийтгэчихээд л явж байдаг. Тийм байж ингэж хараат байдлаар ажиллаж болохгүй шүү дээ.Ядаж зүрх сэтгэл нь өвддөггүй юм байх даа.

 
-Шүүхийн шинэтгэл гэдэг асуудал шалан дээр уначихлаа л гэж иргэд бухимдаж байна.
-Манай шүүгчдийн дунд хууль зүйн боловсрол нь тодорхой бус хүн ч олон байна.Хуульчийн гэрчилгээ нь тодорхой биш хүмүүс байна гээд л бод доо.

-Гэхдээ өмгөөлөгч хүн энэ үзэгдлүүдтэй тэмцэнэ гэдэг асар эрсдэлтэй шүү дээ?
-Тэр үнэн. Шүүгчдийн эсрэг тэмцвэл мөрдөн хэрэг зохиогоод л шүүх рүү орлоо , шүүх нь яллана. Тэгээд л өмгөөллийн эрх нь дуусаа.Хувь заяа нь дуусна.Ийм л болчихсон.Үнэхээр эмгэнэл.Яахав, энэ байдалд оролцдоггүй хүмүүст мэдэгддэггүй байх. Яг дунд нь ажиллаж байгаа хүний хувьд бол энэ гажуудлууд  аль хэдийн гамшгийн хэмжээнд хүрчихсэн.  Манай өмгөөлөгчид хэрэлдэхгүй, маргалдагүй яваад л шүүхээр хүнээ оруулаад л өнөө хүн нь ял аваад л яваад өгнө.Өмгөөлөгчид  алдсан юм байхгүй. Чадлаараа хичээлээ, давж заалдахдаа тэгье ингэе, дээд шүүх дээр л сайн ажиллая гэсэн юм яриад л худлаа хуураад яваад байна.Сүүлдээ өнөө хүн нь ч хувь заяатайгаа эвлэрээд л яваад өгдөг.Гэтэл ажлаа хийж явах замдаа л энэ хууль бус үйл ажиллагаатай тэмцээд илрүүлээд засаад явах боломж бол бий шүү дээ.Өнөөдөр нотлогдохгүй байгаа хэргийг нотлох гэж улайрч хэн нэгнийг хилс хэрэгт гүтгэж, хэн нэгнээс үнэлгээ авах гэж, албан тушаал дэвших гэж улангасч байгаа нөхдүүдтэй тэмцэхээс өөр гарц байхгүй.Би энэ хэрэг дээр ажиллаж байгаа цагт эцсийг нь хүртэл явна.Би хэзээ ч буцахгүй.Энэ хэрэг дээр дүгнэлт гаргасан Оюун-Эрдэнэ аудит гэж байгаа.“Багануур” ХК нь хохироогүй байхад хохирсон гэсэн дүгнэлт гаргачихсан.Үндэсний аудитын газрын Ичинхорлоо гээд нөхөр байгаа.Хоёр компанийн тохироод хийсэн гэрээн дээрээс хохирогч гаргаж ирээд, улайраад гүйгээд байгаа тэдгээр нөхдийг бүгдийг нь шалгуулна.Аудитын байгууллага ийм байж болохгүй.Төрийн албан хаагчид ийм ёс зүйгүй байж болохгүй.Наанаа АТГ харагдаад байгаа ч цаана нь нотлох баримт гэх зүйл “үйлдвэрлэж” өгдөг нь иймэрхүү нөхөд байгаа байхгүй юу.Ийм асуудлуудтай бол тасралтгүй тэмцэнэ.

-Таны үйл ажиллагаанд амжилт хүсье. Хэрвээ саад бэрхшээл тулгарвал бидэнд хандаарай, бидний хаалга нээлттэй шүү.
-Баярлалаа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав