Зохиолч Жорж Оруэлл 1903 онд зургаадугаар сарын 25-нд Британи болон Энэтхэгийн хойд хэсэгт орших Бихар мужийн Мотихари хотод төржээ. Эцэг, эх нь түүнд Эрик Артур Блэйр гэх нэр өгсөн боловч хожим Жорж Оруэлл хэмээх уран бүтээлийн нууц нэрээрээ алдаршсан юм. Өдгөө түүний “1984”, “Амьтны ферм” хэмээх зохиолууд нь дэлхийн олон улсад хэвлэгдэж үзэл санааны эрх чөлөөний үнэ цэнийг хүмүүст таниулсаар байгаа юм.

Тэгвэл Оруэллийн хамгийн алдартай бүтээл болох “1984” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгийг “Орфей” театрын хамт олон ирэх сарын 21-нээс үзэгчдэдээ хүргэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан зохиолчийн талаарх сонирхолтой 10 баримтыг уншигчдадаа хүргэж байна.

1. СУРЛАГАДАА ТААРУУ ХҮҮ

Жорж Оруэлл төдийлөн сайн сурагч байсангүй. Мөн багадаа хэд хэдэн сургууль дамжиж суралцсан. Ингэсээр 1917 онд Виндзор хотын алдар хүндтэй Итон коллефид суралцах болсон боловч хичээл номдоо төдийлөн амжилт гаргаж чадахгүй хэвээр байв. Тиймээс эцэг эх нь сургуульд сургахын оронд цэргийн албанд оруулахаар шийдэж 1922 онд буюу арван есөн настайд нь Британийн Эзэн хааны Цагдаагийн албанд элсүүлж байжээ.

2. ЧУХАЛ ШИЙДВЭР

Жорж Оруэлл цагдаагийн албаны ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан нь тун чухал шийдвэр байлаа. Ийнхүү ажлаасаа гарч хожмоо дэлхий даяар нэр алдраа цуурайтуулах эсээ, уран зохиолын бүтээл туурвихад цаг хугацаа, ухамсарт амьдралаа зориулах болов.

3. АНХНЫ БҮТЭЭЛ

Тэрээр хэд хэдэн уншууртай эсээ хэвлэлд нийтлүүлж байсан ч анхны бүрэн хэмжээний бүтээл нь “Down and Out in Paris and London” гэх нэртэй байв. Тус бүтээлд зохиолчийн Лондон, Парис зэрэг хотуудад амьдрахдаа үзэж туулсан амьдрал, адал явдлын өгүүлэмжүүд зонхилно.

4. УРАН БҮТЭЭЛ НЭР

Эрик Артур Блэйк улс төрийн шинжтэй хурц эсээнүүд туурвиж, Британийн колоничлолыг эсэргүүцэж, үзэл санаагаа зоригтойгоор илэрхийлдэг байв. Тиймдээ ч гэр бүлийнхээ нэр хүндийг сэвтүүлэхгүй байх, нууж хаалгүй, ил шулуухан бичихийн тулд Жорж Оруэлл хэмээх нууц нэрийг анх хэрэглэжээ. Жорж гэдэг нь Английг хамгаалагч бурхан, харин Оруэлл хэмээх нь зохиолчийн биширч хайрладаг Саффолк нутагт орших нэгэн голын нэр юм.

5. ДАЙН БА ЗОХИОЛЧИД

Оруэлл Испанийн иргэний дайнд сайн дураараа оролцжээ. Фронтод дөрвөн сар тулалдсаны эцэст Барселонд очиж сэтгүүлчээр ажиллах болов. Энэ үедээ Эрнест Хэмингуэй, Андре Мальро зэрэг алдарт зохиолчидтой танилцаж, хамт ажиллаж байв. Иргэний дайнд оролцсоны улмаас түүнийг тагнаж, мөрдөх болсон тул зугтахаас өөр аргагүйд хүрч байлаа. Үүнээс өмнө фронтод эргэж очсон боловч мэргэн буучийн суманд өртөж хүзүүндээ шархаджээ. Ийнхүү азаар амьд үлдсэн тэрээр дайны тухай дурсамжаа “Homage to Catalonia” бүтээлдээ бичиж үлдээв.

6. ГАШУУН МЭДЭЭ БА “АМЬТНЫ ФЕРМ”

Эх орон нь Гитлерийн засаглалын эсрэг дайн зарласан буюу дэлхийн II дайн эхлэхэд тэрээр өөрийн орны армид элсэхийг хүссэн ч сүрьеэ өвчний улмаас тэнцсэнгүй. Ийнхүү Оруэлл Британийн армийг дэмжих сайн дурын байгууллагад элсэж, дайны гол шугам дээрээс мэдээ, мэдээлэл бэлтгэх сурвалжлагчаар ажиллав.

Дайныг өөрийн биеэр үзэж, туулсан тэрээр 1945 онд “Амьтны ферм” хэмээх алдарт ёгт романаа туурвижээ.

7. ТОМ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА

1947 онд Оруэлл Шотландын баруун өмнөд эрэгт цахилгаангүй, халаалт муутай жижигхэн байранд суух болжээ. Сүрьеэ нь хүндэрч, цаг ямагт зовоож, эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа хожим дэлхий дахинаа алдарших “1984” романаа туурвисаар байлаа. “Том ах чамайг харж байна” гэх алдарт эшлэл ч мөн тэр л үед бичигдсэн нь дамжиггүй.

 

8. ҮХЭЛ ХИЙГЭЭД 1984

1948 онд тэрээр “1984” романаа бичиж дуусгав. Үүнээс жил гаруйн хойно 1950 онд буюу 46 насандаа Жорж Оруэлл өвчний улмаас Лондон хотын их сургуулийн эмнэлэгт таалал төгсчээ. Түүнийг Английн Саттон Куртеней хэмээх жижигхэн тосгоны оршуулгын газар нутаглуулжээ.

9. СҮҮЛЧИЙН НОМ

“1984” романы үзэл санаа өдгөө ч амьд хэвээр. Зохиолч өөрийн бүтээл, оюун ухаан, үзэл санаагаар ахин амилсан агаад мөнхөд амьдарч эхлэв. Энэ бол түүний амьдралынхаа туршид бичсэн ес дэх агаад сүүлчийн ном байв. Уг бүтээлийг анх 1949 онд “Secker & Warburg” хэвлэлийн газар хэвлүүлжээ. Тус роман 1923 – 2005 оны хооронд хэвлэгдсэн англи хэл дээрх шилдэг 100 романы жагсаалтад багтдаг болохоос гадна редакторуудын жагсаалтын 13-т, харин уншигчдын жагсаалтын 16 -р байрт бичигддэг юм.

10. ТУГ

Жорж Оруэлл хэмээх нэр, хувь хүн, түүний үзэл санаа “1984” романаар дамжин тоталитар дэглэмийн эсрэг үзэл санааны туг болж мандав.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав