Монгол үндэсний морьт харвааны “Намнаа” клубын багш, монгол хувцасны “Хуяг” брэндийг үүсгэн хөгжүүлж яваа Н.Алтанхуяг манай зочин. Өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй, түүндээ халдашгүй дархлаа тогтоосон залуу зочин маань, сурч мэдсэн, чаддаг юмаа өөрийгөө дөвийлгөхөд ашиглаад, би л бусдаас илүү гэдэг хэн нэгэнд тааламжгүй. Тэмүүлээд зориод байгаа бүхнээ бусдын дэмжлэгтэй байж л үнэ цэнтэй болно. Тиймээс мэдсэн, сурснаа бусадтай хуваалцах ёстой гэсэн бодолтой юм билээ.

-Сайхан зусч байна уу? Сум мэргэн үү? Танай үүгээр гадна дотны зочин их байгаа юмаа даа?
-Сайхаан. Та сайхан зусч байна уу. Манай үүгээр өдөр болгон л иймэрхүү байдаг юм даа. Ойрдоо гадаадын жуулчид их ирж байна. Бид тэдэнд үзүүлэх тоглолт хийж, морьдынхоо тэжээлийн өртөг, бас бус жаахан орлого олоод хэн хэндээ хэрэгтэй л ажиллаж байна даа.
-Манайд ирж байгаа гадаадын жуулчдын үзэхийг хүсдэг зүйлсийн нэгэнд яах аргагүй морьтон монголчуудын эрэмгий дайчин төрхийг нүдээр харах байдаг бололтой юм. 
-Тиймээс ч манай "Намнаа"-гийхны үзүүлж байгаа морьт харвааг уулга алдан хүлээж авдаг. "Чингисийн хүрээ" цогцолборынхон маань олон жил гадаадын зочид төлөөлөгчид, жуулчдад үйлчлээд сурчихсан. Юу хэрэгтэй, юу хэрэггүй гэдгийг мэддэг болохоор бидэнтэй хамтарч ажиллах санал тавьсан нь бидэнд ч боломжийн санагдаад энд байж байна. Бидэнд чинь хамгийн гол нь морьдоо байлгах нутаг ус чухал. Энд тийм боломж байгаад олзуурхсан. Нөгөө талаар бэлтгэл сургууль хийхэд ч амар юм.
-Жүжигчид харагдаж байх чинь.
-Тэд кинондоо морьт харваа үзүүлж, моринд эрэмгий байгааг харуулах юм гэсэн. “Намнаан” дээр маань ирж сургуулилт хийж, надаас “ном” сонсдог юм. 
-“ Намнаа”-ны багш ойрмогхон гадагшаа явж тэмцээнд ороод ирсэн дуулдсан. 
-Казакстаны Алма-Ата хотод уламжлалт спортын нэгдсэн тэмцээнд ороод ирлээ. Одоо хүмүүс олимпт ордог тэмцээнүүдийг л илүү сонирхоод байна ш дээ. Үүнтэй зэрэгцээд дэлхий дахинд бас уламжлалт спортыг сонирхдог болж. Тэр нь кукбар буюу манайхаар тулам булаалдах, морин дээрээс нум сум харвах, эмнэг сургах гэх мэт уламжлалт тоглоом наадгайнуудаар өрсөлдөх юм. Алма-Атад болсон тэмцээнд би клубынхаа арван тамирчинтай явсан. Тэдний зургаа нь газраас болон морин дээрээс нум сум харвадаг, дөрөв нь язгуур урлагийн тоглолт үзүүлсэн. Уртын дуу дуулдаг, уран нугардаг, морин хуур тоглодог залуус. Нэг намнаачин залуу маань калиграфаар бичдэг. Түүнийгээ Чингис хааны бичиг гэдгээр нь газар дээр нь бичиж үзүүлсэнд оролцогчид болон үзэгчид маш их бахархан дээдлэн хүлээж авсан. Ази , Европын 16 орны тамирчид оролцсон тэмцээнд би өөрөө морьт харваагаар гуравдугаар байр эзэлсэн. Манай залуус  дөрөв, тав гээд байр эзэлсэн дээ. Нэг жаахан тиймхэн нь дүн гарахад дүрэм журманд зааснаар өгсөн оноо тоог харгалзалгүй үзэмжээрээ л шийдчихдэг юм билээ. Одоо яая гэхэв. Тэр орны дүрмээр тоглож байгаагаас хойш, шог байна гээд нэмэргүй шүү дээ. Харин манай язгуур урлагийг их сонирхолтой хүлээж авцгаасан. Дараагийн тэмцээнд улс бүр л өөрийн урлаг соёлын сонин сайхантай ирэхээр болно билээ.
-Ер нь яаж яваад энэ спорт руу орчихов. Та спорт гэж яриад байгаа болохоор би ингэж хэлж байна л даа. Танд гомдмоор санагдаж магадгүй ч  Морьт харвааг спорт мөн биш гэдгийг нь ялгахгүй мэдэхгүй хүн надаар тогтохгүй байх.


-Морьт харваа нүүдэлчин ард түмний түүхийн явцад амьдралаас урган гарсан эртний спорт. Эрчүүд ан гөрөө хийж гэр бүлээ тэжээх, довтлох дайснаас нутаг усаа хамгаалах, газар нутгаа өргөжүүлэхийн тулд дайн тулаан өдөөх гээд гадна дотны маш олон төрлийн шалтгаанаас үүдэн бий болсон эрэмгий спорт. Олон жил орхигдсон учраас спорт мөн, бишд эргэлзэх хүн зөндөө бий. Тэр эргэлзээг үгүй хийх монгол түмний өв соёлын нэг хэсэг гайхалтай спорт гэдгийг сэргээх, ойлгуулахын төлөө сонирхолдоо хөтлөгдөн ороод байгаа хүн л дээ, би. Надад энэ спорт руу ороход зааж зөвлөөд, уруу татаад байсан багш байхгүй. Өөрийнхөө сонирхолдоо хөтлөгдөөд гадна, дотны ном зохиол, тамирчдын тухай их уншсан. Түүхээ судалсан, судалгаа шинжилгээ ч хийж жинхэнэ морьт харваа ийм юм байдаг юм байна гэдгийг ойлгож авсан. Нэгэнт өөрөө ойлголттой, судлахуунтай болсон, нэлээд ч хичээллэж суралцсан, энэ спортыг сэргээх чин хүсэлтэй  хүн чинь цааш хэрхэн хөгжүүлэх, өргөжүүлэх, тэлэх тухай бодно биз дээ. Тэгээд Монголын үндэсний Морьт харвааны холбооны тэргүүн Б.Болдбаатартай уулзаад санаа оноогоо хэлээд, хамтарч ажиллаж эхэлсэн. Болдоо ах бид хоёр ярьж байгаад “Намнаа” клубээ байгуулан залуучууд, хүүхдүүдэд морьт харвааг эзэмшүүлэх ажлыг хийхээр шийдээд одоо клуб маань олон намнаачидтай, суралцагсадтай  болж байна. Ер нь манайхан маш их сонирхон суралцаж байгаа шүү. Бас таны түрүүний асуугаад байсан жүжигчид шиг уран бүтээлчид тасралтгүй ирж дасгал сургууль хийж, заавар зөвлөгөө авна. Манай намнаачдыг кинонд орлон тоглогчоор нэг биш удаа тоглуулна. Ер нь зав зайгүй л байна. Бид ч яахав хэдэн морь маань байнгын эдэлгээнд байгаад тарга тэвээрэг муухан аваад байгаад сэтгэл зовох юм. Удахгүй хөдөө явж амьтан ах дүүсийн бэлэглэсэн морьдоо цуглуулъя гэж бид хэд яриад л байна. 
-За бэлгийн морьдоо цуглуулдаг байж. Худалдаад авч болохгүй юу.
-Болно л доо. Гагцхүү бид чинь эр зориг, хүсэл эрмэлзэл, том мөрөөдлийнхөө төлөө ёстой мөнчгөрөөрөө л явж байгаа улс шүү дээ. Ивээн тэтгээд дэмжиж туслаад байгаа юм Чингисийн хүрээ цогцолборынхныг үл тооцвол одоохондоо алга ч бидний бодит байдлыг мэддэг, ойлгодог, энэ спортод дурладаг хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа болохоор хөл дээрээ зогсох өдөр ойрхон гэдэгт нэг их эргэлзэхгүй байна. Морьдоос гадна манай харваа хөрөнгө их шаарддаг. Нум, сум маань өртөг өндөртэй. Одоогоор дотооддоо хийдэг хүн алга. Гаднаас авна. Хугарна нугарна. Тэр бүрт мөнгө. Харин саяхнаас хэдэн залуу хус мод, тасын өдөөр сум хийж эхлээд байгаа нь сайн хэрэг. Сум бол дахин дахин хэрэглэдэг маш бат бөх байх ёстой, үнэ цэнтэй зүйл. Ингээд л өөрсдөө хийгээд байвал бид нум сумаа Монголоосоо авахад бэлэн. Монгол нум сумаараа харвах хүсэл байна ш дээ.
-Ер нь харваанд тохирохгүй морь гэж байх уу?
-Монгол морьдыг сургахад бүгд боломжтой. Хөл хөнгөнтэй, шулуун явдалтай, тогтуун зан төрхтэй морьд илүү тохиромжтой л доо. Морь болгон өөрийн характертай. Тэр болгоныг мэдэрч унах. Мориноос гадна харваачийн характер байна. Харваач аль болох тайван удаан зантай байх нь илүү сайн байдаг. Түргэн хурдан хүн бол хурдалчих гээд байдаг. Морин дээрээс аль болох удаашруулж харах нь илүү. Удаашруулна гэдэг нь өөрөө тактик. Хурдан зан ааштай хүн ч олон жил болоод ирэхээрээ тохируулаад удаашруулдаг болдог. Удаашруулна гэдэг бол энгийн хүнд мэдрэгдэхгүй, гялалзаад л өнгөрнө. Харин харваачид бол маш чухал тактик. Гадаадад тэмцээнд очиход бид монгол морио аваад очихгүй шүү дээ. Сугалаагаар морио сонгодог болохоор ямар нь ч таарч болно. Тэр ааш аягт нь тааруулж л унана гэсэн үг. Гадаадын морьд өндөр, эмээл нь тохиромжгүй. Бараг мориндоо мордох гэж ядарна. Мордсон хойноо буумааргүй. Энэ нь өөрөө их эрсдэл л дээ. Ер нь морио унаад, нум сумаа эзэмшинэ гэдэг бол амаргүй л дээ. Маш их авхаалж самбаа, эр зориг, хурд, хүч шаардсан эрсдэл ихтэй спорт. 

-Та бол сугалаагаар ямар морь таараасай гэж боддог вэ?
-Хурдан морь л хүсдэг. Манай монгол морь бол хурдан тусмаа хөдөлгөөн байдаггүй гоё шүү дээ.  Хурд дунд илүү харвадаг ч гэсэн хурдтай давхина гэдэг бол тэр хэмжээгээрээ эрсдэл. Унах гэмтэл магадлал өндөр. Ямар морь илүү байх нь тухайн тамирчны өөрийн арга барилтай холбоотой. Удаан хашин моринд дуртай нэгэн байхад дунд зэргийн хурдтайд нөгөөх нь дуртай байх жишээтэй. Ер нь морьтой харвана гэдэг бол маш их тактик шаарддаг. Морьт харваачдын хувьд хамгийн тохиромжтой харваа бол “хударган гудас харваа” буюу зүүн хойш хагас эргэж харвах. Хударга гэдэг бол эмээлийн хойд хэсэг, гудас гэдэг нь налж хэвтэж харвана гэсэн утгатай. Ингэж харвахад эмээл их чухал. Манай одоогийн эмээл тохиромж тааруу. Археологийн олдвороос үзэхэд тэр дайн байлдааны үеийн эмээл л бидний хүсээд байгаа эмээл юм билээ.
-Танай клубын нэр “Намнаа”. Энэ юу гэсэн утгатай үг вэ. 
-Монгол хэлний тайлбар тольд “хурдан морины эрчит давхианд морин дээрээс харвахыг намнаа гэнэ” гэж байгаа. Яагаад хурдан морин дээрээс гэж байгаа юм гэхээр морь өөрөө бай руу ойртуулж өгч байгаа байхгүй юу. Зээр давхиж явлаа гэхэд хойноос нь мориор хөөхөд зээр, морь хоёрын хоорондын зай ойртоно биз дээ. Тэгээд бодоход байндаа нааж өгнө л гэсэн утга гараад байгаа юм. Морин дээрээс харвах хамгийн тохиромжтой, ашигтай  зай бол 1-15 метр л дээ. Холдоо 1-20 метр. Олон улсын тэмцээн, наадам ч энэ л зайд болдог.  
-“Намнаа” клубээ байгуулаад хүүхэд, залуучуудад морьт харвааны гайхамшгийг мэдрүүлж, зааж сургаж байна. Бас гадаад дотоодынхондоо үзүүлэх тоглолт хийж байна. Олон улсын тэмцээн наадамд бор зүрхээрээ тэмцээд оролцоод байна. Энэ бүгдийг яах гэж хийгээд байгаа юм бэ? Таны холын бодол, мөрөөдөл юунд байна...
-Морьт харвааг Үндэсний их баяр Наадмын төрөлд оруулах л миний хол, ойрын мөрөөдөл, зорилго. Морьт харваа шинэ биш. Дахин сэргэж байгаа өв соёл. Энэ утгаар нь хөгжүүлэхийг эрмэлзэж хүүхэд, залуучууддаа сургах юмсан гэж хичээж байна. Хүүхэд залуучууд гэхгүй томчууд ч сонирхон бидэнд хандаж байгаад урамтай байгаа. Эдүгээ монгол наадмыг дэлхий сонирхох болж. Монголд ирсэн гадаадын жуулчин манайхны ярьдгаар сурын талбайд очоод жинхэнэ харваачдыг хүлээгээд байж. Тэнд хэдэн хүн газарт өрсөн юу ч юм харваад ч байх шиг. Бие халаалт хийгээд байгаа юм байх даа гээд анзаараагүй. Гэтэл харваа дууслаа гэсэн гэдэг. Тэр хүний хүлээсэн харваа нь монгол хувцсаараа гангарч, нум саадгаа агссан, хүч чадлаа гайхуулсан эрэмгий монголчууд морин дэл дээгүүр сум шуугиулан тавихыг, эрэмгий дайчин, гал цогтой, эрсдэлтэй үзүүлбэрийг хүлээсэн байж таарна. Монголчууд кинон дээр гадныхан морин дээрээс харвахыг хараад "wow" гээд гайхаад байдаг. Түүнийг чинь манай “Намнаа”-ныхан, шавь нар маань хийгээд байна шүү дээ. Ядаж л тэднийг маань наадамдаа оруулаад өг л дөө.
-Танай клубт хүүхдүүд хичээллэдэг юм байна. Тэднийг морин дээр гаргах эрсдэлтэй биш үү?
-Бид хүүхдүүдээ морин дээр мордуулдаггүй. Тэдэнд өв соёл, ёс жаяг, хэрхэн харвах тухай заадаг. Харвах эрдэмд сургадаг. Би өөрөө хүүхдээр хурдан морь унуулахын эсрэг хүн. Монгол эрчүүд чинь үр хүүхдээ ардаа нууж хамгаалдаг биз дээ. Гэтэл яагаад урагш нь түлхээд тэр эрсдэл руу оруулаад байдаг байна аа. Морь уралдуулах гээд байгаа юм бол өөрсдөө уна л даа. Тэгээд хамраараа газар хатгана уу, яана хамаа алга. Би хурдан морь уна гэвэл баяр баясгалантай л унана.
-Танай намнаачдын өмссөн дээл хувцас нэг л тийм эвтэйхэн, бас ганган харагдаад байх юм. Хэн энэ бүгдийг урлаж байна. Ямар учир утгатай хувцас, хэрэглэл байна.
-Энэ бүхэн миний нэг туйлшралын үр дүн, бүтээл гэх юм уу даа.
-Туйлшралын үр дүн гэнэ ээ. Түүнийг тань юу гэж ойлгох вэ?
-Монголчууд нэг л загвартай дээлтэй байх ёстой гэж би үздэг. Энийгээ туйлшрал гээд байгаа юм. Үүнийгээ нотлохын тулд би маш их судалгаа хийсэн. Археологийн олдвор ч нилээд судалсан. Эрдэмтэн судлаачдын бичсэн судалсныг уншиж эргэцүүлж, харьцуулж өөрийн гэсэн сэтгэмж, мэдрэмж, үзэл баримтлалдаа тулгуурлан хэв загвар  гаргахыг оролдсон. Ер нь бол зуугаар тоологдох дээлний загвар хийсэн дээ. Хүннү, кидан гээд Монгол гэсэн л бүх төрлийнхөөс хийгээгүй дээл байхгүй. Эцэст нь XIII-XIY зууны үеийн дээл л жинхэнэ монгол юм байна гэж тогтоогоод яг түүгээр дээл хийж өөрийн “хуяг” брэндээ гаргасан. XIII-XIY зуунд л Монгол нэгдэж нягтран, цэцэглэн хөгжиж өөрийн гэсэн бүхэнтэй байсан үе. Тиймээс тэр үеийн түүхээс бидний гэсэн бүхэн мэдрэгдэж байдаг. Миний хамгийн их унших дуртай сэдэв бол тэр үеийн түүх. Анх би эртний загварын нум сум барьчихаад орчин цагийн дээлтэй харваж байсан. Тэр байдлыг маань харсан герман хүн, чи гоё хүннү нумтай юм, даанч дээл чинь манж гэж коммент бичсэн байсан. Би бас зүгээр байхгүй өнөөхтэй чинь сошиалаар юу яриад байна энээ тэрээ болсон. Тэр харилцаан дундаас өмсч байгаа дээл маань хэнийх болоод байна аа гэдэг эргэлзээ төрөөд  ном зохиол, эрдэмтэн судлаачдын бүтээлийг эргүүлэхэд хүрсэн. Унших, судлах тусам олон хувилбар, эргэлзээ, төрөөд улам л нухах юм гарч ирээд байлаа. Тэгээд л жинхэнэ монгол дээлээ гаргах ажилдаа орсон. Эхлээд зургаа гаргаад хүнээр оёуллаа. Бишээ нэг л биш. Олон ч дээл ингэж хүнээр хийлгэлээ. Сүүлдээ өөрөө оёлоо. Болж байна аа. Биед эвтэйхэн гэж хачин. Харин би оёсон юм чинь оёдол нь яаж олигтой болохов. Оёдог хүнд өгөөд яг үүнийг хийгээдэх гэлээ. Нутгийнхаа, Хархориныхоо хүнд өгсөн. Оёсон, яг болсон байлаа. Хоёр, гурван жил ингэж ноцолдож байж энэ дээлээ гаргаж  авлаа. Эхэндээ өөрөө өмсдөг байлаа. Гэтэл нөгөө намайг шүүмжилсэн герман маань бас нэг өдөр бичиж байна, за энэ чинь л жинхэнэ монгол дээл байна. Чи сайн жаал байна. Би чамаас дээл худалдаж авна гээд 100 доллараар нэг дээл авсан. Дээл өөрөө их учиртай эд.  Монгол дээл чинь өөрөө иж бүрэн байхгүй юу. Агсаргатай, саадагтай, хоромсогтой. Агсарга буюу бүс гэхэд л эр хүнд байх ойр зуурын хэрэгцээтэй бүхнээ агсаж явдаг. Агсарганд байх хавтага гэхэд гал асаах хэрэгслэлээс эхлээд бусад зүйлсээ хийж хадгалж явдаг одоогоор бол нэг ёсны цүнх маягийн эд. Түүнээс гадна хутга, мэс гээд юм юмаа агсаж явдаг. Агсарга хэдий чинээ гоё ганган, үнэт металиар хийнэ тэр хэмжээгээр эр хүний  бэл бэнчин, хүч чадал, цог золбоог тодорхойлно. Металь ихтэй тусмаа илүү гэж үздэг байж. Өөрөөр хэлбэл металь ихтэй бол дайн тулааны үед дайсны илдэнд өртөн тасрах нь бага байж. Тиймээс бүсээ алдвал амиа алдлаа гэсэн үг юм байна. Агсарганд бүх л зэр зэвсэг нь агсаатай байдаг болохоор зэвсэггүй болсон хүн яаж тулалдахав.

 

-За ингээд бүх монголчууд өмсөх ёстой жинхэнэ монгол дээлээ гаргачихлаа. Харин өмсөх ёстой зон олон  “за тэгье” наадахыг чинь л өмсье. Энэ манж дээлээ тайлаад хаячихъя гээд шууд хүлээж автал цаг хугацаа хэрэгтэй байхдаа...  
-Мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ нэгэнт л том зорилго тавиад, бүр туйлшраад яваа хүний хувьд дээлээ нийгэмд ойлгуулахын тулд “хашхирах” юу ч биш, бүр өөрийгөө “шатаах” ч үе гарах юм. Би ч сошиалаар бол үзэж тарна шүү дээ. Манж дээл биш монгол дээлээ өмс гээд л, хэдэн жил хашхирч байна. Нэг хэсэг нь энэ нэг солиотой амьтан ингэж л байдаг гэж ойлгодог байх. Нөгөө хэсэг нь энэ ер нь юу яриад байна гээд анхаарч байгаа. Тэр хэмжээгээр ч миний дээлийг авдаг, захиалдаг, өмсдөг хүний тоо нэмэгдсэн. Өрсөлдөгчид ч бий болсон.  Гадаадад тэмцээн наадамд очиход хилийн цаадах монголчууд маань бас хийчихсэн өмсөөд ирсэн, чиний дээлийг хаа сайгүй өмсч байгаа гэж хэлэх нь сайхан л сонсогдож байгаа юм.  Франц, германууд их сонирхон авдаг. "Монгол костюмс"-ийнхэн нэг хэсэг хийсэн. Тэгэхээр монголчууд бүгд монгол дээлээ хэрэглэх цаг хугацаа холгүй гэж ойлгож байгаа. Манай энэ дээл өөрөө хүний бие галбирыг их сайхан гаргаж өгдөг, өмсөөд явахад ямарч төвөггүй, морь унаад  нум сум харвахад маш тохиромжтой. Бид чинь морин дээрээ эргэж, хажуулдаж янз янзаар харвадаг шүү дээ. Тэр бүхэнд үнэхээр тохиромжтой. Нэг өмссөн хүн бол өөр төрлийн дээл өмсөхгүй дээ. Тийм эвтэйхэн дээл байгаа юм. Ямар ч бие хаатай монгол эр хүн өмсөхөд тэвхийгээд л ирнэ дээ.
-Бид ч монгол эр хүнээ гүндүүгүй, хээ шаагүй сайхан гэж тодорхойлдог. Энэ ер нь тохирсон тодорхойлолт мөн үү. Та үүнийг юу гэж үздэг вэ. Таны хийгээд байгаа дээл гэхэд монгол эр хүний сайхныг илүү тодруулах, гоё байлгах гээд байна аа даа...
-Энийг ярихаасаа өмнө нэг зүйлийг зайлшгүй хэлэх ёстой. Бид нүүдэлчин Монгол гэдгээрээ бахархах ёстой. Энэ  бол яах аргагүй бидний бахархал. Цаг хугацаа улиран одох тусам улам үнэ цэн орох бидний түүх. Суурин иргэншилтэй улс гүрэн хичнээн хүсч мөрөөдөөд ч бидний тэр баялаг, түүхийг, амьдралыг бий болгож чадахгүй биз дээ. Өнөөдөр л гэхэд дэлхий дахин нүүдэлчин соёл иргэншлийг судалж сонирхох боллоо. Тэр хэмжээгээр биднийг нүүдэлчин гэж гадуурхдаг байсан үзэл улам хумигдаж, монголчуудын аж төрөх ухаан, ахуй амьдрал, хувцас хунар, хоол хүнс гээд олон мянган жил байгалийн шалгуурыг давж ирсэн, зөв амьдарсан бүхнийг маань судалж суралцаж байна. Яахав нүүдэлчин амьдралын явцад монгол эр хүн гүндүүгүй,  хээ шаагүй байсан. Гэхдээ одоогийн бидний ойлгодог буюу манай хөдөөнийхний өнөөгийн амьдрал хэв маяг бол бүр сүүлд манжийн үед тогтсон хэв маяг гэж би боддог. Их эзэнт гүрний үед монгол эрчүүд эрхэмсэг, хүчирхэг, ганган хээнцэр, сүр жавхлантай байсан. Монгол дээлээ өмсөөд агсарга зүүсэн ямарч монгол эр хүн сүртэй тансаг л байдаг байхгүй юу. Би эрчүүдийн гоёлоор маш их бахархдаг. Ер нь амьтны эр нь ихэвчлэн сүртэй, гоё байдаг шүү дээ. Тогос шувуу л гэхэд эр нь хамгийн гоё гэх жишээний. Монгол дээлээ өмссөн эр хүн маш эмх цэгцтэй, жавхаатай байдаг. Бидний хээ шаагүй гэдэг төрх бол бахархаад байх юм биш л дээ. 

-Хаанаас ийм үндсэрхэг ч гэмээр юм уу, эсвэл зөвхөн Монголоороо байх үзлийг шингээсэн юм бол. Аав ээж нь аль нутгийн улс вэ?
-Эцэг эх маань Өвөрхангай аймгийн улс. Хархоринд миний хүүхэд нас өнгөрсөн. Аав Хужирт, ээж Богдынх.
-Аа, тэгвэл төв халх гэсэн омогшил байна уу.
-Байхгүй. Төв халх гээд яривал үй олон юм бий. Би халх гэж хэлэх дургүй, монгол хүн гэж хэлэх дуртай. Баруун  байна уу, зүүн байна уу, өвөр байна уу хамаагүй бид монголчууд. Монгол гэсэн өв соёл, хувцас хунараас эхлээд бүгд нэг л эх үүсвэртэй. Олон улсын фестиваль боллоо гэхэд буриад, халимаг, өвөрмонгол гэхээсээ илүү өв соёл нь нэг л байдаг шүү дээ. Бид нэгдмэл л байсан. Хэл яриа хүртэл нэг л байсан шүү дээ. Түүхийн явцад л хил хязгаар нь салж сарниж, уулзаж учрах нь холдоод хэл яриа ч өөр болсон болохоос.  
- Хуягаа маань ямар мэргэжлийн хүн байна аа. Нэг л гүн ухаан тал руугаа хүн ажиглагдаад байна.
-Би МУИС-ийн философийн анги төгссөн. Философийн анги төгсөн хүн чинь  ном нилээд уншчихаар том зорилго тавиад нэг тийм туйлшрамтгай болдог шүү дээ. Залуу байхад л даа. 20, 21 настай байхдаа, хэзээ ч ажил хийхгүй, хэн нэгний дор ажиллахгүй гэж боддог байлаа. Арван жилд байхдаа ном их уншдаг байлаа. Философийн ангид ордог маань үзэл бодол олж авах гэж л тэр. Түүнээс диплом авахгүй, сургуулиа хаяна гэж боддог хичээл номоо орхиод явчихдаг байлаа. Тэгсэн ангийнхан хайж хойноос ирнэ, багш нар шалгалтандаа бэлдээд, дипломоо ав гэнэ. Тэгээд яахав шалгалтаа өгөөд диплом авсаан. Миний тэр философийн үзэл баримтлал үнэнч байгаа учраас энэ өв соёлынхоо төлөө ийнхүү тэмүүлэн, зүтгэж байна гэж боддог. 

 Ийнхүү хөөрөх Н.Алтанхуяг, залуу байхад гэж ярих дуртай нь эхэндээ их л инээдтэй санагдаж байлаа. Харин ярилцах явцдаа цаг хугацаа гэдэг бүтээж би болгосноороо, хөдөлмөрлөж, өөрийн гэсэн “би”-гээ олсноороо хэмжигддэг юм болов уу гэж бодогдсон. Монголоо гэсэн дэндүү том сэтгэлийг өөртөө тээж, тэр хэмжээгээрээ хариуцлага үүрч, сэтгэлдээ шатаж, тэмцэж, тэмүүлж яваа залуу хүүгийн зориг, үзэл баримтлал нь үерийн ус шиг эрчилнэ.

Ярилцсан | Д.Сайнбаяр

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав