“Ярилцъя” булан энэ удаагийнхаа зочноор Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүхийг сонгож урилаа. Тэрбээр сүүлийн үед олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа хүний нэг юм.
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр та гарч байх боллоо. Банкны систем тойрсон асуудлууд өөрийн эрхгүй ийм байдалд аваачиж байх шиг байна. Уг нь бол бусад улс оронд Төв банкны ерөнхийлөгч, тагнуулын газрын дарга хоёрынхоо царайг ховорхон олж хардаг жишиг байдаг юм билээ?
-Ер нь дэлхий ертөнц өөрчлөгдөж байна шүү дээ. Жишээ нь, олон улсын валютын сан хүнд сурталтай байгууллага байсан. Бүгд шүүмжилдэг, тийм үү. Гэтэл сая нэг шийдвэр гаргажээ. PR-ын компаниудыг хөлслөх. Бодлогоо дэлхийд ойлгуулах гэж. Тэгээд хоёр компани шалгаруулаад, бодлогоо дэлхий дахинд таниулах ийм амжилттай хөтөлбөр хэрэгжиж байна. Тэгэхээр юм өөрчлөгдөж байгаа биз. Өөрчлөгдөхөөс ч өөр арга байхгүй. Бидний ажиллаж байгаа санхүүгийн энэ орчин өөрөө яаж шинэчлэгдэв, нийгмийн хөгжил ямар төвшинд хүрэв. Бүх юм цаг хугацааны аясаар өөрчлөгдөж байна. Үүнийг бид хүлээж авахаас өөр арга байхгүй.
-Бодлого таниулах сурталчилгааны тухай хөндөж байна. Энэ зүй ёсны хэрэг. Би бол таныг Монголбанкны ерөнхийлөгчийн нэр хүнд, сүр хүч гэдэг ойлголтын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байна гэж шүүмжлэх гээд байна л даа?
-Төрийн албаны мэргэжлийн ёс зүйг нэг талаас сайжруулах ёстой болж. Магадгүй дэлхий дахинд. Орчин үед техникийн нарийн ширийн юмнуудыг программ хангамж, машин техник ашиглаад бүгдийг нь шийдчихэж болж байна. Хүний ёс зүйтэй холбоотой юмыг бол яаж ч чадахгүй байна шүү дээ. Миний л ойлгож байгаагаар шүү дээ. Энэ бол зохицуулалтгүй үлдчихсэн. Хор хөнөөл ихтэй. Зөв зохицуулж чадвал маш их үр ашигтай, ашиг орлого авчирдаг ийм л хүчин зүйл орхигдчихоод байна уу даа. Ер нь бол банкируудын нийтлэг нэг дүр төрх байдаг л даа. Эрхээ дээд зэргээр хязгаарлуулдаг, хийх ажил бол бас дээд зэргийн ачаалалтай. Дээр нь ямар арга хэрэгслийг ашиглах вэ, ямар шийдвэр гаргах вэ бүгд толгой дээр.Ер нь хүнээс асуухгүй шүү. Ер нь л их бөглүү ойлголт. Бие даасан байдал гэж юу юм бэ гээд авч үзэхээр төгсгөл байхгүй ээ. Би боддог юм. Өнөөдөр хувь хүний орлого гэдэг юмыг яг юу болохыг нь эдийн засагчид томъёолж чадаагүй л байгаа байхгүй юу. Яг юуг орлого гэж байгааг. Цалин байна, байгууллагаас нь сургалтад явуулж л байна. Орлого нь нэмэгдэж л байгаа. Гэвч үүнийг мөнгөөр тооцох боломж байхгүй. Байгалиас, эцэг эхээс заяасан чадавхи байна шүү дээ. Бас л мөнгөөр тооцох боломжгүй. Өөр өөр. Тэгэхээр орлого гэж юу болохоо тодорхойлж чадаагүй л байгаа хүмүүс шүү дээ, дэлхийн эдийн засагчид. Тэгээд тэрийгээ тодорхойлоод чадчихсан юм шиг мэдэмхийрэх хэцүү. Мэдэхгүй гээд зүгээр суух бас хэцүү. Гэхдээ завсар зайгүй ажиллаж байгаа. Тасралтгүй ажиллаж байгаа. Ажиллаж байна гээд дуугарах албагүй. Ялангуяа монголын төрийн албан хаагчид. Би нөгөө төлөвлөгөөний комиссоос эхлээд ийм орчинд ажиллаад сурчихсан хүн л дээ. Нэг мэдэхэд л жил өнгөрчихсөн байдаг. Оны эхний өдрөөс оны эцэс хүртэл хагас бүтэн сайнд гэртээ харихгүй дээ. Тийм газар арван хэдэн жил ингээд явчихсан хүн болохоор тэр төлөвшлөөрөө хэвшчихсэн. Ярих боломж бол ер нь багатай. Ажлаа л хийх ёстой. Хугацаатай. Хугацаатай учраас чанартай хийхийг хичээнэ. Зэмлэл хүртэнэ. Сайшаал хүртэнэ. Тэрнээсээ таашаал авна.
-Монголбанкны ерөнхийлөгчийн албыг хашсанаас хойш сайшаал ер нь хүртэв үү?
-Сайшаалыг хүртээгүй. Хүртэх ч боломж байхгүй. 34 хувийн инфляцыг үзлээ. Нэлээд олон жилийн дараа. Би байнга л нэг юмыг хэлдэг. 2006 оны эцсээр ажил авахад жилийн зургаан хувьд л гарч байсан. Тэгэхэд инфляц өсөх дарамт байнга л мэдрэгддэг байсан байхгүй юу. Энэ төсвийн том тэлэлт бол зүгээр л галзуу хүн шиг л явж байсан. Эсэргүүцэх, нөлөөг нь багасгах ганц арга бол тэрийг сонсохгүйгээр юмаа хийх. Үүсчихсэн том инфляцыг чадлынхаа хэрээр хэмлэж, эмтлэх ёстой байсан. Энийгээ л би хийсэн. Энийг хүмүүс хатуу бодлого гэж ойлгосон. Энэ нь зөв байсан. Ерөөсөө сонгодог эмчилгээ нь л тэр. Баабар их зөв хэлсэн байна лээ. Үнэхээр архинд орчихсон байсан байхгүй юу. Архинаас гаргах шаардлагатай байсан. Архийг нь хорих хэрэгтэй байсан. Ямар нэгэн ухагдахуунаар. Сүүлийн үед бодлогын хүүг Монголбанк өсгөж гэнэ, бууруулж гэнэ гэж их ярьдаг болсон. Ингэж яриад байгаа нь надад их сайхан санагддаг юм. Бүр би өөрөө яриад байгаа юм шиг. Энэ ойлголтыг анхаардаг болчихсон байгаа биз. Энэ банк чинь бас 80 гарчихсан настай банк. Дэлхийн бусад Төв банкууд шиг эмчилгээний хэрэгсэлтэй байх ёстой. Тэр нэвтэрсэн шүү дээ, өнгөрсөн оны дундуур. Энийг нэвтрүүлэх амар байгаагүй. Бидний өөрсдийнхөө хэмжээнд бодож, судалж байгаа, мэдэж байгаа юм байна. Дээр нь валютын сангийн экспедиц байна. Эндээс би урьсан. Олон удаа ирсэн. Их сайн хамтарч ажилласан. Тэгээд тест хийсэн. Өөрийнхөө тоонууд дээр л тест хийлээ ш дээ. Миний хүссэн үр дүн гарч чадах уу гэж. 2007 оны дундаас хариуг нь олж харсан. Ер нь үр дүн гарах юм байна гэсэн. Энэ тийм амархан юм биш. Хүмүүс их амархан гэж боддог байж магадгүй.
-Инфляц 34 хувь хүрчихлээ. Энэ тохиолдолд Монголбанкны ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжлэл их өрнөсөн. Одоогийн байдлаар инфляц 10 орчим хувиар буурсан байна гэж ойлгож байгаа. Өмнө нь яагаад арга хэмжээ авагдаагүй юм бэ?
-Хэрээс хэтэрсэн хэмжээний хурдтай төсөв мөнгө хоёр өсч байсан. Энэ хурдан өсөлтийн сайн нөлөө нь бол хурдан гардаг. Муу нөлөө нь бол удаж гардаг. Дэлхий дахиныг хамарсан мөнгөний өсөлт өнөөдөр Монголыг хамарч байна. Мөнгө ихэснэ гэдэг сүүлдээ хяналтгүй байх сонирхол үүсгэдэг. Тийм учраас өсөлт зохистой хэмжээндээ л байх ёстой. Хэтэрвэл 34 хувиар орлогыг чинь хаачихаж байна. Багасвал ширээн дээрээ тавих байсан бялууг чинь бага болгочихно. Тэгэхээр өөртөө таарсан л оновчтой хувь хэмжээндээ явах ёстой. Мөнгө л орж ирээд байвал сайн гэдэг чинь харьцангуй ойлголт. Хоёр жилийн өмнө мөнгө орж ирээд л байсан бол эдийн засаг улам халаад л байх байсан. Халахаар ерөөсөө юмны үнэ л өснө. Танд мөнгө байна. Авах юм чинь бага л байна.
-Дэлхийн эдийн засгийн томоохон үзэгдэл болоод буй энэ санхүүгийн хямрал бодитойгоор манай хаалгыг тогшоод ороод ирчихсэн юм уу, эсвэл бид түрүүлээд хөөргөдчихсөн юм уу?
-Бодитойгоор нөлөөлж байгаа. Нөлөөлнө ч гэдгийг бид мэдэж байсан. Есдүгээр сарын 30 хүртэл ер нь хадгаламж бага ч гэсэн өсөлттэй байсан шүү дээ. Чуулган эхэлсэн. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь ойлгомжтой. Гэхдээ соёл дутсан. Монголчуудад, бодлого боловсруулдаг хүмүүст хариуцлага дутсан. Хохирол амссан. Буцаад ойлгож эхэлж байна. Өөрөө өөрсдийгөө хүндрүүлэх шаардлагагүй байжээ гэдгийг. Гаднын нөлөө байна аа. Аравдугаар сарын 1-нд төсөв оруулахад зэсийн үнэ 6000-7000 л байсан. Тэгээд долоо хоногийн дотор хоёр дахин унахад өөрчлөлт орох шаардлагатай л тулгарч байгаа байхгүй юу. Бодитой нөлөөлөөд эхэлсэн гэсэн үг.
-Уучлаарай, дэлхийн хямрал хаалга тогшлоо гэх шуугиантай давхцаад таны ганц хоёр мэдэгдэл гарсан. “Дэлхийн хямрал Монголд нэг их нөлөөлөхгүй ээ” гэх мэт. Та яагаад тэгж хэлсэн бэ. Цаана нь Төв банкны бодлогыг жолоодож байгаа удирдагчийн далд бодол байсан байж болно. Гэхдээ энэ байдал таныг “тэнэг амьтан” шиг харагдуулаад эхэллээ шүү дээ?
-Буруу ойлгосон байна. Нөлөөлнө ч , нөлөөлөхгүй ч. Яг жинхэнэдээ бол. Нөлөөлнө. Нөлөөлөхгүй нь юу вэ гэхээр жишээ нь монголын компаниудад, банкуудад гаднын хөрөнгийн зах зээлтэй өөрийнхөө бирж шиг холбогдоод, үнэ ханш нь унаад, огцом дарамт учруулаад хөдлөхөө байчих хүчин зүйл байхгүй байсан байхгүй юу. Өнөөдөр хувьцаа нь богинохон хугацаанд асар эрчимтэй унасан үнэт цааснууд Монголд байгаа юм уу. Байхгүй шүү дээ. Энэ талаасаа бол нөлөө байхгүй. Нөлөө байгаа тал нь төсвийн чинь гол эх үүсвэр болсон алт, зэс хоёр дээр л байгаа биз дээ. Энэ нь бэлхэнээ харагдаж, мэдрэгдэж байгаа байх гэж бодож байна. Бид энэ тухайд байнга л ярьдаг байсан биз дээ. Дандаа ийм өндөр байхгүй шүү гэж. Өндөр байхад нь л хэлдэг байсан. Тэгэхээр нөлөөлнө, нөлөөлөхгүй. Нөлөөлөхгүйг нь нөлөөлөхгүй гэж ерөөсөө бүтэн даалгаж болохгүй. Нөлөөлж байгааг нь бүтэн нөлөөлж байна гэж ойлгож болохгүй. Зэсийн үнэ уначихлаа. Борлуулах орлогоо нэгээс хоёр жилийн дотор олчиход нөлөөлөхгүйтэй л адилхан.
-Хямрал Монголд ашигтай ч тусч болно гэж та бас хэлсэн. Үүнийгээ тайлбарлахгүй юу?
-Ашигтай тусч болно. Баялагтай улс орон заавал өнөөдрийн өндөр үнэ ханш хөөцөлдөх албагүй. Тав зургаан жилийн дараа зөөгөөд барахгүй их алт гарч ирнэ. Тэр доороо нефтьтэй арабын орнууд шиг л амьдрах ёстой биз дээ. Өнөөдрийн үнэ 3000 хүрэх нь ямар хамаатай юм. Олборлолтоо л түргэтгэе л дээ, төслүүдээ түргэтгэе л дээ.
-Мөрөөдлөөр цатгалан, тайван амгалан амьдарцгаая гэсэн үг үү?
-Тэгье л дээ. Үнэ хамаагүй. 2000 ч болог л дээ. Ахиухан л гаргая л даа. Манай хойд хөрш нефтийн үнэ уначихлаа гээд навсрахгүй, гутрахгүй л байгаа биз дээ. Ахиухан л гаргаж байна. Бүр татвараа багасгаад. Өндөр үнэтэй байх үед нь бол татвартай байсан. Одоо бол татвараа багасгаад ахиухан өгмөөр байна шүү дээ. Тэдэнтэй адилхан бид бас баялагтай юм чинь зэсийн үнэ 3000 байсан ч гэсэн олборлолтоо нэмэгдүүлээд явъя л даа. Ер нь тэгж яривал бид өөрсдөө алт, зэсийн үнэ тогтооход нөлөөтэй болж болно ш дээ. Бидний хэр нийлүүлэх, хэр олборлохоос авахуулаад үнэ хэлбэлздэг, монголчуудын гэх нөлөө байдаг тийм байдалд шилжиж болно шүү дээ.
-”Анод” банкны тухай та бага ярих сонирхолтой байгаа байх. Гэхдээ л Анод…Анод гэж амтай болгон ярьж байна. “Анод” банкийг сүүлийн хоёр жилийн хугацаанд танайх таван удаа шалгасан юм байна. Хадгаламж эзэмшигчдийн дунд ийм төвшний доргион үүсгэхгүйгээр зогсоох боломж байгаагүй юу?
-Төв банкны хяналт шалгалт бол тасралгүй явагддаг юм. Заримдаа бид хэсэгчилж шалгана. Тодорхой сэдвүүдээр. Иж бүрэн, бүх үйл ажиллагааг хамруулаад ч шалгана. Ер нь эрсдэл гарч болно шүү дээ. Одоо илрүүлчихээр бас их том буруутан болж байна л даа. Уг нь ингэж болохгүй. Ийм байдал төрийн хяналт шалгалтын эрчийг сулруулж магадгүй эрсдэлтэй. Харин ч зөрчил байгаа бол илрүүлээд таарсан арга хэмжээг нь авч байвал илүү эрүүл тогтолцоо үйлчилж байна л гэсэн үг. Бусад банк маань ингэж халж болохгүй. Гэтэл тийм хүлээлт үүсгэж болохгүй биз дээ. Урьд нь юу харж байсан юм бэ гэх байх. Урьд нь хянаж шалгаж байсаан. Төв банкны хуулинд заасан эрх мэдлийн хүрээнд, олон улсын стандартад нийцсэн технологиор. Орчин үед мэдээллийн технологи өндөр хөгжчихсөн, санхүүгийн элдэв арга хэрэгсэл хурдан хөгжчихсөн байна. Нуух бололцоо байж болно.
-Нуух бололцоо гэсэн үү?
-Тийм. Та ингээд гарын үсэг зураад, тамга дараад, аудитлагдчихаад өгвөл үнэмшинэ биз дээ. Ингээд өгч л байгаа юм л даа. Гэхдээ судалсаар яваад зөрчил илрүүлж байх жишээтэй. Тэгэхээр Төв банкны хяналтын хүч чадал, арга хэрэгсэлд бол найдаж болно гэдгийг л анхаараасай гэж би хүсч байгаа. Санаатайгаар буруу тайлан мэдээ гаргаж болно. Гэхдээ баригдана.
-Монголбанкны тохоон томилсон элч “Анод” банкинд ажиллаж байгаа. Энэ ажил хэр явцтай байгаа вэ?
-Маш эрчтэй ажиллаж байгаа. Олон цагаар ажиллаж байна. Хуульч нар хүчээ нэгтгэж байна. Санхүүч нар нэгтгэж байна. Хамгийн туршлагатай хянан шалгагч нарыг тавьсан. Маш их ажил хийсэн. Ачааллыг нь мэдэрч байгаагийн хувьд л би ингэж хэлж байна.
-Гэвч хадгаламж эзэмшигчид нь тайтгарсан уу. Төр иргэдийн хадгаламжийг хамгаалалтад авлаа. Гэхдээ л танай баг очиж ажиллаж эхэлснээс хойш ч хүмүүс хадгаламжаа татсаар байгаа гэх юм. Зүй ёсны дагуу бол энэ явдал зогсох ёстой юм биш үү?
-Эхний нэг хоёр өдөр бага зэргийн дараалал байсан. Одоо бол зогсчихсон байна. Хадгаламжаа авах байдал үндсэндээ зогсчихлоо.
-Төрийн авсан арга хэмжээ “бай”-даа туссан л гэсэн үг үү?
-Хадгаламжийн баталгааны хуульд иргэд үнэхээр итгэж байна. Монголчууд төрдөө итгэдэг. Энэ нь үнэхээр харагдаж байна. Тэгэх тусам бид улам илүү хариуцлагатай ажиллах ёстой болж байна.
-Төрөөс эрсдэлийн сангийн мөнгийг танайд авчраад байршуулчихлаа. Одоо арилжааны банкууд танайд хүсэлтээ тавина. Нөгөө талд бас нэг хардлага үүсээд байна. Саарал байшинд ардаа банктай “эзэд” хэд хэдээрээ сууж байна. Тэдний лобби явагдаж байгаа. Тэгэхээр давуу хуваарилалт очиж таарна гэсэн?
-Төв банкинд найдаж болно. Шударга, ажил хэрэгч зарчмаар хандана гэдэгт нь. Хэрвээ та улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийг ялгаж таньдаг бол очоод асуугаарай. Ер нь та нарын нөлөөнд орж байсан уу, орох магадлалтай юу гээд.
-Оруулах ажиллагаа явагдаад эхэлчихсэн юм биш үү. Тэд бүгд өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй. Түүгээрээ дамжуулаад бодлогуудаа явуулж байна шүү дээ?
-Монголбанкны үйл ажиллагаанд тэр нь нөлөөлөхгүй гэж бодож байгаа. Дийлэхгүй. Оролдлого гарсан ч би зөв ойлгуулна. Нөлөөнд автахгүй. Энэ бол Төв банк. Төв банк шүү. Би хувьдаа 25 жил улсад ажиллахдаа хэзээ ч, хэний ч нөлөөнд орж яваагүй. Цаашид ч төрийн албанд зүтгэж ирсэн энэ зарчимд маань ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
-Саяны баталсан журмыг зарим бизнесмэн шүүмжилдэг. Энэ бол түр гал унтраасан, бас л нэг эрхлүүлж, нялхруулсан арга хэмжээ боллоо гэж?
-Дэлхийн бүх улсын том бага банкуудад богино хугацаатай эх үүсвэрийн эрэлт байгаа шүү дээ. Урьд байгаагүйгээрээ их байгаа. Зөвхөн Монголд ч биш. Энэ авдаг л арга хэмжээ.
-”Анод” банкинд эрсдэлийн сангаас байршуулж байгаа хувиас очихгүй гэж та мэдэгдсэн?
-Очихгүй.
-”Анод” тэгээд цаашид яах вэ?
-Бүтцийн өөрчлөлт хийнэ. Шаардлага гарвал төрөөс дахин хөрөнгөжүүлнэ. Орчин үед санхүүгийн ийм хүндрэлийг шийддэг аргууд нь бас хөгжчихсөн шүү дээ. Гэхдээ бүх юм хялбар гэсэн үг биш шүү. Таагүй төсөөллийг бол би байх ёстой л гэж үздэг. Заавал анхааруулж байх ёстой. Ялангуяа бидэн шиг ийм мөнгөний бодлого хийдэг хүмүүст. Дандаа бороотой байхгүй. Дандаа нартай байхгүй.
-”Анод”-ын захирлууд саатуулагдан шалгагдаж байна. Энэ явдлын өмнө “Анод”-ын гүйцэтгэх захирал Энхтөр Ерөнхий сайдад захидал бичсэн. Үүнийгээ тантай зөвлөсөн үү. Тэр захидлын агуулгын талаар та юу хэлэх бол?
-Надтай зөвлөөгүй. Сүүлд уншсан. Би энэнд нэг их өндөр ач холбогдол өгөөгүй шүү.
-Тэр захидалд уу?
-Тийм. Тэр тийм их сонин байсан уу.
-Сонин байсан?
-Ямар талаасаа. Хүнээс мөнгөө авч чадахгүй ядарч яваа юм шиг үү?
-Нэгд, Монголын нэг сайхан банк сүйрлийн ирмэгт ирснийг мэдрүүлсэн. Бас түүний удирдагч нь хамгийн эцсийн аргаа хэрэглэж байгааг харсан. Хоёрт, сул дорой харагдсан ч, бас аюултай нөхцөл байдал айсуйг тодорхой шингээсэн байсан?
-Харахад бол зарим харилцагч нь төсвөөс санхүүжилт авах ийм гэрээ хэлцэлтэй байж магадгүй санагдсан. Тэрэн дээрээ суурилсан боломж байж болох талаар танилцуулсан юм болов уу гэж ойлгосон. Бид гэрээ хэлцэл бүрээр нь үзэж байгаа.
-”Анод” сандралд орсон. Сандраад барьц алдахдаа олон жилийн турш харилцаж ирсэн үнэнч зээлдэгчид рүүгээ халдсан. Тэрбум тэрбумын хүү төлж ирсэн үндэсний хэдэн хөрөнгөтнийхөө нэр хүндэд эргээд заналхийлсэн. Гахай зөөхөөс гараагаа эхэлж, амьдралын хатуу хөтүүг туулж явж өнөөгийн өндөрлөгт хүрсэн хэдэн хар шилтэй боссууд энэ явдлын дараа танд гомдож эхэлсэн сурагтай. Учир нь Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх гэж нөхөр л шахаж ийм ажиллагаа хийлгэсэн гэсэн яриа тархаж байна. Та үүнийг мэдэрч байгаа юу?
-Тийм юм явагдаж байж магадгүй.
-Гэхдээ та компанийн захирлуудын дайсан биш шүү дээ?
-Биш. Нөгөө талд нь 50-60 мянган хадгаламж эзэмшигч байгаа шүү дээ. Ганцхан тэд ч биш.
-Тэгээд төлөх чадалтайг нь шахаж байгаа юм уу?
-Гэрээгээ зөрчөөд хугацаагаа хэтрүүлчихсэн бол төлөөч ээ л гэдэг хүсэлт тавьж байгаа. Нэр төрд нь халдаж зарлах нь бол манай бодлого биш.
-Тэгвэл тэр ажиллагаанд яагаад таныг хардаж байгаа юм бол?
-Хардуулах сонирхол дунд нь үүсгэж байж магадгүй. Хардуулах сонирхлоо зохион байгуулалттай явуулж, дундаас нь ашиг хонжоо хайх санаархал хаа нэгтэй байгаа байх л даа.
-Яг үнэндээ бид энэ хүрэн ширээний ард сууж байгаа А.Батсүх гэдэг эрхмийн хувийн зангараг, оюун санааных нь ертөнц, хүнийх нь хэн болохыг мэдэрмээр байна. Том албан тушаалд оччихсон, нэг “жижигхэн амьтан” гэсэн суртал нэлэнхүйдээ явчихлаа шүү дээ?
-Яваг л дээ. Би ерөөсөө ийм зүйлд ач холбогдол өгдөггүй.
-Янз бүрийн сонирхолтой бүлэглэлүүдийн ажиллагаа эрчимжсэн байна гэсэн үг. Хоёр нам тохироонд хүрсэн гэнэ, одоо энэ нөхрийг зайлуулна аа гээд л ярьцгааж байна. Таныг л буулгах сонирхол явчихаж байгаа юм биш үү. Юун нөгөө хямрал?
-Би хямрал гэж ярих дургүй. Бүх бололцоогоороо урьдчилан сэргийлэх ёстой. Хүндрэлүүд учирч болно. Үүнээс хаашаа зайлах юм. Хаашаа ч зайлах аргагүй. Шийдэх л хэрэгтэй. Шийдэж болно гэж бодож байгаа.
-Та хатгуулах, оролдуулах, өөрөөр хэлбэл шуурган дунд зогсох тийм дуртай хүн үү?
-Төрийн алба хүнийг найзгүй л болгодог юм шиг санагддаг. Нэг харахад л найз нөхөдгүй болгочихдог. Би энэ тухай бодоод учрыг нь олдоггүй юм.
-Ер нь л та их ганцаараа харагддаг шүү дээ. Угаасаа л ийм ганцаардмал хүн үү?
-Ямар ч байсан миний эсрэг хэн юу хийж байна гэдгийг анзаарах завгүй л байна. Ажлаа л хийнэ. Зарчмаа барина.
-Гэхдээ л нийгэм таны хийж байгаа ажлыг харж байх, мэдэрч байх, зөв үнэлж байх ёстой биз дээ. Өөрийгөө ойлгуулах гэтэл хоцорсон байх нь бий?
-Үр дүн чухал болов уу л гэж бодож байна. Би байнга эндэхийн ерөнхийлөгч байхгүй шүү дээ.
-Таны өмнө ерөнхийлөгч байсан хүн одоо парламентын гишүүн болсон. Та хоёрын дунд тодорхой зөрчил байдаг гэсэн яриа нууцгүй хэлэхэд газар авсан. Түүнийг банкны систем тойрсон өнөөгийн энэ хямралыг ашиглан таны эсрэг сөрөг ажиллагаа их явуулж байгаа гэх юм. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Надтай ирж уулзаад, нэг ярилцаасай л гэж боддог юм. Гэхдээ Монголын эдийн засгийн төлөө, санхүүгийн системийн төлөө зүтгэж явсан хүн мөн юм бол тэгтлээ улаан цагаандаа гарчихаагүй байлгүй дээ. Би бол завгүй л ажиллаж байна. Миний хийж чадах юм энэ л байна.
-Муухай үг хэлж байна гэж битгий бодоорой. Таныг өмнөх ерөнхийлөгчийнхөө бөгсийг муугүй ухсан гэж бас яригдах юм?
-Тийм үйл ажиллагаа бол явуулаагүй.
-Би улс төрийн орчинд ажилладаг сэтгүүлч. Таныг өмнөх ерөнхийлөгчийн хийсэн хоёр гурван ноцтой гэрээг цуцалж, олон газар дайсантай болсныг тань мэднэ шүү дээ?
-Холбогдсон хүмүүс нь өөрсдөө хариулна биз дээ. Би хариулах хүн нь биш байна.
-Уучлаарай, тэгвэл орхиё. Одоо “Анод” байна уу, байхгүй юу. Энэ асуултад та нэг хариулаач?
-”Анод” байна.
-Цаашдаа?
-Бүтцийн өөрчлөлт хийнэ. Би танд хэлсэн. Ямар ч байсан төр хадгаламжинд нь баталгаа гаргаж өгсөн. Энд ямар ч асуудал үүсэхгүй.
-Дахин хөрөнгийн эх үүсвэр төрд байхгүй?
-Байгаа.
-Таныг бас улс төрийн дэмжлэггүй хүн гэх юм. Та тэнд нээрээ ямар түшигтэй вэ. Таны үйл ажиллагаанд улс төрд дэмжлэггүй, тэр зүгийн хамгаалалтгүй байгаа тань нөлөөлж байна уу?
-Улс төрийн хамгаалалт гэж ер нь юу юм бэ.
-Хариулахаас татгалзаж байна гэж ойлголоо. Аль нэгэн хамгаалалтад аваачих гэж одоо оролдож байгаа юм биш үү. Нөгөө талаас нь тэгж харж бас болно л доо?
-Би явахгүй л болов уу.
-Таны хувийн намтрыг бид бараг мэдэхгүй. Социализмын үеийн чанд хатуу байгууллага болох Төлөвлөгөө эдийн засгийн улсын хорооноос ирсэн гэдгээс илүү мэдээлэл алга. Таны нийгмийн гарал, эзэмшсэн боловсрол, туулсан замналаас сонирхмоор байна. Яагаад юу ч мэдэхгүй, сул дорой нөхөр гэж яригдаад байгаа хэрэг вэ?
-Ер нь Төв банкинд хэн ч томдохгүй. Яг өөрийгөө мэддэг бол. Манайхан банкны анги төгсчихөөд л банкир гэж ярьдаг. Дэлхийн бүх том банкуудын хамгийн өндөр өртөгтэй ажлыг инженерүүд, физикчид хийдэг юм. Нөөц байршуулах, хөрөнгө хуваарилах, түүхийг тооцох бүгдийг нь инженерүүд хийдэг юм. Би бас тийм буруу ойлголттой хүмүүстэй их тааралддаг юм. Би банкир гэсэн. Өнөөдөр барууны сайн сургуулиудын физикийн анги төгссөн бүх физикчийг банкууд татаж авч байна шүү дээ. Сонин байна уу.
-Банкны өөрийн системийн оршихуйн онол, санхүүгийн ертөнцтэй холбоотой улсын нууцын зэрэглэлд хамаарах ойлголтууд зэрэг олон л асуудал байдаг биз. Гэтэл парламентад янз янзын хүмүүс суудаг. Энд мэдлэгийн (санхүүгийн) төвшний хийгээд салбарыг нь мэдэх мэдэхгүй дээр суурилсан ялгаанууд ажиглагддаг. Тэнд дуудаж авааччихаад л элдэв болох болохгүй юм шалгаагаад байдаг нь танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Ялгаа байсан нь дээр л гэж боддог юм. Мэргэжлийн, туршлагын, насны. Ялангуяа мэргэжлийн ялгааг бол байх ёстой л гэж боддог. Бүгдийг нь нэг хил дээр аваачих юм бол ёс зүй. Тэрний дээр доор бол асуултад хариулах битгий хэл сонсоход ч хэцүү. Гэхдээ тэрэнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Би бол тэгж л ханддаг. Хариулахад хэцүү асуулт олон байдаг. Ёс зүйн зөрүү бол хүнд. Мэргэжлийн зөрүү бол харин сайхан.
-Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалын зиндаа их сонин харагддаг. Дэд сайдын хэмжээнд л авч үзэж байх шиг. Хуулиндаа бол Засгийн газраас хараат бус гээд заачихсан. Гэтэл дуртай сайд нь дуудаж харааж загначих гээд байдаг. Харьцахгүй байж болдоггүй. Уг нь гадаад оронд бол хуралдаанд орж ирээд суух зэрэг дэв нь хүртэл өөр л байдаг юм билээ. Энэ талаар та бодож үзсэн үү?
-Сонин асуулт асууж байна. Би боддог. Гэхдээ хэлэхэд бас хэцүү байдаг. Өөртэйгөө холбож хэлж байгаа юм шиг ойлгогдоно.
-Та ер нь бичдэг үү?
-Цөөхөн судалгааны ажил бий. Сүүлийн хоёр жил ажлын ачааллаас болоод ийм зүйлүүд дээр суух зав гарсангүй.
-Таныг Монголбанкны ерөнхийлөгч болохыг угтаж бас сөрөг мэдээллүүд бичигдсэн. Тэр дотор “Начин заан” ломбардын сүлжээ дурдагдаж байсан. Эрх ашгийн зөрчилтэй гэж үзэх үндэслэл үнэхээр байна уу?
-Бид жинхэнэ эрх ашгийн зөрчилтэй юмыг харчихаад хараагүй юм шиг л явдаг. Жинхэнэ зөрчлийг шүү дээ. Зөрчил биш юмыг хараад байдаг. Тэгэхээр аягүй жижигхэн сонирхол л байгаа байхгүй юу. Монголд анх үйлдвэрлэл үйлчилгээний хоршоолол байгуулагдаж байсан даа. 1980-аад оны сүүлээр. Анхны таван хоршооны л нэг. Шинэ маягийн хувийн хэвшлийн. Тэгэхээр жаахан түүх байгаа биз. Хорин жилийн түүх. Гэхдээ миний эхлүүлсэн биш, миний эрхэлж байгаа биш. Түүхийг нь тэндээс л харах хэрэгтэй. Дарга болчихоод байгуулчихсан, улсаас тендер авчихаад байгуулчихсан, зээл авчихаад төлөөгүй байгуулчихсан юм биш. Эхний тавд хоршооны үнэмлэх авч байсан байдаг юм. Наяад оны сүүл шүү дээ. Түүхийг нь хар л даа.
-Өөрийг тань Ховдын хүн гэж сонссон. Хаанаас гарч, ямар замналаар явж өнөөгийн өндөрлөгт хүрч ирснээ товчхон ярьж өгч болох уу?
-Улаанбаатар хотод төрсөн.
-Тэгвэл яагаад таныг Ховдын фракцид хамруулж ярьдаг юм бол?
-Ховдын Дарви сумын харъяат болж таарна л даа. Ааваараа болбол олхонуд овгийн хүн л болж таарч байгаа юм. “Чингисийн нууц товчоо”-нд нэр заагаад орчихсон байдаг хоёр овгийн л нэг шүү дээ. Дарви суманд энэ жил л анх удаа очиж үзсэн. Сутайн тахилгаар. Гайхалтай сайхан сэтгэгдэл төрсөн. Харахад зүгээр л нэг энгийн бор сум. Хэдхээн байшин, даруухан сум… Цөөхөн айлтай. Аягүй бор сум. Сутай уулын тахилгад тэгж очсон. Тэр уулын хормойд очиход үнэхээр хүчтэй сэтгэгдэл төрдөг юм билээ. Говь, хээр, хангай, цөл гээд бүгд хоршчихсон. Модтой, устай, өвөрмөц тогтоцтой. Сумын түүхийг нь үзэхээр дал наян эрдэмтэн төрчихсөн байх жишээтэй. Нэг сумаас шүү дээ. Дөчөөд ардын, гавьяат цолтой хүмүүс гарч. Генерал бас байх юм. Монголд цуутай хөгжмийн зохиолч, эмч, физикчид, хуульчид төрчихсөн. Сонин байгаа биз. Тэр суманд арван жил төгсөөд, их сургуулийн химийн ангид элсч суралцаад, дараа нь Германд нээлт хийсэн хүн байна. Нэг эмэгтэй. Нанотехнологиор. Ерөнхийлөгчөөс шагнал гардсан шүү дээ. Та санаж байгаа байх. Тэр бор сумаас л төрж шүү дээ. Би буцах замдаа бодож байсан. Гайхаад олоогүй. Аягүй бор сум байгаа байхгүй юу. Өмнө нь ээж аавынхаа яриагаар л мэднэ. Үлгэр домог шиг л ярьдаг байсан. Үнэхээр сайхан нутаг байна лээ. Тэгж ярихаас ч өөр аргагүй газар юм. Би онгирч байгаа юм биш шүү. Тэгээд өөрийнхөө намтрыг харлаа. За, хотод арван жил төгсчээ. 11 хүүхэдтэй айлын том нь. Дунд сургуульд байхдаа дунд авбал авчихдаг, сайн авбал авчихдаг, онц авбал авчихдаг ийм л байж. Тавдугаар ангид аав маань нэг эцэг эхийн хурлаас тарж яваад хэлсэн. Миний хүү олон дүүтэй боллоо. Сайн сурахгүй бол дүү нар чинь дуурайгаад сурлага нь базаахгүй хүүхдүүд болчихвол яах юм бэ гэж. (инээв) Ганц тийм өгүүлбэр сонсоод л өөр болсон.
-10 дүүтэй хүнд аавынх нь хэлэх л үг байж дээ?
-Тийм. Тав нь эрэгтэй, тав нь эмэгтэй. Гэр бүлээрээ бараг нэг байгууллага болдог л доо. Эмч, багш, барилгачин, гагнуурчин, засалчин гээд янз бүрийн мэргэжилтэй. Дараа нь ОХУ-д очиж, Барилгын инженер-эдийн засагч мэргэжлээр суралцсан.
-Аль хотод вэ?
-Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль. Монголын сангийн 11 сайдыг төрүүлжээ. Төв банкны таван ерөнхийлөгчийг юм уу даа. Бүгд л тэр сургуулиас төрж. Сонин байгаа биз. Тэгээд л төлөвлөгөөний комисст ирсэн.
-Жасрай гуайн удирдлаганд ирсэн гэсэн үг үү?
-Д.Содном гуайн.
-Улсын Төлөвлөгөөний Комисс гэж сампин шиг байгууллага байсан юм шиг байгаа юм. Чанд хатуу, өндөр диктатурт ажиллаж хэвшсэн нөхдүүд ихэвчлэн тэр газраас угшилтай байх юм?
-Магадгүй. За, тэгээд ажлынхаа хажуугаар 1990-1993 онд Гадаад хэлний “Цог” дээд сургуулийг төгссөн. Англи хэлний орчуулагч мэргэжлээр. Дараа нь ажлаасаа чөлөө аваад АНУ-ын Иллинойсын их сургуульд сурлаа. Мөнгөний онолын сэдвээр эдийн засгийн ухааны мастер хийсэн. Ирээд УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажилласан. Тэгээд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд татварын онолын чиглэлээр доктор хамгаалсан байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын онол гэсэн сэдэв байгаа. Завтай бол сүүлд МУИС-ийн номын сангаас авч үзээрэй. Хэдэн матгир тоо л байгаа байх. Тэгээд л төрийн алба. 25 жил ажилласан байна. Би хувийн хэвшил рүү орж чадахгүй гэж найз нөхөддөө хэлдэг юм. Ажиллаж үзээгүй болохоор тэнд би юу ч хийж чадахгүй.
-О.Чулуунбат бол их нээлттэй хүн. Үйл ажиллагаа нь хил хязгааргүй. Янз бүрийн бүлэглэлүүдтэй орж гарч, яаж л бол яаж хөрвөж ажилладаг. Их эрх чөлөөлөг. Та болохоор ганцаардмал, гунигтай, ууртай, хатуу, бас найз нөхөдгүй харагддаг. Таныг түүнтэй их жиших юм?
-Мэдэхгүй. Ер нь тэгээд байгаагаараа л байцгааж байгаа хүмүүс байх. Хүн болгон өөр өөр шүү дээ.
-Та архи уудаг уу?
-Үгүй.
-Хааяа ч гэсэн 100 гр татахгүй юу?
-Үгүй.
-Яагаад?
-Дургүй.
-Ан авд явж байна, биллиард энэ тэр тоглож байна гэж бас огт дуулж байгаагүй?
-Үгүй. Уг нь сайхан л юм шиг байгаа юм. Нэг мэдэхэд л зав байхгүй. Битгий гайхаарай. Би сүүлийн 12-13 жил ээлжийн амралт аваагүй. Хийж гавьсан зүйл алга. Гэхдээ л ээлжийн амралт аваагүй.
-Наадах чинь ёстой уйтгартай баримт байна. Та ямар гунигтай амьдралтай юм бэ?
-Үнэн л энэ. Би долоо хоног амарч байна гээд явж байснаа санадаггүй байхгүй юу. 1996 онд Үндэсний хөгжлийн газраас АНУ-д сургуульд явахад ээлжийн амралт биеэр эдлээгүйнх гээд хэдэн төгрөг өгч байсныг санадаг юм. Тэгээд сурч байх үед юун амрах. Ирээд ажилласан, одоо ч ажиллаж л байна. Миний амьдралын орчин ердөө л энэ. Нэг мэдэхэд зун дуусчихсан л байдаг. Намар болж, өвөл болж, бас нэг мэдэхэд хавар ирчихсэн л байдаг.