Норвегийн баялгийн сан нь дэлхийн хамгийн том суверен сан (суверен сан нь улс орон өөрийн байгалийн баялаг, илүүдэл төсөв, эсвэл гадаад валютын нөөцийг ашиглан байгуулдаг улсын хөрөнгө оруулалтын сан юм. Энэхүү сан нь улсын ирээдүйн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалт хийх, төсвийн алдагдлыг нөхөх зэрэг зорилготой байдаг). Газрын тос, байгалийн хийн орлогоос бүрддэг энэ сан газрын тосны баялгаас олсон ашгийг ирээдүйд тогтвортой байдлаар ашиглах, эдийн засгийн тогтворжилтыг хангах зорилготой.
Норвеги улс баялгийн сангаа зөв удирдаж, газрын тосны орлогоос хамааралтай бус, урт хугацааны тогтвортой санхүүгийн систем бий болгож чадсан цөөн орны нэг. Тиймдээ ч бусад баялаг ихтэй улсуудын даган суралцах загвар болсоор байгаа юм. Тус сангийн албан ёсны нэр нь Government Pension Fund Global (GPFG). 1990 онд үүсгэн байгуулсан тус сан өдгөө 1.5 их наяд ам.долларын (2024 оны байдлаар) хөрөнгөтэй болоод байна. Норвегийн Төв банкны хөрөнгө оруулалтын салбар (Norges Bank Investment Management, NBIM) менежментийг нь хийж сангийн хөрөнгийг арвижуулдаг байна. Өнөөдөр Норвеги улс нь дэлхийн хамгийн өндөр орлоготой, тогтвортой эдийн засагтай орнуудын нэг юм. Тухайлбал, ДНБ (GDP, 2024 оны байдлаар) ~$580 тэрбум ам.доллар бол Нэг хүнд ногдох ДНБ ~$100,000 давж дэлхийд дээгүүрт ордог. Тус улсын ажилгүйдлийн түвшин маш бага ~3-4 хувьтай байна. Инфляцийн түвшин 3-5% буюу сүүлийн жилүүдэд тогтвортой байгаа юм. Тиймдээ ч Норвеги улс амьдралын чанар өндөртэй улсуудын нэг бөгөөд НҮБ-ын Хүний хөгжлийн индекс (HDI)-ээр тогтмол 1-3-р байранд ордог. Учир нь иргэдийнх нь сарын дундаж цалин 5,000-6,000 ам.долларт хүрсэн. Ядуурлын түвшин бараг л байхгүйтэй адил (1%). Амьдралын чанар өндөр байдгийн бас нэг шалтгаан нь бүх шатны боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, өндөр тэтгэвэр, ажилгүйдлийн тэтгэмж сайн байдагтай холбоотой. Жирэмсний амралт л гэхэд 49 долоо хоногийн 100% цалинтай байдаг аж. Хувийн эмнэлгүүд цөөн, ихэнх эмнэлэг нь төрийн өмчит. Нярай эндэгдэл хамгийн бага түвшинд байдаг улс (~2/1000). Хотууд ногоон технологи, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашигладаг. Ямар сайндаа л Tesla хамгийн их борлогддог байхав. Эрчим хүчний хувьд 98% нь усан цахилгаан станцаас гардаг. Бараг бүх эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэдэг. Өдгөө салхин болон нарны эрчим хүчний төслүүд эрчимтэй хөгжиж байна. Ийм улсад дундаж наслалт нь 83-85 нас байхаас ч яах билээ. Гэх мэт Норвеги улсын талаар тоочоод байвал их зүйл бий.
Тэгвэл Норвегийн хөгжлийн гол нууц юу вэ? Нэгдүгээрт, баялгийн сан үүсгэж Газрын тосны орлогоо зөв ашигласны үр дүн. Хоёрдугаарт, улс төрийн тогтвортой байдал буюу авлига багатай, ил тод засаглалтай. Улстөрчид нь иргэдийнхээ өндөр боловсрол, эрүүл амьдралд анхаарч боловсрол, эрүүл мэндийг тэргүүнд тавьдаг байна. Гуравдугаарт, дижитал хөгжил, аж үйлдвэрийн шинэчлэлд анхаарал хандуулж технологи, инновацид маш их хөрөнгө оруулсан байдаг.
Эдийн засгийн гол салбарууд нь газрын тос, байгалийн хий буюу экспортын орлогынх нь 40% орчим хувийг эзэлдэг. Хөлөг онгоц үйлдвэрлэл, хөнгөн цагаан, усан цахилгаан станц гээд аж үйлдвэр өндөр хөгжсөн. Тэд загас агнуур, далайн бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай. Аялал жуулчлал ч өндөр хөгжсөн улс.
Сангийн хөрөнгө Норвегийн дотоодын эдийн засагт биш, олон улсын зах зээлд байршдаг гэхэд болно. Ингэхдээ тэд сангийнхаа хөрөнгийг үндсэн гурван төрлөөр зарцуулдаг. Сангийн хөрөнгийн 70% нь олон улсын хувьцаа авахад зарцуулагддаг. Тухайлбал Apple, Microsoft, Amazon, Tesla гэх мэт дэлхийн томоохон компаниудад хөрөнгө оруулалт хийдэг гэсэн үг. Хоёрдугаарт, 25%-ийг нь үл хөдлөх хөрөнгө, үнэт цаасны зах зээлд оруулдаг. Лондон, Парис, Нью-Йорк зэрэг хотууд дахь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оруулдаг гэсэн үг. Сангийн мөнгөнөөсөө улсынхаа эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор улсын төсөвт жил бүр тодорхой хувиар шилжүүлдэг (одоогоор 3%-ийн дүрэм үйлчилдэг).
Үлдсэн хэсгээр нь улсынхаа дэд бүтэц тогтвортой, өгөөжтэй төсөлд хөрөнгө оруулалт хийхэд зориулагддаг байна. Үүнд нь Сэргээгдэх эрчим хүч, төмөр зам, боомт зэрэг урт хугацааны хөрөнгө оруулалтууд ордог байна. Тэдний энэ жишиг сангийн ажлыг өнөөдөр дэлхийн олон улс хэрэгжүүлэхээр зорьж байна. Монгол Улс ч ялгаагүй “ЧИНГИС ХААН” Үндэсний баялгийн сангаа өгөөжтэй, ирээдүйтэй болгохоор зорж байгаа юм.
Норвегчуудын хувьд газрын тосны олборлолтоос олсон орлогоо богино хугацаанд ашиглагдахаас сэргийлж, ирээдүйд үр өгөөжөө өгөх сан байгуулах шаардлагатай гэж үзсэн нь ирээдүй үедээ баялгаа хадгалах гэсэн чухал санаа юм.
Газрын тосны экспортын орлого ихтэй улсуудад "Голланд өвчин" (Dutch disease) буюу инфляци хэт өсөх, дотоод үйлдвэрлэл сулрах эрсдэл гардаг. Харин Норвеги улс Баялгийн сангийн зөв менежмент бодлогоор энэ эрсдлээс зайлсхийж чаддаг юм.
Норвегийн баялгийн сан байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг хүндэтгэдэг компаниудад хөрөнгө оруулдаг. Нэг ёсондоо ёс зүйн зарчимтай гэж болно. Тухайлбал, тамхи, зэвсэг, байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийдэггүй байна.
Иргэд ямар компаниудад хөрөнгө оруулалт хийж буйг хянах боломжтой. Нэг ёсондоо манайхаар бол “шилэн данс”-тай гэсэн үг. Норвегийн баялгийн сангийн бас нэгэн чухал давуу тал нь улс төрөөс хараат бус байдалтай. Засгийн газар сангийн үйл ажиллагаанд шууд оролцдоггүй байна. Монгол Улс Үндэсний Баялгийн сангаа зөв удирдаж стратегийн 55 ордоо бүрэн дүүрэн ашиглаж гэмээ нь энэ мэт хөгжил ойрхон байна даа.