Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин С.Буянбатын гэр бүлд тохиолдсон явдал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүүлийн хэд хоногийн турш цацагдаж байна.

Эцэг эх нь малдаа явахдаа хоёр бяцхан охиноо гэрт нь түгжээд явчихдаг байжээ. Харин гал гарч гэр шатсан өдөр азаар гаднаас нь түгжилгүй явцгаасан гэнэ. Энэ бол монголчуудын ахуйд эртнээс байж л байсан, одоо ч байж  байгаа хачирхалтай зуршил юм. Халаач, хатуу харгис явдал шүү дээ гэж мянгантаа учирлаад арилж өгдөггүй энэ зуршилтай хүүхдийн төлөө байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд сайн „тулж ажиллах” хэрэгтэй байна. Урьд нь гаднаас нь уяад орхидог байсан бол одоо технологжиж цоож зүүдэг болсон нь энэ. Цоожлоод зогсохгүй хүүхдээ орны хөлнөөс уяж үлдээдэг заншил бас нэн түгээмэл билээ. Хэрэв Сараа охин дүүгийнхээ хамт уяатай байсан бол юу болох байсан нь тодорхой шүү дээ. Саяхан Буянт-ухаа орчимд бас гэртээ цоожлогдоод үлдсэн гурвын гурван нялх амьтан шатчихсан. Энэ бол дэндүү аймшигтай явдал. Харин Буянбатын гэр бүлд аз дайрчээ. Хоёрхон настай Б.Саранчимэг охин 10 сартай дүүгээ шатаж байгаа гэрээс чирж гаргаад саравчны нөмөрт аваачаад зогсохгүй алгын чинээ цамцаа дүүдээ нөмөргөчихөөд айсан болжмор шиг хоёр өрөвдмөөр амьтан сууж байсан тухай энэ мэдээ монголчуудын нүдийг чийгтүүлж, самсааг нь шархируулж байна. Хоёр нас бол нэгийгээ үүрч, дүүрэх нь байтугай бараг хэлд гүйцэд ороогүй байдаг нас. Гэхдээ манай жирийн нэг малчин айлын охин чадсан байна. Ёстой хэдэд тохиолдох аз вэ...гэж хүмүүс толгой сэгсрэнэ.

Энэ тухай хөдөөгийн байгальтайгаа дэндүү ойрхон өсч торниж байгаа хүүхдүүдээс л ийм чадвар илэрдэг юм болов уу гэж гайхаш тасран бодож сууна. Амьдрал үнэхээр гайхамшгаар дүүрэн юм аа...гэж баярлан бахадмаар, бас асгаран уйлмаар ер бишийн сэтгэл хөдлөл хамаг биеийг эзэмдэнэ.

Хоёр настайдаа яаж байснаа би үл санана. Ухаж төнхөн бодож үзэхэд хамгийн эртний дурсамж маань дөрвөн наснаас эхэлжээ. Гэхдээ ой тойнд үлдсэн нь ганц хоёрхон байх. Ахиад л яаж...яаж... гэсэн гайхаш төрнө. Ингээд бодохоор ийм хүчирхэг гайхамшгийг бүтээж чадсан, улаахан хацартай, бас болоогүй ээ сэвлэгээ хоёр салаалаад тэрүүхэнд нь сүлжчихсэн бяцхан хатагтай Б.Саранчимэгээр яаж бахархахгүй байх юм бэ. Эцэг нь гэртээ шатаж байгаа эхнэр хүүхдээ ороод авчихаж чадахгүй тойрч гүйж байгаад л алдчихдаг хатуу харгис хорвоо шүү дээ. Гэтэл хоёрхон настай нялх амьтан юу гээчийн гайхамшгийг бүтээж чадав аа.  

Гал гарч эхлэхийг мэдэрч чадсан, бас тэр үйл явцыг аймшигтай зүйл гэдгийг ухаарч чадсан, хамгийн гол нь ганцаараа гараад гүйх биш мөлхөхөөс өөрийг чадахгүй өөдсөн чинээ дүүгээ уйлан хайлан чирч гаргасан энэ бүх үйлдлийг түүгээр чухам ямар далдын хүч хийлгэв. Энэ талаар хүмүүс олон талаас нь бодож, гайхширч байгаа байх. Мэдээж ид шид биш учраас шүү дээ. Миний бодлоор энэ бол хайрлах зөнгийн хүч юм. Тийм ээ, хайрын зөн.

Дөнгөж төрсөн нойтон тугалыг эх нь яаж хошуугаараа дэмнэн босгож, дэгэнцэж догонцон буй нялх амьтнаа яаж уйгагагүй долоож, хайрлан байж амлуулж байгааг нь хажуунаас нь харж өсдөг нь нөлөөлдөг ч юм уу, байгалийн ер бусын тансаг үзэгдлүүд дунд өвдгөө шалбалан гүйхдээ солонгыг  барьж авна гэж, зэрэглээг тэмтэрч үзнэ гэж эрхэлж жаргаж өсдөгөөсөө болдог ч юм уу хөдөөгийн хүүхдүүд хайрлах чадварт хар багаасаа суралцдаг. Тийм ч болохоор сэтгэл нь уяхан, бодол нь уужим, зориг нь хатуу төлөвшдөг байх. Ийм үед малчин монгол, нүүдэлчин монголын үр сад гэдгээрээ бахархахгүй байж чадахгүй нь.

Манай баатар Сараа охинд сайхан сэтгэлт монголчууд маань тусламжийн гараа сунгацгааж байна. Бид үнэхээр гоё байна шүү.  „Нийгмийн толь” сонин түүнд туслах аяныг санаачилж, нийгэмд гэрэл цацруулсан энэ сайхан улбааг эхлүүллээ. Манай сонинууд хүмүүнлэгийн энэ мэт үйлсийг санаачилж, зовсон, гай түйтгэр тохиосон нэгнээ хайрлах агаараар нийгмийг цалгиулах ажлыг цаашид улам ихээр хийж байгаасай. Өдөр тутмын сонины холбооны нэгэн гишүүн, бидний  анд „Нийгмийн толь”-д ахин баярлалаа. Мөн энэхүү санаачилгыг хүлээн авч сэтгэл харамгүй тусалсан „Хаан” банк, „Макс” групп, хувь хүмүүсээр бид бахархаж байна. Тэдний сайхан сэтгэлийн үрээр одоо Сараа маань шинэхэн гэртээ эцэг эх, хөөрхөн дүүгийнхээ хамт энх тунх, элэг бүтэн амьдрана. Үүнээс өөр сайхан юм гэж юу байх билээ.

Хоёр настай охиныхоо ачаар гэр бүлээ элэг бүтэн авч үлдэж чадсан С.Буянбат ёстой нөгөө моодонд орсон хэллэгээр бол жинхэнэ  „азтай монгол” боллоо. Түүний сэтгэл одоо ямар байгаа бол. Эцэг хүн, эх хүн хоёрт үр хүүхэд нь амь нь, амьдрал нь байдаг шүү дээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав