“Ярилцъя” булангийн маань зочноор Багануур дүүргийн Засаг дарга ДО.ЭРДЭНЭБАТ уригдлаа.

 -Багануурын Засаг дарга УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байна гэх энэ мэдээ өрсөлдөгчдөөсөө нэг зүйлээр шууд ялгарч сонсогдлоо. Өөрөөр хэлбэл дээрээс бууж ирж олон түмэнтэйгээ уулзаж байгаа кадр биш гэдгээрээ та тэднээс эрс ялгарч байна ?
-Магадгүй, тийм байх. Гэхдээ би энэ талаар нэг их бодож үзээгүй байгаа юм байна.

-Том өрсөлдөөнд орох гэж байна. Сэтгэл зүйн хувьд өөрийгөө хэр бэлтгэсэн гэж бодож байна?
-Багануур дүүрэг гээд аваад үзэх юм бол гаднаасаа нийслэл Улаанбаатар хотын нэг хэсэг. Багануурыг өөрийг нь салгаад аваад үзэх юм бол 25 мянган хүн амтай, үйлдвэр дагасан жижигхэн хот. Би энэ хотын нийгэм, улс төрийн тогоонд үндсэндээ 12 жил чанагдаж байгаа хүн гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл 1996 оноос хойш Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр гурван удаа сонгогдон ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн хуралд ч ард иргэдээ төлөөлөн сонгогдож байсан. Энэ утгаараа өөрийгөө  Багануур дүүргийн өнгөрсөн түүх, одоо үе, ирээдүй цаг энэ гурвалтай амьдралаараа холбогдсон хүн гэж ойлгодог. Иргэдийн ажил амьдралын халуун цөм дотор, энэ нийгмийн болж байгаа, болохгүй доголдож байгаа бүх асуудлуудын дунд орж, хүмүүсийн дотор ажиллаж амьдарч яваа хүний хувьд өөрийгөө бодлого боловсруулагчийн төвшинд хангалттай бэлтгэгдсэн гэж бодож байна. Явж ирсэн амьдралын зам, төрийн ажлын дадлага туршлага, нас, эзэмшсэн боловсрол аль аль талаасаа цэгнэж үзээд гаргасан шийдвэр юм. 

-Багануурыг хэн бүрдүүлдэг талаар сонирхож байна. Тал талаас ирсэн нүүдэлчид үү. Багануурын уугуул иргэд гэж өнөөдөр хэдэн нас хүрч байна вэ?
-Багануур өнөөдөр 30 хүрч байна. 30 жил гэдэг бол хүний амьдралын нэг жарны тэн хагас. Багануурт анх намайг очиж байхад уугуул гэж ойлголт байгаагүй. Багануур интернационал хот шүү дээ. Анх оросуудтай хамтарч, үндсэндээ ах нарын хүчээр байгуулж байсан. Багануур бол Монгол Улсын гал голомт болсон хот. Монголын бүх аймгуудаас залуус ирж суурьшиж байсан. Харин унаган хүүхдүүд нь өнөөдөр 30 нас хүрч байна. Тэд бол уугуул. Багануур бол монголын түлш эрчим хүчний гол цөм хот. Өөрөөр хэлбэл эрчим хүчний гал голомт гэгдэж байсан сайхан цаг үе бий. Аливаа нэгэн хот өөрийн үүсэл хөгжил, үүх түүх бүх асуудлаа өөрөө тээж явдаг. Тэрийгээ цааш нь яаж авч явах вэ гэдэг нь тухайн орон нутгийн удирдлага, бодлогыг хэрэгжүүлж байгаа тэр хүрээний улстөрчдийн сэтгэлгээ, тэр нь төрийн төвшинд хэр хүрч байна гэдгээс шалтгаалж амьдардаг юм шиг байгаа юм. Багануур бол өнөөдөр үйлдвэр дагасан хот яах аргагүй мөн. Өнөөдөр Багануурчууд өөрт заяасан тэр баялаг дээрээ тулгуурлаж амьдардаг.

-Баялгийнх нь нөөц харин хэдий хэрийн хэмжээтэй юм бол?
-Багануурын уурхай бол 600 сая тонн илэрсэн нүүрсний нөөцтэй. Манай Багануурын урд хөндий тэр чигээрээ ерөөсөө л нүүрсний бассейн шүү дээ. Шивээ-овоогийн судалтай залгаа гэж хэлж болно. Энэ мэт нөөц баялгаар нь аваад үзвэл Багануур асар их ирээдүйтэй хот. Яахав, Багануур ХХК өнөөдрийн зах зээлийн нийгмийн үед хуучин механизмаараа ажиллаад туйлдаж байгаа нь үнэн. Алдагдалтай, борлуулалтын хэмжээ нь багасчихсан ингээд явж байгаа ч гэсэн би ганцхан юманд итгэдэг. Багануур цаашдаа Монгол Улсын дотоодын эрчим хүчийг хангах гол цөм хот болж явна. Ирээдүй нь энэ юм. Тийм учраас би Багануурыг хэзээ ч бага газар гэж боддоггүй.

-Багануурын нүүрс, Налайхын нүүрс хоёрын аль нь энэ зах зээл дэх брэнд юм бэ?
-Ер нь анх үүссэн түүхээсээ Налайх, Шарын гол, Багануур гурав өрсөлдөж байсан. Гэхдээ чулуун нүүрс, хүрэн нүүрс гэж хоёр өөр ангиллын нүүрс л дээ. Нэг үе Налайхын нүүрс брэнд байсан. Учир нь чулуун нүүрс зууханд шатахдаа илч сайтай байдаг гэж манай хэрэглэгчид үздэг байсан. Гэхдээ өнөөдөр нүүрснээс бид юуг, ямар түүхий эдийг авах боломж байна гэдэг рүү анхаарлаа хандуулах цаг болсон. Тэр нүүрсийг боловсруулж, хийн түлш, шатахуун үйлдвэрлэж байж бид жинхэнэ брэнд болно. Өнөөдөр би Багануурын хөгжлийг яг эндээс харж байгаа.

-Багануур-нүүрс хувьцаат компани гэж явж байгаа юу?
-Багануур ХК.

-Төрийн мэдэлд байна уу?
-Төрийн мэдэлд 75 хувь нь байна. 25 хувь нь хувьд явж байгаа шүү дээ. Би ганцхан юм хэлдэг. Өнөөдөр бид Монгол Улсын хөгжлийг авч үзэхдээ дандаа баялаг руугаа юм яриад байгаа. Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт … энэ хэд байхад л бүх юм ок гээд л. Тийм юм байхгүй шүү дээ. Монгол Улсын концепци байх ёстой. Бодлого байх ёстой. Хаана, ямар уурхайг яаж ашиглах вэ. Ямар хэмжээний өртгөөр бид энэ хөтөлбөрүүдийн ард гарах юм. Маш нарийн төрийн бодлого боловсруулж, тэрийгээ түшиж үйл ажиллагаануудыг явуулах ёстой. Ирээдүйд Багануур дотоодын эрчим хүчийг хангах, нүүрс боловсруулах ийм том үйлдвэрлэл явагдах түшиц газар байна.

-Эрдэнэбат даргын Баганууртай холбогдсон хувь заяа хэзээ яаж эхлэв ээ?   
-Би уг нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн хүн л дээ. Тэндээ 10 жил төгссөн.

-Анхнаасаа л суурин газрын хүүхэд байж?
-Тийм шүү. Зүүнхараа үнэхээр суурин газар. 10 дугаар ангиа төгсөөд ОХУ-руу сургуульд явсан. Тэр үед чинь яамны томилолт гэдэг юман дээр явдаг байлаа шүү дээ.

-Онц сурлагатан гэсэн үг биз дээ?
-Онц биш ээ. Нэг хичээл дээр сайнтай төгссөн. (Инээв)

-Ямар хичээл ?
-Одоо 10 төгссөн гэрчилгээгээ үзэхээр сонин харагддаг юм. Нэн шинэ үеийн түүх гэдэг хичээл дээр сайн, бусад нь бүгд онц. Байгаа юм байгаагаараа. Би хүүхэд байхдаа ч залруулж болох байсан энэ баримтад харамсч байгаагүй. Ингээд 10 дугаар ангиа төгссөн. Нэлээн сайн суралцаж төгссөн болохоор гадаадын хуваарь авсан. Тэгээд тэр үеийн Эрчим хүчний яамны томилолтоор Орос оронд зургаан жил сурсан. Авто инженер, механикийн мэргэжлээр. Төгсөөд эргээд нөгөө яаман дээрээ ирнэ биз дээ. Дипломоо өвөртлөөд. Ирэнгүүт л наадмын маргаашаас Багануурын уурхайд очиж ажилла гэсэн тушаал гаргасан. 

-Инженерээр үү?
-Инженерээр. Миний диплом хамгаалсан сэдэв маань уул уурхайн авто техникийн паркийн зохион байгуулалт гэсэн сэдэв байсан л даа. Ингээд би гэдэг хүн уул уурхайтай холбогдсон түүхтэй.

-Гадаадад төгсч ирсэн шижигнэсэн залуу инженер шууд л цехийн дарга болж байсан биз дээ?
-Үнэнийг хэлэхэд би Багануурыг хаана байдгийг мэддэггүй хүн очиж байлаа шүү дээ. Томилолтоо аваад наадмын дараа явах боллоо. Борнуурын автобусанд Багануур гэж ойлгоод андуураад суугаад явж байсан хөгжилтэй түүх бий. Ганцхан шар чемодантай залуу Багануурт очиж байлаа даа. Тэр үеийн боловсон хүчний бодлого маш чанга байсан.

-Ганцаархнаа очиж байсан юм уу?
-Ганцаархнаа. Таньдаг хүн байхгүй. Очих айл байхгүй.

-Эхнэр хүүхэдгүй байсан юм уу?
-Эхнэр маань оюутан байсан. Тэр үед захирлын зөвлөлийн хурал гэж болдог байсан юм. Тэрүүгээр нь орсон. Манайд юу л байна инженерүүд байна гэж байна. Үнэхээр тэр үед инженер олон байсан. Тэгээд намайг засварчнаар ажиллуулах шийдвэр гарч байсан юм.

-Инженерийн диплом өвөртлөөд ирсэн хүнийг засварчин болгож байна гэдэг “доош нь хийсэн” гэсэн үг үү. Та эмзэглэв үү?
-Тухайн үед би ерөөсөө намайг доош нь хийж байна гэж хүлээж аваагүй. Хийх ёстой ажлаа хийж байна л гэж бодож байсан. Дарга нар их сайн ойлгуулсан байсан л даа. За, Эрдэнэбат аа чи энэ ажлыг хийж өөрийгөө таниулна шүү гэж. Би засварчны ажлыг аваад хийсэн. Гэхдээ намайг инженер гэж харж үзээд том машины биш үйлдвэрийн жижиг машины доогуур оруулдаг байсан. Дөрвөн сар засварчин хийгээд тав дахь сараас нь бичиг данс хөтөлдөг, тооцоо хийдэг туслах маягийн ажилтан болоод, тэгээд зургаан сар болоход засварын механик болсон доо. Би ингэж шат шатанд ажиллаж хөдөлмөрийн хүмүүжил олдог, хамт олон дунд өөрийгөө авч явж суралцдаг, шинэ хүмүүсийг төлөвшүүлдэг бодлогыг их зөв гэж боддог. Одоо тэр бодлого байхгүй болсноос болж олон юм замарч байна.

-Анхны цалин гэж хэдэн төгрөг авч байсан бэ?
-Багануурын уурхайд очоод би хамгийн анх слесарын цалин гээд 250 төгрөг авч байсан байхгүй юу. Тэр үедээ их мөнгө шүү дээ.

-Тэгж очоод л Багануураас яваагүй юм уу?
-Яваагүй. Би 1983 онд анх томилогдоод очиж байсан. Одоо 25 жил болж байна. Нэг шар чемодан чирсэн ганц бие залуу ирж байснаас хойш олон жил өнгөрчээ. Би хувь заяагаа Баганууртай холбосондоо хэзээ ч харамсч байгаагүй.

-Хүний амьдралын хамгийн гэгээн тунгалаг үе бол хүүхэд нас. Таны энэ үе Зүүнхараа гэдэг суурин газар өнгөрчээ. Ингэхэд надад ямар гэр бүлд өсч хүмүүжсэн талаараа ярьж өгөхгүй юм уу?
-Би сэхээтэн айлын гэр бүлд төрж, өссөн. Аав маань багш, ээж маань бага эмч хүн. Аав маань тооны багш Дондгоо гэж хүн байсан. Уг нь Дондогдорж гэдэг боловч хүмүүс түүнийг Дондгоо багш л гэж авгайлдаг. Ээжийг маань Буянхишиг гэдэг. Төмөр замын эмнэлэгт бага эмч байсан.

-Эцэг эхээс олуулаа юу?
-Эцэг эхээс хоёулахнаа. Аав ээжтэйгээ нийлээд дөрвүүлээ. Дүү охин маань надаас хоёр дүү. Хэдийгээр манайхан их цомхон ч бүтцийг нь аваад үзвэл дандаа хүүхнүүд голцуу ийм гэр бүл байгаа юм.

-Багануурт амьдрах боллоо. Та таних хүнгүй гэж байсан. Орон байрны асуудлаа яаж шийдэж байв даа?
-Очоод ажилчдын дотуур байранд амьдарсан. Дараа нь механик болоход надад нэг өрөө байр өгсөн. Өөрийн гэсэн орон гэртэй болж их баярлаж байсан.

-Тэр үед танай хотод гэр хороолол гэж байдаггүй байсан биз дээ?
-Гэр хороолол гэж байсан юм. Гэхдээ алс зайдуу. Шинэ хот дөнгөж баригдаж эхэлж байсан үе шүү дээ. Хотын гуравны нэг нь баригдаж байхад би очиж байсан. Одоо бол манай хот томорсон.

-Өөрийн гэр бүлийг, Эрдэнэбатынх гэдэг айлыг хэдийд байгуулав даа?
-Эхнэртэйгээ би оюутан байхдаа танилцаж байсан юм. Анх 1979 онд танилцсан. 28 жил хамт амьдарлаа. Манайх хоёр охинтой.

-Та хоёр Эрхүүгийн оюутнууд гэл үү?
-Эрхүүгийнх. Би Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг төгссөн хүн шүү дээ.

-Эхнэр тань хаанахын хүн бэ?
-Улаанбаатарынх. Дөчин мянгатын охинтой анх танилцаж байсан юм Тэгээд намайг дагаад бүх насаараа Багануурт амьдарч байх шив дээ. Эхнэр маань 23 дугаар сургууль төгссөн. Тэгээд орост суралцахаар очоод бид танилцсан. Манайх одоо ам бүл дөрвүүлээ. Бас би зээтэй болсон.

-Өө, өвөө болчихсон юм уу?
-Тэгсээн. Өвөө болсон.

-Нялх зээгийн өвөө гэж огт харагдсангүй?
-Тэгсэн ч би өвөө. Амьдрал маань зөв голдирлоор л явж байна гэж би боддог юм. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүллээ. Эрдэм боловсролыг нь олголоо. Одоо үр ачаа хүлээж аваад явж байна.

-Сайхан хэрэг. Ингэхэд өвөө болоход ер нь ямар мэдрэмж төрж байх юм бэ. Эцэг болохоос ялгаатай мэдрэмж юм уу?
-Яг үнэндээ би эцэг болохдоо дэргэд нь байж чадаагүй. Охид маань хотод төрж байхад би гэдэг хүн өдөр шөнөгүй уурхайтай ноцолдож явлаа. Хүүхдүүдийг маань хөөрхий аав, ээж болон хотод байдаг манай хадмууд л өсгөж өгсөн л дөө. Үнэндээ залуу байхад их сонин шүү дээ. Салхи шиг амьдралаар амьдардаг. Дотроо орж ирж байгаа мэдрэмжээ тогтоож мэдрэх ч завдалгүй явсан юм шиг санагддаг. Өвөө болох харин өөр юм аа. Өчнөөн олон жилийн дараа нэг нялх амьтан хүрээд ирсэн. Одоо миний зээ хоёр ой хүрч байна. Өвөө болоод надад илүү тийм хайрын мэдрэмж төрөхийг би анзаарсан. Одоо бол би зээдээ болж өгвөл хүссэн болгоныг нь биелүүлчих гээд байх жишээтэй шүү. Би хүүхдүүдээ хэзээ ч тэгж эрхлүүлж байгаагүй.

-Энэ нөхөр миний үргэлжлэл шүү гэдэг талаасаа сэтгэлийн утсыг доргиох юм уу, эсвэл үүнээс өөр үү?
-Нэг талаасаа манай гэр бүлд миний үр удмыг дахиад нэг жаран цааш нь чирч явах гээд нэгэн шинэ хүн ирж байна. Энэ бол үгээр өгүүлшгүй сайхан зүйл. Үүнээс илүү надад төрдөг сэтгэгдэл нь энэ нөхөр миний хүүхдээс төрсөн амины хайртай жинхэнэ зээ гэдэг ойлголт байдаг. Хүн нэг огшдог шүү дээ. Хүн өөрийн үр хүүхдийг бол болохгүй байвал нэг шавхуурдаад авдаг даа. Тэр нөхөрт бол хүрч чадахгүй. Бөмбөрөөд л байх юм. Их сонин. Би аав ээжийгээ гайхдаг байсан. Ач нартайгаа яасан их зууралдана гээч. Аав ээж нь байна. Яагаад ингээд салж өгдөггүй юм бол гэж гайхдаг байсан. Одоо өөрөө өвөө болоод ойлгож байна.

-Хүн өөртөө чи эцэг шиг эцэг байж чадсан уу гэх асуултыг хэзээ нэгэн цагт тавьдаг юм шиг байгаа юм. Охидтой аавууд надад зөөлөн, романтик, уяхан байдаг юм шиг санагддаг. Та үр хүүхдийнхээ өмнө ямар эцэг вэ?
-Хэзээ ч хэн ч асуусан би өөрийгөө сайн эцэг гэж хэлнэ. Надад миний хүүхдүүд толгой өөд татахгүй ном уншсан, өндөр боловсролтой энэ тэр байна уу огт хамаагүй. Би тэрийг ерөөсөө нэгдүгээр хэмжүүр гэж үздэггүй. Миний хүүхдүүд хэр зэрэг хүнлэг хүн байна вэ гэдэг л надад чухал.

-Их ховор үг байна. Одооны эцэг эх ямар ч хамаагүй аргаар үр хүүхдээ дэлхийн жишигт дүйцсэн боловсролтой хүн болгоно, болж өгвөл гадаадад сургана л гэж ярьдаг болсон? 
-Би хүүхдүүддээ зүгээр хүн шиг л амьдар гэж хэлдэг. Хүн хорвоо дээр нэг л амьдардаг. Нэг л амьдрахдаа хүн хүндээ хүндлэгдэж, хүний хорвоогийн нэг эд эс болж, хүмүүсийн дунд найзтай нөхөртэй явж туулах нь чухал болохоос мөнгөтэй байна уу, эд хөрөнгөтэй байна уу ерөөсөө чухал асуудал биш. Хүн эхлээд хүн л болох ёстой.

-Хөрөнгөтэй хүмүүс хүүхдүүдээ бэлэнчлүүлсээр байгаад яс чанарын хувьд нялцгай, тэгсэн атлаа баахан давилуун л хүн болгож тавиад байх шиг харагддаг юм. Та хүүхдүүдээ хэр их эрхлүүлдэг вэ?
-Яг чин сэтгэлээсээ хэлэхэд би охидоо нэг их тэгж эрхлүүлж үзээгүй. Бас охидынхоо араас зууралдаад хөөе, чи хаана юу хийгээд яваад байна энэ тэр гэж хөөцөлддөггүй. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө амьдралыг өөрөө олох ёстой. Хоёрдугаарт, би охидоо хэзээ ч мөнгөтэй явуулж байгаагүй.

-Яагаад?
-Өнөөдөр миний амьдрал болж байгаа нь үнэн. Зөвхөн ганц цалингаар амьдраагүй нь үнэн. Боломжийг худалдаж авах бололцоог бий болгож чадан уу гэвэл чадсан. Гэхдээ миний хүүхдүүд өнөөдөр зарим үед хоолны мөнгөгүй, зарим үед таксины мөнгөгүй тусламж хүсэх явдал гардаг. Гарна шүү дээ. Яагаад гэвэл энэ амьдрал. Би тэр үед яг тэр мөнгийг нь л өгдөг. Илүү нэг ч төгрөг өгдөггүй. Заримдаа боддог юм. Хүүхдэдээ дэндүү хатуу байсан юм биш байгаа гэж. Гэхдээ бэлэнчлэнэ гэдэг сайн зүйл биш шүү дээ.

-Бэлэнчлэлд дургүй гэх атлаа намууд мөнгөн хишиг хүртээх тухай дуу дуугаа авалцан амлацгааж байна. Танай нам ч мөн адил?
-Бэлэнчлэл гэхээсээ илүү нийгмийн давхарга маань ямархуу төвшинд байна вэ гэдгээс л шалтгаалсан амлалтууд. Би зүгээр ард иргэдийг муулах гээд байгаа юм биш шүү. Иргэд маань арай ядуу байх тусмаа, ядуу харагдах тусмаа ашигтай гэж хараад байгаа юм биш байгаа. Бэлэнчлэл гэдэг зүйл юун дээр цэцэглэн хөгждөг вэ. Ерөөсөө ядуу сэтгэлгээ, нимгэн боловсрол, амьдралын хөтүү дээр л үүсч байгаа зүйл шүү дээ. Гэхдээ би ядуу юм чинь гээд авах, гуйхаас ичиж нэрэлхэж мэдэхээ байж байгаа юм шиг заримдаа санагддаг. Энэ бол нийгмийг их буруу хүлж байгаа явдал. Би энэ нийгмийг ингэж удаан яваасай гэж үнэхээр бодохгүй байна. Нийгмийн энэ бэлэнчлэл, өрх гэрийн бэлэнчлэл хоёр бол тэс өөр зүйл ч гэлээ, магадгүй өрх гэрийн бэлэнчлэл хүмүүсийг буруу үр дүн рүү түлхдэг бол нийгмийн бэлэнчлэл өөрөө улс орныг буруу хөгжил рүү түлхэж байгаа байж болохыг үгүйсгэхгүй. 

-Улс төрд хөлс хүчээрээ баялаг бүтээж, түүнийхээ үр шимээр хөрөнгөжсөн, төрийн сан хөмрөг рүү гараа дүрээд байхааргүй хүчирхэг бие хүмүүс орж ирээсэй гэх хүсэл сонгогчдод байх шиг байна. Гэхдээ бас нийгмийн зарим хэсэг өмчтэй хүмүүст таагүй хандах гээд байдаг. Энэ талаар та юу бодож явдаг бол?
-Ер нь төрийн хүн гэж хэн юм бэ гэж. Төрийн хүн гэж энэ Монгол Улсын төлөө бодлого бодож, тэрийгээ хэрэгжүүлж чаддаг хүнийг л би хэлнэ. Төрийн хүн бодлого тээгч, бодлого боловсруулагч, бодлого хэрэгжүүлэгч болохоос мөнгөтэй, мөнгөгүй байх нь ерөөсөө хамаагүй. Энэ ард түмний амьдралыг зөв голдирол руу залж чаддаг, тэр бодлогынхоо ачаар ард түмэндээ хүндлэгдэж явдаг ийм хүнийг л төрийн хүн гэж үнэлэх ёстой.

-Манай сонгогчид шалдан бодлого хэрэгжүүлэгчийг голж, халааснаасаа мөнгө гаргаж ирээд багийн даргад мотоцикль аваад өгчих кадруудад татагдсаар ирлээ шүү дээ?
-Цаг хугацаагаа бас бод л доо. Бид ардчилсан нийгмийг байгуулах гэж хэдэн жил чадан ядан зүтгэж байна. Нийгмийн шилжилт хичнээн их эрсдэл дагуулав. Хүмүүс сонгуулиас сонгуулийн хооронд суралцаж, ухаажсаар л ирсэн. Энэ явц салхинд хөөгдсөн юм шиг цэвэрлэгдчихгүй шүү дээ. Улстөрчид нь өөрсдөө иргэдийнхээ сэтгэлд торох бодлогыг явуулах ёстой. Дээр нь манай эрх зүйн тогтолцооны гажуудал асар их гай болж байна. Өнөөдрийн сонгуулийн тухай хуулийг би яримаар байна. Энэ бол худалдах, худалдан авах тухай л хууль. Хуулийн логик нь тийм. Чи намайг сонго. Би чамд өгөе. Би чамд өгсөн бол, чи намайг сонго. Энэ өөрөө буруу тогтолцоо байхгүй юу даа. Зөв юм руу явъя гэвэл эдийн засгийн хөгжлийн механизмыг хөдөлгөх тэр эрх зүйн тогтолцоо руу орох ёстой. Баялгийг яаж бүтээх вэ, баялгийг яаж өсгөж үржүүлэх вэ гэдэг асуудал чухал болохоос баялгийг гаргаад идэж уухдаа биш шүү дээ. Бид маш хурдан энэ худалдагч, худалдан авагч системээс гараад порпоциональ сонгуулийн хэлбэр рүү орох юм бол энэ гажиг тогтолцоо алга болно. Тэгвэл иргэдийн боловсрол бас нэг өөр тийшээгээ явна. Намын төлөвшил дээр төрийн нуруу ирнэ. Улстөрчийн тухай асуудал гол биш болно. Мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу огт хамаагүй. Гэхдээ өнөөдөр манай сонгогчид гурван удаагийн сонгуульд оролцсон. Тэр хэмжээгээрээ туршлагажиж байгаа.

-Улс төр рүү хэрхэн яаж орсон талаараа ярихгүй юм уу?
-Би яг үнэнээ ярьчих уу.

-Бид шинэ залуу боловсон хүчнийг эхлээд эвлэл рүү, дараа нь МАХН руу хөтөлдөг нийгэмд амьдарч байсан шүү дээ?
-Тэгвэл ний нуугүй ярья. Надад их гоё түүх байдаг юм. Зарим хүн олзуурхаж ярьж бичдэг л юм. Гол нь би үүнийг хэзээ ч нуудаггүй. Би Багануурын уурхайд очоод нэг жилийн дараа хэсгийн дарга болсон юм. Тэр үед манай үүрийн дарга намайг дуудаад “За, Эрдэнэбат аа одоо чи намд элс” гэсэн. Би элсэхгүй гэсэн. Үгүй ээ, хэсгийн дарга хүн заавал намд элсэх ёстой. Яагаад гэвэл чи дарга гэж шахсан. Ингээд нэг өдөр таван хурлаар ороод би намын гишүүн болсон. Аягүй олон шатны хурал байсан шүү дээ. МАХН-ын гишүүн болоод би үүрийн дарга хүртэл хийж байсан. Гэхдээ би тэр үеийн Хувьсгалт намыг өнөөдрийн Хувьсгалт намаас шал өөр нам байсан гэж ойлгож явдаг. Тухайн цаг үеийнхээ хариуцлагыг авч явдаг нам байсан. Гишүүн болгоход нь надад хариуцлага хүлээлгэж байна л гэж хүлээж авдаг байсан шүү дээ. Өөр юм бодож байгаагүй.

-Нэг намын тогтолцоотой улс орны нэг намд бүгд л ямар нэгэн байдлаар хамаарч явсан шүү дээ. Энэ тэгээд юу нь тийм шүүмжилмээр түүх юм бэ. Өнөөдөр тэр саарал ордонд нөхдүүд нэг намаас нөгөө рүү нүүдлийн шувуу шиг л нисэцгээж байна шүү дээ?
-МАХН-ын онц их хурлын төлөөлөгч болж байлаа. Тэгэхэд би үүрийн дарга байсан. Тэгж байтал МАХН нагаржунайн үзэл гээд нэг хэсэг тунхаглаад явчихсан шүү дээ. Тэр үед намынхаа хорооны даргатай муудалцаад намын батлахаа буцааж өгөөд гараад алхсан. Эргэж буцаагүй. Ингээд 1991 оноос хойш би нам бус явсан. Ажлаа хийгээд л явсан. Энэ хүртэл туулж ирснээ би улс төр гэж боддоггүй. Жинхэнэ улс төр хэзээ эхэлсэн гэхээр 1996 оноос эхэлсэн. Сонирхолтой нь бие даагчаар эхэлсэн. Нам бус байсан намайг орон нутгийн иргэд иргэдийн хуралд дэвшээч гэдэг саналыг их тавьдаг байсан. Тэгээд мини парламентад нэр дэвшиж, ялалт байгуулж, иргэдийн төлөө зүтгэж явсан. НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Гав ганцаараа нэг бие даагч иргэдийн хуралд сууснаар миний улс төр эхэлсэн. Тэр үед би ганцаараа хэн ч биш юм байна гэдгийг зүрх сэтгэлдээ шингэтэл ойлгосон. Улс төр гэдэг юм ингээд өөрөө өдөөгөөд эхэлсэн. Тэгэхэд МҮАН гэдэг нам байгуулагдаад удаагүй байлаа. Би МҮАН-д гишүүнээр элсэх шийдвэр гаргасан. Хэнээр ч шахуулж, хэнээр ч тулгуулалгүй өөрөө сонголтоо хийсэн нь энэ. Энэ бол миний жинхэнэ улс төрийн утгаар хийсэн сонголт байсан.

-Та одоо эрх баригч намын нөлөө бүхий лидер Д.Идэвхтэнтэй, бас Хан-Уул дүүргийг олон жил толгойлсон хэл үгний бай, хэвлэлийн баатар Загджавтай өрсөлдөх гэж байна. Эдгээр нэр дэвшигчдээс юугаараа давуу вэ?
-Би ингэж ярихыг хүсэхгүй байна.

-Би бол таны эрх чөлөөний үзлийг, ардчиллын үзэл санааг тээгч гэдгээр бахархаж байна?
-Ний нуугүй хэлэхэд би хэн нэгнээс давуу гарах гэж, хэн нэгнээс давуу амьдрах гэж хэзээ ч бодож явсан хүн биш. Тийм учраас ялангуяа энэ нэр дэвшигчдээс өөрийгөө юугаараа давуу юм гэж дотроо нэгжихгүй.

-Яагаад. Та бөөрөнхий хүн юм биш биз дээ?
-Үгүй. Би байна шүү дээ, өөрийнхөөрөө л байх дуртай. Хүн дандаа өөрийнхөөрөө байх ёстой. Хэн нэгнийг дагах ёсгүй, хэн нэгнийг өөртэйгөө харьцуулах ёсгүй.

-Та тэгээд дандаа өөрийнхөөрөө амьдарч чадсан уу?
-Би өөрийнхөөрөө амьдарч ирсэн. Мэдээж амьдрал юм чинь заримдаа өөрийнхөөрөө байж чадахгүй үе гардаг. Энэ бол амьдралд байдаг зүйл. Гэхдээ хүн яг дотооддоо өөрийнхөөрөө л явах ёстой. Би өөрийнхөөрөө явна гэдэг нь хүмүүстэй үргэлж зөрөлдөж, сөрж явахыг хэлж байгаа юм биш шүү дээ. Миний өөрийн үзлийг хүмүүс хүлээж авч байна уу, үгүй юу гэдгийг би өөрөө мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Хэрэв хүлээж авч, дагаж, зөвшөөрч байвал миний үзэл зөв юм байнаа л гэж би бодож явдаг. Та надаас ямар нэгэн давуу шинж хэлүүлэх гээд байх шиг байна. Би нэг л юм хэлье. Миний зам ард түмний дундаас ирсэн зам гэдгээрээ би тэднээс ялгаатай байх. Өнөөдөр гэвч бүх хүнийг цоо шинээр харах тийм цаг үе ирчихсэн. Би энэ хоёр хүнээс илүү үүнийг цоо шинээр харж байгаа. Би илүү харж байгаа. Би хэзээ ч хэн нэгний өмнө популизм хийхгүй. Хэзээ ч хүнээс авлига авахгүй. Хэзээ ч зохион байгуулалтгүй ажил хийхгүй. Зорилго байгаа бол тэрнийхээ төлөө ягштал явна. Тэр зорилго дандаа араасаа ард түмний сэтгэлийг дагуулж явах ёстой. Сэтгэлийг дагуулж, хүлээн зөвшөөрөгдөж явах ёстой.  

-Авлига авахгүй гэдэг үг маш омог бардам сонсогдож байна. Та өөрийн гэх өмчөө хэрхэн яаж бий болгосон бэ. Шууд утгаараа ямар арга замаар?
-Надад овоож оцойсон их хөрөнгө байхгүй. Байгаа маань цэвэр өөрийн хөлс хүчээр, өөрийн бизнесээр бий болсон үр дүн гэж боддог. Би анх уурхайгаас араад “Ноён” компаниа байгуулаад л бизнесээ хөөгөөд явчихсан. Бусдын жишгээр улс орон дамжиж элдэв юм зөөсөн үү гэвэл зөөсөн. Наймаа хийсэн үү, хийсэн. Гэхдээ миний хийсэн наймаа өөрийнхөө мэддэг юман дээр дөрөөлсөн.

-Жишээлбэл?
-Жишээлбэл, би уул уурхайн сэлбэг оруулж ирж байсан. Тухайлбал, Герман яваад л хамгийн анхны супер маркетыг орон нутагт байгуулж байсан. Ингээд л ундаа, ус зөөгөөд амьдарч болж байсан. Энэ бол яг өөрийнхөө төлөө, өөрийнхөө бизнесээр яваад л бүтээсэн зүйлс. Олон жил зүтгэлээ. Надад төрийн асуудлыг хувьтай хутгаж юм уу, төрийг ашиглаж бизнесээ богосон түүх байхгүй. Би амьдралдаа гравхан газар ажилласан. Багануурын уурхай. Хоёрт нь би “Ноён” компанидаа ажилласан. Гуравт нь Багануурын Засаг дарга гэдэг албан тушаалыг хашиж байгаа энэ үе маань. Би улс орныхоо төлөө зүтгэж байна гэж боддог.

-Их тогтвортой намтар байна?
-Тэгж үзэж болох байх. Энэ гурван оройтой пирамид дотор миний бүх амьдрал, үзэл бодол багтдаг гэж би боддог. Миний амьдралд гурвын бэлгэдэл тоочоод байвал олон гарч ирдэг. Гурван шатны хуралд би нэр дэвшиж явсан байдаг. Тэрний УИХ-ынхаас бусдад нь ялалт байгуулж байсан. Амьдралдаа би гурван одон авч байсан. Нэг нь Алтан гадас одон, Эрх чөлөөний одон, нөгөө нь Олимпийн одон. Миний спорт волейбол шүү дээ. Та мэдэх байх. Тэрэнтэй холбоотой шагнал юм. Ингээд яривал цаашаа үргэлжилнэ дээ. (инээв)

-“Ноён” гэдэг нэр шууд л амбиц санагдуулсан нэр. Компаниа яагаад ингэж нэрлэсэн юм бэ?
-Манай Зүүнхараагийн урд нэг модтой хөх уул байдаг юм. Ноён уул гэж нэртэй. Манай Хараа голын урдуур хөндөлсөж тогтсон хамгийн сайхан уул. Маш их түүхийг өгүүлдэг уул. Хүннү нар энэ Ноён ууланд амьдарч байсан байхгүй юу даа. Асар их баялагтай уул. Хүннүгийн үеийн түүхтэй уул. Тийм учраас би нутгийнхаа уул усыг шүтэж энэ нэрийг өгсөн.

-Таны угсаанд л тайж ноёд байж дээ гэж бодож байлаа?
-Тийм юм байхгүй.

-Нутгийнхаа уултай хамт явъя гэж бодож өгсөн нэр байж?
-Тийм ээ. Би энэ уулын нэрийг сэвтүүлэхгүй явна гээд өөртөө андгайлсан юм.

-”Ноён” баг гээд волейболын нэр хүндтэй баг байдаг байх шүү?
-Би байгуулсан юм. 1997 оноос хойш Монголын волейболын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Волейбол бол миний хамгийн хайртай спорт.

-Та өөрөө хэр тоглогч юм бэ дээ?
-Уг нь гайгүй тоглодог байсан. Одоо нас яваад муудаад байгаа.

-Волейбол бие хүний хөгжилд юу өгдөг спорт юм бэ?
-Волейбол хүнд хамгийн өв тэгш бие бялдрын болон хүмүүжлийн хөгжил өгдөг спорт. Волейбол хүнийг багийн хүн болгодог. Хөл бөмбөг жишээ нь бөмбөгөө хөөгөөд явж байхдаа хэнд өгөх вэ гэдгээ боддог. Хараад л…Сагс бол бас залж явж байгаад л хэнд өгөхөө боддог. Волейбол нэг секундэд боддог. Тийм хурдтай тоглоом. Бас волейболд хөнгөн атлетикийн бүх төрлийн элементүүд ордог спорт. Үсрэх, харайх, гүйх, сунгах бүгд байдаг. Хамгийн сайхан спорт.

-Волейболоос өөр сэтгэл автдаг юм юу байна. Эрчүүд чинь ан ав, морь мал гээд алжаалаа тайлдаг олон орчинтой шүү дээ?
-Хааяа найз нөхөдтэйгөө салхинд гарах журмаар ан авд явдаг. Гэхдээ том анчин биш. Хөдөө нэг сайхан пиг хийсэн аманд өвөлжөөндөө буугаад цэмцийчихсэн айлд буух сайхан шүү. Сайхан мах чануулаад, нөхөдтэйгөө сэтгэл зүрхний халуун яриа өрнүүлээд сууж байх сайхан. Бас ганц чоно унагачихсан, малгайн хийморь сэргээгээд, тийм үү. Энэ бол эр хүний амьдралын бас л сайхан мөчүүдийн нэг. Би бас зураг сонирхдог. Гэхдээ надад хоёрхон зураачийн бүтээл байдаг. Нэг нь Одон гуайн зурагнууд. Энэ их түүхтэй л дээ. Одон гуайнх манай хадмынх хоёр хөршүүд байсан. Тэгээд Одон гуайг нас барсны дараа хөгшин нь над дээр орж ирээд хэлсэн. Эрдэнэбат аа, миний хүү би чамтай нэг зүйлийн талаар ярих гэсэн юм. Талийгаач хөгшний маань хэдэн сайхан зураг байна. Олон хүн гуйгаад байна. Чи ав гэсэн. Тэр үед чинь хүмүүс зураг сонирхдоггүй байлаа. Тэгээд би орж үзээд гурван зураг сонгож авсан юм. Нэг нь “1206 он” гэдэг зураг. Алдартай таван зурагных нь нэг л дээ. Үнэхээр сайхан зураг. Би тэр хөгшинд надад өгье гэж сонгосонд нь их баярладаг. Энэ залуу нэг үгүй хийчихгүй аваад явах болов уу гэж итгэсэнд нь. Нөгөө зураг нь “Дэлүүн болдог”, “Өүлэн эх” гэдэг зурагнууд. Энэ гурван зураг бол манай гэрт байдаг. Нөгөө нэг зураач нь Өлзийхутаг гуай. Маш сайн зураач. Өлзийхутаг гуайн хэдэн сайхан зураг надад бий. Бас л араасаа зөндөө олон түүх дагуулдаг. “Бурхан халдун” гэж зураг нь бий. Би өөрөө захиалж зуруулж байсан. Одоо манай найзууд мэднэ. Үнэхээр гайхалтай зураг бий. Өлзийхутаг гуайн надад зурж өгсөн найман цуврал зураг бий. Монголын нууц товчооноос сэдэвлэж зурсан зурагнууд. Тэмүжингийн эрэг бүүрэг рүү зугатааж явсан зураг бий, Боорчитой анд явж байгаа зураг байгаа. Дараа танд үзүүлж болох юм. Би зургуудаараа үнэхээр бахархдаг. Надад бас нэг гоё зураг бий. “Эзэн” гэж. Өвлийн цагт анд явж байгаа Тэмүжин. Чоно авлачихсан байж байгаа.

-Өөр хэний ямар бүтээлүүд байна?
-Нарангэрэл гуайн ганц хоёр зураг бий. Гэхдээ надад нэг их олон зураг байхгүй л дээ. Дараагийн нэг дуртай зүйл маань. Шагай харвах.

-Шагай харвах аа?
-Тийм, шагай харвах. Би бүр багаасаа шагай харвасан. Одоо зав гарахгүй болохоор тэр бүр шагай харваж чадахгүй байна.

-Амьдрал гэж таныхаар юу юм бэ. Хүмүүсийн зарим нь зовохын нэр гэх юм?
-Бодож үзээгүй юм байна.

-Та хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ. Магадгүй эр хүнд зохимжгүй асуулт байх. Гэхдээ хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ?
-Сонин асуулт байна. Би уйлах дургүй. Багадаа ч уйламхай хүүхэд байгаагүй. Уйлахын тухайд бүх хүн сэтгэлдээ уйлж явдаг гэж би боддог. Ялангуяа эр хүн. Яг үнэнээ хэлье. Би төрсөн эцгийгээ нас барахад уйлсан. Би хэнд ч ярьж байгаагүй. Миний энэ аав бол миний хойд аав байхгүй юу. Гэхдээ маш сайхан хүн. Амьд сэрүүн байхад нь энэ тухай ярья, сөхье гэж боддоггүй байсан. Миний төрсөн эцэг надаас тусдаа амьдарч яваад нас эцэслэсэн. Аав маань намайг долоон нас хүртэл нь дагуулж явсан хүн. Тэгээд өөрөө би энэ хүүхдийг цааш нь авч явж чадахгүй нь ээ гээд шударгаар хүлээгээд ээжид эргүүлж авчирч өгсөн байхгүй юу. Энэ бол миний амьдралын нууц. Би хэнд ч ярьж байгаагүй. Надад сэтгэлдээ уйлах үе байдаг. Гадагшаа бол тэрнээс өөр уйлж байснаа мэдэхгүй байна.

-Та дуулдаг уу. Ганц нэг дуу аялна биз дээ. Хүнд тийм үе байдаг шүү дээ. нэг сайхан сэтгэл хөнгөрмөөр?
-Уртаашаа ганцхан дуутай. Гэхдээ сайн дуулж чадахгүй л дээ. Хүн бүгшиж явж болохгүй. Би стрессээ тайлдаг. Бөглөрөөд, гуниглаад байвал тэрийг тайлна шүү.

-Аялчих гээд байдаг тэр дуу тань юу вэ?
-Аавын тухай тэр ганц л дууг амандаа аялж явдаг юм.

Амин хайртай миний аав

Адууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсан…гээд…

Тийм ээ…. Хүн ийм л сэтгэлийн амьтан. Түүнтэй уулзах гээд шатаар өгсч явахад миний дотор “За намайг хэн угтах бол. Бас л нэг улаан зангиа зүүсэн эрх мэдлийн хүн сууж байгаа байх даа” гэсэн хэнэггүй бодол эргэлдэж байсан. Гараад алхаж явна. Машинаа хаячихаад салхи залгин алхмаар...Сэтгэл хөглөгджээ...Уулзмааргүй, уулзаад хагарч, нээгдэж өгдөггүй, хүнээс хол ширгээ товшиж цэрвэсэн, сэрүүн дарга олон таардаг. Харин энэ удаагийн зочин маань хайгаад таарч өгөхөө больсон Мужик зогсч байлаа. Түүнд итгэж болно. Учир нь тэр насан турш итгэл дааж амьдарсан эр хүн байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав