- Таныг бүгд цөмийн Лхагваа гэж дууддаг. Ажил мэргэжлээрээ овоглогдтол амьдарсан түүх бол том зиндааны түүх юм. Бидэнд уулзах завшаан тохиолдохгүй явсаар өнөөдөр тохиосонд баяртай байна.
- Баярлалаа. Би бас тантай уулзаж байгаадаа их олзуурхаж байна.
- Хоёулаа он цагийн хувьд таны анхны эхлэл рүү очиж хөөрөлдмөөр байна.
Цөмийн Лхагваа гэдэг хүн хаанаас “ирсэн” хүн юм бэ. Таны гарал үүсэл, өссөн төрсөн газар, балчир ахуй үеийн тухай ярья.
- Би уг нь Засагт хан аймгийн Сэцэн сартуул хошууны “Голын адгийн отог” гэдэг газрын хүн юм байна лээ. Миний дээд өвөө бол Засагт хан аймгийн Сэцэн сартуул хошууны тайж хүн байсан. Тайж гэхээр манайхны ойлголт төөрөлдөөд байдаг. Тодруулж хэлэхэд ядуу тайж хүн байсан байгаа юм, баян биш тийм хүн. Яг манай сум болохоор 1931 онд сум хайрцаглаж, бүтцүүд өөрчлөгдөх үеэр Увс аймгийн Завхан сум болж шилжсэн юм билээ. Би бол бага насандаа мал маллаж, эцэг эхийнхээ гар дээр өссөн, жирийн л хөдөөний гаралтай хүн. Нийгмийн гарал гэдэг сэдэв бидний үеийнхний хувьд иймэрхүү л нийтлэг жишигтэй байдаг байх. Тэдний нэг гэсэн үг л дээ. Намайг өсч байх үеийн гучаад оны сүүл, дөчөөд оны эхэн үед бол монголчуудын хувьд бас л сонин үе нь. Манайх олон хүүхэдтэй айл байсан юм.
- Эцэг эхээс хэдүүлээ вэ ?
- Бид эцэг эхээсээ зургуулаа. Энэ олон хүүхдийг бүгдийг нь хоолтой хувцастай, юм юмаар дутаахгүй өсгөнө гэдэг бас л амаргүй байсан биз. Манайх цөөхөн малтай айл байсан. Гэхдээ манай аав ээж маань хэнээс ч, юу ч гуйгаагүй. Бүх аж ахуйгаа өөрсдөө л босгож байсан. Хэцүү үеүд байсан л байх. Гэхдээ хэзээ ч ялархаж байгаагүй. Манай монголчууд өнөөдөр энэ чанараа л бүрэн гээсэн юм шиг санагддаг. Өөрсдөө үйлдвэрлэдэг, хийж бүтээж чаддаг байсан шүү дээ. Одоо бол бүгдийг гаднаас авдаг болчихож.
- Сэцэн сартуул хошуу гэхээр та чинь Завханы хүн болж таарч байна уу ?
- Завханых.
- Таны албан ёсны намтар дээр Увс аймгийн харьяат гэж явдаг юм билээ.
- Тийм.
- Та ер нь яг хэдэн үеэ мэдэх вэ?
- Би гурван үеэ л мэдэж байна. Тэрнээс дээш мэдэхгүй юм.
- Танай сум тэгээд Увс аймгийн ямар нэртэй сум болсон бэ?
- Увс аймгийн Завхан сум. Яг Завхан гол дээрээ байдаг газар шүү дээ.
- Сонирхолтой юм ?
- Тийм. Надтай хамт ажилладаг, манай Увсын Очирбат гэж Завхан аймгийн физикч байдаг байхгүй юу.
- Лхагва гуай наад өгүүлбэр чинь л гэхэд холиож байна шүү.
- Харин тийм байгаа биз. (инээв) Тэр хүн хэлдэг юм. Бид чинь Завханых бишээ, жинхэнэ Завхан голын хүн чинь энэ Лхагва шүү дээ гэж. Угтаа бол тэр үнэн л байхгүй юу. Манай Завхан гол үнэхээр үзэсгэлэн төгөлдөр гол. Завхан голын адгийг хангайгаас буусан Завхан гол, алтайгаас орж ирсэн Тээлийн гол гэдэг хоёр гол нийлж бүтээдэг. Голын адагтаа ирж нийлдэг гэсэн үг. Чи мэдэх үү.
- Очиж байсан.
- Би жинхэнэ говийн хүн. Алтай хангайн завсар их говь бий. Монголын дорноос авахуулаад өмнөд талаар явсан тэр уудам говь чинь Их нуурын хотгор гэдэг газар ирж дуусдаг. Яг манай сум тэр төгсгөл дээр нь байдаг. Баруун тийшээ харвал Алтайн цаст уул харагдаж байдаг. Зүүн хойшоо харвал Хангайн нурууны үргэлжлэл Ханхөхийн нуруу цастай харагдаж байдаг. Манай сум ноднин түмэн тэмээний баяр хийлээ. Социализмын үед ч тэмээний баяраа хийж байсан. Зах зээлийн үед харин их цөөрч.
- Ерөнхийдөө нуур ус ихтэй газар уу ?
- Завхан гол гэж том гол байна. Хүнгүйн гол гэж том гол байна.
- Тэгсэн мөртөө говь гээд байдаг ?
- Ерөнхийдөө говь нь дуусч байгаа юм. Гэхдээ их устай л говь байхгүй юу. Багадаа бид гол үерлэчихээр морьтойгоо хөвүүлээд л гардаг байлаа. Айхыг мэдэхгүй гэнэн хүүхдүүдийн л зан юм байх даа.
- Танайх нэгдлийн малчин байсан уу?
- Үгүй ээ, манайх чинь бүр дөчин хэдэн оны айл байхгүй юу. Бага байхад аав маань эрт бурханы оронд яваад өгсөн. Ээж олон хүүхэдтэй үлдсэн. Амаргүй өссөн л дөө. Тэгсэн ч бид бүгдээрээ л аймгийн сургуулиар дамжиж, дотуур байраар амьдарч, сурч хүмүүжсэн.
- Сумын сургууль анхны гараа биз дээ?
- Сумынхаа сургуульд эхлээд сууж байлаа. Тэгж байтал манай нэг эгч Улаангом руу хүнтэй ханилаад явдаг юм. Тэгэхээр нь дагаад бага сургуулиасаа Улаангом орсон л доо.
- Дөнгөж бага сургуулийн хүүхэд гэрээсээ хол явж. Хичээл номдоо хэр хүүхэд байв?
- Сургуульд орсон өдрөөс эхлээд л онц сурсан. Үсэг зааж эхэлж байхад л би бүгдийг нь сурчихсан байсан.
- Та гэрийнхээ хэд дэх хүүхэд нь вэ?
- Би дээрээсээ дөрөв дэх нь. Яагаад ч юм манай ээж намайг “ Энэ л их юм сурах хүн. Энэ л хол явна” гэж бүр онцгойлж хэлдэг. Зүгээр тэгж хэлэх биш, бүр шүтэж сүслэнэ . Зөвхөн намайг тэгж онцолдог байсан юм.
- Бүр тэгж бусдаас нь ялгаж ханддаг байсан гэж үү?
- Тийм. Зөвхөн энэ хүү минь л, ганцхан Лхагваа минь л их юм дуулгана шүү гэнэ. Яагаад тэгдэг байсан гэхээр би чинь бүр 1937 оны хүн шүү дээ. Ээж маань намайг гэдсэнд байхад үзүүлж харуулж л дээ. Ямар үе билээ. Сэтгэл санаа түгшүүртэй л байсан юм шиг байгаа юм. Тэгээд мэргэн хүнд очтол чамаас эрэгтэй хүүхэд төрөх юм байна. Гахай жилтэй хүнээр эх бариулж ав гэжээ. Тэгсэн манай аавын ах нь гахай жилтэй хүн байж таарч. Тэр жил манайхан сулхир гэж юм их түүцгээж. Намар бүгдээрээ сулхир түүгээд л. Нутгийн хамгийн баян хүний хүү хуримаа хийж байсан өдөр, намрын дунд сарын арван долоонд би төрж гэнэ. Ээж нөгөө авга ахыг маань ахиад явуулж асуулгажээ. Тэр чинь эсэргүүний жил болохоор бүгд болгоомжилно. Нууцаар л явуулна. Нөгөө лам “Намрын дунд сарын энэ өдөр төрсөн хүүхдүүд чинь хувь заяагаа өвөртөлж төрдөг юм. Үзэлт байхгүй” гэж хэлээд явуулсан байдаг. Хэдэн хоног болоод ээж тэсэлгүй нуугдаад очиж л дээ. Тэгсэн ном судраа гаргаад харж байна гэнэ. Их том лам хүн байсан гэдэг. Хөөрхий минь арай баригдаагүй л байсан юм билээ. Тэгээд ном судраа дэлгэж баахан уншиж үзэж байснаа “ За, гэгээнтэн хүүхэд төрсөн байнаа. Асар их ном сурна. Асар их хол явна. Их эрдэмтэй хүн болно” гэж хэлж гэнэ. Ээж минь тулгамдаад л сууж байж. Тэгсэн чинь номоо эргүүлээд л хараад байна гэнэ. Тэгж тэгж харин “Эцэг эх хоёр нь хоёулаа байж дийлдэг болов уу” гэж гэнэ. Хоёр янзын туйлтай үгийг пал хийтэл л ээжид минь хэлж байгаа биз дээ. Хорвоогийн амьдрал сонин. Манай аав намайг долоотойд нас барсан. Би юугаа мэдэх билээ. Ухаан ороогүй дүрсгүй амьтан л гүйж явсан биз.
- Түрүүн та тайж удамтай гэсэн. Тэгээд ямархуу зиндааны тайж байсан тухай онцолж ярьсан нь сонирхолтой байлаа. Та яаж тэгж нарийн мэдсэн юм ?
- Манай тэр буурал бол хохь тайж хүн. Нэг ийм намтар байдаг юм. Сартуулууд гэдэг хүмүүс хаанаас үүсэлтэй, ямар гарал угсаатай улс вэ гэж би Чулууны Далай гэдэг түүхчээс асуусан юм. Танай сартуулууд чинь Чингисийг дагаж, ар албыг нь хааж явсан түмэн шүү дээ гэдэг юм байна. Надад маш сонирхолтой санагдсан. Тэр их цэрэг чинь дайлаар яваад, очсон газрууддаа зарцтай албадтай болоод тэлээд яваад байдаг юм байна л даа. Тэгээд манайхан алба хааж явсаар эргэж буцах болж. Тэр урт аян дайнд хэн хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй болчихно биз. Далай түүхчийн ярьснаар тэгж эргэж ирсэн манайханд “Хүнгүй” газар зааж өгсөн юм билээ. Хүнгүй гол гэдэг чинь хүнгүй газар гэсэн үг шүү дээ. Тэгж л манай сартуулууд одоогийн их алтай хангайн завсраар суурьшсан юм байна лээ.
- Газар нутаг зааж өгч суурьшуулсан байх нь. Сонсож байгаагүй домог юм аа.
- Манайхан дотор одоо хүртэл явдаг олон домог бий. Хожгор Дагва гэдэг тайж есөн ардтайгаа ирж суурьшсан юм гэнэ лээ. Тэрнээс долоо нь үлдсэн гээд л.
- Гэрсэнж Жалайр хунтайжийн хөвүүн Далданг танайхны өвөг гэж уншиж байсан.
- Түүх номонд дурьдаагүй бүр эртийн домог би сонирхуулж ярьж байгаа юм. Эзэн Чингис хааны арван дөрөвдүгээр үеийн удам Батмөнх даян хааны үр сад. Гэрсэнз Жалайр хунтайж чинь отгон хөвүүн нь биз дээ. Ингээд яривал далай шиг их юм хөврөнө. Бүр нэг ийм намтар манай ээж надад ярьж байсан. Манай ээж миний ярьдаг тэр хохь тайжийн гарлын охин л доо. Яг нэр нь хэн гэдэг тайж болохыг би мэдэхгүй. Тэр Хожгор Дагва гэдэг нь ч юм уу, бүү мэд. Ямартай ч тэр тайж одоогийн Улаангом руу явжээ. Тэгж явж явж ирэхдээ Төвд хэл сураад ирж. Ирсэн хойноо Сэцэн сартуулын хошууны ах дүү нартаа очиж золгодог юм байна л даа. Тэгэхдээ дөрвөд янги гээд (дөрвөдийн янгиа) их уужуухан сонирхолтой эмээл тохож ирж. Янгиа эмээлтэй нөхөр л сартуулын хошууны ноёныд очсон байх нь шүү дээ. Тэгсэн ноён нь байхгүй байж. Өргөө цагаан гэр байна биз дээ. Ноён эзгүй, залуу эхнэр нь байж. Тэгэхээр нь гадаа морио уячихаад эмээлээ авч орж ирээд баруун хаяанд хаячихаад, асуух ч юмгүй унтаад өгч. Орой ноён нь иржээ. Энэ намтар бол үнэнд их ойрхон түүх дээ.
- Энэ юун хүн унтаж байгаа юм л гэнэ биз дээ.
- Хатан нь жийрхээд ноёноо угтахдаа хэлж. Манайд нэг өвгөн ирлээ. Эмээлээ оруулж ирж гэрийн баруун хаяанд чулуудчихаад унтаад байна гэж. Тэгсэн “ Ээ бурхан минь, манай том авга хүрээд ирсэн байна” шүү дээ гээд ноёнтон гэрээсээ хувцсаа гаргуулж ирж өмсөн, хатан хоёулаа хувцсаа сольж орж ирж сөгдөж мөргөн золгож байсан гэдэг юм. Би энийг юуны тулд яриад байна гэхээр Чингис хааныг чинь бүхэл бүтэн улс нь дагаж явж байгаа хэрэг шүү дээ. Тэд чинь малаа маллана, айраг сүүгээ хийнэ. Улс үндэстнийх нь бүх л амьдрал, хэв маяг, зан үйл нь дагаж явсан. Тэгж хэчнээн жил, хэдэн үеийг элээгээд хожим суларсан ард түмний хэсэг тасархай буцаж ирсэн бололтой юм. Зарим нь бүр хэзээ ч буцаагүй. (Инээв). Үлдээсэн газар оронд нь нутагшин шингэж хоцорцгоосон. Эргэж ирсэн тэр тасархай миний өвөг дээдэс гэж би үздэг юм л даа. Тэр тээж явдаг бодлоо чамд ярьж байгаа нь энэ.
- Сонирхолтой байлаа. Та жаахан хүүхэд байхдаа Улаангомын сургуульд очиж суралцжээ. Одоогийн Улаангомын аль сургууль вэ?
- Улаангомын төвийн 7 жил гэдэг сургуульд очлоо.
- Хэл ойлголцохгүй хэцүү байв уу ?
- За, эхэндээ тун амаргүй байсан шүү. (инээв) Намайг Лхагваа гэхгүй ш дээ. Лхаг гэдэг . Баруун монголын аялгаар Лхаг гэж их сонин дуудна. Анх очиход багш асууж байна. Залуухан баяд эмэгтэй багш байсан. Нэр чинь хэн бэ гэлээ. Лхагва гээд хэллээ. Хэн гэнээ гэнэ. Лхагва л гэлээ. Гурав асуулаа. Тэгсэн дараа нь үзсэн чинь нөгөө багш маань Тавхи гээд нэр өгчихөж. Тавхи.
- Тавхи аа?
- Тавхи. Тэгээд гурван жил Тавхи гэдгээрээ явсан. (инээв) Тэгсэн намайг тэгж сургууль даяар дууддагийг мэдчихээд манай хүргэн ах хэлж байна. За, хүү минь болдоггүй юм. Одоо өөрийнхөө нэрэнд шилжихгүй бол хамаг юм чинь будилж орхино шүү гэж. Тэгж би Лхагваа гэдэг нэрээ эргэж авч байлаа.
- Улаангомын долоон жилийн сургуулийг төгсөөд яав ?
- Нөгөө миний дагаж очсон хүргэн ахынх маань намайг долдугаар ангид орох жил сумын дарга болоод яваад өгсөн. Би дотуур байранд орлоо. Долоон жилийн сургуулиа ч онц төгслөө. Аймгийн төвийн нэгдүгээр арван жилд орсон. Одоо Ю.Цэдэнбалын нэрэмжит нэгдүгээр арван жил болсон юм байна лээ.
- Сүүлд Ю.Цэдэнбал даргын нэрэмжит сургууль болсон байх.
- Манай сургуулийн захирал Сайнбуян гэдэг хүн байлаа. Намайг есдүгээр ангид ордог жил Г.Додон гэж багш манай сургуульд ирлээ. Их сургуулийн тоо физикийн анги онц төгссөн хүн.
Тэгээд л шинэхэн залуухан багш биднийг шалгалаа. Мэдээж би бодлогуудаа хамгийн түргэн л бодно. Хэд хоногийн дараа би ханиад хүрчихсэн, жаахан бие бүрзгэр явж байгаад багштай таарлаа. Г.Додон багш хэлж байнаа. Чамд одоо сураад байх юм байхгүй ээ. Одоо цаг үрэх хэрэггүй. Ханиадаа зүгээр болго гэж. Үгүй ээ, багшаа би хичээлээ дуусаагүй байгаа ш дээ гэлээ. Би сургуулийн захиргаанд хэлнэ. Энэ хүүхдийг ингэж аргамжиж яах юм. Эрүүл мэндийг нь хамгаалья, дараа дараагийн юмнуудаа ч үзэж эхлэг гээд намайг хавар эрт гэр лүү минь явуулж билээ. Тэр явдал бол миний багшдаа үнэлэгдсэн анхны үнэлэлт юм. Додон багш сүүлд хэлсэн байдаг юм. Аравдугаар анги төгсөх улсын шалгалт дээр самбарт бичиж эхэлж байхад Лхагваа бодоод дуусч байсан гэж. Контрол бодлого бодуулахад хамгийн түрүүнд ирж намайг үзнэ. Болчихож, наадахаа хураалгаад гар. Тэгэхгүй бол бусаддаа бодлого хэлж өгнө гэж болгоомжилж байгаа нь тэр. Нөгөөдүүл маань хөөрхий намайг хараад л сууж байгаа ш дээ. Лхагваагаас бодлого авна гээд. Гэтэл багш хөөгөөд гаргачихна. Багш маань надад ингэж их итгэл хүлээлгэж байсан нь намайг улам л хариуцлагатай болгож байсан.
- Төгсөөд ямар хуваарь авав. Хамгийн шилдэг сурагч юм чинь хамгийн шилдэг сургууль л хүлээж байна биз дээ?
- Яг намайг төгсдөг жил Ю.Цэдэнбал даргын албан даалгавар гэж юм гарсан байгаа юм. Сурлага хүмүүжлээрээ тэргүүлсэн ажилчин малчны хүүхдүүдээс Москвагийн Гадаад Харилцааны сургуульд явуулж сурга гэсэн захирамж.
Энэ чинь улсын бас том бодлого л доо. Том бодлого шүү. Дандаа дарга нарын хүүхдүүд л яваад байж л дээ. Тэгсэн намайг аймгийн намын хороон дээр дууддаг юм. За, чамайг Москвад Олон Улсын Харилцааны сургуульд явуулна. Дипломатын сургууль шүү дээ гэж байна.
- Та юу гэв ?
- Би Монгол Улсын Их Сургуулийн физикийн ангид орно л гэлээ. Хүүхэд шүү дээ. Тэр үеийн сэхээтнүүдийн тэмүүлдэг том сургууль гэдгийг огт мэдэхгүй. Их сургуулийн физикийн ангид орно. Г.Додон багшийнхаа төгсөж ирсэн сургуульд л сурна гэлээ. Багш маань л хамгийн том хүн гэж боддог. Тэгсэн намын хорооны хүн жаахан мушийснаа “ За, Лхагваа минь наадах чинь намын даалгавар шүү дээ” гэж байна. Дараагийн долоо хоногийн шуудангаар намайг Москвад явуулах материал ирсэн. Би очихгүй, зугтаагаад байлаа. Огт дуулаагүй хүн шиг л яваад байсан. Би явахгүй гээд л гүйгээд байдаг. Сүүлдээ жаахан айлаа. Тэгсэн манай хүргэн ахад миний тухай мэдээ хүрч. Нөгөө хүүхэд чинь ингээд зугтаагаад байна гээд. Хүргэн ах маань миний занг ч мэднэ. Намын хороогоор явж байгаад миний хувийн хэргийг салгаад иржээ.
Тэгээд л хувийн хэргээ аваад Ургамал сумаар дамжаад, Завхан аймгаар ороод Улаанбаатарт ирлээ. Тэгж будилж явсаар би их сургуульд бүр хожуу бүртгүүлж байлаа шүү дээ. Болоогүй ээ, бас орос хэлний шалгалт өглөө. Бас орос хэл жаахан үзсэн байдаг юм. Гайгүй дүн авлаа. Анагаах ухааны сургуульд шалгалт өгч байгаа хүүхдүүдтэй хамт л шалгуулаад байсан. Шалгалтын комисс дуудаад асуухад би бүр анх л физикийн ангид орно гээд л бүртгүүлчихсэн. Хамт шалгалт өгсөн нөхөд их эмчийн сургуульд л орж байна. Дагаад толгой жаахан эргэх маягтай. Би ер нь их эмч болъё гэж хэлэхээр орсон чинь “ Чи их сурлагатай хүүхэд байна. Орос хэлнийхээ шалгалтыг ч сайн өгсөн байна. Физикийн ангид чамайг авнаа” гээд үг хэлэхийн зуургүй гар гэж байна. Тэгээд л физикийн ангидаа орсон. Ингэж л би жинхэнэ баринтагтай номын гүн рүү хөл тавьсан даа. Физик бол аугаа их оюун санаа юм. Би тэр оюун санаанд нэвтэрч орсон. Монголын ард түмний хөрөнгөөр би суралцсан. Тэр битгий хэл онц сурлаа гээд би цалин авч байлаа шүү дээ. Дэлхийн тэр том “Цөмийн шинжилгээний институт”-д ирж очсонтойгоо бараг 20-оод жил болоо биз дээ. Монголын ард түмний минь буян заяа. Монгол төрийн нэрээр энэ салбарт би дэлхийн эрдэмтэн болтлоо явлаа. Намайг олон газар хүндэлдэг юм шүү.
- Хүүхэд ахуй насанд татагдсан физикээс салахгүй явсаар энэ хүрчээ.
- Их сургуульдаа орчихоод байж байхдаа бурхан минь яаж анагаахын ангид орчихоогүй юм бэ гэж залбирч байсан. Математик бол сэтгэлгээний хэл. Тэр хэлийг эзэмшсэн хүнд далдын тухай, хүрэхгүйн тухай ямар ч ойлголт байдаггүй.
Олон улсын “Цөмийн шинжилгээний институт”-д дөрвөн жил суугаад би хамгаалаад ирлээ.
- Их сургуулиа төгсөөд шууд гадагшаа явсан юм уу ?
- МУИС-ыг би улаан дипломтой төгссөн. Дараа нь сургуульдаа таван жил багшилсан. Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-д дэд докторын зэрэг хамгаалахад Онолын физикийн лабораторын дэд захирал, профессор В.Г.Соловьев “Лхагваа бол өөрөө сурч, сэдэж, асуудлын гүнд нэвтэрдэг онолч, физикч” гэж дүгнэсэн. 1995 онд “Гэрэл, бөөмс атомын үйлчлэлцлийн онол”-оор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахад Москвагийн улсын их сургуулийн профессор В.В.Балашов болон академич Н.Содном нар намайг “Атом, цөмийн мөргөлдөөний онолын шинэ чиглэлийг эх орондоо хөгжүүлж, МУИС-д шавь сургууль үүсгэн бүрэлдүүлсэн эрдэмтэн” хэмээн цохож үнэлсэн байдаг юм. Надад оногдсон мэргэжлийн том үнэлэлтүүд юм даа.
- Цөмийн шинжилгээний институтын онолын физикийн салбар нь гэхэд хэдэн зуун хүнтэй аварга институт байна биз дээ.
- Тэгэлгүй яахав. Тэнд чинь л ажилласан. Монгол улс 1956 онд “Цөмийн шинжилгээний нэгдсэн институт”-д гишүүнээр орсон юм. Дайны дараа үе шүү дээ, тэр чинь. Орос атомын бөмбөг хийсэн. Америк атомын бөмбөгтэй, Франц, Япон атомын бөмбөгтэй болчихдог. Тэр үед европын “Цөмийн Судалгааны байгууллага” гэж Австрийн CERN гэдэг хотод том холбоо байгуулсан юм. Үүний дараа социалист орнуудын түүнтэй тэнцэх холбоо байгуулах гэж 1956 онд “Цөмийн шинжилгээний нэгдсэн институти” байгуулсан юм. Москва хотоос зүүн хойш 130 км зайтай ижил мөрний хөвөөн дээр их сайхан байгальтай газар байгуулсан.
Тэр том айлыг байгуулахад боловсон хүчин нь юу байв гэхээр өнөө атомын бөмбөг бүтээсэн алдартай толгойнуудаа тэнд аваачиж суулгасан. Атомын бөмбөг, цөмийн бөмбөг хийнэ гэдэг бол одоо технологийн асуудал болсон. Тухайн үед европдоо капиталист орнуудтай өрсөлдөх төвийг ингэж байгуулсан юм. Тэнд аваргуудтай ажиллах хувь тохиол надад таарсан хэрэг.
- Тэр төвд эрдэмтдээ явуулах шийдвэр хаанаас гарав. Мэдээж улс төрийн товчоо гаргах байх ?
- За, тэгээд социалист орнуудын төрийн бодлого ингээд гараад ирэхээр цөмийн боловсон хүчин хэрэгтэй дээ. Тийм үү. Ингээд л бид зургуулаа явж байлаа. Биднээс түрүүнд хоёр эрдэмтэн очсон байсан. Чүлтэм багш, Содном багш хоёр шүү дээ. Даржаагийн Чүлтэм, Содном академич хоёр. Даржаагийн Чүлтэм гэж их ухаантай хүн байсан. Бид нар хоёр дахь үе дээр нь очиж байгаа юм. Тэнд эхний дөрвөн жил суралцаад би хамгаалсан. Намайг шоолдог байсан. Хүн хажуугаар нь өнгөрөхөд харахгүй эргүүтсэн юм шиг явдаг гэж. Физик математикийн шинжлэх ухаанд гүйлгэж уншаад юмыг авчих тухай ойлголт байдаггүй юм л даа. Бүх эд эсээрээ тэр шинжлэх ухаанд орж дуусна.
- Ямар сэдвээр хамгаалсан бэ?
- Цөмийн урвал. Цөмийн урвалын онолоор хамгаалсан. Тэр үед манай лабораторийн захирал “Энэ хүнээс их том эрдэмтэн гарна даа” гэж хэлж байсан. В.В. Балашов гэж асар их авьяастай эрдэмтэн . Тэр хүний амнаас “Энэ хүний өсөлтийн хурд нь асар өндөр. Энэнээс том эрдэмтэн гарна” гэсэн үг сонсож явсан маань надад үгээр өгүүлшгүй том үнэлгээ байсан. Жирийн нэг малчны хүүхэд тэр том институтад хамгаалахдаа тийм үнэлгээ авна гэдэг ховор тохиолдол шүү дээ. Амьдралынхаа туршид олон л одон тэмдэг авч байлаа. Авах гэж хэлэх бол буруу. Хүний хөдөлмөрлөж буйг, гаргаж байгаа амжилтуудыг нь Төр засаг өөрөө хараад үнэлгээгээ өгдөг юм билээ. Энэ гэхдээ тийм чухал юм биш. Хүн бол орчлонгийн хувьслын ноён оргилд нь мандсан од юм шүү. Хүн өөрөө од нь. Тийм болохоор орчлонд би жинхэнэ од шиг л байя гэж бодож амьдарсан.
- Дубна дахь Олон улсын “Цөм шинжлэлийн институт” -д “Цөмийн урвалын онол” –оор хамгааллаа. Тэгээд тэндээ судалгааны ажлаа үргэлжлүүлэв үү?
- Эрдмийн зэрэг хамгааллаа. Боловсон хүчин цөөнтэй юм чинь шууд татаад аваад ирнэ шүү дээ. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Ерөөсөө өнөөдөр хамгааллаа, маргааш нь татаад аваад ирнэ. Намайг ирэнгүүт манай багш нар зарим нь зөрөөд л аспирантурт явсан. Тэгээд би онолын физик дээр нэмээд дөрөв таван хичээлийг бүгдийг нь заадаг. Залуу байж, гялалзуур байж. Тэр он жилүүдэд олон сайхан шавь нар бэлтгэсэн. Одоо гадна дотно, энд тэнд байгаа олон докторуудын ихэнх нь миний ууган шавь нар байдаг юм. Багш хүн өөр юугаар бахархах юм.
- Та доктороо хэдэн онд ямар сэдвээр хамгаалсан бэ?
- Надад байдаг нэг чанар бол өгсөн даалгаварыг яс сайн биелүүлж байж салдаг. Тэгж тэр дарамтнаас салчихаад оюун санаагаа чөлөөлөөд, тэр сулласан оюун санаагаа бүтээлч юмандаа зарцуулдаг байхгүй юу. Ихэнх хүмүүс даалгавар биелүүлэхгүй, хэл аманд ороод л, ярдаглаад л тэрэндээ шаагдаад явдаг. Ингэж явж болохгүй юм байна гэж би их залуудаа ойлгосон. Цаг үе нь ямар үе байв. Миний үндсэн сонгосон зам ямар хүнд зам байв. Өөрийнхөө хүчийг зөв зохицуулж сураагүй хүнд энэ зам бол ярвигтай зам. Тэгээд ажиллаад явж байтал Төв хорооноос дууддаг юм.
- Төв хороо дууджээ. Нэг талаас аймаар санагдана биз дээ?
- Хурдтай ажилладаг хүн болохоор нөгөө бүртгэлд нь орчихож. Гялалзсан хүн байгаа юм, энэ нөхрийг татаж авчирья гээд. Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн орлогч эрхлэгч гэдэг ажилд томиллоо. Төв хорооны хэлтэс гэдэг чинь одоо том ажил л даа. Хэлтсийн орлогч эрхлэгч, төв хорооны өөрийнхөө харьяа яамны сайдыг дуудаж үүрэг өгдөг том амьтан.
- Гэнэт л Их сургуулийн багшаас Төв хорооны хэлтсийн дарга болчихдог.
- Үгүй гэж хэлэх эрх байх биш. Тэгсэн чинь ирээд удаагүй байтал цагаан сарын дараахан хөдөө томилолтоор ажиллах боллоо. Энэ Төв аймгаар зудтай байсан. Тэр лүү явуулдаг юм байна. Тэгээд очсон. Амьдрал, ажилтай нь танилцана. Тэр ажлыг сайжруулна гэсэн үүрэг өгөөд л явууллаа. Тэгсэн намайг дагуулж тавьж байгаа хүн нь Дундговийн дарга байсан Ойдов гэдэг хүн таарав. Угтаа тэр намайг авч явж байгаа юм. Гэхдээ тэр хүн маань намайгаа бол даргаа л гээд байна шүү дээ. (инээв) Тэгээд яахав, яваад үзээд танилцлаа. Угаасаа хөдөөний хүн юм чинь хөдөөний амьдралаа бас мэднэ шүү дээ. Гэхдээ л сонин байсан. Орой нь нэг аймгийн аварга малчныд буудаг юм байна. Аймгийн аварга малчин нь том гэртэй, сэлүүхэн тохитой. Тэгээд л нэг их мах чанаад даргад гээд түмпэн мах миний урд тавьдаг. Авдраа шархийлгэж онгойлгоод нэг шил архи гаргаад ирлээ. Хүйтэн ч байсан хундаганд хийгээд даргад гээд л өглөө. Аймгийн намын хорооноос нэг нарийн бичиг дагачихсан. Сумын засаг дарга дагачихсан. Ингээд явж байгаа юм. Би ч уудаггүй л гэсэн. Өнөө Ойдов гуай Засгийн газраас дагаж яваа. Та ганц тогтоочих л доо, халуун махан дээр ходоодонд шингэлт сайн шүү гээд ахмад хүн, малчин хүн бариад байдаг. Тэгээд нэг тойроод ахиад над дээр хундага ирсэн чинь мань Ойдов гуай хажуунаас шивнэж байна. Ахиад авахгүй бол эвгүй шүү гэж. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нам ард түмний холбоо гэж юмыг бодоорой л гэсэн үг шүү дээ. Надад тэгж л санагдсан.
- Тэгэхээр нь хүртчихэв үү ?
- Муухай ч юм уу. Хөөрхий гомдчихно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нь уугаад хаячихлаа. Тэрнээс хойш би айлуудад ороод өгсөн эхний хундагыг заавал тогтоодог болсон (инээв). Тэгээд ирээд эхнэртээ хэлсэн л дээ. Үгүй ээ, одоо айлын эзэн тийм том таавагтай махаа тавиад, дараа нь архиа хийгээд өгөхөөр уухгүй идэхгүй ч байж болохгүй юм. Ер нь хэдэн чихэртэй явж байя аа гэж. Тэр үеийн 24-ийн чихэр гэж байлаа, 48-ын чихэр гээд байлаа. Тэрнээс жоохон жоохон авчихаад айлд орохдоо халааслаад орж байгаа байхгүй юу. Тэгээд хүүхдүүдэд өгдөг болсон. Маргааш нь буцах болохоор даргад гээд ааруул идээнийхээ дээжийг заавал барина. Энэ манай монголын өгөөмөр зан, өвөрмөц нэг соёл нь байсан юм шүү. Одоо бол өөрчлөгдсөн. Ийм сайхан заншилтай ард түмэнтэй явлаа даа.
- Төв хороон дээр ийм ажил эрхлээд суух нь тань шиг эрдэмтэн хүнд уйтгартай биз дээ ?
- Чи яг л зөв асуулт асууж байна. Манай хараагүй Шагдар гэж багш байсан юм. Би багшдаа хэлсэн. Үгүй ээ, би чинь одоо физиктээ дуртай хүн. Энд нэг л биш байнаа гэсэн чинь. Лхагваа чи эх орны даалгавар гэж ойлго. Энэ ажлыг чинь чи хэдэн жил л хийнэ. Чиний ард бүх юм чинь бүхэл бүтнээрээ байгаа. Нас чинь залуу байна. Чи хий гэснийг нь сайн хий гэсэн. Орой гэртээ ирээд өрөөтэй хэдэн номоо харахаар гунигтай. Ээжээ, хүү нь энд ингээд яваад байдаг. Энэ их олон сайхан ном маань эзгүй хаягдлаа шүү дээ гэж хэлж байсан. Иш хүү минь гээд л залбирч байгаад “Хүү минь чи өндөр төрийн албанд очсон байж ийм юм битгий хэлээрэй. Ээждээ битгий ахиж дуулгаарай” гэж байж билээ.
- Ээжийгээ хэдэн онд та хөдөөнөөс татаж авав?
- Намайг оюутан байхад ээж хот руу орж ирсэн. Манай нөгөө хүргэн ах намын дээд сургуульд хүрээд ирсэн. Тэгээд бид хотод төвхнөсөн. Намайг Улаангом руу анх сургуульд суулгаж эхлүүлсэн нөгөө ах маань.
- Та сайн хүргэн ахтай байжээ. Тэр үед орон хотод ирж суурьших маш хэцүү юмны нэг байсан гэдэг ?
- Сайн хүргэн ахтай байсан. Хот хүрээнд хүрээд ирэхэд түшиж тулах хүнгүй бол хэцүү шүү дээ. Хөөцөлдөж байгаад намын сургуульд хүрээд ирсэн, хөөрхий. Ингэж би хотын хүн болоод 62 жил болж байгаа юм уу даа.
- Тэгээд яаж Төв хорооноосоо салав ?
- Би хүсэлт гаргалаа. Ж. Батмөнх гуайн үед би Их Сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга болж байсан юм.
- Ю.Цэдэнбал гуайн үед Төв хороонд.
- Ю.Цэдэнбал даргын үед төв хороонд байсан. Ю. Цэдэнбал даргыг явсны дараа Ж.Батмөнх гуай Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Тэгээд Ж.Батмөнх гуай дээр нэг орсон юм. Нам надад даалгавар өглөө, намын даалгаварыг би биелүүллээ. Одоо би эрдмийн ажлаа хийе гээд. За, тэгээ тэг одоо чамайг явуулах болсон гэсэн. Тэгээд л би явсан юм даа.
- Буцаад Их Сургууль руугаа явах уу?
- Тэгээд их сургуульд нэг жил болоод Москва руу “Цөмийн шинжилгээний иститут” рүү явсан. Тэнд есөн жил болсон доо. Тэндээ 1995 онд “ Гэрэл, бөөмс атомын үйлчлэлцлийн онол”-оор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Би гэдэг хүн цөм, атомаар дамжаад одоо нано технологи дээр ажиллаж байна. Бүр эсийн цацрагийн биологи, анагаах ухаан дээр явж байна. Энэ зах хязгааргүй ертөнц рүү нэгэнт орсон бол цаашаа л алхах тухай ойлголт байдаг.
- Төв хороонд байхдаа Ю.Цэдэнбал гуайтай хэр олон таарч байв ?
- Олон удаа тааралдсан шүү. Анх намайг Төв хороонд ажиллах болоход улс төрийн товчоогоор оруулсан. Хаана ямар сургуульд сурсан. Ямар мэргэжилтэй вэ гэж Ю.Цэдэнбал дарга асуусан л даа. Тэгээд би ийм цөмийн мэргэжлийн хүн байгаа юм. Энэ мэргэжилдээ их дуртай. Намайг Их Сургуульд маань мэргэжлийн хичээлээ заах боломж олговол би маш их талархах болно гээд хэлчихлээ. Дарга сонсож байснаа протоколд тэмдэглэ гэж хэлсэн. Их сургуульд нь тэр мэргэжлийн хичээлийг нь заалгаж бай гэж бүр хэлсэн шүү.
- Улс төрийн товчоон дээр Их Сургуульдаа хичээлээ заамаар байна гээд хэлчихдэг. Та зоригтой байжээ ?
- Шинжлэх ухааныханд шийдэмгий, зоримог, зорьсон чиглэсэн замаасаа хазайхгүй явах эр зориг төрмөл ч юм шиг суучихсан байдаг юм. Дээр нь залуу насны ааг омог нөлөөлөө биз. Дараа нь нэг удаа Ю. Цэдэнбал дарга намайг өрөөндөө дуудуулсан.
- Шууд өрөөндөө юу ?
- Ю.Цэдэнбал дарга мэдэж байгаа шүү дээ. Төв хороонд нэг ийм мэргэжлийн хүн ирсэн гэдгийг. Нейтроны бөмбөг гэдэг том сэдэв гарч ирж дэлхий ертөнцийг дагжуулаад эхлэхээр намайг дуудахгүй юу. Дарга бид хоёр нэлээн удаан ярилцсан . Энэ нейтроны бөмбөг гэдэг чинь ямар учиртай юм бэ. Чи надад нэг тайлбарлаад өгөөч гэж дарга надаас асуусан. Үүгээр ч зогсохгүй цөмийн их олон асуудал асуусан. Цөмийн тухай ойлголтууд чинь цаанаа зурагтай, хувьсал зүй тогтолтой эд байгаа шүү дээ. Тэр бүгдийг л тайлбарлаж хэлсэн. Дараа нь дарга удирдах ажилтны зөвлөгөөн дээр хэлсэн байдаг юм. Бид залуу боловсон хүчнүүдээсээ суралцаж байх хэрэгтэй байна шүү гэж. Тэгсэн маргааш нөгөөдөр нь намайг хариуцлагатай ажилтнуудыг бүгдийг нь цуглуулж байгаад нөгөө нейтроны бөмбөг сэдвээр лекц уншууллаа. (инээв) Тэр чинь жаахан хиймэлдүүхэн, ерөнхий, мэргэжлийн бус улсуудад тохирсон л лекц байна шүү дээ. Гэхдээ яахав дээ, үүрэг даалгавар юм болохоор биелүүлэх л ёстой. Төв хороонд би есөн жил ажилласан шүү. Миний нэг том хийсэн ажил бол Ховдын Багшийн Дээд сургуулийг байгуулах ажлыг би гардан хийж байсан.
- Их сургуульдаа буцаж очоод уу?
- Үгүй ээ, Төв хороонд ажиллаж байхдаа. Тэр үед багш их дутагдалтай байлаа. Дөрөвдүгээр курсын хүүхдүүдийг хөдөө багш дутагдалтай байгаа газар явуулаад, ирэх хавар нь шалгалтыг нь өгүүлж төгсгөдөг байлаа шүү дээ. Төв хороонд ажиллаж байгаагийнхаа хэргийг тэгж нэг гаргасан. Хөдөө орон нутагт нэг Их Сургууль байгуулая гээд яригдангуут тэр сургуулийг Ховдод байгуулах нь зүйтэй гэж санал гаргаад өөрөө гардаж ажилласан.
- “Цөмийн шинжилгээний нэгдсэн институт”-д та эхлээд дөрвөн жил, дараа нь есөн жил ажиллажээ. Олон жил тэнд байж.
- Одоо улам томорсон. Зөвхөн социалист орнуудын хүрээнд анх байгуулагдаж байсан бол одоо Дэлхийн олон орныг нэгтгэсэн том институт байж байна. Асар их ач холбогдолтой. Одоо миний хоёр шавь тэнд докторын зэрэг хамгаалахаар байж байна.
- Таныг тэнд цол хамгаалж байхад байсан багш нараас одоо байх уу?
- Профессор В.В. Балашов байгаа. Тэр хүний дэмжлэгээр би Москвагийн Их Сургуультай маш олон жил нягт хамтран ажилласан. Энэ агуу эрдэмтэн надад зориулж “Энэ хүнээс их том эрдэмтэн төрнөө” гэсэн нөгөө алдартай үгийг хэлсэн юм шүү дээ.
- Өөрийнхөө дурсамжаар ном бичээгүй юм уу. Үнэхээр баялаг түүхээр дүүрэн амьдрал юм ?
- Жаахан зав гарахаар бичнэ гэж бодож байгаа. Харин нас үлдэж байна уу, үгүй юу. ( инээв) Надад өөр хийх юм их байна. Би шавь сургууль гэж юм үүсгэсэн. 1972 онд “Цөмийн шинжилгээний институт”-д хамт ажиллаж байсан эрдэмтдээ дуудаад олон улсын том хурал хийдэг юм. Тэр хурлын үеэр профессор В.Г.Соловьев надад хэлсэн. Оросын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, их том хүн байсан. “Лхагваа, чи ингээд ганцаараа явж байгаад алдагдаж болохгүй. Ганцаараа явбал хүн дуусдаг юм. Ялангуяа эрдэмтэн хүн дуусдаг юм. Ганцаараа хэрхэвч байж болохгүй. Чи шавь сургууль үүсгэ. Монголд шавь сургуулийн анхны суурийг тавь” гэж хэлсэн л дээ. За тэгье. Гэхдээ би яаж хийх билээ гээд л сонирхлоо. Багш нар маань намайг ингэж зоригжуулсан. “Москвагийн их сургууль бол жинхэнэ сургалтын газар. Эрдмийг чинь сургалтаар сургадаг юм. Эрдэм шинжилгээний газар гэдэг чинь юм хийдэг газар. Их сургууль гэдэг чинь эрдэмтнийг эрдмээр бэлтгэдэг газар. Жинхэнэ ундрага нь тэнд байдаг юм. Тэгэхийн тулд чи Москвагийн их сургуультай холбоо тогтоо. Би Москвагийн их сургуультай холбогдох ажлыг чинь ярьж өгнө. Би одоо утасдана. В.В.Балашов гэж их том шагналтай, нээлт хийсэн том эрдэмтэн бий. Миний найз юм. Тэр чамд туслана” гэж багш хэлсэн. Москва руу ярих газар хайгаад гүйлээ. Академич Марковын өрөө гэж Москва руу ярьдаг өрөө байдаг юм байна л даа. Тэрлүүгээ дагуулж ороод ярьсан.
- Шууд уу ?
- Шууд. Би чамд нэг монголын ирээдүйтэй эрдэмтэн танилцуулъя гэж хэлж байгаа юм. Би ч дотроо жаахан эмээж л байлаа. Ингээд удалгүй би Москва явсан. В.В. Балашов багш намайг ярьсан тохирсноороо хүлээж авсан. За, энэ сайхан ажлыг хийнээ гээд л. Гэрээ юмаа хийх боллоо. Буцаад ирсэн. Дамбаравжаагийн Батсуурь гэж манай тэнхимийн эрхлэгч хүн байлаа. Манай хуучин цагийн улс чинь ямар нэгэн атаа жөтөөгүй, Монгол улсаа л хөгжүүлэх гэсэн улсууд байсан юм шүү дээ. Жинхэнэ багш нар байсан юм. Би тийм л маягаар энэ насыг барах юмсан гэж бодож амьдарсан. Батсуурь багш “Лхагваа минь чи ямар гээчийн сайхан юм хийж ирдэг юм. Тэгэхээр Москвагийн их сургуультай гэрээ хийх гэж байдаг. Чухам яаж хийх билээ” гээд баярлаад л... Тэгээд энэ ажил маань урамтай сайхан эхэлсэн. Жил бүр тэндээс хоёр эрдэмтэн ирдэг, жил болгон манайхаас хоёр оюутан явдаг. Ингэж би эрдэмтэн багш нарынхаа дэмжлэгээр “Гэрэл бөөмс нь цөм, атомтой мөргөлдөх квант зүй тогтлоор онолын судалгааны шавь сургууль” бүрэлдүүлж чадсан. Арваад жил болсны дараа манай В.В. Балашов багш юу гэж хэлсэн гээч. “Танайхаас ирж байгаа оюутан манай Зөвлөлт холбоот улсын хөдөөгийн их сургуулиас ирдэг оюутнуудаас илүү чадвартай ирж байна шүү” гэж хэлсэн. Тэгэхгүй яадаг юм. Юмаа заалгачихсан, сурчихсан, энд нүдүүлж нүдүүлж бэлэн болоод явж байгаа байхгүй юу. Багш маань сүүлд 1985 онд над дээр ирсэн. Бидэнд лекц уншаад, уулзалтууд хийгээд хэдэн өдрийг өнгөрөөсөн. Бид Төв аймаг руу аялууллаа. Замдаа машин нь эвдрээд тэнд нэг хоносон. Тэгээд замд явж байхдаа “ Лхагваа чамд их баярлалаа. Чи Монгол улсад цөмийн атомын физикийн анхны том шавь сургууль үүсгэж чадсан байна шүү” гэж. Энэ бол миний аугаа том шагнал. Энэ бол багшаас надад зүүж өгсөн одон юм .
- Гаднаас та том шагналууд авсан. Таны хамгийн их баярлаж байсан шагнал тань юу вэ?
- Гүй ээ, одоо яахав дээ. (инээв) Байж байгаад л надад нэг ийм л үнэмлэх ирдэг юм.
- Одоо тэр өлгөөтэй байгаа шагнал бол Эйнштэйний нэрэмжит шагнал байх шиг байна ?
- Энэ бол Эйнштэйний нэрэмжит Квантын физикийн салбар дахь олон улсын шагнал.
- Нэр төрийн хэрэг биз дээ?
- Энгийн нэг диплом биш л дээ. Эрдэмтдийн хэвлүүлсэн ажлуудыг үзэж олгодог. Дэлхийн шинжлэх ухааны академиудаас гардаг том том сурах бичгүүдийг харж байгаад хэдэн удаа ишлэж байна, хэдэн удаа илтгэл нийтлэгдэв гэх зэрэг тусгай хэмжүүрүүд бий. Түүнээс биш намайг нэг шагнаад өгөөч гэхээр олгодог асуудал биш юм л даа. (инээв)
- Та чинь хэдэн онд шинжлэх ухааны гавъяат ажилтан болсон билээ ?
- 2002 онд .
- Цөмийн шинжилгээний институттайгаа та одоо холбоотой ажилладаг уу. Хамгийн сүүлд хэзээ очсон бэ?
- Жил болгон очно. Амьдралын минь олон жил өнгөрсөн газар болохоор би очих дуртай. Багш нар маань ч, шавь нар маань ч намайг очиход дуртай.
- Дэлхийн том том их сургуулиудад очиж үзэж байлаа. Цагаан толгойтой буурал профессорууд нь тэр сургуулийн имиж, нэр төр нь, бахархал нь байх юм билээ. Таны хэмжээний эрдэмтэн Төр засагтай, Их сургуультайгаа нэлээн холбоотой байдаг байх ?
- Огт холбогдохгүй байна. Сургууль маань тэтгэвэрт гаргаад л хаячихсан. Би сайн дураараа л тийшээ зорьдог. Өрөөг маань, сандал ширээг минь хурааж авна гээд байгаа. Би яагаад өгөхгүй байгаа вэ гэхээр энэ цацрагийн биологи, эсийн цацрагийн биологи гэдэг юмны араас явсаар байгаад нэг сэдэв дээр сүүлийн 12 жил ажиллаж байна. Эсийн цацрагийн биологи гэхээр өөрөөр хэлбэл анагаах ухаан хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнс тэжээл бүгд энэ эстэй холбоотой юм. Дэлхий бол энэ эсийн цацрагийн биологи гэдэг дээр онцгой анхаарч байгаа. Яагаад онцгой анхаарч байна гэхээр 2020 онд Америк саран дээр хүн буулгах гээд бүр багаа бүрдүүлчихлээ. 2036- 2037 оны үед одоо Улаан нүдэн Марс гариг руу баг илгээх гэж байна. Дэлхийн олон арван оронд одоо цацрагийн биологийн лабортори байгуулж байна. Яагаад гэхээр энэ цацрагийн биологи сансрыг хамгаалахаас гадна газар дээрх элдэв өвчин, хавдрыг энэ цацрагаар эмчилж байгаа юм.
- Та ер нь Шинжлэх ухааны академид ажиллая гэж бодож байгаагүй юу?
- Ажиллаж байгаагүй. Ажиллая гэж ч бодож байгаагүй. Академид ажиллавал би шавь нараасаа салах байсан. Академи гэдэг бол ганцаараа маш хачирхалтай байдлаар өвгөрөөд дуусдаг сонин газар.
- Сонирхолтой хариулт байна. Тийм учраас та ийм залуухан байгаа юм байна.
- Баярлалаа. Миний шавь нарын надад өгсөн гялбаа биз. Тэдний минь дотор олон сайхан эрдэмтэд бий.
- Та түрүүн нэг сонин юм хэлж байсан. Тэргүүлээд л ирэх юм бол тэрэндээ монголчууд дургүй болдог гэж.
- Үнэн л дээ. Одоо миний шавь нар дотор ч академич аль эрт болох ёстой ч болоогүй хүн байж л байна. Манайд аливаа юм нэг тийм сонин буруу замаар явдаг болчихсон. Эрдмийн зэрэг цолыг чинь гар хүндрүүлж ч юм уу авах боломжгүй эд л дээ. Гэтэл манайд элдэв л юм дуулддаг. Би үг хэлчих гээд байдаг зантай хүн. Жишээ нь, манай их сургуулийн физик сүйрлээ. Миний нүдэн дээр сүйрлээ. Би олон арван багш нар, шавь нартайгаа хамт зүтгэсэн хүний хувьд гомдолтой байдаг.
- Яагаад сүйрч байна гэж ?
- Яагаад гэвэл манай их сургуулийн зарим багш нар муу байна. Заах арга муудсан. Физикийн тэр хатуу томъёоноос залхаад хүүхдүүд физикийн ангид орохгүй байна. Заах аргыг маш нарийн бодож шинэчлэх хэрэгтэй. Өнгөрсөн жил найман хүүхэд элссэн байна. Найман хүүхдийн тав нь энэ өвөл шилжээд явчихаж. Юутай харамсалтай. Манай их сургуулийн захирал чинь пионерийн удирдагч хүн. Яаж цөмийн физик, атомын физик, цацрагийн физикийнхэнтэй ажиллах юм бэ.
Эрдмийн зэрэгтэй, эрдэмгүй зэрэгтэнгүүд их олон боллоо. Энэ бол эх орныг сүйтгэхийн цондон. Би гадаадын том институтийн тогоонд 20 жил чанагдсан хүн. Эднийгээ нэг ялгахтайгаа биз.
- Дубнагаас өөр гадны лаборатори таныг ирж ажиллаач гэж урьж байв уу?
- Намайг “Цөмийн шинжилгээний институт”-д байхад Австралиас урьж байсан юм. Тэгэхэд би нас явчихлаа даа, 50 гарчихлаа. Одоо тэдэнд зарагдаж юу хийх билээ гээд яваагүй.
- Одоо эргээд харахад 50 нас юу юм бэ гэж бодож байгаа биз дээ ?
- Тэгэлгүй яадаг юм. Идэрхэн залуу үе байхгүй юу.
(инээв) Тэр үед их л том насанд хүрчихлээ гэж бодоод байсан ш дээ.
- Таныг хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөсөн хүүхэд байна уу?
- Би хүүхдүүдээ өөрийнхөө араас яваасай гэж боддоггүй.
- Яагаад ?
- За даа, дээр үеийн эрэгтэй хүүхэд ер нь 40 хүрч байж ухааждаг юм шиг байна лээ. Ер нь ихэнх нь. Орчин үеийнхнийг хэлээгүй шүү. Хоёр охин бол тоо физиктээ их сайн байсан. За, хэрэггүй биз дээ. Би гэдэг хүн энэ тоо физик гэгчтэй зууралдаж, ганцаараа насан туршдаа энэ ширээний ард суулаа. Хатуу ажил юм. Та нар үр хүүхэдтэй, гэр бүлтэй. Тэр гэр бүл, үр хүүхэддээ үнэнч яв. Та нарын хүүхдээс эрдэм ухаан зүтгэдэг хүн гарч ирвэл тэрнийгээ явуул гээд би хавьтуулаагүй юм. Физик хатуу шүү. Миний том хүү биологийн анги төгссөн. Америкт 12 жил ажилласан. Том хүү нь буюу миний ач хүү энд ирээд бас төгсөөд явсан. Сингапурт байдаг Америкийн нэг их сургуулийн салбарт 45000 долларын тэтгэлэг өөрөө сурлагаараа авч суралцлаа шүү дээ. 45000 долларыг нь их нарийн өгдөг юм байна. Манайх бол цүл пал өгчихөөд хаячихна. Архи дарс уулгана. Хуультай, журамтай оронд бүх зүйл нарийн. Тэр дотуур байрны мөнгө, хоолны мөнгө, номын сангийн номыг дандаа төлбөртэй уншдаг байх жишээтэй. Алхам тутам хариуцлага. Нэр төрөө эрхэмлэх ёс зүйд сургаж явж байна шүү дээ.
- Та ер нь өөрийнхөө сонголтонд харамсдаг уу. Одоо жишээлбэл, анагаахын профессорууд гэхэд таны зиндааныхан эмийн үйлдвэртэй, эмнэлэгтэй тэрбумтнууд сууж байна шүү дээ?
- Мөнгөний тухай бодол намайг ер нь зовоож байгаагүй юм шүү. Мөнгийг барж идэхээр мэрж ид гэж ээж минь хэлдэг байсан юм. Олдсон мөнгөнийхөө тэр хэмжээнд нь л амьдрана. Багшийнхаа цалингаар. Хааяа лекц уншина. Манай Анагаахынхан жишээ нь, намайг их өндөр үнэлдэг. Миний лекцнүүдийг уншуулдаг.
Эрүүл мэндийн салбарын цацрагийн хамгаалалт, цацрагийн аюулгүй хэрэглээ сэдэвт сургалтанд “Квант физик ба анагаах ухааны дэвшил” лекцийг маань шалгаруулсан байх жишээтэй. Нэг иймэрхүү л байдалтай амьдарч байна.
- Амьдрал бол тэр чигээрээ өрсөлдөөн. Тантай шударга бус хандлага хэр их таарч байв. Шинжлэх ухааны салбарынхан дотор ч бие биеэ үл зөвшөөрөх “дайн” их байдаг гэсэн ?
- Юу эс тохиолдох билээ. Хүлээн зөвшөөрч байгаа ч хүчээр дардаг дарга даамлууд их л байдаг байсан. Гэхдээ энэ мэт нь жинхэнэ эрдэмтдэд падлийгүй зүйлс л дээ. Би бол үл анзаардаг байсан.
- Өөрийгөө гадны нөлөөнөөс авч гарах амаргүй. Таны арга үл тоох байж ?
- Би шавь нартайгаа л ажиллаад байсан. Би тэдгээр мяндагтангуудаас нэг ч юм хүсээгүй, цалин хүсээгүй. Тэд нараас би алдар хүсээгүй, одон хүсээгүй. Миний шавь нар бол миний гэрэл гэгээ. Би тэднээсээ өндөр зэрэглэлийн нөлөөлөл, баяр бахдал олж мэдэрдэг.
- Шавь нараасаа нэрлээч гэвэл...Миний мэдэж байгаагаар Р.Бадамдамдин лав таны шавь.
- Р. Бадамдамдин миний ууган шавь. Доктор, профессор хүн шүү дээ. Доктор, профессор С.Даваа байна. Их Сургуулийн захирал байсан. ШУ-ны гавьяат зүтгэлтэн С.Данзан, академич, гавъяат багш Б.Жадамба, академич, доктор, профессор Д.Сангаа, доктор , профессор Н.Наранцацралт, доктор, профессор Ц.Сүхбаатар, Л.Хэнмэдэх, гавъяат багш, доктор, профессор Х.Цоохүү байна. Залуучуудаас мөн л олон бий. Г.Мөнхбаяр, Т.Тэгшбаяр, Д.улам-Оргих, Г.Эрдэнэ-Очир гээд. Бүгдийг нэрлэх аргагүй.
- Та энэ сүүлийн номнуудаа Батмөнх гэдэг автортой амтарч гаргаад байгаа юм байна. Энэ хэн бэ?
- Энэ миний шавь. Одоо “Цөмийн шинжилгээний институт”- д сууж байгаа. Одоо ёстой цоорхой байгаа цаадах чинь. Тийм л байдаг юм даа. Тэнд өөр зиндааны тоглогчидтой тоглодог.
- Одоо та өдөрт хэдэн цаг ажиллаж байна.
- Намайг наад номоо болиочээ, одоо тайван амар суу гэж шаарддаг хүн олон. Тэгсэн ч би ажлууд дээрээ суугаад л байгаа юм. Манай Их Сургууль л намайг 2016 оноос хойш зовоолоо. Европын холбооны тэр их том төвийн захирал нь , Цөмийн шинжилгээний институтын захирал ирээд яасан гэхээр “ За, танайд том лабораторийг байгуулнаа. Энэ лабораторийг байгуулахад бид шаардагдах зардал мөнгийг нь өгнө гэлээ. Шийдээд өглөө. Олон улсын өндөр зэрэглэлийн сургалтын лаборатори шүү дээ. Гэтэл манай Их Сургууль зөвшөөрөхгүй юм. Тэр лабораторийг байгуулчихаад байхад таны нас хэтэрсэн. Та энэ асуудлаа орхи гэх. Зарим хүний шунал шууд утгаараа мөнгөн дээр явах. Харин эрдэмтэн хүний шунал эрдэм дээрээ л байдаг юм. Үүнийг мэдэхгүй Их Сургууль байна гэж үү.
- Та наад лаборатороо ахиад нэг тодорхой тайлбарлаад өгөөч ?
- Цацрагийн биологийн олон улсын төвөөс 80 гаруй сая долларын өртөгтэй суурь программыг үнэгүй авч ирээд шавь нарынхаа хамт эсийн цацрагийн биологийн кибер лаборатор байгуулчихаад байгаа юм. Энэ лабораторийг үнэлж албан ёсны зэрэг дэв олгох Олон улсын сургалтыг нь МУИС дээр явуулсан. Калифорны Их Сургууль, Японы КЕК төв, “ “Цөмийн шинжилгээний нэгдсэн институт”-ын эрдэмтэд сургалтыг нь хөтөлж явууллаа. Энэ тухай л яриад байгаа юм.
- Энэ тухай мэдээллийг уншиж байсан юм байна. Та гуниггүй хүн юм. Би эхлээд таныг хараад гайхширлаа. Ямар их дүрэлзсэн энергитэй хүн бэ гэж.
- Амьд хүн юм чинь гуних гутрах юм бишгүй л дайраа биз. Үнэндээ надад толгой унжуулж, хий гансарч явах ямар ч цаг хугацаа байгаагүй. Би өөртөө тийм юмыг байлгаагүй. Би өөдрөг хүн. Би арай өөр зиндааны профессор байх шүү. Энэ салбарын бас нэг хөшөө биз. Гэхдээ би хүний чанараа бас гадны нөлөөгүй авч үлдэхийг хичээсэн. Ганцхан л юм хэлье. Миний шавь нар дотор бусдаар диссертациа бичүүлээд зэрэг цол аваад явсан жижиг нөхдүүд байхгүй. Энэ бол миний амьдралын бахархал. Яахав, зарим тойрч гүйсэн залууст би хатуу хариг хандсан биз. Эрдэмгүй атлаа эвэр туурайнд дуртай, дээрээс нь элдэвтэй тогтворгүй зан чанартай хүнийг эрдмийн том зэрэг цол руу ойртуулж болдоггүй юм. Бүх юм замбараагаа алдлаа гэхэд Их Сургуулиуд үндсэн соёлоо, нуруугаа алдаж болдоггүй. Одоо хар л даа. Пионерын удирдагч хүн их сургуулийн захирал болчихсон сууж байна шүү дээ.
- Сайн менежер шүү дээ.
- Их Сургуульд сайн эрэмтэн, сайн багш нар л хэрэгтэй байдаг.
- Наян хэдэн оны Ю.Цэдэнбал даргын үеийн сэхээтний хэлмэгдэл гэж зүйлийн хаагуур та гарав ?
- Тухайн үеийн хууль дүрэмд захирагдахыг л эрх чөлөө гэнэ. Тэгж л давцгаасан. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг чинь тэр шүү дээ.
Би Ц.Дамдинсүрэн гуайтай их ойрын танил байлаа. Засгийн газрын ордны ард өглөөний гимнастик хийдэг. Би гуравдугаар ангид байхдаа зүрхний хүнд өвчин туссан хүн юм. Зүрх өвчтэй гээд удаан хугацаагаар эмнэлэгт хэвтдэг байлаа. Тэгээд эмч нар маань гүйж бай, алхаж бай гэж зөвлөнө. Тэгээд л Ц.Дамдинсүрэн гуайтай өглөөний дасгал хийж яваад ойр дотно нөхөрлөсөн.
Чи чинь эрдэмтэн хүн гэлүү гээд л. 1963 онд хэлнийхэн нэг их гэдсэндээ хөлөө хийж жийлцэж, шийтгэгдэж байсан юм байна лээ. Манайхан бие биенээ маажиж малтахдаа гаргуун. Танайхан яаж байна гээд л хоржоонтой асууна.
Ахиад наяан хэдэн онд тэднийхэн бас нэг муудалцжээ. Өргөдөл бичээд л. Тэгээд намын хянан шалгах орж иржээ. Ц.Дамдинсүрэн гуай энэ тэр гээд бүгд л орж байна. Би Төв хороонд байхгүй юу. Тэгж хурлаар оруулахад нь би үг хэлж, санаа бодлоо илэрхийлсэн юм. Ц.Дамдинсүрэн гуай тэндээс л намайг “ Энэ ер нь нэг тийм намын хатуу үзэл бодолтой хүн биш байна. Цаанаа нэг шинжлэх ухааны хүн байх шиг байна гэж ойлгосон гэж хэлж байсан юм. Тэгээд намайг их хүндэлдэг болсон. Би ч Ц.Дамдинсүрэн гуайг хүндлэлгүй яахав дээ. Нэг удаа Болгарын соёлын өдөр гээд элчин сайдын яам руу очлоо. Ц.Дамдинсүрэн гуай байж байна. Хөөе, Лхагваа чи ирсэн юм уу. Хоёулаа ганц шил вино ууя гэж байна шүү. Тэгсэн нэг газар ганц шил вино тавьчихаж. Чи яваад идэх юм аваад ир гэж байна. Хоёр стакан бас тавьчихаж. Ц.Дамдинсүрэн гуайд би их баярладаг байхгүй юу. Хүндэтгэж мэддэг, хүндэтгэж байгаа хүнтэйгээ ил тод нөхөрлөж чаддаг хүн байсан. Агуу том соёл юм даа.
- Та болгоомжлоогүй юу. Матагдвал дуусна шүү дээ.
- Тэгнэ, тэгнэ. Ер нь ч тэгээд эсэргүүний үе гэдэг чинь матаасын үе шүү дээ. Энэ тэр гэж хов хүргэж байж л тэдний ихэнхийг нь сүйтгэсэн байх. Ховч нарын амьдрал их амь бөхтэй үргэлжлэх юм. Одоо ч байж л байгаа.
- Ц. Дамдинсүрэн гуай энгийн үед юу ярих вэ. Та хоёр виногоо уугаад юу ярьцгаав. Таныг бас хайрлаад хамаагүй юм яринд оруулахгүй биз дээ ?
- Өглөөний дасгалдаа гүйчихээд л “Таминь ээ, үхсэн хатсан, салсан сарнисан, дэвшсэн буусан, элдэв сонин гажуу юм юу сонсогдоно” гэж хэлж инээлгэнэ.
Нэг удаа “Гүй ээ, хө чи дарга хүн байна. Би чамд нэг хүсэлт тавъя. Чи чадах уу” гэж байна. Сонсоод үзье л гэлээ шүү. Тэгсэн “ Чи нэг тэрэг ол. Нэг уаз 469 машин ол. Намайг гурав хоног аваад яв. Хоёул Хэнтий явья. Тэр бүх түүхэн газруудыг би чамд зааж тодруулж хэлж өгье” гэдэг байна шүү. “За” л гэж хэллээ. Гэр лүүгээ харьж явахад жаахан юм бодогдож байна шүү. (инээв) За, тэгээд бодлоо. Ц.Дамдинсүрэн гуайд нэг тэрэг өгөөч гэвэл Ширэндэв гуай өгнө. Академиас шүү дээ. За, Мэдээлэл телевиз, улсын радиогоос нэг сурвалжлагч өгөөч гэвэл өгнө. За тэгэхээр чинь юу болж болох вэ. Эсэргүү Ц.Дамдинсүрэн гуайг дагуулаад Чингис хааны нутгаар зориуд санаатай явлаа гээд намын төв хорооноос хөөнө. Гүүр хүрээгүй байхад намайг хөөгөөд, Гурвантэс суманд физикийн багшаар цөлнө дөө гэж бодов.
- Гурвантэс суманд физикийн багшаар хөөнө байхдаа яахав дээ. Та нээрээ хөгжилтэй хүн юм аа?
- Хөөнө хөөнө. (инээв) Тэгээд л Ц.Дамдинсүрэн гуайтай эргэж уулзалгүй л яваад байлаа. (инээв) Сэтгэлд зовлонтой гэж. Тэр цаг үед тийм л байсан юм. Тэр үед би Чингис хааны тухай их сонирхдог. Элдэв юм сэм асууж шалгааж явна. Тэр зангаасаа болж Ц.Дамдинсүрэн гуайг хөглөж орхиод дараа нь хулчийсан хэрэг. Шадавын Лувсанвандан гэж нэг багш байсан сонссон уу.
- Монгол хэлний юу. Сонссон...
- Намайг нэг удаа дугуй зааланд хичээл зааж байтал хүрээд ирдэг юм. Физикийн хичээл хамгийн сүүлд оройхон ордог, тэгсэн Ш.Лувсанвандан багш шагайж байна. Би ч гараад очлоо. Та юу гэж явна. Ямар ажилтай явна гэсэн. Тэгсэн “Би тэр Квант физик заадаг хүүтэй уулзах гэж явна” гэж байна. Миний нэрийг ч хэлсэнгүй. Тоглож ч байж мэднэ. Аа, тэгээд анги ч тарлаа. Хоёулаа гадаа цэцэрлэгт суугаад баахан ярьлаа. Юу эс ярих билээ. Агуу сайхан улстай уулзаж учирч явсаан. Би уг нь тэдний тухай бичмээр л байгаа юм. Үндсэн ажил маань илүү завсар өгөхгүй байна.
- Таны энд тэнд өгсөн ярилцлага, өөрийн тань тухай намтар түүх их хайлаа. Бараг олдохгүй юм.
- Би одоо өөртэй чинь ганц удаа уулзахдаа өөрийгөө л баахан ярих шив дээ. (инээв) Одоо бүх хүн би, би гэж өөрийгөө ярьдаг болчихоод байна. Би ядаж дутахсан. Миний нэг шавь намайг ярьж байна гэнээ. Нэг багш хүн яваад тэр шавийн сургууль дээр очиж гэнээ. Тэгээд Лхагваа багшийг таних уу гэж асууж. Уг нь бидний багш л даа. Гэхдээ Лхагваа багш харин бид нарыг мэдэж байгаа эсэх эргэлзээтэй. Лхагваа багш мэдэхгүй ч байж магадгүй. Учир нь Лхагваа багш онц сурсаных нь нэрийг мэддэг. Муу сурсаных нь нэрийг мэддэг. Дундахынх нь нэрийг мэддэггүй шүү дээ гэсэн гэнэ билээ. (инээв) Тэр золигийн хэлснээр бол жаахан тиймэрхүү л хүн юм уу даа, би чинь одоо. Миний ертөнц бол цөмийн ертөнц, физикийн тойрог. Түүн доторх миний шавь нар, багш нар маань. Би өөр илүү дутуу юм руу тэгтлээ анхаарч яваагүй.